Monday, December 12, 2016

Орчуулга буюу монгол сэтгэлгээ


Монгол залуу ходоод нь хонхолзож, хоёр гурван удаа хоолоо “нахисан” лалын шашинтай найзаа “Гахай шиг их идлээ!” гэж шоолбол махыг нь ч иддэггүй турк эр хорвоогийн хамгийн заваан амьтантай зүйрлүүлсэндээ гомдож, андын тангаргаа ч тасалж магадгүй.
Америк, итали, испани, монгол 4 залууг дурлуулсан гоо бүсгүй бүгдэд нь “Чи яг тахиа шиг юм аа!” гэвэл америк эр “Хэзээ яаж хулчийлаа?" гэж өнгөрснөө бодно. Итали нь “өөдгүй хог”-оороо дуудуулахдаа хүрсэн гэмээ хайж байхад испани залуу “Би түүнд сайхан харагддаг юм байна. Би сайхан залуу!” гэж хөөрцөглөнө. Харин монгол залуу “Үд хүртэл унтаж, үхрийн дуунаар босдоггүйг минь яаж мэдсэн юм бол оо?” гэж баярлах гайхах зэрэгцэнэ. 
Юу яриад байна вэ гэхээр “Хүн орчин ахуй, шашин соёл, яс үндсээрээ ялгарч, өөр өөрөөр сэтгэж, эх хэлээрээ илэрхийлнэ” гэх хэл шинжлэлийн онолыг энгийн жишээгээр тайлбарлаж, хялбар ойлгуулах гэж хичээгээд байна л даа. 
Хөгшин хөвөөгүй мэдэх нэгэн орчуулгаар дахин тайлбарлая. Газар тариалан эрхэлдэг нутгийн хүү Гоголь “Тарас бульба” романдаа Тарасын урвагч хүүгээ буудан хороох үеийг хурганы зүрхэнд сум зоохтой адилтгажээ. Харин уг зохиолын монгол орчуулагч Ри багш ашиг шимээр нь амьдарч ирсэн хониныхоо төлийг харваж зүрхлэлгүй янзгаар сольж,  албаар “буруу” орчуулсан байдаг.
Сэтгэлгээ гэгч ийм нарийн тул орос, америк, солонгос мэт гадны хүнийг учиргүй дуурайх нь зохимжгүй. Үүнийг ухаарч монгол сэтгэлгээ, эх хэлээ алдалгүй зүйтэй сайхан яригчдыг “Жинхэнэ эх оронч!” гэж өргөмжилье.
“Егөөтэй 99 тайлбар” номын “Дөрвөн зантай тахиа”  өгүүллийн хэсгээс


Tuesday, November 29, 2016

Тооны хэл ба гадаад дотоодын сэтгэхүйн ялгаа


Эх хэлнийхээ элдэв сониноос хуучилъя
Миний дүү охинтой боллоо. Дүүгийн төрсөн хоёрдугаар төрөхөд монгол хэл зааж байсан англи шавь маань явж байна. Эхнэр нь манай дүүтэй бараг зэрэг төрсөн байх юм. Муулаад байдаг улсын эмнэлгийг гайгүй цалинтай гадаад залуу “тоож” эхнэрээ төрүүлнэ гэдэг сайхан хэрэг.
Хэдэн жил уулзаагүй шавь “...Том охин маань арван найман сартай. Сая харин хүү төрлөө. Над шиг л өндөр хүүхдүүд болох байх даа. Би хоёр зуун арван см өндөр л дөө” гээд сайхан монголоор хөөрөнгөө ТҮЦ-ийн эгчээс “Энэ печень ямар үнэтэй вэ?” гэж асуулаа. Худалдагч “Хоёр мянга дөрвөн зуу” гэхэд “хорин дөрвөн-зуу (twenty four hundred)” гэж өөрөө өөртөө англиар “орчууллаа”.
Таван жилийн өмнө анх Монголд ирж байсан англи залуу монгол хэлийг бараг л сурчээ. Шавь маань охиноо арван найман сартай, өөрийгөө хоёр зуун арван см өндөр гэж хэлээд, худалдагчийн хоёр мянга дөрвөн зууг хорин дөрвөн-зуу гэж монгол сэтгэлгээнээс америк сэтгэлгээрүү “орчуулалгүй” шууд ойлгосон бол багш нь бараг л гэж голсхийлгүй “Яалт ч үгүй сайн сурчээ!” гэж магтах байлаа. Өрнийн шавь маань дорнын бидний 1 ой+6сар, 2 метр+10см гэж бүхэлдэн нэгтгэж сэтгэдгийг 12сар+6сар=18 сар, 200 см+10см=210 см, 24х100=2400 гэж задлан хэсэглэж сэтгэдэг болоод энэ л дээ. Нэг бодлын аргагүй. Сэтгэлгээ гэдэг яс маханд шингэсэн байдаг болохоор тэгтлээ амар арилахгүй.
Гэртээ харих хооронд америк шавь фэйсбүүк дээрээ “20 доль-15 минут-14 цаг-5-ны өдөр-3 дугаар сар-2015 онд хүүтэй боллоо.” гэж баяраа хуваалцжээ. Бас л өрнийн сэтгэхүйгээрээ тусгайгаас ерөнхий рүү буюу жижгээс том руу сэтгэж бичсэн нь энэ. Харин миний дүү монгол хүн болохоороо дорнын сэтгэлгээгээр 2015 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 14 цаг 15 минут 19 секундэд охинтой боллоо.” гэж ерөнхийгөөс тусгай руу ярина...

“Егөөтэй 99 тайлбар” номын “Дорнынхон томоос жижигрүү, өрнийнхөн жижгээс томруу сэтгэнэ” өгүүллийн хэсгээс

Monday, October 17, 2016

Орчуулгын ухаан


Гадаад хэл сурна гэдэг үг, үсгийг нь тогтоогоод л өгүүлбэр болгож амаараа гаргачихна гэсэн үг биш. Харийн хүнийг санаа бодол, сэтгэл, сэтгэлгээ, ахуй соёлтой нь алдалгүй сайхан ойлгоод, хэл нэгтнүүдийнхээ хэл, чих, тархи, зүрхэнд буулгана гэсэн үг. Ийм болоод алдарт орчуулагчид роман туужийг гадаадаар нь эхэлж уншчихаад хэдэн өдөр сараар тунгаан бодож, тархи, сэтгэлдээ бичиж, төсөөлөн харсныхаа дараа цаасан дээр буулгадаг зантай. Жишээлбэл, Пушкиний “Загас, загасчин хоёрын үлгэр” Ц. Дамдинсүрэн гуайн “гараар орохдоо” нэрээ “Алтан загасны үлгэр” гэж өөрчилсөн. Цаашлаад,
“Хөрст алтан дэлхийн хөвөө хязгаар нутагт
Хөх цэнхэр далайн эрэг ирмэг газарт...” гэж огт байхгүй мөрөөр эхэлдэг болжээ. Ринчен багш Гоголийн “Тарас бульба” романы хургыг янзага болгож, албаар буруу орчуулсан хэргийн учрыг “Дөрвөн зантай тахиа” өгүүллэгээрээ тайлсан билээ.  
Орчуулга гэх оломгүй далайн гүнээс сэтгэлгээ гэх хясаан дундах сувдыг ийн ялгах атугай үгийн утга гэх эргийн ил чулууг ч атгаж чадалгүй алдах нь эрт эдүгээгийн аль ч цагт байсан. Эртнийх нь гэвэл “Ханхүү, гуйлгачин хоёр” гэхийг “Жонон, гуйлгачин хоёр” гэж ташаарсны балгаар хааны хүүг жонон гэдэг гэж боддог бага ангийн хүүхдүүд бий болсон. Уг нь жонон гэж баруун Монголын захирагч ноёдын цол. Энэ бол хорьдугаар зууны тавь, жараад оны алдаа...
...Тэр үед эхлээд, энэ үед хүчээ авч байгаа өөр нэг орчуулгын алдаа бол “ноён”. Англи, орос хэлний энгийн иргэн, дарга сайд, төрийн ерөнхийлөгчийнхөө эр, эмийг ялгангаа хүндэтгэн дууддаг “Mr”, “Господин” гэдэг үгийг монгол хэлэнд “НОЁН” гэж буулгажээ. Энэ ёсоор “Ноён ерөнхийлөгч танаа!” гэвэл “Засаг ноён, ерөнхийлөгч танаа" гэсэн шүү юм болж, төрийнхөө тэргүүнийг хошууны ноён болгож тушаал буулгах гэмтэй. Энэ гэмийг угсаа залгамжилж, хошуу нутгаа захирч байсан Чин Ван Ханддорж, Сайн ноён Хан Намнансүрэн мэтийн ноёд батална. Тэгэхээр “ноён” гэдэг бол одооны аймаг, нийслэлийн засаг дарга нар гэсэн үг байх нь ээ, бараг. Бараг гэсний учир нь одоогийн засаг ноёд ноён ааваасаа бус намаасаа төрдөг болоод тэр.
Орос, англи шиг “Mr, Ms; Господин, Госпожа; he, she; он, она” гэж хүйсээр ялгадаггүй монгол хэлтнүүдэд “Эрхэм, Хүндэт” гэдэг үг эр, эмийн аль альд нь ялгаагүй сайхан зохино. “Монте Кристо гүн”, “Шадар гурван цэрэг” зэрэг алдарт романуудад хүндэтгэлийн энэ үгийг “Эрхэм”, “Эрхэм ээ!” гэж орчуулсан эртний уламжлал бий. Явж явж урилга заллага дээрээ “Эрхэм” гэж ёслоод, энгийн үед “ах аа, эгч ээ, эмээ ээ, өвөө өө, багш аа, дарга аа, та, гуай” гэсэн хүндэтгэлийн үгээрээ байх нь монгол хэлэнд өлзийтэй санагдана.
Өнгөцхөн хандсанаас болж өөр утгатай болж, хэлмэгдэж байгаа өөр нэг үг бол “эрос”. 1990 оны эхээр дуучин Ариунаагийн “Эрос намбэр ван” гэдэг тоглолтын шинэлэг дүр төрх хүмүүст тачаангуй аясыг төрүүлсэн бололтой. Уг нь дуучин маань тоглолтоо “Хайрын бурхан” гэж грекээр нэрлэсэн байжээ. Грек хэл мэддэггүй монголчуудад “тачаангуй” санагдсан энэ үг яван явсаар “секси” гэдэг утгатай болж ташаарсаар байна.
“Егөөтэй 99 тайлбар” номын “Төрийнхөө тэргүүнийг хошууны ноён болгож тушаал буулгасан өнөө цагийн түүх ” өгүүллийн хэсгээс


