Ганц йота ч, ганц зураас нь ч хуулиас алга болохгүй
Шинэ гэрээнд бичсэнээр Есүс хуулийг өөрчлөх
гэж биш харин ч гүйцээх, биелүүлэх гэж ирсэн гэдгээ олон түмэнд хандан хэлэхдээ
энэ хэллэгийг хэрэглэжээ. Матайн 5:18 -д буй хэлц. Йота нь хебрью хэлний йод
үсэгтэй дүйцэх грек үсэг юм. Хамгийн жижиг, зарим тохиолдолд хамгийн хэрэггүй
үсэг ч гэж үзэх нь бий. Тэр бяцхан, хэрэггүй шахам үсгийн дээд хэсгийн жаахан
муруйг ‘tittle’ хэмээн нэрийддэг. Тэгэхээр тэр өчүүхэн үсэг байтугай, нэг
жаахан муруйг нь ч солих гээгүй гэсэн нь Есүс ард олонд өөрийгөө таниулах,
ирсэн зорилгоо ухуулах, одоогийнхоор бол маш эвтэйхэн пиар болжээ. Өдгөө харин
“ганц йота ч” гэсэн хэллэг “хамгийн өчүүхэн, хэрэггүй юм хүртэл” гэсэн утгаар
барууны нэлээд хэлэнд хэрэглэгдэж байна. Өдгөө манайд хэлэлцэж буй эх хэлний
тухай хуулийг өргөн баригчид ч бас иймэрхүү байдлаар тайлбар хийж байсан нь
олон нийтийг үймүүлэхгүй гэсэн зөв бодлого болсон байх. Нэгэн хэвлэлийн бага
хурал дээр “Дүрэм солино гээд байна, дөрвөн үсэг хасна гээд байна, хэн дураараа
ингэж болдог юм уу” гэсэн асуултад хууль санаачлагч гишүүн “Харин энэ хууль
гарснаар тэгж дураараа өөрчилнө гэх мэт зүйл үгүй болох юм шүү дээ” гэсэн
байдаг.
Үйл нь ирсэн хүн үсгийн дүрмээр оролдоно
Есүсийн “ганц йотаг ч өөрчлөх гээгүй” хэмээх нь олны санааг үймүүлэхгүй гэсэн мундаг бодлого байсныг манай монголчууд кирил үсэг авснаасаа хойш чухам бодтоор мэдэрчээ. Шинэ үсэг авсан улс мэдээж үсгийн дүрэм нь шууд цэгцэрчихнэ гэж байхгүй, алдаа эндэл олон байсан нь тодорхой. Монгол бичиг 1000 жилийн туршид боловсрон цэгцэрчээ гэдэг шиг кирил үгийн дүрэмд ч бас сайжруулан, шинэчлэх зүйл олон байж. Гэтэл хүний нэгэнт бичээд дасчихсан дадал гэж айхтар хүчтэй эд байдаг аж. Дээр нь бас мөнөөх үсгийг дэлгэрүүлэхэд, дүрмийг нь батлахад хүч зүтгэлээ зориулсан төр засгийн томчууд, эрдэмтэн судлаачдын нөлөө ч гэж байна. Энэ бүхнээс болоод үсгийн дүрмийг жаахан засварлах, буруу зөвийг нь хэлэлцэх гэсэн санаачилга бүхэн унаж, санаа гаргасан “том толгойтнууд” ч банга хүртэх болсон гэдэг. “Үхэл нь ирсэн хулгана муурын сахлаар тоглоно, үйл нь ирсэн хүн үсгийн дүрмээр оролдоно” хэмээн хэл шинжээчдийн дунд түгсэн үг тийм учиртай. Амьд жишээ нь тэртээ 79 онд эгшиг гээлгүй бичиж, бүхэл бүтэн толь гаргачхаад арав илүү жил эрдмийн зэрэг ч хамгаалж чадаагүй, гадаад улсад ч явж чадаагүй Д. Төмөртогоо багш байна. Хамгийн сүүлчийн зартай жишээ гэвэл хэрэггүй 4 үсэг хасах гэсэн хэдэн гайгүй хэл шинжээчдийг маань нийтийн сүлжээгээр өөр улсын эрлийз, урвагч болгочихоо шахлаа. Үе цаг нь, шийтгэдэг арга нь өөр ч “үйл нь ирсэн хүн үсгийн дүрмээр оролддог” зарчим хэвээр ажээ.
