Monday, February 16, 2015

"Орчуулах эрдмийг эрхэм болгохуй" ХИС-ийн эрдэмтдийн бүтээлийн эмхтгэлээс


Л.Маналжав, доктор (Ph. D), профессор

МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНЫ АНХНЫ ХЯТАД ОРЧУУЛГА

Монголын Нууц Товчоо (МНТ) бол монголчуудын түүхэндээ үлдээсэн олон оньснуудын нэг. Энэхүү дурсгалын бичгийн хадгалагдаж үлдсэн түүх нь судалгааны тусгай сэдэв бөгөөд одоо ч гэсэн мөн судалсаар байна. МНТ-г судлах бас нэг чиглэл бол гадаад олон хэлэнд буулгасан орчуулга гэж үзэж болно. Орчуулгын тухай өгүүлэхийн тулд юуны өмнө эхийн талаар товч боловч авч үзэх нь зүйтэй.
МНТ нь 15 бүлэгтэй ба 12 бүлэгтэй хоёр эх бичгээс бүрдсэн, агуулгын хувьд үндсэндээ хоорондоо ялгаагүй. Энэхүү хоёр төрлийн эх нь хоёул 282 хэсэгтэй бөгөөд ийнхүү дугаарласан нь судалгааны ажилд дөхөм болгохын тулд хожим нэмж хийсэн зүйл юм. МНТ-ны эх нь монгол хэлээр тэмдэглэгдсэн боловч, монгол бичгээр бичсэн эх нь хараахан олдоогүй байна. МНТ-ны 282 зүйлийн 234 нь Лу. Алтан товчид багтсан бөгөөд МНТ-нд байхгүй хэсгүүд ч уг бүтээлээс олдсон нь МНТ-ны эх уйгуржин монгол бичгээр байсны гэрч гэж ихэнх судлаачид үздэг. Уйгуржин монгол үсгийн эх байсны ул мөрийг МНТ-ны галиг болон хэлний бусад жишээ баримтаас бас нотолж болно. Мин улсын Хун-У (洪武) хааны 15-р онд (1382) хэвлэсэн анхны хэвлэлийн 41 хуудас бүрэн бус цорын ганц эх хувь24 үлдсэнийг энэ ялдамд дурьдахад түүхэн он цаг улирах тутамд ном судар хадгалагдан үлдэх нь их ховор тохиол болохыг харуулж байна.
Манай үеийг хүртэл хадгалагдаж ирсэн хоёр эх хоёул монгол хэлээр хятад ханз үсгээр тэмдэглэгдсэн байгаа. Монгол эхийн үг бүрийн хажууд хятад хадмал орчуулгаас гадна, хэсэг бүрийн хойно хятад товч орчуулга хавсаргасан нь МНТ-г гадаад хэлэнд буулгасан анхны орчуулга юм. Энэхүү бүрэн эхийг Мин улсын Юн Лө хааны нэвтэрхий толь бичиг (永樂大典)-т хэвлүүлэн гаргаснаар хадгалагдан үлджээ. Үүнээс хойш олон удаа янз бүрийн эмхэтгэлд оруулан хэвлэсэн байна.
Энэхүү  илтгэлд МНТ-ны анхдагч буюу товч орчуулгын тухай өгүүлэхийг зорьсон юм. МНТ-г түүхэн эх сурвалж болгон ашиглаж байсан Европын болон Хятадын эрдэмтдийн нэлээд хэсэг нь чухамхүү энэ хятад товч орчуулгыг ашиглаж байв. Жишээлбэл: П.Кафаров25 эхлээд хятад товч орчуулгыг олж авч, 1866 онд орос хэлнээ орчуулсны дараа 1872 онд 15 бүлэг бүхий эхийг олж, түүний улмаар Европ дахинд  танилцуулжээ.
Хятадын эрдэмтэн Цянь Да-синь (錢大昕) эхлээд 15 бүлэгтэй эхийг олж үзсэн бөгөөд хожим нь 12 бүлэгтэй эхийг олж авч, харьцуулсан үзсэн байна. Хятадын эрдэмтдээс  Цянь Да-синь анх түрүүн МНТ-нд анхаарлаа хандуулсаны ачаар тэр үеийн хятадын эрдэмтэд,  тухайлбал Ли Вэн-тянь (李文田), Ван Го-вэй (王國維) зэрэг эрдэмтэд МНТ-г түүхэн сурвалжийнх нь хувьд цоо шинээр үнэлэн цэгнэж, МНТ-ны судалгаа идэвхжин, олон тооны бүтээл гарсан байна.
Харин 12 бүлэгтэй эхийг анх 1804 онд Гу Гуан-чи (雇廣圻) олсон бөгөөд 1805 онд уг номыг хэвлүүлснийг Ли Вэнь-тянь, Вэнь Тин-ши (文廷式) нар 1902 онд Японы эрдэмтэн Найто Торозиро (内藤虎次郎)-д бэлэглэж, тэрээр цааш нь Нака Митие (那珂痛世)-д  өгснийг, орчуулан олон тооны тайлбар зүүлтийн хамт 1907 онд хэвлүүлжээ26.
Дээр өгүүлсэн хоёр төрлийн бүрэн эхээс гадна, МНТ-ны хэвлэгдсэн нэг хувилбар бол хятад орчуулгыг тусгайлан хэвлэсэн эх юм. Хятадын бичгийн хүмүүс Жан Му (张穆), Хэ Цю-тао (何秋濤) нар тусгай эмхэтгэлд оруулан, Дао Гуаны (道光) 27-р онд (1847) хэвлүүлжээ27.
МНТ-г бичсэн хугацааг 1240 он гэж үздэг бол хятад галигаар буулгаж орчуулгын хамт хэвлэсэн оныг 1388-1404 он гэж үздэг. Энэ нь Мин улсын Хун У хаан Хуа-И и-юй (Хятад-Монгол толь бичиг)-ийг зохиож, МНТ-г монгол хэл сурах хэрэглэгдэхүүн болгон ашиглахыг зарлиг болгосонтой холбоотой. Мин улсын Юн Лө-гийн үед хэвлүүлсэн дээр дурдсан нэвтэрхий  толь бичигт МНТ-г оруулж хэвлэсэн учраас 1404 он бол чухал он юм. Ийнхүү МНТ-г 1382-1404 оны хооронд хятад хэлнээ орчуулжээ гэж үздэг. Монгол хэлийг хятад хүмүүс чухалчлан судалж байсан нь улс төр цэргийн ач холбогдлоос гадна, монгол хэл тэр үеийн чухал хэлний нэг байсан бололтой. XIII-XIV зууны үеийн бичгийн дурсгалын зүйлсийг хадгалсан Турфаны цуглуулгад дундад зуунд өргөн хэрэглэж байсан олон хэлээр олон төрлийн үсгээр бичсэн баялаг олдвор байдгийн дотор монгол хэлээр уйгуржан, дөрвөлжин хоёр ч төрлийн үсгээр бичсэн хэрэглэгдэхүүн байдгийг бид олж үзэж болно.
МНТ-ны эхийн хэл нь тэр үеийн монгол хэлний онцлогийг, тухайлбал бичгийн болон ярианы хэлний онцлогийг тусгасан гэж үздэг. Энэхүү эх бичгийн хятад товч орчуулга нь өвөрмөц хэлтэй. Орчуулгын хэлнийх нь онцлогийг М.К.Холлидей28 бүтэц хэл шинжлэлийн үүднээс судалсан байдаг. Тэрээр хятад хэлний эх сурвалж болгон судалж онцлогийг нь үзсэнээс бус, монгол хэлний эхтэй харьцуулан судлаагүй бөгөөд харин орчуулгын зарим онцлогийг монгол хэлний нөлөө хэмээн тайлбарласан зүйлс бий.
