Эх сурвалж: www.news.mn
Төрийн байгуулалтын болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл,
шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хуралдаанд Монгол хэлний тухай хууль
орж, гишүүдийн олонхиор УИХ-аар хэлэлцэгдэх зөвшөөрөл олгосон билээ. Уг төслөөр Монгол хэлний тухай хуулийн үндсэн
зарчмууд, монгол хэлний хэрэглээний хүрээ, төрийн байгууллага, хуулийн этгээд,
иргэдийн хүлээх үүргийг тус тус тодорхойлсны зэрэгцээ кирилл болон үндэсний
монгол бичиг үсгийн хэрэглээтэй холбоотой харилцааг зохицуулж, зөв бичих дүрэм
боловсруулах, батламжлах нэгдмэл тогтолцоо, Хэлний бодлогын үндэсний зөвлөл
болон тусгай эрх бүхий судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх үүргийг мөн
тодорхойлсон юм.
Ингээд Монгол хэлний тухай хуулинд юуг анхаарах ёстой
талаарх гишүүд, ажлын хэсгийнхний байр суурийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа
Миний бодлоор хүүхэд 8-10 нас хүртлээ бүх мэдлэг, мэдээллийг
эх хэл дээрээ авах ёстой. Эх хэл дээрээ авсан анхдагч мэдээлэл хүүхдийн ой
ухаанд илүү бат бөх үлдэж, суурь мэдлэг сайтай хүн болоход нөлөөлнө. Зарим улс
төдөөс доош насны хүүхдэд гадаад хэл зааж болохгүй гэдгийг хуулиндаа тусгаад
өгчихсөн байдаг юм билээ. Монгол хэлний тухай хуулийн төсөлд энэ талаар ямар
нэгэн зохицуулалт байгаа юу, ер нь хүүхэд, ялангуяа монгол хүүхэд хэдэн
наснаасаа гадаад хэл судалж эхлэх нь зохистой вэ гэдгийг шинжлэх ухааны
үндэслэлтэйгээр судалсан зүйл байна уу.
МУБИС-ийн Монгол хэл судлалын хүрээлэнгийн захирал Ц.Өнөрбаян
Хүүхэд 11 нас хүртэл эх хэл дээрээ мэдээлэл авах нь зүйтэй
гэдгийг гадны олон эрдэмтэд судалж, нотолсон байдаг. Хуулиндаа ч тусгасан улс
бий. Тухайлбал, Унгар улсад хүүхдэд 5-р анги буюу 11 нас хүртэл нь гадаад хэл
заахыг хуулиараа хориглосон байдаг. Харин Монгол хэлний тухай хуулийн төслийн
6.3-т Төрөөс олгосон зөвшөөрлийн дагуу гадаад хэлээр сургалт явуулдаг ЕБС-д
гадаад хэлийг 5-р ангиас эхлэн заана гэсэн зөөлөн заалт оруулж өгсөн. Гэхдээ
монгол шиг цөөхөн хүн амтай үндэстэнд бүх шатны сургуульд 5-р ангиас өмнө
монгол хэлнээс өөр гадаад хэл заахыг хориглоно гэсэн хатуу заалт оруулчихмаар
байгаа юм.
УИХ-ын гишүүн М.Батчимэг
Энэ хууль батлагдсанаар улсын төсөвт томоохон дарамт
үзүүлэхгүй. Гэхдээ цөөн тооны орон тооны асуудалтай холбогдож бага ч гэсэн
мөнгө яригдах болохоор Төсвийн тодотголыг хэлэлцэхээс өмнө хэлэлцэх нь хуулийг
аль болох хугацаа алдахгүй хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Хэдийгээр өнөөдөр
тулгамдсан асуудал биш юм шиг боловч улс үндэстний аюулгүй байдалтай холбоотой,
өдрөөс өдөрт гээгдэж байгаа амин чухал асуудал тул хойшлуулах боломжгүй. Бид
хилээ манадаг хэрнээ хэлээ маналгүй иржээ. Гэтэл улс үндэстнүүд хэлээ хил шигээ
хамгаалдаг юм байна. Ялангуяа даяаршил эрчимтэй явагдаж буй энэ цаг үед улс
үндэстэн үргэлжилж үлдэх баталгаа нь хэл гэж үздэг. Иймд салбар, салбарын
зохицуулалт шаардаж байгаа энэ том бодлогыг авч явах Төрийн хэлний үндэсний
зөвлөлийг ҮАБЗ-ийн тэргүүн гэдэг утгаар нь Ерөнхийлөгчийн дэргэж байлгавал
хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж чадна гэж үзсэн.
