Monday, April 17, 2017

Мамин Сибиряк: “Жавартай голын өвөлжөө”

Орчуулгын уралдаанд тэргүүн байрт шалгарсан орос хэлний багш орчуулагчийн IV курсын оюутан Г. Цэнгэлмаагийн  орчуулга.  Мамин Сибирякийн "Зимовье на Студёной"-ийг Орос хэлнээс орчуулав.



Мамин Сибиряк: “Жавартай голын  өвөлжөө”

Өвгөн өлтөрч гуужсан бугын арьсан дах нөмрөн пийшингийн дэргэд ханз дээр хэвтэнэ. Эрт орой болж байгааг тэр мэдээгүй, мэдье гээд ч чадаагүй, учир нь үүр хожуу гэгээрч оройноос хойш тэнгэр шүргэм намрын үүлтэй байлаа.
Хүйтэн байсан болохоор босое гэж ч бодогдсонгүй, тэгээд ч хэдэн өдөр дараалан нуруу нь ч хөл нь ч өвдөөд байв, унтья гэж бодсонгүй зүгээр л цаг нөхцөөх гэж хэвтэнэ. Юундаа ч тэр яархав дээ. Хаалга болгоомжтой самардах чимээгээр өвгөн сэрлээ. Энэ гэрт арван жил амьдарч байгаа жижиг алаг Музгарко гэж нутгийн вогуль нохой хаалга самардаж байв.  
-          За чамайг даа! Музгарко... - Юундаа хаалга маажаад байгаа юм? гэж үглэн дахаараа толгойгоо тунтарлав.
Нохой нь нэг хэсэг хаалга маажихаа болиод гэнэт уртаар өрөвдөлтэй гэгч нь  улиллаа.  Өвгөн ханзан дээрээсээ өндийн
-Чамайг чонын хоол болгоно доо гэж хараасаар босч ирэв:
Харанхуйд хаалгаруу дөхөж очин хаалгаа нээгээд яагаад нуруу нь өвдөөд, яагаад нохой ульсныг ойлгов. Хаалганы цаана байгаа бүх зүйл цасанд дарагдсан байлаа. Хөвөн зөөлөн цасан ширхэг агаарт элдэв хээ гарган унаж байгааг тэрээр тод харлаа. Гэр дотор харанхуй байсан боловч цасны ачаар бүх юм харагдаж, голын цаана байгаа арзайсан мод, ус нь нэмэгдэж барайсан гол, чулуу түрж орсон хадан цохио гээд бүгд тод харагдаж байлаа. Ухаантай нохой онгорхой хаалгын өмнө эзэнрүүгээ ухаалаг нүдээрээ ширтэн суулаа.
Нохойныхоо нүдээрээ асуусан асуултанд хариулан:
- За ингээд дуусах нь тэрдээ, болдог юм болдгоороо болж байна даа.
Нохой сүүлээ шарвалзуулан эзнээ угтахдаа дугардаг гав гэх чимээгээ гаргалаа.
-   Одоо яая гэхэвдээ Музгарко минь. Ингээд найртай зуны цаг дууслаа. Хоёулаа ичээндээ ороё доо.
Энэ үгийг сонсоод Музгарко хөнгөхөн үсэрч эзнээсээ түрүүлж байшиндаа оров.
-   Яасан хө, өвөлд дургүй юу, өвөл онцгүй байна уу? гэж хээрийн чулуугаар барьсан хуучин пийшингээ (зуухаа) галлангаа нохойтойгоо ярина. Галын дөл улалзаж өвгөний унтдаг ханз байшингийн нэг мухрыг бүхэлд нь гэрэлтүүллээ. Ингээд харанхүйгаас зарим газраа тортог болж хөгзөрсөн дүнз, буланд өлгөөстэй загасны тор, оёж дуусаагүй шаахай, модон дэгээн дээр санжигнаж байгаа хэдэн хэрэмний арьс, хамгийн наад талд нь бууралтсан толгойтой, бөгтийсөн, аймар царайтай өвгөн сууж байв. Нүүр нь нэг тийш эргэсэн юм шиг, зүүн нүд нь урсаж гараад зовхийг нь дараад унжсан байлаа. Энэ нүүрнийх нь муухайг цагаан сахал нь нуух шиг.  Музгаркогын хувьд өвгөн нь хөөрхөн ч биш муухай ч биш. Нохойд өвгөны муухай сайхан огт хамаагүй бизээ. Өвгөн  пийшингээ галлаж байх зуур гэгээ орлоо. Намрын бүүдгэр өглөө арай ядан болж үүлний цаанаас харагдахгүй байгаа нар  зовж шаналсан мэтээр гэрлээ тусгаж байв.  Гэр дотор хана дагуулж хүнд модоор хийсэн өргөн наар харагдаж байлаа.
Загасны ходоодоор тагласан цорын ганц цонх нь дөнгөн данган гэрэл оруулна. Музгарко босгоны дэргэд суугаад эзнийгээ тэвчээртэйгээр ажиглан хааяа нэг сүүлээ хөдөлгөнө. Гэхдээ нохойн тэвчээр ч гэсэн дуусдагийн байна. Музгарко дахин аяархан гав гэлээ.
Өвгөн цонхруу ширмэн тогоотой ус дөхүүлэн:
-       Одоохон, битгий яар, амжина.
