ХИС-ийн Орчуулгын клубээс их дээд сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулсан орчуулгын шүүмжийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн Б. Оюундэлгэрийн шүүмжийг хүргэж байна.
Орчуулгын Шүүмж
Эх
зохиол: J.D.SALINGER “CATCHER IN THE RYE”
Орчуулгын зохиол: Б.ПҮРЭВЭЭ
“ТАРИАН ТАЛБАЙ ДУНД”
Шүүмж бичсэн: Баасанхүүгийн Оюундэлгэр
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль
Хэл Соёлын Сургууль
Англи Хэлний Багш-Орчуулагч III курс
2014
Оршил
Орчуулгын нээлттэй шүүмжийн уралдаанаас
өгөгдсөн Ж.Д.Селинжерийн “Catcher in the rye” зохиолын эхний хоёр
бүлгийн орчуулганд шүүмж бичлээ. Шүүмж бичихээр Б.Пүрэвээгийн “Тариан талбайн
дунд” орчуулгыг сонгон голлон ажилласан ба О.Чинзоригийн “Хөх тариан талбайн ирмэгт” орчуулгаас зарим санаа, зөв хувилбаруудыг жишээ болгон
иш татсан.
Б.Пүрэвээгийн орчуулганд гарсан
алдаатай буюу эх зохиолтойгоо эквивалент чанар болон уншигчдад нөлөөлөх
нөлөөлөл зэргээр дүйцэл хангаагүй хэсгүүдээс түүн эх зохиолын өгүүлбэртэй нь
зэрэгцүүлэн тодруулж тайлбар болон дэвшүүлсэн санааг хавсарган орууллаа.
Энэхүү шүүмжиндээ орчуулганд гарсан
алдаануудаас 29 жишээ оруулж коннотацийг буруу
дамжуулсан, үгийн түвшинд денотат утгыг буруу дамжуулсан, найруулга зүйн, утгын
алдаа гэсэн дөрвөн бүлэгт хуваан ангилж зарим бүлгийг дэд сэдвүүдэд задалж
зохион байгуулсан болно.
А/ Коннотаци утгыг буруу дамжуулсан алдаа
“...all that David Copperfield
kind of crap”
“...Дэвид Коппирфильдийн түүх шиг..”(Орч.., 6-р нүүр)..;
Зохиолын баатар өөрийнхөө хүүхэд насыг Дэвид Коппирфильдийн түүхтэй зүйрлэж
зовлон зүдгүүр үзэж байсан гэдгээ тойруулан хэлжээ. Энэ санааг шууд монгол
хэлэнд буулгахад уншигч Дэвид Коппирфильд зохиолыг уншаагүй л бол ойлгохгүй
учир оронд нь“хүүхэд насныхаа дурсамжийг
сөхөөд яахав”, “хүүхэд насныхаа тухай
яривал таныг үймрүүлж мэдэх юм”гэж орчуулж болно.
Б/ Үгийн түвшинд денотат утгыг буруу дамжуулсан
алдаа
“Pencey Prep is this
school that's in Agerstown, Pennsylvania.”
“Пенси бол Пенсильван мужийн
Эгерстаунд байдаг хаалттай дунд сургууль”. (Орч.., 6-р нүүр)
“Prep буюу preparatory
school” гэдэг нь Америкийн 14-18 насны сурагчдад их сургуулийн өмнөх боловсрол
олгодог төрийн өмчийн бус сургууль буюу монголоор бол “хувийн ахлах сургууль” гэсэн үг юм.
“You couldn’t see the
grandstand too hot, but you could hear them all yelling.”
“Үзэгчдийг харин харж чадахгүй байв.
Гэсэн ч хашгирч байгаа дууг нь сонсож байлаа.” (Орч.., 7-р нүүр)
Монгол хэлэнд “хашгирах” гэдэг үг
англи хэлний “yell” гэсэн үгийн нэг
утга мөн боловч уг хам сэдэв нь сургуулийнхаа хөлбөмбөгийн багийн тэмцээнийг үзэж
буй сурагчдын тухай учир “хөгжөөн дэмжиж
байгаа нь” гэвэл зүйтэй болов уу.
