Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэнтэй ярилцлаа.
-Та одоо орчуулгын ямар бүтээл нухаж байна вэ?
-Хуучин хоёр юмаа янзалж хэвлэлд өглөө. Хуучин гэдэг нь
“Алтан тугал”, “Арван хоёр сандал” гэж зохиолыг би арваад жилийн өмнө орчуулсан
юм. Гэтэл тэр маань Зөвлөлтийн цензурдсэн эх байж. Хэдэн жилийн өмнө бүрэн
эхээрээ гарсан, тэрийг нь гүйцээж орчуулна даа гэж бодож явсаар сая дуусгалаа.
Тавны нэг орчим нь л хусагдсан байж. Нэгнийхийг нь гурван бүлгийг сох авсан,
нөгөөхөөс нь бас нэлээд цензурдсэн байгаа юм.
-Тэр чинь хосоороо явдаг роман биз дээ?
-Монголоор хоймсон роман гэж байгаа юм. Зөвлөлтийн үеийн
социалист нийгэмд хувь хүний овсгоо самбаа хэрхэн боомлигдон боогдож байсныг
алиа хошин, адтай ёгтоор нүднээ үзэгдэж, чихнээ сонсдохоор урлан дүрсэлсэн
байдаг юм. Одоо юу аялуулж байна гэж асуусан. Нэг юм нухаж л байна. Нухаад юм болсон
хойно нь л хэлье.
-Цензур гэснээс та өөрөө орчуулгаа ямар шалгуураар
сонгодог вэ?
-Нэг их онилсон юм байдаггүй ээ. Гол нуруу нь Оросын голдуу
уран зохиол.
-Орчуулга хийх нь олон түмэнд хүргэхээс гадна хүн унших,
уншихгүй нь хамаагүй тухайн зохиолыг монгол хэл дээрээ буулгая, үлдээе гэсэн
санаа бас байна биз.
-Улс орон бүр өөрийн хэл дээрээ номын сантай. Монгол хэл
маань ч тиймэрхүү өвтэй байх ёстой юм. Хэрвээ тэнд нь орчуулгын зохиол байнаа
гэвэл тэр санд нь дэлхийд данстай тийм, тийм сонгогдог зохиол байдаг юм, энэ
монголчууд чинь бас юм орчуулдаг ард түмэн шүү гэж хөндлөнгийн судлаачид
хэлдэг, тоодог байхад бидний энэ өчүүхэн зүтгэл бага боловч нэмэр болог л гэж
үзэг цаас нийлүүлдэг юм ш дээ. Дан өөрийн орны зохиол, үлгэр домгоос гадна,
дэлхийн сонгодог зохиолуудыг эх хэл дээрээ унших нь тухайн ард түмний
хувьд нэг талаар оюуны тусгал гэх юм уу даа.
-Ямар хэл дээр орчуулагдах нь тухайн зохиолын чансааг нэг
талаас илтгэдэг үү. Тийм хэмжээнд манай монгол хэл үнэлэгдэх үү?
-За, ер нь үнэлгээ бол үндсэндээ дотоод талдаа. Учир нь бид
цөөхүүлээ юм. Цөөхүүл, тэдэн дундаа уншдаг нь хэд билээ гэдгээ бодох хэрэгтэй.
Ер нь тэр хэл дээр орчуулагдлаа гэдэг нь уг зохиолын чансааг илтгэх юмуу,
эрэмбийг тодорхойлох шалгуур болохгүй л дээ.
-Тэгвэл орчуулга бол дэлхийн сонгодогуудыг эх хэлээрээ
унших боломж олгохоос гадна монгол хэлийг монголоор нь авч үлдэх нэг арга мөн
үү?
-Зайлшгүй тийм байх ёстой юм. Цаад үгнийх нь санаа гарч л
байвал, монголоор хэд хэдэн хувилбар байлаа гэхэд би бол аль болох мартагдаж,
бага хэрэглэгдэж яваа уугуул сайхан монгол хэл, монгол үгсээ шургуулах дуртай.
