Sunday, June 16, 2013

Эх хэлний чадвар хувь хүний хөгжлийг харуулдаг

Профессор Ж. Баттөр /МУИС, ОУХС/

Түүхийн хуудсууд
Монгол хэл бол дэлхийн эртний хэлнүүдийн нэг юм. Хэдийгээр тун цөөхөн баримт үлдсэн, түүхэн урт удаан хугацаанд асар их өөрчлөгдсөн ч бүр Хүннүгийн үеэс л үндсэн нэр томъёо, хэллэгүүдтэй болчихсон байсан нь эртний түүх сурвалжид тэмдэглэн үлдсэн зарим үгс харуулдаг. Жишээлбэл, Хүннүгийн хаан эзнийг заасан “шаньюй” гэдэг үг байна. Энэ үгийг Ринчен гуай хэл шинжлэлийн түүхэн харьцуулалтын аргаар сэргээн өнөөгийн хэлбэр нь “сайн” гэсэн үг, эдүгээ яамдын сайдын “сайд” гэдгээр хэрэглэж байгааг олж тогтоосон.
Мөн Хүннүгийн төрийн албан тушаалтны нэрсийн жагсаалтанд байсан “хэлмэрч”, “бичээч” гэх мэт үгсийг одоо ч хэрэглэсээр байгаа. Яагаад энэ бүхнийг тоочоод байна гэхээр Монгол хэл түүхэн урт хугацаанд боловсорсоор сонгодог хэлбэртээ хүрсний нотлогоо юм.
Монгол хэл бас маш баялаг хэл. Эртний Энэтхэг, төвдийн гүн ухаан, шашны ном судраас өгсүүлээд, Хятадын сонгодог романууд, Оросын хийгээд Өрнөдийн ямар ч бүтээлийг огтхон ч төвөггүй дуун хөрвүүлсээр ирсэн чадамжтай. Бүр 14-р зуунд Македоны Александрын намтар “Сулхарнайн тууж”-ийг перс хэлнээс Монгол хэлнээ орчуулсан орчуулгын зарим хуудас олдсон бөгөөд АНУ-ын Харвардын монголч эрдэмтэн Ф. Вүүдмэн Кливез нарийвчлан судлаж томоохон бүтээл туурвисан. Юань гүрний араас гарсан Хятадын Мин улс гадаад улс орнуудад явуулж байсан дипломат албан захидлуудаа монгол бичгээр, монгол хэлээр явуулж байсан нь өнөөг хүртэл хадгалагдаж байна. 
Монголын эзэнт гүрний дараа Монголын эзэмшилд байсан Зүүн хойд Азийн улс орнуудад ноёрхолоо тогтоож Чин гүрнийг байгуулсан манж нар монгол бичгийг төрийн бичгээ болгосон юм. Солонгосчууд ч 15-р зуун хүртэл үндэстний бичиг үсэггүй явсан бөгөөд 1446 онд Сежун хаан нь “Хангыл” хэмээх үндэстний бичгийн цагаан толгойг хэлзүйч эрдэмтэдээрээ зохиолгосон. Харин хангыл үсгийн дийлэнх зурлага нь монгол бичгийн зурлагатай ихээхэн төстэй, бараг ижил байгаад гадаадын эрдэмтэд ялангуяа АНУ-ын түүхч Гэри Ледъярд нар анхаарлаа хандуулсан байдаг. Харин солонгосчууд өөрсдөө “манай Сежун их хааны хосгүй гайхамшигт бүтээл” гээд монгол үсгийн үүргийг төдийлөн гүйцэд үнэлдэггүй юм. Үүнээс гадна Монголын эзэнт гүрний үед болон түүний бутарсанаас хойш зохиогдсон  монгол болон хятад, солонгос, араб, перс, латин, түрэг, согд уйгар толь бичгүүд олноороо олдсоор байгаа нь Монгол хэл дэлхий дахинаа хичнээн нөлөөтэй байсныг харуулж байгаа юм.
Ринчен гуай Монгол хэлэнд наад зах нь нэг сая гаруй үг бардам бий гэж бичсэн байдаг.