“The week before that,
somebody'd stolen my camel's-hair coat right out of my room.”
“(Тэмээний ноосоор хийсэн миний пальтог)* өнгөрсөн долоо хоногт яг өрөөнөөс минь хулгайлчихсан.” (Орч.., 8-р нүүр)
Холден хүү эмнэлэгт байхдаа жилийн өмнө болсон Томсений толгод дээр зогсоод
сургуультайгаа салах ёс хийж байсан үеээ дурсдаг. Тиймээс “the
week before that” гэж байгааг “үүнээс
долоо хоногийн өмнө”, “өмнөх долоо
хоногт нь” гэж орчуулвал илүү оновчтой.
* “my camel’s hair coat” гэдгийг “тэмээний
ноосоор хийсэн миний пальто” гэхгүйгээр “тэмээний ноосон хүрмийг минь” гэж хамаатуулвал илүү зохимжтой.
“She hung up my coat in
the hall closet, and I sort of brushed my hair back with my hand. I wear a
(crew cut)* quite frequently and I never have to comb it much.”
“Үүдний өрөөнийхөө хувцасны шүүгээнд
миний хүрмийг өлгөөд тэрээр толгойг минь илэв. Би зараа шиг богино үстэй
л дээ. Маажих хэрэг бараг гардаггүй юм.”(Орч.., 10-р нүүр)
Хатагтай Спэнсер биш Холден өөрөө үсээ гараараа янзалсныг буруу орчуулсан
байна. Мөн “маажих хэрэг гардаггүй”
гэдгийн оронд “самнах хэрэг гардаггүй”
гэвэл дүйцнэ.
*
“crew cut” гэдэг нь жигд маш богино тайралттай үс бөгөөд “зараа шиг богино” гэж орчуулвал зарааны
өргөс нь багаар бодоход хоёр см-ын урттай байх учир “crew cut” гэдэгт уртдах тул “богино үс”, “тачир үс” гэвэл
тохиромжтой.
“He showed us this old
beat-up Navajo blanket that he and Mrs. Spencer’d bought off some Indian in
Yellowstone Park.”
“Энэ үедээ тэрээр Энэтхэгт
үйлдвэрлэсэн хуучирсан орны бүтээлгийг бидэнд үзүүлж – Иеллоустоний паркд
эхнэртэйгээ явж байхдаа Энэтхэг худалдаачнаас авснаа ярьсан юм.” (Орч.., 11-р нүүр)
“Navajo” буюу “Навахо”
нь Хойд Америкийн уугуул иргэд болох индианчуудын нэг овог ба Иеллоустон нь
АНУ-ын баруун хойд мужуудад байрлах цогцолборт газар юм. Тиймээс орчуулагч “Indian” гэдгийг
“Энэтхэг хүн” биш “Индиан хүн” гэдэг утгаар орчуулах ёстой
байжээ.
·
Орчуулагчийн хуурамч нөхөд
“gym”
“гимнастикийн заал” (Орч.., 19-р нүүр)
“Gym” буюу “gymnasium” гэдэг нь
сургуулийн биеийн тамирын заалыг хэлдэг байхад орчуулагч орос хэлний “гимнастик” гэсэн үгтэй андуурчээ.
В. Найруулга зүйн алдаа
“I grew six and a half
inches last year.”
“Бас өнгөрсөн нэг жилийн дотор би зургаа
аравны таван инчээр өссөн байв.” (Орч..,
9-р нүүр)
Монголчууд инчээр уртыг хэмждэггүй тул шилжүүлэн “арав гаран санж өссөн” эсвэл “ахиухан
өссөн”, “суга өссөн” гэвэл зүйтэй.
