Wednesday, February 26, 2014

Алтай овогтны соёлын ялгаа ба ижилсэл


(Сөүл хотноо болсон“Алтай овгийн хэлтнүүдийн соёлын нөхөрлөл” хэмээх хуралд хэлсэн Баабарын үг)

Өнөөгийн хүн төрлөхтөн хомо сапенс хэмээх биологийн нэг л зүйлд хамаардаг, 100 мянган жилийн өмнө үүссэн бодгал билээ. Африкт үүсэж аажмаар бүхий л дэлхийгээр тарж байрласан энэ зүйл түүхийн урт хугацаанд эхлээд антропологийн хувьд, дараа нь соёлын хувьд, тэгээд иргэншлийн хувьд, сүүлдээ үндэстний хувьд бие биенээсээ ялгарч эхэлсэн юм. Өнөөдөр дэлхий дээр буй 6 мянга орчим хэл аялагыг төрөл зүйлээр нь ангилбал 10 орчим том бүлэгт хуваагддаг. Орчин үеийн хэл одоогоос 15-20 мянган жилийн өмнө үүссэн гэж эрдэмтэд үздэг. Ингэхээр бие даасан хэд хэдэн цэгүүдэд хэлүүд бие даасан байдлаар үүсч, тэр хэлээр ярилцагч ах дүүс тал тал тийш нүүн хоорондоо ялгарч улмаар үндэстэн үүссэн бололтой.


Өнөөдөр хамгийн сайн судлагдсан угсаатны нэгдэл бол Энэтхэг - европ овгийн хэлтнүүд юм. Химлайн нуруу хавиар нутаглаж байсан энэтхэг европчууд олон мянган жилийн өмнө санскрит, эсвэл өвөг санскрит хэлээр ярьж байжээ. Тэд хэдэн мянган жилийн өмнө Химлайгаас баруун тийш нүүн Европ орж суурьшсан ба тэндээсээ зарим нь дундад зууны үед Хойд, Өмнөд Америк, Өмнөд Африк, Австрали руу шилжин суурьшсан байна. Энэ явцдаа ч дотрохи ялгарал бас үргэлжлэн ах дүү нар хэдэн зуун жил өнгөрөхөд тус тусдаа этникийн хувьд бие даасан үндэстэн болжээ. Хоёр мянган жилийн өмнө нэг хэлээр ярьдаг нэг үндэстэн эртний ромчууд түүхийн явцад испани, итали, франц, румын зэрэг өөр үндэстнүүд болсон байна.

Энэтхэг европчуудаас гадна, хамит - самитчууд, хятад – төвдүүд, угро- финчүүд, дарвидууд, алеут – эскимосчууд гэсэн хэл нь тусдаа үүссэн бүлэг ах дүү нар байдгийн нэг нь алтайчууд юм. Лавтай 15 мянгаас цааш жилийн өмнө нэг угсаатан үндэстэн байсан алтайчууд өнөөдөр Хар тэнгисээс Номхон далайн хоорон дахь өргөн уудам нутагт 200 гаруй саяулаа амьдарч байна.     
Хэл бол угсаатны гарал үүсэл, ах дүү, соёлын нийтлэг эх сурвалж зэргийг тодорхойлох хамгийн дөт, ил хэрэглэгдэхүүн мөн. Алтайчуудыг хэлээр нь солонгос, манж-тунгус, монгол, түрэг гэж дөрвөн бүлэгт ангилдаг. Солонгос нь манжтай, манж нь монголтой, монгол нь түрэгтэй илүү ойр байдаг мөртөө энэ дараалал алгасахаараа ижил төс нь улам холддогоос үзэхэд магадгүй алтайчууд Уссури, Сунгари хавиас анх үүсэн улмаар баруун тийш улам улам нүүсээр Европ тив хүрсэн байж болох юм.
Солонгос, монгол хэл нь өөрийн бүлэг дотроо өнчин хэл байдаг. Манж бүлгийн манж, тунгус, эвенк, солон, эвен гэсэн цөөн хэл өнөөдөр үлдсэн, эдгээр хэлээр хэлэлцэгсэдийн тоо ч 100 мянга хүрэхгүй цөөн үлджээ. Жишээ нь 2000 оны тооллогоор тогтоосноор манж хэлээр хэлэлцэгч 100 орчим хүн буйн дийлэнх нь 90 нас өнгөрсөн хүмүүс байв. Харин түрэг бүлгийн маш олон үндэстэн бий нь Түрэг, Азербаджан, Узбекстан, Казахстан, Түркстан, Киргиз гэсэн бие даасан улсуудын албан ёсны хэл болж байгаа юм. Үүнээс гадна Оросын холбооны субъект болсон Татарстан, Башкир, Алтай, Каракалпак, Крымын татаар, Якут, мөн Хятадын Шинжаанд Уйгар гэсэн үндэстнүүдийн ард түмний голлон хэлэлцэх хэл юм. Үүнээс гадна аваар, ногай, хазаар гэх мэт цаана нь мундахгүй олон үндэстнүүд бий. Түрэг бүлгийн хэлээр өнөөдөр 120 орчим сая хүн ярьж байна.

Энэ дэлхийд оршин буй хэдэн мянган хэл аялага дотор гагцхүү алтай овгийнхон залгамал хэлээр ярьдаг. Гиннесийн номонд түрэг хэлний 28 авианаас бүтсэн үгийг хамгийн урт үг гэж тэмдэглэсэн байдаг. Гэтэл монгол хэлэнд “ца” гэсэн язгуураас үүсэн араас нь залгасаар байгаад “цахилгаанжуулалтынхантайгаараа” гэсэн гуч орчим авианаас бүтсэн дан ганц үг ч байна.

Алтайчууд түүхийн хэдэн мянган жилийн туршид японы, хятадын, персийн, лалын, христосын том иргэншлүүдтэй хөршлөн амьдарч байсны хувьд энэ иргэншлүүдийн соёлыг өөртөө их шингээсэн. Дорно зүгт солонгосчууд хятад, японы иргэншлийн асар их нөлөөнд орсон бол, өрнө зүгт түрэгүүд лал болон өрнийн иргэншлийн том нөлөөнд орсон юм.
Энэтхэг, Хятад, Япон, Египт, Перс, Ром Герег болон Христосын өрнийн тус тусдаа буй болсон том иргэншлийг нэн эртнээс хооронд нь холбож өгсөн угсаатан бол алтайчууд билээ. Алтай угсаатнууд өөрийн гэх оргинал иргэншил үүсгэж байгаагүй ч гэсэн өрнө дорно, өмнө умрын энэ олон иргэншлийг холбож, хэдэн мянган жилийн аян дайн, миграциараа соёлын солилцоо хийж байснаараа хүний соёл иргэншлийн түүхэнд магадгүй хамгийн чухал үүргийн нэгийг гүйцэтгэсэн юм. Хятадын иргэншил соёлыг Япон руу зөөх гол суваг нь солонгосчууд байсан бол, лал ба өрнийн иргэншлийн солилцооны суваг нь түрэгүүд, хятад ба өрнийн соёлын солилцооны тээгч нь монголчууд, энэтхэг ба өрнийн соёлын гол тээгч нь моголчууд байсан билээ. Эртний Ром ба Хань династийг холбосон алдарт торгоны замын хамгийн хүнд хэцүү зам болох уулс, цөлийн хэсгийг түрэг угснаатнууд гүйцэтгэж байсан.

Алтайчууд нэн эртнээс аян дайн, нүүдэл их хийдэг, тэр утгаараа дэлхийгээр нэг тарсан учир өөрийн соёл иргэншил бүхий газруудад олноор суурьшсан байдаг. Иранд Азербаджанд байгаагаас олон азербаджанчууд, Хятадад Монголд байгаагаас олон монголчууд амьдардаг бол Берлинд Стамбулд байгаа шиг олон түрэгүүд аж төрж, Москвагийн хүн амын 20 хувийг татарчууд эзэлдэг, Казахстан, Узбекстаны хүн амын багагүй хувийг солонгосчууд бүрдүүлдэг. Европт Каспийн тэнгисийн эрэгт Ижил мөрний хөвөөнөө 300 гаруй жилийн турш Халимаг улсад монголчууд амьдарч байна.