Friday, August 12, 2016

Эх хэлнийхээ элдэв сониноос хуучилъя


“Хождение по мукам” буюу “Зовлон туулсан нь” гэх зохиолын нэрийг “Гурил дундуур туучсан нь” гэж орчуулсан гэрийн даалгаврыг нь орос багш өмнө нь тавьж, шилэн дээгүүрээ харахад монгол оюутан хэрэг бишдсэнийг ойлгож арга сэдлээ. Монголчууд л болсон хойно цагийг нь тулгаж, өмнөх шөнө нь нойртой нойргүй сууж орчуулахдаа Алексей Толстойн зохиол гэдгийг нь анзаараагүй ажээ. Сэргэлэн оюутан “Би сонсоогүй, зүгээр уншсан!” гэж хээв нэг хэлж, тэрхэн үедээ өөрийгөө аргалжээ. “Сонссон бол мука(муука) гэж зовлонг хэлэв үү, мука (мукаа) гэж гурилыг дуудав уу гэдгийг төвөггүй ойлгох байсан.” гэж нэмж тайлбарлав. Хэлэнд нь урт эгшиг байхгүй болохоор орос багш амаа таглуулав.
Өргөлт гэгч нүдэнд харагдахгүй энэ зүйл эгшгийг дандаа өргөхгүй, хааяа буулгана. Заримдаа өргөөд буулгаж ч магадгүй, буулгаад өргөж ч мэднэ. Харин энэ бүхэнд заах утга нь өөрчлөгдөнө. Жишээ нь хятад хэлний “МА” ээж(),морь(), олс(), загнах(); “ГӨ” дуу(), асар(), зангилаа(); “НЯО”шувуу(), шээс(尿)гэсэн хэд хэдэн утгатай. Харин ханзаар бичдэг хятадуудад монгол оюутан шиг зовлонг гурил болгох шалтаг гарахгүйг та анзаараа биз ээ...
Нүдэнд үл харагдаж, чихэнд үл мэдэг анзаарагдах өргөлт гэгчийн усыг уусгах чадлыг анзаарч, зөв дуудахзүйг анхаарууштай!


“Егөөтэй 99 тайлбар” номын “Өргөлтөөр өргүүлсэн утгын тухай” өгүүллийн хэсгээс

Thursday, July 28, 2016

АСЕМ-ынханд англи хэлээрээ гайхуулсан бүсгүй



Англи хэлийг англи хүнээс нь илүү мэт эзэмшсэн бахдам чадвартай монгол бүсгүй сошиал медиад од болж байна. Түүний талаар ийн бичжээ.

АСЕМ-ийн үеэр Э.Содонтогос ерөнхийлөгчийн дэргэд зогсоод орчуулахад гадаадын зочид,  сэтгүүлчид өөрийн эрхгүй "Wow!" хэмээн дуу алдсан талаар хүмүүс ярьж бичин бүр биширч байна. Энэ сэхээтнийг бид та бүхэнд танилцуулъя.

Э.Содонтогос эх орондоо Гадаад Хэлний Дээд Сургууль /одоогийн Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль/-ийг англи-орос хэлний орчуулагч мэргэжлээр, Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийг банк, зээлийн эдийн засагч мэргэжлээр, БНСУ-ын Кун Хин Их Сургуулийн олон улс судлалын сургуулийг олон улсын улс төр-эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. Өөрөөр хэлбэл англи, орос, солонгос хэлэнд ус цас гэсэн үг. Бүр мэргэжлийн төвшинд шүү.

Харин ТВ үзэгчид энэ бүсгүйг "Face to Face" англи хэл дээрх нэвтрүүлгийн хөтлөгч байснаар андахгүй. Монголд төрийн хэмжээнд өндөр төвшинд орчуулга хийдэг хүн хуруу дарам цөөн ба тэргүүнд нь энэ бүсгүй бичигддэг юм билээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн орон тооны бус зөвлөх, шадар туслахаар ажиллаж байгаа тэрбээр өмнө нь НҮБ, АНУ-ын Монголд хэрэгжүүлсэн томоохон төслүүд, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд ажиллаж байсан "лут" амьтан.

Э.Содонтогос уул уурхайн салбарт мөн л мэргэжлийн англи хэлтэйгээрээ гайхагддаг ба хөрөнгө оруулалт томоохон төслүүдэд гар бие оролцдог. "Mongolian Mining Journal" уул уурхайн сэтгүүлийн үүсгэн байгуулагч, санаачлагч юм. Ийм нэгэн бүсгүй гадны төлөөлөгчдийг алмайруулан эрдэм мэдлэгээрээ улсдаа, зуун дамжин яригдах түүхэн үйл явдалд хувь нэмэр оруулжээ.

Э. Содонтогосыг таних, мэдэх хүмүүс авъяас чадвар, мэдлэг боловсрол, орчуулах эрдмийг нь шагшин магтахын зэрэгцээ түүний төгссөн одоогийн Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн талаар сошиал ертөнцөд “ХИС төгссөн буюу тэнд суралцдаг оюутнууд бусдаас “чадварлаг” нь мэдэгддэг билээ. Миний бие ч гэсэн 10 орчим жилийн өмнө япон хэлнийх нь ангийг төгсөж байхдаа “орчуулга хийнэ гэдэг чинь энэ шүү дээ гэдгийг жинхэнэ утгаар нь мэдэрч байсан юм. Үнэхээр чадварлаг багш нартай сургууль... Гадаад хэлийг өдөр бүр давтахгүй бол “цэцэг тарьчихаад тэрийгээ услахгүй байгаатай яг адил” юм” хэмээн бичиж байна.

Баярлалаа, Э.Содонтогос!

Эх сурвалж: zuvsongolt.mn, ru.vom.mn, www.facebook.com/tamirbuyan?fref=nf

Wednesday, July 27, 2016

Жэк Ма “Бусдаас илүү ажилч, хичээнгүй хүсэл мөрөөдөлтэй бай”


Жэк Магийн илтгэл бүрэн эхээрээ

Алибаба группын үүсгэн байгуулагч Жэк Ма бизнесийн амжилтын талаараа  Монгол залууст зориулж илтгэл тавьлаа. Илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Та бүхэнтэй солилцох гэсэн зарим санаа бий. Бизнес хэрхэн эрхлэх вэ талаар ихэвчлэн ярина.
Би 15-20 минутын турш ярина. Дараа нь асуултанд чинь хариулъя.
Тэнэг асуулт гэж байхгүй шүү. Асуух гэж бодсон бүх зүйлээ надаас асууж болно. Би яриад эхэлвэл зогсохоо мэддэггүй муу зуршилтай. Би Монголд хоёр дахь удаагаа ирж байна. Анх гурван жилийн өмнө ирж байсан. Гуравхан жилийн дотор Монгол улс хурдацтай хөгжсөн байна.

Монгол улс бол өргөн уудам нутагтай, баялаг түүхтэй, хоёр хамгийн том зах зээлийн яг дунд оршдог гэдгээрээ онцлогтой. Би хөх толботой төрсөн. Та бүхэн ч бас хөх толботой төрсөн. Хөх толботой төрдөг хүмүүс дэлхийд нийт 1,3 тэрбум байдаг.

