Monday, September 15, 2014

ЗОХИОЛ Ч БИШ, ОРЧУУЛГА Ч БИШ

Орчуулах эрдмийг сонирхогч оюутан залуустаа зориулан манай Орчуулгын клуб 2014-2015 оны хичээлийн жилд билиг танхай дуун хөрвүүлэгч Бямбын Ринчен гүүшийн бичсэн орчуулга судлалын өгүүлэл, орчуулгын зохиолын шүүмжээс цувралаар хүргэж байна.   Бямбын Ринчен гүүш 20 гаруй улсын 70 орчим зохиолчийн 240 орчим роман, тууж, өгүүллэг, найраглал, шүлгийг орчуулсаны зэрэгцээ олон арван орчуулгын шүүмж бичиж, орчуулга хийхэд хэл найруулга, соёл, сэтгэлгээний нарийн ширийн олон асуудалд орчуулгачид маш няхуур хандаж байхыг сануулсан байдаг.
Та бүхэн уншиж мэдэхийг хүссэн зүйл болон манай блогийн талаар санал сэтгэгдэл илгээхийг хүсвэл humanitiestranslate@gmail.com хаягаар хандаарай.

Нэгдүгээр хэсэг
ЗОХИОЛ Ч БИШ, ОРЧУУЛГА Ч БИШ

(“ПАРИСЫН ДАРЬ ЭХИЙН СҮМ үзээд төрсөн сэтгэгдэл)