Ийм түүхтэй өнөр баян монгол хэл өнөөдөр ямар байна вэ?
Өнгөрсөн хорин жил бүтэх бүрэхгүй элдэв дүрэм “зохиож”, туршилт хийсээр байгаад монгол хэлээр уран зөв найруулан бичдэг тун цөөхөн боллоо. /Гэтэл 18-р зууны франц хэл одоогийн франц хэлэнд онцын ялгаа байдаггүй гэдэг./
Оюутнууд, магиструудад хичээл зааж байхад монгол хэлээ мэддэггүй залуус маш их болсон нь анзаарагддаг. Наад захын өргөдөл, албан бичиг, эсээ ч бичиж чадахгүй оюутан магистрант их байна. АНУ-ын их дээд сургуулиуд элсэн орохыг хүсч буй хэнийг ч байсан англи хэлээрээ буюу өөрсдийн эх хэлээр эсээ нэртэй зохион бичлэг бичүүлдэг. Орос, Хятад хоёр эх хэлний боловсролыг төрөөсөө анхаарсаар олон улсын стандарт шалгалт авч байна. Хэлний чадвар тогтоох ийм стандарт шалгалтын хятад хэлнийхийг HSK, солонгос хэлнийхийг TOPIK гэхчилэн нэрлэдэг. Эдгээр шалгалтыг өгч, 3 юм уу, 4-р түвшинд тэнцэж байж тухайн улсад суралцах эрх нь нээгддэг. Монгол хэл ч ийм жишиг шалгалттай болмоор байгаа юм. Ганцхан манай хэл шинжлэлийн эрдэмтэд хувь хувийн амбицдээ баригдаад нэгнийхээ ялангуяа залуу эрдэмтдийн санаа бодлыг ердөө ч хүлээн зөвшөөрдөггүй.
Хүүхдүүдэд туйлын ойлгомжгүй, хүнд нүсэр, хэтэрхий адармаатай хэлзүй заасаар байгаад 11-12 жил болдогийг болиулж, хөнгөнөөс хүнд рүү чиглэсэн, нэн сонирхолтой тайлбарт хэлзүйтэй, хэрэглээ тал нь давамгайлсан сургалтын агуулга, хэлбэрийг сонгомоор байна. Дэлхий нийтийн чиг хандлагын дагуу сэтгэлгээний түвшинг өсгөх үе шатлал бүхий эсээ бичүүлэх, албан бичгийн хэлбэрүүдийг бичүүлж сургах, монгол хэл дээр суурилсан гадаад хэл заах зэрэг шинэтгэлүүд хиймээр байна.
Монгол улс төрийн албандаа монгол хэл ялангуяа бичгийн хэл сайн эзэмшсэн хүнийг сонгон авч баймаар байна. Ингэж л үүрэг нөлөөг нь өндөрсгөж байж монгол хэлний нэр хүнд өснө. Наад зах нь гадаад хэл сайн эзэмшсэнээс гадна эх хэлээрээ бичих чадвар сайтай хүнийг Гадаад харилцааны Яам сонгож авах хэрэгтэй байгаа юм.  Ямар ч байсан Монгол улс хэлний бодлогоор хөршөөсөө хоцорч огтхон ч болохгүй. Хэлтэйгээ байгаа үндэстэн тийм амар бусдын атганд ордоггүй. 
Эх хэлний чадвар улс төрчдөд ч хамаатай
Хэл бол хүний сэтгэлгээ, дотоод ухамсартай салшгүй холбоотой байдаг бөгөөд хэл шинжлэлийн энэ салбарыг “Сэтгэц хэлшинжлэл” гэдэг. Сэтгэлгээ сайтай хүн аливаа юм үзэгдлийн талаар гүн гүнзгий, өргөн цар хүрээтэй сэтгэж түүнийгээ нэн оновчтой илэрхийлж чаддаг. Аль ч үед хэл бичгээ гойд сайн эзэмшсэн хүнийг төрийн албанд томилж байсан түүхтэй.
Аль улс үндэстний удирдагч нар өөрийн хэлийг тун гаргуун эзэмшсэн байдгаараа бусдаас ялгарч байна. Гайхамшигт удирдагч нар гайхамшигт уран илтгэгч нар байдаг бөгөөд өөрийн үзэл санааг тун мэргэн, оновчтой илэрхийлж, тэр үгс нь хүн төрөлхтөний оюун санааг баяжуулан хөгжүүлж онч мэргэн үгсийн санд үлддэг.  
Үг хэлний чадваргүй хүмүүс удирдагч болж чаддаггүй. Энэ ч мөн Монголын улс төрчдөд хамаатай. Өнөөдөр хэн Монгол хэлээ сайн эзэмшсэн байна тэр хүн олон түмэнд өөрийн санаа бодлыг хүргэж чадна, тэр хэмжээгээрээ дэмжлэг авна. мэддэг учраас өөрсдийн санаа бодлыг туйлын ойлгомжтой илэрхийлж ард иргэддээ хүрч чадаж байгаа юм. Өнөөдөр Монголын удирдагчдаас Монгол хэлний чадвар  онцгой сайн байгааг, аль улс төрийн нам хүчин монгол хэлэндээ хичнээн мохоо байгааг, хэт албаны модон хэлнээсээ болж өндийж чадахаа байсныг бид харж байна.
Үг хэл удирдагчдад хичнээн хэрэгтэй болохыг Библийн “Иохан” гэдэг номонд “Эхлээд Үг байсан. Үг Бурхантай хамт байсан ба Үг өөрөө Бурхан /God/ байсан юм” гэж бичсэнээс харж болно.  Мөн Английн нэгэн үеийн удирдагч байсан Бэнжамин Дизраэли “Үгээр бид хүмүүсийг удирдан захирдаг” гэсэн.



Monday, June 3, 2013

Дэлхийн сонгодог өгүүллэгийн орчуулгын уралдаан эхэллээ


2013 оны 5 сарын 30
Өнөөдөр Монголын номын зах зээл дээр бэстселлэр буюу шилдэг борлуулалттай орчуулгын уран зохиолын ном бүтээл дийлэнх байр суурийг эзэлж байгаа билээ. Гэтэл хүүхэд, залуучуудын хүмүүжил хийгээд боловсролд дорвитой хувь нэмэр оруулах учиртай дэлхийн сонгодог зохиолуудын орчуулгын ном зохиол өдрийн од шиг хэвлэгдэн гарч байгаа нь утга зохиолын орчуулагчдын сэтгэлийг зовоож байна. Борлуулалт хийгээд ашиг, орлого хөөцөлдсөн, ямар ч өгөөжгүй “ном”-ны бизнес эрхэлж буй хэвлэлийн газрууд ч дээрх асуудалд анхаарлаа хандуулах цаг нэгэнт болжээ. Тиймээс Монголын Орчуулагчдын Эвлэл залуу орчуулагчдын авьяасыг нээж, дэлхийн сонгодог зохиолын орчуулгын ирээдүйн дуун хөрвүүлэгчдийг бэлтгэх зорилгоор сонгодог богино өгүүллэгийн уралдаан зарлаж байна.

