Эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг чинь хулгана сан бил үү?
Индианагийн Их Сургуульд байхдаа миний бие зохиолч анд Г.
Аюурзана, Л. Өлзийтөгс нараа хүлээн авч, сургуулиа танилцуулсан юм.Ингэж
явахдаа нэрт монголч эрдэмтэн Хар Дорж (Кара Дъердъ) багштай уулзуулав.Манай
хоёр багштай танилцан хууч хөөрч байтал Хар Дорж багш нас жилийг нь сонирхон
асуув. Өлзий “Эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг эрүү цагаан хулгана миний жил юм
аа” гэхэд Хар Дорж багш “Ингэхэд хулганыг яагаад монголчууд эрдэнийн зүйлээр
бөөлжөөд байдаг гэж боддогийг та нар мэдэх үү” гэж асууж байна. Тэгээд цааш нь
“уг нь эрдэнийн зүйлээр бөөлждөг амьтан бол мангуст байгаа юм. Бурхадын гар
дээр байдаг эрдэнээр гулгигч амьтан бол хулгана биш л дээ. Монголд мангуст
байхгүй болохоор хүмүүс хулгана гэж ойлгосон хэрэг” гэж билээ.
Эрдэнээр гулгигч хулгана, (биш ээ) мангуст ямар ямар Бурханы хөрөг
дээр байдаг вэ?
Нэгэнт л амнаасаа их үнэт эрдэнийг урсгаж буй учраас голчлон эд
баялаг, өв хөрөнгийг арвидуулагч Бурхад гартаа мангуст барьсан байдаг ажээ.
Тухайлбал Баян Намсрай бурханыг Буддын тайлбар номд ийн дүрсэлж: “Хоёр мутартай,
баруун мутартаа эрдэнийн жанцан барьсан, зүүндээ эрдэнээр бөөлжигч хулгана
барьсан. Хэвтэж байгаа арслангийн дээр хагас завилан суусан, амнаас нь эрдэнийн
хур бууж элдэв зовлонг арилгахыг бэлгэдсэн.Эргэн тойронд нь эд агуурсын санг
хариуцсан түшмэл оршино. Хүмүүст эд хөрөнгө баялгийг авчрагч бурхан”
Баян Намсрай бурханы хувилбар хэмээгддэг Жамбал бурхан нь
ногоон, цагаан, шар, улаан, хар таван өнгийн дүртэй бөгөөд ихэнхийг нь,
ялангуяа Ногоон Жамбалыг ямагт мангуст барьснаар зурдаг.
Архадын дотроос Бакула байнга мангуст барьснаар дүрслэгдсэн
байдаг. 16 архадын дээхэн үеийн, Жагар, Төвд зүгийн хөрөг зургийг харахад
ганцхан Бакула мангуст барьсан байдаг билээ.
Гэтэл Монголд бүтээсэн Бакула голлосон нэг танка хөрөгт бүх
архадыг эрдэнээр бөөлжигч хулгана (уг нь бол мангуст) барьснаар үзүүлсэн нь нэн
сонирхолтой юм. Уг танканы талаар Л. Хүрэлбаатар багш ийн бичиж: “...Бакүла
Ринбүүчийг Өндер Гэгээний маягтай, халзан, төв сайхан, дугуй цагаан дүртэй,
дээд уруулдаа хоёр живэртэй, доод уруулдаа оочтой, жагар тевд лам нарын адил
номт дээл чойго намжиргүй, монгол тойруулган захтай хувчид баринтагтай, суудал
түшлэгтэй, очир завиллаар бүтээжээ. Зүүн мутарт нь эрдэнээр беелжиж байгаа ам
цагаан хулганыг зүүн тийш харуулан бариулж, баруун мутраар нуруун дээрээс нь барьснаар
бүтээгээд, бусад арван тавд нь мөн адил тийм хулганыг баруун зүүн тийш нь
харуулан бариулжээ…
Мангуст яагаад эрдэнээр
бөөлждөг вэ?