Гурван сайхан үсгийг минь хасаад хаячихлаа
М. М. Пришвин гэж байгаль, араатан амьтны тухай бичил зохиолуудаараа алдаршсан зохиолчийг манайхан сайн мэднэ. Монгол хэлээр хэд хэдэн ном нь гарсан байгаа. Мань эрийн өдрийн тэмдэглэлд нэг ийм сонин бичлэг үлдэж. 1923 оны 12 сарын 23-ний өдөр.
- Алив, чи Оросын ард түмний нэрийн өмнөөс хамгийн хайртай гурван үсгийг нь хассаны төлөө нэг гомдол бичээдэх. Ять, фита, хатуугийн тэмдэг гурвыг хассаныг би хэлж байна.
- Хамгийн хайртай гэж, юугаараа тэр билээ?
- Үгэнд эрх чөлөө олгодог үсэг шүү дээ. Хүсвэл тавь, хүсэхгүй бол авчих. Утга нь өөрчлөгдөхгүй, харин ч амар, хөгжилтэй. Тэгээд ийм сайхан гурван үсгийг маань авчхаад гурван хатуу үсэг нэмчихсэн байгаа юм даа.
- Ямар хатуу үсэг сэн билээ?
- Муухай үсгүүд ээ, тэр. Гэ, Пэ, У гурав...
Бичсэн ч, бичээгүй ч үгийн утга өөрчилж чадахгүй ийм үсгийг “үгэнд эрх чөлөө олгодог” хэмээн сйн талаас нь харж байгаа нь мөнөөх дадал, зуршил хэчнээн хүчтэйг харуулна. Ер нь Октябрийн хувьсгалын өмнө эхлээд дараа нь жинхэнэ ажил хэрэг болсон Орос кирил үсгийн шинэчлэлийн талаар олонх хүн иймэрхүү бодолтой байсан нь саяхнаас тодорхой болж байгаа юм.
Хөдөлмөрчин олныг боолчлогч Ять үсэг
Өөрчлөлт шинэчлэлтийн шуурганд өртсөн Ять үсэг хөөрхий цагтаа тодорхой авиа тэмдэглэдэг байж. Авиа нь алдагдсан хэдий ч орос хэлний хамгийн чухал үгсийн язгуурт тохиолдсоор л байлаа. Огт авиа тэмдэглэхгүй атлаа үгэнд ороод байхаар хүмүүсийн хамгийн их алддаг үгс нь тэдгээр болж. Манайхан яг одоо хатуугийн тэмдгийг хамаа намаагүй хэрэглэдэг шиг л юм аа даа. Сперанский гэж нөхөр 1911 онд бага сургуулийн хөөрхий бяцхан сурагчид энэхүү үсгийг сурах гэж хэрхэн үйлээ үздэг тухай нийтлэл бичсэнээ “Ардын сургууль ять үсгийн боолчлол дор” хэмээн нэрийдэж байжээ. Тэрбээр “Жилийн хагасыг энэ үсэгт зарцуулж байна. Хүүхдүүд сургуулиас гаруутаа л хэрхэн бичдэгийг нь мартчихдаг. Энэ үсгийг хасчихвал цагаан толгойн хичээл маш үр дүнтэй, хурдан шуурхай болох гээд байна” гэхчлэн бичжээ.
Боловсролын ялгааг илтгэгч Ять үсэг
Авиа тэмдэглэдэггүй үсэг гээч ард олны зөв бичих зүйг будилуулж буйг хаа хаанаа бас мэдээд л байж. Хаан хүртэл санаа нь зовсон байдаг юм. Цагаан хаан Николай ард олны толгойг эргүүлээд байгаа тэр үсгийг хасаад хаячихдаг юм уу гэж тээнэгэлзсэнээ юу ч гэсэн учир мэдэх хүнээс асууя гэж шийдсэн гэдэг. Тэгээд тухайн үедээ хамгийн нэр хүндтэй хэлзүйч асан Н. Гречийг дуудан асуужээ.
-Греч минь, энэ Ять гэж үсэг ямар хэрэгтэй эд билээ?
-Боловсролтой хүмүүсийг боловсролгүйгээс нь ялгаж өгдөг юм аа, Эзэнтэн минь.