Өнөөдөр дэлхий даяаршин хавтгай болж иргэншлүүд ижилшиж, соёлууд улам ойртон адилхан болж байгаа үе билээ. Гэхдээ энэхүү даяаршил нь үндэстнүүдийн соёлын өвийг хадгалах, хэл, зан заншлийг хэвээр үлдээхтэй зэрэгцүүлэх ёстой юм.

Иймээс нэг гарал үүсэлтэй, соёлын нэг эхтэй алтайчууд өнөөгийн даяаршиж буй ертөнцөд өөрийн өвөрмөц онцлог, хэдэн мянганыг дамнасан зан заншил хэл соёлоо хадгалан үлдэхийн тулд хамтарсан соёлын холбоо байгуулж харилцан туслалцан хамтран ажиллах шаардлагатай.  Энэ угсааныханд нийтлэг байдаг нэгэн сонин шинж бол аливаа шинэтгэл, реформыг талархан хүлээж авдаг төдийгүй, нэг их гадуурхалгүйгээр өөриймшүүлдэг явдал юм.

Эсрэгээс тэслэг рүү хурдан шилждэг хоёрхон жишээг сонирхоё. Нэг нь XV-XVI зуунд буддын шашинд орж номхон даруугийн үлгэр болсон монголчууд байна. Асуудлыг шийдэх хамгийн сайн хэрэгслэл бол илд сэлэм хэмээн үздэг догшин Чингис хааны хөвүүдээс хорхойд хоргүй номхон Буддагийн шавь болоход зуу хүрэхгүй жил орсон байна.
Манжийн вассал байх үед албадан нэвтрүүлсэн хувцас гэзэг үс зэргийг төдий эсэргүүцэлгүй хүлээн авсан төдийгүй бүр хятадыг эсэргүүцсэн өнгө аястай домог зохион өөриймшүүлж авсан байна. Жишээлэхэд монгол эхнэрийн манж маягийн дэрэвгэр үсний домог байна.
Нөгөө талаас лал мөргөлт Түрэгт хийсэн Ататюркийн шинэтгэл байна. Хэрвээ түрэгчүүд алтай язгуурын нүүдэлчдийн удам биш байсан бол энэ шинэтгэл бүтэшгүй юм. Лалын өөр улс оронд  эрчүүдийн сахалыг хусч, хүүхнүүдийн гивлүүрийг хуу татан, араб үсгийг нь латинаар солиод, шашин төрийг тусгаарлана гэвэл  ер нь бүтэх бол уу?

Нүүдэлчид дээр голлон төвлөрсөн алтай язгуурын хэлтнүүдийн шинэтгэлийг хүлээн авах, дасах шинжүүд олон зүйл дээр харагддаг. Дэлхийг нэгэн цагт байлдан эзэлж, эзэнт гүрнээ тогтоосон монголчуудын жишээ байна. Тэд эзэлж авсан орон нутагтаа өөрсдийн мөргөл, зан заншлаа тулгахын оронд тэднийхийг хүлээн авах нь элбэг байжээ. Үүнийг Монголын лал мөргөлт Ил хаад, Юань гүрнийг үндэслэгч Хубилай нарын төрийн бодлого засаглалын жишээнээс харж болно.
Марко Поло, Елю Чуцай, Рубрук гээд олон алдартнууд монголчуудын аядуу, хүлээн зөвшөөрөмтгий зан аашийн илрэл бололтой.

Бүх шашин тэгш эрхтэй гэдэг зарчим анх дэлхийн талыг нэгтгэсэн Чингисийн монголчуудаас гарсан боловч энэ зарчим алтайчуудын хувьд уламжлагдсаар буйн жишээ бол лал шашинт Түрэгт лал ба атейзм албан ёсоор зэрэгцэн оршиж байгаа нь, Солонгос дахь буддизм, күнз, христ шүтлэгтний харьцаа зэргээс тод харагдана. Энэ жишээг “Америкт бүх шашин тэгш эрхтэй байдаг” гэсэн факттай хольж хутгахгүй байхыг хүсье. Энд нэг төрлийн шашинт орон маш богино хугацаанд шинээр орж ирсэн өөр шашин, эсвэл шашингүй үзлийг хүлээн зөвшөөрч өөриймшүүлэх тухай ярьж байгаа юм.

Алтай угсаатнууд ямар ч гадны соёл иргэншил шашин ертөнцийг харах үзлийг хүлээж авах, өөриймшүүлэхдээ гаргууд гэдгийн олон жишээ бий. Солонгос хэлний нэр томъёоны 10 хувь нь хятад байдаг ба өнөөдөр англи нэр томъёо маш том хувь эзэлдэг. Солонгосчууд хятадын соёлыг Япон руу зөөснөөс гадна өөрсдөө японы соёлоос асар их зүйлийг авч өөриймшүүлсэн билээ. Шашны хувьд гэхэд японы шинто, энэтхэгийн буддизм, хятадын күнзийн суртал нь солонгосчуудын соёлын салшгүй нэг хэсэг болсон ба ХХ зуунд Азийн хамгийн том христосч орны нэг болж хувирч байна.

Лалын шашныг арабууд үүсгэж лал иргэншлийг тэд тарааж байсан боловч дундад зууны үеэс тэнд нүүдэллэн очсон түрэгүүд өөрснөө лалжсан төдийгүй энэ иргэншлийг нэвтрүүлэгч, оройлогч гол хүчин болж хувирчээ. Харин тэд ХХ зуунаас эрчимтэй өрнөджиж америкжиж байна.
2009 оны 12 дугаар сар 10