Орчуулгын шилдэг бүтээлийг шалгаруулах болзол
Уралдааны зорилго
Монголын Орчуулагчдын Эвлэл үүсэн байгуулагдсаны 23 жилийн ойг тохиолдуулан утга зохиолын орчуулгыг шинэ түвшинд гаргах, орчуулагчдын ирээдүй хойч залуу үеийг бэлтгэх, тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэх, орчуулгын бүтээлийг цаашид бүх талаар хөхиүлэн дэмжихэд уралдааны зорилго чиглэнэ.

Оролцогчид болон хамрагдах бүтээл  
Уралдаанд утга зохиолын орчуулга хийх хүсэл тэмүүлэл, авьяас сонирхол,  мэдлэг чадвартай 18-40 хүртэлх насны залуус оролцох боломжтой. Оролцогчид урьд өмнө нь монгол хэлнээ орчуулагдаагүй, дэлхийн утга зохиолын сор болсон сонгодог богино өгүүллэгийн бүтээлүүдээс эх хэлнээ орчуулан оролцоно. Дэлхийн аль ч хэлнээс эх хэлнээ хөрвүүлсэн хичнээн ч бүтээлээр оролцож болно.

Уралдааны шалгаруулалт 
Нэгдүгээр байр- 1. Өргөмжлөл, 500.000 төгрөг, Дэлхийн сонгодог зохиолын дээжис
Хоёрдугаар байр- 1. Өргөмжлөл, 300.000 төгрөг, Дэлхийн сонгодог зохиолын дээжис
Гуравдугаар байр- 1. Өргөмжлөл, 200.000 төгрөг, Дэлхийн сонгодог зохиолын дээжис
Тусгай шагнал- 5. Өргөмжлөл, Дэлхийн сонгодог зохиолын дээжис

Уралдааны шалгаруулалтын дүнг 2013 оны долдугаар сарын 08-ны өдөр нийтэд зарлана. Уралдааны дүнг Монголын Орчуулагчдын Эвлэлийн мэдээллийн түнш- Монголын Сайтын Холбооны гишүүн сайтуудаар мэдээлж, шалгарсан бүтээлүүдээр ном гаргаж уншигч олон нийтийн хүртээл болгоно.

Бүтээл хүлээн авах хугацаа
Хөрвүүлсэн бүтээлийг 2013 оны зургаадугаар сарын 01-нээс 2013 оны долдугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд  “Монгол шаазан” ХК-ийн байран дахь Монголын Орчуулагчдын Эвлэлийн 8 тоот өрөөнд хүлээн авна. Мөн Төв шуудан ш/х-668 /захидлаар/, mongol.translators@gmail.com цахим хаягаар хүлээж авна.
Харилцах утас: 9494-7606

Ерөнхий зохион байгуулагч: 
Монголын Орчуулагчдын Эвлэл

Хамтран зохион байгуулагч: 
Монголын Залуучуудын Холбоо

Мэдээллийн түнш:
Монголын Сайтын Холбоо

Эх сурвалж www.wikimon.mn

Thursday, May 23, 2013

Баруун зүүн тархи

Эх сурвалж: http://tomyo-bodyo.blogspot.com

Тархи судлаач эрдэмтэн  Jill Bolte Taylor хатагтайн тархинд цус харваж, мэргэжилийн хүний хувьд тархийг дотроос нь судлах ховорхон "аз завшаантай" учирчээ.


Анхандаа үүнийгээ мэдэлгүй, үе үе зүүн тархи нь хатгаж, нэг л хэвийн бус мэдрэмж байгааг анзаарч. Сүүлдээ давтамжтай хатгалт нь улам хүндэрсээр, цэх алхахад ч хүндрэлтэй болоод ирэв. Өөрийн эрхгүй тэнцвэр алдан гараараа хана тулан зогсвол, бас дахин сонин мэдрэмж төрөх нь тэр.

– Хана тулах түүний гар, яг л ханатай нэгэн цул болсон юм шиг санагдав.

Өөрийнхөө биеийг хаанаас эхлээд, хаана дуусаад байгааг ойлгохгүй нь. Мэдэрч байгаа юм гэвэл, гарны эд эс, хананы атом молекултай холилдсон,нэгэн цул инерги.

Jill–ийн цус харвасан нь зүүн тархи нь. Энэхүү зүүн тархи гээч нь, бүхнийг нэг эгнээнд жагсааж байгаад, мэдээллийг дарааллын дагуу нэг нэгээр нь (сериалаар) боловсруулахдаа чадварлаг. Өөрийгөө орчин тойрон, юмс үзэгдэлээс тусгаарлаж сэтгэдэг нь ч зүүн тархи юм. Тийм ч учраас Jillөөрийн биеийн хил хязгаарыг ойлгохоо больсон хэрэг.

Харин бүрэн бүтнээрээ байгаа баруун тархи нь, бүхий л зүйлсийг зэрэг зэрэг (параллелаар) боловсруулах чадвартай. Өчигдөр өнөөдөр ч гэхгүй, цаана нааныг ч ялгахгүй, бүгдийг нэгэн зэрэг ЯГ ОДОО боловсруулдаг баруун тархины ертөнц нь шууд утгаараа яг л "ЭНД, ОДОО ЦАГ" юм. Мэдээж би болон бусад гэж алаг үзэх ч сөхөөгүй түүний хувьд, мэдэрдэг цорын ганц зүйл гэвэл ердөө л НЭГЭН ЦУЛ ИНЕРГИ.


