Wednesday, December 18, 2013

Г.Аким: Гадаад хэлтэй хүн бүр орчуулагч биш


Монголын сэхээтний тө­лөөлөл, цөөн хэдэн гүүшийн нэгд тооцогдох Г.Аким­ өнгөрсөн долоо хоногт Орчуулгын Клубын урилгаар манай сургуулиар зочилж, хэлний ангийн оюутнуудтай хөөрөлдлөө. Төв номын сангийн захирлын албыг ха­шиж явсан энэ эрх­мийг “Зуун жилийн ганцаар­дал” (Г.Мар­кес), “Цаазын тав­цан” (Чингиз Айтматов), “Тэнгэ­рийн нохой” зэрэг ор­чуулгын бүтээ­лээр нь оюутнууд андахгүй. Уулзалтын эхэнд тэрээр “Юугаа залж хуйхаа маажихаа мэдэхгүй байна” хэмээх даруухан үг хэлээд, даацтай үг, жинтэй сургаалиар үргэлжлүүллээ. Түүнчлэн ХИС-ийн оюутнуудад хандан “Яруу сайхан орчуулгын моринд дөрөөлөөд эмээл дээрээ баттайхан сууж аваад дэлхийн утга зохиол төгс соёлын гүнрүү дүүлцгээ” хэмээн ерөөсөн юм. Ингээд утга зохиолын доктор, профессор, соёлын гавьяат зүтгэлтэн, дуун хөрвүүлэгч, орос англи хэлтэй нэрт сэтгүүлчийн яриаг хүргэе.

-Орчуулга гэж чухам юу вэ? Таны хувьд?
-Вавилоны цамхагийг барьж байсан нэг хэлтэй хүн төрөлхтөн “Яхуа” тэнгэрийг хилэгнүүлэн хилээ хутгуулаад олон хэлээр ярьдаг болсноос хойш Орчуулга хэмээх зүйл бий болсон. Тэгэхлээр нэн эртний түүхтэй байж таарах нь. Орчуулга гэдэг бол Улс үндэстний соёл, түүх, шинжлэх ухаан, уран зохиолыг  өөр хооронд нь танилцуулж өгдөг гайхамшигтай зүйл. Бид орчуулгын хүчээр дэлхийтэйгээ танилцаж байдаг. Магадгүй харь гарагийнхан хүрээд ирвэл, өнөөгийн оюутнууд хэлмэрч болохыг үгүйсгэхгүй. Монголчууд “Нэг хэл сурвал нэг нүдээ нээнэ, хоёрдахь хэлийг сурвал хоёр нүдээ нээнэ, гурав дахь хэлийг эзэмшвэл билгийн нүд нээгдэнэ” хэмээдэг. Гадаад хэлийг сураад бусад улс орны гайхамшигт агуу соёлыг өөрийн орны иргэдэд танилцуулна гэдэг бол ихээхэн хүндтэй хэрэг. Манай Бямбын Ренчин гуай орчуулагч хүнийг “Соёлын жинчин” хэмээн хэлсэн байдаг. Утга зохиол түүхэнд орчуулагчийн гүйцэтгэж буй үүрэг хэлжээлшгүй. Түүнчлэн Монголчууд 14-р зууны үеэс орчуулга хийж байсан баримт үндэсний номын санд хадгалагдаж байна.  Би боддог юм. Монголчууд орчуулгын онолыг хүн төрөлхтөнөөс түрүүлж нээсэн юм биш байгаа. 1742 онд хамгийг мэдэгч Жавзан Дамба хутагтийн “Мэргэд гарахын орон” гэх буддын гүн ухааны толь бичигт 22 зарчим бий. 300-аад жилийн өмнө гарсан уг зарчим өдгөөгийн орчуулгын зарчимтай яг таарна. Гэтэл орчуулгын онол 20-р зууны хагасаас бий болсон юм шүү дээ. Бид 1742 онд орчуулгын тогтсон онолтой байжээ.
-Багадаа яг ямар хүн болно гэж боддог байсан бэ? Ер нь орчуулагч болно хэмээн төсөөлж байв уу?

