Монгол хэлний нэр үг 6-8 шинжээрээ тодотгуулах чадалтай. Жишээ нь, нэгэн цагт хүүхдүүдээ “Архангайн, алаг өөхтэй, тарган, зөөлөн, шинэ, хонины махтай, сайхан хоолоо идээрэй!” гэж дууддаг ээж байсан гэдэг. Багадаа “Ямар баярхуу ээж вэ?” гэж боддог байсан бол энэ удаа ээж биш зургаан шинжээрээ тодотгуулсан мах л сонирхол татлаа. Хаанаас ирсэн, ямар өнгөтэй, юуны, яадаг мах болохыг ээж алдалгүй мэдэж, залхалгүй хэлсэн. Харин жаран чавганц уралдвал нэг нь түрүүлэхийн дүрмээр Архангайн гэдэг нь хамгийн чухал байсан тул түрүүлж хэлж, түрүү магнай цол олгосноо өөрөө ч мэдээгүй. Ингэж хэчнээн олон шинж байлаа ч хамгийн онцгойгоос нь эхлэн эрэмбэлдэгонцолбор гишүүний ёс монгол хэлэнд бий. Онцолбор гишүүний онцлогийг мэдээгүйгээс болж “хөлдүү үхрийн мах”, “хоёр амтай шувууны буу”, “хар хүзүүний ороолт” гурав хэдэн арван жилээр хүмүүсийн амны бай болсон. Уг нь хоол хийх ээжид мах нь үхрийн байхаасаа хөлдүү байх нь, анд явах аавд буу нь шувууны байхаасаа хоёр амтай нь, хүйтнээс хамгаалж зүүх ороолт хүзүүний байхаасаа хар өнгө нь чухал байсан тул ийн онцолж, эхэлж хэлжээ. Ийнхүү орчин нөхцөлд нь ойлгохыг хэл шинжлэлд хам сэдэв гэнэ. Хам сэдвийг мэдэлгүй хамаагүй ярьсан хүмүүс эргэж нэг бодууштай.
Нэгийг нөгөөгөөс ялгаж, хольж хутгахгүй байх үүрэгтэй таслал гэх тэмдгийг зөв хэрэглэж хөлдүү,үхрийн мах; хоёр амтай, шувууны буу; хар, хүзүүний ороолт гэж хэрэглэвэл тэмдэг нэрүүд эн тэнцэж, эрх тэгш болж, гол үгэндээ холбогдохоор санагдлаа.
“Егөөтэй 99 тайлбар” номын “Хөлдүү үхэр, хоёр амтай шувуу байхгүй нь тодорхой” өгүүллийн хэсгээс
No comments:
Post a Comment