Манай аав надад “чи дэндүү их юм мэдэх юмаа. Гэхдээ мэдлэг чинь маш гүехэн” гэж хэлдэг байсан. Аливаа зүйлийг ул суурьтай судалдаг байх хэрэгтэй. Нэг л зүйл дээр гүнзгийрүүлэн судалж, сурах хэрэгтэй гэж зөвлөдөг байсан. Маш олон залуус суралцах чадвар өндөртэй байдаг. Тэд ямар ч хичээлийг сонгон суралцаж болно.

Сониуч байна гэдэг танд юм сурах боломж байна гэсэн үг. Намайг хүмүүс их юм мэдэх юм, ямар олон зүйл мэддэг юм бэ гэж гайхширдаг. Би тийм мундаг хүн биш. Би олон удаа шалгалтандаа унаж муу дүн авч байсан. Харин олон удаа бүдэрч байсан өнгөрсөн амьдралаасаа хүн бүтэлгүйтдэг юм байна. Энэ бол амьдралын нэг хэсэг юм байна гэдэгтээ эвлэрсэн. Бусад хүн чамдзаавал туслах албагүй. Чи өөрөө өөртөө л тусална. Өөртөө туслахын тулд сурах, дэвжих хэрэгтэй.Суралцах тусам илүү зүйлийг сурах чадвартай болдог. Олон зүйлийг сурч болно. Би бага ч гэлтгүй зүйлийг энд тэндээс сураад, мэдлэгийнхээ санг баяжуулдаг. Би маш олон зүйлийг сонирхдог. Миний давуу тал бол сониуч зан. Энэ зан надад өдий түвшинд хүрэхэд тусалсан. Тиймээс сониуч зантай бай. Бүх зүйлийг сонирхож бай.

Би тийм агуу хүн биш. Миний хамгийн том давуу тал бол би чадварлаг багийг бүрдүүлж чадсан. Намайг төрөх үед технологийн хөгжил тийм сайн байгаагүй.
Бизнесээ эхлүүлэхдээ мөнгө босгох гэж цаг хугацаа алдаад хэрэггүй. Хэрэглэгчдээ ойлгоход хугацаа гарга. Миний нэгдүгээрт тавьдаг хүмүүс бол хэрэглэгчид. Хоёр дахь нь манай компанийн ажилчид. Хамгийн сүүлд хөрөнгө оруулагчид ордог. Энэ бол миний бизнест баримталдаг философи. Би өндөр технологийн компанитай болъё гэж бодсон. Хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглана гэж бодсон. Гэвч технологийг мэдэхийг хүсдэггүй, айдаг хүн олон. Би олон инженерээс бүтсэн багийг бүрдүүлсэн. Богино хугацаанд амжилт гаргаж байгаадаа сэтгэл дүүрэн байсан. Ийм учир үүгээрээ дамжуулж хүний амьдралыг өөрчлөх боломжтой юм байна гэж бодсон. Дэлхийн хүн амын 70-80 хувь нь өндөр технологид дургүй. Харин технологийг ашиглаад үр дүнд хүрэх юм байна гэдгийг мэддэг хүмүүс цөөхөн. Тийм хүмүүс бол миний ирээдүйн үйлчлүүлэгчид юм гэж ойлгодог.

30 жилийн өмнө би том компаниудыг мөн амжилттай яваа хүмүүсийг үзэн яддаг байсан. Билл Гейтс миний бүх ажлыг булаагаад авчихлаа гэж боддог байсан. Тэд миний дайсан мэт санагддаг байлаа. Тэр үед би хандлагаа эхлээд өөрчлөх ёстой юм байна гэдгийг ойлгосон.

Боломжууд хаа сайгүй байдаг. Хүмүүс гомдоллох тусам, түүний дотроос нь боломжийг олж харах хэрэгтэй. Мөн хүмүүс юун талаар гомдоллоод байна, тэрийг нь боломж болгож өгье гэж бодох хэрэгтэй.Монголын залуус сэтгэл дундуур байдаг мөн амархан бууж өгдөг. Тэгэх бүрдээ өөрийн чинь өмнө шинэ дэлхий, шинэ ертөнц нээлттэй байгааг бодох хэрэгтэй. Хуучин бид хэвлэмэл сонин уншдаг байсан. Манай аав сонин тэгж бичсэн байна лээ, радиогоор тэгж ярьдаг гэж ярьдаг байсан. Тэдэндээ итгэдэг. Гэтэл бид өнөөдөр маш олон эх сурвалжаас мэдээлэл авч байна. Өнөөгийн үе интернэтэд байгаа бүх зүйлд итгэдэг. Тэгэхээр дэлхий бүхэлдээ өөрчлөгдөж байгаа учир би ямар азгүй юм бэ гэж бодохын оронд би яаж өөрчлөгдөх вэ гэж бодох хэрэгтэй.

Залуус өөрийгөө би азгүй, би бүтэлгүй гэж боддог мөртлөө намайг энэ дэлхийн хамгийн азтай хүн гэж боддог байх. Билл гейтстэй уулзаж байснаараа ч гэдэг юмуу.
Гэтэл тийм биш. Бид амьдралдаа эерэгээр хандах хэрэгтэй. Амжилтанд хүрсэн хүмүүс байгаагаа үнэлж чаддаг, эерэг хандлагатай байдаг. Байнга гомдоллож байдаг хүмүүс амжилтанд хүрэх нь юу л бол.

Энэ дэлхийд оюун санааны коэффицент, сэтгэл хөдлөлийн коэффицент гэж чухал зүйлс байдаг. Хайрын коэффицент гэж бас бий. Хүмүүсийг хүндэлж, хайрлаж сурах хэрэгтэй. Хүмүүс рүү инээмсэглэ. Тэгвэл тэд хариу инээмсэглэнэ. Хүмүүсийг хайрлавал тэд таныг хайрлана. Өрсөлдөгчөө ч бас хайрлавал тэд ч таныг хайрлана. Энэ гурван коэффицентийг байнга бодож, салшгүй юм гэдгийг ойлгох хэрэгтэй.

Би тийм амжилттай биш, би онц сурдаг биш. Гэхдээ надад эрүүл чийрэг бие байна, залуу нас байна гэж бод. Өөрийгөө голоод л байвал хэн ч биш болно. Надад гэр бүл, хайртай хүмүүс байна. Би бууж өгөхгүй, зүтгэнэ гэсэн чин эрмэлзэлтэй амьдрах ёстой. Би заавал улстөрч, баян эсвэл өндөр амжилттай хүн болох ч албагүй. Гэхдээ гэр бүл, өөрийгөө болгох хэмжээний мөнгө олж байгаа бол байгаадаа талархаж байх хэрэгтэй.

Ухаантай хүн юу хүсч байгаагаа мэддэг. Илүү ухаантай нь юунаас татгалзаж чадах вэ гэдгээ мэддэг. Чамд юу байна, юунаасаа татгалзаж чадах вэ гэдгээ салгаж ойлгодог болох хэрэгтэй.Хүмүүс намайг их мөнгөтэй, баян гэж боддог. Гэхдээ би энэ мөнгө нь хүмүүс надад итгэсэн учир надад ирсэн гэдгийг бодож, энэ мөнгийг би бусдынх гэж боддог.
Залуус санаагаа бодонгуутаа бизнесээ эхлүүлэх цаг болоогүй байжээ гэж боддог. Заавал том компанид орох гэж, сайн даргатай болох гэж хичээх хэрэггүй. Мэдээж сайн боссоос их зүйл сурч, үлгэр дуурайл болно.

Яаж өсөн дэвжих вэ гэж байнга бодох хэрэгтэй. Дөнгөж гуч гарсан идэр насандаа байгаа та бүхний өмнө ирээдүй бүхэлдээ банйа.

Та бүхэн юуг их сайн хийж чадаж байна. Түүндээ л илүү их хүчин чадлаа төвлөрүүл. Би залуу учир миний урд олон жил байна гэж бодож байгаа байх. Гэхдээ одооноос би юуг илүү сайн хийж чадаж байнаа гэдгээ бодох хэрэгтэй. Харин 50, 60 хүрсэн үедээ залууст яаж тусалж чадах вэ гэдэг талаар бодож эхлэх ёстой. Харин 70 хүрэх юм бол наранд биеэ ээгээд жаргаж болно.

Тийм учир та бүхэн хэзээ ч битгий гомдоллож бай. Дэлхий өөрчлөгдөж байна. Илүү сайн, илүү эерэг тал руугаа хөгжиж байна гэдгийг бид ойлгох ёстой. Би та бүхэнд өөдрөг сэтгэлгээтэй байцгаа гэдгийг хэлмээр байна.Гэхдээ мэдээж хүн бүр ингэж амьдардаггүй. Өнөөгийн энэ ертөнц маш хурдацтай өөрчлөгдөж байна. Өнөөдөр цаг хугацааны эцэс биш.

