Monday, February 16, 2015

"Орчуулах эрдмийг эрхэм болгохуй" ХИС-ийн эрдэмтдийн бүтээлийн эмхтгэлээс


Л.Маналжав, доктор (Ph. D), профессор

МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНЫ АНХНЫ ХЯТАД ОРЧУУЛГА

Монголын Нууц Товчоо (МНТ) бол монголчуудын түүхэндээ үлдээсэн олон оньснуудын нэг. Энэхүү дурсгалын бичгийн хадгалагдаж үлдсэн түүх нь судалгааны тусгай сэдэв бөгөөд одоо ч гэсэн мөн судалсаар байна. МНТ-г судлах бас нэг чиглэл бол гадаад олон хэлэнд буулгасан орчуулга гэж үзэж болно. Орчуулгын тухай өгүүлэхийн тулд юуны өмнө эхийн талаар товч боловч авч үзэх нь зүйтэй.
МНТ нь 15 бүлэгтэй ба 12 бүлэгтэй хоёр эх бичгээс бүрдсэн, агуулгын хувьд үндсэндээ хоорондоо ялгаагүй. Энэхүү хоёр төрлийн эх нь хоёул 282 хэсэгтэй бөгөөд ийнхүү дугаарласан нь судалгааны ажилд дөхөм болгохын тулд хожим нэмж хийсэн зүйл юм. МНТ-ны эх нь монгол хэлээр тэмдэглэгдсэн боловч, монгол бичгээр бичсэн эх нь хараахан олдоогүй байна. МНТ-ны 282 зүйлийн 234 нь Лу. Алтан товчид багтсан бөгөөд МНТ-нд байхгүй хэсгүүд ч уг бүтээлээс олдсон нь МНТ-ны эх уйгуржин монгол бичгээр байсны гэрч гэж ихэнх судлаачид үздэг. Уйгуржин монгол үсгийн эх байсны ул мөрийг МНТ-ны галиг болон хэлний бусад жишээ баримтаас бас нотолж болно. Мин улсын Хун-У (洪武) хааны 15-р онд (1382) хэвлэсэн анхны хэвлэлийн 41 хуудас бүрэн бус цорын ганц эх хувь24 үлдсэнийг энэ ялдамд дурьдахад түүхэн он цаг улирах тутамд ном судар хадгалагдан үлдэх нь их ховор тохиол болохыг харуулж байна.
Манай үеийг хүртэл хадгалагдаж ирсэн хоёр эх хоёул монгол хэлээр хятад ханз үсгээр тэмдэглэгдсэн байгаа. Монгол эхийн үг бүрийн хажууд хятад хадмал орчуулгаас гадна, хэсэг бүрийн хойно хятад товч орчуулга хавсаргасан нь МНТ-г гадаад хэлэнд буулгасан анхны орчуулга юм. Энэхүү бүрэн эхийг Мин улсын Юн Лө хааны нэвтэрхий толь бичиг (永樂大典)-т хэвлүүлэн гаргаснаар хадгалагдан үлджээ. Үүнээс хойш олон удаа янз бүрийн эмхэтгэлд оруулан хэвлэсэн байна.
Энэхүү  илтгэлд МНТ-ны анхдагч буюу товч орчуулгын тухай өгүүлэхийг зорьсон юм. МНТ-г түүхэн эх сурвалж болгон ашиглаж байсан Европын болон Хятадын эрдэмтдийн нэлээд хэсэг нь чухамхүү энэ хятад товч орчуулгыг ашиглаж байв. Жишээлбэл: П.Кафаров25 эхлээд хятад товч орчуулгыг олж авч, 1866 онд орос хэлнээ орчуулсны дараа 1872 онд 15 бүлэг бүхий эхийг олж, түүний улмаар Европ дахинд  танилцуулжээ.
Хятадын эрдэмтэн Цянь Да-синь (錢大昕) эхлээд 15 бүлэгтэй эхийг олж үзсэн бөгөөд хожим нь 12 бүлэгтэй эхийг олж авч, харьцуулсан үзсэн байна. Хятадын эрдэмтдээс  Цянь Да-синь анх түрүүн МНТ-нд анхаарлаа хандуулсаны ачаар тэр үеийн хятадын эрдэмтэд,  тухайлбал Ли Вэн-тянь (李文田), Ван Го-вэй (王國維) зэрэг эрдэмтэд МНТ-г түүхэн сурвалжийнх нь хувьд цоо шинээр үнэлэн цэгнэж, МНТ-ны судалгаа идэвхжин, олон тооны бүтээл гарсан байна.
Харин 12 бүлэгтэй эхийг анх 1804 онд Гу Гуан-чи (雇廣圻) олсон бөгөөд 1805 онд уг номыг хэвлүүлснийг Ли Вэнь-тянь, Вэнь Тин-ши (文廷式) нар 1902 онд Японы эрдэмтэн Найто Торозиро (内藤虎次郎)-д бэлэглэж, тэрээр цааш нь Нака Митие (那珂痛世)-д  өгснийг, орчуулан олон тооны тайлбар зүүлтийн хамт 1907 онд хэвлүүлжээ26.
Дээр өгүүлсэн хоёр төрлийн бүрэн эхээс гадна, МНТ-ны хэвлэгдсэн нэг хувилбар бол хятад орчуулгыг тусгайлан хэвлэсэн эх юм. Хятадын бичгийн хүмүүс Жан Му (张穆), Хэ Цю-тао (何秋濤) нар тусгай эмхэтгэлд оруулан, Дао Гуаны (道光) 27-р онд (1847) хэвлүүлжээ27.