Үг, найруулга ч тэр. Би бол зарим хүний “хар яриа”-ны гэж гоочилдог энгийн
сайхан яриа хөөрөө, найруулгыг монгол хэлний маань нэгэн сайхан шүлт гэж үздэг
юм. Тийм учраас ялангуяа шүлттэй хар ярианы найруулгыг оруулахыг хичээнэ,
энийг маань тоож уншиж байгаа хэсгийг монгол хэлнийхээ өвийг тээж яваа нуруутай
хэсэг нь гэж үзнэ. Ер нь хүмүүс бие биеэсээ “будаа идэж” амьдрах хэрэгтэй.
Ялангуяа үг. Би бол зохиол орчуулахдаа, бусдын орчуулгыг уншихдаа энэ үгийг
ингэж монголчиллоо гэж ноорогорхуу юм хийж явдаг л юм.
-Монгол хэлийг монголоор нь авч үлдэхэд уг нь төр илүү
үүрэг гүйцэтгэх ёстой биз дээ?
-Монголыг монголоор нь байлгахын чухал үндэс нь монгол хэл,
өв соёл мөн. Үүнийг улам дархлаатай болгохыг чи бол төрийн үүрэг гэж
байна. Би бол төрийн үүрэг бас ажил гэнэ. Миний мэдэж байгаагаар сүүлийн
үед монгол хэлний нэлээд хэдэн янзын тайлбар толь гарлаа. Жаахан жуухнаар
хөндлөнгийн дэмжлэг байдаг юм уу, үгүй юү мэдэхгүй. Надад бол хувь хүний хичээл
зүтгэл нь илүү харагдаад байгаа юм. Төр бол бодлогын хүрээнд жишээ нь энэ мэт
толь хийхэд ч ивээн тэтгэж урамшуулах бодлого явуулах ёстой юм. Тэр зүгийн
ажлын нэг нь Монгол хэлний зөвлөл байгуулаад ажиллах гээд байх шиг байна. Сая
Монгол хэлний тухай хууль баталлаа. Энэ бол төр үүргийнхээ хүрээнд ажлаа
хийж байгаа хэрэг юм.
-Монгол хэлний тухай хууль нэлээд хэл ам, эсэргүүцэл давж
байж гарлаа. Зарим гишүүн юун хэл ус, эдийн засаг хүнд байхад шаардлагагүй
хууль баталж цаг алдлаа гэж шүүмжилсэн.
-Үндэсний хэл бол юун өнөө маргаашийн эдийн засаг, юун
Оюутолгой, Тавантолгой. Өнөөдөртөө ард түмний амьдрал тааруу, улсын хөгжил сул
байна л даа. Энийг чинь өргөс авсан мэт нэг өдөр засч сайжруулж болохгүй нь
бидний туулсан хорин хэдэн жилээр мэдрэгдлээ. Тэгэхээр энэ чиглэлдээ бодлогоо
явуулах нь зүй ёсны хэрэг. Гэхдээ эдийн засаг, мөнгө мөнгө гээд зүтгэж байтал
нэг мэдсэн үндэсний хэлгүй болчихсон, үгсийн сан нь харь үгсээр дүүрчихсэн тууж
явбал яах вэ. Манай нэг найрагч хэл, хил, мал гурав тусгаар тогтнолын баталгаа
гэж хэлсэн байх аа. Эндээс хэл, хил хоёр бол тусгаар тогтнолын билгэ тэмдэг,
илэрхийлэл. Баталгаа гэдэг бол арай өөр. Мэдээж хил байхгүй бол ямар юмных нь
хэл байх билээ дээ. Бас хэл байхгүй бол хил байгаад ч нэг их хэрэггүй мэт. Хил
өөрөө өөрийгөө манахгүй. Тэгэхээр хэлийг, хилийг батжуулж хадгалж явах нь
төрийн үүрэг. Түүнээс биш, монгол хэл өөрөө өөрийнхөө баталгааг хангахгүй.
Ялангуяа даяаршиж байгаа энэ орчинд нэг хэсэг нь түрүүлж яваа гэдэг, үнэхээр
тийм. Тэр хэсгийнхээ бүх юмыг шүтэх үзэлд хэт автаад байх юм. Бид нар гэхэд нэг
хэсэг Оросын соёлыг, Оросоор дамжаад Европын соёлыг шүтэж 40, 50 жил
явсан. Тэр хооронд тэр зүгийн үгсийг энгийн яриандаа хүртэл их хэрэглэх болсон.