Ирээдүйдээ ямар байх вэ гэдэг дээр хүн бүхэнд тодорхой томьёог хэлж өгч чадахгүй. Гэхдээ технологийн хөгжил урагшилж байна, энэ дэмжлэгтэйгээр амжилтууд олон гарч байна. Мэдээж тоног төхөөрөмж, ухаалаг машинууд олноор бүтээгдэж байна. Хэдэн жилийн өмнө бид интернэт гэж юу байдгийг мэддэггүй байлаа. Гэтэл одоо бол цахилгаан эрчим хүчтэй адил байдаг л зүйл болчихлоо.

Ертөнц ийм хурдан хөгжиж байгааг ойлгож, түүнээс боломжийг эрэлхийлж амьдрах ёстой. Технологийн дэвшил 30 жил болж байж гардаг. Эхний 10 жилд судалгаа явдаг, дараагийн 20 жилд боловсруулж, дараа нь ашиглаж эхэлдэг.
Сайн тал нь хүмүүсийг ахиж, дэвшихийг шаардаж байна. Интернэтийн технологийн ашиглалтын үе буюу гурав дахь дээр нь явж байна. Өнөөгийн дэлхий дээр технологийн дэвшлийг хэрхэн ашиглаж амьдрах вэ гэдгийг хүн бүр бодож байна. Сөрөг тал нь байгаль дэлхийд маш их ачаалал ирж байна.Интернэт хөгжөөд дөнгөж 20, 30 жил л болж байна. Энэ технологи улам хөгжиж, дэвшилтэт хэлбэртээ орж байна. Улам ашиглахад дөхөм болж байна. Технологийн дэвшил сайн, муу талтай.
Глобальчлал хүчирхэг эдийн засагтай орнуудыг л дэмжиж ирлээ. Харин интернэт бол гараагаа эхэлж байгаа бүхнийг дэмжиж өгдөг нээлт юм. Ийм сайхан үед бид амьдарч байна. Та бүхэн ийм сайхан, энэ их баялагтай оронд эзэн болж төрсөн. Тиймээс тархиа сайн ажиллуулах хэрэгтэй. Энэ боломжуудыг өөрсдөдөө хэрхэн эерэгээр наалдуулах вэ гэдгээ бодох хэрэгтэй.

Бие бялдраа бус оюун ухаанаа дасгалжуулж, цэнэглэж чадвал амжилтанд хүрч чадна гэдгийг хэлмээр байна.

Анхаарал хандуулсанд баярлалаа.




Friday, July 22, 2016

"БИ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?" - GOOGLE КОМПАНИЙН АХЛАХ ИНЖЕНЕР Б.БАТТУЛГА


Өнөөдрийн зочин маань дэлхийн хамгийн том компаниудын нэг Google-д ажилладаг монгол инженер. 1998 онд Гүүгл-ийг үүсгэн байгуулагдсаны дараахан 11-р сургуулийг олон улсын математикийн олимпиадын мөнгө, хүрэл, улсын математикийн олимпиадын хошой алт, мөн физик, мэдээлэл зүйн медалиудтай төгссөн тэрбээр КТМС-д элсэн орж, тэндээсээ Солонгос улсад суралцан бакалавр, магистрын зэргээ хамгаалжээ. Улмаар 2008 онд Гүүгл компанийг ид шуугиулж, шинэхэн төгсөгчдийн мөрөөдөл болж байх үед шалгалт өгөн тэнцэж, Гүүглийн анхны монгол ажилтан болж байж. Гүүглийн Солонгос дахь оффист 6 жил ажиллаад 2 жилийн өмнө дэлхийн мэдээллийн технологийн салбарын “тархи” нь болсон Цахиур хөндий дэх компанийнхаа төв оффист шилжин ирж, орон орны шилдэг инженерүүдтэй хамтран, та бидний өдөр тутам хэрэглэдэг олон олон бүтээгдэхүүний ардах нарийн технологи дээр ажиллаж байна. Үндсэн ажлынхаа зэрэгцээ Б.Баттулга инженер Монголынхоо хоёр ч технологийн стартап компанид зөвлөхөөр ажиллаж байгаа юм.

Байршил: АНУ, Калифорниа муж, Маунтайн Вью
Одоо хашиж буй ажил, албан тушаал: Google компанийн ахлах софтвэйр инженер
Хэрэглэдэг гар утас: Nexus 5
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro Retina
Сошиал хуудсууд: @battulga11 (твиттер)

 ТАНЫ АЖЛЫН ХАМГИЙН ОНЦЛОХ АРГА БАРИЛ?

Гүүгл бол инженерт суурилсан бүтэцтэй компани. Компанийн бүхий л шийдвэрүүдийг инженерүүд тооцоо судалгаан дээр үндэслэн гаргаж байдаг. Инженерүүд удирдах ажил хийх шаардлагагүй, харин менежер хүн бүтээгдэхүүнтэй холбоотой ямар нэгэн шийдвэр гаргадаггүй. Харин тэд инженерүүдийг тав тухтай ажиллах боломжоор хангаж өгөх үүрэгтэй байдаг. Гүйцэтгэх захиралтай ижил түвшний хоёр ч инженер Гүүгл-д бий. Тэд менежерийн ажил огт хийдэггүй зөвхөн код бичдэг байх жишээтэй. Тийм учраас Гүүглд инженер байх нь код бичихдээ зуун хувь төвлөрч, өчүүхэн жижиг зүйлсийг хүртэл анхаарах боломжтой болгодог.

Код бичихэд ажиллах орчин их чухал. Миний хувьд код бичдэг кийбордоо байнга авч явдаг. Кийбордоо өөрт болон хэрэглэдэг програмдаа тохируулж өөрчилсөн болохоор, өөрийн кийбордыг хэрэглэснээр цаг их хэмнэдэг. Жишээлэхэд, VIM гэсэн editor-т зориулан “Caps Lock” болон “Ctrl” товчуудыг сольсон. Мөн хулгана болон кийбордын хооронд гараа зөөхөд их цаг алддаг учраас богиносгосон кийборд хэрэглэдэг. Хулгана хэрэглэх үед бугуйнд их ачаалал өгдөг учраас ажил дээрээ баруун, зүүн гарын хоёр хулгана хэрэглэх жишээтэй. Эдгээр нь жижиг юм шиг хэрнээ яах аргагүй ажлын бүтээмжид нөлөөлж байдаг. 

Үүнээс гадна хаанаас ч, хэзээ ч ажлаа хийх боломжтой орчинг бүрдүүлж чадвал их ажлыг зэрэг амжуулах боломжтой болдог. Үүний тулд лаптоп дээрээ код бичдэггүй. Кодоо хаанаас ч хандах боломжтойгоор cloud дээр бичээд лаптоп болон ажлын компьютерaa уг код руугаа хандахад ашигладаг. Ингэснээр хийж байгаа ажлаа шууд орхиод гарахад, дараа нь хаанаас ч гэсэн яг хийж байснаасаа үргэлжлүүлэх боломжтой. Ажиллах үед хамгийн их цаг алддаг зүйл бол хулгана удирдах байдаг. Тиймээс хэрэглэж байгаа програмуудаа аль болох кийбордоор удирдах боломжтой болговол их хурдтай ажиллах боломтой. Жишээлэхэд өдөрт ирдэг 200-300 имэйл тус бүрийг хулганаар click хийхэд л зөндөө цаг алдана. Тиймээс gmail-ийн shortcut-ийг хэрэглэнэ. Мөн дэлгэцийн хооронд шилжих, tab-уудын хооронд шилжихэд мөн shortcut хэрэглэснээр хурдаа нэмэгдүүлэх боломжтой. Тэр байтугай, тоо нэмэж хасах болон хөрвүүлэх зэрэг энгийн үйлдлүүдийг chrome browser-ийн javascript develop tool-ийг ашиглавал маш хурдтайгаар хулганад хүрэлгүй хийх боломжтой байдаг. 

Ажлын явцад бусад харьцах гол хэрэгслүүд маань имэйл болон чат. Тиймээс имэйл болон чат хэрэглэхдээ дараах дүрмийг баримталдаг: Имэйлийн гарчгийг хараад унших эсэхээ шийдэх боломжтойгоор гол агуулгыг гарчиг дээрээ оруулах. Цаад хүн маань өдөрт магадгүй өдөрт хэдэн зуун имэйл аваад харалгүй өнгөрөөсөн байж магадгүй тул 2-3 имэйл бичээд, богино хугацаанд хариу авахгүй бол чатаар имэйл явуулсан тухайгаа бичдэг. Чатаар бичихдээ заавал зорилгоо шууд бичээд үлдээдэг. Ингэснээр нөгөө хүн маань цаг алдалгүй бодож үзээр хариугаа үлдээх боломжтой. Зүгээр “Hi” гэж бичээд үлдээдэг хүмүүс бий. Энэ бол том алдаа.
ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?
Realforce-ийн кэйборд ашиглах дуртай. VIM, VIM Screen-ийг ашиглах дуртай. C+ дээр ихэвчлэн код бичнэ. Бусдаар бол ихэнх тохиолдолд Гүүглийн аппуудыг хэрэглэдэг юм байна. Gmail, Docs, Maps, Sites гээд.

