Sunday, October 13, 2013


Орчуулах эрдэмд шамдан суралцаж байгаа оюутан, яруу найргийн орчуулга сонирхдог залуусдаа зориулан Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт орчуулагч, яруу найрагч Жамсрандоржийн Оюунцэцэгтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна. Энэ ярилцлагыг өнөөдрөөс нэг жилийн өмнө хийсэн юм. “Алтан түлхүүр буюу Буратиногийн адал явдал”, Санниковын газар, Чонын сүрэг гээд уран зохиолын шилдэг бүтээлүүд, дэлхийн сонгодог болон ази, Зүүн европын ард түмний үлгэрийн сан хөмрөгтэй түүний дуун хөрвүүлснээр танилцсан билээ. Сүүлийн үед АНУ-ын яруу найрагчдын бүтээлээс орчуулан мэдээллийн сайтуудаар дамжуулан бидэнд хүргэж байгаа. Эрхэм найрагч маань өдгөө АНУ-д амьдарч уран бүтээлээ туурвиж байна. Бид түүний орчуулгын бүтээлээс удахгүй та бүхэнд толилуулах болно.
 Лос Анжелест анх уулзаж таарснаас хойш нилээд удчихжээ. Ажил, амьдрал тавлаг, сайхан намаржиж байна уу?
Сайхан намаржиж байнаа. Сайхан гэдэг нь саяхан шүлгийн номоо гаргаад сэтгэл өндөр байна.  Орчуулсан шүлгүүдээ оруулаад нэг эмхэтгэж авлаа.Анх 2006 оны 11-р сард Лос Анжелест бууж байсныг бодвол одоо энэ оронд номоо хэвлүүлээд сууж байна гэдэг сайхан л байна.
Таны “Алган дээрх шувуу” шинэ ном гарсан дуулдлаа. Номоо бидэнд танилцуулна уу?
Урьд нь би Орост олон л ном хэвлүүлж явлаа. Харин энэ бол Америкт хэвлүүлж байгаа анхны минь ном юм даа. Энэ номондоо би өөрийн бичсэн хайртай шүлгүүдээ, дээр нь оросоос, англиас орчуулсан шүлгүүдээ оруулсан. Орчуулга, тэр тусмаа шүлгийн орчуулга бол маш нарийн, уран дархны ажил, тархины “уран нугаралт” юм даа. Иймээс би дурлаж хайрлаж орчуулсан шүлгүүдээ яг л өөрийнхөө шүлэг шиг энхрийлдэг. Оросын нэг яруу найрагч орчуулгын тухай нэг их сайхан хэлсэн байдаг.
Хүний сайхан сэтгэлийг энэ эрэгт авчрах гэж
Гүнээ их чармайна, надад итгэл хүлээлгэжээ.
Замдаа алдаж унагаах вий гэж агдан чичрэнэ.
Аминдаа амьд мэнд авчрах гэж мэрийнэ.
Амьсгаагаа хураан, аажуухан сэлэхдээ
Алгуурлаж чадахгүй, байдаг хүчээ шавхана.
Өөрийн минь амь нөгөө эрэг дээр
Өнчирч үлджээ, хөөрхий дөө...гэсэн байдаг юм.
Зарим хүн шүлгийг орчуулж болохгүй гэж үздэг. Би бол болно л гэж бодож байна. Эмч нар элэг зүрх шилжүүлж суулгаад байхад яагаад хүний сэтгэл зүрхний хөөрлийг, бодол санааг өөрийнхөө хэлэн дээр буулгаж болохгүй гэж? Болно шүү дээ. Учир нь, өөрийнхөө зүрхний цохилтыг түр зуур “зогсоож” байгаад тэр орчуулж байгаа зохиолч, яруу найрагчийнхаа зүрхний цохилтыг үнэн зөвөөр “сонсож” чадах л ёстой болов уу даа. За уучлаарай, би орчуулгын тал руу халтираад орчихлоо.
Тийм ээ орчуулга хийнэ гэдэг амаргүй ажил.  Тэр тусмаа өөр соёл, ёс, заншилтай ард түмний аман зохиол, үлгэр туулсийн уран санааг орчуулна гэдэг бүр ч амаргүй.  Ер нь дуун хөрвүүлэхийн дуулмаар сайхан нь, зугтмаар хэцүү нь юусан бол?