Монголчууд, эртний соёлт улс бөгөөд дэлхийн Монголч эрдэмтэд шинжлэхдээ, Азийн өндөр соёлт улсын сонгодог зохиол нь Монгол хэлэнд их дээр цагаас буусны хувьд Европын ямар ч улс одоохон дээрээ Монголыг гүйцэж амжаагүй гэж үздэг байна.
                Монгол хэлнээ хэдийн орчуулан буулгасан Азийн сонгодог зохиолоос одоо Европын улсуудын хэлэнд орчуулж байгааг үзэхэд Дорно дахины хэл бичгийн эрдэмтэн орчуулж байна.  Чингэхдээ зохиолыг орчуулахын өмнө их бэлтгэл хийдэг байна. Грек – Латин соёлын хүрээний нэр томъёонд таарах юм байхгүй бол нарийн судалгаа хийж тохирох нэр тогтоон, түүндээ хүн ухаарах тайлбар хийж, Европын хэл ёсонд байдаггүй хэв суртлын учрыг уншин үзэх хүндээ таниулан бичдэг тул орчуулсан орчуулга нь утга санаа, нэр томъёо, сонин найруулгаараа урьд тийм байгаагүй хэл зохиолыг баяжуулдаг байна.
                Дорно зүгийн хэлнээс Европын хэлэнд ингэж буулгадаг зохиолыг хөрвүүлэгч нь, өөрийнхөө хэлэнд урд өмнө байгаагүй өөр хэлний нэр үг бичихдээ ямар үсгийг өөрийнхөө үсгээр тэмдэглэж, ямар авиаг яаж тэмдэглэх журмыг боловсруулдаг байна.
                Чинги чингэсээр орчин үеийн орчин үеийн орчуулгын арга ухаан боловсорч, грек, латин, араб, кирил, энэтхэг зэрэг авианы үсгээр олон улсын нэр тэргүүтнийг тус тусын үсгээр буулгах шинжлэх ухааны зарчим бий болж ирсэн байна.
                Тэр зарчим нь орчин үеийн соёлт монгол улсад ч нэгэн адил хамаарагдах нь, олон улсын зохиолыг монгол хэлэндээ буулгаж байгаа орчуулга нь тусгалаа олох ёстой болоод байна.  
                Эдгээр өндөр шаардлагын үүднээс бид олон улсын алдарт зохиолыг орчуулан нийтэлж байгаа зүйлд байдал нь ямар болж байна гэж үзэх ёстой боллоо. Үүнд Намсрайн францаас орчуулсан Парисын дарь эхийн сүм гэдгийг европ зүгийн нэрт зохиолын орчуулгыг төлөөлж байгаа зүйл гэж, түүнийг үзэхэд ямар асуудал сэдэв гарж байгааг өгүүлэхийг хүснэ.
                Монгол хэл зохиолд европ хэлнээс орж байгаа хүний нэрийн зүйлийг яаж бичих вэ гэдэг асуудал гарна. Орчуулагч Намсрай, редактор Амар хоёр эл зохиолчийн нэрийг Виктор Гюго гэжээ. Монгол хэл зүйн ёсоор бол бид овгийг түрүүнд нь, нэрийг дараа нь орчуулдаг маань манай хэлний ёс. Энэ ёс бол, ганц монгол хэлний ёс ч биш, хэлний талаар монголтой ойр нилээд олон улсын ёс. Дэлхийн хэмжээгээр хоёр ёс бий: Урдаар нэрийг нь, сүүлээр овгийг нь хэрэглэдэг ёс бий. Овгийг нь урдаар, нэрийг нь сүүлээр тавьдаг нэг ёс бий. Энэ хоёр ёс бол тухайн хэлтэн улсын хэл зүйгээс гарсан ёс. Тэгээд, өөр өөрийнхөө хэлээр ярих бичихдээ тэр хэл зүйнхээ ёсонд зохицуулдаг нь орчин үеийн соёлт улсын зарчим болж жишээ нь Унгарын алдарт зохиолч Петөөфи овогт Шандорыг бид Петөөфи Шандор гэж урдаар овгийг нь дараагаар нь Шандор гэдэг нэрийг нь, тэр зохиолчтой Монгол уншигчаа танилцуулахдаа монгол хэлнийхээ зүйд зохицуулсан билээ. Унгар хэл энэ талаар манайхтай яг нэг тул, унгараараа Петөөфи Шандор гэдэг бөгөөд Оросын Александр гэж нэрийг урдаар, Пушкин гэж овгийг нь сүүлд нь хэрэглэдэгийг Пушкины зохиолыг унгар болохдоо Пушкин Александр гэж өөрийнхөө хэл зүйн дүрэм ёсонд нийлүүлдэг юм. Тэгэхдээ Пукшин гэж овгоор нь хэрэглэдэг хэлний ёсыг дагуулж, Пушкины зохиол гэхээс Александрын зохиол гэдэггүйг бид бас монголоороо Пушкин Александр гээд, Пушкины зохиол гэвэл зохих нь, орчин соёлт улсын журам болох юм. Орос хэл бичигт Ө авиа урт эгшиг байдаггүй учраас урт эгшгийг тэмдэглэдэггүй бөгөөд Орос хэлнийхээ ёс зүйд зохицуулж урдаар нэрийг дараагаар овгийг тавьж Петефи Шандор, Янош Кадар гэх зэргээр хэрэглэж байгаа нь  хэл зүй, үсэг зүйдээ зохицуулах орчин үеийн боловсон улсын ёс хэрэглэж байгаа юм. Унгарын Каадаар овогт Яанош тул, Каадаар Яанош гэдэг нь Монгол болгохдоо мөн л Каадаар Яанош гэж буувал зохихыг манайхан мэдүүштэй байгаа юм шүү. Жишээ нь: Пушкин, Горькийн тухай хятад судлагч хүний бичсэн зүйлийг монгол болгохдоо хятад материал хэрэглэсэн юмаа гээд Пушкиныг Пү Ши зинь, Горькийг Гуо Ли зи гэж бичихгүй, оросоос орчуулсан зүйлд Улан-батор, Хас-батор гэсэн нэрийг Улан-батор, Хас-батор гэж бичихгүй Улаанбаатар, Хасбаатар гэж бичих маань сайхь зарчмыг баримталж яваа юм шүү дээ. Гагцхүү алдаг оног явж байгаа нь, тууштай болгож, түүгээрээ энэ тухайн боловсролын буурийг алдахгүй болгох нь бидэнд хэрэгтэй болж байгааг орчуулагч редакторууд хичээвэл зохих байна.