Ер нь Гүүгл-д бүх л зүйлийг код бичиж хийдэг. Код бичдэггүй ажил гэж ер нь байхгүй. Документ бэлдэхдээ ч код бичнэ, бүхий л үйлдлүүд код бичиж явагддаг. Ингэснээр хэзээ, хэн, юуг, яаж өөрчилснийг бүрэн мэдэх боломжтой байдаг. Тийм учраас код бичих хэрэгслүүдтэй байнга харьцана.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

2-3 өөр хэлбэрийн ажлыг зэрэг хийх зүгээр байдаг. Заримдаа файл compile хийх гэх мэт хэдэн минутын сул зай гарах үед нөгөө ажлууд руугаа шилжин ажилладаг. Эдгээр дотор компанийн ч ажлууд байна, хувийнх ч байна. Үүнээс олон ажил зэрэг амжуулъя гэвэл анхаарал сарниад, үр дүнтэй болохгүй л дээ.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР ХӨТӨЛДӨГ ВЭ?

Хийх ажлын жагсаалтаа улирлаар гаргадаг. Ингэхдээ хамгийн чухал гэсэн зүйлсээ л бичнэ. Өдөр тутамд бол тусгайлан хөтөлдөггүй. Харин өдөр тутамд эргэж санах шаардлагатай зүйлс байнга гарч байдаг. Эдгээрийг нэг online document үүсгээд түүн дээрээ лог маягаар нэмээд явдаг. Нэмэхдээ дараа санаанд орох түлхүүр үгүүд болон бага зэрэг хэрэгцээтэй мэдээлэл, линкүүдийг бичиж үлдээдэг. Энэ документаа урт хугацааны санах ой маягаар хэрэглэдэг. Ингэснээр юуг ч мартахгүй, нэг хийсэн зүйлээ дахиж ухах шаардлагагүй болдог. 

Баг бүр өөр өөрийн онцлогтой. Манай баг бол өдөр тутмын ажил болон уулзалтын тоог маш бага байлгахыг хичээдэг. Ингэснээр их цаг хэмнэдэг. Мөн код бичихээс гадна тусдаа давхар бичиг баримт үйлдэхгүйг хичээдэг. Бүх зүйлийг код дотроо коммент хэлбэрээр бичээд үлдээдэг. Ингэснээр код болон бичиг баримт хоорондоо зөрөх, мөн давхар ажил хийхийг багасгадаг.
 ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?
Хэцүү асуулт байна (инээв). Зөв, чухал, үр нөлөөтэй ажлыг олж сонгож хийхдээ дажгүй болов уу. Аливаа ажлыг барьж авахаасаа өмнө их боддог. Хэрэггүй, чухал биш зүйл хийхээс зайлсхийдэг.
 ХИЙЖ БАЙГАА АЖЛЫНХАА ОНЦЛОГООС ХУВААЛЦАНА УУ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД НЬ ЮУ ВЭ?
Гүүглийн Солонгос дахь салбарт байхдаа хайлтын системийн үр дүнг эрэмбэлэх алгоритм, “trends detection”, “showtimes” зэрэг төслүүд дээр ажиллаж байсан. Эдгээр нь шууд хэрэглэгчид хүрдэг бүтээгдэхүүн байсан. Энэ үед, олон тэрбум хүний интернэт хэрэглээг судлах янз бүрийн туршилтууд явуулж, хэрэглэгчийн талаар их зүйлийг сурч авсан. Сүүлдээ бүтээгдэхүүн дээрх ямар өөрчлөлтийг хэрэглэгчид яаж хүлээж авахыг ерөнхийд нь мэдэх мэдрэмжтэй болдог юм билээ. 

Тэгээд Гүүглийн төв оффист ажиллан өөрийгөө сорих гэж Цахиурын хөндийд 2 жилийн өмнө ирээд, одоо user action prediction engine дээр буюу хэрэглэгчдийн дараагийн үйлдлийг таамаглах систем дээр ажиллаж байна. Дэд бүтэц дээр ажиллах нь эцсийн бүтээгдэхүүн дээр ажиллахаас их өөр л дөө. Маш олон баг манай систем дээр түшиглэн өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлдэг учраас олон зүйлийг бодолцож ажиллах ёстой байдаг. Youtube, Search, Google Now зэрэг 30 орчим бүтээгдэхүүн энэ системийг ашигладаг. Үйлчлүүлэгч багууд маань жил орчим нэг төсөл дээр ажиллаад бүтээгдэхүүнээ эцэслэн гаргах үедээ их ачаалалтай ажилладаг. Харин бидний хувьд 30 орчим багийн яг тэр ачаалалтай үед нь хамтран ажилладаг учраас байнгын өндөр ачаалалтай байхаас өөр аргагүй. Системийн ажиллагаанд хэзээ ч алдаа гарч мэднэ. 15 минутын дотор шийдэхгүй бол асуудал аваарын түвшинд шилжих аюултай. Ингэвэл асар богино хугацаанд олон сая долларын алдагдал учирна. Тиймээс хэзээ ч утсаа унтрааж болохгүй.
 ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА?
Яг одоо амралтаараа Монголд ирчихээд байна. Гэхдээ ажлаасаа бүрэн хөндийрөх бололцоо байхгүй л дээ. Өнөө өглөө л гэхэд 160 имэйл ирж. 

Үндсэн ажлынхаа хажуугаар би Монголд стартап орчныг бий болгох, дутагдаад байгаа юмыг нөхөж өгөх зорилгоор хоёр монгол стартапад анхан шатны хөрөнгө оруулалт, менторын туслалцаа үзүүлж байгаа. Нэг нь интернэт худалдаа, нөгөө нь видео чиглэлийн стартап. Технологийн салбарт хөрөнгө оруулагчид ямар нэг санаанд биш хүнд хөрөнгө оруулдаг тул шинэ залуусыг дэмжиж, хэн гэдгээ таниулахад нь хувь нэмрээ оруулахыг зорьж байна. Мөн яваандаа венчур капиталд ажиллаж, хөрөнгө оруулалтын нарийн ширийнийг судлахыг хүсдэг.
 МОНГОЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУД ГАДААДЫН ЗАХ ЗЭЭЛД АМЖИЛТТАЙ АЖИЛЛАХ ТҮВШИНД ХҮРСЭН ҮҮ? ТА ЭНЭ ТАЛААР ЮУ ГЭЖ ДҮГНЭДЭГ ВЭ?
Одоохондоо монгол компаниуд гадны зах зээлд амжилт үнэхээр амаргүй юм билээ. Бидэнд хамгийн гол нь чадварлаг инженерүүд дутагдалтай байгаа. 10 жил мэргэжлийн түвшинд код бичсэн монгол хүн гарын 10 хуруунд багтахаар цөөхөн байна. Миний хувьд одоо л 8, 9 жил мэргэжлийн түвшинд код бичиж байна. Харин 10 жил мэргэжлийн түвшинд код бичсэн инженер 1000 орчим байвал Монголоос жинхэнэ өндөр зэрэглэлийн компани байгуулах боломж бүрдэнэ. Ер нь аль ч улсын хөгжил энэ тооноос шууд хамааралтай болж байгаа.

Манай Монголд нэг буруу хандлага байдаг нь тухайн хүн ажилдаа яг мэргэшээд ирэхээрээ “дарга” болоод юм уу өөр ажил хийгээд эхэлдэг. Бусдыгаа чирэх жинхэнэ экспертүүд л компанийг нуруун дээрээ үүрч явдаг. Үүнтэй холбоотойгоор нэг том жишээ хэлэхэд, Гүүглийн 2 топ инженерийн нэг нь Жефф Дийн гэж хүн байдаг. АНУ-ын Шинжлэх ухааны академийн гишүүн. Энэ хүн орчин цагийн компьютерийн шинжлэх ухааныг үндэслэгч гэж хэлэхэд бараг хилсдэхгүй. Зөвхөн судлаач биш, Гүүгл компанийн бүхий л суурь кодуудыг энэ хүн бичсэн. Одоо ч өдөржингөө код бичдэг, зэрэглэлээрээ гүйцэтгэх захирлын түвшний хүн хэрнээ. АНУ-д л ийм хэмжээний экспертүүдийг бэлдэж чадаж байна. Стартап экосистем бүрдэхэд ийм экспертүүдээс гадна, санхүүгийн эрсдэлийг даах хөрөнгө оруулагчид, амьдралаараа дэнчин тавих энтрепренерүүд, судалгаа хийдэг профессорууд, оюутнууд гээд олон талын хүмүүс хэрэгтэй. Солонгост жишээ нь бусад бүх зүйл нь байгаа ч ийм шилдэг экспертүүд байхгүйгээс экосистем нь сайн бүрдэхгүй байгаа. Үүнийгээ ч тэд мэдээд шийдэх арга замыг эрэлхийлсээр байна. Тийм ч учраас би жинхэнэ эксперт болж, бас энэ салбарт хөл тавьж буй залууст ирээдүйд эксперт болоход нь үлгэр дууриал үзүүлэх зорилготой. 