М.К.Холлидей МНТ-ны хятад товч орчуулгын хэл нь тэр үеийн бичгийн хэлний (文言) хэм хэмжээнээс өөр, хойт зүгийн нутгийн аялгуунд тулгуурласан, ярианы хэлэнд илүү ойр хэлээр буулгасан хэмээн тэмдэглэжээ. Ийнүү сонгодог бичгийн хэлнээс ялгаатай хэлээр бичсэн нь хятад эрдэмтэд орчуулгыг дахин найруулан засах оролдлого хийхэд хүргэж байв.29
Ийнхүү хятадын хэл бичиг, түүхийн эрдэмтэд ном зохиолын хэл найруулгыг бичгийн хэлний хэм хэмжээнд нийцүүлэх өндөр шаардлага тавьдаг байсан боловч, МНТ-ны товч орчуулгыг түүхэн сурвалж болгон ном зохиолдоо ашиглаж байв.
            Ер нь МНТ-г судлаачид франц, герман, орос, англи, япон, хятад гэх мэт олон хэлний хэрэглэгдэхүүн ашиглахын зэрэгцээ МНТ-д хавсгаргасан үгчилсэн болон товчилсон хятад орчуулгыг заавал харгалзан үздэг.
            МНТ-г гадаадын 26 хэлэнд буулгасан орчуулгын зөвхөн цөөн хэсэг нь дундад үеийн монгол хэлнээс буулгасан эхээс орчуулсан эрдэм шинжилгээний орчуулга, харин нэлээд нь орчин цагийн монгол хэлэнд буулгасан эхээс орчуулсныг бид олж үзэж болно.
            Энэхүү илтгэлд авч үзэж байгаа анхны орчуулгыг яагаад товч буюу ерөнхий орчуулга хэмээн үздэг вэ? Үүнийг юуны өмнө орчуулгын хэсэг бүрийг монгол эхтэй нь тулган үзэх ёстой. Жишээлбэл, МНТ-ны §247-282-дох зүйлийн хятад орчуулгыг монгол эхтэй нь тулган үзэхэд, мөрийн тооны хувьд монгол эх нь илүү олон байв. Энэ нь нэг талаар монгол хэлний үг олон учраас илүү олон мөртэй байх нь ойлгомжтой. Монгол эхийн 3 мөр хятад орчуулгын 1 мөртэй тэнцэж, утгыг бараг товчлохгүй орчуулсан байх жишээтэй. Эх бичиг, орчуулгын эх хоёрын харьцаа 3:1-ээс илүү гарсан тохиолдолд тэр хэсгийг нэлээд хураангуйлан орчуулсан харагдана. Их товчилсон хэсгүүдийн жишээ гэвэл, §254-ийн монгол эх 62 мөр байхад орчуулга нь 12 мөр, §278-ын эх 87 мөр байхад орчуулга нь 2 мөр хүрэхтэй, үгүйтэй, §202-ын монгол эх 3 мөр гэтэл хятад орчуулга нь 3,4,2 мөр, §281-ийн монгол эх 27 байхад орчуулга нь 4,5 мөр байх жишээтэй.
§278-д Өгөөдэй хаан хэвтүүл, хорчин, торгууд, бүх хишигтний тухай хаан эцгийн зарлигийг урьдын ёсоор дагаж мөрдөхийг зарлиг буулгаж, тэдний үүргийг нэг бүрчлэн дахин нарийн тодорхой зааж өгснийг тэмдэглэжээ. Гэтэл хятад орчуулгад зөвхөн хамгаалагч (守街的) гэсэн нэрийг хэрэглэж, “хаан эцгийн зарлигийг урьдын ёсоор дагаж мөрдөхийг дахин сануулав” гэсэн товч зүйлийг бичжээ.
§202 зүйлийн монгол эхэд “...эсгийн туургатан улсыг нэгэнтгэж, есөн хөлт цагаан тугаа мандуулаад...,” Мухулайд улсын ван цол өгч, Зэвийг Найманы Күчүлэгийг дарахыг зарлиг болгож,... улс байгуулахад гавьяа байгуулсан 95 хүнийг мянганы ноён болгосон тухай өгүүлж, нийт хүмүүсийн нэрийг дурдсан байдаг. Гэтэл хятад орчуулгад“...улс байгуулахад гавъяа байгуулсан 95 хүнийг мянганы ноён болгов.” гээд нэрийг нь орхигдуулсан байна.
§64 бол Ц.Дамдинсүрэн гуай “хуримын дуу” хэмээн нэрлэсэн шүлэглэсэн хэсгийг МНТ-ны толгой холбосныг орчин цагийн монгол хэлэнд буулгасан эхээр авч үзье.
... манай Хонгириад хэзээнээс бусдын нутаг ба хүмүүсийг тэмцэлддэггүй.... гээд
Харь улсыг үл довтлон
Хацар сайн охидоо
Хасаг тэргэнд суулгаж,
Хар буур хөллөж,
Харьгиулж одож,
Хаан болсон та нартаа
Хатан сууринд дэвшүүлэн,
Хамт суулгамой.
            Өөр иргэнийг үл тэмцэн,
            Өнгө сайтай охидоо
            Өлзийт суудалтай тэргэнд суулгаж,
            Өл буур хөллөж, үүсгэж одож        
            Өндөр суурь эзлэгсдийн
            Өрөөл хань болгомуй.
            Хятад хэлэнд энэ бүх мөр бадгуудыг 1, 9 мөрт багтаан хүүрнэх хэлбэрээр орчуулжээ. Үүнд:
俺翁吉la家在前日子裹不與人爭國土百姓但有顔色的女子便獻與您皇帝人家后妃位子裹教坐有来
106-д Жамуха хэрхэн тулалдаанд бэлэн байгаагаа Тэмүүжин анд, Тоорил хан хоёрт хэлүүлсэн хэсгийг шүлэглэн өгүүлсэн мөр бадгуудыг хятадаар орчуулахдаа  “我自己整军” (“Би өөрөө цэрэг агтаа бэлтгэн засав”) гэснээр хязгаарлажээ.
            МНТ-ны эхийг хятад хэлэнд товчлон орчуулсан байдлыг харуулах зарим жишээг энд дурдаж, сүүлийн үед хятад орчуулгыг монгол эхтэй харьцуулан судалсан өөрийн ажиглалтаас хуваалцахыг хүсэж байна. Үүнд:
            Нэгдүгээрт, хятад хэлнээ орчуулсан энэхүү товч орчуулга нь МНТ шиг томоохон бүтээлийн тав, зургаан зуун жилийн өмнө хэрэгжүүлсэн анхны орчуулгын хувьд монгол, хятад хоёр хэлний аль алины орчуулгын түүхэнд тэмдэглэвэл зохих чухал үе шат болсон гэж үзэж байна.
            Хоёрдугаарт, хятад орчуулга нь МНТ-ны агуулгыг бүрэн гаргасан, ялангуяа түүхэнд баримт сэлт, он, сар, газар усны нэр, хүний нэрийг орхигдуулахгүйг хичээсэн байна.
            Гуравдугаарт, тоочсон зүйлийг засаж, товчлон тайлбарлаж орчуулснаас гадна шүлэглэсэн, яруу найргийн хэсгүүдийг утгачлан орчуулсан байна. Үүнээс шалтгаалан МНТ-ны хятад орчуулгад уран сайхны тал нь хасагдаж түүхэн тал нь давамгайлжээ. Ийнхүү шүлэглэсэн утга уянгын чанартай хэсгүүдийг товчлон хассан боловч, монгол үндэстний ёс заншил, домог, адилтгал, зүйрлэл зэрэг хэл найруулгын онцлогийг хятад орчуулгад хангалттай сайн тусгажээ. Энэ бүхэн нь монголчуудын түүх, ёс заншилтай танилцах, судлах зорилгын үүднээс  орчуулсантай холбоотой болов уу.
Дөрөвдүгээрт, энэхүү орчуулгын хэл нь XII-XIV зууны үеийн хятад хэлэнд үүсэн буй болж байсан үзэгдлүүдийг тусгасан онцлогтой тул тэр үеийн хятад хэлний бусад дурсгалын зүйлстэй, тухайлбал Сун, Юаны үеийн жүжгийн зохиол хэл, монгол-хятад хөшөөний орчуулгын хэлтэй харьцуулан судалж болох чухал хэрэглэгдэхүүн юм.