МНТ-г бичсэн хугацааг 1240 он гэж үздэг бол хятад галигаар буулгаж орчуулгын хамт хэвлэсэн оныг 1388-1404 он гэж үздэг. Энэ нь Мин улсын Хун У хаан Хуа-И и-юй (Хятад-Монгол толь бичиг)-ийг зохиож, МНТ-г монгол хэл сурах хэрэглэгдэхүүн болгон ашиглахыг зарлиг болгосонтой холбоотой. Мин улсын Юн Лө-гийн үед хэвлүүлсэн дээр дурдсан нэвтэрхий  толь бичигт МНТ-г оруулж хэвлэсэн учраас 1404 он бол чухал он юм. Ийнхүү МНТ-г 1382-1404 оны хооронд хятад хэлнээ орчуулжээ гэж үздэг. Монгол хэлийг хятад хүмүүс чухалчлан судалж байсан нь улс төр цэргийн ач холбогдлоос гадна, монгол хэл тэр үеийн чухал хэлний нэг байсан бололтой. XIII-XIV зууны үеийн бичгийн дурсгалын зүйлсийг хадгалсан Турфаны цуглуулгад дундад зуунд өргөн хэрэглэж байсан олон хэлээр олон төрлийн үсгээр бичсэн баялаг олдвор байдгийн дотор монгол хэлээр уйгуржан, дөрвөлжин хоёр ч төрлийн үсгээр бичсэн хэрэглэгдэхүүн байдгийг бид олж үзэж болно.
МНТ-ны эхийн хэл нь тэр үеийн монгол хэлний онцлогийг, тухайлбал бичгийн болон ярианы хэлний онцлогийг тусгасан гэж үздэг. Энэхүү эх бичгийн хятад товч орчуулга нь өвөрмөц хэлтэй. Орчуулгын хэлнийх нь онцлогийг М.К.Холлидей28 бүтэц хэл шинжлэлийн үүднээс судалсан байдаг. Тэрээр хятад хэлний эх сурвалж болгон судалж онцлогийг нь үзсэнээс бус, монгол хэлний эхтэй харьцуулан судлаагүй бөгөөд харин орчуулгын зарим онцлогийг монгол хэлний нөлөө хэмээн тайлбарласан зүйлс бий.
М.К.Холлидей МНТ-ны хятад товч орчуулгын хэл нь тэр үеийн бичгийн хэлний (文言) хэм хэмжээнээс өөр, хойт зүгийн нутгийн аялгуунд тулгуурласан, ярианы хэлэнд илүү ойр хэлээр буулгасан хэмээн тэмдэглэжээ. Ийнүү сонгодог бичгийн хэлнээс ялгаатай хэлээр бичсэн нь хятад эрдэмтэд орчуулгыг дахин найруулан засах оролдлого хийхэд хүргэж байв.29
Ийнхүү хятадын хэл бичиг, түүхийн эрдэмтэд ном зохиолын хэл найруулгыг бичгийн хэлний хэм хэмжээнд нийцүүлэх өндөр шаардлага тавьдаг байсан боловч, МНТ-ны товч орчуулгыг түүхэн сурвалж болгон ном зохиолдоо ашиглаж байв.
            Ер нь МНТ-г судлаачид франц, герман, орос, англи, япон, хятад гэх мэт олон хэлний хэрэглэгдэхүүн ашиглахын зэрэгцээ МНТ-д хавсгаргасан үгчилсэн болон товчилсон хятад орчуулгыг заавал харгалзан үздэг.
            МНТ-г гадаадын 26 хэлэнд буулгасан орчуулгын зөвхөн цөөн хэсэг нь дундад үеийн монгол хэлнээс буулгасан эхээс орчуулсан эрдэм шинжилгээний орчуулга, харин нэлээд нь орчин цагийн монгол хэлэнд буулгасан эхээс орчуулсныг бид олж үзэж болно.
            Энэхүү илтгэлд авч үзэж байгаа анхны орчуулгыг яагаад товч буюу ерөнхий орчуулга хэмээн үздэг вэ? Үүнийг юуны өмнө орчуулгын хэсэг бүрийг монгол эхтэй нь тулган үзэх ёстой. Жишээлбэл, МНТ-ны §247-282-дох зүйлийн хятад орчуулгыг монгол эхтэй нь тулган үзэхэд, мөрийн тооны хувьд монгол эх нь илүү олон байв. Энэ нь нэг талаар монгол хэлний үг олон учраас илүү олон мөртэй байх нь ойлгомжтой. Монгол эхийн 3 мөр хятад орчуулгын 1 мөртэй тэнцэж, утгыг бараг товчлохгүй орчуулсан байх жишээтэй. Эх бичиг, орчуулгын эх хоёрын харьцаа 3:1-ээс илүү гарсан тохиолдолд тэр хэсгийг нэлээд хураангуйлан орчуулсан харагдана. Их товчилсон хэсгүүдийн жишээ гэвэл, §254-ийн монгол эх 62 мөр байхад орчуулга нь 12 мөр, §278-ын эх 87 мөр байхад орчуулга нь 2 мөр хүрэхтэй, үгүйтэй, §202-ын монгол эх 3 мөр гэтэл хятад орчуулга нь 3,4,2 мөр, §281-ийн монгол эх 27 байхад орчуулга нь 4,5 мөр байх жишээтэй.