– Энэ, яг юу вэ? Юу болоод байна аа?
гэж гайхах зуур Jill–ийн зүүн тархи бүрэн зогсож, тэр дороо, яг л зурагтын унтраалга дарсан юм шиг, хорвоо ертөнц нам гүм болж орхив. Цоо шинэ мэдрэмжинд эхлээд мэдээж гайхсан боловч, үнэндээ тэр нь туйлын тааламжтай сайхан мэдрэмж байсан юмсанж.

Бие сэтгэлийн бүхий л хүлээс тайлагдаж, өөрийн инерги нь таран түгсээр орчин тойронтой холилдон сүлбэлдэж, хорвоо ертөнцийн нэг хэсэг болон уусаж одно.
Харин Jill илбэдүүлсэн юм шиг л энэ мэдрэмжинд автан мансуурав.

– Хүүүүе? Яанаа? Болохоо байлаа, түргэн дуууд!!!!

Гэнэт сэрсэн зүүн тархи, манарсан Jill–ийг цочоох нь тэр.
"Нээрээ яанаа, би болохоо байлаа шүү, ажлаасаа хоцрох нь" гэсээр Jill сандран сэргэх боловч, дөнгөж саяын зүүд мөрөөдөл шиг ертөнцөө эргэн санагалзана.

Тэрхүү гайхамшигийн ертөнцөд ажлын стресс зовиур огтхон ч үгүй. Амар амгалан, энх тайван түүнийг гэгээн дүрээрээ эзэмдэн ноёлж, хандсан зүгтээ дүүлэн ниснэ.

– 37 жил үүрсэн ачаанаасаа гэнэт мултарсан юм шиг л мэдрэмж.Юутай аз жаргал?!

– Босооч ээээ. Бушуул түргэн дууд. Бид болохоо байлааа
гэсээр ахиал зүүн тархины сэрүүлэг хангинаад явчив.

...Бодит ертөнц (зүүн тархи), гайхамшигийн ертөнц (баруун тархи) хоёрын хооронд 45 минут холхисоны эцэст, арайхын тусламж дуудан түргэний тэргээр эмнэлэгийн зүг хөдлөв. Замдаа Jill, бодит ертөнцөд үлдэхээс татгалдаж, гайхамшигийн ертөнцийн гүн рүү эргэлт буцалтгүйгээр цааш алхан одлоо.

– Амьд байна.

Эмнэлэгийн орон дээр ухаан орсон Jill, өөрийгөө амьд байгаад гайхав. Уул нь гайхамшигийн ертөнцийг л сонгосон юмсан.

Гайхамшигийн ертөнцөд түүний бие сэтгэл, хоргоноос мултарсан сүнс болон дүүлэн нисч, аварга том халим загас лугаа адил аз жаргалын далайд сэлгүүцэн шумбаж байлаа. Тэгээд, тийнхүү дөнгөж диваажинг олж хараад байтал...

... Гэтэл, яагаад ч юм... гэв гэнэт л сэрж... эмнэлэгийн төмөр орон дээр... нөгөө л жижигхэн биендээ шургалан хэвтэж байх аж.

Гэхдээ тэрээр нэгэнт бат итгэжээ.
– Диваажин гэж огтхон ч холын тусдаа ертөнц биш. Дөнгөж л бид бүхний дэргэд байдаг зүйл юм байна. Би үүнийг нэгэнт мэдсэн. Одоо мэдсэн бүхнээ хүмүүст түгээн дамжуулах нь миний үүрэг.

Их хэмжээний цус алдалтаас 2 долоо хоногийн дараа, Jill–ийн зүүн тархинаас голфийн бөмбөгний дайны цусны бөөгнөрөлийг гаргаж хаяжээ. Түүнээс хойш, эрдэмтэн маань бүрэн эдгэтэлээ даруй 8 жил зарцуулсан байна.

– Тэгэхээр, бид гэдэг чинь ингэхэд хэн юм бэ?

– Энэ хорвоо ертөнцийг ямар хүний дүрээр туулахыг та хүсч байна даа?

–Хэн болохоо СОНГОХ ЧАДВАР бидний хэн бүхэнд бүрдсэн байгаа
гэж эрдэмтэн Jill батлан хэлнэ.

Баруун тархины ертөнц (гайхамшигийн ертөнц) бол зах хязгааргүй нэгэн цул аварга ертөнц. Харин зүүн тархи (бодит ертөнц) бол БИ гэсэн давчуухан ганц урсгалт жим. Энэ жимээс цаашхи ертөнц бүхэлдээ хаалттай бөгөөд, бусдаас бүрэн тусгаарлагдсан орон зай юм.

– Таны дотор хоёр ертөнц байна. Та алийг нь сонгох вэ?

– Хэзээ сонгох вэ?

...Баруун тархинд хэзээд бий гэх Гайхамшигийн ертөнц. Гүн гүнзгий амар амгалангийн ертөнц. Зарим нь түүнийг Нирван ч гэнэ...

Хэл гэж юу вэ?

Эх сурвалж: http://tomyo-bodyo.blogspot.com

Орчин үеийн хэл зүй судлалын эцэг гэгддэг Ferdinand de Saussure гэж сонссон л биз дээ?

