Showing posts with label Мэдээ. Show all posts
Showing posts with label Мэдээ. Show all posts

Wednesday, May 2, 2018

Англи хэлний улсын олимпиадын шилдгүүд тодорчээ



МУИС-иас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын нийт их, дээд сургуулийн оюутнуудын англи хэлний улсын олимпиад 2018 оны  4 дүгээр сарын 21-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Тус олимпиад нь мэргэжлийн болон мэргэжлийн бус ангилалд хоёр үе шаттай явагддаг бөгөөд энэ удаад улсын болон хувийн хэвшлийн 22 их, дээд сургуулийн оюутнууд оролцжээ. Мэргэжлийн ангилалд А.Мөнхзул (МУБИС), Э.Батхишиг (ХИС), Х.Талгат (ХИС) эхний гурван байрыг, Халиун (МУИС-ХУС) тусгай байрыг эзэллээ. 
Хоёр, гуравдугаар байрт шалгарсан Э. Батхишиг, Х. Талгат нар Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуульд суралцдаг бөгөөд Англи хэлний багш-орчуулагчийн ангийн оюутан Х.Талгат тус олимпиадад гурван жил дараалан тэргүүн байруудыг эзэлж англи хэлний мэдлэг чадвараараа манлайллаа.

Э. Батхишиг, Х. Талгат нартаа сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

ХИС-ийн Хэл Соёлын Сургууль,
Англи хэлний тэнхим, 
Орчуулгын клуб

Monday, April 17, 2017

Орчуулгын уралдааны шалгаруулалт боллоо


ХИС-ийн Орчуулгын клубээс зарласан богино өгүүллэгийн орчуулгын уралдааны шалгаруулалт болж байр эзэлсэн оюутнуудад шагналыг гардуулан өглөө.
Уралдаанд 30 гаруй оюутан оролцож орчуулах авъяас, эрдмээ сорьсноос ТЭРГҮҮН байранд орос өгүүллэгийн орчуулгаар Орос хэлний багш-орчуулагчийн 4-ээр ангийн оюутан Г. Цэнгэлмаа, англи өгүүллэгийн орчуулгаар ОУХ-Орчуулагчийн  4-ээр ангийн оюутан С. Энхбилгүүн нар, ДЭД байранд орос өгүүллэгийн орчуулгаар Орос хэлний багш-орчуулагчийн 4-ээр ангийн оюутан С. Отгонбилэг, англи өгүүллэгийн орчуулгаар ОУ-ын Худалдаа-Орчуулагчийн  4-ээр ангийн оюутан Б. Мөнхзул, герман өгүүллэгийн орчуулгаар Герман хэлний 4-ээр ангийн оюутан Н. Лхагвадулам нар шалгарчээ. 
Харин ГУТГААР байрыг  Орос хэлний багш-орчуулагчийн 4-ээр ангийн оюутан Г. Ганцэцэг (орос хэл), ОУ-ын Харилцаа-Орчуулагчийн  3-аар ангийн оюутан Э. Наранзаяа (англи хэл) нар тус тус эзэлсэн байна.
Шагналыг Орчуулгын клубээс зохион байгуулдаг ХИС-ийн ХСС-ийн төгсөгчдийн уулзалтын үеэр ХСС-ийн захирал Т. Алтанцэцэг,  ЁХТ-ийн эрхлэгч Б. Болормаа, тус сургуулийг төгсөгч Гётё Институтын төслийн удирдагч Ё. Отгонтөгс, NANTO ХХК-ийн Зөвлөх Б. Долгорлхам нар гардуулан өглөө.
Уралдаанд оролцсон нийт оюутнууддаа хичээл сурлагын өндөр амжилт хүсье.


ОРЧУУЛГЫН КЛУБ

Sunday, March 19, 2017

ОРЧУУЛГЫН УРАЛДААНАА ЗАРЛАЛАА

ОРЧУУЛГЫН УРАЛДААН

ХИС-ийн Орчуулгын клуб ээлжит орчуулгын уралдаанаа зарлаж байна.
Уралдаанд оролцогч нь Орчуулгын клубээс бэлтгэсэн англи, орос, герман, франц, хятад, япон, солонгос хэл дээрх богино өгүүллэгээс сонгон монгол хэл рүү орчуулна.
Шагнал
1-р байр-1 Өргөмжлөл, мөнгөн шагнал /Хэл тус бүрээр/
2-р байр-1 Өргөмжлөл, мөнгөн шагнал /Хэл тус бүрээр/
3-р байр-1 Өргөмжлөл, мөнгөн шагнал /Хэл тус бүрээр/

Шагналын нийт сан хоёр сая төгрөг.

Шалгарсан бүтээлүүдийг  Орчуулгын клубын блог, фэйсбүүк, Оюутны орчуулгын бүтээлийн эмхтгэл зэрэгт нийтэлж нийтийн хүртээл болгоно.
Орчуулах өгүүллэгийг Орчуулгын клуб эсвэл www.translationclub.blogspot.com –ын Орчуулгын уралдаан цэснээс авна уу. Уралдааны дүнг 4-р сарын 12-ны  өдөр зарлаж, шалгарсан оюутнуудад шагнал гардуулна.
Орчуулга хүлээн авах
Орчуулгаа Calibri үсгийн 11 хэмжээгээр бичих ба 4-р сарын 5-ыг хүртэлх өдрүүдэд цаасаар Орчуулгын клубт, цахимаар humanitiestranslate@gmail.com хаягаар ирүүлнэ. Орчуулга дээр овог нэр, анги мэргэжил, утасны дугаараа заавал бичнэ үү.

Харилцах утас: 95959194

ОРЧУУЛГЫН КЛУБ


Thursday, July 28, 2016

АСЕМ-ынханд англи хэлээрээ гайхуулсан бүсгүй



Англи хэлийг англи хүнээс нь илүү мэт эзэмшсэн бахдам чадвартай монгол бүсгүй сошиал медиад од болж байна. Түүний талаар ийн бичжээ.