Тавдугаарт, монгол хэл, түүх, уран зохиолын энэхүү гайхамшигт бүтээлийг гадаад хэлэнд орчуулсан хувилбаруудыг харьцуулан зэрэгцүүлж, нарийвчлан судлах нь нийт орчуулгын уламжлалын судалгаанд хувь нэмэр оруулах бас нэг талбар гэж үзэж байна.
Ишлэл, зүүлт

24 大漢的世界紀家元時的多元文化藝術 (Age of Great Khan, Pluralism in Chinese art and culture under the Mongols) Tai-Pei 2008, P47 (Catalogue of National Palace Museum in Tai Pei)
25 П.И.Кафаров, 1866: Стариное Монгольское сказиние о Чингисхане: Генеалогическая таблица к сказанию и Чингисхане, том IV, с  1-258, С Петербург
26 成吉思汗實錄,東京,1907
27 元朝秘史(十五本)連筠移蕞書,道光二十七年秋靈石楊氏刊本
28 Halliday M.A.K, 1959: The language of these Chinese Secret History of Mongols , Oxford
29 元秘史潤文,清光緖末年王氏清稿本,楷書

НОМ ЗҮЙ
1.      元朝秘史,四部蕞刊三编史部,據民國二十五年四部蕞刊三编影印元朝年
2.      元朝秘史,十五卷,連筠移嶪書,道光二十五年
3.      元秘史潤文,十五卷,清,王樹策,潤文,文海出版社
4.      大漢的世纪,學元時代的多元文化與藝術,National Palace Museum (台北)
5.      Ligeti Lajos, A mongol titkos tortenete, Budapest, 1964

6.      Igor de Rachewiltz, Index to the Secret History of Mongols, 1972, Indiana University                                   

Saturday, February 7, 2015

Эх хэлээ умартваас навчис бүхэн надад мэс болог

Т.Галсан: Монгол цустай ч эрлийз хэлтэй хурлийз сэтгэлгээтнүүд олширч
 -Эх хэлээ умартваас навчис бүхэн надад мэс болог-
Ардын уран зохиолч Тангадын Галсантай ярилцлаа.

-Бид сүүлийн 20-иод жил монгол хэлний дархлаа суларлаа. Монгол хэлэнд гадаад үг их орж ирлээ. Манай хэл мөхөж буй хэлний тоонд орлоо гэхчилэн ярьж ирсэн. Тиймээс энэ асуудлыг цэгцлэхээр оролдож Монгол хэлний тухай хуулийн төслийг боловсруулан хэлэлцээд эхэллээ. Энэ хуулийн төслийн ажлын хэсэгт та орсон юм байна. Энэ хууль батлагдах шаардлага чухам юунд байна вэ?
-Монголчууд аюул учирсан үед сэргэсхийж, ганц хүүдээ ганц морио унуулаад эх орноо хамгаал гээд явуулдаг сайхан ард түмэн. Түүнтэй адил өнөөдөр нийгмийн бүх давхарга, гадаад, дотоодод суралцагч монголчууд төдийгүй бидэнд элэг зөв эрдэмтэд хүртэл халаглах боллоо. Жишээлэхэд, Инжинаашийн “Хөх судар”, “Нэгэн давхар асар”-ыг орос хэлнээ орчуулсан Лидия Скородумова “Ээ, хайран сайхан монгол хэл” гэж уулга алдаж байлаа. Энэ бол монгол хэл ямар их харь үгэнд бариулж, монголчууд маань эх хэлээ хамгаалахыг огоорон мартагнаж, энэ нь явж явж оюун санааны тусгаар тогтнолоо алдах вий дээ гэсэн айдас, хүйдэст баригдаж байгаагийн захын жишээ юм. Гэтэл 1923 онд Монголд жил ажиллаад буцсан, дэлхий дэх монголч эрдэмтний эхний гуравт багтах Б.Я.Владимирцов “Монголын бүх хүн нь гүн ухаантны хэмжээнд сэтгэж, яруу найрагчийн түвшинд өгүүлдэг юм байна. Энэ мөн гайхамшиг аа” гэж байсан. Энэ хоёрын хооронд арга буюу цаг түүх, эх хэлээ хамгаалах цаг чинь болж шүү гэж дохиолоод, түүнийг бас УИХ маань мэдэрч, хуулийн хэмжээнд эх хэлээ хамгаалахаар шийдэж байгаа нь бол цаг, түүхийн захиалга төдийгүй, Үндсэн хуулийн дараа орох Монголын их чухал хууль. Тэр дундаа оюун санааны тусгаар тогтнолын тухай хууль болох гэж байна. Үүнд эрдэмтэн, мэргэд, УИХ-ын гишүүд, хуульч, багш нар гээд өргөн олон нийтээрээ идэвхтэй оролцлоо. Түүний дотор ахмад үеийн төлөөллөөр би сууж байна. Эрдэмтэн мэргэд гэхэд, хэл шинжлэлийн эхэнд нь явдаг Д.Төмөртогоо академич, их эрдэмтэн Сэрээнэнгийн Галсан, Монголын ард түмэнд эх хэлний багш гэж алдаршсан, эрдэмтэн Ш.Чоймаа багш, МУИС-ийн багш, бэлгэдэл зүйн шинжлэх ухааныг бие даасан шинжлэх ухаан болтол хөгжүүлсэн С.Дулам гуай гэх мэт олон хүн оролцож мэргэжлийн талаар олон нийтийн санаа бодлыг энэ хууль тусгаад хэлэлцэх гэж байна. Ийм л үе байна даа.
-Хуулийн төслийг харж байхад монгол бичгээ сэргээхээр тусгасан харагдана лээ. Мэдээж хэрэг шат дараалалтайгаар шилжих байх л даа. Та ч урт, дунд, богино хугацаагаар тусгахгүй бол болохгүй гэж ярьж байсан. Чухам хэзээнээс үүнийг хэрэгжүүлбэл зохистой юм бэ?
-Бага улсын зовлон их юм. Бид үндэсний тусгаар тогтнолгүй байх үед монголчуудын мянган жилийн бичиг соёлыг гадныхан улс төрийн хүчирхийллээр нуга дараад, мянган жилийн өв соёлыг хадгалсан тэрхүү бичгийг маань ондоо үсгээр сольсон.
-Бид өмнө нь нэг удаа 1990-ээд онд монгол бичгээ сэргээх гээд бүр баларсан шүү дээ. Тэрний золиос нь нэг үеийн хүүхдүүд болсон. Одоо манай үеийнхэн кирил, монгол бичгийнхээ аль алиныг нь мэддэггүй. Хярамцаг болгосон доо. Ийм зүйл давтагдах вий дээ?