Энэ нь цаг үетэйгээ нийлж яваагаа нотолж байгаа юм уу, эсвэл гадаад хэлтэй хүн
болж зэрэг зиндаагаа харуулж байгаа юм уу, мэдэхгүй.
Достоевский шиг билээ дээ, нэг мундаг хүний үг байдаг юм.
Манайхан энэ Европын хүмүүстэй гар барихаараа л өөрийнх нь зиндаа дээшлээд
явчихаж байгаа юмшиг сүйд болох юм гэж. Бид нарт ч иймэрхүү синдром байгаад
байх шиг байгаа юм. Одоо ч харахад Эрээн явдаг нь хятад, Сөүл явдаг нь
солонгос үг их шургуулаад л байгаа. Яах вэ, өнөөдөртөө хэл амаа хурдан ололцох,
эсвэл гадад үг хэрэглэж өндөр дээд зиндаагаа мэдрүүлж байвал хамаагүй л дээ.
Гэтэл харамсалтай нь, муу үр дагавар нь алсдаа их. Тарьж байгаа үр нь алсдаа
үндэснийхээ хэлийг тээрэмдэх хогийн ургамал үржүүлж байгаагаас ялгаагүй. Тэгсэн
хэрнээ алс хол суугаа малчин хүнийг ийм энгийн үг, бараг монголжсон үг
мэдэхгүй, хөдөөний хоцрогдсон гэж ад үзэх маягтай. Гэтэл үнэн хэрэгтээ
тэр алс хол, жалганд байгаа малчин хүн бол харин ч эх хэлээ манаж, монгол
хэлнийхээ амт, шимт, шүлтийг жинэхэнэ хадгалж байгаа хүн юм шүү дээ.
-Хэл чухал нь мэдээж. Гэхдээ даяаршиж, дэлхий нийтээрээ
бүгд англи хэл сурч байхад бид хойшоо ухарч монгол бичигтэйгээ зууралдлаа гэх
нь нэг талаас бас үнэний ортой биш үү.
-Нэг хүн хэдэн ч хэлийг сурч болох бөгөөд чадаж байна.
Тэрэнтэй адилаар нэг хүн хэдэн ч бичигтэй байж болох бөгөөд чадна. Түүний нэг
нь үндэсний бичиг нь байх бүрэн боломжтой. Даяаршлын эринд ухарлаа,
өнгөрсөн хорвоотой ноцолдлоо гэдэг бол туйлшрал. Даяаршил гэдгийн хамгийн
аюултай юм нь мань шиг жижиг үндэстнүүдийг зүгээр л хүүхэлдэй болгочих гээд
байгаа юм. Хүүхэлдэй болох нь үзэгдэж байгааг жижигхээн жишээнээс харагддаг.
Харийн янз бүрийн үг хэлийг монгол хэл мэт хэрэглэх, дуу хуурыг нь дуулаад
шүтээд явах нь нэг талаас оюун санааны салхи эзэмдээд эхэлсэн гэсэн үг. Ахуйн
төвшинд хэрэглээгээ хар. Энд муу юм байхгүй л дээ. Гэхдээ ингэж явсаар явсаар,
үндэснийхээ түүх соёлыг гээсээр, хэрэггүй, хоцрогдсон гэж орхисоор явбал хожмын
нэг өдөр биднийг монгол гэдгийг юугаар нь нотлох юм бэ. Хар үс, том хацар,
онигор нүд монгол гэдгийг батлахгүй шүү дээ. Тэгэхээр үндэстнийг
үндэстнээр нь, ястанг ястнаар нь харуулдаг юм бол тэр хүний үүлдэр угсаа биш,
ерөөсөө л хэл соёл нь. Тэрний цаана зан заншил, үүх түүх нь дэвсгэр болно л
доо.
-Тэгэхээр ухралт, хоцрогдол энд байхгүй гэсэн үг үү
– Хэрвээ монгол хэлээ хуулиар хамгаалж, үндэсний бичгээ
сэргээж хэрэглэх нь зарим хүний үзэж байгаагаар хоцрогдол юм бол миний хувьд
даяаршлын хүүхэлдэй болж урагшаа явж байснаас, Монголоороо хоцрогдож байсан нь
хамаагүй дээр. Яагаад гэвэл бид нар өөрийгөө Монгол гэж хэний ч өмнө омог
бардам хэлэх хэдхээн юмтай. Тэдний нэг нь хэл, хэлийг тээж яваа үндэсний бичиг.