АСЕМ-ийн үеэр Э.Содонтогос ерөнхийлөгчийн дэргэд зогсоод орчуулахад гадаадын зочид,  сэтгүүлчид өөрийн эрхгүй "Wow!" хэмээн дуу алдсан талаар хүмүүс ярьж бичин бүр биширч байна. Энэ сэхээтнийг бид та бүхэнд танилцуулъя.

Э.Содонтогос эх орондоо Гадаад Хэлний Дээд Сургууль /одоогийн Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль/-ийг англи-орос хэлний орчуулагч мэргэжлээр, Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийг банк, зээлийн эдийн засагч мэргэжлээр, БНСУ-ын Кун Хин Их Сургуулийн олон улс судлалын сургуулийг олон улсын улс төр-эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. Өөрөөр хэлбэл англи, орос, солонгос хэлэнд ус цас гэсэн үг. Бүр мэргэжлийн төвшинд шүү.

Харин ТВ үзэгчид энэ бүсгүйг "Face to Face" англи хэл дээрх нэвтрүүлгийн хөтлөгч байснаар андахгүй. Монголд төрийн хэмжээнд өндөр төвшинд орчуулга хийдэг хүн хуруу дарам цөөн ба тэргүүнд нь энэ бүсгүй бичигддэг юм билээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн орон тооны бус зөвлөх, шадар туслахаар ажиллаж байгаа тэрбээр өмнө нь НҮБ, АНУ-ын Монголд хэрэгжүүлсэн томоохон төслүүд, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд ажиллаж байсан "лут" амьтан.

Э.Содонтогос уул уурхайн салбарт мөн л мэргэжлийн англи хэлтэйгээрээ гайхагддаг ба хөрөнгө оруулалт томоохон төслүүдэд гар бие оролцдог. "Mongolian Mining Journal" уул уурхайн сэтгүүлийн үүсгэн байгуулагч, санаачлагч юм. Ийм нэгэн бүсгүй гадны төлөөлөгчдийг алмайруулан эрдэм мэдлэгээрээ улсдаа, зуун дамжин яригдах түүхэн үйл явдалд хувь нэмэр оруулжээ.

Э. Содонтогосыг таних, мэдэх хүмүүс авъяас чадвар, мэдлэг боловсрол, орчуулах эрдмийг нь шагшин магтахын зэрэгцээ түүний төгссөн одоогийн Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн талаар сошиал ертөнцөд “ХИС төгссөн буюу тэнд суралцдаг оюутнууд бусдаас “чадварлаг” нь мэдэгддэг билээ. Миний бие ч гэсэн 10 орчим жилийн өмнө япон хэлнийх нь ангийг төгсөж байхдаа “орчуулга хийнэ гэдэг чинь энэ шүү дээ гэдгийг жинхэнэ утгаар нь мэдэрч байсан юм. Үнэхээр чадварлаг багш нартай сургууль... Гадаад хэлийг өдөр бүр давтахгүй бол “цэцэг тарьчихаад тэрийгээ услахгүй байгаатай яг адил” юм” хэмээн бичиж байна.

Баярлалаа, Э.Содонтогос!

Эх сурвалж: zuvsongolt.mn, ru.vom.mn, www.facebook.com/tamirbuyan?fref=nf

Monday, April 4, 2016

Эх хэлний элдэв сониноос

Монгол хэлний нэр үг 6-8 шинжээрээ тодотгуулах чадалтай. Жишээ нь, нэгэн цагт хүүхдүүдээ “Архангайн, алаг өөхтэй, тарган, зөөлөн, шинэ, хонины махтай, сайхан хоолоо идээрэй!” гэж дууддаг ээж байсан гэдэг. Багадаа “Ямар баярхуу ээж вэ?” гэж боддог байсан бол энэ удаа ээж биш зургаан  шинжээрээ тодотгуулсан мах л сонирхол татлаа. Хаанаас ирсэн, ямар өнгөтэй, юуны, яадаг мах болохыг ээж алдалгүй мэдэж, залхалгүй хэлсэн. Харин жаран чавганц уралдвал нэг нь түрүүлэхийн дүрмээр Архангайн гэдэг нь хамгийн чухал байсан тул түрүүлж хэлж, түрүү магнай цол олгосноо өөрөө ч мэдээгүй. Ингэж хэчнээн олон шинж байлаа ч хамгийн онцгойгоос нь эхлэн эрэмбэлдэгонцолбор гишүүний ёс монгол хэлэнд бий. Онцолбор гишүүний онцлогийг мэдээгүйгээс болж “хөлдүү үхрийн мах”,  “хоёр амтай шувууны буу”, “хар хүзүүний ороолт” гурав хэдэн арван жилээр хүмүүсийн амны бай болсон.  Уг нь хоол хийх ээжид мах нь үхрийн байхаасаа хөлдүү байх нь, анд явах аавд буу нь шувууны байхаасаа хоёр амтай нь, хүйтнээс хамгаалж зүүх ороолт хүзүүний байхаасаа хар өнгө нь чухал байсан тул ийн онцолж, эхэлж хэлжээ. Ийнхүү орчин нөхцөлд нь ойлгохыг хэл шинжлэлд хам сэдэв гэнэ. Хам сэдвийг мэдэлгүй хамаагүй ярьсан хүмүүс эргэж нэг бодууштай.
Нэгийг нөгөөгөөс ялгаж, хольж хутгахгүй байх үүрэгтэй таслал гэх тэмдгийг зөв хэрэглэж хөлдүү,үхрийн мах; хоёр амтай, шувууны буу; хар, хүзүүний ороолт гэж хэрэглэвэл тэмдэг нэрүүд эн тэнцэж, эрх тэгш болж, гол үгэндээ холбогдохоор санагдлаа.
 “Егөөтэй 99 тайлбар” номын “Хөлдүү үхэр, хоёр амтай шувуу байхгүй нь тодорхой” өгүүллийн хэсгээс