-Ардчилсан хувьсгалын гол зорилго бол устгуулснаа сэргээх, тасарснаа залгах, мартагдсанаа дахин бий болгож, үүгээрээ Монгол Улсаа дахин иж бүрнээр нь бүрдүүлэх, ийм аугаа их зорилготой бүх ард түмний ялалт шүү дээ. Иймд, төр засгаасаа сохор зоос ч авахгүйгээр “Энэ хувьсгалд бид хүчээ өгөх ёстой. Бидний чадах юм юу байна” гэж ажиллах ёстой. Энэ ажлыг Вадим Солонцовын “Хоногт 25 цаг ажилладаг монгол эрдэмтэн” гэж нэрлэсэн эрдэмтэн Чой.Лувсанжав гардаж, манлайлсан. Ер нь тасарсан юмыг залгах маш хэцүү юм билээ. Нэгдүгээрт, хүмүүсийн оюун санаа дэндүү харьжсан. Хоёрдугаарт, эх бичгээ заах багш нь нэгэнт байхгүй. Үзье гэхнээ сурах бичиг нь үгүй. Буруу зөв бичсэн үү гэдгээ магадлая гэхнээ толь бичиг нь байхгүй. Ийм үед ингэх хэрэг байна уу, үгүй юу гэж байхад үндэсний ухамсар нь сэргэсэн ард түмэн учраас “Төр минь монгол бичгийг сэргээгээд өгөөч ээ” гээд эхэлсэн. Сэтгэлийн хөөрлөөр л гарч ирсэн л дээ. Тэр үед давс, гоймон хоёроос өөр юм байгаагүй шүү дээ. Тэр үед багш байхгүй гэхээр нь зэрэг нэгэнт багшлах ухаан байгаа учраас бага ангийн, монгол хэлний дунд ангийн багш нарт эх бичгийг нь 14 хоногоор заасан. Нөгөөдүүл маань дор нь нэгдүгээр ангидаа заасан. Авууштай зүйл гэвэл өнөөгийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагааны хүүхэд аавдаа ирээд монгол бичиг зааж байсан гээд бодоход сайхан эхэлсэн. Гэтэл УИХ-д маань бас л оюун санааны хувьд харьжсан хүмүүс эдийн засаг хүнд байгааг далимдуулаад долдугаар ангиас үзэх болгож ухруулсан явдал бол том алдаа байсан.
-Сэтгэн бодох чадвар нь хаана хүрнэ, түүнийгээ аль нэг хэлээр нь санаандаа тултал хүргэх чадвар байхгүй. Үүнээс болоод эрлийз хэлтэй, хурлийз сэтгэлгээтэй, цус нь монгол атлаа уг хүүхэд нь монгол биш болчихоод “Юу гэж та нар намайг балласан юм бэ” гэж аав, ээжийгээ шаналгаж, хүүхэд нь монголын үхэр сарлагийн дундаас гарсан ортоом шиг болоод түүнээс болоод их олон аав ээж санаа нь шархалж тархиа шааж явна.-
Өнөөдөр эх хэлний энэ хуулийг батлуулах гэж буй гишүүд дотор тэр үед тийм алдас гаргасандаа гэмшиж, буруугаа залруулахаар яваа хүн байна. Энэ бол тэр хүний алдас биш, ухаарал, гавъяа юм. Одоо бол монгол бичгийн багшгүй биш, багштай болчихсон. Монгол бичгийн уралдаанд түрүүлсэн хүүхдийг их, дээд сургуульд үнэгүй сургана гэчихсэн чинь хотоо харлуулж, хонио өгөлгүйгээр хүүхдээ төлбөргүй сургачих юмсан гээд олон эцэг, эхчүүд, хүүхдүүд шамдаад, нэг хэсэг хүүхдүүд бие дааж сайн сурсан. Үүний дараачаас нь дээд сургууль төгсөгчид багш болоод ороод ирсэн. Одоо аймаг бүхэнд монгол бичгийн сургалтын гавъяат багш байгаа. Сурах бичиг алга гэдэг байсан. Тэгсэн Чой.Лувсанжав, Ш.Чоймаа гээд олон багш нар сурах бичиг гаргасан. Тэгсэн буруу бичээд байна гэхээр нь дор нь толь бичгүүд хийгээд л эхэлсэн дээ. Тухайн үед гадны соёлт гүрнүүд биднийг их дэмжиж байлаа. Японы Элчин сайдын яам гэхэд л Монгол бичгийн сан байгуулахад тусалж хандив өгөөд, нөгөө толь бичгийг чинь хэдэн мянган хувиар хувилж, Монгол бичгийн нийгэмлэг маань үнэгүй тараасан. Нийгэмлэгийн маань тэргүүн Хууль зүйн сайд Д.Дорлигжав шүү дээ. Монгол бичгээ мэдэхгүй хэрнээ тэмцэж явсан хүн.
Нэг удаагийн уулзалтанд монгол бичгээр татлаад биччихсэн асуулт ирсэн чинь уншиж чадахгүй улайгаад, маргаашнаас нь эхлээд нухсаар байгаад долоо хоногийн дотор сурчихсан гэдэг. Хүний эх оронч ухамсар ийм мундаг. Ингэж л Сэлэнгийн Тужийн нарс байхгүй болсон үед хүүхдүүд тарьмалжуулаад бий болгосонтой яг адилхан цэцэглэсэн.
Дараа нь монгол бичиг цахим компьютерт байдаггүй бүдүүлэг, хоцрогдсон бичиг гээд эхэлсэн. Энэ үед манай Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн тэргүүтнүүд Элчин сайдуудаас тусламж хүссэн. Гэтэл Японы Токио хотын Итабаши дүүргийнхнээс хамтраад хийе гэсэн санал ирсэн. Ингээд манайхнаас хүмүүс очсон. Гэтэл ерөөсөө энэ цахим төхөөрөмжийг монголчууд зохиох юм байна гэдэг байгаа. Яасан гэтэл манай хэл маань язгууртай, дагаврыг нь нэмчихээр үндэс болдог. Дахиад нөхцөлийг нь нэмдэг. Үг хоорондын харилцаа болдог гээд цахим бүтээх яг тэр зохиомжоороо байсан. Ингээд цахим фондтой болсон.
-Одоо тэгээд бэлтгэл ханасан гэж үзэж байгаа хэрэг үү?
-Одоо бол монгол бичгийг төрийн бичиг болгох бэлтгэл нь ханачихсан байгаа юм. Тухайн төрийн албан хаагч цаг төрийн үймээнд монгол бичгээ сураагүй байлаа гэхэд кириллээр бичсэнээ хөврүүлэх боломжтой болсон. Монгол бичгээ уншихын тулд эргүүлээд хөврүүлчихнэ гэсэн үг.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж дэлхийн томчуудад илгээж буй бичиг баримтаа монгол бичгээрээ бичдэг болсон нь соёлт улс гэдгээ харуулж байна. Шинэ мэндэлсэн хүүхдийн төрсний гэрчилгээг монголоор бичдэг болчихлоо. Ингэхээр эмч, сувилагч бүхэн бичгээ дор нь сурч байна. Эх бичиг гэдэг төр нь бодлогоор дэмжээд өгвөл хүмүүс нь аандаа л сурдаг юм.
-Байнгын хорооны хэлэлцүүлгээс харж байхад энэ хуулийг эсэргүүцэж байгаа хүмүүс цөөнгүй байна лээ. Багагүй эсэргүүцэлтэй тулах болов уу?
-Энэ хуулийг хэлэлцэж байгааг дээрээс өвөг дээдэс, дэргэдээс гадны улс орнууд харж байгаа. Биднийг “Эд нар ер нь үндэснийхээ соёлыг сэргээх юм уу эсвэл устгаад л, хойш тавиад байх юм уу” гэдгийг харах их эгзэгтэй үе. УИХ-ын гишүүн Ж.Батзандан хүртэл хэлж байна.
-Юу гэж?
-Хугацаа заая гэдгийг. Төр хугацаа заасан байхад түмэн олон хэрэгжүүлээд эхэлнэ. Дараагаар нь, эртнийхээ өв соёлтой залгах үе ирнэ. Монгол Улсын тусгаар тогтнолын алтан гагнаас нь монгол хэл мөн. Түүний алтан ганжир нь монгол бичиг мөн гэдгийг өргөмжилж байгаа гишүүддээ баярлаж байгаа. Ер нь жижиг сажиг аж ахуйн сэдэвт хуулиудаас огт өөр зүйл юм шүү, энэ бол.
-Хэтэрхий ойрын хугацаанд хэрэгжүүлэх шийдвэр гоомой юм болох вий дээ. Таны түрүүний хэлсэн шиг сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй байх, тийм ээ?
-Хэтэрхий ойрхон хугацаа тавьчихвал зарим хүн цочирдож магадгүй. Өмнө нь Монгол бичгийг халахад ерөөсөө л нэг жилийн хугацаанд халсан шүү. Ингэхдээ дарга нар “Монгол бичиг бол феодализмын  үлдэгдэл мөн. Энүүнтэй зууралдан буй этгээдүүдийг улс төрийн хүчээр таслан, нам цохих ёстой” гэж хэлж байсан.