Даяаршлын салхинд тэртэй тэргүй хар аяндаа автагдах юмнууд бидэнд бий.
Тэрийг сөрж, сөрдөггүй юмаа гэхэд байрандаа бат зогсч байх дархлаагаа бид
өөрсдийн хэл, хэлийг тээж байгаа бичиг үсэг, соёл, үүх түүхээр л бий
болгоно.
-Тэгвэл танд энэ хуулийн сул тал гэж юу анзаарагдав, тийм
юм байна уу
-Хууль бол нэн чухал. Хэл, үндэсний бичгийг хэн яаж
хариуцахыг төрийн төвшинд овоо хуваарилж өгсөн байна лээ. Засгийн газар, аймаг,
орон нутагт гэх мэтээр. Хууль бол тов тодорхой, яг хэрэгжүүлэх заалтууд л байх
ёстой. Гэтэл Монгол хэлний тухай хуульд тунхаглалын чанартай, тийм амьсгаатай
заалтууд нэлээн байна гэж харж байгаа юм.
Чи уншсан байх, саяхан манай энэ УИХ зүгийнхэн хуулиудынхаа
хэрэгжилтийг шалгаж хянаж нэг судалгаа гаргажээ дээ. Ямар хэмжүүр, шалгуур
ашигласныг мэдэхгүй. Гэтэл хэрэгжилт нь 30-70 хувь гэж гарсан байна. Зарим
хуулийн хэрэгжилт 30, заримынх нь хэрэгжилт 70 хувь байх нь. Энэ бол төр маш
сулхан байгаагийн илэрхийлэл. Төр хэзээ хүчтэй байдаг вэ гэвэл 10 хуультай гэж
үзвэл тэднийгээ бүгдийг нь 100 хувь хэрэгжүүлж чаддаг байвал л хүчтэй. Түүнээс
бус, 30 хувийн хэрэгжилттэй 1000 хуультай байх нь хүчтэй төрийн шинж биш.
-Нөгөө талаас наадахь чинь тухайлсан нэг хуулийг 100 хүн
тутмын 30 нь биелүүлдэг, үлдсэн 70 биелүүлдэггүй гэсэн дүн юм биш үү.
-Нээрээ тэгж ч байгаа юм уу, ерөөсөө сайн ойлгохгүй юм.
Хууль бол бүх заалт нь 100 хувь хэрэгждэг, тэр хуулийг 100 хүн байлаа гэхэд
зуугуулаа биелүүлдэг л байх ёстой. Саяын судалгааг аль ч талаас нь харсан
хуулийн хэрэгжилт тун базаахгүй байгаа хэрэг. Саяын баталсан Монгол хэлний
тухай хууль огт хувийн биелдэггүй, биелүүлдэггүй хэсэгт орчих вий л гэж би
санаа зовж байгаа.
-Уг нь орж болохгүй, тийм үү
-Тийм байлгүй яах вэ. Бүх заалт нь эзэнтэй юм билээ л
дээ. Харин хуулийнхаа хэрэгжилтийн дүнг Ерөнхийлөгч дээр овоолчихсон байна лээ.
Тэгээд Ерөнхийлөгч дүнгээ УИХ-д тайлагнах юм гэнэ. Манайхан чинь дарга шүтэх
үзлээсээ салаагүй. Хамгийн өндөр дээд албаны тушаалтан дээрээ аваачаад
зоочихвол сайн гэж бодсон шиг байгаа юм. Ерөнхийлөгчийн засаглалтай бол өөр хэрэг.
Гэтэл манайх өөр. Энийг би Монгол хэлний тухай хуулийн дутагдалтай тал
гэж байгаа юм. Яагаад гэвэл, Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалын нэг элемент мөн л
дөө. Гэхдээ энэ мэт бодлогыг жинхэнэ хэрэгжүүлэгч нь Зсагийн газар байх ёстой.