·
Бүдүүлэг
үг сонгосон
Орч.., 6, 7, 8, 11, 14, 16, 18-р
нүүрт “хараал идсэн”,
“новшийн”, “хөгийн”, “хөгийн новш”, “чөтгөр тогтомгүй”, “ямар чөтгөрөө хийж”,
“үнэхээр тэнэг” зэрэг бүдүүлэг үг хэллэг олноор хэрэглэсэн нь орчуулгын
хэл найруулгад сөрөг өнгө аяс оруулсан. Зохиолч Ж.Д.Сэлинжер зохиолын баатар
Холден хүүгийн төлөвшөөгүй, хэнэггүй зан төрхийг дүрслэх зорилгоор “lousy”,
“crap”, “hell”, “crazy”, “goddam”, “madman”, “phony slob”, “damn”,
“half-assed”, “heck”, “ass”, “bastard” зэрэг
үгийг хэрэглэсэн боловч үүнийг орчуулгад яг байгаагаар нь буулгах ялангуяа
монгол хэлэнд хэрэглэгддэггүй этгээд үг хэллэг ашиглах нь зохисгүй тул
зохиогчийн санааг алдагдуулахгүйгээр утгыг тойруулан зөөлрүүлсэн үгсээр
орлуулах хэрэгтэй болов уу. Тухайлбал “phony slob” гэдгийг
“дүр эсгэсэн амьтан”, “bastard” гэснийг “үл бүтэх этгээд” гэх зэргээр.
·
Өвөрмөц
хэлц, хэвшмэл хэллэгийг оновчгүй орчуулсан
“It was cold as a witch’s
teat.”
“Энэ ууланд чөтгөр тогтомгүй хүйтэн байв.”(Орч.., 8-р нүүр)
Тус өвөрмөц хэлцийн “маш хүйтэн” гэсэн
санааг дүйх монгол хэлцээр илэрхийлж болох юм. Жишээ нь: “чөмөг царцам”, “яс янгинам”
гэх мэт.
“I kept standing next to
that crazy cannon, looking down at the game and freezing my ass off"
“За тэгээд тэр муу хөгийн их буун
дээр суугаад байсан чинь (бөгс хөлдөөчих)* шахсан юмдаг.” (Орч.., 8-р
нүүр)
“Нөгөө их бууны дэргэд зогссоор
байгаад хөлдөхөө шахав.” гэсэн утгатай өгүүлбэрийн утгыг орчуулагч буруу ойлгож “их буун дээр суусныхаа улмаас бөгсөө хөлдөөх
шахсан” гэж орчуулсан байна.
* Англи хэлэнд “ass”– “бөгс” гэсэн үгийг их хэрэглэдэг ч монгол хэлэнд шууд
буулгахаас зайлсхийн оронд нь “хөлдөхөө
шахах”, “голдоо ортол даарах” гэж
орчуулах нь зүйтэй.
“He
was always yelling, outside class. It got on your nerves sometimes.”
“Тэр гэртээ дандаа орилж байдаг юм. Ингэж
орилох нь мэдрэлд нь лав сайнаар нөлөөлөхгүй байж таарна.” (Орч.., 11-р нүүр)
“To get
on somebody’s nerves” буюу “уурлуулах,
залхаах” гэсэн утгатай хэвшмэл хэллэгийг орчуулагч буруу ойлгон өөр утга
гарган орчуулжээ.
·
Буруу үг
сонгосон, өнгө аяс гажсан
“The more expensive a school is, the
more crooks it has.”
“Сургууль хэдий чинээ үнэтэй
байна тэр хэрээр олон (луйварчинтай)* байдаг.” (Орч.., 8-р нүүр)
“The more expensive” гэснийг “үнэтэй байх тусмаа” биш харин О.Чинзоригийн
орчуулснаар “өндөр төлбөртэй байх тусмаа” гэвэл илүү оновчтой.
* “crook”гэдэг үгэнд хэдийгээр
“луйварчин” гэсэн утга бий ч сургуулийн хүүхдүүдийн талаар ярьж байгаа учраас
луйварчин буюу залилан мэхлэгч гэснээс “хулгайч”, “урт гартнууд” гэвэл
тохиромжтой.
“Finally old Mrs. Spencer
opened it.”