                Эл дэлхий нийтийн зарчмаар монгол хэл бичигт Намсрайн буулгасан зохиолчийн овог нэрийг Гюго Виктор гэж хэрэглэх нь манай хэлний ёс зүй байна. Тэгтэл, бас нэг асуудал босоод ирнэ. Өнөөх зохиолчийн овог нь монголоор ГЮГО гэж бичих нь зөв үү? Гэхэд, тэр хүн Франц тул латин үсгээр бичсэн байдаг байна. Латин үсэг бол, олон улсын үсэг, Манай хэрэглэж байгаа энэ кирил үсэг бол, бас олон улсын үсэг тул латин кирил хоёр үсгийн харилцан оноосон журам дэлхийн хэмжээгээр байдгийг бид мэдэх ёстой болоод байна. Орчуулагч, нэн ялангуяа редактор хүн заавал мэдэх ёстой болоод байна. Дэлхийн хэмжээгээр тэр харьцааг аль ч улсын уншигчаас шаардах хэрэгцээ байдаггүй боловч орчуулдаг орчуулгыг эхтэй нь хянан тохиолдуулдаг хүн түүнийг заавал мэдэх боловсролын шатанд хүрсэн байх нь орчин үеийн соёлт улсын шаардлага гэдгийг бид мэдэх цаг хэмжээнд улс ардын хөгжлөөр хэдийн хүрсэн байна. Латин үсгийн Н бол, кирил үсгийн Х-тэй дүйдэг тул ГЮГО гэж монголоор бичихгүй. Хюго гэж бичих ёстой байсныг францаас орчуулагч Намсрай, орчуулгын редактор Амар хоёулаа бодсонгүй, Орос бичигт ГЮГО гэж байдгаас хойш, Хюго биш, Гюго мөн байна гэж ухаарчээ. Гэтэл, яагаад хэдийнээс оросоор ГЮГО гэж бичих болсон учрыг ухаарсангүй ажээ.
                Намсрайн, одоо ХХ зууны хоёрдугаар хагаст орчуулсан тэр зохиолыг Орос хэлнээ анх 103 жилийн өмнө 1862 онд товчлон орчуулж өргөн олон уншигч олондоо танилцуулжээ. Тэр зуу гаруй жилийн өмнөх орос үсэгт латин үсгийн Н-г Г үсгээрээ тэмдэглэдэг заншил байсан нь, Г үсгээ Г-Х ийм хоёр янзаар дууддаг байсан байна. Громада гора гэх мэтийг Хромада хора гэж дууддаг тэр ёс нь өмнөд орос, украйн зэрэг хэл аялгуунаа одоо ч бий бөгөөд Европ зүгийн зохиолын орчуулга нь Г-г Х гэж дууддаг нутгаас үүсэн гарч заншсан уламжлал хэдэн зуун жил үргэлжилж анх орос хэл бичигт тэр уламжлал ёсоор Хюго гэдгийг Гюго гэж бичсэнээс хойш зуу гаруй жилийн дотор хэдэн үеийн орос уншигч нар ГЮГО гэж заншаад, одоог хүртэл нэг хэсэг нь Гюго гэж , нэг хэсэг нь Хюго гэж уншсаар ирсэн орос хэл бичгийн тухайн үеийн түүхэн уламжлал заншил тогтжээ. Одоо орос хэлэнд грек-латин соёлт улсын үг нэр шинээр ороход, орос орчуулагч редактор, зохиогч эрдэмтэн, грек-латин-кирил үсгийн орчин үед нарийн тогтсон харьцааг баримтлан, латины Н үсгийг орос кирил үсгээр Х гэж орчин үеийн нэрийн зүйл бичдэг болсон нь холл, хеминсфера, хулиган Хэмингуей гэж бичих боллоо. Зуу гаруй жилийн өмнө эдгээр үсгийг орос хэл бичигт орчуулбал голл, геминсөера (ф үсгийг тэр үед орос үсэгт фита гэж нэртэй ө үсгээр бичдэг байжээ.) гулиган Гемингуей гэж бичих байсан байжээ. Тийнхүү Намсрайн францаас орчууллаа гэхдээ зохиогчийн нэрийг ХХ зууны хоёрдугаар хагаст монгол хэл бичигт орчуулахдаа I Николай хааны үед, өнгөрсөн зууны хоёрдугаар хагаст тэр үеийн орос орчуулагчийн бичлэгийн байдалд оруулжээ. Ёс зүйг бодоход, ХХ зууны хоёрдугаар хагасын монгол хэл бичгийг баяжуулахад, шал өөр түүхийн уламжлал байдлыг баримтлаагүй, орчин үеийн олон улс нийтийн интернационал зарчим баримталж, түүгээрээ орчуулагч редактор хоёулаа орчин үеийн боловсролтой хүн , монгол уншигч олноо, монгол хэл бичгээ дэлхий нийтийн алдарт зохиолоор баяжуулах үүрэгтэйгээ бодоогүй бололтой...