       -Хүүхдийн бодол янз бүр шүү дээ. Гуравдугаар ангидаа С.Эрдэнийн “Гуталчин” өгүүллэг уншчихаад гуталчин гоё юм байна. Дараа нь нисэгч болъё. Тэр бүү хэл долдугаар ангидаа тракторчин болохоор шийдээд сангийн аж ахуйд саналаа өгтөл багш зад загнаад ангид оруулчихав. Ингээд бага зэрэг зураг зурдаг хүүхэд байсан болохоор 10-р ангиа төгсөөд МУБИС-ийн шугам зургийн ангид хуваартай ирлээ. Гэтэл уг ангид дээд тоо боддог гэнэ. Би угийн тоонд муу. Хагас жилээр хасагдаад нутаг буцах нь гэж бодлоо. Хоёр найзынхаа дунд суугаад хариуг нь нийлүүлж, будаа иддэг хүүхэд барахгүй нь гээд Орос хэлний ангид орсон юм. Өдий зэрэгтэй яваа минь үүнээс эхтэй. Түүнчлэн Оросын мэргэжилтэн багш нарын гавъяа хэмээн бодож байдаг юм. Гэхдээ Их Оросын дээрэнгүй үзэл болоод жирийн иргэдийн бодол хоёрт ялгаа их.
- Ном унших их дуртай хүүхэд байсан байх?
-Та нөхөд бараг ойлгохгүй дээ. Дээр үед хүүхдээ сургуульд өгөх дургүй, мал хариул, үгүй бол лам бол гэлцдэг байв. Тэр цагт миний аав Готов багш байсан. Улаанбаатар хотоос 600 гаруй километрийн цаана, бидний амьдардаг бөглүү суманд ном гэдэг бол нүдний гэм байлаа. Миний уншсан анхны ном “Залуу жуулчин” гэдэг нэртэй. Сургуулийн хэдэн хүүхэд зуныхаа амралтаар хөдөө аялж, элдэв адал явдалтай тулгардаг тухай өгүүлдэг. Уншиж дуусаад аялдаг болох юмсан хэмээн бодож байлаа. Дараа нь аав “Сталины түүхүүд” гэдэг хүрэн том ном авчирч өгөөд унш гэв. Нэг уншлаа. Тэгээд ойлгохгүй байна гээд аавд хэлтэл “Дахиад унш” гээд зандарчихав. Ааваасаа айсан би дахин гурав уншлаа. Одоо бодохнээ, аавын тэр оролдлого ном унших техникт намайг сургасан. Түүнээс хойш номноос салаагүй дээ.
-Англи хэлийг хэрхэн судалсан тухайгаа яриач?
-Хөгширсөн хойноо сурсан юм. МУБИС-ийн багш байхад төлөвлөгөө өг гэв. Англи хэл сурах гээд биччихлээ. Удалгүй намайг шалгаагаад уналаа. Яагаад англи хэлийг сурах болов гээд. Тэгээд би айгаад больчихсон. Аягүй бол хөрөнгөтний үзэлтэн болно. Учир нь тухайн цагт англи хэлийг төдийлөн таашаадаггүй байсан. 1980-аад оны сүүлээр Горбачёвын шинэчлэл өөрчлөл эхэлсэнтэй зэрэгцээд би англи хэлийг нухаж эхлэв. Гэхдээ өөрийгөө би мундаг англи хэлтэй гэж хэлж чадахгүй. Та нөхөд надтай англиар яривал дүлий хүн шиг болчихно. Хөгширч сурсан миний хувьд англи хэлний айхтар авиа чихэнд маань наалдахгүй юм. Харин толь бичгээ шүүрдээд номоо бариад суувал аялуулаад, заримыг нь буудаад, заримыг нь оноод нэг юм оролдоод байгаа юм.
-Орчуулгын төрөл дундаас хамгийн хүнд нь уран зохиолын орчуулга гэж боддог. Өөрийн орны хэл соёлд тохируулан дахин цоо шинэ зохиол бичиж байна гэсэн үг. Та ихэвчлэн уран зохиолын орчуулга хийдэг. Энэ тухай яривал?