“Ашгүй нэг юм хөгшин Спэнсер хаалгаа нээв.” (Орч.., 9-р нүүр)
“Old
Mrs.Spencer” гэдгийг“хөгшин Спэнсер”
гэвэл уншиж буй хүнд “өвчтэй байгаа Спэнсер
багш нь өөрөө хаалгаа онгойлгожээ.” гэж буух тул үүний оронд “Спэнсер багшийн эхнэр” нь эсвэл “хатагтай Спэнсер” гэвэл өвчтэй багш нь биш эмгэн нь онгойлгож гэдэг
нь ойлгогдно.
“You didn’t have to do
all that. I’d have come over to say good-by anyway.”
“Та захидал дэмий бичсэн юм.
Захиатай захиагүй би салах ёс хийхээр ирэх л байсан.”(Орч.., 12-р нүүр)
Эх өгүүлбэрээр зохиогч Холдены багшийгаа хүндэлж харьцаж буйг үзүүлсэн
байхад дээрх орчууланд тус хүндэлсэн өнгө аяс алдагдсан байна.
“Then we shook hands.”
“Ингээд бид хоёр гар харилцан
барилцав.”(Орч..,
20-р нүүр)
Гар харилцан барилцав гэснээс “Бид
хоёр гар барив.” гэж орчуулвал зохимжтой.
·
Хэт
үгчилсэн
“He started handling my
exam paper like it was a turd of something.”
“Тэр миний дэвтрийг гартаа бариад
ямар нэг маш бохир зүйл мэт жигшингүй байдалтай ярвайв.” (Орч.., 15-р нүүр)
О.Чинзоригийн орчуулснаар “... шалны
алчуур адил бариад” гэсэн нь зохиолчийн “шалгалтын
ажлыг минь тоомжиргүй үзсэн” гэсэн санааг оновчтой тусгасан байна.
“It
has a very good academic rating, Pencey. It really does.”
“Тэдний академик боловсрол олгох
сургалтын амжилтын түвшин нь маш сайн. Дэндүү сайн.” (Орч.., 7-р нүүр)
О.Чинзориг “Тэдний сургалтын амжилт үнэхээр өндөр байх нь аргагүй ч юм даа.”гэж
орчуулсан нь өмнөх өгүүлбэртэй холбогдож зохиогчийн хэлэх гэсэн санааг уран
яруу буулгаж чаджээ.
Г.Утгын алдаа
“There were never many
girls at all at the football games. Only seniors were allowed to bring girls
with them.”
“Хөл бөмбөгийн тэмцээн дээр охид
үргэлж цөөхөн. Зөвхөн ахлах ангийн охидод л зөвшөөрнө.” (Орч.., 7-р нүүр)
Уг зохиолд гарах Холдены сурч байсан Пэнси хувийн сургууль нь
хөвгүүдийн сургууль бөгөөд эх өгүүлбэр нь “Зөвхөн
ахлах ангийнхан л тэмцээн дээр найз охидоо дагуулан ирж болдог.” мөн өөрөөр
“Ахлах ангийнхнаас бусад нь тэмцээн дээр
найз охидоо авчирч болдоггүй.” гэсэн утгатай байсныг буруу орчуулжээ.
“So
we got back to Pencey around two-thirty instead of around dinnertime.”
“Ингээд бид Пэнсид үдийн хоолноос
хойш гурав гуч болж байхад ирсэн.”
(Орч.., 8-р нүүр)
Эх өгүүлбэрийн утга нь Холден туялзуур сэлэмний багийнхантайгаа тэмцээндээ
оролцчихоод сургуульдаа оройн хоолны цагаар буюу 6-7 цагийн үед ирэх байсан ч
тэмцээндээ орж чадаагүйгээс хоёр хагас гээд ирсэн гэсэн утгатай юм.
“I was trying to (feel)* some kind of a good-by. I mean I've
left schools and places I didn't even know I was leaving them. I hate that.”