Ер нь хүн мэргэжлийг сургуулиар эзэмшдэггүй, амьдрал дээр л оролдож, мэдэж, дадаж чадаж, хийж сурдаг. Орчуулга бол бас л адилхан. Олон жил оролдож хөдөлмөрлөж байж сая нэг юм дөрөө олдог. Уран зохиолын орчуулга хийхэд 90 хувийн хөдөлмөр 10 хувийн авъяас хэрэгтэй гэж би боддог.  Яруу найргийн орчуулгад 90 хувийн авъяас, 10 хувийн хөдөлмөр орох байх даа.
Би Оросын “Радуга”хэвлэлийн газартай гэрээ хийж арван жил уран зохиолын ном орчуулахдаа л нэлээд юм сурсан. Манай ахмад сайн орчуулагч дүлий гэж өргөмжлөгдөж байсан ч хамгийн сонор соргог, авъяаслаг орчуулагч,”Декамерон”ыг монгол хэлнээ хөрвүүлсэн Д.Чойжил гуайгаас эхлээд Г.Амар, Шарав-Иш, Дээсээжалбуу гээд олон сайхан мэргэжилтэнгүүд тэр үед Орост очиж ажилладаг байсан юм. Тэд нараас их юм сурсан даа.
Дуун хөрвүүлэхийн дуулмаар сайхан нь номоо хэвлүүлчихээд “орчуулсан Ж.Оюунцэцэг” гээд унших ямар сайхан гээч. Энэ хоёрхон үгэнд ямар их хөдөлмөр, ямар их баяр баясгалан багтдаг гэж санана! Яг орчуулж байхад нэг үг олдохгүй, тохирох хэлц толгойд буухгүй, хоёр гурван өдөр холхих хэцүү цаг зөндөө л дөө. Гэхдээ энэ хэцүү гэдэг харьцангуй ойлголт. Хүүхдээ гаргасан эх хүн өвдсөнөө мартдаг шиг л нөгөө хэцүү байснаа мартчихдаг юм.
Зохиолч, найрагчийн онч, үлгэрийн баатруудын ойр тойрноо хүртэх мэдрэмж төсөөллөөр дамжуулж тухайн үндэстний сэтгэлгээний онцлог ялгаа, хүмүүний нийтлэг байдлыг харж болох уу?  Таны бодлыг сонсмоор байна.
Үлгэрийн баатрууд гэдэг чинь тэр чигээрээ л эгэл жирийн ард түмний үнэн нүүр царай шүү дээ. Үлгэрийг хүмүүс бие биедээ үлгэрлэх жишээ болгон хэлж ярьсаар байгаад яг л зүлгэж зүлгэчихсэн чулуу шиг өө сэвгүй болгочихсон, үг хэлний цэвэр алт байдаг. Тэгээд ч цаад зохиол нь хэчнээн сайн байна, нааш нь орчуулахад төчнөөн амар байдаг. Үлгэрийн баатрууд бол тэр ард түмнийхээ үндэсний онцлог шинжийг тэр чигээр нь шингээсэн “баатрууд” байдаг. Гэхдээ энэхэн дэлхий дээр амьдардаг хүн гэдэг амьтан өөр өөр үндэстэй, өөр өөр заншилтай ч гэсэн хоорондоо ямар их адилхан сэтгэдэг гэж санана! Сайн эрэх юм бол утга дүйх хэллэг, хэлц байтугай, яг үг үгээрээ таарах зүйр цэцэн үгс хүртэл олддог гээч.   Хэрвээ олдохгүй бол өөрөө зохиочихно шүү дээ. Би чинь ард түмний нэг хэлтэрхий юм чинь ардын аман зохиолд яагаад хувь нэмрээ оруулж болохгүй билээ.
Алс хол суугаа яруу найрагчийн хувьд, ээж хүний хувьд төрлөх нутгаа, монгол түмнийхээ ахуй байдлыг хэрхэн мэдэрч сууна даа?
