Профессор Ж. Баттөр /МУИС, ОУХС/
Түүхийн хуудсууд
Монгол хэл бол дэлхийн эртний хэлнүүдийн нэг юм. Хэдийгээр
тун цөөхөн баримт үлдсэн, түүхэн урт удаан хугацаанд асар их өөрчлөгдсөн ч бүр
Хүннүгийн үеэс л үндсэн нэр томъёо, хэллэгүүдтэй болчихсон байсан нь эртний
түүх сурвалжид тэмдэглэн үлдсэн зарим үгс харуулдаг. Жишээлбэл, Хүннүгийн хаан
эзнийг заасан “шаньюй” гэдэг үг байна. Энэ үгийг Ринчен гуай хэл шинжлэлийн
түүхэн харьцуулалтын аргаар сэргээн өнөөгийн хэлбэр нь “сайн” гэсэн үг, эдүгээ
яамдын сайдын “сайд” гэдгээр хэрэглэж байгааг олж тогтоосон.
Мөн Хүннүгийн төрийн албан тушаалтны нэрсийн жагсаалтанд
байсан “хэлмэрч”, “бичээч” гэх мэт үгсийг одоо ч хэрэглэсээр байгаа. Яагаад энэ
бүхнийг тоочоод байна гэхээр Монгол хэл түүхэн урт хугацаанд боловсорсоор
сонгодог хэлбэртээ хүрсний нотлогоо юм.
Монгол хэл бас маш баялаг хэл. Эртний Энэтхэг, төвдийн гүн
ухаан, шашны ном судраас өгсүүлээд, Хятадын сонгодог романууд, Оросын хийгээд
Өрнөдийн ямар ч бүтээлийг огтхон ч төвөггүй дуун хөрвүүлсээр ирсэн чадамжтай.
Бүр 14-р зуунд Македоны Александрын намтар “Сулхарнайн тууж”-ийг перс
хэлнээс Монгол хэлнээ орчуулсан орчуулгын зарим хуудас олдсон бөгөөд АНУ-ын
Харвардын монголч эрдэмтэн Ф. Вүүдмэн Кливез нарийвчлан судлаж томоохон бүтээл
туурвисан. Юань гүрний араас гарсан Хятадын Мин улс гадаад улс орнуудад явуулж
байсан дипломат албан захидлуудаа монгол бичгээр, монгол хэлээр явуулж байсан
нь өнөөг хүртэл хадгалагдаж байна.
Монголын эзэнт гүрний дараа Монголын эзэмшилд байсан Зүүн
хойд Азийн улс орнуудад ноёрхолоо тогтоож Чин гүрнийг байгуулсан манж нар
монгол бичгийг төрийн бичгээ болгосон юм. Солонгосчууд ч 15-р зуун хүртэл
үндэстний бичиг үсэггүй явсан бөгөөд 1446 онд Сежун хаан нь “Хангыл” хэмээх
үндэстний бичгийн цагаан толгойг хэлзүйч эрдэмтэдээрээ зохиолгосон. Харин
хангыл үсгийн дийлэнх зурлага нь монгол бичгийн зурлагатай ихээхэн төстэй,
бараг ижил байгаад гадаадын эрдэмтэд ялангуяа АНУ-ын түүхч Гэри Ледъярд нар
анхаарлаа хандуулсан байдаг. Харин солонгосчууд өөрсдөө “манай Сежун их хааны хосгүй
гайхамшигт бүтээл” гээд монгол үсгийн үүргийг төдийлөн гүйцэд үнэлдэггүй юм.
Үүнээс гадна Монголын эзэнт гүрний үед болон түүний бутарсанаас хойш
зохиогдсон монгол болон хятад, солонгос,
араб, перс, латин, түрэг, согд уйгар толь бичгүүд олноороо олдсоор байгаа нь
Монгол хэл дэлхий дахинаа хичнээн нөлөөтэй байсныг харуулж байгаа юм.
Ринчен гуай Монгол хэлэнд наад зах нь нэг сая гаруй үг
бардам бий гэж бичсэн байдаг.
Ийм түүхтэй өнөр баян
монгол хэл өнөөдөр ямар байна вэ?