- Сонсоогүй ээ??? Тэгвэл сонсох уу?

Saussure нь үе үеийн мэдлэгтэнүүдийг төрүүлсэн алдартай гэр бүлээс гаралтай нэгэн бөгөөд, Женевийн их сургуулийн хэл зүйн ухааны профессор юм. Харин тэрээр тухайн үеийн хэл зүйн ухааны талаар сэтгэл дундуур явдаг байж. Тухайн үеийн хэл судлал гэвэл
- Энэ улсын хэл нь цаг үеэ дагаад ингэж ингэж өөрчлөгдөөд, ийм ийм хэлтэй холилдож, тэндээсээ цаашаа ийм ийм хэл болон салбарлажээ
гэх зэргээр, төстэй хэлнүүдийг хооронд нь харьцуулж, нийтлэг язгуурыг нь тогтоох мэтийн л юм судалдаг байсан юмсанж.

Гээд бодохоор,
- Одоо ч гэсэн тийм л биз дээ?
гэсэншүү юм санаанд буух нь, арай зөвхөн би биш биз???

Ерөөс Saussure-аас өмнөх үе хүртэл хэл гэдэг нь
- Юманд хадсан шошго маягийн зүйл
гэсэн нийтлэг ойлголттой байсан байна.
Тэр нь жишээ нь, бодитоор оршин байдаг "Улаан өнгөтэй бөөрөнхий жимс" гэдэг юман дээр "А・Л・И・М" гэдэг шошго хадсантай адилхан, нэг тийм, юмс үзэгдэл ухагдахуунуудыг авианд харгалзуулсан төдий зүйл гэсэн санаа юм.

Гээд хэлэхээр,
- Тийм л биз дээ?
гэсэншүү юм санаанд буух нь, арай зөвхөн Монголчууд биш биз???

Харин Saussure тэрхүү шошго маягийн хэлний талаарх үзлийг далаар нь хөмрүүлж, дараах байдлаар цоо шинээр томъёолсон байна.
- Хэл гэдэг бол Ялгацуудын систем юм.

Эсвэл зүгээр, "Ялгаануудын систем" юм.

Энэ нь нэг ёсондоо, Saussure
- Хэл гэдэг бол, аливаа зүйлийг өөр бусад зүйлээс онцолж салгахын тулд байдаг.
гэсэн цоо шинэ хэлний талаарх үзлийг дэлгэн тавьжээ.

Өөрөөр хэлбэл, зүгээр л "нэг улаан юм" байхаар нь "алим гээд нэрлэчихье" гэсэн бус, харин тэрхүү "улаан бөөрөнхий зүйлийг" тухайлан бусдаас зориудаар ялгахын тулд "алим гэдэг нэр оноожээ" гэдэг талаас нь авч үзсэн байна.

Тэгэхээр, ингэж хэлэх төдийд нээх ч тийм онцын сүртэй ялгаа мэдрэгдэхгүй байж мэдэх юм.
- Явж явж тэгээл, алимыг алим гэж тогтоохын тулд л алим гэж нэрлэсэн юм байгаа биз дээ?
гэсэншүү юм бодож байгаа нь арай зөвхөн та биш биз???

Хэрэв тийм бол, энэ талаар арай жоохон дэлгэрэнгүй тайлбарлая.
Жишээ нь, доорхи зургийг хараад танд юу бодогдох бол?

- Хэдэн чулуу л байна.
тийм биз?
Мэдээж бид бүхэн цааш нь эдгээр чулуунуудад нэг бүрчлэн нэр онооё энэ тэр гэж бодох уу гэвэл үгүй. Бүгдийг нь таширдуулж аваад "чулуу" л гэж хэлнэ.

- Хамгийн баруун дээдэх нь юу вэ?
- Чулуу.
- Тэгвэл, тэрний хажуудах нь?
- Чулуу.
- Тэгтэл..., тэгвэл, ммм..., байжийгаарай... Тэгвэл зүүн доодох нь?
- Чулуу...

Гэвч та дээрхи зургийг ахиад сайн ажиглаад үз дээ. Тэд хоорондоо хэлбэр дүрс, хэмжээ дамжаагаараа бүгд харилцан адилгүй байгаа биз? Гэсэн ч бид
- Тэр нь ч, энэ нь ч адилхан л чулуу
гэж хэлээд, тэдний хоорондох онцлог ялгаануудыг бүгдий нь нялсалж орхино. Яагаад вээ гэвэл, бидний хувьд тэдний хоорондох тэр ялгаанууд бол үнэндээ огтхон ч сонин биш учраас юм. Нэг ёсондоо бид бүхэн, эдгээр чулуунуудын хоорондын ялгааг нэг бүрчлэн ялгаж салгах ямар ч "үнэ цэнэ" олж харахгүй байгаа хэрэг. Тэгээд ялгаж салгах үнэ цэнэ байхгүйгээс хойш, ялгаж салгах шаардлага ч байхгүй болж таарна.

За тэгвэл доорхи зургийг хараад юу гэж хэлэх бол?


- Хооо. Алим байна, гадил байна, мандарин байна, киви байна, ...
гэх биз.

Тэгвэл яагаад дөнгөж саяны олон чулуунуудыг бүгдий нь ташираар нь "чулуунууд байна" гэж хэлсэн мөртлөө, дээрхи зургийг бас адилханаар "жимснүүд байна" гэж хэлэхгүй байна вэ?