Монгол хүний менталитет

Судлаач доктор Д.Ганхуяг

Уг нь энэ өгүүллийг нэлээд эрт бичсэн юм. Гэтэл сүүлийн үед зарим залуус, шавь нар маань хүсээд байгаа болохоор хэвлэж байна. Хүнээсээ хамаг юм эхэлдэг болохоор энэ өгүүллийн агуулга нэг их хуучраагүй гэж бодож байна. Харин ч ухаарахад улам ч хэрэг болж мэдэх юм.
Аливаа улс үндэстний түүх хөгжиж ирсэн нөхцөл байдал, газар зүйн орчин зэрэг нь өөр өөр байдаг нь түүнийг бусдаас ялгаатай үзэл бодол зан үйлийн хэвшмэл шинжтэй болгодог байна. Yүнийг нийтлэг байдлаар үндэстний менталитет хэмээх ойлголтод багтаан үздэг.
Нийгмийн аливаа өөрчлөлтийг амжилттай хэрэгжүүлэх эсэх нь энэхүү менталитетыг хэр зэрэг харгалзсанаас шалтгаална.
Харамсалтай нь бид үүнийг монголын нийгмийн түүхийн бараг зуун жилийн түүхэнд харгалзаж байгаагүй юм.
Менталитет гэдэг нь бодит байдлын субъектив дүр бөгөөд хүмүүсийн ертөнцийг ойлгох, ертөнцийг мэдрэх явдлыг тодорхойлж байдаг харьцангүй өнгөц, хувьсамтгай төсөөллийн цаад, тогтвортой өвөрмөц систем болно.
Yүний зэрэгцээ менталитетыг ухамсар, өөрийн ухамсрын агуулга ( мэдрэмж, үзэл бодол, төсөөлөл ), түүнчлэн сэтгэлгээний арга барил ( бодит байдлыг ойлгох, дүгнэх арга ) гэж ч үздэг.
Ямар нэг хэмжээгээр нийт үндэстэнд байдаг ерөнхий менталитетаас гадна эрх баригчдын ментал шинж, ард түмний менталь шинж гэсэн менталитетын тусгай төрөл байдаг.
Аль ч ард түмний үнэт зүйлс бүрэлдэх, өөрийн гэсэн сэтгэлгээ, төсөөлөл бий болоход түүх – эдийн засгийн болон социал хөгжил, байгал – экологийн онцлог, түүнчлэн “хамтын ухамсаргүй байдал” зэрэг нөлөөлдөг.
Монгол нь энэ утгаараа дэлхийн аль ч үндэстнээс ихээхэн ялгаатай. Нүүдлийн мал аж ахуй, түүнд зохицсон нийгэм – төрийн байгуулал нь монголчуудын менталитетыг тодорхойлсоор ирсэн нь гарцаагүй юм.
Монгол хүний менталитетыг нэлээд эртний үеэс улируулан философийн үүднээс судалсан нь доктор Н. Хавх болно. Тэр менталитет гэдэг үгийг “унаган төрх” гэсэн монгол нэр томъёогоор дүйлгэн нэлээд ултай тодорхойлсон байна.
Доктор Н. Хавх монгол хүний сайн талуудыг нь : “ нэг чигт шударга шулуун гүндүүгүй байдал, бусдыг хуурч мэхлэх, залилах явдалгүй бат үйл, бусдыг тэтгэх болон бусдаас харж хүлээж хүсэх хиргүй тунгалаг сэтгэл, ах зах дээд хүмүүст үзүүлэх сэтгэлээ дагасан хүндэтгэл, бусдыг сэтгэлээрээ шууд мэдрэн таних онцгой чадвар, өрөвч зөөлөн харимтгай сэтгэл, бусадтай хиргүй цагаан сэтгэлээр харьцах харьцаа, сэтгэл санааны их эрч хүч, эрмэлзэл тэмүүлэл“хэмээх тодорхойлжээ.
Харин муу талуудыг нь : “ өрх гэрийн хүрээнд ураг төрлийн хүмүүсийн харьцаагаар бий болсон хязгаарлагдмал үзэл бодол нь өөр хүрээлэлд таарч тохирохгүй болоод ирэхлээр хямралын байдалд илүү хэмжээтэй орно, түүнээс гарахын тулд тэр үедээ тархи толгойгоо эрч далайцтай ажиллуулна, ухаан бодлоо сийлнэ, тэр хэрээр хурдан түргэн хямралаас гарах арга замыг олно ; харин энэ хооронд үе үе туйлширна, өрх гэрийн хүрээнд төлөвшин бий болсон тэр сайн талыг үзэл бодол, шинж, унаган төрхөөсөө огцом эрс ухарч, бусдыг дуурайн, тэднийг аялдан дагаж хошуурна, эс дагагсадыгаа хавчиж шахна, овжин зальтай, хуурч мэхлэх, итгэл алдуулах, хувиа хичээх явдлыг чухалчлан сонирхоно, залуус нь эцэг эх, ахмад үетэйгээ, эхнэр нь эр нөхөртэйгөө эвдрэлцэж, тэд нь ч үр хүүхэд, залуу үе, эхнэртээ итгэх итгэлээр тааруу болно” хэмээн дүрсэлжээ.
Монгол хүний менталитетын талаар хятадын эртний сурвалжууд, гадаадын жуулчид, тухайлбал Марко Поло, Плано Карпини, Гильом де Рубрук нарын аян замын тэмдэглэл, гадаадын эрдэмтэд тухайлбал, академич М. И. Майский нарын олон эрдэмтдийн зохиол бүтээлд тодорхой дурдсан байдаг.
Эдгээр нь бүхэлдээ дээрх дүгнэлттэй үндсэндээ давхцдаг болно.
Менталитет нь бүхэлдээ биш, харин түүний гол зарим шинж нь имиж байдлаар тарж, тухайн үндэстний хаяг, дүр хэлбэрийг олдог байна.
Жишээлбэл, немцүүд цаг нарийн барьдаг, хууль сахидаг, францчууд зоригтой, цэмцгэр, нэр төрд дуртай, оросууд далайц зангараг сайтай, хамтач, хятадууд ажилсаг, нарийн ухаантай гэх мэтээр ярих нь хүмүүст хар аяндаа ойлгомжтой мэт санагдана. Yнэхээр ч тийм байдаг.
Олон эрдэмтдийн үзэж байгаагаар социаль ач холбогдол бүхий дээд эрэмбийн үнэт зүйлсэд : Ажил хөдөлмөр, Нандигнах зүйлс, Эрдэм мэдлэг ( мэдээлэл ), Ур чадвар, Ажил Хэрэг, Эд баялаг, Эрүүл мэнд, Эрх зүй ( аюулгүй байдал ) зэрэг ордог байна.
Менталитетын суурь өөрчлөлт Монголд хоёр удаа болсон байна. Yүний нэг дэх нь XIX зууны сүүлч, XX зууны эхээр Монгол Улс уламжлалт нийгмээс орчин үеийн нийгэмд шилжих үед нийгмийн асар их донсолгооны үед болжээ. Энэ үед “уламжлалт” монгол хүний хэв маяг “социалист” монгол хүн хүн болон өөрчлөгджээ.
Энэ дашрамд дурдахад манайд тогтсон зөвлөлт маягийн нийгмийн байгуулал нь орчин үеийн нийтээр хүлээн зөвшөөрсөн ангиллаар орчин үеийн буюу модерн нийгмийн байгуулалд хамаарагддаг.
Удаах суурь өөрчлөлт нь 1990 – ээд оны өөрчлөлт шинэчлэлээр эхэлж одоо үргэлжилж байна. Энд “социалист” монгол хүн “капиталист” монгол хүн болон өөрчлөгдөх үйл явц болж байна.
Уламжлалт, социалист, капиталист гурван хэв маяг хүний амьдралын гурваас дөрөвхөн үеийн дотор солигдсон нь монгол хүний менталитет, тухайлбал үнэт зүйлс, эрхэмлэл, зан араншинг ихээхэн зөрчилтэй, тодорхойгүй, чиг баримжаагүй болгож, нийгмийн харилцааг үлэмж зөрчилтэй бөгөөд ихээхэн онцлогтой болгож байгаа юм.
Сэргэн мандалтын үеэс авахуулан Европын нийгэмд зах зээлтэй холбоо бүхий Ур чадвар, Өмч хөрөнгө, Ажил хэрэг, Эд баялаг, Эрх зүй гэсэн дөрвөн үнэт зүйл тодорхойлогч шинж чанартай болсон байна.
Мөн эдгээр чанарууд Дорнын диспотизмын хүрээнд арай өөр байдлаар Хятадад болон дорнын бусад орнуудад хөгжиж ирсэн байна.