Түүнээс гадна монголчууд чадна гэдгийг бид хараахан баталж нотолж хараахан чадаагүй байна. Бүтээгдэхүүн, үйлчилгээг гаргаад түүндээ Монгол гэдэг нэр оруулахад л хөрөнгө оруулагчид шууд нүүр буруулах магадлалтай. Монголын 3 сая хүнтэй зах зээлд дэндүү жижиг учраас бусдын анхаарлыг татдаггүй. Тиймээс монгол гэдгээ тодотголгүй, том зах зээлд чиглэсэн бүтээгдэхүүн гаргаж байж дэмжлэг авах магадлалтай. Харин Монголынхоо зах зээлд бүтээгдэхүүнээ туршин дата цуглуулж, туршилт ийм боллоо гэж датагаа үзүүлээд, бусад зах зээлд ийм байх боломжтой гээд явахад боломжтой санагдсан. Харин туршаагүй санааг барьж авч гадны зах зээлд гарах боломж тун бага.

ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ ОДОО ЯВАГДАЖ БУЙ ТОМООХОН ӨӨРЧЛӨЛТ, ИРЭЭДҮЙН ХАНДЛАГЫН ТАЛААР ТА МАНАЙ УНШИГЧДАД СОНИРХУУЛАХГҮЙ ЮУ?

Химийн урвалууд, цөмийн физик, механик инженеринг гээд бүх л зүйлд маш их алдаа гардаг. Харин хүн төрөлхтөн 100 удирдаж буй нэг л зүйл байгаа нь дижитал ертөнц юм. Тиймдээ ч цаашид бүх зүйлийг дижитал болгох сонирхол бий. Интернет, мобайл гээд бидний амьдралыг орвонгоор эргүүлсэн том өөрчлөлтүүд бүгд л софтвер дээр суурилсан. Одоо дэлхийн топ компаниудын хэд нь софтверийн компани болж хувирсныг хараарай. Apple, Google, Microsoft, Facebook, Alibaba, Amazon гэсэн энэ тоо цаашаа улам нэмэгдэнэ. Бизнесийн бүх салбарт софтверийн тусламжтайгаар асар их өөрчлөлтийн эрин үе ирж байна. Airbnb, Tesla, Square, Uberбол үүний тод жишээ. Цахиурын хөндий одоо бизнесийн бүхий л салбаруудыг эзэлж эхэлж байна.

Одоо бид IoT буюу “Зүйлсийн интернэт”-ийн үед явж байгаа. Энэ бол асар том өөрчлөлт. Компьютер гэлтгүй бүх л төхөөрөмж интернэтэд холбогдон ухаалаг ажиллагаатай болж байна. Тун удахгүй хүн төрөлхтнийг Artificial intelligence буюу “Хиймэл оюун” гэсэн үүнээс том өөрчлөлтийн үе угтах болно. Мөн л софтверийн салбар. Томоохон компаниуд хүний уураг тархинаас илүү үзүүлэлттэй хиймэл тархинуудыг бүтээгдэхүүндээ ашиглаж эхэлж байна. Жишээ нь зураг таних, яриаг текст болгох гээд тодорхой үйлдлүүдийг машин хүнээс илүү гүйцэтгэж чаддаг болсон. Энэ бол зөвхөн эхлэл. Одоогийн хиймэл оюунд хэрэглэгдэж буй аргачлалууд маань цоо шинэ юм биш л дээ. 1960, 70-аад оны үеэс гарч эхэлсэн санаанууд. Харин одоо яагаад дэвшил гараад байна вэ гэвэл их хэмжээний мэдээллийг боловсруулах төхөөрөмжүүд бий болж байна. Фэйсбүүк, Гүүгл зэрэг том компаниудад буй топ инженерүүд хиймэл оюун дээр ажиллаж эхэлсний үр дүн эхнээсээ гарч байна. Саяхан Гүүглийн хөгжүүлж буй хиймэл оюун ухааны алгоритм AlphaGo дэлхийн хамгийн түвэгтэй оюун ухааны спорт гэгддэг го даамын дэлхийн хамгийн шилдэг тамирчин Ли Седолыг ялж шуугиан дэгдээлээ. Жил бүр 200 шинэ нүүдэл нээгдэж, боломжит нүүдлийн тоо нь 10-ын 761 зэрэгтэй тэнцдэг, энэ тоглоомын хамгийн шилдэг тамирчны эсрэг өөрөө суралцдаг зарчимтай алгоритм бүхий AlphaGo эхний гурван тоглолтондоо дараалан ялсан. Эндээс машин, хүн хоёр ялгаагүй юм байна гэсэн үр дүн гарч байна. Сэтгэн бодох нь хүний өмч гэсэн үзэл няцаагдлаа гэсэн үг.

Энэ салбарт хүлээгдэж буй зүйл бол зөвхөн хиймэл оюунд зориулагдсан машин бүтээх асуудал юм. Ийм машиныг бүтээгээд дараа нь хямд компьютерүүд гаргах шаардлагатай. Одоохондоо, хэрэглээнд гарахуйц бүтээгдэхүүн бий болгоход маш их өртөгтэй байгаа. Үүнийг зөвхөн Google, Facebook Microsoft, Amazon зэрэг компаниуйд л хэрэгжүүлэх боломжтой хэмжээнд байна. Хэрвээ үүнийг хямдаар хийх боломжтой болбол ямар бүтээгдэхүүнүүд бий болохыг таашгүй юм. Хүмүүс бид ёстой зоо паркийн амьтад шахуу болчихоод, монголчууд бид өнгөрсөн түүхээ байн байн сөхөж сэтгэлээ баясгадаг шиг нийт хүн төрөлхтөн бидний бүтээсэн роботууд тэр гарагийг эзэлж гэнэ, тэгж гэнэ, ингэж гэнэ гээд ярилцаад сууж байж мэдэх юм шүү (инээв). 

Юутай ч хиймэл оюуны үе эхлэх үед мэдээллийн технологийн бус салбар гэж үндсэндээ үгүй болно. Тийм ч учраас улс орнууд өдгөө софтверийг 1-р ангийн хүүхдүүдэд зааж эхэлж байна. Бид ч үүнээс хоцрох ёсгүй юм.
 ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?
Ажиллаж байгаа үед сонсдоггүй. Ажлаа дуусгасны дараа зорьж хөгжим сонсох үе бий. Бүх л төрлийн хөгжим сонсоно. Голдуу сүүлийн үеийн.

ТАНЫ СҮҮЛД УНШИЖ ДУУСГАСАН БОЛОН ОДОО УНШИЖ БУЙ НОМ?

Гүүгл-д 2 жилийн өмнөх мэдлэг мэдлэг биш болчихдог, өөрөөр хэлбэл бүх зүйл байнга шинэчлэгдэж байдаг тул жаахан юм хийх болсон ч асар их уншиж судлах хэрэгтэй болдог. Юу ч хийсэн, тэр нь дандаа шинэ, ойлгомжгүй зүйлс байдаг. Учир нь Гүүгл хүний мэдэж болох юмыг хийхгүй гэдэг зарчимтай. Тухайн зүйл нь хүний уншиж судлаад мэдчих юм байвал түүнийг автоматжуул, хүний мэдэх боломжгүй тийм ярвигтай зүйлсийг бид хийж байх ёстой байдаг гэсэн үг. Тийм ч учраас тухайн сэдвээр сүүлийн үеийн судалгааны ажлуудыг байнга л уншиж байдаг. Залуус маань ч гэсэн өөрийн сонирхдог судалдаг сэдвээр сүүлийн үеийг судалгаануудыг уншиж байх хэрэгтэй. Харин сүүлийн үед бусад салбарын ном унших зав тун бага гарч байна даа.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ЯАЖ НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Инженерүүд дундаа бол нээлттэй талдаа байх шүү (инээв). Би сэтгэлийн хөдөлгөөн багатай хүн. Юманд хөөрч догдлох, гутарч гуниглана гэж барагтай байхгүй. Энэ маань ажил дээр давуу тал болдог.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ? 

Ер нь ажил байхгүй бол 23 цагаас хэтрэлгүй унтахыг хичээдэг. Тэгээд өглөө 7 цагт сэрүүлэггүй босчихдог. Өглөө босоод хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд нь хүргэж өгөөд ажил руугаа явна. Шөнөжин сууж ажиллах үе бол мэдээж зөндөө. Өдөрт 2-3 цагийн нойртой 7 хоног явах үе ч байна.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ЧИНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Хоббинуудаа бүгдийг хаясан ш дээ (инээв). Гэртээ ирээд ажилгүй бол унтаж амрахыг хичээдэг.
 ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?
Энэ асуултанд жаахан сонирхолгүй хариулах нь дээ (инээв). Сэтгэл санааны хувьд стресст орох, тогтворгүй байх асуудал гардаггүй болохоор төлөвлөснийхөө дагуу л ажиллаад, хийх ёстойгоо хийгээд явдаг. Эргээд харахад карьер маань ч гэсэн яг л төлөвлөсний дагуу ямар нэгэн огцом өөрчлөлтгүй яваад л байгаа.

 ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Би 10 жилдээ зөвхөн математик л нүддэг байв. Бусад хичээлээ нэг их тоохгүй. Компьютерийн шинжлэх ухааны нэг жаахан хэсэг болох алгоритм нь математиктай төстэй учир алгоритмоор дамжаад мэдээлэл зүйд сонирхолтой болсон. Солонгост бакалавртаа голдуу л математикийн хичээлүүд сонгосоор байгаад давхар математикийн мэргэжилтэй төгссөн. Магистрт орсон хойноо ч судалгаа хийхдээ математикт илүү суурилсан судалгаа хийсэн. Математикийг төгс төгөлдөр, гоо сайхан зүйл гэж шүтэж явсан хүн тэгж тэгж бүхэл бүтэн 8 жилийн дараа жинхэнэ софтвер инженер ямар байх ёстой, хэнтэй хаашаа уралдах ёстойг ухаарч эхэлж байгаа юм. Тухайн үед бидэнд яриад зөвлөх мэргэжилтнүүд байсан бол илүү хурдан хөгжих боломжтой байсан болов уу. Тиймээс хойчийн дүү нартаа мэддэг чаддагаа зөвлөхийг хичээдэг.
 ЗАЛУУСТ ХАНДАН НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ТА ЮУ ГЭХ ВЭ? 

Төвлөрөх хэрэгтэй л гэж хэлнэ дээ. Барьж авсан зүйлдээ тууштай, эцсийг нь хүртэл явах хэрэгтэй. 
Мөн энэ далимд нэг хэлмээр байгаа зүйл бол одоо цагт технологийн том компаниудад дөнгөж их сургуулиа төгсөөд орох нь ажиллаж байгаад орохоос илүү хялбар байдаг. Дөнгөж сургууль төгссөн залуусын юу хийж бүтээснийг харахаас илүү юм хурдан сурах, хүлээж авах чадварыг нь шалгадаг. Мөн Монголд сургуулиа төгссөн залуу байлаа гэхэд, цаад хүмүүс АНУ-ын сургуулиудтай харьцуулж мэдэхгүй. Энэ тохиолдолд өөрийгөө таниулах хоёр арга бий. Нэг нь интернетээр олон улсын тэмцээнүүдэд сайн оролцох явдал. Мөн эдгээр том компаниудад буй ажиллаж буй монголчуудаас тодорхойлох захидал авах.
Эх сурвалж: www.unread.today




Monday, June 27, 2016

Эх хэлнийхээ илэрхий эмгэгийг эдгээе!


“Сургаал” гэхэд зөөлний тэмдэг бичнэ бичихгүй, “авьяас” гэхэд зөөлөн биш, хатуу нь байна гэж маргалддаг дарга, цэрэг олон. Тэгвэл энэ мэт маргаан багасаж, дарга цэрэг бүгдээрээ дагаж мөрдөх журамтай болжээ. Төрийн хэлний зөвлөл хуулинд заасан үүргийнхээ дагуу элдэв янзаар бичдэг 700 үгийг хэрхэн жигдэлснээс толилуулъя...
...БИЛИГ-БЭЛГЭ-БЭЛЭГ гээд нэг хоёрхон үсгийн наана цаанаас болж толгой эргэдэг хэдэн үгийг цэгцэлжээ. Энэ үгсийг ардах, урдах үгтэй нь хамт ингэж тогтоож аваарай. Оюун билиг, бэлгэ тэмдэг, бэлэг дурсгал; миний доор байна, чамаас дор дуулдаг; отго жинс, отог аймаг; гарын саарь, голын сайр; далайн түвшин, төлөв төвшин; хүүхдээ хөхүүлэх, хөхиүлэн дэмжих; яриа хэлэлцээ, гэрээ хэлэлцээр; нүдний цэцгий, цөцгийн тос; нас чацуу, ирэхийн сацуу; шарагчин хонин жил, шаргагчин гүү; шашны сургаал, бурханы шажин.
Бүлтгэр туулайн нүд бүлтгэнэнэ, харин бүлтэгнэхгүй гэж Ө, Омэт эгшгүүд нь бөндгөнөж бондгоноод тогтож өгдөггүй, гадаад байдал дүрслэх хэсэг үгийг үндэстэй нь бэхэлжээ, дөрөвдүгээрт. Цаашлаад бөндгөрөөс бөндгөнөх, дарвагараас дарваганах үүснэ гэнэ. Энэ зарчмаар жирвэгэр, сэрвэгэр, хавчганах, хулчганах, эрвэгэр гэж Д-Г, Р-В, Ч-Г, Ж-Г гийгүүлэгчүүдийн дунд эгшиг бичихгүй нь ээ. Харин дуу авиа дүрслэх сэржигнэ, харжигна, шаржигна гэх мэт үгсэд “-жигна, -жигнэ, -жигно, -жигнө”, хангина, жингэнэ, гангина, хүнгэнэ мэт үгсэд “-гина, -гино, -гэнэ, -гөнө” залгахаар журамласан байна...
“Егөөтэй 99 тайлбар” номын “Дураараа дургисан долоон зуун үгийг журамлалаа” өгүүллийн хэсгээс


Wednesday, June 8, 2016

Эх хэлнийхээ элдэв сониноос хуучилъя

Улаанбаатар хотоос Төв аймаг явах замын хамгийн анхны даваа болох Айдсын даваа утгаа алдсан газар усны нэрийн нэг. Манжийн элчийн хатуу зарлигаас айж сандарсан монголчууд ийм нэрийг өгсөн гэдэг. Харин газар усны нэр судлаач О.Сүхбаатар манжаас өмнөх түүхийг ярина. Түүнийхээр “Байц”-ын даваа гэх анхны нэр цагийн урсгалд “Байдас”-ын даваа болжээ. Явсаар “умартах”-ын “у”, “оногдох”-ын “о” гээгдэж мартах, ногдох болсон шиг “б” нь хаягдан “Айдас”-ын даваа болсон байх юм.
Уул усны нэр угаасаа л хувьсан өөрчлөгддөг. Жишээлбэл, Богд уул 12-13 дугаар зуунд Хэрэйдийн Ван хан нутаглаж байсан учир Хан-Уул, тахиж шүтдэг болсноор Дүнжингарав, Богдууд байнга нутаглах болсноос хойш Богдхан, оросууд Ленин уултай болсноор Чойбалсан уул  гэж нэрлэгдсээр өнөөгийн Богдхан уулаараа тогтсон тухай мөн О.Сүхбаатар багш хуучилсан...
Газар усны нэрийг түүх, үе үеийн нийгмийн байдлыг хөөн тогтоож,угсаатанзүй, газарзүй, шашин судлал, соёл судлал, хэл шинжлэлийн талаас зэрэгцүүлэн судалж тайлбарлууштай.

“Егөөтэй 99 тайлбар” номын “Улиас ургуулсан чонын улиа” өгүүллийн хэсгээс

Friday, June 3, 2016

Монголчуудын гарал үүсэл



Эх сурвалж: baabar.mn

Ийнхүү явсаар дэлхийн бөмбөрцгийг морин туурайгаар бөмбөрдөж, хүний түүхэнд урьд хожид хэн ч байгуулж чадаагүй том гүрнийг буй болгосон монголчуудын үе ирлээ. XII зуунд төдийлөн олуул байгаагүй, хүчин чадлын хувьд ч зэргэлдээх олон нүүдэлчин аймагтаа басамжлагдаж байсанмонголчууд гэв гэнэт ийнхүү цоорон гарч ирж хавь ойрынхныгоо бүгдийг нэгтгэн ертөнцийн хамгийн хүчирхэг гүрнийг үүсгэсэн тэрхүү гайхамшигт оньсгыг тайлахад хэдийгээр бэрх авч ойлгохын үүднээс ямар нөхцөл байдал байсантай танилцах нь зүйтэй. Энэхүү гэнэтийн дэлбэрэлтийг янз бүрээр тайлбарладаг ба жишээ нь Оросын эрдэмтэн Гумилёв “пассионар дэлбэрэлтийн онол” гэдгээр тайлдаг.
       
Өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэр нь монголчууд нүүн ирэхээс өмнө түрэг угсаатны хэдэн мянган жил амьдарч байсан нутаг орон бололтой. Үүний энгийн баталгаа нь газар нутаг уул усны нэршлийн дийлэнх нь түрэг хэлээр тогтсон байдаг. Байгал - Баян нуур, Хөвсгөл - Хөх ус нуур, Увс - Шорвог ус, Алтай - Алаг уул, Отгон тэнгэр - Голомт тэнгэр, Хэнтий - Их хөвч гэх мэт. Идэр, Онон, Орхон, Туул, Байдраг, Хэрлэн гэх мэтээр гол мөрөн ч түрэг нэртэй. Эдгээр уул нуруу, гол мөрөн, нуур цөөрөм, газар нутгийн түрэг нэрс нь хүн анхлан өгсөн уугуул нэр ба тэр нь цаашид уг нутагт ямар үндэстэн амьдарснаас үл хамааран ам дамжин уламжлан үлджээ.


