Tuesday, January 21, 2014

Нэр томьёог оноон тогтооход нэгдсэн бодлого хэрэгтэй


Эх сурвалж: www.news.mn 2014 оны 01 сарын 17
 Улс орон даяар нэр томьёоны ажил цэгцтэй үр бүтээлтэй явж ирсэн цаг үе бол яахын аргагүй 1924 оноос эхлэн Улсын нэр томьёоны комисс ажиллаж байсан тэр үетэй холбоотой билээ. Хэдийгээр нийгэм өөрчлөгдөн хэлний асуудалд хандах хандлага өөр болсон хэдий ч тодорхой цаг үетэйгээ зохицсон төрийн хэлний бодлого өнөө үгүйлэгдэж байна. Урьд өмнөхөөс илүү оновчтой боловсруулалтай, тогтолцоотой, бодитойгоор байхыг хөгжлийн шинэ цаг үе биднээс шаардаж байна.

Ард олны амьдрал, улс орны түүхэнд урьд өмнө байгаагүй юмуу, тодорхой илрээгүй байсан олон юм үзэгдэл, нийгмийн хөгжлийн аясаар илэрч, технологи хөгжин түүнийг дагасан шинэ мэдлэг шинэ ойлголтоор баяжин сэлбэсээр байдаг. Тэгэхээр ийм хөгжлийг дагаад түүнийг илэрхийлэгч болсон хэл ч улам нарийсан боловсронгуй болж үүнтэй уялдаат холбоотой нэр томьёог бодлогоор зохицуулж эрэмбэлэн цэгцэлдэг баймаар. Ийм учраас хэлний зохистой хэрэглээнд үндэслэн хэлний хэм хэмжээ, нэр томьёоны стандартыг тогтоодог.

Хэн нэг нь кофег боргол, скочийг наалтууц, усан санг шумбуур, редакцийг цэгц., стрессийг зовниц, сальфеткаг салбайдаг, билъярдыг ёворцог.. гэхчлэн систем боломгүй сонин содон үгээр оноох нь оновчтой шийдэл биш ээ. Түүнчлэн клубыг хөлөөв, радиог араажав, аржаатар, бярвааз, данхраад,  ... гэх дуудлага голлох мөн өрөмдлүүр, чадавхи, бөөртөс, гэх алдаатай, эсвэл бренд, классик, редакц, процедур, мерчандайз, стратеги, топ, супермаркет, ченж, валют, тест, видео, парламент, имиж, лобби, элит, хит парад, ломбард, диско, интернейшнель, статус гэх мэтээр харь хэлнээс авсан үгээ тэр хэвээр нь хэрэглэх, этгээд маягаар төрийн машин, сонгуулийн шоу, хоёр толгойн асуудал  гэхчлэн өөр өөрийнхөөрөө олон янзаар нэрлэх нь буруу зөрүү ойлголт төрж, яваа яваандаа манай мэдлэгийн бүх салбарын ойлголт ухагдахуун, юмсыг  будлиантай илэрхийлэх гүн хямралд оруулж ч болох юм. Үүнийг уг нь цаг алдалгүй засаад явах ёстой юмсан.

Зөвхөн гаднаас орж ирэх мэдлэг төдийгүй эх хэлээрээ илэрхийлэх үйлдвэрлэл үйлчилгээ бараа бүтээгдэхүүний нэр, алба ажлын хувьд ч зарим үед эргэлзээ төрүүлэм олон нэрлэлт буй болоод байгаа нэгдсэн ойлголтод хүрч өгдөггүй зовлон бий. Тухайлбал: Утаагүй зуух, ухаалаг үнэмлэх, эрүүл хүнс, ногоон хувьсгал, ухаалаг төр, том төр гэх мэтээр олноос олон үг бий.
Систем тогтолцоогүй дан ганц дахивар гэж хоёр савны нэгийг нэрлээд нөгөөг нь хогийн сав гэж сондгойруулж нэрлэх үү. Ингэвэл харин түүхий эд, хоёрдогч түүхий эд гэхээс доор, хогийн сав гэж хэвшсэнээс дээрдэхгүй байгаа юм биш үү. Зөвхөн хэлний хэмнэлт бодоод дэмжээд байна уу.