Монгол хүний үнэт зүйлсийн тогтолцоонд дээр дурдсанаас огт өөр чиглэмж бүхий Мөрөөрөө амьдрах, Дураараа байх, Нигүүлсэнгүй байх, Төрсөн нутаг, Байгаль дэлхий гэсэн үнэт зүйлс ихээхэн ач холбогдолтой байжээ.
Эдгээрийг өнөөгийн шинжлэх ухааны нэр томъёогоор илэрхийлбэл Шударга ёс, Эрх чөлөө, Эв нэгдэл, Нинжин сэтгэл, Газар нутаг, Байгал эх зэрэг болно.
Хөдөлмөр бол аль ч нийгэмд байдаг үнэт зүйл мөн. Гэхдээ хөдөлмөр зах зээлийн харилцаанд орсноос хойш түүний агуулга ихээхэн өөрчлөгдөж барууны орнуудын голлох үнэт зүйл болж, хөдөлмөрийн ёс зүй, түүнтэй холбоотой сахилга, хариуцлага зэргийг багтаасан том ойлголт болжээ.
Хэрэв энэ утгаар нь авч үзэх юм бол Монголд хөдөлмөр нь хэзээ ч голлох үнэт зүйл болж байгаагүй гэсэн дүгнэлт хийж болно.
Yнэхээр ч монголчууд эд баялаг, өмч хөрөнгийн төлөө хөдөлмөрлөж байгаагүй түүнийг амин зуулгийн ердийн нэг хэрэгсэл мэт ойлгож, дараа нь амрах, баярлаж наадахын өмнөтгөл мэт үздэг. Yүнээс шалтгаалан хөдөлмөрийн соёл, сэтгэл зүйн тун өвөрмөц төлөв байдал бий болжээ.
Социализмын үед тулгарсан хамгийн гол бэрхшээл бол саяхны малчдыг орчин үеийн ажилчин, тариаланч, сэхээтэн болгох явдал байсан юм.
Тэр ч байтугай малчдын хөдөлмөрийг хамтын байдлаар зохион байгуулахад ч ихээхэн бэрхшээл тулгарч байлаа.
Энд монгол малчид социализмыг эсэргүүцсэндээ биш, харин хөдөлмөрийн орчин үеийн зохион байгуулалтад дасахгүй байсан нь илүүтэй гэж бид үзэж байна.
Нэгэнт хөдөлмөр нь нөхөн сэргээх шинж чанартай, хөдөлмөрийн ёс зүй сайтар хөгжөөгүй болохоор зах зээлтэй холбоо бүхий өмч, эд баялаг, эрх, мэдлэг гэсэн бусад үнэт зүйлс монгол хүний менталитетэд голлох байр эзэлдэггүй буюу тун бүрхэг байдаг.
Монгол ойлголтоор өмч болон өмчтөн гэсэн ойлголт нь бараг муу зүйл мэт үзэгдэнэ. Учир нь олон мянган жилийн турш монголын малчид өмч хөрөнгийг орлого буюу ашиг олдог капитал гэж хэзээ ч үзэж байгаагүй, харин амин зуулгын хэрэгсэл, төр буюу хаад ноёдын өмнө хүлээх дарамт (татвар) гэж үзэж ирсэн бололтой.
Ийм сэтгэл зүй нь Хариуцлагын мэдрэмжийг үлэмж сул болгодог байна. Одоо ч гэсэн монгол хүн хариуцлага хүлээх тун дургүй, түүнээс үүдсэн ёс суртахууны сэдэл болох буруугаа хүлээх чадвар бараг байхгүй юм.
Хүй элгэний харилцаанд тулгуурласан нийтийн шинж чанартай хөдөлмөр нь мэргэжлийн Ур чадварыг үлэмж бууруулдаг байна. Монголд ажилч малч олон хүн байсан нь эргэлзээгүй боловч энэ нь нийт нийгмийг өөд нь татах бүтээлч хүчин болж байгаагүй юм.
Өрх гэрийн аж ахуй нь “олон салбарын” шинж чанартай байсан нь түүнийг харьцангүй бие даасан шинжтэй болгож, хэрэглээний бараг тогтмол хэмжээг бий болгодог байна. Мөн эдийн засгийн өрсөлдөөн гэсэн нэг чухал үнэт зүйл бас байсангүй.
Таваар – мөнгөний харилцаа ямар нэг хэлбэрээр байсан боловч энэ нь өөр хоорондоо гэхээсээ хятадын худалдаачидтай хийх худалдаагаар үндсэндээ тодорхойлогдож байсан.
Эндээс мөнгө нь үнэт зүйл болж чадахгүй байв. Иймээс монгол хүний сэтгэл зүйд материаллаг эд зүйлд хэт дурлах сэдэл огт байгаагүй юм.
Монголын нийгмийг бүхэлд нь хамарч байсан хот айл, саахалт айлын систем нь ямар нэг албадлагагүйгээр жам ёсоор бий болсон хүмүүсийн нийтлэгийн анхдагч хэлбэр байжээ.
Энэхүү Хүй элгэний түвшинд бол монгол хүн Хамаатансаг, Ах дүүсэг, Шударга ёс, Тэгш эрх, Эв нэгдэл, Уламжлалыг хүндэтгэх үнэт зүйлстэй байна.
Хүй элгэний хүрээнээс гадагш бол Нутгархах үзэл буюу жалга довны үзэл бараг хэтэртлээ хөгжсөн.
Сэтгэлгээний салбарт шинжлэх ухааны мэдлэгийг үл мэдэх ба ертөнцийг үзэх үзэл нь шашны мухар сүсэгт хэт автсан байсан.
Өөрөөр хэлбэл, рациональ сэтгэлгээ байгаагүй. Ийм байдал мэдлэгийн асар өндөр түвшинд хүрсэн цөөн тооны зарим хүнийг эс тооцвол нийгмийг бүхэлд нь хамарч байлаа.
Эрдэмтдийг амьдралаас тасархай, зөвхөн ном уншдаг буюу уншсан хүн гэж ойлгодог. Иймээс сэтгэлгээ нь нэг хэвийн, хамгийн хялбар, цорын ганц, зөв, үнэн, ганц амьсгаагаар хийх шийдлийг эрэлхийлдэг.
Мэдлэгийн салбарын аливаа зүйлийг хэт бүдүүвчилж, загварчлан ойлгодог. Yүнээс үүдэн туйлшралд байнга орж байдаг. Иймээс түүхийг болон нийгмийг цоо шинээр гадаадыг дууриан хийх хүсэлтэй.
Үүнээс улбаалан монгол хүний сэтгэхүй “буян – нүгэл”, “ сайн – муу”, “хар – цагаан”, “үнэн - худал”, “ буруу – зөв”, “нөхөр – дайсан”, “өөрийн – хүний”, “бурхан - чөтгөр” гэсэн хоёр туйлтай байх нь элбэг .
Төр нь монгол хүний хувьд төр нь цорын ганц, тэнгэрлэг, туйлын үнэн болох бөгөөд түүнд үг дуугүй захирагдах нь түүний ертөнцийг үзэх үзлийн гол үнэт зүйл болно.
Манай олонхи эрдэмтдийн хэлдэг Монгол нь төрт ёсны арвин баялаг уламжлалтай гэдэг үндэслэл нь харьцангóй юм.
“Манжийн дарангуйллын үед Монгол өөрийн хаангүй, өөрийн засгийн газаргүй, өөрийн төр улсын нийслэлгүй болж, төрийн дээд бүх эрх мэдэл Манж хаан, түүний төв засгийн хатуу хяналт, хууль зүйлийн үндсэн дээр ажиллах орон нутгийн засаглал л оршин байх болжээ” гэж М. Санждорж абугайн дүгнэлт туйлын зөв гэж үзнэ.
Эл байдал нь монгол хүний менталитетад нөлөөлөхгүй байхын аргагүй юм. Чухам энэ үед судëах төрийн дээд ангид Манжийн хаанд өргөл барьц өргөх, цол хэргэм худалдан авах, бие биенээ ховлох зэрэг менталитет тогтсон байна.
Өөрөөр хэлбэл гаднын хүчийг илүүд үзэх, түүгээр өөрийн асуудлыг шийдвэрлүүлэх менталитет тогтсон байна. Монгол хүний сөрөг менталитетаас хамгийн хортой нь энэхүү боолын менталитет болно.
Монгол хүн харизматик удирдагчийг хайх, төрийг төлөөлсөн хувь хүнийг төртэй адилтгах менталитеттай байдаг байна. Энэ нь тухайн хувь хүнийг бусдаас үлэмж илүү, жирийн бус гэж үздэг явдал болно.