Нээрээ л хэчнээн бичихэд төвөгтэй ч боловсролтой улс бол зөв бичээд болоод л байдаг байж. Одоо бидний хэрэглэж байгаа хатуугийн тэмдэг ч тэр, толгой эргүүлсэн атлаа дүрмийг нь дагавал бас зөв бичээд байж болоод л байх эд.
Николай хаан яах вэ дээ, боловсролгүйн тоонд орохыг юу гэж л хүсээ аж, ять үсгийг хэвээр үлдээсэн байна. Ийнхүү энэ жигтэй үсэг Ленинийг хүртэл амьдарсан гэдэг.
Хатуугийн тэмдэг
Манай Галсансүх тээр жил
Хүн эхлээд гуравдагч хүйстэй байжээ
Хүйтрээд хоёр хүйстэй болжээ
Дэлхий эхлээд гурвалжин хэлбэртэй байжээ
Дэнжигнээд байхаар нь бөөрөнхий болжээ… гэж билээ. Тэрэн шиг хатуугийн тэмдэг анхандаа хагас эгшиг байжээ, хамаг өргөлтөө алдаад тэмдэг төдий болжээ. Хагас эгшиг гэхээр эгшиг гийгүүлэгч хоёрын завсар шахуу дуудагдах авиа юм. Үгийн эцэст байхдаа орос үгийг эгшгээр амилуулан сонсголонтой болгодог байсан гэдэг юм билээ. Манайхан балархай эгшгээ гээдэг шиг л, үгийн эцсийн бүх Ъ - г хассан байдаг юм. Тэр чигээр нь цаазлах гэсэн бас болоогүй бололтой. Үгийн дунд, Я, Ё, Е, Ю дөрвийн өмнө орох тохиолдолд хэвээр нь үлдээж. Бүрмөсөн хасчихсан бол уг нь маньд л амар байх байж. Хожим Монгол улс орос цагаан толгой авна, авах авахдаа бүх үсгийг нь авч, үсэг бүрт үүрэг оноох хүнд даалгавартай болох юм гэж хэн мэдлээ. Ямартай ч Ять нь байгаагүй нь бас аз шүү.
Шанаган А, ташаагаа тулсан Пээ
Монголчууд өөрийнхөө үсгийг бол дуудлагаар нь сайхан хэлээд л, тогтоогоод явчихдаг байж. А, На, Ха, Га, Ба гээд л урсчихна, амар. Харин харь хэлний элдэв хэлбэр дүрстэй үсгийг сурах хэрэг гарвал хочлон нэрлэдэг уламжлалтай. Угаасаа ер нь хүнд хоч өгөхдөө сайн улс, үсгэнд бол нэр хоч өгөх шиг амархан юм хаа байна. Төвөд хэл сураад эхэлсэн, утгуур шиг үсэг байна, шанаган А л биз, арагш нь мушгиад дарчихсан нэг үсэг байна, эргүүлгэн На... Ха, Га-г нь хөөрхий, хагархай битүүгээр нь ялгаад нэрлэчихсэн. Энэ уламжлал бүр хорьдугаар зуунд ч үргэлжилж. Кирил гэж үсэг авсан, хачин жигтэй үсэг олон байна аа. Ганц байгаа Пээ-гээ Бээ-гээсээ арайхийн ялган хэлдэг улсад бас нэг Ф гэж юу ч вэ дээ. Пээдийгээд зогсчихсон нөхөр шиг юм байхаар нь “ташаагаа тулсан Пээ” гэж хочилсон байгаа юм.
Оюутан байхдаа бид бас үсэг тогтоохын тулд нэр хоч өгч явлаа. Дөрвөлжин үсэг үзэж байсан, нэг Ба үсэг нь жийп машинархуу юм харагдаж байна. Манай ангийнхан “жарийсан Б” гэж тогтоож билээ. Жарийс гэдэг нь “жаран ес” буюу “УАЗ 469” хэмээх орос жийпний сунжирсан нэр гэдгийг одоогийн хүүхдүүд мэддэг л байгаа даа.
Ходоодны Жа гэдэг шиг л хатуу зөөлний хоёр тэмдгийн хооронд Ы гэж жигтэйхэн үсэг байхаар нь манайхан хэлбэрээр нь “жаран нэгийн ы” гэж нэрийдсэн байдаг.