Үргэлжлэл бий.

Орчуулагчийн алдаа инфляцийг 90 хувьд хүргэв



www.news.mn-ээс авав.

Украины Үндэсний банкны тэргүүн (УҮБ) Валерия Гонтарева “Ялтын европ стратеги” чуулга дээр хэлэхдээ  жилийн эцсээр хүлээгдэж байгаа инфляцийн төвшний мэдээнд алдаа орсныг хэлжээ.

“Үнэн хэрэгтээ 2014 оны эцсээр  инфляци 90 хувь хүрнэ гэсэн зөгнөлт гэмээр дүгнэлтэд алдаа хавчуулагдсан байлаа. УҮБ-ны  тэргүүн англи хэлээр илтгэхдээ 19 хувь гэснийг орчуулагч нь 90 болгосон” хэмээн эх сурвалж мэдээлэв.

2014 онд дайн тулаан, даяарчлалын улмаас Украины эдийн засаг  маш хүнд байдалд байна. Үндэсний валютын ханш эрчимтэй унасаар жилийн эхэнд гривна доллартай харьцуулахад 8,3 гривна байснаа одоо 14 гривнийг нэг долларт төлж байна.

Sunday, September 14, 2014

Хуран үүдсэн бүхэн мөнх бусыг өгүүлэх америк дуу



М.Саруул-Эрдэнэ “Хит дууг хэлээрээ дуулъя буюу дуугаар англи хэл сурах нь” номоос 

Рок дотроо прогрессив рок (progressive rock) бүлэгт хамаарах АНУ-ын Канзас хэмээх хамтлагийн ‘’Dust in the Wind’’ дуу нь үг, ая аль ч талаараа монголчуудын анхаарлыг татах нь зүй. Энэхүү дуу 1978 оны 4 сарын 22-нд Биллбоардын Шилдэг 100 (Billboard Hot 100) дууны 6 дугаарт жагстлаа ахиж байсан  юм.  Канзас хамтлагийн түүхэнд Биллбоардын Шилдэг 10-т багтсан ганцхан дуу нь энэ болохоос гадна уянгалаг ая, найраглаг шинж, гүн ухааны аяс зэргээрээ ”Хумхын тоос” нь Канзасын бусад дуунаас эрс ялгаатай. Канзас дахиж ийм акустик (цахилгаан хөгжимгүй) дуу дуулаагүй байна.

I close my eyes
Only for a moment and the moment’s gone
All my dreams
Pass before my eyes with curiosity


Нүдээ ганцхан агшинд л аних төдийд тэр агшин аль хэдийн урсан одсон байна, түүнчлэн бүх сайхан мөрөөдөл минь нүдний өмнүүр өнгөрсөөр...

Эхний бадагтаа дууг зохиогч, Канзас хамтлагийн гитарчин Керри Ливгрен цаг хугацааны тухай, тэрхүү эцэс төгсгөлгүй, эхлэлгүй, зогсолтгүй, бас заримдаа утгагүй ч мэт санагдах тэр цаг хугацааны тухай өгүүлжээ.

Same old song
Just a drop of water in an endless sea…

Нэр алдарт гарсан рок хамтлагийн гитарчин хүн гэхэд уран бүтээл, дуу зэргээ мөнхийн бүтээл, гарамгай авьяас гэж харахаасаа илүү маш өргөнөөр сэтгэж, “Бас л нэг байдаг дуу, хязгаар үгүй и хдалайд бол ердөө ганц дуслын л төдий...” хэмээсэн байна.

All we do
Crumbles to the ground, though we refuse to see…


Яг энэ хэсэгт Буддын гүн ухааны чухал санаа тод орч ирдэг. “Бидний бүтээж байгаа бүхэн бүгд нуран унана, гэвч тийм зүйл болохыг ойлгохыг, харахыг бид хүсдэггүй...” Хуран үүдсэн бүхэн мөнх бус, эхэлсэн зүйл бүрт төгсгөл гэж бий хэмээн Бурханы шашинд сургадаг билээ. Энэхүү сургаалыг улам тодруулж байгаа хэсэг нь дахилт нь юм:

Dust in the wind
All they are (дараагийнхаа дахилт дээр we are) dust in the wind.