Иймээс жир бус хүн буюу дарга болох туйлын дуртай. Тэгсэн атлаа өөрийнх нь хувь заяаг өөрөө биш, төр шийднэ гэдэгт итгэлтэй байдаг учраас төрийн бодлогод нөлөөлөх оролдлогыг бараг илүүц зүйл мэт ойлгоно.
Харин өөрөөсөө дээш хүнийг дагалдаж амьдрахыг илүүд үзнэ.
Дээд албан тушаалтанд гомдлоо мэдүүлэх, өргөдөл бичих, зарга хийх хэлбэрээр аливаа асуудлыг шийдвэрлүүлэх дуртай.
Энэ нь албан тушаалтныг аялдах, ойртох, хүлцэнгүй байх, долигнох, бялдуучлах сэтгэл зүйг бий болгодог. Тэдгээр нь ч дураараа дургих дуртай бөгөөд нэр алдар, цол хэргэмийн төлөө нүдээ өгөхөөс буцахгүй. Дарга л бол бүхнийг мэдэгч болон хувирна. Манайд нэг хүнийг тахин шүтэх үзэгдэл удаа дараа гарсан нь санамсаргүй явдал биш.
Иймээс “дээрээс”, “төрийн бодлогоор”, “нэг шугамаар”, “нэг төлөвлөгөөгөөр” хийж буй зүйлд тун хүлцэнгүй ханддаг, ийм зүйлийг хүлээдэг, бараг дуртай гэж хэлж болно.
Эндээс төрийн нэрээр далайлгах,сүржигнэх, албархах, мэдэмхийрэх, бусдаас дээр, илүү гэдгээ харуулах, эрх ямба хүндлэл шаардах, зэрэг зиндаагаараа дээрэлхэх, тансаглах, дээдсийг дуурайх зэрэг менталитет үүсдэг.
Ард олон ч гэсэн төрийн хүнийг хүндлэн дээдлэх, бишрэх, долигнох, бялдуучдах, аяыг нь тааруулах, анхааран сонсох, шийдвэрийг нь үг дуугүй биелүүлэх зан үйл гаргадаг.
Ардын хувьсгалын дараа орчин үеийн төрийн институтууд байгуулагдсанаар эл байдалд зарим нэг өөрчлөлт оруулсан боловч монгол менталитетын суурь үндсийг бүрэн өөрчилж чадаагүй, ийм оролдлого ч хийгээгүй болно.
Учир нь уламжлалт болон социалист төр адил шинж тун олонтой байсан юм.
Үүнд :
1. Төвлөрсөн, авторитар шинж
2. Нэг шашин буюу нэг үзэл суртал
3. Нэг хүнийг шүтэх буюу харизматик шинж
4. Төрийн хүчирхийлэл
5. Нийгмийг бүхэлд нь хянах хатуу хяналт
6. Хувь хүний идэвхи санаачлага, бие даасан байдлыг үл ойшоох зэрэг болно.
Төр хуучин нийгмийг эвдэж, шинэ нийгэм төрийг байгуулан бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах болов. Монголын нийгмийн хоцрогдол үлэмж их байсны улмаас шинэ нийгмийг байгуулах ажил үлэмж бэрхшээлтэй тулгарсан юм. Энэ бэрхшээлийн үндсэн шалтгаан нь олон мянган жил хэвшиж тогтсон дадал зуршил, менталитет байсан юм.
Шинэ төрийг шинэ хүмүүс байгуулах ёстой байсан бөгөөд энэ шинэ хүмүүс нь ЗХУ болон социалист орнуудад боловсрол эзэмшсэн хувьсгалчид болсон юм.
Эдгээрийн онцлог шинж нь коммунист ирээдүйд шашинлаг байдлаар гүнзгий итгэсэн, нийгмийн гол дайсан нь хар, шар феодалууд болон хөрөнгөтнүүд гэдэг ангийн тэмцлийн онолыг хэт баримталсан, хуучин нийгмийг хүч хэрэглэн устгах буюу зайлуулж байж шинийг байгуулж болно гэдэгт үнэмшсэн, гадаад дэмжлэг тусламжид дулдуйдаж, түүндээ эрдсэн, ЗХУ – ын хийж байгаа бүхнийг дуурайдаг, түүнийг догм байдлаар хэрэгжүүлдэг хүмүүс байлаа.
Социализмын жилүүдэд Монголын нийгэмд шинэ номенклатур анги бий болж, түүний удирдлагаар нийгмийн шинэ менталитет тогтсон юм.
Тэр нь уламжлалт нийгмийн олон шинжийг хадгалан үлдсэн билээ. Одоо ч манай ихэнх улс төрчдийн янз бүрийн хугацаанд янз бүрийн сэдвээр хэлсэн, ярьсан зүйлийг зүйгээд үзэхэд бүхэл, цэгцтэй зүйл гардаггүй юм. Энэ нь тэдний олонхи нь хувь хүний хувьд гүйцэт төлөвшөөгүйг илт харуулдаг.
Өөрөөр хэлбэл дундаж монгол хүн тогтсон үзэл бодол, итгэл үнэмшил бараг байхгүй, үнэт зүйлсийн хэт холимог системтэй, үлэмж зөрчилтэй, өөрийнхөө үзэл бодол, эрх ашгийг хамгаалах ойлголт төлөвшөөгүй хүн юм.
1990 оны өөрчлөлт шинэчлэлтээр уламжлалт болон социалист менталитетыг орвонгоор нь өөрчилсөн бөгөөд хоромхон зуур бараг нийтээрээ шахам мөнгөний бөөн шунал, улаан луйварчид, дүүрчихсэн худалч нар болцгоов.
Энэ нь аливаа зүйлийг бүдүүвчлэн сэтгэж туйлшруулдаг, дур зоргоороо байх менталитеттэй холбоотой юм.
Бид социализмыг гажуудуулсантайгаа адил ардчиллыг ч хүн танихын аргагүй эрэмдэглэжээ. Ний нуугүй хэлэхэд манайд хэрэгжсэн ардчилал, гийгүүлчихсэн зах зээл гэж байхгүй.
Манай нийгэм бол бусдыг дууриасаар байгаад саармаг болчихсон, зорилго чиглэлгүй, үнэлэмжийн өөрийн гэсэн систем, ёс суртахуун, эрхэмлэлгүй, бие биенээ үл хайрлах, хүнийг адагт үзсэн, харгис, гэмт хэргийн шинж чанартай нийгэм болой.
Өнөөгийн дундаж монгол хүн, нэн ялангуяа бюрократ анги уламжлалт соёлоосоо үлэмж тасарсан, эх хэл, түүх соёл, зан заншлаа бараг мэдэхгүй, үл тоодог; далаад жил тогтсон оросын соёлын мөн чанарт хүрч чадалгүй голж хаясан, өөртөө сайнаар нялзааж чадаагүй; шинэ ардчилал, зах зээлийн соёлыг эзэмшиж чадаагүй, сураагүй мөртлөө түүнийг өнгөн талыг дуурайх хүчтэй эрмэлзэлтэй саармаг амьтад болчихжээ.
Yүнээс болоод нийгмийн сэтгэн бодох чадвар үлэмж доройтож, зөвхөн өнөөдрөөрөө амьдардаг, оюун ухаандаа биш, мэдрэхүйдээ л захирагддаг хөөрхийлөлтэй хүмүүсийг нийгмийн орчин нь төрүүлэх болжээ.
Дээр дурдсан бүхэн нь төрийн бодлогод зайлшгүй харгалзвал зохих үндсэн хүчин зүйл мөн. Гэтэл харгалзах нь байтугай хүнээ мэдэхийг ч одоо болтол хэн ч хүсээгүй. Хүнийг гол болгоно, хүнийг төв болгоно, хүнд чиглэсэн бодлого явуулна гэж өдөр тутам хоосон чалчиж, жил бүр “Хүний хөгжлийн илтгэл”, түүнтэй төстэй төслүүд бичиж гадаадын мөнгийг сая саяар нь идэх бөлгөө.
Энэ өгүүлэлд санаж сэрээсэй гэдэг үүднээс монгол менталитетын сөрөг шинжийг түлхүү оруулснаа уншигчдад учирлаж байна. Бидэнд олон сайн шинж байдаг бөгөөд түүнийгээ ашиглах аваас улс, нийгэм, хүнээ хөгжүүлэх бүрэн боломжтой.
Ардчилсан хэлбэртэй, феодалын агуулга бүхий манай сульдаатай төр үүнийг хийж чадахгүй, тийм оюуны чадавхи байхгүй. Ийм арчаагүй төрийг бүрдүүлэгч гол хүчин зүйл нь улс төрийн намууд, мөн тэдгээрийн нэрээр ямар ч шүүлтүүргүй гарч ирдэг улс төрчид мөн. Энэ тухай хожим өгүүлсү.