Улс төрч нөхрийн дураараа нэр томьёо тогтоож олон нийтийн мэдээллийн хэрэгслээр аяглах нь нэр томьёог оновчтой тогтоох гарц мөн үү.
Тэгэхээр нэр томьёо оноох талаас харвал нийгэмд ийм салбартай ямар нэгэн байдлаар холбоотой хоорондоо холбоо муутай хэд хэдэн субьект болж байна. Энэ нь  Төрийн хэлний зөвлөл нэртэй олон мэдэхгүй газар, Стандартчилал хэмжилзүйн үндэсний төв, Нэр томьёоны комисс байсан ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн гэх хоорондоо ажлын уялдаа муутай албан байгуулагуудаас гадна телевиз, сонин сэтгүүлээр цэцэрхэж ярих хувь хүмүүс, улс төрчдийн дур мэдэн шинэ үг хэллэг, нэр томьёо гаргах дүр төрх болно.

Ийм байдлаар хандсанаас болоод албан газраас гаргасан нэр томьёо нь цаасан дээр төдий, хувь хүний оноолт нь хоосон яриа төдий болж эцсийн эцэст нэр томьёоны хэрэглээ, зохицуулалт нийгмийн амьдралд үр дүн муутай боллоо .

Өнөөдөр манай улсад шинжлэх ухааны ихэнх салбар нэр томьёоны баялаг сантай болсон боловч нэг ухагдахууныг өөр өөр үгээр тэмдэглэх, өөр өөр ухагдахууныг нэг үгээр илэрхийлэх, оновчтой нэг үгээр тэмдэглэх ухагдахууныг олон үгтэй тайлбар нэрээр оноох зэрэг дутагдал түгээмэл байгаа юм. Иймээс шинжлэх ухааны нэр томьёог тухайн нэг салбар ухааны хүрээнд төдийгүй хэд хэдэн салбарын төвшинд стандартчилан цэгцлэх шаардлагатай болж байна
Би энд хуучин системийг санагалзсан хэрэг бус харин ихэнх улс оронд байдаг нэр томьёоны хороо, нийгэмлэг, комисс гэж нэрлэгдэх нэгдсэн бодлоготой баг бүрэлдэхүүнийг манайд яагаад ажиллуулж чадахгүй байгаад гайхаж байна. Хэдийгээр Төрийн хэлний зөвлөл нэртэй байгууллага Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны харьяанд байгуулж ажиллуулсан боловч зохион байгуулалтын хувьд алдаатай бодлого баримталснаас болоод үүргээ хангалттай биелүүлж чадсангүй.

Аргагүй шүү дээ дээгүүрээ олон толгойтой могой шиг болоод салчихсан олон байгууллага хэрнээ доогуураа хийж гүйцэтгэх  ажлын хувиар алдагдсан хэлдэг гурав хийдэг ганц гэгчийн үлгэрээр байхаар арга байжуу дээ. Энэ талаар манай нэртэй нэр томьёо судлаач  доктор  Н.Манибазар гуай “Одоо хуучны улсын нэр томьёоны комиссын буюу өдгөөгийн төрийн хэлний зөвлөлийн ажил мэдээллийн хүрээнд нэр томьёоны төрийн зохицуулалт хийж байвч урьдын далайц, эрч нөлөө нь сарнингуй, нэр томьёог энд тэндгүй буюу газар газартаа тогтоож түүний нэгдмэл байх ёстойг санах газар ховордсон мэт тул миний мэтийн яриа тайлбар ч нэлээд харьцангуй чанартай байх шүү” гэснийг санууштай юм.  