Өнгөрсөн хорин жил бүтэх бүрэхгүй элдэв дүрэм “зохиож”,
туршилт хийсээр байгаад монгол хэлээр уран зөв найруулан бичдэг тун цөөхөн
боллоо. /Гэтэл 18-р зууны франц хэл одоогийн франц хэлэнд онцын ялгаа байдаггүй
гэдэг./
Оюутнууд, магиструудад хичээл зааж байхад монгол хэлээ
мэддэггүй залуус маш их болсон нь анзаарагддаг. Наад захын өргөдөл, албан
бичиг, эсээ ч бичиж чадахгүй оюутан магистрант их байна. АНУ-ын их дээд
сургуулиуд элсэн орохыг хүсч буй хэнийг ч байсан англи хэлээрээ буюу өөрсдийн
эх хэлээр эсээ нэртэй зохион бичлэг бичүүлдэг. Орос, Хятад хоёр эх хэлний
боловсролыг төрөөсөө анхаарсаар олон улсын стандарт шалгалт авч байна. Хэлний
чадвар тогтоох ийм стандарт шалгалтын хятад хэлнийхийг HSK, солонгос хэлнийхийг
TOPIK гэхчилэн нэрлэдэг. Эдгээр шалгалтыг өгч, 3 юм уу, 4-р түвшинд тэнцэж байж
тухайн улсад суралцах эрх нь нээгддэг. Монгол хэл ч ийм жишиг шалгалттай
болмоор байгаа юм. Ганцхан манай хэл шинжлэлийн эрдэмтэд хувь хувийн амбицдээ
баригдаад нэгнийхээ ялангуяа залуу эрдэмтдийн санаа бодлыг ердөө ч хүлээн
зөвшөөрдөггүй.
Хүүхдүүдэд туйлын ойлгомжгүй, хүнд нүсэр, хэтэрхий
адармаатай хэлзүй заасаар байгаад 11-12 жил болдогийг болиулж, хөнгөнөөс хүнд
рүү чиглэсэн, нэн сонирхолтой тайлбарт хэлзүйтэй, хэрэглээ тал нь давамгайлсан
сургалтын агуулга, хэлбэрийг сонгомоор байна. Дэлхий нийтийн чиг хандлагын
дагуу сэтгэлгээний түвшинг өсгөх үе шатлал бүхий эсээ бичүүлэх, албан бичгийн
хэлбэрүүдийг бичүүлж сургах, монгол хэл дээр суурилсан гадаад хэл заах зэрэг
шинэтгэлүүд хиймээр байна.
Монгол улс төрийн албандаа монгол хэл ялангуяа бичгийн хэл
сайн эзэмшсэн хүнийг сонгон авч баймаар байна. Ингэж л үүрэг нөлөөг нь
өндөрсгөж байж монгол хэлний нэр хүнд өснө. Наад зах нь гадаад хэл сайн
эзэмшсэнээс гадна эх хэлээрээ бичих чадвар сайтай хүнийг Гадаад харилцааны Яам
сонгож авах хэрэгтэй байгаа юм. Ямар ч
байсан Монгол улс хэлний бодлогоор хөршөөсөө хоцорч огтхон ч болохгүй.
Хэлтэйгээ байгаа үндэстэн тийм амар бусдын атганд ордоггүй.
Эх хэлний чадвар улс
төрчдөд ч хамаатай
Хэл бол хүний сэтгэлгээ, дотоод ухамсартай салшгүй холбоотой
байдаг бөгөөд хэл шинжлэлийн энэ салбарыг “Сэтгэц хэлшинжлэл” гэдэг. Сэтгэлгээ
сайтай хүн аливаа юм үзэгдлийн талаар гүн гүнзгий, өргөн цар хүрээтэй сэтгэж
түүнийгээ нэн оновчтой илэрхийлж чаддаг. Аль ч үед хэл бичгээ гойд сайн
эзэмшсэн хүнийг төрийн албанд томилж байсан түүхтэй.
Аль улс үндэстний удирдагч нар өөрийн хэлийг тун гаргуун
эзэмшсэн байдгаараа бусдаас ялгарч байна. Гайхамшигт удирдагч нар гайхамшигт
уран илтгэгч нар байдаг бөгөөд өөрийн үзэл санааг тун мэргэн, оновчтой
илэрхийлж, тэр үгс нь хүн төрөлхтөний оюун санааг баяжуулан хөгжүүлж онч мэргэн
үгсийн санд үлддэг.
Үг хэлний чадваргүй хүмүүс удирдагч болж чаддаггүй. Энэ ч
мөн Монголын улс төрчдөд хамаатай. Өнөөдөр хэн Монгол хэлээ сайн эзэмшсэн байна
тэр хүн олон түмэнд өөрийн санаа бодлыг хүргэж чадна, тэр хэмжээгээрээ дэмжлэг
авна. мэддэг учраас өөрсдийн санаа бодлыг туйлын ойлгомжтой илэрхийлж ард
иргэддээ хүрч чадаж байгаа юм. Өнөөдөр Монголын удирдагчдаас Монгол хэлний
чадвар онцгой сайн байгааг, аль улс
төрийн нам хүчин монгол хэлэндээ хичнээн мохоо байгааг, хэт албаны модон
хэлнээсээ болж өндийж чадахаа байсныг бид харж байна.
Үг хэл удирдагчдад хичнээн хэрэгтэй болохыг Библийн “Иохан”
гэдэг номонд “Эхлээд Үг байсан. Үг Бурхантай хамт байсан ба Үг өөрөө Бурхан
/God/ байсан юм” гэж бичсэнээс харж болно.
Мөн Английн нэгэн үеийн удирдагч байсан Бэнжамин Дизраэли “Үгээр бид
хүмүүсийг удирдан захирдаг” гэсэн.