БСШУ-ны сайд Л.Гантөмөр
Өнөөгийн залуучууд монгол хэлээ мэдэхгүй болж байна гэж
хүмүүс шүүмжлэх болсон. Би хувьдаа монгол хэлний сэргэн мандалтын үе ирж байна
гэж үздэг. Хэлний асуудал нь даяаршилтай холбоогүй. Технологийн хувьсгалтай
холбогдон бичгийн хэлний хэрэглээ дэлхий нийтээр унаад байгаа юм. Тухайлбал,
англи хэл, япон хэл, хятад хэлээр бичихэд ихэвчлэн бэлэн программ ашиглаж
байна. Бид ч бас тийм программ ашиглах талаар бодолцох ёстой. Хэлэлцүүлгийн
явцад хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, чангаруулсан заалтыг гишүүд бага оруулж
ирээсэй. Хууль гаргах нэрийдлээр гадаад хэлний сургалтын үйл ажиллагаа явуулж
байгаа боловсролын байгууллагыг зогсонги байдалд оруулах нь буруу. Төрийн
бодлого төрийнхөө хүрээнд л хийгдэх ёстой. Жишээлбэл, ЕБС-д 5-р анги хүртэл
гадаад хэл заадаггүй.Гадаад улс орнуудад олон мянган монгол хүүхэд амьдарч
байгаа. Тэдний монгол хэлний мэдлэг үнэхээр тулгамдсан асуудал болоод байна.
Тусгайлан сургууль байгуулъя гэхээр хөрөнгө мөнгөний асуудал үүснэ. Тиймээс
Боловсролын яамнаас тэр хүүхдүүдэд зориулж тусгайлан аппликэшн бэлтгэх эсвэл
гарын авлага, ном товхимол бэлтгэж өгөөч гэсэн саналууд их ирдэг. Гадаадад ажиллаж,
амьдарч, суралцаж байгаа монголчууд бол маш том оюуны капитал. Гэвч тэд эх
орондоо эргэн ирээд ажиллахад хэлний брэхшээл үүснэ. Иймд энэ асуудлыг хуульдаа
тусгаж өгөх хэрэгтэй.
Ё.Отгонбаяр
Орчин цагийн хүүхдүүд хүссэн хүсээгүй техникийн дэвшлээ дагаад
гар утас, компьютер дээрээ латинаар бичиж байна. Нэлээд хэсэг хүн одоо
байгаагаарай байя гэдэг. Латинд шилжие гэсэн хүмүүс ч бий. Төрийн бодлогоо
тодорхой гаргах хэрэгтэй. Уйгаржин Монгол бичиг бол эзэнт Монгол Улсын бичиг.
А, Э, У үсэгнүүд адилхан бичигдээд өөрөөр дуудагдаж байна. Ар, өвөр Монголд
адилхан бичдэг мөртлөө өөр өөрийнхөө аялгаар дуудаад байна. Крилл үсэг бол
БНМАУ-ын хил хязгаарт байгаа халх аялгуунд зориулагдсан үсэг. Латин үсэг бол
техник технологийн хөгжлөөр түрж орж ирээд байна. Одоо бичгээ өөрчлөнө гэвэл
дагаад хэл өөрчлөгдөнө. Үүнийгээ тооцоод эрдэмтэд аль хувилбар нь дээр вэ
гэдгийг гаргаж ирэх л ёстой. Би хувьдаа латин үсэгт шилжих нь зөв гэж
боддог. Яагаад гэвэл тэртэй тэргүй
техникийн хөгжлөө дагаад латин үсэгтэй бүхэл бүтэн үе гараад ирлээ.
Ажлын хэсгийн гишүүн Т.Галсан: Оюутолгойн алдагдал бол
хэлний алдаа байсан
Гадаа гудамжинд гараад монгол хүн төөрдөг болчихлоо. Өвөө,
ач хоёр хоорондоо ойлголцохгүй, дунд нь аав, ээж хоёр нь орчуулга хийдэг
болжээ. Гадаадад амь зуулгын эрхээр амьдарч байгаа хүмүүс монгол цустай
болохоос харь хэлтэй болж, монгол нэртэй хүний тоо цөөрч байна. Бид үгийн үнэ
цэнийг мэдэхгүйн гайгаар дэлхийн дээрэмчидтэй харилцах түвшинд хүрээгүй.
Оюутолгойн алдагдал бол хэлний алдаа байсан юм шүү. Энэ бүгдийг залруулах,
алдаанаасаа суралцах, аврах ухаан УИХ-ын гишүүдэд маань байгаад баярлаж байна.
Монгол Улс эх хэлний тухай хуультай болох нь, бид зүтгэнэ шүү.
Б.МАНДАХ
No comments:
Post a Comment