Засгийн газраас, түүний салбар яамдаас хөндийрүүлж ерөөсөө болохгүй. Монгол
хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хянах нь Ерөнхийлөгчийн ажил ерөөсөө биш. Энэ
хуулийн биелэлт, хэрэгжилтийг аймаг нь сумтайгаа, яам нь аймагтайгаа, Засгийн
газар нь яамтайгаа, УИХ нь Засгийн газартайгаа хариуцлага тооцох байдлаар хянаж
явах ёстой. Ерөнхийлөгч УИХ-д ажлаа тайлагнана гэнэ. Сая мэдээ харвал
Ерөнхийлөгч ажлынхаа тайланг УИХ-д хүргүүлсэн л юм байна. Гэтэл миний мэдэхээр
Ерөнхийлөгчийн ажлын тайланг сонсч, хэлэлцэж байсан удаа УИХ-д байхгүй. Байлаа
ч, та яагаад Монгол хэлний тухай хуулийг муу хэрэгжүүлэвээ гэж асуух, буруутгах
эрх байхгүй. Яагаад гэвэл Ерөнхийлөгчийн хийх ажил биш учраас.
-Монгол бичгийг сургуулиудад нэлээд эрчтэй заахаар
боллоо. Ингэж заалаа гээд монголчууд бид бүгдээрээ монгол бичигтэн болох
боломжтой юу
-Зургадугаар ангиас нь заана гэж хуульчиллаа. Энэ бол монгол
бичгийн хичээл нь нэгэн зүйлийн туслах хичээл байнаа л гээд хуульчилчихаж
байгаа юм. Энэ харамсалтай. Гэхдээ яах вэ, өнөөдрийн аргагүй байдлаа
бодоод зургадугаар ангиас нь идэвхтэй заагаад их дээд сургуульдаа бас сайн
үзээд, төгсч байгаа бүх хүн л монгол бичгээрээ уншиж бичиж чаддаг болоод л
байвал нэг талаар бас болохгүй ч юмгүй л дээ. Нийтээрээ монгол бичигт шилжих нь
нэг их төвөггүй болно. Тэр хооронд огт мэдэхгүй мань мэт нь бурхан болоод
явчихна шүү дээ.
-Нийтээрээ монгол бичигт шилжих нь 2025 он гэх хуулийн
заалт боломжтой хугацаа юу.
-Хууль бол төрийн бодлогын илрэл. Бодлого бол харилцан
тохиролцоон дээр л явна шүү дээ. Өнөөдрийн энэ монгол бичиг, эс монгол бичиг
гэсэн хоёр хүчний тохиролцооны дундаас нэг ийм хуультай болж чадлаа, ямар ч
гэсэн. Энэ тохиролцооны хамгийн өрөвдөлтэй хэлбэр, хэсэг нь энэ 2025 он гэдэг
хугацаа. Ийм хугацаа огт байхгүй байсан бол монгол бичгийн талынхан том ялагдал
хүлээх гэж байгаа ч юмшиг. 2025 гэж хугацаа заасны хүчинд эс монгол бичиг гэдэг
нөхдөө давж байгаа ч юмшиг. Маний дараа галав юүлсэн ч хамаагүй гэж Европ
зүгийн нэг үг байдаг даа. Тэрэн шиг эс монгол бичиг гэж байгаа нөхдүүд болохоор
хуулийг нь унагаж чадаагүй ч гэсэн хэрэгжүүлэх хугацааг хойш шидчихээр болчихож
байгаа ч юмшиг л хачин зураг зурчихлаа. Хэрвээ энэ 10 жилд нь хуулийн заалтыг
засаглалын бүх байгууламж жигд хэрэгжүүлээд явбал болох байх аа. Тэгэхдээ 2025
он гэдгийг их ухаантай талаас нь тайлбарлавал 10 жилийн дараахийг харсан алсын
мундаг бодлого юмуу гэмээр. Гэтэл өнөөдөр чинь бид 10 жил битгий хэл,
хойтонгийн юмаа мартчихаад яваа шүү дээ. Сонгуулиас сонгуулийн хооронд салан
баавгайн үлгэр шиг л өмнөх засгийнхаа бордлогыг гээгээд яваа. Бидний ингэж
мартдаг, салан баавгай шиг орхидог зан дунд 20125 он гэдэг хугацаа
тээрэмдүүлээд дуусах вий л гэдгийг, тээрэмдүүлэхгүйн тулд яах ёстойгоо төр
өөрөө одоооноос бодох л хэрэгтэй.