Sunday, April 3, 2016

Эх хэлний элдэв сониноос

Хэл хэл өөр. Яагаад гэвэл үндэстэн бүр өөр. Үүнд газар зүйн байрлалаа дагасан уур амьсгал, идэш ууш, аж ахуй гээд олон зүйл нөлөөлдөг. Жишээлбэл, дэлхий шиг дэлгэр газартай монголчууд бидний эрхэмлэн хайрладаг молор эрдэнэ морийг арлын япончууд чихэнд нь алт хийсэн ч, ус хийсэн ч сэгсэрдэг тэнэг амьтан болгоно. Япон морь тэнэгтээ биш л дээ. Газар тариалан эрхэлдэг япончуудад тариан талбай дээр ажиллах тарган морь хэрэгтэй болохоор чүчээнд тэжээлээр бордсоор байгаад өөрсдөө л хашин болгочихсон юм. Харин тэдэнд далайн загас шиг чухал амьтан байхгүй.  

Бид дөлгөөн, зөөлөн хүмүүсээ “Хонь шиг номхон” гэдэг. Ийм сайхан амьтныг оросууд мулгуу мангарын туйл болгож “Хонь шиг тэнэг” гэнэ. Элсэн далайн Арабад балга ус нэхэлгүй хэдэн хоног хээвнэг явж, хэрэг зоригийг нь бүтээдэг тэмээ шиг буянтай амьтан байхгүй. Тийм ч учраас “Тэнэг хүнтэй ханилснаас тэмээний нөмөрт амьдар” гэж муухан хүнээс илүүд үзнэ. Зөвхөн мал, амьтан дээр яриад байгаа юм биш. Юм юман дээр энэ ялгааг харж болно.

“Егөөтэй 99 тайлбар” номын “Орчуулагч биш орон, соёл судлаач болох хэрэгтэй” өгүүллийн хэсгээс

Friday, March 4, 2016

Эх хэлнийхээ элдэв сониноос хуучилъя-3


Хүчтэй нь дийлж нөлөөгөө тогтоох ёс хэлэнд хүртэл байх юм. Их Монгол улсын үеийн сэлмийн хүч монгол үгийг ч дэлхийгээр нэг тараасан гэвэл та итгэх үү? 
Цэрэг дайны үгсээс гадна хайрхан, гутал, шөл, зуд гэсэн ахуйн үгс ч бий. Эд бүгд хэл шинжлэл, үсэг бичгийн үүднээс тайлбарлагдана. Жишээлбэл, түрэг хэлний “яака”-г орчин цагийн монгол хэлэнд “зах” гэж хэлээд, монгол бичгээр “жаха” гэж бичдэг нь алтай язгуурын хэлний Ж(З)-Я хоёр сэлгэдэг үзэгдлийн жишээ юм. Яг энэ үзэгдлээр “жигур(аху)” гэж монгол бичгээр бичдэг “зуур(ах)” гэдэг монгол үг дэвэн дэлхийгээр аялсаар “ёгур(т)” нэртэй болчхоод эргэж ирээд байна. Монгол бичгээр “худдуг” гэж бичдэг “худаг”-аар “Ялла” хамтлаг “Үч кудук” гэдэг дуугаа нэрлэсэн. Энэ дууг монгол хэлэнд “Гурван худаг” гэж орчуулахыг “Уч кудук, три колодца” нэр нь нэг мөр батална...
Улс орон нь хүчирхэгжихийн хэрээр уугуул хэл нь чадал зааж, бусдын хэлэнд нэвтэрч, өч төчнөөн үгээ харамгүй өгдгийг эртний энэ үгс харуулж  байна. Харин хүчгүйдэж доройдох аваас бусдын үгийг голж шилэлгүй хамж аваад, хаалга үүдэндээ хадаж магадгүйг замын хаягууд гэрчлээд байна уу даа! Ташуураар хамгаалсан эх орноо тархиараа хамгаалах цаг иржээ, монголчууд аа!

“Егөөтэй 99 тайлбар” номын “Эзэнт гүрнээ дагаж эзэн суусан монгол үгс” өгүүллийн хэсгээс

Monday, February 29, 2016

Microsoft Translator гарлаа

Майкрософт компанийн орчуулгийн аппликэйшн Microsoft Translator нь гар утас компьютер, ухаалаг цаг, таблет зэрэг хүссэн төхөөрөмж дээрээсээ хүссэн цагтаа 50 өөр хэл рүү орчуулга хийх боломжийг олгож буй бүтээгдэхүүн юм. Та энгийн текстээс авахуулаад яриа, вэб сайт, рестораны меню, гудамжны тэмдгийг хүртэл гар утасны камераараа зургийг нь аваад л орчуулна. 
Андройд үйлдлийн системтэй төхөөрөмжүүдэд зориулсан аппликейшн нь хиймэл оюун ухаан (AI) хэлбэрийн механизм ашиглан интернэтгүй (offline) орчинд ажиллах болжээ. Харин үүний тулд эхлээд төлбөргүй Франц, Герман, Хятад, Итали, Орос, Польш, Вьетнам, Испани, Португал хэлнүүдийн багцыг татаж авах ёстой. 
Харин iOS хувилбар нь камераар авсан текстийг таньж уншаад орчуулна.

Microsoft Translator-ын өөрт тохирох аппликейшныг ЭНД-ээс татаж аваарай.