Алсад суугаа яруу найрагч ч бай, оёдолчин ч бай, ээж ч бай, эмээ ч бай, хүү ч бай, яг адилхан эх орноо алсаас хайрлаж сурдаг юм.  Ер нь тэгээд бие сэтгэл Монголынхоо төлөө бол гэрт гадаагийн ялгаа ерөөсөө байхгүй!  Монголын минь ахуй байдал одоо маш хүнд байна. Эрх чөлөө, ардчилалыг зарим хүмүүс эмх замбараагүй дураараа дургихтай холиод байгаа нь ард олныг сөхрүүлж байна.
Уран бүтээлийн “онгод” гээч мэдрэмж бий. Та онгодоо хүлээдэг үү.  Хамгийн их “хайсан” шүлгийн мөртөө хэлээч гэвэл..?
Онгод гэдэг сайхан мэдрэмжийг ээж, аав минь юмуу, эмээ минь юмуу, эсвэл сургуулийн багш нарын минь хэн нэг нь хэзээ ч юм сайхан үгээрээ сэрээж “сэдрээсэнд” би бурханд баярлаж явдаг юм.
Би тийм их онгодтой сайн найрагч биш л дээ. Харин шүлэг орчуулж чадаад байгаадаа баярлаад, орчуулагч дээрээ яруу найрагч гэдэг үг нэмдэг юм. Тэгээд би өөрийгөө “орчуулагч-яруу найрагч” гэж тоогоод байгаа юм. Шинэ нэр томъёо зохиочихоод л.  Онгодоо хүлээдэг найрагч гэж байхгүй. Онгодтой сайн найрагчид нэг мэдэхэд л шүлгээ биччихсэн байдаг байх.  Би бол их сайхан шүлэг зохиол уншихаар юмуу нэлээн олон хуудас юм орчуулахаар халж ирдэг л дээ.
... Хайрах цасны ширхэг болгонд чамайг санаж
Хаврын сар гартал хүнд хүрэмтэй явлаа.
Харих цагийн мөч цагаан хяруу болж
Харзын хар гэзгэнд минь сэтгэлийн өнгө нэмлээ.
Шуугих салхи дэгдэх бүрд чамайг хүлээж
Шуурганд хөөгдсөн мэт орох газраа мэдэхгүй явлаа.
Хэлээгүй яриагүй бүхэн минь гандсан навч болж
Хээрийн гал шиг нүдэнд минь ухаарлын хээ тавилаа...  гэж шүлгийн мөрөөсөө хэлэх дуртай.
Үр ачийнхаа, эх орныхоо ирээдүйн тухай бодлоосоо хуваалцана уу?
Би гурван охинтой хүн. Гурван охин маань нэг нэг хүүхэдтэй гэхээр, би гурван зээтэй. Нэг хүн хоёр болж, хоёр хүн тав болж, таван хүн арван нэг болжээ дээ. Яг энүүн шиг л эх орны минь хөгжил ингэж үржиж цэцэглээсэй л гэж бодож байна.
Миний эх орны ирээдүй ирээдүйн иргэдийн толгой тархинаас хамаарах учраас би нэг ч гэсэн аятайхан, тун хэрэгтэй, тун сонирхолтой, тун сургамжтай сайхан зохиол орчуулчих юмсан л гэж бодож сууна. Энэ л миний эх орондоо хүргэх тус минь шүү дээ.
Зохиолчид, уран бүтээлчдээ сургадаг, харилцан суралцдаг Багшийн дээдийн, Их сургуулийн, Ажилчны районы, Гал, Тулга гэх мэт уран бүтээлийн нэгдэлүүд байсан гэдэг. Зохиолч бүтээлчдээ сургаж мэргэшүүлдэг тэр арга барил одоо хэвээр болов уу?
Одоо ямрыг би сайн мэдэхгүй байна. Бидний үед нэгдэл дугуйлан зөндөө байсаан. Шүлэг зохиол сонирхдог залуучууд чинь тэр дугуйлантай дугуйлангүй хэзээний л өөрсдөө нэгдчихсэн, хэлхэлдчихсэн, уулзчихсан явдаг улс шүү дээ. Миний үед, манай Их сургуулийн дугуйлан гэхэд л талийгч З.Түмэнжаргалаас эхлээд Ц.Ойдовоор дуусталаа дандаа л “аварга загаснууд” шүү дээ.  Багшийн дээдийн Ү.Хүрэлбаатар, Г.Мэнд-Ооёо, Я.Баатар, Анагаахын дээдийн Л.Мягмарсүрэн, Д.Цогт гээд жавхалзсан сайхан залуучууд. Одоо ч жавхалзаад л явцгааж байна. Би нөхдөөрөө бахархаж тэднийхээ дэмжлэг туслалцааг үргэлж хүртэж явдаг хүн дээ.