-Өнөөгийн орчуулгын бүтээлийг хараад жаахан харамсаж явдаг. Манайхан уг нь хэл сурахдаа гаргууд. Ямар ч акцентгүй, маш цэвэрхэн сурна. Энэ нь монгол хэлний авиатай холбоотой. Гэтэл хэл найруулга авах юм алга. Хэлийг бичгийн хэл, ярианы хэл гэж хоёр хуваадаг. Манай Да багш зөвхөн ярианд зориулсан дүрэм зохиогоод бичгийн хэлийг орхигдуулсан. Түүнчлэн манай залуус юм уншихдаа тааруухан юм уу даа. Ялангуяа эртний сайхан найруулгатай уран зохиол. Одоогийн телевизийн нэвтрүүлэгчдийн яриа авах танаг алга. Монгол хэлийг тамтаглаж өглөө. Үг нийлүүлж, өгүүлбэр болгоно гэдэг өөрийн ёс, журамтай. Үүнийг багш нар заадаггүй юм уу? Хүүхдүүд сурдаггүй юм уу? Бүү мэд. Миний хувьд багш нарыг шүүмжилмээр байна. Юм сурахгүй хүүхэд гэж үгүй. Заагаад байхад сурдаггүй тийм тэнэг больчихсон гэж би ерөөсөө бодохгүй байна. Цөөн тэнэг багш нараас болоод монгол хэлийг баллажээ. Б.Ренчин гуайн “Монгол бичгийн хэлний зүй”-н 4-р ботийг уншсан оюутан өнөөдөр  алга. Энэ ном үзэлгүй монгол хэлний найруулга зүй сурна гэхээр миний ой тойнд буухгүй байгаа юм. Зургаан талтай дугуйгаар явж байгаа мэт түг таг гэлгүй хэрхэн найруулах тухай тэр номонд л байдаг. Ингэхлээр оюутнуудад ном уншуулж, ядаж тэр номын барааг үзүүлээгүй багш нарыг жоохон чимхмээр байна.
- Таны хувьд харь хэлнээс эх хэл рүүгээ, эсвэл эх хэлнээсээ харь хэл рүү орчуулах хоёрын аль нь илүү хүнд санагддаг вэ? Ер нь монгол хэлнээсээ харь хэл рүү орчуулах уу?
-Би лав Монголоос гадаад хэлрүү орчуулга хийж чадахгүй. Өөрөөр хэлбэл зүрхэндээ хөх толботой шүлгийг орчуулах хэцүү. Энэ бол тусдаа ойлголт. Яахав Орос руу жаахан халтарлах байх. Гэхдээ Орос хүн шиг найруулаад жигтэйхэн сайхан болгоно гэж би өөртөө итгэхгүй байна. Харин монгол хэлрүүгээ хөрвүүлээд, хүнд ойлгогдохоор юм хийнэ гэж бодно. Ер нь орчуулгын бүтээлийг нэг уншаад ойлгож байх ёстой. Хэрэв дөрөв, тав уншуулаад байвал үүнийг орчуулга хэмээн тооцохгүй. Тийм учраас эх хэлнээс гадаад руу орчуулна гэх ойлголт хэцүү. Таниулах зорилгоор хийж болохоос биш эх хэлийг нь мэддэг хүн шиг хэмжээнд хүргэхэд тухайн хүнээс их сайн мэдлэг, чадвар шаардана. Цаад ард түмний сэтгэлгээний онцлог, хэлний бүтэц зэргийн байг ононо гэдэг дээд хэмжээний хүмүүсийн хийх ажил. Ийм хүн төрөхийг би үгүйсгэхгүй. Та нөхдийг чадахгүй гэж байгаа юм биш. Оролдох хэрэгтэй. Оролдлого сайт оройд нь, уйгагүй хүн уул нүхэлнэ гэх үг бий.
-Та өнгөрсөн хугацаанд орчуулгын хичнээн бүтээл туурвисан бэ? Хүндрэл юу байв?
-Ерөнхийдөө 30-аад ном эрээчсэн. Орчуулгын явцад хэцүү юм зөндөө гарна. Алдаатай юм ч хийнэ. Алексей Толстойн “Гадюка” гээд өгүүллэгийг орчууллаа. Надтай хамт орчуулга хийдэг Цэрэнрагчаа гээд сайн залуу байсан юм. Одоо бурхандаа явж дээ. Тэр маань надад “Гадюка” гэдгийн утга нь “Чулуун дэгээ” гэх шиг болов. Түүний хэлснээр бичээд явуулчихав. Дараа нь нөгөөхөөсөө чи түрүүн юу гэлээ гээд асуутал. “Гадюка” гэдгийг манай буриадууд “Мэргэн дэгээ” гэдэг ш дээ гэнэ. Ингэж том алдаж байв. Өөрөөр хэлбэл Монголд байтугай дэлхийд байхгүй шинэ үг гаргасан. Иймэрхүү эндүүрэх явдал орчуулагч хүнд гардаг. Мэдэхгүй юм их гарна. Асуух хэрэгтэй. Хүнээс асуухаас нэрэлхэж огт болохгүй. Юм мэдэхгүй байна гэж нэг хүнд хэлүүлэх, алдаатай юм гаргачихаад түмэн олонд хэлүүлэх хоёр маш том ялгаатай. Түүнчлэн толь бичгээ сайн ашиглах хэрэгтэй. Гэхдээ зөвхөн толиор орчуулга хийнэ гэвэл бас худлаа. Толинд байхгүй олон утга бий.
