Monday, April 4, 2016

Эх хэлний элдэв сониноос

Монгол хэлний нэр үг 6-8 шинжээрээ тодотгуулах чадалтай. Жишээ нь, нэгэн цагт хүүхдүүдээ “Архангайн, алаг өөхтэй, тарган, зөөлөн, шинэ, хонины махтай, сайхан хоолоо идээрэй!” гэж дууддаг ээж байсан гэдэг. Багадаа “Ямар баярхуу ээж вэ?” гэж боддог байсан бол энэ удаа ээж биш зургаан  шинжээрээ тодотгуулсан мах л сонирхол татлаа. Хаанаас ирсэн, ямар өнгөтэй, юуны, яадаг мах болохыг ээж алдалгүй мэдэж, залхалгүй хэлсэн. Харин жаран чавганц уралдвал нэг нь түрүүлэхийн дүрмээр Архангайн гэдэг нь хамгийн чухал байсан тул түрүүлж хэлж, түрүү магнай цол олгосноо өөрөө ч мэдээгүй. Ингэж хэчнээн олон шинж байлаа ч хамгийн онцгойгоос нь эхлэн эрэмбэлдэгонцолбор гишүүний ёс монгол хэлэнд бий. Онцолбор гишүүний онцлогийг мэдээгүйгээс болж “хөлдүү үхрийн мах”,  “хоёр амтай шувууны буу”, “хар хүзүүний ороолт” гурав хэдэн арван жилээр хүмүүсийн амны бай болсон.  Уг нь хоол хийх ээжид мах нь үхрийн байхаасаа хөлдүү байх нь, анд явах аавд буу нь шувууны байхаасаа хоёр амтай нь, хүйтнээс хамгаалж зүүх ороолт хүзүүний байхаасаа хар өнгө нь чухал байсан тул ийн онцолж, эхэлж хэлжээ. Ийнхүү орчин нөхцөлд нь ойлгохыг хэл шинжлэлд хам сэдэв гэнэ. Хам сэдвийг мэдэлгүй хамаагүй ярьсан хүмүүс эргэж нэг бодууштай.
Нэгийг нөгөөгөөс ялгаж, хольж хутгахгүй байх үүрэгтэй таслал гэх тэмдгийг зөв хэрэглэж хөлдүү,үхрийн мах; хоёр амтай, шувууны буу; хар, хүзүүний ороолт гэж хэрэглэвэл тэмдэг нэрүүд эн тэнцэж, эрх тэгш болж, гол үгэндээ холбогдохоор санагдлаа.
 “Егөөтэй 99 тайлбар” номын “Хөлдүү үхэр, хоёр амтай шувуу байхгүй нь тодорхой” өгүүллийн хэсгээс

Sunday, April 3, 2016

Эх хэлний элдэв сониноос

Хэл хэл өөр. Яагаад гэвэл үндэстэн бүр өөр. Үүнд газар зүйн байрлалаа дагасан уур амьсгал, идэш ууш, аж ахуй гээд олон зүйл нөлөөлдөг. Жишээлбэл, дэлхий шиг дэлгэр газартай монголчууд бидний эрхэмлэн хайрладаг молор эрдэнэ морийг арлын япончууд чихэнд нь алт хийсэн ч, ус хийсэн ч сэгсэрдэг тэнэг амьтан болгоно. Япон морь тэнэгтээ биш л дээ. Газар тариалан эрхэлдэг япончуудад тариан талбай дээр ажиллах тарган морь хэрэгтэй болохоор чүчээнд тэжээлээр бордсоор байгаад өөрсдөө л хашин болгочихсон юм. Харин тэдэнд далайн загас шиг чухал амьтан байхгүй.  

Бид дөлгөөн, зөөлөн хүмүүсээ “Хонь шиг номхон” гэдэг. Ийм сайхан амьтныг оросууд мулгуу мангарын туйл болгож “Хонь шиг тэнэг” гэнэ. Элсэн далайн Арабад балга ус нэхэлгүй хэдэн хоног хээвнэг явж, хэрэг зоригийг нь бүтээдэг тэмээ шиг буянтай амьтан байхгүй. Тийм ч учраас “Тэнэг хүнтэй ханилснаас тэмээний нөмөрт амьдар” гэж муухан хүнээс илүүд үзнэ. Зөвхөн мал, амьтан дээр яриад байгаа юм биш. Юм юман дээр энэ ялгааг харж болно.

“Егөөтэй 99 тайлбар” номын “Орчуулагч биш орон, соёл судлаач болох хэрэгтэй” өгүүллийн хэсгээс