“Бид бүгдээрээ салхинд хийсэх өчүүхэн тоосонцор төдий юм шүү дээ...”

Керри Ливгрен үнэн хэрэгтээ Буддын гүн ухаанаас бус Америкийн уугуул индиануудын нэгэн дууг сонсож байгаад “For All We are is Just Dust in the Wind” гэсэн мөрийг сонсоод энэхүү дууныхаа санааг олсон гэдэг. Гэвч мөн чанарын хувьд чухам нэгийг өгүүлсэн нь илт байна.

Now don’t hang on
Nothing last forever but the earth and sky
It slips away
And all your money won’t another minute buy


“Үлдэх гэж учиргүй чаргууцалдаад хэрэггүй ээ, тэнгэр, газар хоёроос өөр мөнх юм гэж байхгүй, тэгээд ч чиний хамаг мөнгө баялаг ганцхан минутын амьдралыг ч худалдан авч дийлэхгүй...”

Монголчуудын байнга сургадаг хэдэн чухал санаа энэ сүүлчийн бадагт байна. Хөх тэнгэр ганцаар мөнх оршино хэмээх үзэл, мөн “дэлхий ээж – тэнгэр эцэг” хэмээн хамтад нь, нэг юмны хоёр тал болгон ойлгох санаа тусчээ. Сүүлчийн мөр нь “энэ хорвоод ганцхан шударга зүйл бол үхэл юм. Цаг нь ирвээс баян, ядуу хэнийг ч ялгалгүй авч одно” хэмээн манайхны өгүүлдэгтэй агаар нэгэн болсон байна.

Канзасын энэ дууг ерөнхийд нь дүгэнэхэд эгээ л манай Маанийн сургаалын гол санаа явж байна уу даа гэж уулга алдмаар. Маанийн сургаалд:

Салхинд хөөгдсөн үүл шиг
Сарниж оддог нас шүү
Усанд тогтсон хөөс шиг
Урваж оддог бие шүү

Мөнгөөр аргалж болдоггүй
Мөнх бусыг санааарай
Өнгөөр хуурч болдоггүй
Үйлийн үрийг бодоорoi

Ухааран шинжвэл хоосон
Усанд туссан сараа
Нотлон шинжвэл хоосон
Нойронд ургасан зүүдээ

Үхэх төрөхийн орчилд
Үнэн чанарыг таниасай... 
хэмээдэг билээ.

Ингээд дууныхаа англи үгийг бүтнээр нь, өөрийн монгол орчуулгын хамт толилуулъя. Канзас хамтлаг дууныхаа үгийг маш тод хэлж дуулж байгаа учраас хэл сурч байгаа хүнд бол сайн дадлага болохуйц байна.

Монгол орчуулгаа аль болох аянд нь тохируулж, даган дуулж болохоор хийхийг оролдсон учраас хамтлаг дуучид, сонирхогч оюутнууд монголоор нь дуулах гээд үзвэл бас болох юм шүү.

Kansas

Dust in the Wind

I close my eyes,
Only for a moment, and the moment’s gone
All my dreams,
Pass before my eyes, in curiosity

C: Dust in the wind,
all they are is dust in the wind

Same old song,
Just a drop of water in an endless sea
All we do,
Crumbles to the ground, though we refuse to see

Don"t hang on,
Nothing last forever but the earth and sky
It slips away,
And all your money won"t another minute buy

C: Dust in the wind,
all we are is dust in the wind
Dust in the wind,
everything  is dust in the wind


Канзас
Хумхын тоос

Аньсгаан аяархан буулгаад
Агшин төдөхөд л аль хэдүйн өнгөрчихсөн байна
Хамаг сайхан мөрөөдөл
Хачирхалтайгаар нүдний өмнүүр урсан одно