Яагаад гэвэл, энэ зурган дээрх зүйлс нь бидний хувьд хооронд нь ялгаж салгах хангалттай шаардлагатай чухал эд учраас юм. Нэг ёсондоо бид эндээс, ялгаж салгах дайны хангалттай үнэ цэнэ олж хардаг хэрэг.

Тийм ч учраас, хооронд нь ялгаж салгах шаардлага, тус бүрийг нь нэг бүрчлэн заах гэсэн хэрэгцээнээс хэл бий болсон юм. Энэ нь өөрөөр утгаар хэлбэл, хэл гэдэг маань тухайн хүмүүсийн үнэ цэнийн мэдрэмж, ертөнцийг үзэх үзлийн тусгал байдаг гэсэн үг.

Жишээ нь нэг ийм юм бодож үзье л дээ.
Хүн биднээс шаал өөр үнэ цэнийн мэдрэмжтэй, тэс өөр зүйл иддэг, "харь гаригийн хүмүүс" байжээ гэж бодъё. Тэд бидэн шиг органик бодис, жимс жимсгэнэ иддэггүй. Тэгвэл тэдний нүдэнд дээрх зураг хэрхэн харагдах бол?

Магадгүй, яг л эхний чулууны зургийг хараад бидэнд буусан тэр сэтгэгдэл төрөх биз.
- Хэдэн органик бодис л байна.

Тэдэнд эдгээр органик бодисуудыг хооронд нь алим, гадил, киви гэх зэргээр ялгаж нэрлэх ямар ч шаардлага байхгүй. Тийм үнэ цэнийг тэндээс олж харахгүй. Тийм ч учраас, бидний хэл гэж заагаад байгаа тэдний тэр юманд нь "алим", "гадил", "киви" гэсэн үг ухагдахуун байхгүй.

Тиймээс тэдэнд хандаж
- Юун органик бодис вээ? Ахиад сайн хар л даа. Энэ нь улаан өнгөтэй, тэр нь гонзгой хэлбэртэй гээд, бүгд өөр өөр байгаа биз дээ?
гэж хэлээд нэмрийг олох уу гэвэл үгүй биз. Тийм юм ярих нь бидэнд дээрх чулуунуудын ялгааг нурштал тайлбарлан залхааж байгаагаас өөрцгүй юм болно.

Тэгэхээр явж явж дээрх ярианаас ойлгосончлон, хэл гэдэг маань "зүгээр л тэнд нэг юм байгаа болохоор л, тэрийг тоочих гэж үүссэн" бус, харин "тэднийг хооронд нь онцолж ялгах үнэ цэнэ байгаа учраас л, онцолж ялгах гэж үүссэн" юмаа болж байгаа юм.

Өөрөөр хэлбэл,
- Оршин байгаа зүйлсийг хэрхэн онцолж ялгамаар байна вэ?
гэдэг тэр үнэ цэнийн мэдрэмжээс хэл бий болсон бөгөөд, тэрхүү үнэ цэнийн мэдрэмжүүдийн ялгаа зөрөө л хэлнүүдийн хоорондийн ялгааг бий болгож байдаг хэрэг юм.

Эсрэгээрээ ялгаж салгах онцын ач холбогдолгүй гэж үзэх юм бол, тэнд үнэндээ юм байсан ч бид түүнийг юманд тооцож бодохгүй. Энэ талаас нь харвал, аливаа зүйл бодитоор оршин байна уу үгүй юу гэдэг нь, ажиглагч болох бид түүнийг оршин байгааг хүлээн зөвшөөрөх үү үгүй юу гэдгээс хамаарнаа гэж хэлж бас болно (энэ талаар гүнзгийрүүлж философидвол сунжрах тул орхиё).

Ингэхэд сая ойлгомжтой байлгах гээд харь гаригийн хүн дээр жишээ авсан боловч, яг үнэндээ "харь гаригийн хүн" болон "манай дэлхийн хүн" хоёрын хооронд үүсдэг тэр ялгаа, үнэндээ ижилхэн хүмүүс бидний хооронд ч үүсч байдаг.

Жишээ нь, монгол хэлэнд хэлдэг "даага", "шүдлэн", "соёолон" зэргийг англи хэлэнд зүгээр л ташираар нь "horse" гэхэд болчино. Бид Англиар ярьдаг хүмүүст даага, шүдлэнгийн ялгааг мянга дэлгээд тэд "Аан" л гэнэ. Учир нь тэдний хувьд тэрийг ялгаж салгах үнэндээ сонин биш юм.

Бүр ойрын жишээ ярьвал, аягүй бол хөдөөний хүүхдийн нүдэнд харагдах "аргал", "хомоол", "хоргол" зэрэг нь, зарим хотын хүүхдийн нүдэнд ташираараа зүгээр л "баас" болж харагддаг ч байж мэднэ.

- Балдаан, чамд юу харагдаж байна?
- 1 зээрд үрээ, 1 хүрэн байц, 2 шийр алаг даага.
- Билгүүнээ, чамд юу харагдаж байна?
- 4 морь.

Үүний эсрэг жишээ гэвэл, бид "дүү"-г дүү л гэдэг бол, Японоор заавал "эмэгтэй дүү" эсвэл "эрэгтэй дүү" гэж хэлэх шаардлагатай. "Дүү л бол дүү шдээ" гэж хэлмээр санагдавч, тэдэндээ бол тэр дүү эрэгтэй байх, эсвэл эмэгтэй байх нь бууз хуушуур шиг л тэс өөр сэтгэгдэл төрүүлдэг биз.