“Зүгээр л энэ сургуултай салах ёс
хийхэд ямар мэдрэмж төрдөг юм бол, түүнийг мэдэх санаатай зогсож байлаа. Ер
бол би хаа нэг газраас явах болсон үедээ ямар нэг салах ёс мос гэж шал пал
гэдэггүй байсан л даа. Салах ёс мосонд дургүй.” (Орч.., 8-р нүүр)
“Сургуулиасаа явж байгаагаа ойлгохын
тулд би тэнд зогсож байлаа. Өмнө нь сурч байсан хэдэн сургуулиасаа гарахдаа нэг
их юм бодоогүй зүгээр явчихсандаа дараа нь харамсдаг юм.” гэсэн утгатай байсныг
буруу орчуулжээ.
* “to feel” гэдэг үйл
үгийг монгол руу “мэдрэмж төрөх” гэж орчуулахаас
илүү “ингэж санагдах”, “тийм, ийм байдаг” гэж
буулгавал хэл найруулга зүйн үүднээс илүү оновчтой.
“If I felt any better I’d
have to send for the doctor”
“Эдгээгүй бол би чамайг биш
эмчийг л дуудах байлаа.” (Орч..,
12-р нүүр)
Эх өгүүлбэр нь Спэнсер багшийн хошигносон яриа бөгөөд “Бие минь сайжирсан ч ямар эмчийн гараас гарах биш дээ.”, “Эмчид очихын нэмэргүй болчихсон байна.” гэх
утгатай ба бие нь тааруу байгааг тойруугаар илэрхийлж юм. Харин дээрх орчуулга
тус санаанаас эсрэг санаа агуулжээ.
“He made out like he was
only pinching it, but he was really getting the old thumb right in there.
“Хамраа арчих гэж байгаа санаатай
юм байлгүй чааваас, гэвч хуруугаа хамрынхаа нүхэнд байдгаар нь хийчих юм.(Орч.., 13-р нүүр)
“Спэнсер багш хамраа ухаж байгаагаа
нууж байсан.” гэсэн утгатай байсныг орчуулагч буруу гаргажээ.
“I guess he thought it
was all right to do because it was only me that was in the room.”
“Ингэж болно гэж тэр яаж бодож
чаддаг байна вэ. Өрөөнд нь өөрөөс нь өөр хүн байхгүй байгаа мэт.”(Орч.., 13-р нүүр)
Холдены багшийнхаа бодлыг таамагласны
“it was only me” гэдгийн “me”-ээр Спэнсер өвгөнийг биш Холденг төлөөлүүлсэн
байхад орчуулагч Спэнсер багшийг төлөөлүүлсэн байна гэж ойлгожээ. Иймээс “Надаас өөр хүн байхгүй байсан учир тэгэж
болно гэж бодсон юм байлгүй.” гэж буулгавал зөв болох байсан.
“I
had the (privilege)* of meeting your mother and dad when they had their little
chat with Dr. Thurmer .”
“Энэ уулзалт миний хувьд нэр төрийн
хэрэг байх болно.”(Орч..,
14-р нүүр)
Эх өгүүлбэрийн цагийг андуурч өнгөрсөн цаг дээр байгааг ирээдүй цаг дээр “уулзахсан” гэж буруу орчуулсан байна.
* “privilege” буюу “эрх дарх”
гэдэг үгээр Спэнсер багш Холдены эцэг эхтэй уулзсанаа егөөдсөн утгаар
илэрхийлсэн тул “нэр төрийн хэрэг” хэмээн
орчуулсан нь дүйцэл хангаж байна.
“I
flunked you in history because you knew absolutely nothing.”
“Би таны заадаг түүхийн хичээл дээр унасан. Учир нь та юу
ч заагаагүй.”(Орч.., 15-р нүүр)
“Чамайг юу ч сураагүй
болохоор чинь би түүх дээр унагаасан юм” гэсэн утгатай байсныг буруу орчуулжээ.
“That’s something that
drives me crazy. When people say something twice that way, after you admit it
the first time”
“Хэлсэн үгийг минь давтаж
хэлэхээр миний уур хүрдэг”(Орч..,
15-р нүүр)
“Буруугаа
хүлээсэн байхад хоёрдохоо үглэхэд дургүй минь хүрдэг.” гэсэн утгатай
байхад мөн л буруу орчуулсан байна.
