4-9 группийн оюутан Н.Халиуны англи хэлнээс
орчуулсан үлгэр.Орчуулгын уралдаанд 2-р байр
эзэлсэн. Эх зохиолыг Орчуулгын уралдаан цэснээс
үзнэ үү.
орчуулсан үлгэр.Орчуулгын уралдаанд 2-р байр
эзэлсэн. Эх зохиолыг Орчуулгын уралдаан цэснээс
үзнэ үү.
Эрт урьдын цагт Дэлдээхэй, Сэгсээхий, Хөвсгөр Сүүлт ба Туулайхүү гэдэг дөрвөн бүжин ээжийнхээ хамт
ойн хамгийн өндөр гацуур модны үндсэнд
амьдран суудаг байжээ. Нэгэн өглөө ээж нь хүүхдүүддээ хандаж “Хонгорхон үрс
минь, зүлэг нуга, ойн жим хүртэл явж болно. Харин хөгшин МакГрейгорын ногооны талбай руу очиж
болохгүй шүү. Аав чинь тэнд баригдаж тэдний хоол болсныг санаж байгаа биз? За одоо явж тоглоцгоо,
харин дүрсгүйтэж болохгүй шүү. Ээж нь гарчихаад ирье” гэж хэлээд ээж туулай
сагс, шүхэр хоёроо аваад талхны мухлаг
уруу явлаа. Тэндээс хүүхдүүддээ нэг том бор талх, таван үзэмтэй боов авчээ.
Дэлдээхэй, Сэгсээхий, Хөвсгөр Сүүлт нар ээжийнхээ үгэнд ордог дуулгавартай сайн бүжингүүд учир
бөөрөлзгөнө түүхээр ойн жим рүү явцгаажээ. Харин дүрсгүй Туулайхүү шууд л МакГрейгорын ногооны
талбай руу дэгдэж очоод хашаан доогуур нь шургаад орчихов. Байцаа, вандуй, цагаан
лууванг цадталаа идээд гэдэс нь өвдсөн Туулайхүү яншуй идэхээр хайж эхэлжээ.
Өргөст хэмхний талбайг тойрч гартал ногоочин МакГрейгор зогсож байх нь тэр.
Тэрбээр байцаа
суулгаад завгүй
байсан хэдий ч Туулайхүүг
харангуутаа үсэрч босоод “Зогс,
муу моньд минь!” гээд барьж байсан багажаа далайж хашгирав.
Айж сандран зугтах зуураа Туулайхүү өрөөсөн гутлаа байцаан дунд, нөгөөг нь
төмсний талбайд гээчихжээ. Бяцхан туулай
гутлаа хаясан биш харин ч дөрвөн хөл дээрээ илүү хурдан зугтаж чадсан боловч ногооны
талбайн өргөст торонд хүрэмнийх нь товчнууд тээглээд орооцолдчихов. Уг нь
саяхан ээжийнх нь авч өгсөн хөх өнгийн том шаргал товчтой цоо шинэ хүрэм байсан
юм.
Арга ядсан Туулайхүүг усан нүдлээд сууж байтал сайхан сэтгэлт болжморууд
түүний уйлахыг сонсоод туслахаар яаран
ирцгээжээ. “Ногоочин ирж байна! Хурдан зугтаарай!” гэж болжморууд шулагналдав.. МакГрейгор торонд
орооцолдсон хөөрхий туулайг сагсаар барих
гэж байх яг тэр үед Туулайхүү хүрмээ
тайлан зугтаж амжлаа. Тэвдэж сандарсан Туулайхүү багажны саравч руу гүйн орж
цэцэг усладаг саван дотор ороод нуугдчихав. Тэр сав дотор ус байгаагүйсэн бол хөгшин
ногоочин түүнийг хэзээ ч олж чадахааргүй байлаа.
Бяцхан туулайг багажны саравч уруу орохыг харсан МакГрейгор Туулайхүүг
цэцгийн савны доор нуугдсан гэж бодон сэмхэн хайж гарлаа. Яг тэр үед хүйтэн усанд шалав норсон Туулайхүү
найтаачихав. МакГрейгор ч түүнийг хараад шууд л араас нь хөөж эхэллээ. Уур нь
хүрсэн МакГрейгор Туулайхүүг гишгэх гэж
оролдсон боловч бушуу туулай цонхоор үсрээд, доор нь байсан савтай цэцгүүдийг унагаан зугатжээ.