Өөр бас, Англи хэлний бүс дэхь хүмүүс цагаан туулай, бор туулайнуудыг хооронд нь өөр үгээр ялгаж салгаж, тэдний талаарх төсөөлөл нь ч нэлээн тусдаа байдаг юм байх. Харин бидний нүдээр харвал хоюулаа л адилхан "туулай".

- Сайн хар л даа, шал өөр хоёр өнгөтэй байгаа биз дээ?
гэж тайлбарлаад
- Тийм нь ч тийм л байна. Тэхдээ л тэгээд туулайнууд л байна шдээ
гэхээс өөр юм бодогдохгүй биз.

Учир нь бид ба тэдний өсөж торнисон орчин нөхцөл, соёл иргэншил, үнэ цэнийн мэдрэмжүүд нь тусдаа өөр бөгөөд, юуг юунаас салгаж, хэрхэн илэрхийлэх вэ гэдэг тэр хэмжүүр нь ч бас өөр юм. Тэгээд тэрхүү "ялгаануудын систем" нь цаашилсаар "хэлний систем" болж нүдэнд харагдаж, чихэнд сонсогдохуйцаар ил гарсан хэрэг юм.

Үүнд л Saussure-ийн хэлсэн
- Хэл бол Ялгаануудын систем
гэдэг үгний мөн чанар оршиж байгаа юм шүү дээ.


Дээр дурьдсанчлан, монгол хэлэнд байдаг тоймгүй олон малтай холбоотой үгс, малын нас, зүс, эд хэрэгсэл..., ялгадас..., гэсэн учир тоймгүй нарийн нэршилээс илэрхий ойлгогдох зүйл гэвэл, монголчуудын хувьд мал гэдэг бол хосгүй үнэ цэнэтэй, ширхэг бүрд нь нэр хайрлаж байж сая санаа амардаг нандин эрдэнэ юм.

Гэлээ гээд цаг үе өөрчлөгдөж байна, бидний малчин ард хааяадаа ч гэсэн шинжлэх ухаан, өндөр технологи, бүр даварбал философи ч болтугай сонирхохыг эрмэлзэх боловч, монгол хэл маань бөөм, бөөмхөн, бөөмөнцөр, эгэл бөөм гэх зэргээс илүүтэйгээр юмсыг нарийвчлан нэрлэж үл хүрэлцэх тул арга буюу атом, молекул, электрон, кварк гэх мэтээр гадаад үгийг байгаагаар нь өөриймшүүлэх оролдлого хийж ирлээ.

Угтаа бол энэ чинь доройтол биш дэвшил юм шүү дээ. Ингэлээ гээд монголоо алдаж байгаа хэрэг бус, харин ч бидний үнэ цэнийн мэдрэмж хөгжиж, ертөнцийг үзэх үзэл маань тэлж байгаа хэрэг юм.

Библид "Эхлээд үг буй" гэдэгчлэн, үг нь л байхгүй бол үнэхээр бид юугаа ч сэтгэх билээ дээ.

Wednesday, May 22, 2013

Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах тухай


Эх сурвалж: news.mn 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах тухай


Дэлхийн шилдэг их сургуульд суралцах оюутан залуучуудыг дэмжих зорилгоор Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг баримтлан ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсын иргэдийг Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах шалгуур нөхцөлийг дараах байдлаар тогтоож хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ерөнхий сайд Н.Алтанхуяг/-т чиглэл болгосугай. Үүнд:

Нэг.
 Дэлхийн шилдэг их сургуулийн зэрэглэлийн эхний 20-д багтсан сургуульд суралцагчид хүсэлтийг нь үндэслэн суралцаж буй мэргэжлийн чиглэлийг харгалзахгүйгээр санхүүжилт олгох.

Хоёр. Дэлхийн шилдэг их сургуулийн зэрэглэлийн 21-100-д багтсан сургуульд суралцагчид Монгол Улсын Засгийн газраас зарласан мэргэжлийн чиглэлийг харгалзан хүсэлтийг нь үндэслэн санхүүжилт олгох.

Гурав. Монгол Улсын Засгийн газар дэлхийн шилдэг их сургуулиудад суралцуулах мэргэжлийн чиглэлийг өмнөх оны эхний хагас жилд, суралцуулах хүний тоог тухайн оны 2 дугаар сард багтаан өөрийн цахим хуудас болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах.

Дөрөв. Монгол Улсын иргэдийг Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуульд суралцуулахад шаардагдах зардлыг улсын төсөвт жил бүр тусгаж байх.

Тав.
 Дэлхийн шилдэг их сургуулийн зэрэглэлийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Томсон Ройтерс байгууллагын тогтоосон зэрэглэлээр тооцох.