Friday, February 26, 2016

Эх хэлний элдэв сониноос


Хүчтэй нь дийлж нөлөөгөө тогтоох ёс хэлэнд хүртэл байх юм. Их Монгол улсын үеийн сэлмийн хүч монгол үгийг ч дэлхийгээр нэг тараасан гэвэл та итгэх үү? Захын жишээг хаяа дэрлэн суух хойд хөрш дээрээ эхлээд дуулгая.
Орос цэргийн өнөөгийн “ура” монгол хүний “уухай”-аас, жаран зургаан түмэн хүнтэй “Тюмэнь” муж Чингисийн цэргийн хамгийн том нэгж “түмэн”-ээс, “Арабат”-ын гудамж харин хамгийн бага нэгж “аравт”-аас, Олег Газмановын “Есаул”дуу бидний “засуул”-аас гаралтай. Өнөөдрийг хүртэл хадгалагдаж ирсэн Европын хамгийн том цайз болох Оросын Кремль “хэрэм” гэдэг үгнээс үүссэн. Оросууд эртнээс л хамгаалалтын зориулалттай, буудлагын хэрэм, цамхгаа “кремль” гэж нэрлэдэг байжээ. Энэ мэт баатар, харуул, орд, төмөр гэсэн цэрэг дайны үгс олон...
Улс орон нь хүчирхэгжихийн хэрээр уугуул хэл нь чадал зааж, бусдын хэлэнд нэвтэрч, өч төчнөөн үгээ харамгүй өгдгийг эртний энэ үгс харуулж  байна. Харин хүчгүйдэж доройдох аваас бусдын үгийг голж шилэлгүй хамж аваад, хаалга үүдэндээ хадаж магадгүйг замын хаягууд гэрчлээд байна уу даа! Ташуураар хамгаалсан эх орноо тархиараа хамгаалах цаг иржээ, монголчууд аа!


“Егөөтэй 99 тайлбар” номын “Эзэнт гүрнээ дагаж эзэн суусан монгол үгс” өгүүллийн хэсгээс


Saturday, January 30, 2016

Орчуулгын уралдааны ялагчид шагналаа гардаж авлаа

Зүүн гар талаас 2 дахь нь Г. Сугиррагчаа
Монголын Орчуулагчдын Эвлэлээс гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Дэлхийн сонгодог богино өгүүллэгийн орчуулгын уралдаан”-ы дүн гарч, шалгарсан бүтээлийн эздийг шагнаж урамшуулах ёслолын ажиллагаа "Аз хур" номын их дэлгүүрт болж өндөрлөлөө. Энэ жилийн шалгаруулалтад 33 орчуулагчийн 50 гаруй өгүүллэг ирснээс 29 бүтээл шигшигдэж “Сонгодог өгүүллэгийн дээжис 3” номонд багтжээ. 

Уралдаанд бүтээлээ сойсон орчуулагчдын хувьд англи, франц, герман, япон, солонгос, хятад, орос, түрэг, польш зэрэг хэл дээрх өгүүллэгүүдийг эх хэл рүүгээ хөрвүүлсэн байна. 
Оролцсон бүтээлээрээ байр эзэлсэн орчуулагчдад шагнал гардуулж, баяр хүргэхээр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт дуун хөрвүүлэгч, өдгөө 88 насыг зооглож буй Ж.Гэндэндарам гуай, МУСГЗ, Дуун хөрвүүлэгч цолтой Ж.Нэргүй гуай иржээ.
Тусгай байрт Оросын их зохиолч Александр Иванович Куприны “Ариун хайр” өгүүллэгийн орчуулгаар Ч.Будьханд, Туркийн зохиолч Өмэр Сэефэттины “Өртөг” өгүүллэгийн орчуулгаар Т.Загарпэрэнлэй, Тусгай байрт Солонгосын зохиолч И Ги-Ёны “Ядуус” өгүүллэгийн орчуулгаар М.Амартайван нар шалгарчээ. 



Харин Гутгаар байрт Америкийн зохиолч Эдгар Аллан Погийн  “Үнэнийг өчих зүрх” өгүүллэгийн орчуулгаар Б.Урангуа, Дэд байрт Америкийн зохиолч эмэгтэй Кэйт Шопены “Аадар” өгүүллэгийн орчуулгаар Г.Сугиррагчаа нар шалгарсан бол уралдааны Тэргүүн байрын шагналыг Японы зохиолч Ясүнари Кавабатагийн “Изүгийн бүжигчин охин” өгүүллэгийн орчуулгаар О.Намуун хүртжээ.

Ж.Нэргүй гуай залуу үеийнхэндээ хандаж “Эх хэлээ сайн сурч, судлаад мөсөн дээр биш тосон дээр гулгаж буй мэт уран яруу хэллэгтэй орчуулга хийдэг болоорой” хэмээн захисан юм.

Ийнхүү шагнал гардуулах ёслолтой хамт уралдаанд ирсэн бүтээлүүдээс шигшиж багтаасан “Сонгодог өгүүллэгийн дээжис 3” номын нээлт болж, бүтээл нь номонд багтсан оролцогчдод дээжээс нь бэлэглэсэн юм.

Дэд байрын шагналт Г. Сугиррагчаа ХИС-ийг англи хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн юм.

Г. Сугиррагчаадаа ХИС-ийн Англи хэл, соёлын тэнхмийн багш, оюутнуудынхаа нэрийн өмнөөс баяр хүргэж, орчуулгын ажилдаа улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.


Friday, January 8, 2016

600 хөтөч, тайлбарлагчийг өнөөдрөөс бүртгэнэ


АСЕМ-ын тухай товчхон: 1996 онд анхны 26 гишүүнтэй үйл ажиллагаагаа эхэлсэн Ази-Европын Уулзалт буюу АСЕМ нь өнөөдөр Ази тивийн 21, Европын 30 улс, 2 олон улсын байгууллага (Европын Холбооны Комисс, АСЕАН буюу Зүүн өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн нарийн бичгийн дарга нарын газар)-ыг нэгтгэсэн Засгийн газар хоорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны албан бус үйл явц юм. АСЕМ-ын яриа хэлэлцээ нь эрх тэгш харилцаа, харилцан хүндэтгэх зарчимд суурилах бөгөөд улс төр, эдийн засаг, нийгэм соёлын нийтлэг, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн хоёр тивийн харилцааг ойртуулан бэхжүүлэх зорилготой.