 Шөнтгөр хошуутай толгойгоо урд хоёр хөлөн дээрээ тавьж эзнээсээ нүд салгалгүй хэвтэнэ. Өвгөн ноорхой хүрмээ мөрөн дээрээ тохмогц нохой баярлан хуцаж хаалгаруу ухас хийлээ.
-       Миний ууц нуруу гурван өдөр өвдөөд байгаа юмаа, гэж явдал дундаа нохойдоо тайлбарлаад:
-       Ингэсэн чинь тэнгэр муудах гээд байж л дээ, цасны орж байгааг хараач гэв.
Ганц шөнийн дотор бүх юм өөрчлөгджээ. Ой ч ойртчихсон  юм шиг, гол ч нарийхан болсон юм шиг, өвлийн нэвсийсэн үүл гацуур,  жодоо модны  оройг шүргэн  мөлхөх мэт  сэвсийнэ. Ер нь байгаа байдал хэтэрхий уйтгартай. Агаарт цасан ширхэг эргэлдэн хөлдүү газар чимээгүйхэн унана.   Өвгөн өөрийнхөө байшинруу эргэн харахад байшингийн цаадруу шар намаг, ганц хоёр бут сөөгтэй мөн намгын шар арзайсан өвс харагдлаа. Энэ намаг тавь орчим мод газар үргэлжилж өвгөний байрыг хүний  ертөнцөөс тусгаарлах мэт. Ганц шөнийн дотор газарт шигдээд орсон юм шиг хөөрхий муу байшин нь ямар ч муу санагдав даа. Эрэгт тэнцвэр муутай завь нь оосорлогдсон харагдана. Музгарко  завин дээр түрүүлж гараад урд хөлөөрөө тулан зогсож,  голын дээш хошуу харагдах чигт ширтэн бас нэг сулхан гав хийлээ. Өвгөн:
-       Юундаа түрүүлж баярлаад байгаа юм бэ? Юу ч байхгүй ч юм билүү.
Цүнхээл шидсэн тор, дэгээний хөвүүр нь живсэн байгааг хараад нохой нь загас баригдсан гэдгийг мэдээд дахин гав гэлээ. Завь эргээ даган гол өгсөн хурдаллаа. Өвгөн урт модоор тулгуурлан босоо чигээрээ завиа түлхэж байлаа. Нохойгоо хуцсан болохоор загас баригдсан юм байна гэж бодов. Тор дэгээ нь үнэхээр гол хэсгээрээ доошоо татагдан орчихсон завь дөхөөд очмогц модон хөвүүрийг нь усруу доош чангаав.
Өвгөн: - Байна шүү Музгарко гэв.
Гол хөндлөн хаясан нарийн уяануудтай загасны тор дэгээ холбогдсон байв. Өвгөн дөхөж очоод тор дэгээгээ завьруугаа алгуурхан татаж эхлэв. Сайн олз омогтой байлаа. Хоёр том цагаан загас, хэдэн  саамхи, цурхай, бүхэл бүтэн таван хилэм загас оржээ. Цурхай нь том байсан болохоор нилээн ажиллагаатай байлаа. Өвгөн цурхайг завьруугаа ойртуулж ирээд модоороо цохиж ухаа алдуулан завин дээрээ гаргав. Музгарко завины  хошуун дээр суугаад энэ үйлдлийг анхааралтай ажиж суулаа. Загсаа харуулан нохойгоо шоглонгоо:
 – Барьж чадахгүй байж бас загсанд дуртай юу, за байж бай өнөөдөр хоёулаа загасны шөл хийж уунаа. Тэнгэр муудахад загас сайн баригддаг юм. Өвөл болохоор цүнхээлт цуглардаг юм. Тийм учраас хоёулаа цүнхээлээл бариад байя, бүгдийг нь барина шүү. За одоо харьцгаая, саанхиудаа өлгөөд хатаачихаад, дараа нь наймаачдад зарна. Өвгөн хавраас эхлээд загсаа нөөцөлдөг. Нэг хэсгийг нь наранд хатааж, нөгөө хэсгийг нь байшиндаа хатаана, харин үлдэгдлийг нь худаг шиг гүн нүхэнд хийчхэдэг байв. Энэ нь Музгаркогийн хоол нь болдог. Жилийн турш шинэ загасаар тасрана гэж үгүй. Харин давслахад давс л хүрдэггүй байсан юм. Бас одоогийнх шиг талх нь дуусчихдаг. Өвлөөс өвлийн хооронд нөөц үлдээдэг байлаа. Өвгөн:
- Удахгүй  цуваа ирнээ. Бид хоёрт давс, талх, дарь авчирна даа. Харин чи бид хоёрын байшин л нурж унах нь дээ Музгарко минь. 
Намрын өдөр богинохон. Өвгөн байшингаа байнга тойрж, ганц хоёр зүйл янзалж, өвөлд бэлтгэдэг байлаа. Нэг хэсэгийнх  нь модны завсраас хөвд  цухуйсан байдаг, өөр нэг газар нь дүнз ялзарчихсан, бас нэг булан нь газарлуу шигдээд орчихсон. Байшингийхаа ханыг сүхээр тогшингоо бодлоо чангаар ийн хэлэв:
-   Шинэ байшин барих аль хэдийн болсон л доо. Ганцаараа яаж ч барах билээ. Яаж ийгээд энэ өвлийг давчих байлгүй дээ. Ачааны цуваа хүрээд ирвэл ч учиртайдаа.




No comments:

Post a Comment