Саравчны цонх хүн багтахааргүй жижиг, мөн хөгшин МакГрейгор ч Туулайхүүг хөөж гүйсээр ядарсан тул түүнийг орхин буцаж тариалангийн
ажилдаа орлоо. Байдаг хурдаараа зугатаж амьсгаадан, айснаасаа болж дагжин
чичирч байсан Туулайхүү ногооны талбайд төөрчихсөн болохоор түр амрахаар
шийджээ. Дараа нь энэ тэрүүгээр удаан, анхаарал болгоомжтой гэгч нь явж эргэн
тойрноо ажиглав.
Туулайхүү нэгэн байшингийн хана налан явсаар нэг хаалга олж харсан боловч хөөрхий
бондгор туулай хаалганы доогуур шургаж
багтсангүй. Харин нэгэн хөгшин хулгана хаалганы доогуур, чулуун тавцан дээгүүр нааш
цааш гүйж ойд байгаа гэрийнхэндээ вандуй болон шош зөөж байв.
Туулайхүү хөгшин хулганаас хашааны хаалга хаана байгааг асуусан боловч
амандаа вандуй зуусан хулгана хариу хэлж
чадалгүй дэмий л тоолгойгоо сэгсрэв. Туулайхүү аргаа барсан тул уйлж эхэллээ. Удалгүй бяцхан туулай ногооны
талбай дундуур гарц хайж зөндөө гүйсэн боловч талбайгаас гарах зүг чигээ
олохгүй л байлаа.
Төөрч явсаар Туулайхүү ногооны талбайн цөөрөм дээр хүрч ирэв. Тэнд нэгэн цагаан
муур цөөрөмд наадах алтан загасыг харж хөдөлгөөнгүй сууж байсан бөгөөд үе үехэн сүүл нь амьтай юм шиг гэнэт
гэнэт татав хийн хөдөлж байлаа. Туулайхүү
муурны талаар үеэл дүү Бенжи бүжингээс олонтаа сонсож байсан болохоор
цагаан муур дээр очилгүйгээр цааш явахаар шийджээ.
Түүнийг эргээд сараалж руу явах үед хажууханд нь газар ухах,
малтах чимээ дуулдав. Туулайхүү яаран сандран бургас доогуур шурган орлоо. Эргэн
тойрон нам жим байсан болохоор Туулайхүү тэрэг дээр гарч эргэн тойрноо гүйлгэн
харлаа. Тэгээд түүний хажууханд хөгшин МакГрейгор сонгино суулгаж байхыг олж
харжээ..
МакГрейгор буруу хараад зогсож байсан бөгөөд түүний яг цаана нь хашааны
хаалга байгааг олж харав. Туулайхүү сэмээрхэн тэрэгнээс бууж, үхрийн нүдний модны
дэргэдэх нарийн замаар хамаг хурдаараа хаалга руу гүйлээ. МакГрейгор Туулайхүүг
харсан ч туулай түүнийг анзаарах сөхөөгүй хашааны хаалга доогуур шургаад гарчихав. Ингэж нэг юм Туулайхүү ногооны
талбайгаас гарч төрөлх гэр болох ой мод руу орж айх аюулгүй болжээ.
Хөгшин ногоочин шувуудыг үргээхээр Туулайхүүгийн хүрэм болон гутлыг нь мануухайдаа
өлгөчихөв. Туулайхүү гэртээ орон ортлоо эргэж ч харалгүй гүйсээр ирсэн байлаа.
Тэрээр гэртээ ирсэн даруйдаа үүрэн дэх зөөлөн элсийг мэдрэхийн завдалгүй ядарсандаа
нүдээ анин газар унав.
Хоол хийгээд завгүй байсан ээж нь хүү нь гадуур хувцасгүй байгааг харан гайхан
ажиглаж байв. Туулайхүү 2 долоо хоногийн дотор 2 удаа гутал, хүрэмээ алдсан нь
энэ. Тэр орой Туулайхүүгийн бие нь тааруу байсан тул ээж нь Туулайхүүг оронд нь
оруулж, “Унтахынхаа өмнө хоолны халбагаар нэг удаа ууна шүү” гээд хүүдээ балжингарав цэцгээр хандалсан цай
уулгав. Харин дэггүй Туулайхүүг цайгаа уугаад хэвтэж байхад Дэлдээхэй, Сэгсээхий, Хөвсгөр сүүлт нар
оройн хоолондоо сүү,
талх болон өөрсдийн түүсэн бөөрөлзгөнөө амтархан идэцгээж байв.
No comments:
Post a Comment