“In the first place, I’d
only written that damn note so that he wouldn’t feel too bad about flunking me.”
“Хамгийн гол нь энэ тэнэг
нэмэлтийн төлөө намайг унагаах түүнд эвгүй байгаагүй юм байх даа.”(Орч.., 16-р нүүр)
“Намайг унагаахад гомдолгүй гэдгээ
хэлэх гэж л тэр тайлбарыг бичсэн юм.” гэсэн утгатай байхад тус орчуулга “Спэнсер багш Холденыг шалгалтын ажил дээрээ
нэмэлт тайлбар бичсэнээс болж унагаасан.” гэх буруу ойлголт өгч байгаа юм.
“If I’m not mistaken, I
believe you also had some difficulty at the Whooton School and at Elkton Hills.”
“Би андуураагүй бол Элктон-Хиллд
байсан шиг асуудал Хуттоны сургуульд чамд тохиолдсон гэсэн байх аа?”(Орч.., 17-р нүүр)
Эх өгүүлбэр нь өмнөх хоёр сургуульд сурахад хүндрэл гарч байсан эсэхийг
асууж байхад дээрх орчуулга нь Элктон-Хилл сургуульд угаасаа асуудалтай байсан
харин Хуттонд ямар байсныг асууж байгаа мэт утгатай болжээ.
Дүгнэлт
Д.Пүрэвээгийн “Тариан талбайн дунд” орчуулгад миний тоолсноор нийт 60 гаран алдаа байснаас үгийн
түвшинд денотат утгын алдаа 17, коннатацийн алдаа 4 гарснаасдийлэнх нь үгийн
буруу утгыг сонгосон, утгыг буруу ойлгосон болон ерөнхий мэдлэг дутсан, монгол
хэлэнд төдийлөн хэрэглэгддэггүй үг сонгож орчуулсан зэргээс үүдсэн бол үгийн
түвшнөөс дээших түвшинд 30 орчим алдаа гарснаас ихэнх нь утгыг буруу ойлгож
орчуулснаас болжээ. Эх зохиолын зөвхөн эхний хоёр бүлгийн орчуулгад ийм тооны
алдаа байгаагаас үзэхэд орчуулагч тус орчуулгыг хийхдээ хайнга хандсан нь
харагдаж байна.
Шүүмж бичих явцад өөрт ажиглагдсан
зүйлүүдээс дурдавал, орчуулга хийхэд нэгдүгээрт гадаад хэл сайн мэдлэг,
зохиолоо бүрэн ойлгох чадвар нэн чухал. Б.Пүрэвээгийн орчуулгад утгыг гүйцэт
ойлгоогүйгээс гаргасан алдаа түгээмэл байсан. Хоёрдугаарт орчуулагч хүн төрөлх
хэлээрээ найруулж бичих өндөр чадвартай байж орчуулга нь уран яруу, зөв цэгцтэй
болно. Үүнийг умартан эх текстэнд гарсныг шууд үгчлэн орчуулваас монгол үгтэй
боловч англи бүтэцтэй “модон” орчуулга бий болох нигууртай. Мөн зохиолчийн
зохиолоор дамжуулж хэлэх гэсэн санаа, тойруулан өгүүлж буй утга, бичлэгийн хэв
маягийг ойлгон хөрвүүлж чадваас орчуулга утга төгөлдөр болох юм.
Б.Пүрэвээгийн орчуулганд гарсан
алдаа, оноо зэргийг шинжилж суухад орчуулга гэдэг хэн бүрийн хийж чадах ажил
биш юм гэдгийг ойлголоо. Угаас гадаад хэл дээр гадаад сэтгэхүйгээр бичигдсэнийг
төрөлх хэл рүүгээ алдаа мадаггүй, бүрэн дүйцэл хангахуйцаар буулгах нь өөрөө боломжгүй
зүйл. Харин эх текстийг аль болох зөрүү багатайгаар орчуулгын хэл рүү буулгах
нь орчуулга хийхийн гол зорилт байдаг биз ээ.
No comments:
Post a Comment