Орчуулах эрдмийг сонирхогч оюутан залуустаа зориулан
манай Орчуулгын клуб 2014-2015 оны хичээлийн жилд билиг танхай дуун хөрвүүлэгч
Бямбын Ринчен гүүшийн бичсэн орчуулга судлалын өгүүлэл, орчуулгын зохиолын
шүүмжээс цувралаар хүргэж байна. Бямбын Ринчен гүүш 20 гаруй улсын 70 орчим
зохиолчийн 240 орчим роман, тууж, өгүүллэг, найраглал, шүлгийг орчуулсаны
зэрэгцээ олон арван орчуулгын шүүмж бичиж, орчуулга хийхэд хэл найруулга, соёл,
сэтгэлгээний нарийн ширийн олон асуудалд орчуулгачид маш няхуур хандаж байхыг
сануулсан байдаг.
Та бүхэн уншиж мэдэхийг хүссэн зүйл болон манай блогийн
талаар санал сэтгэгдэл илгээхийг хүсвэл humanitiestranslate@gmail.com хаягаар хандаарай.
Нэгдүгээр хэсэг
ЗОХИОЛ Ч БИШ, ОРЧУУЛГА Ч БИШ
(“ПАРИСЫН ДАРЬ ЭХИЙН СҮМ” үзээд төрсөн сэтгэгдэл)
Монголчууд, эртний соёлт улс
бөгөөд дэлхийн Монголч эрдэмтэд шинжлэхдээ, Азийн өндөр соёлт улсын сонгодог зохиол
нь Монгол хэлэнд их дээр цагаас буусны хувьд Европын ямар ч улс одоохон дээрээ
Монголыг гүйцэж амжаагүй гэж үздэг байна.
Монгол
хэлнээ хэдийн орчуулан буулгасан Азийн сонгодог зохиолоос одоо Европын улсуудын
хэлэнд орчуулж байгааг үзэхэд Дорно дахины хэл бичгийн эрдэмтэн орчуулж байна. Чингэхдээ зохиолыг орчуулахын өмнө их бэлтгэл
хийдэг байна. Грек – Латин соёлын хүрээний нэр томъёонд таарах юм байхгүй бол
нарийн судалгаа хийж тохирох нэр тогтоон, түүндээ хүн ухаарах тайлбар хийж,
Европын хэл ёсонд байдаггүй хэв суртлын учрыг уншин үзэх хүндээ таниулан бичдэг
тул орчуулсан орчуулга нь утга санаа, нэр томъёо, сонин найруулгаараа урьд тийм
байгаагүй хэл зохиолыг баяжуулдаг байна.
Дорно
зүгийн хэлнээс Европын хэлэнд ингэж буулгадаг зохиолыг хөрвүүлэгч нь, өөрийнхөө
хэлэнд урд өмнө байгаагүй өөр хэлний нэр үг бичихдээ ямар үсгийг өөрийнхөө
үсгээр тэмдэглэж, ямар авиаг яаж тэмдэглэх журмыг боловсруулдаг байна.
Чинги
чингэсээр орчин үеийн орчин үеийн орчуулгын арга ухаан боловсорч, грек, латин,
араб, кирил, энэтхэг зэрэг авианы үсгээр олон улсын нэр тэргүүтнийг тус тусын
үсгээр буулгах шинжлэх ухааны зарчим бий болж ирсэн байна.
Тэр
зарчим нь орчин үеийн соёлт монгол улсад ч нэгэн адил хамаарагдах нь, олон
улсын зохиолыг монгол хэлэндээ буулгаж байгаа орчуулга нь тусгалаа олох ёстой
болоод байна.
Эдгээр
өндөр шаардлагын үүднээс бид олон улсын алдарт зохиолыг орчуулан нийтэлж байгаа
зүйлд байдал нь ямар болж байна гэж үзэх ёстой боллоо. Үүнд Намсрайн францаас
орчуулсан Парисын дарь эхийн сүм гэдгийг европ зүгийн нэрт зохиолын орчуулгыг
төлөөлж байгаа зүйл гэж, түүнийг үзэхэд ямар асуудал сэдэв гарж байгааг
өгүүлэхийг хүснэ.
