Жил бүр зохион байгуулдаг Орчуулагч, судлаачидтай хийх уулзалтад Орчуулгын
клубын урилгаар ХИС-ийг төгсөгч Д. Аюуш, Т. Алтанцэцэг нар зочиноор оролцож уран
зохиолын орчуулга ба аман орчуулга хийх, мөн гадаад хэл сурах арга туршлагаасаа хуваалцаж оюутнуудтай
сонирхолтой сайхан яриа өрнүүллээ.
ХИС-д Харьцуулсан уран зохиолоор магистр, Австралийн Сидней хотын
Технологийн Их сургуульд Мэдээллийн менежмэнт, цахим-сургалтын чиглэлээр тус
тус магистрын зэрэг хамгаалсан, Стенфордын ИС, Кентаки мужийн ИС, Сан Франциско
хотын коллежид урилгаар лекц уншиж, ХИС-д Англи, Америкийн уран зохиол, соёлын
антропологи зэрэг хичээлийг зааж байсан багш Д. Аюуш “Орчуулагч хүн улс орныхоо түүх, соёл,
нийгмийн хөгжлийн өмнө томоохон үүрэн хариуцлага хүлээдэг... Зохиолчийн хэлэх
гэсэн санааг зохиол бүтээлээр нь дамжуулан өөртөө ойлгож аваад өөр нэгэн хэл
рүү буулгаж уншигчдад хүргэж ойлгуулна гэдэг хамгийн хүнд ажил” хэмээн
орчуулагчийн хөдөлмөрийн хэцүүг хэлээд “Олон
гадаад хэлтэй хүн олон ертөнцөөр аялах боломжтой байдаг. Оюутан залуус сурч
байгаа гадаад хэлнийхээ уран зохиолын сайн бүтээлүүдээс сайтар унших хэрэгтэй
юм. Гадаад ба монгол хэл дээр дор хаяж тус бүр арав, арван номыг уншаарай” хэмээн
зөвлөлөө. Тэрбээр Ж.К Роулингийн “Харри Поттер”, У. Шекспирийн “Венецийн хоёр
худалдаачин”, “Монгол ардын үлгэр”-ийн 2 боть болон өгүүллэг, жүжгийн зохиол
олныг орчуулсан юм.
Харин ХИС-д зэрэгцүүлсэн хэл шинжлэл, Францын Литоралын ИС-д францын хэл
шинжлэл, Францын Лилл хотын Политехникийн ИС-д аялал жуулчлалын менежментийн
магистрын зэрэг тус тус хамгаалсан, өдгөө ХИС-д франц хэлний багш Т. Алтанцэцэг
“Орчуулгын бүтээл туурвина гэдэг соён гэгээрүүлэх хүндтэй ажил юм... Орчуулагч
хүн маш өргөн мэдлэгтэй болдог” “Би
орчуулах тусам өөрийгөө голдог” “Орчуулахын тулд зохиолоо хэдэнтээ сайн унш.
Гадаад хэл соёл сурч байгаа хүн
мэргэжлийн тамирчин шиг байнгын бэлтгэл хийж мэдлэг чадвараа үргэлж
сайжруулж, бас ашиглаж бай” хэмээн оюутан залууст захилаа.
Тэрбээр Х. Хессегийн “Сиддхартха” роман, Г. Д. Мопассаны “Гар”, “Матео
Фалкон” өгүүллэгүүд, мөн кино, тэмдэглэл, ном, гарын авлага зэрэг олон ном
бүтээлийг монгол, франц хэл рүү орчуулж,
хянан тохиолдуулсны зэргэцээ, төр
засгийн болон олон улсын байгууллагын төлөөлөгчдийн айлчлал, олон улсын чуулга
уулзалтад хэлмэрчээр ажиллаж байсан туршлагаасаа оюутан залуустаа сонирхууллаа.
Уулзалтын явцад оюутнууд сонирхсон асуултдаа хариулт авч, мөн уулзалтын
төгсгөлд зочид маань орчуулгын уралдаанд бүтээл нь шалгарсан оюутнуудад шагнал
гардуулан өглөө.