Эрдэнэ хулгана, давжаа чоно, ятуу: Дүйцүүлэн орчуулах тухай хэдэн үг



Эх сурвалж: http://dayarmongol.com/ М. Саруул-Эрдэнэ


Эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг чинь хулгана сан бил үү?
Индианагийн Их Сургуульд байхдаа миний бие зохиолч анд Г. Аюурзана, Л. Өлзийтөгс нараа хүлээн авч, сургуулиа танилцуулсан юм.Ингэж явахдаа нэрт монголч эрдэмтэн Хар Дорж (Кара Дъердъ) багштай уулзуулав.Манай хоёр багштай танилцан хууч хөөрч байтал Хар Дорж багш нас жилийг нь сонирхон асуув. Өлзий “Эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг эрүү цагаан хулгана миний жил юм аа” гэхэд Хар Дорж багш “Ингэхэд хулганыг яагаад монголчууд эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг гэж боддогийг та нар мэдэх үү” гэж асууж байна. Тэгээд цааш нь  “уг нь эрдэнийн зүйлээр бөөлждөг амьтан бол мангуст байгаа юм. Бурхадын гар дээр байдаг эрдэнээр гулгигч амьтан бол хулгана биш л дээ. Монголд мангуст байхгүй болохоор хүмүүс хулгана гэж ойлгосон хэрэг” гэж билээ.
 Эрдэнээр гулгигч хулгана, (биш ээ) мангуст ямар ямар Бурханы хөрөг дээр байдаг вэ?
Нэгэнт л амнаасаа их үнэт эрдэнийг урсгаж буй учраас голчлон эд баялаг, өв хөрөнгийг арвидуулагч Бурхад гартаа мангуст барьсан байдаг ажээ. Тухайлбал Баян Намсрай бурханыг Буддын тайлбар номд ийн дүрсэлж: “Хоёр мутартай, баруун мутартаа эрдэнийн жанцан барьсан, зүүндээ эрдэнээр бөөлжигч хулгана барьсан. Хэвтэж байгаа арслангийн дээр хагас завилан суусан, амнаас нь эрдэнийн хур бууж элдэв зовлонг арилгахыг бэлгэдсэн.Эргэн тойронд нь эд агуурсын санг хариуцсан түшмэл оршино. Хүмүүст эд хөрөнгө баялгийг авчрагч бурхан”
Баян Намсрай бурханы хувилбар хэмээгддэг Жамбал бурхан нь ногоон, цагаан, шар, улаан, хар таван өнгийн дүртэй бөгөөд ихэнхийг нь, ялангуяа Ногоон Жамбалыг ямагт мангуст барьснаар зурдаг.
Архадын дотроос Бакула байнга мангуст барьснаар дүрслэгдсэн байдаг. 16 архадын дээхэн үеийн, Жагар, Төвд зүгийн хөрөг зургийг харахад ганцхан Бакула мангуст барьсан байдаг билээ.
Гэтэл Монголд бүтээсэн Бакула голлосон нэг танка хөрөгт бүх архадыг эрдэнээр бөөлжигч хулгана (уг нь бол мангуст) барьснаар үзүүлсэн нь нэн сонирхолтой юм. Уг танканы талаар Л. Хүрэлбаатар багш ийн бичиж: “...Бакүла Ринбүүчийг Өндер Гэгээний маягтай, халзан, төв сайхан, дугуй цагаан дүртэй, дээд уруулдаа хоёр живэртэй, доод уруулдаа оочтой, жагар тевд лам нарын адил номт дээл чойго намжиргүй, монгол тойруулган захтай хувчид баринтагтай, суудал түшлэгтэй, очир завиллаар бүтээжээ. Зүүн мутарт нь эрдэнээр беелжиж байгаа ам цагаан хулганыг зүүн тийш харуулан бариулж, баруун мутраар нуруун дээрээс нь барьснаар бүтээгээд, бусад арван тавд нь мөн адил тийм хулганыг баруун зүүн тийш нь харуулан бариулжээ…
Мангуст яагаад эрдэнээр бөөлждөг вэ?
Тэгэхээр эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг амьтан нь хулгана биш мангуст болох нь  тодорхой байна. Өөрөөр хэлбэл шинжлэх ухааны нэршлээр бол мус биш херпестидайе Бурхадын хөрөгт заларч, эрдэнээр гулгин, эд баялгийг бэлгэддэг ажээ. Харин одоо мангустыг яагаад тийнхүү эд баялгийн бэлгэдэл болсныг сонирхъё.  Мангуст дэлхий дахинд могойг дийлдгээрээ алдартай. Бүр ганц хатгалтаараа зааныг хүртэл үхүүлж чаддаг өнөөх айхтар наж могойг хүртэл өчүүхэн хөөрхөн мангуст арга ухаанаараа дийлж орхидог. Энэтхэг болон Төв Азийн олон улсад наж могойг эрдэнэсийн санг хамгаалагч хэмээн үздэг ажээ. Эрдэнэсийг хамгаалагч тэр дийлдэшгүй амьтныг нь дийлнэ гэхээр бүр шүтэгдэх нь ойлгомжтой.Тийм ч учраас мангустын арьсаар мөнгө санга, нандин эрдэнийхээ уут савыг хийх уламжлал дэлгэрчээ.Ингэхдээ арьсыг нь бүтнээр өвчиж, мангустын амыг уутныхаа ам болгон тааруулна. Чухам үүний учраас айл гэрийн хамгийн үнэт эрдэнэс мангустын амаар орж гардаг болжээ.  Төв Азид мангустыг эрдэнийн зүйлээр бөөлждөг гэсэн домог, ойлголт эндээс эхтэй юм. 
Энэтхэг үлгэрийн мангуст Монгол утга зохиолд хулгана болсон нь
Энэтхэгийн эртний үлгэрүүд, ялангуяа Панчатантра хэмээх “Таван шаштир”-ын үлгэр өгүүлэмжүүд Монгол нутагт нэн эрт идээшсэн байдаг.Ингэхдээ зарим нь шууд орчуулга хэлбэрээр түгсэн бол, зарим нь ам дамжин яригдсаар ихэд монголжсон байдалтай байна.Нэгэнт манайд мангуст байхгүй тул Энэтхэг үлгэр дэх мангустыг хулгана хэмээн монголчилж заншжээ.Тухайлбал хүүхдийг нь могойноос хамгаалж тэмцсээр арайхийн дийлж амандаа цустайгаар угтан очсон мангустыг алж орхидог эхнэрийн үлгэр Монголд идээшихдээ хулгана болсон байдаг. 
Мангустыг хэрхэн орчуулбаас зохистой вэ?
Мангустыг самгардиар накула, төвдөөр нэ-үлэ хэмээнэ.Төвдөөр мөн өмнө нь “эрдэнэ” хэмээх үг нэмж, “дэр-ги нэү” (gter-gyi ne’u-le) ч хэлж бичдэг ёс буй.Англид монгүүз, орос хэлээр мангуст гэдэг нь марати хэлнээс сунжруулан авсан хэлбэр аж.Монголд харин Ридьяард Киплингийн зохиолоор ихэд алдаршсан амьтан, тус зохиолыг орчуулахдаа орос хэлээр нь мангуст хэмээн буулгасан тул өдгөө олны дунд орос нэршил нь нэгэнт тогтжээ.
Харин одоо бид эртний монгол мэргэд мангустыг хулганаас хэрхэн ялгаж байсан нэр томьёог шүүрдэн үзэж, сэргээн хэрэглэх боломжтой юм.Өмнө Бурхадын хөрөг дээрх мангустыг эрдэнээр бөөлжиж байгааг харсан ард олон хулгана хэмээн ойлгосон тухай өгүүлсэн, харин эрдэмтэн мэргэд нь өөр амьтан болохыг нь мэдэж байсан тул ялган хөрвүүлэхээр бас чиг оролдож байжээ.Ихэнх тохиолдолд “эрдэнээр бөөлжигч хулгана” хэмээсэн боловч нэр томьёоны шинжтэй орчуулгууд бас таарна.
Намсрай бурханы нэгэн тайлбар дээр “Зүүн гартаа үхэр хулгана барьсан” гэсэн нь маш сонирхолтой юм.Монголчууд аливаа амьтан хийгээд юмын том багыг ялган, нэршил тогтоохдоо бод, бог малыг нэрлэх үгийг угтуулан залгах нь түгээмэл.Хонин гүрвэл, ямаан арц гэх мэт бог малаар тодотгуулсан нь жижгэвтэр амьтан ургамлын нэр болсон бол морин шоргоолж, үхэр чулуу, тэмээн хяруул зэрэг нь биеэр өөрийн төрлийн бусад амьтан, юмсаас хавьгүй том болохыг зааж байна. Буддын сударт мангустыг “үхэр хулгана” хэмээсэн нь чухам энэхүү уламжлалт аргаар шинэ үг зохиох, ялгах гэсэн оролдлого ажээ.
Академич Ц. Дамдинсүрэн авгай “Монголын уран зохиолын тойм” бүтээлийн 2-р ботийн “Панчатантрагаас авсан монгол өгүүллэгийн цоморлигууд” бүлгийг бичсэн юм. Уг бүлэгтээ Да багш “Рашааны дусал”-ын төвд тайлбар болох “Салби донмэй” буюу “Тодорхой зул” хэмээх сударт байгаа нэгэн үлгэрийг төвдөөр нь галиглан бичээд, монголоор орчуулан тавьжээ. Ингэхдээ төвд галигт нэ-үлэ гэж буй мөнөөх мангустыг “эрдэнэ хулгана” хэмээн орчуулсан нь маш сонирхолтой байна. 
Жиргээний нэгэн анд маань байгаль судлаачийн мэргэжилтэй юм.Түүнээс мангустыг манай амьтан судлалынхан хэрхэн нэрийдэж буйг асууваас “хадны дорго” гэж байна. Энэ бүхнээс ургуулан бодож, өөрийн саналыг өгүүлбээс Киплингийн зохиолын орчуулгаас болж мангуст нэрээрээ алдаршсан, Бурхад, Архадын хөрөгт бол бол эрдэнээр бөөлждөгөөрөө монголчуудын танил болсон энэ амьтныг “эрдэнэ хулгана” гэсэн нэр томьёогоор оноон хэвшвэл ямар вэ? Намсрай бурханы тайлбар дахь “үхэр хулгана” хэмээх үгийг ч бас алдаж болохгүй.Тиймээс “үхэр хулгана”-ыг бие том, Монгол хэлнээ гадаадаар нь нэрлэсээр буй өөр нэг мэрэгчийн нэршил болгон ашиглаж болох юм.Хэлний маань боломж бол агуу билээ. 
Арьсаа хөхрүүлсэн давжаа чонын үлгэр
Зөвхөн эрдэнэ хулгана бус, ер нь л манайд байхгүй бусад амьтны тухай үлгэр өгүүлэмж Монголд нутагшихдаа ард олны мэддэг, илүү дотно, өөр амьтан болсон байдаг.Ийм нэг амьтан бол шакал хэмээх нэгэн төрлийн чоно юм.Амьтан судлаачид маань уг чоныг “давжаа чоно” хэмээн нэрийддэг юм байна.Орос хэлээр “шакал”, англиар “jackall” гэдгийн аль аль нь түрэг хэлнээс авсан хэлбэр аж.
Панчатантра-д энэхүү адтай, сэргэлэн, зальтай шакал буюу давжаа чонын тухай үлгэр нэн олон.Тэдгээрийн нэгд, ойд амьдардаг нэгэн давжаа чоно өлсөхийн эрхэнд тосгонд орж ирээд, байшингаа будаад орхисон будаг дотор санамсаргүй унан, хөх өнгөтэй болсон тухай өгүүлнэ.Ингээд хөх өнгөтэй болсон давжаа чоныг ойдоо эргэн ирэхэд амьтад айн сүрдэж, үүнийг нь ч шакал сайхан ашиглаж, араатан гөрөөсний хаан болдог юм.Тэгээд баригдахгүй гэж бусад бүх давжаа чоноо ойгоос хөөн гаргаад, арслан, бар, чоно гурвыг сайд, түшмэлээрээ өргөмжилнө.Өнөө гурван махчин нь ойн амьтдыг барьж, хаандаа авчрах ба хаан нь өөрийн хувийг аваад үлдсэнийг нь түшмэддээ хуваарилах болжээ.Ингээд ой сүйрдгийн даваан дээр нэг удаа араатны хаан болсон шакал маань хурилдай үйлдэж байтал бусад давжаа чононууд нь улилдаж гэнэ.Үүнийг сонсоод сэтгэл нь эрхгүй хөдлөн, төрөлх хоолойгоороо даган ульсанд бүх амьтад давжаа чоно байна гэж сая таниад алж орхижээ.
http://panchatantra.org/the-loss-of-friends/the-story-of-the-blue-jackal-1.html
Энэ мэт шакал буюу давжаа чонон бүхий үлгэрүүд Монгол нутагт идээшихдээ бүгд “үнэг” болсон нь сонирхолтой байна. Жишээлбэл дээр дурдсан Панчатантрагийн үлгэрийг жишээ болгон сургамжилсан Монгол зохиолууд, тухайлбал “Рашааны дусал”-д
Үнэхээр тийм муу хүнийг дотнолон нэн бүү итгэ
Өндөр их нэр зэргийг өгч дэмий бүү ихэтгэ
Өндөр суудлыг олбоос дэмий ноёрхон олноо хорлох
Үлгэрлэвээс арьсаа хөхрүүлэн ҮНЭГ мэт.