Жаран нэгийн Ы үсгээ буцаагаад аваарай
Жириновский гэж Оросын Думын том дарга саяхан “Монголоос гаралтай Ы гэж муухай үсгийг цагаан толгойноосоо хасах хэрэгтэй” хэмээн мэдэгдэж баахан шуугиулав. Жириновский ч жирийн юм ярьдаг хүн биш л дээ, гэхдээ л энэ мэдэгдэл жигтэй жигтэй гэхэд дэндүү жигтэй. Нэгд, зүв зүгээр, мөв мөрөөрөө хачин сайхан үсэг бичигтэй байсан улсад өөрийнхөө бичгийг гоё гоё гэж өгчихөөд, тэр “гоё бичиг” дотроо байгаа ганц муухай үсгийг Монголоос ирсэн гэж гөрддөг нь яаж байна аа. Монгол бичгээрээ бол бид шилбээр тэмдэглэдэг ганцхан И -тэй болоод л ирсэн юм. Хагас болоод жаран нэгийн Ы бол яах аргагүй танай үсэг ээ. Тэр ч бүү хэл кирил үсэг хэрэглэдэг бусад бүх улсын цагаан толгойд үлдээгүй, ганц Орост л байгаа шүү, энэ Ы гээч. “Мыло - мило, бить- быть” гээд утга ялгадаг, танайдаа бол тийм ч муухай биш, бас хэрэгтэй л үсэг дээ.
Хоёр дахь жигтэй юм гэвэл Орос улс төрчийг муухай үсгээ ад үзэн, цагаан толгойноосоо хасъя гэж байх яг тэр мөчид манай монгол сэхээтнүүд “ишчээ Щ” тэргүүтэй эх нутагтаа хүртэл гологдсон хэдэн үсгийг нь харин ч хамгаалан тэмцэж, бишрэн дээдэлж байлаа.
Жириновский үсэг гэхээсээ илүү авиа л гэж хэлэх гэсэн байх аа даа. Түрэг хэлтнүүдийн хувьд хэлний урдуурх хойгуурх хоёр И утга ялгасан хэвээр байгаа. Тэрийг л хэлэх гэсэн байлгүй. Манайд бол бүр өвөг монгол хэлний үед тэр хоёр И фонемын шинжээ алдсан, үндсэн долоон эгшигтэй (ганц И-тэй) хэл билээ.
Хоолойгоо хэржигнүүлэн хэлдэг Ы
Жириновскийг юм бодож суутал нь гэнэтхэн Ы Монголоос гаралтай юм байна гэж тархинд нь ороод ирээгүй нь лавтай. Мань эр Иосиф Бродскийг уншсан юм даг уу даа. Нобелийн шагналт зохиолчийн 1991 онд бичсэн “Эмгэнэлийн хөрөг” гэж алдарт найрагт дараах мөрүүд бий:
Давай, трагедия, действуй. Из гласных, идущих горлом,
выбери "ы", придуманное монголом.
Сделай его существительным, сделай его глаголом,
наречьем и междометием. "Ы" -- общий вдох и выдох!
"Ы" мы хрипим, блюя от потерь и выгод
либо -- кидаясь к двери с табличкой "выход".
Англи орчуулга нь үгчилсэн биш, нэлээд чөлөөтэй юм. Бодвол Бродский өөрөө орчуулаа байлгүй.
Go ahead, tragedy! Among our vowels,
pick out the yi, born in the Mongol bowels,
and turn it, ripping our gushin ovals,
into a noun, a verb, an adjective! yi, our common gargle!
yi, webarf out as our gains and our losses ogle
us, or as we storm the exit.
Монголоор бол иймэрхүү байж болох юм (үгүй ч байж бас болно):
Эмгэнэл минь чи ажлаа эхэл дээ
Эгшиг үсгээс монголчуудын зохиосон
Ы-г сонгоод жинхэнэ нэр болго
Үйл үг, дайвар үг,
Үгүй бол аялга үг ч болгоод үз
Гарзаар олзоор бөөлжихдөө ч
Гарц руу тэмүүлэн гүйхдээ ч
Ы хэмээн хэржигнүүлэн хэлдэг
Ы бүгдийн амь амьсгаа…
Иосиф Ы-г монголчууд зохиосон л гэсэн болохоос муухай үсэг гэж бол хэлээгүй л байгаа биз дээ. Харин ч хамгийн хэцүү юм болоход тэр мууг л хэлдэг гэсэн байна даг.