Монгол
хэл зохиолд европ хэлнээс орж байгаа хүний нэрийн зүйлийг яаж бичих вэ гэдэг
асуудал гарна. Орчуулагч Намсрай, редактор Амар хоёр эл зохиолчийн нэрийг
Виктор Гюго гэжээ. Монгол хэл зүйн ёсоор бол бид овгийг түрүүнд нь, нэрийг
дараа нь орчуулдаг маань манай хэлний ёс. Энэ ёс бол, ганц монгол хэлний ёс ч
биш, хэлний талаар монголтой ойр нилээд олон улсын ёс. Дэлхийн хэмжээгээр хоёр
ёс бий: Урдаар нэрийг нь, сүүлээр овгийг нь хэрэглэдэг ёс бий. Овгийг нь
урдаар, нэрийг нь сүүлээр тавьдаг нэг ёс бий. Энэ хоёр ёс бол тухайн хэлтэн
улсын хэл зүйгээс гарсан ёс. Тэгээд, өөр өөрийнхөө хэлээр ярих бичихдээ тэр хэл
зүйнхээ ёсонд зохицуулдаг нь орчин үеийн соёлт улсын зарчим болж жишээ нь
Унгарын алдарт зохиолч Петөөфи овогт Шандорыг бид Петөөфи Шандор гэж урдаар
овгийг нь дараагаар нь Шандор гэдэг нэрийг нь, тэр зохиолчтой Монгол уншигчаа
танилцуулахдаа монгол хэлнийхээ зүйд зохицуулсан билээ. Унгар хэл энэ талаар
манайхтай яг нэг тул, унгараараа Петөөфи Шандор гэдэг бөгөөд Оросын Александр
гэж нэрийг урдаар, Пушкин гэж овгийг нь сүүлд нь хэрэглэдэгийг Пушкины зохиолыг
унгар болохдоо Пушкин Александр гэж өөрийнхөө хэл зүйн дүрэм ёсонд нийлүүлдэг
юм. Тэгэхдээ Пукшин гэж овгоор нь хэрэглэдэг хэлний ёсыг дагуулж, Пушкины
зохиол гэхээс Александрын зохиол гэдэггүйг бид бас монголоороо Пушкин Александр
гээд, Пушкины зохиол гэвэл зохих нь, орчин соёлт улсын журам болох юм. Орос хэл
бичигт Ө авиа урт эгшиг байдаггүй учраас урт эгшгийг тэмдэглэдэггүй бөгөөд Орос
хэлнийхээ ёс зүйд зохицуулж урдаар нэрийг дараагаар овгийг тавьж Петефи Шандор,
Янош Кадар гэх зэргээр хэрэглэж байгаа нь хэл зүй, үсэг зүйдээ зохицуулах орчин үеийн
боловсон улсын ёс хэрэглэж байгаа юм. Унгарын Каадаар овогт Яанош тул, Каадаар
Яанош гэдэг нь Монгол болгохдоо мөн л Каадаар Яанош гэж буувал зохихыг манайхан
мэдүүштэй байгаа юм шүү. Жишээ нь: Пушкин, Горькийн тухай хятад судлагч хүний
бичсэн зүйлийг монгол болгохдоо хятад материал хэрэглэсэн юмаа гээд Пушкиныг Пү
Ши зинь, Горькийг Гуо Ли зи гэж бичихгүй, оросоос орчуулсан зүйлд Улан-батор,
Хас-батор гэсэн нэрийг Улан-батор, Хас-батор гэж бичихгүй Улаанбаатар,
Хасбаатар гэж бичих маань сайхь зарчмыг баримталж яваа юм шүү дээ. Гагцхүү
алдаг оног явж байгаа нь, тууштай болгож, түүгээрээ энэ тухайн боловсролын
буурийг алдахгүй болгох нь бидэнд хэрэгтэй болж байгааг орчуулагч редакторууд
хичээвэл зохих байна.