-Таны сэтгэл зүрхэнд хоногшсон, эсвэл хамгийн нандигнаж явдаг орчуулгын ямар бүтээл байдаг вэ?
-Арван хурууг нэг нэгээр нь хазахад адилхан өвддөг шиг зохиолч, орчуулагч хүмүүс өөрийнхөө бүхий л бүтээлд хайртай байдаг. Гэхдээ миний орчуулсан “Цаазын тавцан”,  “Зуун жилийн ганцаардал” хоёр  уншигчдын сэтгэлд  хамгийн их хүрсэн гэнэ лээ. Миний хувьд үнэхээр уран зохиол болж чадсан ном бол “Аранзалд дарвуулт хөлөг” гэж  би боддог. Уг ном гуравхан хэвлэлийн хуудастай бөгөөд бага хэмжээтэй. Залуучуудад зориулсан хайр сэтгэлийн уянгын тууж, үүнийг би гурван жил орчуулсан.
-Хэл сайн мэддэг хүн болгон өнөө цагт орчуулга хийдэг болжээ. Энэ тухай?
-Хүн бүр зохиолч байж чаддаггүй шиг хэл мэддэг хүн бүр орчуулга хийж үл чадна. Түүнчлэн авъяас үгүй бол орчуулга хийж бас чадахгүй. Гэтэл огт авъяасгүй хүн бас байхгүй. Гагцхүү тэр авъяасыг хэр зэрэг тэтгэж байна гэдгээс их юм шалтгаална. Гол нь оролдоод үзэх хэрэгтэй. Болохгүй бол больчихно биз. Би залуудаа шүлэг бичих гэж оролдоод бүтээгүй юм. Тэгээд л орхисон.
-Та сайн орчуулагч уу? Эсвэл сайн зохиолч уу?
-Би зохиолч биш. Надад бичсэн ганц роман байхгүй. Гэхдээ бас сайн орчуулагч  биш. Орлон тоглогч. Уншигчиддаа юм хүргэх юмсан гэсэн сэтгэл надад байна. Энэ л намайг тэжээдэг. Тэгээд уйгагүй оролдсоны хүч.
-Саяхан Цагаан толгойн дөрвөн үсгийг хасах тухай яригдаж эхэллээ. Энэ тухай таны бодол?
-Өнөөгийн залуус бүх үсгээ хасаад бичдэг болсон шүү дээ. Жишээ нь байна шүү дээ гэх үгийг “бна ш дээ” болгоод. Гэх мэт олон үсэг хасаж байхад дөрөвхөн үсэг хасах яах вэ дээ. Танхимд суугаа хоёр зуун оюутанд цээж бичиг хийлгэвэл бүгд алдаатай бичнэ. Учир нь монгол хэл 120 гаруй дүрэмтэй. Ийм дүрэмтэй хэл энэ орчлонд байхгүй. Дөрвөн гийгүүлэгч хасахын тухайд биш үгийн үндсийг эвдэхгүй гэж энэ тухай яриад байгаа юм. Үгийн үндсийг эвдэхгүйгээр -аар, -ээр, -ийг, -ууг  шууд залгавал алдаа гарах нь багасна. Яагаад гэвэл үгийн үндэс нь эвдрээгүй. Манайх шиг үгийн язгуураа эвдээд бичдэг ийм хэл хаа ч байхгүй. Үүнийг нэг мөр болгох ёстой юм. Тэгвэл бид зөв бичдэг болно. Ингээд ярихаар манайхан “Үгүй ээ алдаатай бичнэ” гээд зүтгээд байна. Яахлаараа бид зөв юмнаас зугтаж, буруу зүйл рүү тэмүүлдэг юм. Намайг ингэж ярихаар цахим хуудсаар элдвээр бичих юм. “Хөгшин төгцөг” гээд л эхэлнэ. Залуус маань бодмоор байна. Сэтгэлийн хөөрлөөр биш. Оюунаа чилээж, аль нь зөв болохыг сайн бодмоор байна. Жингийн туухай дээр тэнцүүлээд, эргэцүүлэх хэрэгтэй.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ивээл дор Монголын их түүхийг агуулсан эртний ном, шашдируудыг цувралаар орчуулах ажлын хүрээнд цуврал бүтээлүүдийн дээж болох Рашидаддин Фазлуллахын “Шашдирын чуулган” номыг орчуулсан. Энэхүү бүтээлийг орчуулахад хэр хугацаа зарцуулсан бэ? Мөн маш эртний зохиол байсан гэдэг утгаараа ямар нэгэн хүндрэлтэй зүйл гарсан уу?