гэсэн бол “Субашид”-д
Эргүү тэнэг хүнд их хэргийг даалгаваас
Эс мэдэж хэргийг буруу үйлдээд өөрөө бүрэльюү
Эрт цагт нэг үнэгийг олон гөрөөс хаан болгон өргөснөөр
Эгнэгт нөхдөө зовоогоод өөрөө алагдсан ҮНЭГ мэт… гэжээ.

“Оюун түлхүүр”-т байдаг
Үнэгний гэмийг хэлээд
Үнэгэнд хэлэгдэв гэх хэмээх хоёр мөр нь Рашааны дуслын

Учиргүй бусдын гэмийг өгүүлэн бүү үйлд
Урьд авсаар бусдын гэмийг хэлбээс л
Удалгүй гэдрэг өөрөө хэлэгдэх болох нь
Ухамсаргүй эхнэр үнэгэнд хэлэгдсэн мэт… гэдэгтэй адил түүхийг өгүүлж байгаа бөгөөд уг эхийг нь хөөж үзвэл нөхрөө хуурч, баян эртэй гэрлэх гэсэн нэгэн эхнэр өөрийн гэмийг үл мэдэн, шувуу загас хоёрын аль алиныг барих гээд хоёуланг нь алдсан давжаа чоныг дооглоод өөрөө гэдрэг хэлэгдсэн үлгэр мөн байна.Өөрөөр хэлбэл угтаа үнэг биш шакал юм. 

Энэ бүхнээс үзвэл Энэтхэгийн уран зохиол дахь давжаа чоно буюу Энэтхэг, Төв Азид тархсан төрөл нь болох Canis aureus нь Эртний Монгол нутагт идээшихдээ Vulpes vulpes хэмээх үнэг болон хувирсан ажээ. 
Эвтэй дөрвөн амьтны ахмад нь тагтаа сан бил үү?
Энэ мэтээр цааш нь хөөгөөд байвал та бидний уншиж, төсөөлж заншсан олон амьтан орчуулгын явцад уг эхээсээ гажиж, олон нийтийн сайн танил өөр амьтан болсон байх нь сонирхолтой, үргэлжлүүлэн судлууштай аж.Яг одоо жишээлбэл, миний өмнө Бээжингийн Үндэстний Номын Санд хадгалагдаж буй Монгол Ганжуурын хоёр хуудасны хэвлэмэл хувь байна.Энэ хоёр хуудаст зохилдон нөхөрлөсөн дөрвөн амьтны тухай үлгэр бичигджээ.Заан, сармагчин, туулай, тагтаа дөрвийн тухай энэ үлгэрийг манайхан Тумбааши нэрээр нь ч сайн мэддэг, бараг л Монгол ардын үлгэр шиг болсон зохиол юм.Харин сонирхолтой Монгол Ганжуурт эвтэй дөрвийн ахмад нь “ятуу” шувуу болохыг тодорхойёо өгүүлсэн байна.
Ятуу чухам хэзээ тагтаа болсон, хамгийн анхны тагтаа бүхий хувилбар нь хэддүгээр зууных болох, ингэж хувьссан нь харьцангуй хожуу үеийнх эсэх, өөрөөр хэлбэл тагтааг энхийн бэлгэдэл хэмээх бүр сүүлийн үеийн үзэл онол нөлөөлсөн эсэхийг цаашид лавлавал сонирхолтой дүр зураг гарч мэднэ.
Дүгнэн өгүүлэхэд
Аливаа үлгэр сургаалыг монгол хэлнээ буулгахдаа өвөг дээдэс маань ийнхүү махчлахаасаа илүү дүйцүүлэн, утгачилж, ард олныхоо зүрх сэтгэлд гүнзгий тусах талыг нь илүүтэй бодолцдог байжээ.Орчин цагийн залуус бид тэр уламжлалыг нь даган хөгжүүлэхийн зэрэгцээ уг эхийг нь ч бас судлан мэддэг, учир шалтгааныг нь тодорхойлдог байвал зохистой. 
Нөгөө талаас ан амьтдыг хэрхэн нэрлэж байсан уламжлалыг сайн шүүрдвээс сонин содон нэр томьёо олох, ашиглах боломж их буй мэт. Мангустыг жишээ нь бид өнөөг хүртэл орос үгээр нэрлэж заншсан, гэтэл “үхэр хулгана”, “эрдэнэ хулгана” гэх мэт үг өвөг дээдэс маань зохион нэрлэдэг байсан ажээ. 