11 дэх удаагийн Дээд хэмжээний уулзалтаас гадна 9 салбар хуралдаан, чуулган зохион байгуулагдах бөгөөд энэ арга хэмжээнүүдийг өндөр түвшинд зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Нийслэлийн Хөдөлмөрийн газар нь 600 хөтөч, тайлбарлагчийг бэлтгэх бүртгэлийн арга хэмжээний нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Уг үйл ажиллагааг өнөөдөр “Чингис хаан” зочид буудлын 1 давхрын танхимд 11:00-16:00 цагт зохион байгуулна.

Бүртгүүлэх иргэдэд тавигдах шаардлага:

·         Англи, Хятад, Солонгос, Япон, Орос, Герман, Франц хэлний ярианы чадвартай байх,
·         Синхроны орчуулга хийх чадвартай иргэд,
·         20-60 насны иргэд хамрагдах,
Үйлчилгээ, зохион байгуулалтын ажилд өөрийн ур чадвар, мэдлэгээс хамаарч оролцоно.

Бүрдүүлэх материал:
·         Иргэний үнэмлэх /хуулбар/
·         2% цээж зураг
·         Диплом, сертификатын хуулбар /гадаад хэлний/

Дэлгэрэнгүй мэдээлэл болон БҮРТГҮҮЛЭХДЭЭ:
Нийслэлийн Хөдөлмөрийн газар
Хаяг: Нийслэлийн Засаг захиргааны IV байр, 7 давхар
Утас: 7011 0502, 7012 0502, 7013 0502, 7014 0502
Факс: (976)-11-329752
НЭГДСЭН ЛАВЛАХ: 1800 1896
Цахим хаяг:www.ubbirj.ub.gov.mn



НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН ГАЗАР

Thursday, December 31, 2015

Шинэ оны мэнд хүргэе!
Bonne année!
Akemashite Omedetou Gozaimasu!
あけまして おめでとう ございま
Sehe Bokmanee Bateuseyo!
새해 많이 받으세요
A Happy new year!
С Новым годом!
Ein glückliches neues Jahr!
Xin nian yu kuai le!
新年快 

Sunday, November 22, 2015

Гэмт хэргийн зориулалтаар кодчилсон програм нь өгөгдлийг бүр мөсөн ажиллагаагүй болгодог


Цахим гэмт хэрэг үйлдэхэд ашигладдаг Power Worm гэх вируст өртөж цоожлогдсон файлууд ахин сэргээгдэх боломжгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Хэрэглэгчээс мөнгө нэхэмжилдэг вирусууд ихэвчлэн хохирогчид их хэмжээний мөнгө төлсөн тохиолдолд файлуудыг нь буцаан хэвийн байдалд оруулж өгдөг.
Харин энэ төрлийн Power Worm гэх вирус нь файлыг хэвийн байдалд оруулахад чухал ач холбогдолтой түлхүүрүүдийг устгадаг байна.
Хакеруудын бүтээсэн энэхүү вирус вэб сайтуудад байршсан байдаг ба серверт сууж өгөгдлүүдийг түгждэг.
Бэлэн мөнгө шилжүүлэх
Power Worm вирус нь MicrosoftWord, Excel програмууд дээр хийгдсэн файлууд руу халддаг байсан бол сүүлд гарсан хувилбар нь халдлагад өртсөн компьютерын бусад төрлийн файлуудад ч халддаг болжээ.
Хууль бус, гэмт хэргийн чанартай програм хангамж судлаач Натан Скотт вирусын шинэ хувилбар болон тус вирусыг сайжруулах явцад гаргасан алдааг нь олж илрүүлсэн байна.
Скотт гуайн үзэж байгаагаар уг вирус-програмыг бүтээгч этгээд файлыг буцаан сэргээх үйлдлийг хялбар болгон өөрчлөх үедээ алдаа гаргасан аж. Мөнөөх этгээд түгжигдсэн файлыг сэргээх зөвхөн нэг түлхүүрийг бүтээх гэсэн боловч уг үйлдлийг хийдэг процессыг устгасан байж болзошгүй юм. Үүний улмаас төлбөр төлсөн ч далдлагдсан файлд ямар нэг түлхүүр үүсэхээргүй болсон ажээ.
Харамсалтай нь, энэхүү вируст өртөж хохирсон хэрэглэгчид энэ байдлаас гарах аргагүй юм. Хэрэв та уг вируст өртөж хохирсон бол таньд компьютераа форматлахаас өөр зам байхгүй гэж вирус судлаач Лауренс Абрамс Bleeping Computer tech мэдээллийн сайтад нийтэлжээ.
Тэрээр хэлэхдээ, Power Worm вируст өртсөн хэн ч байсан хакеруудын шаардаад байгаа 2 bitcoin буюу 500 орчим паундтай тэнцэх мөнгийг төлөх ямар ч хэрэггүй. Учир нь та энэхүү мөнгийг төллөө ч тэд файлыг буцаан сэргээж чадахгүй юмсанж.
Энэ төрлийн вирус цахим ертөнцөд хурдацтайгаар тархаж байгаа ба нэгэн гэмт бүлэглэл Linux үйлдлийн системийн веб серверт халдахаар зэхэх болжээ. Оросын анти-вирусын програм бүтээгч компани Dr Web дээрхи вирустэй ижил вирус-програм болох Linux.encoder програмыг мөн олж илрүүлсэн байна. Энэ нь add-ons систем ашигладаг сайт руу халддаг. Худалдааны ихэнх сайтууд дээрх системийг ашигладаг юм.
Хэрэв вирус нэгэнтээ серверт суусан бол уг вирус нь компьютерийн үндсэн болон туслах директоруудыг ашиглан бүх төрлийн файлыг цоожилж, дахин ашиглах боломжгүй болгодог. Linux.encoder нь хохирогчдод1 bitcoin төлж өөрсдийн файлаа хэрхэн сэргээх тухай зааварчилгааг текст файлаар үлдээдэг байна.
Цахим гэмт хэргийн ертөнцөд хохирогчдоос их хэмжээний мөнгө нэхэмжилдэг вирус-програм нь бидэнд тулгараад буй том асуудлуудын нэг хэмээн Palo Alto Networks-н Европ дахь салбарын ахлах хамгаалалтын ажилтан Грег Дэй хэлжээ.  
Хамгаалалт султай төлбөрийн картыг хакерууд голчлон онилж байна. Үүнээс үүдэн вирус- програмууд  хэрэглэгчдээс ахиу хэмжээний мөнгө шаардаж байна хэмээн мөн тэрээр онцолсон байна.
Palo Alto-ын судлаачид болон тэдний түнш байгууллагууд Cryplo Wall family гэх томоохон вирусны цаана 325 сая ам.доллар байгаа гэж үзэж байна.
“Файлыг буцаан тайлж хэвэнд нь оруулах нь их чухал. Үүний тод жишээ бол дээрх үнийн дүн юм” гэж ноён Дэй хэлсэн байна.
Мөн тэрбээр “компьютерийн файлуудаа илүү хувилан нөөцөлж авч байх нь хувь хүн болон аж ахуйн нэгжүүдийг халдлагад өртөж, хакеруудад төлбөр төлөх эрсдлээс хамгаалах юм” хэмээжээ.