Эл
дэлхий нийтийн зарчмаар монгол хэл бичигт Намсрайн буулгасан зохиолчийн овог
нэрийг Гюго Виктор гэж хэрэглэх нь манай хэлний ёс зүй байна. Тэгтэл, бас нэг
асуудал босоод ирнэ. Өнөөх зохиолчийн овог нь монголоор ГЮГО гэж бичих нь зөв
үү? Гэхэд, тэр хүн Франц тул латин үсгээр бичсэн байдаг байна. Латин үсэг бол,
олон улсын үсэг, Манай хэрэглэж байгаа энэ кирил үсэг бол, бас олон улсын үсэг
тул латин кирил хоёр үсгийн харилцан оноосон журам дэлхийн хэмжээгээр байдгийг
бид мэдэх ёстой болоод байна. Орчуулагч, нэн ялангуяа редактор хүн заавал мэдэх
ёстой болоод байна. Дэлхийн хэмжээгээр тэр харьцааг аль ч улсын уншигчаас
шаардах хэрэгцээ байдаггүй боловч орчуулдаг орчуулгыг эхтэй нь хянан
тохиолдуулдаг хүн түүнийг заавал мэдэх боловсролын шатанд хүрсэн байх нь орчин
үеийн соёлт улсын шаардлага гэдгийг бид мэдэх цаг хэмжээнд улс ардын хөгжлөөр
хэдийн хүрсэн байна. Латин үсгийн Н бол, кирил үсгийн Х-тэй дүйдэг тул ГЮГО гэж
монголоор бичихгүй. Хюго гэж бичих ёстой байсныг францаас орчуулагч Намсрай,
орчуулгын редактор Амар хоёулаа бодсонгүй, Орос бичигт ГЮГО гэж байдгаас хойш,
Хюго биш, Гюго мөн байна гэж ухаарчээ. Гэтэл, яагаад хэдийнээс оросоор ГЮГО гэж
бичих болсон учрыг ухаарсангүй ажээ.
Намсрайн,
одоо ХХ зууны хоёрдугаар хагаст орчуулсан тэр зохиолыг Орос хэлнээ анх 103
жилийн өмнө 1862 онд товчлон орчуулж өргөн олон уншигч олондоо танилцуулжээ.
Тэр зуу гаруй жилийн өмнөх орос үсэгт латин үсгийн Н-г Г үсгээрээ тэмдэглэдэг
заншил байсан нь, Г үсгээ Г-Х ийм хоёр янзаар дууддаг байсан байна. Громада
гора гэх мэтийг Хромада хора гэж дууддаг тэр ёс нь өмнөд орос, украйн зэрэг хэл
аялгуунаа одоо ч бий бөгөөд Европ зүгийн зохиолын орчуулга нь Г-г Х гэж дууддаг
нутгаас үүсэн гарч заншсан уламжлал хэдэн зуун жил үргэлжилж анх орос хэл
бичигт тэр уламжлал ёсоор Хюго гэдгийг Гюго гэж бичсэнээс хойш зуу гаруй жилийн
дотор хэдэн үеийн орос уншигч нар ГЮГО гэж заншаад, одоог хүртэл нэг хэсэг нь
Гюго гэж , нэг хэсэг нь Хюго гэж уншсаар ирсэн орос хэл бичгийн тухайн үеийн
түүхэн уламжлал заншил тогтжээ. Одоо орос хэлэнд грек-латин соёлт улсын үг нэр
шинээр ороход, орос орчуулагч редактор, зохиогч эрдэмтэн, грек-латин-кирил
үсгийн орчин үед нарийн тогтсон харьцааг баримтлан, латины Н үсгийг орос кирил
үсгээр Х гэж орчин үеийн нэрийн зүйл бичдэг болсон нь холл, хеминсфера, хулиган
Хэмингуей гэж бичих боллоо. Зуу гаруй жилийн өмнө эдгээр үсгийг орос хэл бичигт
орчуулбал голл, геминсөера (ф
үсгийг тэр үед орос үсэгт фита гэж нэртэй ө үсгээр бичдэг байжээ.) гулиган Гемингуей гэж бичих байсан
байжээ. Тийнхүү Намсрайн “францаас” орчууллаа
гэхдээ зохиогчийн нэрийг ХХ зууны хоёрдугаар хагаст монгол хэл бичигт
орчуулахдаа I Николай хааны
үед, өнгөрсөн зууны хоёрдугаар хагаст тэр үеийн орос орчуулагчийн бичлэгийн
байдалд оруулжээ. Ёс зүйг бодоход, ХХ зууны хоёрдугаар хагасын монгол хэл
бичгийг баяжуулахад, шал өөр түүхийн уламжлал байдлыг баримтлаагүй, орчин үеийн
олон улс нийтийн интернационал зарчим баримталж, түүгээрээ орчуулагч редактор
хоёулаа орчин үеийн боловсролтой хүн , монгол уншигч олноо, монгол хэл бичгээ
дэлхий нийтийн алдарт зохиолоор баяжуулах үүрэгтэйгээ бодоогүй бололтой...
Үргэлжлэл
бий.
No comments:
Post a Comment