Аливаа нэр томьёог шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулж оноон тогтоож хэвшүүлэх тогтоосон нэр томьёог улам боловсронгуй болгох нь хамгийн чухал шүү дээ. Түүнээс ганц нэг хүний хөнгөн гараар сэтгэлийн хөдөлгөөнөөр хийдэг ажил бишээ. Олон ч хүн энэ асуудлаар ярилаа бичлээ. Амжилт олсонгүй. Нэг хүн тэр тусмаа нэр томьёог дурын дуучин, телевиз радиогийн хэн нэг сэтгүүлч, эрх мэдэлтэн ганцаараа хийдэг байсан бол Олон улсын нэр томьёоны байгууллага, Европ, Азийн нэр томьёоны хороо байхын хэрэг юу байхав. Мөн нэр томьёоны стандарт гэж гаргахын ч хэрэг юун. Өргөн хэрэглээний үгс ард түмний дундаас аажимдаа бүтээгдэн гарч ирдэг бол нэр томьёог ихэвчлэн зориудаар боловсруулж тодорхой мэргэжлийн хүмүүс, хэлшинжлэлтэн нар зохион гаргадаг ухамсарт үйл ажиллагааны үр дүн гэдгийг олон хүн мэднэ.

Шинжлэх ухаан техник технологийн эрчимтэй хөгжлийн энэ үед тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэрлэсэн нэр томьёо асар хурдтай түмний нүд чихэнд хүрч тэр оруулж ирсэн гадаад улсын хэлээр дор нь хэвших янзтай. Цаг үетэй уралдаж  ямар нэгэн зохицуулалт хийхгүй байсаар тэр хэвээрээ хэвшиж удах бүр олны шүүмжлэлд ч өртөж эхэлдэг. Зүгээр л бид компьютер түүний хүрээний үг хэллэг нэр томьёогоо харъя. Дан гадаад үг. Ингээд цааш интернэтийн орчинд гэвэл мөн адил. Байгууллагын хаяг, телевизийн зараа хар. Эмийн санд ороход дүүрэн гадаад нэртэй эм. Тайлбар нь ч гадаад. Яаж хэрэглэх вэ. Телевизээр гарч байгаа товчилсон үгийн оньсого таавар шиг их үгийг яах вэ? Хэрэглэгч нь хэн бэ? Эрдэмтэд мэргэд цэцэрхээд эрх тушаалтан улс төржүүлснээрээ нэр томьёо тогтохгүй.

Товчхондоо нэр томьёог шинжлэх ухааны үндэслэлтэйгээр оноон тогтоох, судлах сурталчлах, хэвшүүлэх дэс дараатай ажлыг хийж гүйцэтгэхэд Нэр томьёо судлалаар ажиллаж байгаа судалгааны баг хамт олны ажил хувь нэмэр их чухал. Хуучин улсын нэр томьёоны комисс байсан одоо ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн энэ чиглэлээр сурч судалж ажлын туршлагатай болсон эрдэмтэн судлаачдын хүчийг энэ чигт хандуулвал цаг нар хэмнэсэн хүч хөдөлмөрийг зөв зохицуулсан зүйл болмоор.

Тэнд нэр томьёоны онолын судалгаа хийгдэж байгаа ч нэр томьёог оноон тогтоох эрх зүйн орчин бүрдээгүйн улмаас шинээр гарч буй олон салбарын нэр томьёоны толийг хэлний бүтэц тогтолцоо, хэл найруулгын үүднээс засварлан зөвлөх төдий ажиллаж байгаа бөгөөд харин нэр томьёог оноож тогтоон баталгаажуулах боломжгүй байгаа юм.

Соёл спорт аялал жуулчлалын яамны харьяанд буй Нэр томьёог тогтоох ихээхэн үүрэгтэй байгаа Төрийн хэлний зөвлөл, нөгөөтэйгүүр ажлын албаны дарга нь шинэ хүн болж буй энэ үед “Нэр томьёо”-гоо  цэгцлэн нэг мөр шийдэх байх гэж харж байна.


ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан  О.Шинэбаяр  доктор /Ph.D/

No comments:

Post a Comment