§278-д Өгөөдэй хаан хэвтүүл, хорчин, торгууд, бүх хишигтний тухай хаан эцгийн зарлигийг урьдын ёсоор дагаж мөрдөхийг зарлиг буулгаж, тэдний үүргийг нэг бүрчлэн дахин нарийн тодорхой зааж өгснийг тэмдэглэжээ. Гэтэл хятад орчуулгад зөвхөн хамгаалагч (守街的) гэсэн нэрийг хэрэглэж, “хаан эцгийн зарлигийг урьдын ёсоор дагаж мөрдөхийг дахин сануулав” гэсэн товч зүйлийг бичжээ.
§202 зүйлийн монгол эхэд “...эсгийн туургатан улсыг нэгэнтгэж, есөн хөлт цагаан тугаа мандуулаад...,” Мухулайд улсын ван цол өгч, Зэвийг Найманы Күчүлэгийг дарахыг зарлиг болгож,... улс байгуулахад гавьяа байгуулсан 95 хүнийг мянганы ноён болгосон тухай өгүүлж, нийт хүмүүсийн нэрийг дурдсан байдаг. Гэтэл хятад орчуулгад“...улс байгуулахад гавъяа байгуулсан 95 хүнийг мянганы ноён болгов.” гээд нэрийг нь орхигдуулсан байна.
§64 бол Ц.Дамдинсүрэн гуай “хуримын дуу” хэмээн нэрлэсэн шүлэглэсэн хэсгийг МНТ-ны толгой холбосныг орчин цагийн монгол хэлэнд буулгасан эхээр авч үзье.
... манай Хонгириад хэзээнээс бусдын нутаг ба хүмүүсийг тэмцэлддэггүй.... гээд
Харь улсыг үл довтлон
Хацар сайн охидоо
Хасаг тэргэнд суулгаж,
Хар буур хөллөж,
Харьгиулж одож,
Хаан болсон та нартаа
Хатан сууринд дэвшүүлэн,
Хамт суулгамой.
            Өөр иргэнийг үл тэмцэн,
            Өнгө сайтай охидоо
            Өлзийт суудалтай тэргэнд суулгаж,
            Өл буур хөллөж, үүсгэж одож        
            Өндөр суурь эзлэгсдийн
            Өрөөл хань болгомуй.
            Хятад хэлэнд энэ бүх мөр бадгуудыг 1, 9 мөрт багтаан хүүрнэх хэлбэрээр орчуулжээ. Үүнд:
俺翁吉la家在前日子裹不與人爭國土百姓但有顔色的女子便獻與您皇帝人家后妃位子裹教坐有来
106-д Жамуха хэрхэн тулалдаанд бэлэн байгаагаа Тэмүүжин анд, Тоорил хан хоёрт хэлүүлсэн хэсгийг шүлэглэн өгүүлсэн мөр бадгуудыг хятадаар орчуулахдаа  “我自己整军” (“Би өөрөө цэрэг агтаа бэлтгэн засав”) гэснээр хязгаарлажээ.
            МНТ-ны эхийг хятад хэлэнд товчлон орчуулсан байдлыг харуулах зарим жишээг энд дурдаж, сүүлийн үед хятад орчуулгыг монгол эхтэй харьцуулан судалсан өөрийн ажиглалтаас хуваалцахыг хүсэж байна. Үүнд:
            Нэгдүгээрт, хятад хэлнээ орчуулсан энэхүү товч орчуулга нь МНТ шиг томоохон бүтээлийн тав, зургаан зуун жилийн өмнө хэрэгжүүлсэн анхны орчуулгын хувьд монгол, хятад хоёр хэлний аль алины орчуулгын түүхэнд тэмдэглэвэл зохих чухал үе шат болсон гэж үзэж байна.
            Хоёрдугаарт, хятад орчуулга нь МНТ-ны агуулгыг бүрэн гаргасан, ялангуяа түүхэнд баримт сэлт, он, сар, газар усны нэр, хүний нэрийг орхигдуулахгүйг хичээсэн байна.
            Гуравдугаарт, тоочсон зүйлийг засаж, товчлон тайлбарлаж орчуулснаас гадна шүлэглэсэн, яруу найргийн хэсгүүдийг утгачлан орчуулсан байна. Үүнээс шалтгаалан МНТ-ны хятад орчуулгад уран сайхны тал нь хасагдаж түүхэн тал нь давамгайлжээ. Ийнхүү шүлэглэсэн утга уянгын чанартай хэсгүүдийг товчлон хассан боловч, монгол үндэстний ёс заншил, домог, адилтгал, зүйрлэл зэрэг хэл найруулгын онцлогийг хятад орчуулгад хангалттай сайн тусгажээ. Энэ бүхэн нь монголчуудын түүх, ёс заншилтай танилцах, судлах зорилгын үүднээс  орчуулсантай холбоотой болов уу.
Дөрөвдүгээрт, энэхүү орчуулгын хэл нь XII-XIV зууны үеийн хятад хэлэнд үүсэн буй болж байсан үзэгдлүүдийг тусгасан онцлогтой тул тэр үеийн хятад хэлний бусад дурсгалын зүйлстэй, тухайлбал Сун, Юаны үеийн жүжгийн зохиол хэл, монгол-хятад хөшөөний орчуулгын хэлтэй харьцуулан судалж болох чухал хэрэглэгдэхүүн юм.
Тавдугаарт, монгол хэл, түүх, уран зохиолын энэхүү гайхамшигт бүтээлийг гадаад хэлэнд орчуулсан хувилбаруудыг харьцуулан зэрэгцүүлж, нарийвчлан судлах нь нийт орчуулгын уламжлалын судалгаанд хувь нэмэр оруулах бас нэг талбар гэж үзэж байна.
Ишлэл, зүүлт

