Friday, November 8, 2013

Аман орчуулга ба дараалсан орчуулга



            Аман орчуулга гэдэг бол эх сэдвийг нэг удаа амаар орчуулахыг хэлнэ. Ингэснээр орчуулгыг дараа нь эхтэй нь тулгаж жиших, засч өөрчлөх боломжгүй байдаг. Аман орчуулга хийхдээ эх сэдэвтэй зэрэгцэн нэгэн цагт орчуулахыг хам цагийн /синхрон орчуулга/ орчуулга гэнэ. Аман яриаг догол мөр, өгүүлбэрээр нь дагаж орчуулахыг дараалсан орчуулга гэнэ. Аман орчуулга нь ийнхүү хам цагийн орчуулга, дараалсан орчуулга гэсэн хоёр хэлбэртэй  байна.

1.      Хам цагийн /синхрон/ орчуулгад орчуулагч илтгэлийн яриаг сонсмогц шууд орчуулна. Ийм орчуулгад ихэвчлэн техник хэрэгсэл ашигладаг. Ингэхдээ орчуулагч тусгай зориулалтын өрөөнд сууж чихэвчээр дамжуулан илтгэгчийн яриаг сонсоод микрофоноор дамжуулан хүлээн авагчид хүргэдэг. Хам цагийн орчуулга бол аман орчуулгын хүндрэлтэй хэлбэр бөгөөд эх хэл дээрх яриаг сонсмогцоо хүлээн авагчийн хэлээр шууд ярих, тэгэхдээ илтгэгчээс хоцрохгүй байх шаардлагад тулгардаг. Энэ нь орчуулагчаас онцгой анхаарал, ой тогтоолтыг шаарддаг.

2.       Аман орчуулгын нөгөө нэг хэлбэр болох дараалсан орчуулгад илтгэгчийн ярианы дундуур таслаж юмуу эсвэл дууссаных нь дараа орчуулдаг. Орчуулагч дараалсан орчуулга хийхийн өмнө сонссон бүх мэдээллийн агуулгын гол хэсгүүдийг тэмдэглэн авч болдог.

 
             Бичгийн ба аман орчуулгын ялгаанд цаг хугацааны хүчин зүйл чухал үүрэг гүйцэтгэнэ. Бичгийн ба аман орчуулга нь хэл хоорондын харилцаанд оролцогчидтой орчуулагч хэрхэн холбогдож байгаагаараа ялгаатай юм.

            Орчуулагч аман яриаг илтгэгчийн хэл ярианы хэв маяг, аялга, удаан түргэнээс үл хамааран хүлээн авч илтгэгч ба сонсогчийн харилцан ойлголцлыг хангах учиртай. Илтгэгч, орчуулагч, сонсогчдын хооронд шууд ба буцах холбоо үүссэн нөхцөлд илтгэгчээс зарим нэг өгүүлэмжийн утга санааг лавлан асуух, танил биш томъёоллын утгыг тодруулах бололцоотой болно. Түүнчлэн сонсогч орчуулгыг хэрхэн хүлээн авч байгааг мэдэрч хэл ярианыхаа хурдцыг тохируулах, дохио зангаа хэрэглэх, үзүүлэн материал ашиглах, нэмэлт тайлбар хийх боломжтой юм. Аман орчуулгад хялбаршуулан хувиргах элементийг хэрэглэж болохын зэрэгцээ харилцагчдын /илтгэгч сонсогч/ аль нэгний хүсэлтийг биелүүлэх, асуултад хариулах бололцоотой.

             Аливаа хэл ярианы харилцаа /түүний дотор хэл хоорондын харилцаа/ нь мэдээллийг нэг чиглэлд буюу эх үүсгэгчээс хүлээн авагч руу дамжуулдаг. Иймээс орчуулгын үйл явц бол эх сэдвийг хүлээн авагч руу зориулан түүний хэлэнд хөрвүүлэн буулгах үйл ажиллагаа юм.


                  Өгүүлбэрийн түвшин дэх тохироо:

  Keep off the grass – Зүлгэн дээр бүү яв.

 There’s a good boy – Ёстой сайн хүү

 Will you leave a message? – Түүнд хэлэх юм бий юу?

 
Эх  ба орчуулга дахь өгүүлбэрт үг ба нийлэмж үгүүд гүйцэд тохирохгүй байна. Гэхдээ Англи хэлний өгүүлбэрийн утга санааг Монгол өгүүлбэрээр бүрэн илэрхийлж чаджээ.

                         Орчуулгын тохирооны тогтолцоог судлахдаа ихэнхи өгүүлэмжид хэрэглэгдэж буй хэл зүй, хэлц үг, үгсийн сангийн тогтвортой утга бүхий нэгжүүдийн тохироог онцгой анхаарах учиртай. Зүй нь, тохироо харгалдах түвшингүүдийн нэгжүүдийн хооронд л байх ёстой. Гэхдээ өгүүлэмж нь янз бүрийн түвшингийн нэгжүүдийн харилцан үйлчлэлийн дунд бүтдэг учир эх сэдвийн аль нэг нэгжийг ямар түвшингийн хэрэглүүрээр хөрвүүлэхийг орчуулгын явцад шийдвэрлэдэг. Иймд өөр өөр түвшингийн хооронд орчуулгын тохироо байх нь практикт цөөнгүй тохиолддог.  

 
But he will meet her – Гэхдээ тэр түүнтэй заавал уулзана /үг зүй үгсийн сангийн тохироо/

Give me some bread – Надад жаахан талх өгөөч /үгсийн сан – хэл зүйн тохироо/

The delegation had been received by the prime-minister – Төлөөлөгчидийг Ерөнхий сайд хүлээн авч уулзсан байна /хэл зүй – үгсийн сангийн тохироо/

 

No comments:

Post a Comment