Тэгэхээр эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг амьтан нь хулгана биш
мангуст болох нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл шинжлэх ухааны нэршлээр
бол мус биш херпестидайе Бурхадын хөрөгт заларч, эрдэнээр гулгин, эд баялгийг
бэлгэддэг ажээ. Харин одоо мангустыг яагаад тийнхүү эд баялгийн бэлгэдэл
болсныг сонирхъё. Мангуст дэлхий дахинд могойг дийлдгээрээ алдартай. Бүр
ганц хатгалтаараа зааныг хүртэл үхүүлж чаддаг өнөөх айхтар наж могойг хүртэл
өчүүхэн хөөрхөн мангуст арга ухаанаараа дийлж орхидог. Энэтхэг болон Төв Азийн
олон улсад наж могойг эрдэнэсийн санг хамгаалагч хэмээн үздэг ажээ. Эрдэнэсийг
хамгаалагч тэр дийлдэшгүй амьтныг нь дийлнэ гэхээр бүр шүтэгдэх нь
ойлгомжтой.Тийм ч учраас мангустын арьсаар мөнгө санга, нандин эрдэнийхээ уут
савыг хийх уламжлал дэлгэрчээ.Ингэхдээ арьсыг нь бүтнээр өвчиж, мангустын амыг
уутныхаа ам болгон тааруулна. Чухам үүний учраас айл гэрийн хамгийн үнэт
эрдэнэс мангустын амаар орж гардаг болжээ. Төв Азид мангустыг эрдэнийн
зүйлээр бөөлждөг гэсэн домог, ойлголт эндээс эхтэй юм.
Энэтхэг үлгэрийн мангуст Монгол
утга зохиолд хулгана болсон нь
Энэтхэгийн эртний үлгэрүүд, ялангуяа Панчатантра хэмээх “Таван
шаштир”-ын үлгэр өгүүлэмжүүд Монгол нутагт нэн эрт идээшсэн байдаг.Ингэхдээ
зарим нь шууд орчуулга хэлбэрээр түгсэн бол, зарим нь ам дамжин яригдсаар ихэд
монголжсон байдалтай байна.Нэгэнт манайд мангуст байхгүй тул Энэтхэг үлгэр дэх
мангустыг хулгана хэмээн монголчилж заншжээ.Тухайлбал хүүхдийг нь могойноос
хамгаалж тэмцсээр арайхийн дийлж амандаа цустайгаар угтан очсон мангустыг алж
орхидог эхнэрийн үлгэр Монголд идээшихдээ хулгана болсон байдаг.
Мангустыг хэрхэн орчуулбаас
зохистой вэ?
Мангустыг самгардиар накула, төвдөөр нэ-үлэ хэмээнэ.Төвдөөр мөн
өмнө нь “эрдэнэ” хэмээх үг нэмж, “дэр-ги нэү” (gter-gyi ne’u-le) ч хэлж бичдэг
ёс буй.Англид монгүүз, орос хэлээр мангуст гэдэг нь марати хэлнээс сунжруулан
авсан хэлбэр аж.Монголд харин Ридьяард Киплингийн зохиолоор ихэд алдаршсан
амьтан, тус зохиолыг орчуулахдаа орос хэлээр нь мангуст хэмээн буулгасан тул
өдгөө олны дунд орос нэршил нь нэгэнт тогтжээ.
Харин одоо бид эртний монгол мэргэд мангустыг хулганаас хэрхэн
ялгаж байсан нэр томьёог шүүрдэн үзэж, сэргээн хэрэглэх боломжтой юм.Өмнө
Бурхадын хөрөг дээрх мангустыг эрдэнээр бөөлжиж байгааг харсан ард олон хулгана
хэмээн ойлгосон тухай өгүүлсэн, харин эрдэмтэн мэргэд нь өөр амьтан болохыг нь
мэдэж байсан тул ялган хөрвүүлэхээр бас чиг оролдож байжээ.Ихэнх тохиолдолд
“эрдэнээр бөөлжигч хулгана” хэмээсэн боловч нэр томьёоны шинжтэй орчуулгууд бас
таарна.
Намсрай бурханы нэгэн тайлбар дээр “Зүүн гартаа үхэр хулгана
барьсан” гэсэн нь маш сонирхолтой юм.Монголчууд аливаа амьтан хийгээд юмын том
багыг ялган, нэршил тогтоохдоо бод, бог малыг нэрлэх үгийг угтуулан залгах нь
түгээмэл.Хонин гүрвэл, ямаан арц гэх мэт бог малаар тодотгуулсан нь жижгэвтэр
амьтан ургамлын нэр болсон бол морин шоргоолж, үхэр чулуу, тэмээн хяруул зэрэг
нь биеэр өөрийн төрлийн бусад амьтан, юмсаас хавьгүй том болохыг зааж байна.
Буддын сударт мангустыг “үхэр хулгана” хэмээсэн нь чухам энэхүү уламжлалт
аргаар шинэ үг зохиох, ялгах гэсэн оролдлого ажээ.
Академич Ц. Дамдинсүрэн авгай “Монголын уран зохиолын тойм”
бүтээлийн 2-р ботийн “Панчатантрагаас авсан монгол өгүүллэгийн цоморлигууд”
бүлгийг бичсэн юм. Уг бүлэгтээ Да багш “Рашааны дусал”-ын төвд тайлбар болох
“Салби донмэй” буюу “Тодорхой зул” хэмээх сударт байгаа нэгэн үлгэрийг төвдөөр
нь галиглан бичээд, монголоор орчуулан тавьжээ. Ингэхдээ төвд галигт нэ-үлэ гэж
буй мөнөөх мангустыг “эрдэнэ хулгана” хэмээн орчуулсан нь маш сонирхолтой
байна.