24 大漢的世界紀家元時的多元文化藝術 (Age of Great Khan, Pluralism in Chinese art and culture under the Mongols) Tai-Pei 2008, P47 (Catalogue of National Palace Museum in Tai Pei)
25 П.И.Кафаров, 1866: Стариное Монгольское сказиние о Чингисхане: Генеалогическая таблица к сказанию и Чингисхане, том IV, с  1-258, С Петербург
26 成吉思汗實錄,東京,1907
27 元朝秘史(十五本)連筠移蕞書,道光二十七年秋靈石楊氏刊本
28 Halliday M.A.K, 1959: The language of these Chinese Secret History of Mongols , Oxford
29 元秘史潤文,清光緖末年王氏清稿本,楷書

НОМ ЗҮЙ
1.      元朝秘史,四部蕞刊三编史部,據民國二十五年四部蕞刊三编影印元朝年
2.      元朝秘史,十五卷,連筠移嶪書,道光二十五年
3.      元秘史潤文,十五卷,清,王樹策,潤文,文海出版社
4.      大漢的世纪,學元時代的多元文化與藝術,National Palace Museum (台北)
5.      Ligeti Lajos, A mongol titkos tortenete, Budapest, 1964

6.      Igor de Rachewiltz, Index to the Secret History of Mongols, 1972, Indiana University                                   

No comments:

Post a Comment