Англи хэлнээс орчуулсан ХИС-ийн компьютерийн 4-29 ангийн оюутан Б. Ерөөлт

Эх сурвалж: http://www.bbc.com/news/technology-34765484



Friday, November 20, 2015

Охфордын толь бичгийн 2015 оны онцлох үг



Oxford Dictionaries Word of the Year 2015 is…





That’s right – for the first time ever, the Oxford Dictionaries Word of the Year is a pictograph: 
, officially called the ‘Face with Tears of Joy’ emoji, though you may know it by other names. There were other strong contenders from a range of fields, outlined below, but emoji was chosen as the ‘word’ that best reflected the ethos, mood, and preoccupations of 2015.
Why was this chosen?
Emojis (the plural can be either emoji or emojis) have been around since the late 1990s, but 2015 saw their use, and use of the word emoji, increase hugely.
This year Oxford University Press have partnered with leading mobile technology business SwiftKey to explore frequency and usage statistics for some of the most popular emoji across the world, and emoji was chosen because it was the most used emoji globally in 2015. SwiftKey identified that emoji made up 20% of all the emojis used in the UK in 2015, and 17% of those in the US: a sharp rise from 4% and 9% respectively in 2014. The word emoji has seen a similar surge: although it has been found in English since 1997, usage more than tripled in 2015 over the previous year according to data from the Oxford Dictionaries Corpus.
 

A brief history of emoji
An emoji is ‘a small digital image or icon used to express an idea or emotion in electronic communication’; the term emoji is a loanword from Japanese, and comes from e ‘picture’ + moji ‘letter, character’. The similarity to the English word emoticon has helped its memorability and rise in use, though the resemblance is actually entirely coincidental:emoticon (a facial expression composed of keyboard characters, such as ;), rather than a stylized image) comes from the English words emotion and icon.
Emojis are no longer the preserve of texting teens – instead, they have been embraced as a nuanced form of expression, and one which can cross language barriers. Even Hillary Clinton solicited feedback in the form of emojis, and emoji  has had notable use from celebrities and brands alongside everyone else – and even appeared as the caption to the Vine which apparently kicked off the popularity of the term on fleek, which appears on our WOTY shortlist.


Thursday, September 17, 2015

АСЕМ-ЫН ОРЧУУЛАГЧДЫГ ШАЛГАРУУЛАХ БАГ ЕВРОПЫН ХОЛБООНООС ИРЖ АЖИЛЛАВ


2016 оны 7-р сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах АСЕМ-ын 11-р Дээд түвшний уулзалтын үеэр англи хэлээр шууд орчуулга (синхрон) хийх зарим орчуулагчийг сонгон шалгаруулж, сургалтад хамруулахаар ГХЯ болон Европын Холбооны хооронд хэлэлцэж тохирсны дагуу шалгалтын баг 2015 оны 9-р сарын 14-15-нд Улаанбаатарт ажиллалаа. Уг сонгон шалгаруулалтыг Европын Холбооны Орчуулгын Ерөнхий газрын Төслийн менежер, Хатагтай Биргит Гёоце, Европын Холбооны Монгол болон БНХАУ дахь төлөөлөгч, Ноён Том Пэрт нар удирдан явууллаа. Сонгон шалгаруулалт нь Европын Холбооноос боловсруулсан аргачлалын дагуу чөлөөт болон сэдэвчилсэн ярилцлага хэлбэрээр явагдсан бөгөөд ярилцлагад нийт 25 орчуулагч оролцсоноос 6 хүртэл хүнийг сонгож, Европын Холбооны зардлаар дээр дурдсан сургалтад хамруулахаар болоод байна

Monday, August 17, 2015

Skype орчуулгын програмтай боллоо

Зөгнөлийг бодит боломж болгож буй олон хэлний орчуулга хийх чадвартай туршилтын Skype програмыг хэрэглэгчид татаж авахад бэлэн болжээ. Microsoft-ийн Skype Translator Preview нь одоогоор олон хэлээр орчуулж чадахгүй ч нилээд ирээдүйг харсан ажил болж чаджээ.