Жиргээний нэгэн анд маань байгаль судлаачийн мэргэжилтэй
юм.Түүнээс мангустыг манай амьтан судлалынхан хэрхэн нэрийдэж буйг асууваас
“хадны дорго” гэж байна. Энэ бүхнээс ургуулан бодож, өөрийн саналыг өгүүлбээс
Киплингийн зохиолын орчуулгаас болж мангуст нэрээрээ алдаршсан, Бурхад, Архадын
хөрөгт бол бол эрдэнээр бөөлждөгөөрөө монголчуудын танил болсон энэ амьтныг
“эрдэнэ хулгана” гэсэн нэр томьёогоор оноон хэвшвэл ямар вэ? Намсрай бурханы
тайлбар дахь “үхэр хулгана” хэмээх үгийг ч бас алдаж болохгүй.Тиймээс “үхэр
хулгана”-ыг бие том, Монгол хэлнээ гадаадаар нь нэрлэсээр буй өөр нэг мэрэгчийн
нэршил болгон ашиглаж болох юм.Хэлний маань боломж бол агуу билээ.
Арьсаа хөхрүүлсэн давжаа чонын
үлгэр
Зөвхөн эрдэнэ хулгана бус, ер нь л манайд байхгүй бусад амьтны
тухай үлгэр өгүүлэмж Монголд нутагшихдаа ард олны мэддэг, илүү дотно, өөр
амьтан болсон байдаг.Ийм нэг амьтан бол шакал хэмээх нэгэн төрлийн чоно юм.Амьтан
судлаачид маань уг чоныг “давжаа чоно” хэмээн нэрийддэг юм байна.Орос хэлээр
“шакал”, англиар “jackall” гэдгийн аль аль нь түрэг хэлнээс авсан хэлбэр аж.
Панчатантра-д энэхүү адтай, сэргэлэн, зальтай шакал буюу давжаа
чонын тухай үлгэр нэн олон.Тэдгээрийн нэгд, ойд амьдардаг нэгэн давжаа чоно
өлсөхийн эрхэнд тосгонд орж ирээд, байшингаа будаад орхисон будаг дотор
санамсаргүй унан, хөх өнгөтэй болсон тухай өгүүлнэ.Ингээд хөх өнгөтэй болсон
давжаа чоныг ойдоо эргэн ирэхэд амьтад айн сүрдэж, үүнийг нь ч шакал сайхан
ашиглаж, араатан гөрөөсний хаан болдог юм.Тэгээд баригдахгүй гэж бусад бүх
давжаа чоноо ойгоос хөөн гаргаад, арслан, бар, чоно гурвыг сайд, түшмэлээрээ
өргөмжилнө.Өнөө гурван махчин нь ойн амьтдыг барьж, хаандаа авчрах ба хаан нь
өөрийн хувийг аваад үлдсэнийг нь түшмэддээ хуваарилах болжээ.Ингээд ой
сүйрдгийн даваан дээр нэг удаа араатны хаан болсон шакал маань хурилдай үйлдэж
байтал бусад давжаа чононууд нь улилдаж гэнэ.Үүнийг сонсоод сэтгэл нь эрхгүй
хөдлөн, төрөлх хоолойгоороо даган ульсанд бүх амьтад давжаа чоно байна гэж сая
таниад алж орхижээ.
http://panchatantra.org/the-loss-of-friends/the-story-of-the-blue-jackal-1.html
Энэ мэт шакал буюу давжаа чонон бүхий үлгэрүүд Монгол нутагт
идээшихдээ бүгд “үнэг” болсон нь сонирхолтой байна. Жишээлбэл дээр дурдсан
Панчатантрагийн үлгэрийг жишээ болгон сургамжилсан Монгол зохиолууд, тухайлбал
“Рашааны дусал”-д
Үнэхээр тийм муу хүнийг дотнолон нэн бүү итгэ
Өндөр их нэр зэргийг өгч дэмий бүү ихэтгэ
Өндөр суудлыг олбоос дэмий ноёрхон олноо хорлох
Үлгэрлэвээс арьсаа хөхрүүлэн ҮНЭГ мэт.
гэсэн бол “Субашид”-д
Эргүү тэнэг хүнд их хэргийг даалгаваас
Эс мэдэж хэргийг буруу үйлдээд өөрөө бүрэльюү
Эрт цагт нэг үнэгийг олон гөрөөс хаан болгон өргөснөөр
Эгнэгт нөхдөө зовоогоод өөрөө алагдсан ҮНЭГ мэт… гэжээ.