“Субашид”, “Рашааны дусал” зэрэг эртний уран зохиолыг зааж буй монгол хэл, уран зохиолын багш, Амьтан судлалынхаа багштай хамтран энэ мэт хичээлийг интеграц хэмээх онолд зохицуулан нэг цогц хичээл болгон заавал хичээл ч сонирхолтой, үр өгөөжтэй болж, оюутан сурагчдын мэдлэгт ч ихээхэн нэмэр болох болов уу.

Wednesday, February 19, 2014

Өдөр тутмын 70 англи өгүүлбэр

Эх сурвалж: www.news.mn

Англи хэлээр харилцахад өдөр тутам хэрэглэгддэг доорхи 70 өгүүлбэр байж болохыг монгол утгын хамт жагсаажээ.


Tuesday, February 18, 2014

Монголчууд бид ийм хэмжүүртэй байсан. Одоо ч бас үүнийг хэрэглэх нь бий. Харин эдгээр уламжлалт хэмжүүрийг харь хэл рүү хэрхэн орчуулдаг бол?


Wednesday, February 12, 2014

Монголын Орчуулагчдын Эвлэлээс зохион байгуулж буй яруу найргийн орчуулгын уралдаанд оролцохыг урьж байна.

Уралдааны зорилго

Монголын Орчуулагчдын Эвлэл үүсэн байгуулагдсаны 24 жилийн ойг тохиолдуулан утга зохиолын орчуулгыг шинэ түвшинд гаргах, орчуулагчдын ирээдүй хойч залуу үеийг бэлтгэх, тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэх, орчуулгын бүтээлийг цаашид бүх талаар хөхиүлэн дэмжихэд уралдааны зорилго чиглэнэ.
 
Оролцогчид болон хамрагдах бүтээл  
Уралдаанд утга зохиолын орчуулга хийх хүсэл тэмүүлэл, авьяас сонирхол, мэдлэг чадвартай 18-45 хүртэлх насны залуус оролцох боломжтой. Оролцогчид дэлхийн утга зохиолын сор болсон яруу найргийн бүтээлүүдээс эх хэлнээ орчуулан оролцоно. Дэлхийн аль ч хэлнээс эх хэлнээ хөрвүүлсэн 3-5 бүтээлээр оролцож болно. Урьд өмнө нь монгол хэлнээ орчуулагдаагүй бол давуу болно.

Уралдааны шалгаруулалт
Нэгдүгээр байр- 1. Өргөмжлөл, 300.000 төгрөг, дурсгалын зүйл
Хоёрдугаар байр- 1. Өргөмжлөл, 200.000 төгрөг, дурсгалын зүйл
Гуравдугаар байр- 1. Өргөмжлөл, 100.000 төгрөг, дурсгалын зүйл
Тусгай шагнал- 5. Өргөмжлөл, дурсгалын зүйл

Уралдааны шалгаруулалтын талаар 2014 оны 04 сарын 01-ний өдөр нийтэд зарлана. Уралдааны дүнг Монголын Орчуулагчдын Эвлэлийн мэдээллийн түнш-Монголын Сайтын Холбооны гишүүн сайтуудаар мэдээлж, шалгарсан бүтээлүүдээр ном гаргаж уншигч олны хүртээл болгоно.

Бүтээл хүлээн авах хугацаа

Хөрвүүлсэн бүтээлийг 2014 оны 02 сарын 10-наас 2014 оны 03 сарын 20-ний өдөр хүртэл хугацаанд  “Монгол шаазан” ХК-ийн байран дахь Монголын Орчуулагчдын Эвлэлийн 10 тоот өрөөнд хүлээн авна.
Мөн mongol.translators@gmail.com цахим хаягаар хүлээж авна. Харилцах утас: 9477-7950
          

Зохион байгуулагч:                                                               Мэдээллийн түнш:
Монголын Орчуулагчдын Эвлэл                                   Монголын Сайтын Холбоо                         
 
Эх сурвалж www.wikimon.mn

Thursday, February 6, 2014

ХИС чансаагаараа 3-рт жагсчээ

Эх сурвалж:  news.mn нийтлэлч Баярхүү

Олон улсын дээд боловсролын судалгааны байгууллага нь магадлан итгэмжлэгдсэн их дээд сургууль, коллежиудын чанарт үнэлгээ хийж, рейтингийн жагсаалт гаргажээ. Нийт 200 гаруй орны 11160 их дээд сургууль, коллежийг хамруулан судалгаа хийсэн байна. Үнэлгээгээр манай боловсролын байгууллагууд дараахи байр эзэлжээ. Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн хувьд дэлхийн 3567 их, дээд сургуулийг ардаа орхиж, харин энэ жагсаалтдаа монголын их сургуулиудын гуравдугаарт жагссан байна.


1.    Монгол Улсын их сургууль 1375-pт
2.    Шинжлэх ухаан технологийн их сургууль 5208
3.    Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль 7593
4.    Санхүү эдийн засгийн дээд сургууль 8322
5.    Хөдөө аж ахуйн их сургууль 8602
6.    Боловсролын их сургууль 8873
7.    Ховд их сургууль 8964
8.    Улаанбаатар дээд сургууль 9021
9.    Орхон их сургууль 9078
10.  Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль 9083
11.  Монгол олон улсын дээд сургууль 9470
12.  Отгонтэнгэр их сургууль 9554
13.  Улаанбаатарын их сургууль 9684
14.  Удирдлагын академи 9734
15.  Их засаг их сургууль 9817
16.  Монгол Улсын соёл урлагийн их сургууль 10010
17.  Төмөр замын коллеж 10024
Энд Монголын 17 их дээд сургуулийг оруулжээ. Оруулах ч юу байхав. Арваннэгэн мянга гаруй дотор багтсан нь энэ.  Цаана нь багтаагүй лав 80 гаруй, эсвэл 80 орчим их дээр сургууль бий гэж БШУЯ-ны албаны нэг хүн хэлж байна. Тэр ч үнэн байх. Нэг үе 200 руу дөхөж явсан их дээд сургуулийн тоо 100 орчим болсон нь маш том дэвшил гэхээс аргагүй. Бас дэлхийн 200  гаруй улс орноос 17 их дээд сургуулиа шургуулаад авсан 2.8-хан сая монголчуудаа магтахаас аргагүй, 2.8 сая хүн амд нь хувааж үзвэл яалт ч үгүй дэлхийд цойлж яваа гэлтэй.


Өөр нэг судалгаа байна. “BRICS & Emerging Economies Rankings 2014”. БРИКС эвслийн ба хөгжиж буй орнуудын их сургуулиудын рейтингийг тогтоожээ (Та энэ талаар “www.timeshighereducation.co.uk” сайт руу орж үзэж болно). Лав эхний 100 их сургуулийг жагсаахад Монголоос ганц нь ч орсонгүй. 

“Хөгжиж буй орнууд” хэмээн зориуд тодотгосон учраас би тэр “100”-г нэгд нэгэнгүй ажиглалаа, бүр тооллоо. Бидний сайн мэдэх Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургууль лав 10-рт байж байна. Санкт-Петербургийн улсын их сургууль тээр хойно 67-рт жагссан байх юм. 
Эхний хоёр байрыг Хятадын Бээжин их сургууль, Цинхуа их сургууль эзэлж, араас нь Кейптауны их сургууль (Өмнөд Африк) удаалжээ. Эхний 10 дотор Хятадын 4, Туркийн 3, Орос, ӨАБНУ, Тайванийн тус бүр нэг их сургууль оржээ. 

Энэ “100” дотор Хятад 23 их сургуулиа оруулжээ. Энэ үзүүлэлтээр араас нь Тайвань 21, Энэтхэг 10, Турк 7, Өмнөд Африк 5, Тайланд 5, Бразил 4, Польш 4, Чех 3, Унгар 3, Египет 3, ОХУ 2, Чили 2, Мексик 2, Эмират 2, Малайз 2, Колумб 1, Марокко 1 гэхчлэн жагсчээ.