Компани хэлэхдээ програмын бета хувилбарыг бүх Windows 8.1 болон 10 ахисан түвшний хэрэглэгчид ашиглах боломжтой бөгөөд заавал бүртгэлтэй хэрэглэгч байх эсвэл нэрээ жагсаалтанд бичүүлэх зэрэг шаардлагагүйгээр шууд хэрэглэж үзэх боломжтой юм байна.

Хэрэв та Итали, Мандарин, Испани хэлээр ярьдаг хэн нэгэнтэй орчуулгатай харилцан яриа үүсгэхийг хүсвэл Windows Store-оос програмаа үнэгүй татаж аваарай. Програм нь мөн бичгийн 50 гаруй хэлийг ч орчуулна. Орчуулгын програм нь стандарт Skype програм шиг харагдах хэдий ч гол өөрчлөлт нь ярьж буй хүний нэрэн дор гарах товч юм. Энэ програм өөрөө хэлээ автоматаар таниж ажиллахгүй, харин та яриа эсвэл харилцан чат эхлэхээс өмнө өөрөө хэлээ сонгож өгөх юм байна. 
Орчуулгын үеэр Майкрософт таныг зүүдэг чихэвч болон микрофон ашиглахыг зөвлөжээ. Мөн Wi-fi хэрэглэхийн оронд LAN интернэт ашиглахыг зөвлөж байна. Орчуулагдаж байгаа дуудлага нь ихэвчлэн энгийн дуудлагаас илүү их цаг авдаг гэнэ. 

Орчуулгын програм хичнээн туршилтын мөн хэдхэн хэлний сонголттой хувилбар дээрээ явж байгаа ч гэсэн олон нийтэд нээлттэй тавигдсанаар онлайн харилцааг нэг түвшин ахиулж чаджээ.

Онлайн ертөнцөд аман ярианы шууд орчуулга хийх боломжийн талаар олон технологи шүүмжлэгчид, ирээдүйг зөгнөгчид, хэвлэл сонингийнхны хүсэл мөрөөдөл байсаар ирсэн билээ. Харин одоо биелэлээ олоход ойрхон байна. Энэ бүхэн Google-ээс биш харин Майкрофотоос эхлэн гарч байгаа нь бүүр ч сонин.

Tuesday, April 14, 2015

Орчуулгын клубынхан орчуулагчидтай уулзлаа

Жил бүр зохион байгуулдаг Орчуулагч, судлаачидтай хийх уулзалтад Орчуулгын клубын урилгаар ХИС-ийг төгсөгч Д. Аюуш, Т. Алтанцэцэг нар зочиноор оролцож уран зохиолын орчуулга ба аман орчуулга хийх, мөн гадаад хэл сурах  арга туршлагаасаа хуваалцаж оюутнуудтай сонирхолтой сайхан яриа өрнүүллээ.
ХИС-д Харьцуулсан уран зохиолоор магистр, Австралийн Сидней хотын Технологийн Их сургуульд Мэдээллийн менежмэнт, цахим-сургалтын чиглэлээр тус тус магистрын зэрэг хамгаалсан, Стенфордын ИС, Кентаки мужийн ИС, Сан Франциско хотын коллежид урилгаар лекц уншиж, ХИС-д Англи, Америкийн уран зохиол, соёлын антропологи зэрэг хичээлийг зааж байсан багш Д. Аюуш  “Орчуулагч хүн улс орныхоо түүх, соёл, нийгмийн хөгжлийн өмнө томоохон үүрэн хариуцлага хүлээдэг... Зохиолчийн хэлэх гэсэн санааг зохиол бүтээлээр нь дамжуулан өөртөө ойлгож аваад өөр нэгэн хэл рүү буулгаж уншигчдад хүргэж ойлгуулна гэдэг хамгийн хүнд ажил” хэмээн орчуулагчийн хөдөлмөрийн хэцүүг хэлээд  “Олон гадаад хэлтэй хүн олон ертөнцөөр аялах боломжтой байдаг. Оюутан залуус сурч байгаа гадаад хэлнийхээ уран зохиолын сайн бүтээлүүдээс сайтар унших хэрэгтэй юм. Гадаад ба монгол хэл дээр дор хаяж тус бүр арав, арван номыг уншаарай” хэмээн зөвлөлөө. Тэрбээр Ж.К Роулингийн “Харри Поттер”, У. Шекспирийн “Венецийн хоёр худалдаачин”, “Монгол ардын үлгэр”-ийн 2 боть болон өгүүллэг, жүжгийн зохиол олныг орчуулсан юм.
Харин ХИС-д зэрэгцүүлсэн хэл шинжлэл, Францын Литоралын ИС-д францын хэл шинжлэл, Францын Лилл хотын Политехникийн ИС-д аялал жуулчлалын менежментийн магистрын зэрэг тус тус хамгаалсан, өдгөө ХИС-д франц хэлний багш Т. Алтанцэцэг “Орчуулгын бүтээл туурвина гэдэг соён гэгээрүүлэх хүндтэй ажил юм... Орчуулагч хүн маш өргөн мэдлэгтэй болдог”  “Би орчуулах тусам өөрийгөө голдог” “Орчуулахын тулд зохиолоо хэдэнтээ сайн унш. Гадаад хэл соёл сурч байгаа хүн  мэргэжлийн тамирчин шиг байнгын бэлтгэл хийж мэдлэг чадвараа үргэлж сайжруулж, бас ашиглаж бай” хэмээн оюутан залууст захилаа.
Тэрбээр Х. Хессегийн “Сиддхартха” роман, Г. Д. Мопассаны “Гар”, “Матео Фалкон” өгүүллэгүүд, мөн кино, тэмдэглэл, ном, гарын авлага зэрэг олон ном бүтээлийг монгол, франц  хэл рүү орчуулж, хянан тохиолдуулсны зэргэцээ,  төр засгийн болон олон улсын байгууллагын төлөөлөгчдийн айлчлал, олон улсын чуулга уулзалтад хэлмэрчээр ажиллаж байсан туршлагаасаа оюутан залуустаа сонирхууллаа.