-Гэтэл энэ овоо байна, овоолчихсон чулуу биш шүү, айлын хүүхэд эхээсээ маамуулангуут алтан сайхан хүйг нь,
Луутай хөх тэнгэр минь миний хүүг ивээж байгаарай
Лустай хөрст газар минь манай удмын энэ хүйг үүрд хадгалаарай... гэж залбираад дээр нь чулуу тавьчихдаг. Тэндээ хүжиргэнэ, түжиргэнэ, оготно зурам хөндөж магадгүй гээд өдрөөс өдөрт гурван чулуу тавьсаар энэ нь айл өрхийн онгон шүтээн төдийгүй аймаг хошууны хилийн дээс болдог юм шүү. Эндээс хүн гүрний үеийн Сүхэс зоос гардаг. Тэгэхээр энэ өнө эртний түүх өгүүлнэ. Эндээс бол ухаандаа Хубилай хааны үеийн алтан зоос гарна. Энэ түүх өгүүлнэ. Энэ мэтчилэнг бол нөгөөдөх чинь тайлбарлаж чадахгүй. Нэгдүгээрт, мэдлэг нь байхгүй. Хоёрдугаар, илэрхийлэх чадвар нь байхгүй. Үүнээс болоод орчуулагч эмэгтэй гадныханд бүсгүй хүний хувьд сонирхогдож, эрэгтэй бол “Энэ зуучаа сольж өгөөч. Ямар ч мэдээлэл өгөхгүй байна шүү дээ” гэж гомдол нэхээд байгаа чинь ийм учиртай шүү дээ.-
-Болохгүй бол толгойтой чинь ярина шүү, нөхөр минь гэж байжээ.
-Ална, булна л гэсэн үг шүү дээ. Одоо бол тэгэхгүй л дээ. Оюун санааны сэнхрүүлгээр л явах хэрэгтэй. Улс төрийн дэмжлэг нь байвал нийт хүн амынх нь 85 хувь нь ямар нэгэн байдлаар уншдаг, 40 гаруй хувь нь бичдэг болчихсон энэ үед ийм аугаа соёлоо хаях нь утгагүй. Хар захын сэтгэлгээнээсээ салчихсан хүмүүс бол дэмжиж байгаа.
-Хугацааны хувьд ямар байвал зүгээр вэ?
-УИХ-ын гишүүд хоёр шатлалтайгаар явсан нь дээр байх гэсэн санал хэлж байна лээ. Эхний ээлжинд төрийн бүх албан ёсны бичиг монгол руу ороод ирэхээр албан хаагчид нь дор нь сурчихна. Хоёрдугаарт, бүх хаяг монгол руу ороод ирэнгүүт монгол бичгийн орчинтой болчихно. УИХ-ын гишүүд 2020 он гэхэд шилжье гэж байгаа. Би бол Чингисийнхээ “Төрийн бичиг болгосугай” гэж зарлигласан бичигтээ бүрэн шилжихэд болно гэж харж байна. Улс төрийн ширүүн тэмцлийн үед,
Чингис богдын тал нь босоо бичгээрээ жигүүрлэцгээе
“Ц” даргын тал нь хэвтээ үсэгтэйгээ тийчилцгээ гэж би хэлж байсан юм /инээв/. Энэ үг хатуудсан. Бид шилжлээ гээд орос хэл дээр байгаа соёлынхоо өвийг гээхгүй шүү дээ. Аливаа улс үндэстэн өөрийнхөө бичиг, соёлыг авч явах эрхтэй. Энэ бол ЮНЕСКО-гийн тунхаг болохоос миний үг биш шүү. Хүн төрөлхтөн зургаахан бичигтэй. Тэр дотор үдийн нарнаас эх газар руу буусан нарны цацраг шиг ийм сайхан босоо бичиг ганцхан байгаа. Энэ бол дэлхий дээрх бүх монголын дундын бичиг. Номхон далайн хөвөөнд байгаа өвөрлөгч нар, Атлантын далайн эрэгт буй манай могулуудтай бид ярихад цаг хугацааны алгуурлаас, зэргэлдээ улсын хэл ярианы дуудлагын нөлөөнөөс болоод ойлгохгүй боловч монгол бичгээрээ шууд ойлголцдог.
-Монгол бичгийн нэг мундаг давуу тал нь ястнуудын аялганаас хамаарч өөр өөрийнхөөрөө дууддаг бичихдээ ижил бичдэг явдал. Тиймээс ижил төстэй эгшиг, гийгүүлэгчийг ижлээр тэмдэглэдэг.
-Тэгэлгүй яах вэ. Тэнд ухаандаа” багатур” гэж байхад манайхан баатар, өөр нэг монгол нь “богатырь” гээд л дууддаг. Үндэсний оюун санааны хэц бичгийн хувьд чухал бичиг. Эрүүлээр бодвол, далан жилийн соёл хадгалах далын, мянган жилийн соёлыг хадгалсан мянгын тогоог өдөр тутмын хүнсний хэрэглээтэй зүйрлэх сэтэхүй монгол хүнд байхгүй.
-Сүүлийн үед бид хүүхдээ анхнаас нь гадаад хэл заадаг сургуульд өгч, дэлхийн дайны сэтгэдэг болгоно гээд л эх хэлээ ч үзээгүй амьтныг харь хэл сургадаг боллоо. Гэтэл хэлний цаана сэтгэлгээний онцлог хамт явж байдаг. Монгол цустай хэрнээ харьжих явдал нэмэгдэж байна. Монголоо ч, гадаадаа ч мэдэхгүй заримдаг хүмүүс ч их боллоо шүү дээ?
-Энэ бол бид эрх чөлөөг дэндүү эрэггүй загнасных. Ер нь бол 1923 онд коммунтернийнхан “Монгол Улс хэрэггүй. Монголын газар шороо бидэнд хэрэгтэй” зарласан шүү. Магадгүй тэр үзэл санааны сэжүүр явдаг байхыг ч үгүйсгэх аргагүй. Мэдээж аав, ээж бүхэн хүүхэддээ сайхан юм сургана, их юм мэдүүлнэ гэдэг нь буруу биш. Гэтэл тэд одоо жигшээд эхэллээ. Яасан бэ?
-Харин л дээ?
-Дөрөв, таван хэлний халтар, хултар үгсийн сан тархин дотор нь шивээлчихсэн. Сэтгэн бодох чадвар нь хаана хүрнэ, түүнийгээ аль нэг хэлээр нь санаандаа тултал хүргэх чадвар байхгүй. Үүнээс болоод эрлийз хэлтэй, хурлийз сэтгэлгээтэй, цус нь монгол атлаа уг хүүхэд нь монгол биш болчихоод “Юу гэж та нар намайг балласан юм бэ” гэж аав, ээжийгээ шаналгаж, хүүхэд нь монголын үхэр сарлагийн дундаас гарсан ортоом шиг болоод түүнээс болоод их олон аав ээж санаа нь шархалж тархиа шааж явна.