Ихэнх судлаачид монголчуудын дээд өвгийг монгол шивэй аймаг гэж үздэг. Шивэй хэмээх нэр анхлан 554 онд зохиогдсон Вэй улсын бичиг-т үзэгдсэн бөгөөд энэ номын 100  дугаар ботид “Шивэйгийн шаштир” гэж байдаг. Тус номд бичсэнээр:

Шивэйгийн байгаа газар Хэ Лүнгээс (одоогийн Хуулин гол) хийгээд На Шүй гол (одоогийн Нун гол) тэр орчмоор нутаглаж байсан бөгөөд Тан улсын эхэн үеэр олонтаа элч илгээж алба барьж байсан. Тан улс Шивэйгийн нутгийг залгисан бөгөөд Шивэйгийн Дүди Фү байгуулж захирав. Тэр үед Шивэй нь Зүүн Шивэй, Баруун Шивэй, Их Шивэй, Монгол Шивэй гэж олон аймагт хуваагддаг байжээ. Зарим номд, есөн аймаг (жишээ нь Тун Дянь бичиг. Хилийн дүрэм) бас зарим номд арван есөн аймаг гэж (жишээ нь Шинэ Тан улсын бичиг) Зүүнш одоогийн Цинжил голд, баруунш Эргүнэ голын дээд урсгалын Хөлөн нуурт, өмнөш Хуулин голд, умарш Агнуурын тэнгисийн уудам тэнэгэр тал газар хүртэл тархан нутаглаж байжээ. Хятад сударт Шивэй хэмээх нийтлэг нэрийн дор хорь орчим аймаг нэрлэсэн байдаг.


Тангийн судар, Умардын судар-т: 



Лу Янаас зургаан мянган ли газарт Хятаны умардад гурван мянган газарт Өмнөд Шивэй суух агаад тэдний газар орон нь ус чийг багатай (Энэ нь өнөөгийн Хармөрөн (Heilanjan) мужийн Нун голын газар бололтой). Өмнөд Шивэйгээс 11 хоногийн газарт Умард Шивэй нар, баруунш дөрөв хоногийн газарт Шэнмодон Шивэй нар суух авай. Тэнд хүрэх зам гудас осолтой, хэл яриа нэвтрэлцэхгүй. Их Шивэйгийн өмнөд этгээдэд монгол Шивэй (Mongwa Shiwei) аймаг байна.



Монгол шивэйчүүд дотроо Их Шивэй (тайчууд), Мэнгү Шивэй (Хамаг Монгол), Улоху (Олхонууд), Урианхай гэж хуваагддаг байсан бололтой.

МЭ-ий IX зууны үед Монгол Шивэй аймаг баруун тийш нүүж Эргүнэ голоос холдоод одоогийн Онон голын эхэн дэх Хэнтийн нурууны хавиар мал маллан суув. Шивэй нь олон үндэстний хамтын цогц. Бас түүний үндэстний бүрэлдэхүүн нарийн төвөгтэй. Өөрөөр хэлбэл, түүний тус бие нь ч дангаараа аймаг биш, харин олон аймаг багтаасан бүлэглэл цогц юм. Иймд Монгол Шивэй баруунш Хэнтий орчимд нүүж очсоноос хойш түүнд харьяалагдсан нийт аймгуудын нэрийдэл ч олдов. Рашид ад Диний хэлснийг үндэслэвэл, тэдний доторх төрөлхийн Монгол болон Няруун Монгол хэмээх хоёр их хэсэг бол даруй Эргүнэ голын сав газраас нүүж ирсэн бөлгөө. Тэр мөртөө энэ хоёр их бүлэгт ч тэдэнд харьяалагдсан тус тусын цөөн биш салбар аймаг байв. Төрөлхийн гэдэг бол энгийн монголчуудыг хэлдэг. Чингис хааны аравдугаар үеийн эмэг Алунгоо, өөрийн эр Добун мэргэнээ үхсэнээс хойш төрсөн гурван хөвгүүнээс үүссэн овог, аймгуудыг няруун гэж нэрлэнэ. Няруун гэгч нь ариун гэдэг үг. Алунгоо эрийнхээ үхсэний дараа гурван хүү төрүүлснээ “Нар сарны гэрэл” хэвлийд шингэж жирэмслэв гэснийг энэ үг харуулж байна. Алунгоогийн өөрийн нь үгээр хэлбэл, энэ гурван хүү бол “Тэнгэрийн хөвгүүд байх. Хар тэргүүнт хүнтэй адилтгаж яахин болно. Хамгийн хаад болох цагт харц хүн сая учрыг мэднэ”. Чингис хааны алтан ураг бол Няруун Монгол, харьяаны аймаг нь Хиад аймаг, харьяаны овог нь боржгин овогтон аж.

Төрөлхийн Монгол болон Мяруун монголын энэ хоёр их бүлэг нийлээд Хамаг Монгол болов. Чингис хааны гуравдугаар үеийн өвөг Хабул хаан Хамаг Монголыг удирдсан байна. Дараа нь  түүний үеэл дүү Амбагай хаан, Хабул хааны хөвгүүн Хотол хаан бас Хамаг Монголын хаан болж байлаа. Энэ нь тэр үед Монголын нийт аймгууд задгай бутархай холбоо байгуулсан төдий байснаа хамтран нэг аймгийн холбоо байгуулж тэднийг даргалан удирддаг хааныг өргөн сонгож байв гэснийг нотолж байна. Монгол Шивэй аймгийн холбоо жинхэнэ байгуулагдсан явдал бол бараг Чингис хааны зургадугаар үеийн өвөг Хайдугийн үед байсан бололтой. Юань улсын бичиг-ийн нэгдүгээр боть “Тайзу хааны цадигт” тэмдэглэснийг үндэслэвэл “Хайдуг үгүй болсоны дараа Начин нь Барга Цайхүгийн олон иргэнийг дайчлан олонд өргөгдсөн эзэн суув. Хайду энэ суурийг залгамжилсаны дараа цэрэг хөдөлгөн Жалайрыг дайлж харъяатаа болгосонд байр суурь нь аажмаар өргөжин ордон хөсөг юүгээ Баргын Хар голд барьсанд... дөрвөн этгээдэд байх олон аймаг хураагдсанаар аажмаар олон болов” гэжээ. Энэ хэдэн үгнээс  энэхүү Монгол Шивэй аймгийн холбоо нь боржигон овогт Чингис хааны алтан урагтнаар толгойлогч болгож бүрэлдсэнийг мэдэж болно. Үүний дотор Няруун Монгол гол байрыг эзлэх нь дамжиггүй. Үлдсэн Төрөлхийн Монгол хийгээд Шивэйгийн бусад олон аймаг, цаашилбал баруунш Хэнтий орчим нүүж очоогүй угаас баруун биеэр нь байсан Шивэй аймгууд ч цөм оролцож байсныг мэдэж болно. XII зуун болоход Монгол Шивэй аймгийн холбоо задрах тийш хандаж, Чингис хааны нэг угсаатны гэрийн байдал ч доройтож байлаа. Энэ үед тал нутгийн эл газарт Монгол биш аймаг цөөнгүй байсан нь илэрчээ. Ийнхүү Чингис хааны нэг угсаанаас гарсан аймаг нь “Монгол аймаг” нэрээр түүх сударт харагдах болжээ.

Рашид ад Дин Судрын чуулган бүтээлдээ монголчууд өвөг дээдсээ Эргүнэ Хунгаас ирсэн гэсэн домог ярьдаг гэжээ. Нууц товчоо-нд Чингисийн өвөг дээдэс тэнгис далайг гаталж ирэв гэж байдаг нь Эргүнэ голын тэндээс нүүж ирсэн бол тэнгис далай гэдэг нь Хөлөн нуур болж таарч байна. Онон голын сав нь өвч ургамал ариунтай, малын бэлчээрт таарсан нэн таатай өргөн уудам нутаг тул хамаг монголчууд тэндээ идээшин дассан төдийгүй хүн ам сүрхий өсчээ. Тэд X – XI зуунд хятан нарын байгуулсан Ляо улсын хязгаар газарт амьдарч байлаа. Татаар, Монгол, Мэргэд, Хонгирад, Хэрэйд, Онгууд аймгууд Татаараар толгойлуулсан холбоо байгуулж нийлээд Ляо улстай байлдаж байсан болохоор тал нутагт дахь олон аймгийг нэг үе татаар гэж ерөнхийлөн нэрлэдэг байв. Татаар гэсэн түрэг гаралтай үгийг хятадын түүхчид их өргөн хэрэглэдэг байсан учир хожмын Чингисийн байлдан дагуулалтын үед ч монголчуудын нэршил болсон төдийгүй Алтан Орд улс задарсны дараах олон үндэстний уугуул нэр болон үлджээ. XII зуунаас зүрчидийн Алтан улс (Jin) Зүүн Хойд Азид хүчирхэгжихэд талын олон монгол аймгууд харъяалалд нь орж, тэдний вассал болжээ.