Monday, January 15, 2018

“Бид бусдаас өөр шүү, хамаагүй дуурайж болохгүй ээ!”

Юм бүхэн өөр өөрийн онцлогтой. Онцгой, өөр байхын үндэс нь газарзүйн байрлал. Жишээлбэл, монголчуудад шарын, монголоос бусад Азийнханд хийн, Европынхонд бадганы шинж голлодог гэнэ. Энэ гурав нь хүний биеийн онцлогийг тодорхойлж, орчин нөхцөл, хоол унд, цаг улирлаас хамааран ихсэж багасдаг. Ийм болоод л хятадууд бөгс, монголчууд хөл, оросууд толгойгоо дулаалдаг. Үүгээр тогтохгүй юу идэж болох, болохгүйг байгаа газар нь өөрөө заагаад өгдөг гэнэ, бас. Үүнийг баталж хоолыг хор биш, эм болгож иддэг япончууд “Газар нутаг дээрээ байгаа хоол ундаа идээд байхад л болно.” гэж ярилцдаг гэнэ.
Ил харагдаж, илт мэдрэгдэх энгийн жишээг арай хүндрүүлж, бодитой харагдаж, өнгө зүс, хэлбэр хэмжээ нь тодордоггүй, харагдаж баригддаггүй, зүгээр л сонсогддог хэл, сэтгэхүйн захын жишээгээр хэлэх гээд үзье.
...Харагдаж, баригдаж, мэдрэгдэж, үнэртэж, амтагдаж л байвал байгаа гэж итгэдэг матери анхдагчууд буюу өрнийнхөн “хийгдсэн хурал, уншигдсан ном” мэтээр ярина. Энэ нь харагдаж, баригдаж, мэдрэгдэж, үнэртэж, амтагдаад байгаа зүйлээ чухалчлаад байгаа хэрэг. Харин аливаа юм ганц ганцаар орших үндэсгүй. Бүгд өөр хоорондоо харилцан нөлөөтэй хэмээх дорнынхонд тэрхүү учир шалтгааныг бий болгосон үйл хөдлөл, түүний эзэн нь чухал. Тийм болоод л “Хэн, юу хэзээ юуг юугаар яаж хийсэн, хэлсэн...” гээд өгүүлэгдэхүүн, өгүүлэхүүн гэсэн гол хоёр гишүүнээр туслах гишүүдээ хоёр талаас нь хашаад байгаа юм. Иймд өрнийнхнийг дуурайж байдал, үйл ажиллагаа, арга хэмжээ, хэмжээ, хугацаа, тэгэлт, ингэлт гэж хүчээр нэршүүлж ярьж болохгүй...
Монгол хүн монголоороо байгаа цагт Монгол улс оршино ч, хөгжинө ч. Тэгэхээр Монгол төрийн бодлого, тулгуур үзэл нь монгол хүнийг монголоор нь байлгахад л байх болов уу. Бодлогоо зөв тодорхойлж, ард олноороо таалуулж чадвал төр түмнээрээ нэг бодолтой болж, төрийн бодлого аяндаа төлөвших бус уу. Энэ бодлогын эхэнд үндэстнийг нэгтгэх хэл соёл эрэмбэлэгдэх нь маргаангүй.
“Егөөтэй 99 тайлбар” номын “Бид бусдаас өөр шүү, хамаагүй дуурайж болохгүй ээ!” өгүүллийн хэсгээс

No comments:

Post a Comment