Зун Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлж байсан. Манай улс төрд, улсын гадаад харилцаа, гэрээ хэлцэлд хамгийн их дутаж байгаа юм орчуулагчид байна гэж. Яадаг вэ гэхээр Ринчен багшийн хэлдгээр жогуаны хэлтэй. “Жогуаны хэл гэж юу юм бэ, багш аа” гэхээр зэрэг жорлон, гуанзны хэлтэй гэж хэлж байсан. Аялал жуулчлалынхыг авч явахад энэ хэл хэрэг болдог юм байна. Тэдэн цагаас хоол иднэ, юүлүүр тэнд байгаа шүү. Манай энд халуун ус байхгүй, та хот орж байгаад... гээд энийг ярихад бол тэдний хэл хэрэгтэй. Гэтэл энэ овоо байна, овоолчихсон чулуу биш шүү, айлын хүүхэд эхээсээ маамуулангуут алтан сайхан хүйг нь,
Луутай хөх тэнгэр минь миний хүүг ивээж байгаарай
Лустай хөрст газар минь манай удмын энэ хүйг үүрд хадгалаарай... гэж залбираад дээр нь чулуу тавьчихдаг. Тэндээ хүжиргэнэ, түжиргэнэ, оготно зурам хөндөж магадгүй гээд өдрөөс өдөрт гурван чулуу тавьсаар энэ нь айл өрхийн онгон шүтээн төдийгүй аймаг хошууны хилийн дээс болдог юм шүү. Эндээс хүн гүрний үеийн Сүхэс зоос гардаг. Тэгэхээр энэ өнө эртний түүх өгүүлнэ. Эндээс бол ухаандаа Хубилай хааны үеийн алтан зоос гарна. Энэ түүх өгүүлнэ. Энэ мэтчилэнг бол нөгөөдөх чинь тайлбарлаж чадахгүй. Нэгдүгээрт, мэдлэг нь байхгүй. Хоёрдугаар, илэрхийлэх чадвар нь байхгүй. Үүнээс болоод орчуулагч эмэгтэй гадныханд бүсгүй хүний хувьд сонирхогдож, эрэгтэй бол “Энэ зуучаа сольж өгөөч. Ямар ч мэдээлэл өгөхгүй байна шүү дээ” гэж гомдол нэхээд байгаа чинь ийм учиртай шүү дээ.
-Жишээ нь, хонины бор гэхэд зээрд, алаг байж болно, хүрэн халзан, шарга ч байж болно. Гэвч номхон л гэсэн утгатай. Наян настай өвгөн ч зүүгдээд л гарч байдаг, дөрвөн настай хүүхэд ч хэвлий доогуур нь гараад, унаад явсан ч булгихгүй адуу. Хонь гүйцээд байдаг учраас хонины бор гэж байгаа юм. Азарга болох ерөөл байхгүй, зайлуул агтуулчихсан. Тэрний дээд талд болохоор зэрэг агт. Эх орноо хамгаалах эр цэргийн хүнсэнд юм уу, уналгад хэрэглэхийг нь агт гэж нэрлэнэ. Тэрний дээд талд хөлөг гэж байна. Хөлийн эрдэм нь бусад адуутай зүйрлэхийн аргагүй гэсэн үг. Одоо хүлэг гэж бичээд байх юм. Тэр бол ямаа самнахад хөлийг нь боодог дээсийг хүлэг гэж хэлдэг. Авгай нөхөр хоёр наадамд явахдаа зүс барлуулаад амьтны хүүхдийн тоосонд булуулахгүй гэж хөлгөө унах нь байна. Адуу мал эргүүлэх, тарваганд явахдаа бол морио унах нь байна шүү дээ. Тэрний дараачаар их хурлын эрхэм гишүүн хөдөө очлоо. Нөгөөхөд чинь аргамаг унуулна. Энэ бол манай адуунаас их өндөр, их гоё сийлбэр шиг толгойтой, нимгэн мундаатай. Тэгэхээр зэрэг одоо жишээ нь, манай намхан гишүүд хөдөө очоод аргамаг уначихаар гайгүй харагдаад явах нь байна шүү дээ. За тэгэж байсан чинь, Төрийн тэргүүн хөдөө очвол мөнгөн эмээл хазаартай ажнай унана. Ажнай бол морины хаан юм. Тэгэхээр Монгол Улсын хаан чинь агт уначихсан явбал цэргийн хүүхэд болчихно. За тэгээд хорвоогоос буцсан үед сая сүнсийг нь лхагаар хөллөнө. Өрнийн /Pegasus/ гээд далавчтайморь байдаг шүү дээ, тэр чинь шүү дээ. Сүнсний хөлөг. Зөвхөн мориор жишээ авахад л ийм байна.-
Тиймгүй сайн сурсан хүүхэд юу байна гэхээр зэрэг эхлээд эх хэлээ сурсан байна. Эх хэлнийхээ ямар гайхамшигтай сайхныг мэдчихсэн. Бид чинь залгамал хэлтэй юм байна. Энэ бол нугалмархай үе нь танигдахгүй болтлоо өөрчлөгддөг барууны хэлнээс шал өөр юм байна. Энэ урд талын үе хэлнээс шал өөр юм байна. Ийм сонин бүтэцтэй юм гээд хэлнийхээ гүн ухааныг зөн совингоороо мэдэрсэн хүүхдүүд 18-аас хойш насандаа гадаад хэлийг гайхамшигтай сайн сурч байсан. Одоо жишээ нь, жирийн малчны хүү Чой.Лувсанжав гэхэд Багшийн дээд сургууль төгссөн, тооны мэргэжилтэн, тэгээд дунд сургуулийн захирал байсан. Тэгэхэд Ринчен багш хана, багана, унь дээрээ англи, хятад ханз үг бичсэнийг нь хараад за энийг хэл шинжлэлтэн болгоё гээд хойшоо аваад явсан чинь тэр хойно цол хамгаалахад нь “Өнөөдөр монгол хүү Чой.Лувсанжав хэл шинжлэлийн эрдэмтний зэрэг хамгаална, бид зөвхөн батламжилна. Үүнтэй Дорнын таван хэл, Өрнийн найман хэлээр санал шүүмжлэл явуулцгаа” гэж. Энэ бол зүгээр нэг малчны хүүхэд. Тэгэхээр зэрэг эх хэлээ сурсан байсан учраас тэгээд тэр залгамал хэлээ, нугалмархай хэлтэй харьцуулан жишиж, хамгаалах тэнцээнд хүрсэн байх жишээтэй. Одоо манай хэлний зөвлөлд доктор С.Галсан гэхэд Говь-Алтайд дунд сургууль, дараа нь багшийн сургууль төгсөөд тэнд байж байхад л нэг орос охинд сэтгэлтэй болоод. Нөгөөхөөсөө орос хэл сураад. Их сургуульд оюутан байхдаа Анагаахын оюутнуудад орос хэл зааж байлаа. Тэгээд Галсанг нэг удаа эрдэм шинжилгээний хурал дээр Пэлжид гээд хойно төгссөн, хувьсгалт намд байсан мундаг эрдэмтэн үгийн дуудлага дээр алдаатай байна гэсний дараа нөгөөдүүлийнхээ толгой дээр цахиур хагалдаг эрдэмтэн болчих жишээтэй. Одоо Вашингтонд гэхэд Төрийн департаментад нь Балдан гээд тэмээчний хүүхэд байна. Тэр Саруул-Эрдэнэ гээд хэл шинжлэлийн эрдэмтэн байна. Бас л Ховдын Эрдэнэбүрэн сумын жирийн малчны хүүхэд. Яаж байна гэхээр аман ярианы дэлгүүр, гуанз төдийхний хэл биш. Эх хэлээ яаж хэрэглэж чаддаг вэ түүнтэйгээ адилхан хэмжээнд ярихаас гадна бичих чадвартай байна.
-Гэтэл бид багаас нь зааж байвал сайн сурна гэсэн ойлголттой яваа улс шүү дээ?
-Багаасаа харь хэл заалгаснаар хүн ерөөсөө хэл сурдаггүй. Амар гэж Чингисийн удмын хүн төр барьж байх үедээ ард түмнийг сэнхрүүлэхийн тулд Монголын түүхийг бичээд, ард түмнийг гэгээрүүлэх гэж хэлсэн үгэн дотроо “16 хүртэл нь харь хэл битгий үзүүл. Эх хэлнийхээ цөцгийг сайхан амссан үед нь харь хэл сурга” гэж. Нэгдүгээр ангид хүүхдийн анхаарал төвлөрөх хугацаа ердөө 20 минут байдаг. Тэгээд дунд ангид орохоороо 45 болдог. Ухаандаа дугуйн дээр хүнд даацын машины ачаа ачвал нум нь хугараад, дугуй нь хагараад юу ч байхгүй болно. Үүн шиг хүүхдийг ботго гэж бодоход түүнд атан тэмээний ачаа ачиж байгаагаас ялгаагүй. Хүүхдэд гурван хэл заана гэдэг нэг ботгонд гурван тэмээний ачаа ачихтай адилхан. Ингээд эцэстээ эрлийз хэлтэнгүүд болоод түүндээ гутраад хүүхдүүд буруу зөрүү замаар ойр зуурын хэрэглээнд баар, шөнийн цэнгээний газарт автаж байна. Их олон хүн гэмшиж байгаагийн дотор миний нэг ач хүү Америкт байна. Англиар шүлэг бичиж байна шүү дээ. Уг нь тэр Монголдоо монголоороо яруу найраг бичиж байх ёстой хүүхэд. Би өөрөө эх хэлэндээ хайртай хүн. Тэгэхээр харь хэлийг эрт үзэхийн нэг аюул нь энэ гэдгийг мэдэрч сууна.
