Эх
сурвалж: www.dayarmongol.com
Хүмүүн
гээчийг бусад амьтнаас ялгах гол зүйл нь үг хэл билээ. Тийм ч учраас үгийг
хамгийн хүчтэй зэвсэг хэмээн тодорхойлох нь элбэг. Зарим үгийг хүндэтгэн
цээрлэдэг байхад зарим үгийг сонсоход л жихүүцмээр тул хэлэхийг нь хориглоно.
Гэтэл бас зарим үг энгийн атлаа “дулаахан”, хэлсэн сонссон хэн бүхэнд эерэг
зөөлөн сэтгэгдэл төрүүлдэг аж. Тийм ч учраас дэлхийн ихэнх хэлтнүүд “хамгийн
сайхан үг”-ээ янз бүрээр шалгаруулсан байдаг юм байна. Санал асуулгад
оролцогчид нь хэн байхаас шалтгаалаад өөр өөр үг түрүүлж, үзүүрлэдэг ажээ.
Жишээ татъя.
“Бритиш
Консул” хэмээх байгууллага 70 жилийнхээ ойд зориулан англи хэлний багш нар
болон дэлхийн 46 улсад англи хэл сурч буй оюутнуудын дунд тус хэлний хамгийн
сайхан 70 үгийг шалгаруулах асуулга явуулж. Тэгтэл “mother” буюу “эх, ээж”
хэмээх үг шалгарсан байна. Сонирхолтой нь “ээж” түрүүлээд байхад “аав” бол
эхний 70-д ч багтаагүй аж. Мөнөөх 70-аас шилдэг 10 үгийг нь жагсаавал:
1.Mother
2.Passion
3.Smile
4.Love
5.Eternity
6.Fantastic
7.Destiny
8.Freedom
9.Liberty
10.Tranquillity
Бас
дэлхийн бүх хэлнээс “шилдэг үг”-ийг нь шалгаруулах гэсэн оролдлого ч цөөнгүй
гараад буй. Жишээлбэл Германы “Соёлын солилцоо” хэмээх сэтгүүлээс улс, ард
түмнүүдийн харилцаа холбоог бататгах, нэгнийхээ соёлыг дээдлэн хүндэтгэдэг
болох зорилгоор тийм нэгэн асуулгыг зарлан, дэлхийн 60 улсын оролцогчдоос нийт
2500 “сайхан үг” цуглуулжээ. Ингээд уралдаанаа хэд хэдэн шаттайгаар өрнүүлсээр,
эцэст нь түрэг хэлний “якамоз” гэж үг дэлхийн хамгийн сайхан үгээр шалгарч
байлаа. “Сарны гэрэл усны толион дээр тусах”-ыг хэлдэг жинхэнэ нэр юм байна.
Манайхаар бол “мяралзах, толиотох, бидэртэх” хавьцаа, гэхдээ ялгаа нь нэр үг.
Харин
монгол хэлний хувьд ингэж шалгаруулж байсангүй. Тиймээс Нүүр номын “Зугаатай
хэл шинжлэл” бүлгэмийн зохицуулагчид санаачлан, бүлгэмийнхээ гишүүдийн дунд
“Монгол хэлний хамгийн сайхан үгийг тодорхойлох санал асуулга”-ыг явууллаа.
Үнэндээ бол зөвхөн бүлгэмийн гишүүд оролцсон гэвэл бас өрөөсгөл болно. Учир нь маш
олон хүн Нүүр номдоо асуулгыг хуваалцан цааш нь тараасан, тэр бүгдэд дурдагдсан
саналуудыг ч бид бас тооцсон билээ.
Хар
ярианы хэлэнд “гоё үг” гэж их хэлдэг. Гэхдээ “гоё” гэхээр илүүтэй авианы бүтэц,
хэлэхэд таатай зэргийг ойлгох тул “сайхан” хэмээх үгийг сонгосон юм. Тэгвэл
утгыг нь илүүтэй анхаарна хэмээн бодсоных. Санал авах бичил дүрэм гэж гаргасан,
үүнд жишээ нь оноосон нэрийг авахгүй гэж тохирсон юм. Учир нь оноосон нэр нь
нэгж ухагдахууныг илтгэдэг, гагцхүү тэрхүү оноон зааж буй хувь хүн, хот, улсын
нэрийг л илэрхийлэх тул хязгаарлагдмал утгатай болох юм. Нэгэнт оноосон нэрийг
оруулахгүй гэсэн дүрэмтэйгээс хойш та бидний хамгийн дуртай, эрхэм үг болох
Монгол, Чингис хоёр маань жагсаалтад орохгүй болж байна.
Ингээд
санал асуулгынхаа үр дүнг та бүхэндээ толилуулахад бэлэн болов.
Нийт 290
хүн оролцон, саналаа өгч, 929 үг ирснээс тооцоход дунджаар нэг оролцогч гурван
үг өргөн барьсан байна. Эдгээр 929 үгийг давхардуулалгүйгээр тоолоход 403 үг
болов. Энэхүү нийтлэлд эхний 25 үгийг танилцуулна, харин бүрэн жагсаалтыг
“Зугаатай хэл шинжлэл” бүлгэмийн файлын санд байрлуулна, сайхан үгийн эрэлд
гарсан, үр хүүхдэдээ нэр хайсан хүмүүст бас хэрэгтэй баримт болж болох л юм.
Тухайн
хэлтэн, олон нийтийн ямар үгийг сайхан гэж боддогоос ард түмний сэтгэхүй,
үнэлэмжийг тольдох боломжтой мэт. Тухайлбал өмнө дурдсан англи хэлтний санал
асуулгад эрх чөлөөг илэрхийлэх Freedom, Liberty гэж хоёр үг хоёул эхний аравт
багтсан нь барууныхны амьдрал байдлаа хэрхэн үнэлдэг, юуг чухалд тооцдогийг
харуулж байна. Тэдний хувьд “ээж” гэсэн үг нэгт орсон атлаа гэр бүлийн бусад
гишүүнийг илэрхийлэх нэг ч үг эхний 70-д багтаагүй билээ. Гэтэл монгол хэлтэн
бидний хувьд “Ээж” түрүүлсэн нь адил боловч “аав” 3, “гэр бүл” 5, “үр хүүхэд”
10, “хань” 14, “эх” 16, “гэргий” 20-д орсон нь хэчнээн элгэмсүү, хувь хүний эрх
чөлөө, өөрийн орон зайнаас илүү гэр бүлээ түрүүнд тавьдаг нь харагдаж байна.
Мөн “эх орон” 6, “нутаг” 8-р байранд орсон нь ч нэгийг хэлнэ.
Ингээд
цаашид дүгнэх эрхийг уншигч танд олгоод эхний 25 үгээ танилцуулъя.
1. ээж, ижий
2. хайр
3. аав
4.
тэнгэр
5. гэр
бүл
6. эх
орон
7.
дэлхий
8. нутаг
9.
сайхан
10.
бүүвэй
11. үр
хүүхэд
12.
замбуулин, замбуутив
13.
огторгуй
14. хань
15.
аялгуу
16. эх
17.
ариун
18.
гэгээ
19.
гэгээн
20.
гэргий
21.
итгэл
22.
сэтгэл
23.
үзэсгэлэнтэй
24.
ялгуун
25.
миний…
No comments:
Post a Comment