Хумхын тоос
Хуурамч хорвоод бид бүгдээрээ хумхын тоос

Өнөөх л байдагдуу
Өргөн далайд бол ердөө дуслын төдий
Бүтээсэн хийсэн маань
Бүгд үгүй болно, гэвч бид ойлгохыг үл хүснэ

Амьдралаас зуураад хэрэггүй ээ
Алтан дэлхий, цэнхэр тэнгэрээс бусад нь мөнхийн бус
Буцах л цаг ирвээс
Бум бумаар нь төлөөд ч нэг ч мөч торгоож чадахгүй

Оргүй хоосон
Орчлонд та бид оргүй хоосон
Хумхын тоос
Хуурамч хорвоод бид бүгдээрээ хумхын тоос


Sunday, June 22, 2014

- What is your profession?
- I am a translator.
- No, I mean where do you work?
- Oh, you mean where I work… You know, I get so much money on translations, I don’t even have to work at all ;-)


If the translation is performed by a man, they say HE translates.
If the translation is done by a woman, they say SHE translates.
If the translator is a machine, you can say IT translates.
If the translator is either a woman or a man, S/HE translates.
If the translator is a man or a woman or a computer, S/H/IT translates.
"Yesterday is a history. Tomorrow is a mystery. But today is a gift, that's why it's called present."
"Хэрвээ чи хүнтэй түүний ойлгох хэлээр нь яривал яриа чинь толгойнд нь бууна. Харин түүний хэлээр яривал зүрхэнд нь хүрнэ." Нелсон Мандела

Wednesday, June 11, 2014

Хэлний хуулийн талаар хэн юу хэлэв?

Эх сурвалж: www.news.mn

Төрийн байгуулалтын болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хуралдаанд Монгол хэлний тухай хууль орж, гишүүдийн олонхиор УИХ-аар хэлэлцэгдэх зөвшөөрөл олгосон билээ. Уг  төслөөр Монгол хэлний тухай хуулийн үндсэн зарчмууд, монгол хэлний хэрэглээний хүрээ, төрийн байгууллага, хуулийн этгээд, иргэдийн хүлээх үүргийг тус тус тодорхойлсны зэрэгцээ кирилл болон үндэсний монгол бичиг үсгийн хэрэглээтэй холбоотой харилцааг зохицуулж, зөв бичих дүрэм боловсруулах, батламжлах нэгдмэл тогтолцоо, Хэлний бодлогын үндэсний зөвлөл болон тусгай эрх бүхий судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх үүргийг мөн тодорхойлсон юм.

Ингээд Монгол хэлний тухай хуулинд юуг анхаарах ёстой талаарх гишүүд, ажлын хэсгийнхний байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа
Миний бодлоор хүүхэд 8-10 нас хүртлээ бүх мэдлэг, мэдээллийг эх хэл дээрээ авах ёстой. Эх хэл дээрээ авсан анхдагч мэдээлэл хүүхдийн ой ухаанд илүү бат бөх үлдэж, суурь мэдлэг сайтай хүн болоход нөлөөлнө. Зарим улс төдөөс доош насны хүүхдэд гадаад хэл зааж болохгүй гэдгийг хуулиндаа тусгаад өгчихсөн байдаг юм билээ. Монгол хэлний тухай хуулийн төсөлд энэ талаар ямар нэгэн зохицуулалт байгаа юу, ер нь хүүхэд, ялангуяа монгол хүүхэд хэдэн наснаасаа гадаад хэл судалж эхлэх нь зохистой вэ гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалсан зүйл байна уу.

МУБИС-ийн Монгол хэл судлалын хүрээлэнгийн захирал Ц.Өнөрбаян
Хүүхэд 11 нас хүртэл эх хэл дээрээ мэдээлэл авах нь зүйтэй гэдгийг гадны олон эрдэмтэд судалж, нотолсон байдаг. Хуулиндаа ч тусгасан улс бий. Тухайлбал, Унгар улсад хүүхдэд 5-р анги буюу 11 нас хүртэл нь гадаад хэл заахыг хуулиараа хориглосон байдаг. Харин Монгол хэлний тухай хуулийн төслийн 6.3-т Төрөөс олгосон зөвшөөрлийн дагуу гадаад хэлээр сургалт явуулдаг ЕБС-д гадаад хэлийг 5-р ангиас эхлэн заана гэсэн зөөлөн заалт оруулж өгсөн. Гэхдээ монгол шиг цөөхөн хүн амтай үндэстэнд бүх шатны сургуульд 5-р ангиас өмнө монгол хэлнээс өөр гадаад хэл заахыг хориглоно гэсэн хатуу заалт оруулчихмаар байгаа юм.