Петрийн халсан хагас Й монгол хэлнээ
Жаран нэгийн Ы-гээс гадна Хагас Й гэж бас байна аа. Уг нь бол хагас биш “богино и (краткое, short)” юм билээ. Манайд “богино И” гэчихвэл нөгөө үсэг давхарлаж тэмдэглэдэг урт, богинотойгоо андуурагдах аюултай учраас хагас гэж. 1-р Петр хаан үсэг бичгийн томоохон өөрчлөлт хийхдээ дээр доороо элдэв тэмдэгтэй үсгүүдийг хассан байдаг юм. Ингээд цомхтголд орчихсон байтал хожим нь хаанаа бие барангуут цаадуул нь буцаагаад оруулаад ирсэн юм билээ. 1735 он. Өнөөгийн слав хэлтнүүд өөрсдөө зарим нь бас хагас й-дээ дургүй гэж жигтэйхэн. Серб, Македон хоёр л лав цагаан толгойноосоо гаргачихсан гэж байгаа.
Айлын хүүхдүүд хэрэггүй үсгээсээ хэрхэн салдаг юм байна
Дан ганц кирил үсэг хэрэглэдэг улс л үсэг бичгээ голоод, хасаад, ад үзээд байдаг юм биш л дээ. Хаа сайгүй л тийм юм болно. Саяхан 2010 оны 11 сарын 28-нд испани хэлтнүүд хоёр үсгээ үдээд явуулчихсан шүү дээ. 3 сая хүнтэй монголчууд бид 4 үсэг хасах гээд хэрхэн бүтэлгүйтлээ, гэтэл 500 сая шахам хүн хэлэлцдэг испани хэл ийм өөрчлөлт хийж чадсан гэхээр бас л сонин шүү. Испани хэлт 22 орны 22 Академийн оролцсон чуулган Мексикийн Гвадалахар хотноо хуралдан, ch, ll хэмээх хоёр диграф буюу давхар үсгийг хассанаар испани хэлний цагаан толгой 29 биш, 27 үсэгтэй болж багасчээ. Бас бус дүрмийн өөрчлөлт ч хийсэн байна. Жишээ нь харь хэлнээс орж ирсэн үгэнд Q үсэг хэрэглэдэг байсныг болиулж. Тэгэхээр хуучин IRAQ, QATAR гэж бичдэг байсан бол өдгөө IRAK, CATAR гэхээр журамлажээ.
Айлын хүүхдүүд хэрхэн эсэргүүцдэг юм байна
Зарим нэг үсгийг “цааш харуулахад” зарим нэг хүн баясана, зарим нь харин уурлан эсэргүүцнэ. Энэ бол зүй. Манайхтай ер нь төстэй юм билээ. Хамгийн эхлээд хамгийн зартай нь л дуугарах нь мэдээж. Вэнэсуэлийн Ерөнхийлөгч Хуго Чавез асан Засгийн газрынхаа хуралдаан дээр бухимдлаа илэрхийлэн, “Миний нэр тэгээд одоо Авез болох хэрэг үү?” хэмээсэн гэдэг. Үнэн хэрэгтээ Ch -г хасна гэдэг нь оронд нь С хэрэглэнэ, Cavez болно гэсэн үг болохоос тухайн авиаг нь устгачихаж байгаа хэрэг биш л дээ. Мушгиж л байгаа хэрэг.
Илан Ставанс гэж багш харин мөнгө төгрөгтэй холбоотой гэж хардсан байдаг юм. Академийнхан одоо бүх толио шинэчилнэ, тэгэхээр маш их ашиг олно гэж. Магадгүй л юм. Гэхдээ бас хялбаршуулж, өөрчлөхөд дуртай улс бас олон байж. Тэдний нэг нь Нобелийн шагналт Габриэл Гарсиа Маркес.
Өлгийнөөс үхэх хүртэл заналхийлсэн зөв бичих дүрэм
Ch, ll гэх мэт төвөгтэй хэцүү үсэг бүхий испани хэлний зөв бичих дүрэмд таагүй ханддаг улс байсаар иржээ. Манайхаар бол ишчээ, хатуугийн тэмдэг нь л гэсэн үг. Хэзээ хэрхэн хэрэглэдэг нь нэн ойлгомжгүй. Испани хэлний анхдугаар чуулга уулзалт 1997 онд Мексикийн Закатекас хотноо хуралдахад Колумбын нэрт зохиолч Габриэл Гарсиа Маркес “Өлгийнөөс үхэх хүртэл маань заналхийлж буй өнөөгийн зөв бичих дүрмийг халъя аа. Хөөрхий энэ гомдол маань даанч итгэл найдварын тэнгист шидсэн ганц лонх адил хөвөн одох буй заа. Тэгсээр нэг нартай өдөр Бүх үгийн Бурхан тэнгэрт хүрэх болтугай л гэж найдахаас” хэмээн илтгэсэн билээ.
