Tuesday, April 23, 2013

“ҮЛИСС”-ЭЭР ХАЧИРЛАСАН ГЭНЭТИЙН БЭЛЭГТЭЙ УУЛЗАЛТ



"Хэрвээ та бүхэн өдөр бүр номын нэг хуудсыг орчуулбал нэг жилийн дараа гэхэд 365 хуудас бүхий номтой болно шүү дээ" хэмээн Монголын Орчуулагчдын Эвлэлийн Ерөнхийлөгч О.Чинбаяр ХИС-ийн оюутнуудад зөвлөж байна.




Далай ламын бүтээлүүдийг монгол хэлнээ хөрвүүлж олонд танигдсан тэрбээр 4-р сарын 19-нд Орчуулгын клубын урилгаар ХИС-д зочилж оюутнуудтай уулзаж ярилцсан юм. Англи, франц, герман, орос, хятад, япон, солонгос хэлний ангийн оюутнууд оролцсон уг уулзалт утга зохиолын орчуулагчийн замнал, үгээр урлах үйл хэрэг, орчуулгын нөр их хөдөлмөр, тэвчээрийн тухай халуун дотно яриагаар дүүрэн байлаа. Тухайлбал, О. Чинбаяр орчин үеийн уран зохиолын суут бүтээлд тооцогддог Ж. Жойсын  “Үлисс”-ийг хэрхэн орчуулсан тухайгаа хуучилсан нь оюутнуудын сонирхлыг ихэд татлаа.  Хоёр жилийн турш өдөрт 8-10 цаг  тасралтгүй орчуулж, уулзах хүн, үзэх телевизээ орхин,  орсон гарсан нэгэнтэй зөвхөн “Үлисс”-ийг хуучилж, гадаад ертөнцөөс өөрийгөө тусгаарлаж энэхүү амаргүй зохиолын ард гарсан нь утга зохиолын орчуулагч мэргэжлийнхээ ид хавыг үзсэн хэрэг байсан гэнэ.
Түүнчлэн, оюутнууд орчуулах арга ажиллагаа, туршлагын нь тухай сонирхсон асуултууддаа хариулт авч, арга зөвлөмжийг нь сонслоо.  Түүний орчуулсан “Үлисс”, Ф. Кафкагийн “Шүүх”, Далай ламын шилмэл бүтээлүүд, Оскар Уайлдын “Дориан Грейний хөрөг” зэрэг бүтээлүүд нь хүн зорьсондоо туушдаа зүтгэж, хүсэл эрмэлзлэл, тэвчээр гаргавал амжилтанд хүрдгийн жишээ байсан юм.
Тэрбээр ХИС-ийн оюутнууд уран зохиолын ямар нэгэн бүтээлийг орчуулбал орчуулгын номыг нь хэвлүүлэх зардлыг өөрийн бүтээлийн борлуулалтын орлогоос ивээн тэтгэж санхүүжүүлэхээ амласан нь орчуулгад шамдан суралцаж буй оюутнуудын хувьд гэнэтийн бэлэг боллоо.  
Орчуулагч О. Чинбаярын саяхнаас тэргүүлэх болсон МОЭ орчуулагчдын залгамж халааг бэлтгэх, авъяасыг хөгжүүлэхийг нэн тэргүүний зорилт болгожээ. Үүний хүрээнд удахгүй богино өгүүллэгийн орчуулгын уралдааныг зарлах гэнэ. Тэрээр энэхүү уралдаан болон Интерномын дэлгүүрт 4-р сарын 26-нд болох түүний орчуулсан дэлхийн уран зохиолын үнэт өвийн нэг Херман Мэлвиллийн “Моби Дик буюу Цагаан халим” бүтээлийн нээлтэд манай оюутнуудыг оролцохыг урилаа.
МОЭ болон орчуулагч О. Чинбаяр орчуулгад шимтэн суралцаж буй оюутнуудыг дэмжиж туслахаа амлсаны сацуу Орчуулгын клубтэй хамтран ажиллах тухай ярилцснаар халуун дотно уур амьсгал дунд өрнөсөн уулзалт өндөрлөсөн юм.

Мэдээг бэлтгэсэн 4-9 ангийн оюутан Б. Эгшиглэн

No comments:

Post a Comment