-Хуучин “Судрын чуулган” хэмээн нэрийдэж байсан уг номыг дахин орчуулсан. Судар гэдэг бол ном гэсэн үг. Гэтэл номын чуулган гэвэл энэ орчлонгийн бүх ном багтсан гэж ойлгоно. Уг ном түүх болон он дараалсан бичгийн чуулган юм. Шаштир гэдэг бол түүх гэсэн үг. 13-р зууны Персийн түүхч Рашидаддин бичсэн энэхүү ном “Нууц товчооны” дараа өсгий даран мэндэлсэн түүхийн ганц том сурвалж. Монголчуудын түүх гэж байгаа боловч Евро-Азийн түүхийг багтаасан. Судалгааны явцад олон хэлнээ орчуулагдсан хувилбарууд өөр хоорондоо зөрөх тохиолдол гарч байсан. Аль нь зөв болохыг би мэдэхгүй яагаад гэвэл Перс хэл мэдэхгүй. Гэхдээ хожмийн өдөр та бүхэн Перс хэл сураад орчуулахыг үгүйсгэхгүй юм. Агуулга талаасаа “Нууц товчоо”-ноос зөрөх зүйл байна. Түүнийг би засаагүй. “Мэргэд гарахын орон”-нд нэг айхтар үг бий. Цаад зохиолч буруу бичсэн байсан ч засан бүү үйлд. Буруу байвал буруу чигээр нь орчуул гэж. Тийм болохоор зарим үгийг тайлбарлаж өгсөн. Хэрэв би засаад орчуулчихвал, миний буруу бол яах вэ? Ийм учраас түүхийн нарийн зүйлд сэтгэлийн хөдөлгөөнөөр хандаж болохгүй. Сонирхуулахад, Рашидаддины ард монголын маш том Болод хэмээх эрдэмтэн байсан. Энэ хүний эрдэмд Хасан хаан ч хүрэхгүй. Өөрөөр хэлбэл тухайн үеийн хамгийн том жанжин хэмээн үнэлэгдсэн агуу хүн энэ номыг бүтээлцсэн. Энэ тухай оршилд оруулж өгсөн минь учиртай.
-Рашидаддиныг монголын түүхийг гуйвуулдаг хэмээн буруутгадаг. Орчуулж байх явцад ажиглав уу?
-Уншаад үзэхэд мэднэ дээ. Гуйвуулсан юм огт байхгүй. Андуурах юм байж болно. Газар усны нэр, он цагийн дараалал гэх мэт. Харин монгол хүний зөвшөөрөхгүй ганцхан зүйл бий. Энэ хавьд байсан бүх овог аймаг, угсаатныг түрэг гэж бичсэн. Монголын удам бол түрэг биш. Бид Хүннү. Энэ тухай ч мөн оршилд бичсэн.
-Орчуулах эрдэмд шамдан суралцаж буй нийт оюутнууддаа хандаж юу гэж хэлмээр байна?
-Энэ танхимд орчуулах эрдэм ухаанд суралцаж буй олон оюутан сууж байгаа болохоор ирээдүйд агуу орчуулагчид төрөн гарна гэх итгэл төрж байна. Яруу сайхан орчуулгын моринд дөрөөлөөд эмээл дээрээ баттайхан сууж аваад дэлхийн утга зохиол, төгс соёлын гүнрүү дүүлцгээ.

Ярилцсан 4-28 ангийн оюутан Б. Хулан







1 comment:

  1. Эрдэмтэй, даруу сайхан хүний сайхан ярилцлага байна. Баярлалаа!

    ReplyDelete