-Төрийн албан хэргийг монгол бичгээр хөтөлнө гэсэн заалт
бий. Бас төрийн албан хаагчдаас монгол бичгийн шалгалт авна гэж байгаа. Энэ хэр
зөв бэ
-Энэ их зөв. Хуулийг албадаж хэрэгжүүлэх ёстой гэдэг чинь
энэ л дээ. Ер нь монгол бичгийг, үндэснийхээ бичгийг төрийн бичиг болгох ёстой.
Хэрвээ тэгж чадвал төрийн бичгээ мэдэхгүй төрийн албан хаагч гэж байж
таарахгүй. Төрийн албан хаагч бол үйлийн үргүй энэ бичгээрээ уншдаг бичдэг л
байх ёстой.
-Хуультай боллоо гээд хэрэгжүүлэхэд бас учир дутагдал
байна. Хэрэглээ, хэрэглэх орчин одоогоор алга
-Орчныг бүрдүүлэх нь Засгийн газрын ажил. Хаяг хадахаас
эхлээд явах юм билээ. Гэхдээ юу гэсэн байв аа, байгууллагатай нь зөвлөлдөж байж
шийднэ гэсэн байсан уу. Хуулийг тэгж асууж байж хэрэгжүүлдэггүй юм. Нэг их
ардчилсан болох гэх хэрэггүй. Энд би гурван зүйл хэлье. Нэгд, аливаа төр
бодлогоо гаргаад тэрийгээ хуульчилсан бол хуулиа хүчээр хэрэгжүүлдэг байх
ёстой. Хүчээр гэдгийг би хашилтан дотор хэлж байна шүү. Махан хүчээр биш,
хуулийнхаа хүч, сүрээр гэсэн санаатай юм. Хоёрт, хэрэглэх орчныг бүрдүүлэх тал
дээр сургуулиуд олигтой ажил хийх хэрэгтэй. Хэрээ би мэддэгсэн бол монгол хэл,
монгол бичгийн багш нарт зориуд нэмэгдэл цалин олгомоор байгаа юм. Ганц
сургууль ч биш, үе үеийн Боловсролын сайд нар монгол бичиг дээр нэг бол бүүр
эсрэг, нэг бол их халирхай бодлоготой хүмүүс таардаг юм. Үе үеийн Боловсролын
сайд бол монгол бичгийг дэлгэрүүлэх бодлогыг популист утгаар үл дэмжигчид
байсан. Сайд нь тийм байхаар сургууль дээрх багшийн сэтгэлзүй монгол
бичгийн хичээлийг заах дургүй талдаа. Багш нар нь дурамжхан учраас хүүхдүүдийн
сурах идэвх тааруу талдаа. Одоо цаашид шалгалт шүүлэг авна гэхээр энэ нь жаахан
засарч магадгүй юм. Яамнаас нь за яах вэ, та нар заавал за гэсэн байдлаар
хандахаар ямар багш л улайраад л зүтгэх вэ дээ. Багш нь хүчлэхгүй болохоор
хүүхдүүд нь тангад ном сурах гэж байгаа аятай л халирамхай яваад байна гэж би
таадаг юм. Тэгэхээр гуравт, үндэсний бичгээ сурах, түгээн дэлгэрүүлэхэд монгол
хүн бүр зүтгэл гаргахаас гадна боловсролын сайд, багш, сурагч гурав хандлагаа
өөрчлөх хэрэгтэй. Энийг жаахан засах, өөрчлөхөд Ерөнхийлөгчийн зарлиг,
саяын хууль жаахан нэмэр болох байх.