УИХ-ын гишүүн М.Батчимэг
Энэ хууль батлагдсанаар улсын төсөвт томоохон дарамт үзүүлэхгүй. Гэхдээ цөөн тооны орон тооны асуудалтай холбогдож бага ч гэсэн мөнгө яригдах болохоор Төсвийн тодотголыг хэлэлцэхээс өмнө хэлэлцэх нь хуулийг аль болох хугацаа алдахгүй хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Хэдийгээр өнөөдөр тулгамдсан асуудал биш юм шиг боловч улс үндэстний аюулгүй байдалтай холбоотой, өдрөөс өдөрт гээгдэж байгаа амин чухал асуудал тул хойшлуулах боломжгүй. Бид хилээ манадаг хэрнээ хэлээ маналгүй иржээ. Гэтэл улс үндэстнүүд хэлээ хил шигээ хамгаалдаг юм байна. Ялангуяа даяаршил эрчимтэй явагдаж буй энэ цаг үед улс үндэстэн үргэлжилж үлдэх баталгаа нь хэл гэж үздэг. Иймд салбар, салбарын зохицуулалт шаардаж байгаа энэ том бодлогыг авч явах Төрийн хэлний үндэсний зөвлөлийг ҮАБЗ-ийн тэргүүн гэдэг утгаар нь Ерөнхийлөгчийн дэргэж байлгавал хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж чадна гэж үзсэн.

БСШУ-ны сайд Л.Гантөмөр
Өнөөгийн залуучууд монгол хэлээ мэдэхгүй болж байна гэж хүмүүс шүүмжлэх болсон. Би хувьдаа монгол хэлний сэргэн мандалтын үе ирж байна гэж үздэг. Хэлний асуудал нь даяаршилтай холбоогүй. Технологийн хувьсгалтай холбогдон бичгийн хэлний хэрэглээ дэлхий нийтээр унаад байгаа юм. Тухайлбал, англи хэл, япон хэл, хятад хэлээр бичихэд ихэвчлэн бэлэн программ ашиглаж байна. Бид ч бас тийм программ ашиглах талаар бодолцох ёстой. Хэлэлцүүлгийн явцад хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, чангаруулсан заалтыг гишүүд бага оруулж ирээсэй. Хууль гаргах нэрийдлээр гадаад хэлний сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын байгууллагыг зогсонги байдалд оруулах нь буруу. Төрийн бодлого төрийнхөө хүрээнд л хийгдэх ёстой. Жишээлбэл, ЕБС-д 5-р анги хүртэл гадаад хэл заадаггүй.Гадаад улс орнуудад олон мянган монгол хүүхэд амьдарч байгаа. Тэдний монгол хэлний мэдлэг үнэхээр тулгамдсан асуудал болоод байна. Тусгайлан сургууль байгуулъя гэхээр хөрөнгө мөнгөний асуудал үүснэ. Тиймээс Боловсролын яамнаас тэр хүүхдүүдэд зориулж тусгайлан аппликэшн бэлтгэх эсвэл гарын авлага, ном товхимол бэлтгэж өгөөч гэсэн саналууд их ирдэг. Гадаадад ажиллаж, амьдарч, суралцаж байгаа монголчууд бол маш том оюуны капитал. Гэвч тэд эх орондоо эргэн ирээд ажиллахад хэлний брэхшээл үүснэ. Иймд энэ асуудлыг хуульдаа тусгаж өгөх хэрэгтэй.