“Гал” нэгдэлийн тухай нэг сайхан дурсамж уншиж байсан юм. Та бол үүсгэн байгууллагчдын нэг.  Танайхан Монголын уран зохиолын хоймор суудлыг хэдийнэ эзэлсэн мундагчуул. Уран бүтээлийн нөхдийнхөө, үеийнхийхээ тухай хуучилна уу.
Би яг тэр “Гал” нэгдлийг байгуулахад байгаагүй юм. Манай найз нар байгуулаад, нөгөө муу Оюунаагаа марталгүй нэрсийн жагсаалтандаа оруулаад хамруулаад явсан юм. Надад бол хэлсэн л дээ.
Оюутан ахуйгаасаа үргэлж л хамт явцгаасан болохоор тэд нар маань ганц эмэгтэйгээ дундаа хийгээд л явцгаадаг юм. Манай Ү.Хүрэлбаатар чинь  “Улаанбаатар”сониныг байгуулахдаа намайг авч ажиллуулаад л, Москва дахь “Улаанбаатар”сонины сурвалжлагчаар томилоод л, надад их итгэл хүлээлгэж, урам хайрлаж,дэмжиж тусалж явсан даа. Найз нарынхаа ач тусыг мартахын аргагүй дээ.
Суугуул нутгийнхаа яруу найрагчидтай анд нөхдийн харилцаатай болж байна уу?
Үгүй ээ, одоохондоо эндхийн яруу найрагчидтай харилцаа тогтоож чадаагүй л байна. Америкийн яруу найргийг уншиж, сонирхон судалсаар байна. Монгол яруу найргаас тэс өөр, үйл явдлаар санаагаа гаргадаг юм шиг надад санагдсан.
Сурахад насны хязгаар байдаггүй юм чинь цааш суралцаад л, судлаад л, орчуулаад л байх болно доо. Тэгж байтал эндхийн зохиолч найрагчидтай танилцах нэг сайхан нартай өдөр ирнэ л гэж найдаж байна.
Одоо яг ямар уран бүтээл дээрээ ажиллаж байна?
Би 2009 онд Английн нэрт зохиолч Р.Р.Толкины “Хоббит”- ыг орчуулсан юм. Улаанбаатарт “Сэлэнгэ пресс” хэвлэлийн газар хэвлүүлсэн л дээ.  Одоо үүнийгээ дахин нэг сайн хянаж, дахин нэг сайхан найруулаад, дотор нь байгаа шүлгүүдийг англитай нь хадмал орчуулга хийгээд дахин энд хэвлүүлэх санаатай байна.
Дэлхийн сонгодог үлгэр тууж болохоор хэзээ ч хуучрахгүй бөгөөд, би орчуулгаа тун сайн болгохгүй бол болохгүй. Тэр том зохиолчийн номыг хүндлэх хэрэгтэй. Би ер нь орчуулсан номуудаа эргэж засаад л хэдэн жилийн дараа ч гэсэн сайжруулаад л байх санаатай.
2010 онд “Санниковын газар”, “Гарины үхлийн туяа” зэрэг арваад жилийн өмнө орчуулсан номуудаа дахин засаж найруулаад монголдоо гаргасан. Арван номын баяр хийгээд   зохиолчдынхоо эвлэлийн шагналыг аваад ирсэн. Түүнээс хойш урам зориг ороод үргэлж л нэг юм хийчих юмсан гээд л мэтийж сууна.  Мөн өөрөө өгүүллэг бичих санаатай оролдож байна. Ийм л сонинтой шив дээ.
Эх сурвалж: www.dayarmongol.com

1 comment:

  1. сонирхолтой мэдээлэл байна. Өөр олон гоё мэдээлэл оруулж байгаарай.

    ReplyDelete