“Оюун түлхүүр”-т байдаг
Үнэгний гэмийг хэлээд
Үнэгэнд хэлэгдэв гэх хэмээх хоёр мөр нь Рашааны дуслын
Учиргүй бусдын гэмийг өгүүлэн бүү үйлд
Урьд авсаар бусдын гэмийг хэлбээс л
Удалгүй гэдрэг өөрөө хэлэгдэх болох нь
Ухамсаргүй эхнэр үнэгэнд хэлэгдсэн мэт… гэдэгтэй адил түүхийг өгүүлж байгаа
бөгөөд уг эхийг нь хөөж үзвэл нөхрөө хуурч, баян эртэй гэрлэх гэсэн нэгэн эхнэр
өөрийн гэмийг үл мэдэн, шувуу загас хоёрын аль алиныг барих гээд хоёуланг нь
алдсан давжаа чоныг дооглоод өөрөө гэдрэг хэлэгдсэн үлгэр мөн байна.Өөрөөр
хэлбэл угтаа үнэг биш шакал юм.
Энэ бүхнээс үзвэл Энэтхэгийн уран зохиол дахь давжаа чоно буюу
Энэтхэг, Төв Азид тархсан төрөл нь болох Canis aureus нь Эртний Монгол нутагт
идээшихдээ Vulpes vulpes хэмээх үнэг болон хувирсан ажээ.
Эвтэй дөрвөн амьтны ахмад нь
тагтаа сан бил үү?
Энэ мэтээр цааш нь хөөгөөд байвал та бидний уншиж, төсөөлж
заншсан олон амьтан орчуулгын явцад уг эхээсээ гажиж, олон нийтийн сайн танил
өөр амьтан болсон байх нь сонирхолтой, үргэлжлүүлэн судлууштай аж.Яг одоо
жишээлбэл, миний өмнө Бээжингийн Үндэстний Номын Санд хадгалагдаж буй Монгол
Ганжуурын хоёр хуудасны хэвлэмэл хувь байна.Энэ хоёр хуудаст зохилдон
нөхөрлөсөн дөрвөн амьтны тухай үлгэр бичигджээ.Заан, сармагчин, туулай, тагтаа
дөрвийн тухай энэ үлгэрийг манайхан Тумбааши нэрээр нь ч сайн мэддэг, бараг л
Монгол ардын үлгэр шиг болсон зохиол юм.Харин сонирхолтой Монгол Ганжуурт эвтэй
дөрвийн ахмад нь “ятуу” шувуу болохыг тодорхойёо өгүүлсэн байна.
Ятуу чухам хэзээ тагтаа болсон, хамгийн анхны тагтаа бүхий
хувилбар нь хэддүгээр зууных болох, ингэж хувьссан нь харьцангуй хожуу үеийнх
эсэх, өөрөөр хэлбэл тагтааг энхийн бэлгэдэл хэмээх бүр сүүлийн үеийн үзэл онол
нөлөөлсөн эсэхийг цаашид лавлавал сонирхолтой дүр зураг гарч мэднэ.
Дүгнэн өгүүлэхэд
Аливаа үлгэр сургаалыг монгол хэлнээ буулгахдаа өвөг дээдэс
маань ийнхүү махчлахаасаа илүү дүйцүүлэн, утгачилж, ард олныхоо зүрх сэтгэлд
гүнзгий тусах талыг нь илүүтэй бодолцдог байжээ.Орчин цагийн залуус бид тэр
уламжлалыг нь даган хөгжүүлэхийн зэрэгцээ уг эхийг нь ч бас судлан мэддэг, учир
шалтгааныг нь тодорхойлдог байвал зохистой.
Нөгөө талаас ан амьтдыг хэрхэн нэрлэж байсан уламжлалыг сайн
шүүрдвээс сонин содон нэр томьёо олох, ашиглах боломж их буй мэт. Мангустыг
жишээ нь бид өнөөг хүртэл орос үгээр нэрлэж заншсан, гэтэл “үхэр хулгана”,
“эрдэнэ хулгана” гэх мэт үг өвөг дээдэс маань зохион нэрлэдэг байсан
ажээ.
“Субашид”, “Рашааны дусал” зэрэг эртний уран зохиолыг зааж буй
монгол хэл, уран зохиолын багш, Амьтан судлалынхаа багштай хамтран энэ мэт
хичээлийг интеграц хэмээх онолд зохицуулан нэг цогц хичээл болгон заавал хичээл
ч сонирхолтой, үр өгөөжтэй болж, оюутан сурагчдын мэдлэгт ч ихээхэн нэмэр болох
болов уу.
No comments:
Post a Comment