Бүх үгийн Бурхан гэж байдаг ч юмуу, үгүй ч юм уу, сонссон ч юм уу, сонсоогүй ч юм уу, юутай ч Бурханаас өмнө Испани Хэлний Төв Академи хүсэлтийг нь ёсоор болгож хэрэггүй хоёр үсгийг хасаж, бас бус өөрчлөлт хийсэн нь тэр миний өгүүлсэн 2010 оны явдал. Мадрид хотноо орших тэр Академийг “испани хэлний цагдаа” гэж хочлон нэрлэдэг.
Цагаан толгой гэж нээрээ сонин үг шүү
Дэлхийн нэлээд олон хэлэнд цагаан толгойгоо нэрийдэх зарчим адил байдаг. Эхний хоёр юм уу, гурван үсгийг нийлүүлчихэд л болно. Алфа, Бетта гэж грек цагаан толгойн эхний хоёр үсгийн нэр, нийлээд Алфабет. Аз, Бука гэж орос хэлний А, Б үсгийн нэр, Азбука. Англи бол бүр амар, Эйбиси (ABC). Чехэд бол Абацэдэ хавьцаа. Ганц монгол хэл маш сонин - “Цагаан толгой”. Яагаад “толгой”, тэр нь яагаад заавал “цагаан” байх гэж.
Энэ нь манай монголчуудын ёгт нэрийн уламжлалтай холбоотой юм. Өмнө би хүн хар, үсэг зэрэгт хоч өгөхдөө манайхан сайн улс гэсэн, бас байгаа юмыг шууд хэлэхээсээ илүү ёгтолж, бэлгэдэж, хүнд юм бодуулж нэрлэхдээ гарамгай улс байж, та бидний өвөг дээдэс. Ухаан нь хэлзүйн ном судрыг зүгээр хэлзүй гэхгүй “Зүрхэн толт” гэнэ. Зүрх гээч хүн амьтны хамгийн гол эрхтэн, Толт нь зүрхнийхээ хамгийн чухал хэсэг нь, ухан бодвол аливаа хэлний дүрэм зүй гээч нь “чухлын чухал” зүйл байдаг ажээ.
Тэрэн шиг “Цагаан” гэх нь “эхлэл” гэсэн утгатай, “толгой” ч бас “түрүүнд, тэргүүнд” байхыг заана. Амьдрал мэдлэгийн их аяны “эхлэлийн эхлэл”, “нэн тэргүүний мэдлэг” нь тэгэхээр үсэг бичиг буюу “Цагаан толгой” байдаг аж.
Төгсгөлийн оронд
Гэх мэтчилэн жигтэй сонин үсэг, цагаан толгойн өөрчлөлт зэргийн тухай яривал барагдахгүй.
Энэ орчлонд үхэх гэдэг ч шинэ юм биш
Эгээ түүн шиг амьдрана гэдэг ч бас шинэ юм биш гэдэг чинь Есенин байх аа. Үсэг нэмж хасна гэдэг үнэндээ шинэ ч юм биш, ганц хоёр үсэг байтугай бичгээ тэр чигээр нь сольчихдог ч тохиолдол бий. Харин зарим үсэг нэн жигтэй байдгаас илүү сонин зүйл бол тийм үсгийг солих солихгүйн тухай хүмүүсийн үзэл бодол, өөрчлөлтийг хүлээн авч буй байдал, авир, улс төр, нийгмийн үйл хэрэгт хамаатуулж буй зэрэг нь юм. Цагаантнууд жишээ нь үгийн эцэст хатуугийн тэмдэг бичсээр л байсан гэдэг. Улаантнуудын устгасан үсэг болохоор тэр. Үсэг бичгээсээ илүү жигтэй, сонирхон судалмаар сэдэв нь тэгэхээр хүн та бидний араншин болой. Тэгээд бодохоор авиа үсэг гээч нь хэл шинжлэлийн судалгаа огт биш, улс төрийн асуудал ч юм шиг.

No comments:
Post a Comment