-Дэлхийн долоон хүн тутмын нэг нь хятад. Энэ гүрэн уусч алга болно гэсэн ойлголт байхгүй. Тэгсэн хэрнээ л бодлогоор хятад хэлээ шат дараатайгаар зааж, бусад хэлийг ахлах ангид нь үзүүлж байна шүү дээ?
-Энэ бол Хятадын төрийн агуу бат бөх, дийлдэшгүй хүчирхэг байгаагийн нэг гагнаас байгаа юм. Хятад хүн Жагар авгай аваад, нэг үг Энэтхэгээр хэлэхгүй болохоор хажуудах нь нэг хэсэг уурлаад, сүүлдээ хөнжлийн үгнээс эхлээд ойлгодог болсоор тэгээд сүүлдээ хятад болчих жишээтэй. Би дурсамжийн тийм ном уншиж байсан. Нөгөө талаар үет хэлний уламжлалт бодлого байна. Хятадад үг болгоныг өөрийнхөө дуудлагад оруулдаг. Нэг бол утгачилж орчуулдаг. Нэг бол дуудлагыг нь танигдахгүй болтол нь өөрчилдөг. Оросын их зохиолч Илья Эренбург гэж байхад Ленбау гээд дуудах жишээтэй. Тэгэхээр бүх нийтийн хэлэнд нь харь үгийн түрэмгийлэл орж ирдэггүй. Манайхан бол өөр. Их олон шалтгаан байна. Нэгдүгээрт, өмнөд хөршийн худалдаа, үйлчилгээ явуулж байгаа аж ахуйн нэгжийнхээ нэрийг нууцлахын тулд англи үгээр хаяглаад байна. Үг зүй нь бол Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадны бүх аж ахуйн нэгж Монгол-Солонгос, Монгол-Хятад, Монгол-Японы хамтарсан байгууллага гэдэг нь хаягийг нь харангуут танигдахаар байх ёстой юм. Дэлхийн том хэлээр нэг хэсэг нь ингэж төөрөгдүүлж байхад, нөгөө нэг хэсэг нь бидний дэндүү бэлэнчлэх сэтгэлгээтэй болсноос үүдэлтэй. Энэ үгийг монголоор юу гэж хэлэх билээ гэж бодолгүй харь үгэнд юу гэж байдаг билээ тэрүүгээр нь аваад хэрэглэж байгаа нь сүрьеэтэй, сая шарласан, магадгүй зутрагитай.
-Уучлаарай, Галсан гуай. “Зутраги” гэдэг нь ямар өвчин бэ. Арай нөгөө айхтар өвчин биш биз дээ? 
-ДОХ гэдгийг зутраги гэдэг юм шүү дээ. Таван цул нь зэрэг пийшингийн хажуу талд тавьсан лаа шиг хайлаад ясан дээр тохоотой арьс болоод дуусахыг зутраги гэдэг. Тийм хүний хорхойтой шүдэндээ зажилж хаясан бохийг газраас аваад шууд зажилахтай адилхан. Энийг залруулах боломж бол бий. Жишээлбэл, хэлний зөвлөл, ШУА нийлж байгаад 1000 гаруй үгийг бүсэлж аваад эх хэлний хууль батлагдсаны дараа ямар үгээр залруулах вэ гэдгийг тогтох. Одоогийн хууль бол тунхаг хууль биш. Үйл ажиллагаагаа явуулах арга билгийг заасан хууль байх ёстой. “Манинхүүр” /маникюр/ гээд л нэг үг байж байна. Манин эр эм хоёр хүйстэй, тэгээд нохой шувуу ч тоншдоггүй хүүр болсон. Ийм муухай үг орж ирнэ гэдэг бол муухай шүү дээ. Үүнийг хэлний зөвлөл шууд хумс засал гэж нэрлэхээр тогтсон шүү гээд. Маргааш нь тэр хаягаа солихгүй бол хаягийг нь гурав дахин өндөр үнээр төлбөр тавиад солиод өгчих хэрэгтэй. Тэгэж байтал түүнийг хумс гоёл гэе. Тэгэхээр хумс засал байхад хоёр мянга гэхэд хумс гоёл болбол таван мянга болчих жишээтэй. Яагаад гэхээр үгийн үнэ цэнэ бөгөөд үйлчилгээ ч гэсэн ийм тов тодорхой л байх ёстой. Хумс засал байгаа нь бол буруу юм биш. Энэ дэлхийн дайныг дэгдээснийх нь нүгэлд Японы ард талыг оросууд бөмбөгдөөд дунд хэсэгт нь америк цөмийн бөмбөг шидэж байх үед юу яасан нөгөөдүүл чинь хумсаа гоёх манатай. Гэтэл яасан гэхээр, “Японыг япон л аварна шүү” гээд хүн болгон хичээгээд нэг мэдсэн Азийн төдийгүй дэлхийн хөгжлийг тодорхойлогч гүрэн болонгуут нөгөө хүүхнүүд чинь эр хүнд яаж харагдах вэ гээд эхлээд хөлөө харуулья гэж. Ингээд хөлийнхөө хумсан дээр сувд нааж эхэлж. Сувд наасан байхад эд нар харж л таараа даа гэж. Тэгээд хумс хардаг болсон. Үүнийг нь дэлхий дуурайж эхэлсэн. Энэ бол энхтайван цагийн жаргалын ташаарал. Гэвч үүнийг буруутгаад байх юм алга. Ганцхан тэр нэрэндээ л анхаарах. Тэр “манинхүүр” гэдэг газраа тэгж дууддаг л юм байгаа биз. Манайд бол хумс засал гэе. Энэ мэтээр бүх хүнд үг болгоны утгыг тайлбарлахгүй бол ойлгохгүй л дээ. Тиймээс тайлбарлаад өгчих хэрэгтэй.
-За нэр үгийн хувьд ингэдэг юм байж. Гадаад үйл үг их орж ирж байна. Үйл үг ороод ирэхээрээ л тухайн хэл хэцүүддэг гэж хэлнийхэн ярьдаг шүү дээ. Энийг яах юм?
