Friday, April 5, 2013


Орчуулагчдын эвлэл шинэ удирдлагатай боллоо
Эх сурвалж: Wikimon.mn
Монголын үе үеийн уншигч олныг дэлхийн утга зохиолын сор бүтээлүүдтэй учруулж ирсэн манай нэрт орчуулагчид өчигдөр Монголын Орчуулагчдын Эвлэл /МОЭ/ ээлжит хурлаа хийн, олон чухал асуудлыг авч хэлэлцжээ. МОЭ нь 1991 онд анх үүсгэн байгуулагдсан бөгөөд тус эвлэлийн ерөнхийлөгчөөр нэрт соён гэгээрүүлэгч, СГЗ, гүүш Го.Аким 20 гаруй жил ажиллаж ирсэн юм. Монголын шилдэг орчуулагчдын дуун хөрвүүлсэн ном зохиолыг өнөөдөр уншиж байгаагүй хүн бараг үгүй болов уу. МОЭ-ийн ээлжит хурлаар Монголын орчуулагчдын өмнө тулгамдаж буй олон асуудлыг авч хэлэлцсэн бөгөөд нэрт гүүш Го.Аким залуу орчуулагч О.Чинбаярт халаагаа өгч, цаашдынх нь ажил үйлст амжилт хүсчээ. О.Чинбаяр нь гишүүдийн 100 хувийн саналаар МОЭ-ийн ерөнхийлөгчөөр сонгогджээ. Тэрбээр дөнгөж саяхан Дээрхийн гэгээн XIV Далай багш Данзанжамцын есөн боть сургаалийг эрхлэн гаргасан бөгөөд тун удахгүй Америкийн нэрт зохиолч Хэрман Мэлвиллын “Моби Дик буюу Цагаан Халим” романыг өлгийдөн авах гэж байгаа аж. Манай уншигчид түүнийг Ирландын нэрт зохиолч Жэймс Жойсын “Үлисс” романыг орчуулснаар нь сайн мэдэх байх. Орчуулагч О.Чинбаяр нь 1994 онд ОХУ-ын Москва хотын М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг уран зохиолын орчуулагч мэргэжлээр төгссөн манай мэргэжлийн шилдэг орчуулагчдын нэг юм. Тэрбээр дэлхийн сор болсон зохиол бүтээлийг монгол хэлнээ буулгасны төлөө Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, МЗЭ-ийн шагнал, Утга зохиолын оны шилдэг бүтээлийг шалгаруулах “Алтан өд” наадмын орчуулгын төрөлд олгодог шагналыг хоёр удаа хүртэж байжээ.


No comments:

Post a Comment