Ё.Отгонбаяр
Орчин цагийн хүүхдүүд хүссэн хүсээгүй техникийн дэвшлээ дагаад гар утас, компьютер дээрээ латинаар бичиж байна. Нэлээд хэсэг хүн одоо байгаагаарай байя гэдэг. Латинд шилжие гэсэн хүмүүс ч бий. Төрийн бодлогоо тодорхой гаргах хэрэгтэй. Уйгаржин Монгол бичиг бол эзэнт Монгол Улсын бичиг. А, Э, У үсэгнүүд адилхан бичигдээд өөрөөр дуудагдаж байна. Ар, өвөр Монголд адилхан бичдэг мөртлөө өөр өөрийнхөө аялгаар дуудаад байна. Крилл үсэг бол БНМАУ-ын хил хязгаарт байгаа халх аялгуунд зориулагдсан үсэг. Латин үсэг бол техник технологийн хөгжлөөр түрж орж ирээд байна. Одоо бичгээ өөрчлөнө гэвэл дагаад хэл өөрчлөгдөнө. Үүнийгээ тооцоод эрдэмтэд аль хувилбар нь дээр вэ гэдгийг гаргаж ирэх л ёстой. Би хувьдаа латин үсэгт шилжих нь зөв гэж боддог.  Яагаад гэвэл тэртэй тэргүй техникийн хөгжлөө дагаад латин үсэгтэй бүхэл бүтэн үе гараад ирлээ.

Ажлын хэсгийн гишүүн Т.Галсан: Оюутолгойн алдагдал бол хэлний алдаа байсан
Гадаа гудамжинд гараад монгол хүн төөрдөг болчихлоо. Өвөө, ач хоёр хоорондоо ойлголцохгүй, дунд нь аав, ээж хоёр нь орчуулга хийдэг болжээ. Гадаадад амь зуулгын эрхээр амьдарч байгаа хүмүүс монгол цустай болохоос харь хэлтэй болж, монгол нэртэй хүний тоо цөөрч байна. Бид үгийн үнэ цэнийг мэдэхгүйн гайгаар дэлхийн дээрэмчидтэй харилцах түвшинд хүрээгүй. Оюутолгойн алдагдал бол хэлний алдаа байсан юм шүү. Энэ бүгдийг залруулах, алдаанаасаа суралцах, аврах ухаан УИХ-ын гишүүдэд маань байгаад баярлаж байна. Монгол Улс эх хэлний тухай хуультай болох нь, бид зүтгэнэ шүү.


Б.МАНДАХ

Wednesday, June 4, 2014

Тархины тухай


 Тархинд мэдээлэл боловсруулах хурд 120м/с байдаг. Мөн тархи нь хүний биеийн нийт хүчил төрөгчийн 20%-ийг зарцуулдаг буюу цусан дахь хүчил төрөгчийг авч ашигладаг гэсэн үг. Тиймээс тархинд цусан хангамж очихгүй бол хүчил төрөгчийн дутагдлаас болж тархины үйл ажиллагаа тэр даруйдаа доройтох бөгөөд ердөө 8-10 сек цус очихгүй бол хүн ухаан алдана. Энэ үед тархи 4-5 мин хүчил төрөгчгүй тэсэх чадвартэй хэдий ч үүнээс хойш цусан хангамж очихгүй бол нэгэнт оройтсон байна. Улмаар тархи хэсэг хэсгээрээ үхжиж эхлэх бөгөөд үүнийг сэргээх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл ямар ч сэтгэн бодох чадваргүй амьд бие махбодьтой үлдэнэ.

 "Би сэтгэж байна, тиймээс би оршиж байна" Рене Декарт

Ойролцоогоор 400 гаруй жилийн өмнө цөөн хэдхэн хүмүүс тархи бидний хамгийн чухал эрхтэн мөн гэдгийг ойлгодог байлаа. Тэдний нэг нь философич Рене Декарт байсан юм. Тэрбээр тархи бидний төсөөлж байснаас ч илүү хариуцлагатай бөгөөд бүх зүйлийг удирдан чиглүүлдэг үүрэгтэй юм гэдгийг "Дуализм" хэмээх бүтээлээрээ анх харуулж байжээ.


Тархи өсөж хөгждөггүй, өөрчлөгддөггүй гэдэг нь хүмүүсийн дунд байдаг түгээмэл алдаатай ойлголт юм. Дөнгөж төрсөн нялх хүүхдийн тархинд өдөр бүр 250,000 мэдрэлийн эс төлждөг бөгөөд нэг настай үеийнхээ тархинаас 3 дахин жижиг байдаг. Энэ хөгжил нь 18-20 нас хүртэл үргэлжилдэг.