-Тэгэхээр үүнд манай БСШУЯ их чухал үүрэгтэй. Эх хэлний соёлыг дэлгэрүүлэх сургалтыг үндсээр нь өөрчлөх ёстой. Монгол хэлний үг бол бүх нийтийн хэрэглээний нэг түвшинтэй, түүнээс доош дандаа доромж болдог. Тэр нь тэнэгүүд болоод оюун ухааны хомсдолтой хүмүүс, шорон гяндангийнхны этгээд хэллэг. Тэгэхээр чи ямар түвшний хүн бэ гэдгийг сургуульд анхнаас нь заах. Дундаж түвшнээс дээш хүндэтгэлийн үгийг сургуульд хэрэглэнэ. Нөгөө талаар бага ангид авиа зүй мэтийг үзээд эхлэхээр дэмий. Шинжлэх ухааны эрдэмтдийн үзэж байх эрдмийг бага насанд үзээд эхлэхээр хүүхэд ойлгохгүйгээсээ болоод тэр эрдэмд огт орохгүй байгаа юм. Үүнийг өөрчлөх анхны алхам хийж эхэлж байгаа нь бас баярламаар явдал. Бага ангид бол шударга уншчихдаг. Нэг минутад 120 үг уншдаг, хүн гаргахаар сайхан бичдэг, аав ээжийнхээ ярианы түвшинд зөв хэлдэг болгоод л бага ангийн зорилго гүйцээ. Тэрнээс юу яасан тэр авиа бол хэрэггүй. Дунд ангид оронгуут нь үгсийн сангаар угжаад. Нэг юмыг хорин янзаар хэлсэнд нь онц гэхэд л хүүхдүүд ямар гоё юм бэ гээд сүйд болдог юм шүү дээ, өрсөлдөөд бичээд байна. Нэг юмыг олон янзаар нэрлэх нь дон биш. Нэр болгоны хэмжээнд утгын их зөрүү гардаг юм. Жишээ нь, хонины бор гэхэд зээрд, алаг байж болно, хүрэн халзан, шарга ч байж болно. Гэвч номхон л гэсэн утгатай. Наян настай өвгөн ч зүүгдээд л гарч байдаг, дөрвөн настай хүүхэд ч хэвлий доогуур нь гараад, унаад явсан ч булгихгүй адуу. Хонь гүйцээд байдаг учраас хонины бор гэж байгаа юм. Азарга болох ерөөл байхгүй, зайлуул агтуулчихсан. Тэрний дээд талд болохоор зэрэг агт. Эх орноо хамгаалах эр цэргийн хүнсэнд юм уу, уналгад хэрэглэхийг нь агт гэж нэрлэнэ. Тэрний дээд талд хөлөг гэж байна. Хөлийн эрдэм нь бусад адуутай зүйрлэхийн аргагүй гэсэн үг. Одоо хүлэг гэж бичээд байх юм. Тэр бол ямаа самнахад хөлийг нь боодог дээсийг хүлэг гэж хэлдэг. Авгай нөхөр хоёр наадамд явахдаа зүс барлуулаад амьтны хүүхдийн тоосонд булуулахгүй гэж хөлгөө унах нь байна. Адуу мал эргүүлэх, тарваганд явахдаа бол морио унах нь байна шүү дээ. Тэрний дараачаар их хурлын эрхэм гишүүн хөдөө очлоо. Нөгөөхөд чинь аргамаг унуулна. Энэ бол манай адуунаас их өндөр, их гоё сийлбэр шиг толгойтой, нимгэн мундаатай. Тэгэхээр зэрэг одоо жишээ нь, манай намхан гишүүд хөдөө очоод аргамаг уначихаар гайгүй харагдаад явах нь байна шүү дээ. За тэгэж байсан чинь, Төрийн тэргүүн хөдөө очвол мөнгөн эмээл хазаартай ажнай унана. Ажнай бол морины хаан юм. Тэгэхээр Монгол Улсын хаан чинь агт уначихсан явбал цэргийн хүүхэд болчихно. За тэгээд хорвоогоос буцсан үед сая сүнсийг нь лхагаар хөллөнө. Өрнийн /Pegasus/ гээд далавчтай морь байдаг шүү дээ, тэр чинь шүү дээ. Сүнсний хөлөг. Зөвхөн мориор жишээ авахад л ийм байна. Бусад бүх юм адилхан, монгол хэлэнд. Дунд ангид орохоороо хүүхэд үгсийн сангийн ялгааг маш сайн мэддэг болоод хүн нэг үг хэлэхэд л инээж байдаг. За тэгээд ахлах ангид ороод энийгээ яаж зөв найруулах вэ гэдгээ сурах. Жишээ нь, одоо юу гэж ярьж байна вэ гэхээр “тэр хар хүзүүний ороолт минийх, биш ээ, миний хар хүзүүний ороолт” гэх жишээний. Хүзүүгээ угаадаггүй хүн болж таарна даа тийм үү. За тэгээд хайрт руугаа ярихдаа “Чи зам дээр гараад зогсч байгаарай, би дайраад авья” гэнэ. Хайртыгаа зам голлуулж зогсоож байгаад дайрах нь. Ингэж ярьж байгаа нь сэтгэхүй эрүүл биш байгаагийн шинж. Тэгэхээр зөв сэтгэж, зөв илэрхийлэх чадварыг л ахлах ангид үзэх ёстой. Утга зүй гэж шинжлэх ухаан байдаг, манайхан мэддэггүй шүү дээ. Тэгээд монгол хүн агуу их Владимирцов гуайн хэлснээр “Гүн ухаантны хэмжээнд сэтгэж, яруу найрагчийн түвшинд өгүүлдэг ямар сайхан ард түмэн бэ” гэж хэлсэн шиг ийм л болгохын тулд энэ эх хэлний хуулийг санаачилжээ. Түрүүнд нь, миний шавь хэл шинжлэлийн эрдэмтэн Сэндэнжавын Дулам нэг ийм хууль батлуулах гээд явж өгөөгүй. Байтлаа нөгөөдүүл нь “Төрийн хэлний хууль” гээд олонхиор хүчирхийлчихсэн. Төрийн гэхээр эх хэлэнд хамаагүй болчихно шүү дээ. Дээр үед төрийн бүх яаманд сайд томилохоос урьдаад эх зохиох түшмэлээ томилдог байсан. Тэндээс нэг ч алдаа мадаг гардаггүй. Манай Ринчен багш, Нацагдорж гуай энэ тэр тал бичээч байсан гээд бод доо. Тэгэхээр тэдний цаад талд тэр их аваргууд сууж байсан. Төрийн албан ёсны бичигт нэг ч алдаа мадаг гардаггүй учраас тийм хүчирхэг байж, бүх нийтийн үлгэр дуурайлал болж байж.
-Богд хааны Хятадын амбан Сангдод хүргүүлсэн захиаг харж байхад л гайхамшигтай найруулгатай байдаг шүү?
-Хаврын өдрийн уртад өлсч яваад нээх сайхан уураг, сүүлтэй цай ууж байгаа юм шиг л байдаг. Нэг бол одооны энэ их тохилог хурдан сүйх унаад тэгээд дардангаар давхиж яваа юм шиг байдаг шүү дээ. Тиймгүй болохоор зэрэг л дөрвөлжин дугуйтай үхэр тэргээр довон дунд явж байгаа юм шиг л байна. Аливаа бичгийн хэлний чадвар бусдыг үргээдэг эсвэл татдаг. Ийм л байна даа. Ер нь энэ хуулийг Монголын маань гурван сая хүн их л бэлгэшээлтэй сайхнаар харж байгаа, батлагдана гэж. Нөгөө талаар энэ хууль батлагдсанаар, НҮБ-д сансраас Монголын хил хязгаар нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хянаж байгаатай адилхнаар хянах залруулах ийм их сайхан хууль болно. Ийм учраас бид 76 үхэр гэдэг муухай үгээ больж далан хэдэн нөхөр гэдэг болох байх. Мөнх тэнгэрийн одны тоо монгол хэлний үгсийн багцаа. Монгол хэлний үгсийн тоо мөнх тэнгэрийн одны тоо. Ийм баян хэл бол сэтгэн бодохын туйл хаа хүрнэ, бусдын санааны аагинд тултал өгүүлэх тийм агуу их боломж байна. Эрх чөлөө бол бидэнд байна. Эрх чөлөө бол зуун лан алтнаас үнэтэй. Гэтэл эх хэл минь ганцхан олддог аминаас үнэтэй гэдгийг монгол хүн бүхэн бодож байгаасай.
Эх орноосоо урвабаас надад нар мөс болог
Эх хэлээ умартваас навчис бүхэн надад мэс болог гэж би дээр үед хэлж байснаа санаж байна. Төрсөн биеэс ангид ганцхан эрдэнэ байдаг. Төгөлдөр алдар нь зөвхөн эх хэл гэдэг. Элч гэрлээ харамлах юм бол та ээл өгөөмөр нар биш. Эх хэлээ эс хамгаалбаас чи Эзэн чингисийн удам биш ээ гэж.
-За гялайлаа.
Ярилцсан Л.НАРАНТӨГС