Уулзалтын явцад оюутнууд сонирхсон асуултдаа хариулт авч, мөн уулзалтын төгсгөлд зочид маань орчуулгын уралдаанд бүтээл нь шалгарсан оюутнуудад шагнал гардуулан өглөө. 

Monday, April 6, 2015

ОРЧУУЛГЫН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА


Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Орчуулгын клубээс зохион байгуулсан эссэ болон богино өгүүллэгийг  орчуулах уралдааны дүн гарлаа. Орчуулгын уралдаанд их дээд сургуулийн 40 гаруй оюутан оролцож орчуулах авъяас чадвараа сорьжээ. 
Уралдаанд оролцогчид ХИС-д судлан үздэг англи, орос, франц, герман, япон, солонгос, хятад хэлний эссэ эсвэл өгүүллэгийн аль нэгийг орчуулж өрсөлдсөн байна.  
Уралдаанд оролцогчдын бүтээлийг хэл тус бүрээр нь шалгаруулснаас Тэргүүн байрыг  Т. Зориг /орос  хэл/, Э. Цагаанцоож /франц хэл/, Б. Цэлмэг /хятад хэл/, М. Амаржаргал /англи хэл/, Дэд байрыг Г. Дэлгэрмаа /орос хэл/, Д. Цэцэнбаяр /солонгос хэл/, Ц. Цэнгүүмаа /хятад хэл/, М. Онон /франц хэл/, Х. Эгшиглэн /англи хэл/, Гутгаар байрыг Ц. Боролдой /орос хэл/, Ц. Энхмөрөн, М. Дэлгэрмаа /герман хэл/, Б. Хишигбаяр /хятад хэл/, Г. Лхам-Эрдэнэ,  Ж. Дэлгэрмаа /франц хэл/, Х. Алтантамир /япон хэл/, Д. Энх-Амгалан /англи хэл/ нар тус тус эзэллээ. Орчуулах эрдэм, авъяас билгээрээ манлайлж орчуулсан бүтээл нь шалгарсан дээрх хүмүүсийг Хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
Уралдаанд идэвхитэй оролцож бүтээлээ ирүүлсэн бүх хүчтэй өрсөлдөгчиддөө, тэдгээрийн дотроос ХИС-ийн оюутан Э. Намуундарь, Азжаргал, МУИС-ийн оюутан Мөнхсайхан, Шүрэнцэцэг, Баянхонгор аймгийн ХҮДС-ийн оюутан М. Пүрэвсүрэн, Б. Должин, ОХУ-ын Эрхүү хотын Их сургуулийн оюутан Т. Мягмарнаран, , хувиараа хөдөлмөр эрхлэгч О. Жавхаа нарт хичээл сурлага, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

Шалгарсан бүтээлүүдийг удахгүй блогт оруулна.

Monday, March 30, 2015

УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА


ХИС-ийн Орчуулгын клубээс зохион байгуулдаг уламжлалт уулзалтад ХИС-ийн төгсөгч Д. Аюуш,        Т.Алтанцэцэг нар уригдан ирж уран зохиолын орчуулга, аман орчуулгын талаар сонирхолтой яриа өрнүүлж, орчуулах ажлын арга, туршлагаасаа хуваалцах тул оюутнуудыг уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна.


Уулзалт: 2015 оны 4-р сарын 3-ны Баасан гарагт ХИС-ийн II-304 тоот Эрдмийн Өргөөнд болно.  

Sunday, March 15, 2015

Орчуулгын клуб уламжлалт орчуулгын уралдаанаа зарлалаа

ХИС-ийн Орчуулгын клуб жил бүр оюутнуудынхаа дунд үргэлжилсэн үг, яруу найргийн орчуулгын уралдааныг зохион байгуулдаг билээ. Харин энэ удаад  англи, орос, герман, франц, хятад, япон, солонгос хэлнээс эссэ болон богино өгүүллэг орчуулах уралдаан зарлалаа. Мөн тус клуб 2014 оны 11-р сард их дээд сургуулиудын дунд орчуулгын шүүмжийн уралдааныг зохион байгуулсан байна.  

Уралдааны болзол

 ОРЧУУЛГЫН УРАЛДААН

Уралдаанд оролцогч нь Орчуулгын клубээс бэлтгэсэн англи, орос, герман, франц, хятад, япон, солонгос хэл дээрх эссэ болон өгүүллэгийн аль нэгийг сонгон монгол хэл рүү орчуулна.
Шагнал
1-р байр-1 Өргөмжлөл, мөнгөн шагнал /Хэл тус бүрээр/
2-р байр-1 Өргөмжлөл, мөнгөн шагнал /Хэл тус бүрээр/
3-р байр-1 Өргөмжлөл, мөнгөн шагнал /Хэл тус бүрээр/

Шагналын нийт сан нэг сая төгрөг.

Шалгарсан бүтээлүүдийг  Орчуулгын клубын блог, фэйсбүүк, Оюутны орчуулгын бүтээлийн эмхтгэл зэрэгт нийтэлж нийтийн хүртээл болгоно.
Орчуулах эссэ, өгүүллэгийг Орчуулгын клуб эсвэл www.translationclub.blogspot.com –ын Орчуулгын уралдаан цэснээс авна уу. Уралдааны дүнг 4-р сарын 3-ны  өдөр зарлаж, шалгарсан оюутнуудад шагнал гардуулна.
Орчуулга хүлээн авах
Орчуулгаа Calibri үсгийн 11 хэмжээгээр бичих ба 3-р сарын 31-ийг хүртэлх өдрүүдэд цаасаар Орчуулгын клубт, цахимаар humanitiestranslate@gmail.com хаягт ирүүлнэ. 

Харилцах утас: 95959194

ОРЧУУЛГЫН КЛУБ