МОНГОЛ УЛСЫН                                             МОНГОЛ УЛСЫН
ЕРӨНХИЙЛӨГЧ                                                ЕРӨНХИЙ САЙД
            
 Ц.ЭЛБЭГДОРЖ                                                  Н.АЛТАНХУЯГ

Monday, May 20, 2013


Дэлхийн шилдэг их сургуулиудад суралцуулах тухай зарлиг гаргалаа
Эх сурвалж: news.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхийн шилдэг их сургуульд суралцах оюутан залуучуудыг дэмжих зорилгоор Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргалаа. Зарлигт Монгол Улсын иргэдийг Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах шалгуур нөхцөлийг дараах байдлаар тогтоож хэрэгжүүлэхийг Засгийн газар (Ерөнхий сайд Н.Алтанхуяг)-т чиглэл болгосон байна. Үүнд: 
  1. Дэлхийн шилдэг их сургуулийн зэрэглэлийн эхний 20-д багтсан сургуульд суралцагчид хүсэлтийг нь үндэслэн суралцаж буй мэргэжлийн чиглэлийг харгалзахгүйгээр санхүүжилт олгох,
  2. Дэлхийн шилдэг их сургуулийн зэрэглэлийн 21-100-д багтсан сургуульд суралцагчид Монгол Улсын Засгийн газраас зарласан мэргэжлийн чиглэлийг харгалзан хүсэлтийг нь үндэслэн санхүүжилт олгох,
  3. Монгол Улсын Засгийн газар дэлхийн шилдэг их сургуулиудад суралцуулах мэргэжлийн чиглэлийг өмнөх оны эхний хагас жилд, суралцуулах хүний тоог тухайн оны 2 дугаар сард багтаан өөрийн цахим хуудас болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах,
  4. Монгол Улсын иргэдийг Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуульд суралцуулахад шаардагдах зардлыг улсын төсөвт жил бүр тусгаж байх зэрэг заалтууд оржээ.
Ийнхүү манай оюутан залуус дэлхийн хамгийн сайн сургуулиудад суралцаж чанартай боловсрол эзэмших боломжтой боллоо.

Tuesday, May 7, 2013


Англи хэлний орчуулагч-сэтгүүлчийн 4-9 ангийн оюутан Б. Эгшиглэн Америкийн яруу найрагч Чарльз Буковскийн “Friends within the Darkness” шүлгийг орчуулснаа Орчуулгын клубын гишүүн оюутнууд хийгээд үе тэнгийнхэндээ толилуулж байна.
 
Америкийн яруу найрагч Чарльз Буковски (1920-1994) бол баян нийгмийн ядуу хэсгийнхний дуу хоолой болсон найрагч. Тэрээр Германд төрсөн Америкийн уран бүтээлч юм. Буковскийн уран бүтээлийн гол сэдэв бол түүний бүхий л амьдралаа өнгөрүүлсэн Нью-Йорк хотын аж амьдрал байх ажээ. Гаднаас нь харахад хачин гял цял энэ хотын хамгийн гүнд өл хоосноо шүлгээр дарж явдаг тэр мэт хүмүүс амьдардаг юм шүү, амьд бий шүү гэдгийг Буковский энгийн агаад задгай бичлэгтэй , бодит амьдралын харанхуй мухраас дуулсан бор агаад эрс тэс шүлгүүдээрээ тунхагласаар ирсэн юм.

Friends within the Darkness

by Charles Bukowski
I can remember starving in a
small room in a strange city
shades pulled down, listening to
classical music
I was young I was so young it hurt like a knife
inside
because there was no alternative except to hide as long
as possible--
not in self-pity but with dismay at my limited chance:
trying to connect.

the old composers -- Mozart, Bach, Beethoven,
Brahms were the only ones who spoke to me and
they were dead.
finally, starved and beaten, I had to go into
the streets to be interviewed for low-paying and
monotonous
jobs
by strange men behind desks
men without eyes men without faces
who would take away my hours
break them
piss on them.
now I work for the editors the readers the
critics
but still hang around and drink with

Mozart, Bach, Brahms and the
Bee
some buddies
some men
sometimes all we need to be able to continue alone
are the dead
rattling the walls
that close us in.

Харанхуйн найзууд
Танихгүй хотын жижигхэн өрөөнд
Хөшгөө буулгаад
Сонгодогуудыг сонсож асан
Хоосон өдрүүдээ дурснам.
Залуу ч байж,
Надаас ангид мэт орших
Гадаад ертөнцийг ойлгохыг хичээж
Өөрийгөө өрөвдсөндөө бус,
Харин гарцгүй боломжууд цөхрөл дагуулж
Удаан гэгч нуугдахаас аргагүй болгосон нь
Хутга дүрэх мэт өвдөлтийг санагдуулах
Тийм л залуу байж,
Хэдийнээ үхсэн
Моцарт, Бах, Бетховен, Брамс л
Хөөрхий намайг тоон ярилцана.
Өлсөж туйлдсан би эцэстээ
Өөдгүй жаахан хөлстэй,
Уйтгарт залхаг ажлуудаас хайхаар
Гудам руу гарахаас аргагүй болно.
Нүд ч үгүй, нүүр ч үгүй 
Хачин эрс ширээний ард суун
Цаг хугацааг минь барьж аваад
Хугалж нугачан
Дээрээс нь дэвслэдэг байлаа.
Харин одоо би
Хянагч, уншигч, шүүмжлэгчдийн таалалд нийцэхээр
ажилладаг.
Гэхдээ л
Моцарт, Бах, Брамс
Корсаков нөхөдтэйгөө
Цаг нөхцөөн
Хундага тулгадаг минь хэвээр
Цор ганцаар
Цааш амьдарсаар л байхын тулд
Гагц
одогсдын сүнснүүд
биднийг хашигч тэр л ханыг
чадлаараа нүдэхийг нь сонсохоос өөр арга үгүй.

Орчуулсан
IV-9 ангийн оюутан Б.Эгшиглэн. Хэрэв та бүхэнд энэ шүлэг болон орчуулга таалагдсан бол сэтгэгдлээ үлдээгээрэй.