-Ер нь энэ хуулийг эсэргүүцэгчид нэлээн бий. УИХ-ын
гишүүн хүртэл баталсан хуулиа “энэ хэрэгжихгүй ээ” гэж бүр ил тод хэлж
байна лээ
-Тийм үү. Тэгвэл тэр гишүүн чинь хууль биелүүлдэггүй
нөгөө долоон нөхрийн нэг ч байж магадгүй. Ганц нэг хувь хүмүүсээс гадна зарим
хэвлэл хүртэл энэ хуулийг, монгол бичгийг их хүчтэй эсэргүүцэж харагдсан. Тэдэн
дунд нь соёлын гавьяат зүтгэлтэн хүн ч байх шиг. Өөрөөр хэлбэл, төр
соёрхсон Соёлын гавьяат нь соёлоо эсэргүүцэж байна ч гэх юм уу. Би мэдэхгүй юм
чинь тийм юм байх ёсгүй гэж асуудалд хандаж болохгүй. Эсвэл тэрүүгээр яах юм
бэ, болоод л байна ш дээ гэж хоног төөрсөн бодол энд хэрэггүй. Сайн юманд садаа
мунддаггүй учраас энэ байтугай эсэргүүцэл байхыг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь
төр бодлого гаргасан бол тэрийгээ албадан хэрэгжүүлэх ёстой. Хуулийн хүч
бол батлахдаа биш. Хуулийн хүч бол хэрэгжүүлэхдээ байдаг юм. Хууль бол төрийн
өөрийнх нь ном сургааль. Тийм учраас энэ ном сургаалиа хэрэгжүлдэг ухаан төрд
өөрт нь байх ёстой. Хуулийг хэрэгжүүлээгүйн төлөө хэрэгжүүлэх ёстой албан
тушаалтнуудтай нь хариуцлага тооцдог, хэрэгжүүлэх үүрэгтэй хүмүүсийнхээ
“халаас”-тай нь ярьдаг гэх мэт аргууд аль ч нийгэмд байдаг.
- Монгол хэлний тухай хуулийн төсөл дээр таны оролцоо
байсан уу. Зөвөлгөө өгөх, ажлын хэсэгт орох гэх байдлаар оролцоо байсан уу
-Байхгүй ээ. Би энэ хуулийг эчнээгээр дэмжиж байсан. Хэрэг
дээрээ орсон байлаа гэхэд миний үгийг авах ч юм уу, үгүй ч юмуу, мэдэхгүй.
Жишээ нь, орсон байлаа гэхэд засаг мэдэх ёстой хяналтыг Ерөнхийлөгч дээр
овооллоо гэж би эсэргүүцнэ. Тэгэхдээ л би энэ хуулийг талархан хүлээж авч
байгаа. Харин хөгийн нь, зарим хүн үндэснийхээ бичгийг сурахгүй, хэрэггүй гэх
маягтай маргаад байх шиг байгаа юм. Тэр нь мэдээж цөөхөн байх л даа. Бас үеэ
элээсэн эд ч гэв үү дээ. Энэ нөхдийг эрүүл үү, эрүүл бус уу гэж яривал таарна.
-Шинэ бичгийг, крилл бичгийг дэмжих хороо гэж
байгааууллага эсэргүүцсэн л дээ
-Тийм хороо байж болохыг үгүйсгэхгүй. Нээлттэй нийгэм шүү
дээ. Энэ хорооны улс өөрсдийгөө ухаантай гэж үзэж байгаа юм. Ухаантай улс чинь
өөрийнхөө үзэл бодлыг нийгэмд тулгах ёсгүй л дээ. Үнэнийг гагцхүү өөрсдөө
эзэмшиж байгаа мэтээр манийх үнэн, бусдынх худлаа гэдэг бол ухаантайн шинж биш.
Хэрвээ ухаантай л юм бол нийгэмд үзэл бодлоо тулгах ёсгүй. Бас энэ улсын иргэн
мөн л юм бол төр нь бодлогоо гаргаж байхад тэр бодлогыг хэрэгжих ёстой гэж
үздэг байх ёстой. Хэрвээ буруу хууль гарлаа, буруу заалт орлоо гэж үзэж байгаа
бол хуулийн хүрээнд асуудлаа тавьж, хуулийн хүрээний аргаа ашиглах л
ёстой. Одоо чинь сүүлийн үед очиж жагсаад л, эсвэл би хоол идэхгүй гээд
суучихдаг болж. Тэгж болохгүй л дээ. Хүн солиотой зүүдэлж болно. Харин тэр
солиотой зүүдээ хорвоогийн үнэн гэж бат нот боддог, тэрийгээ бусаддаа тулгадаг
хүнийг юу гэх вэ.
-Энэ хуулийн нууц ноёнтон нь Гомбосүрэн, ийм муухай хууль
батлууллаа гэсэн байна лээ.
-Тэдний нүдээр л муухай болохоос энэ бол Монголыг монголоор
нь авч үлдэх хууль. Одоо манайхан монгол дээлээ өмсцгөөе гээд овоо газар аваад
байх шиг байна. Тэгвэл монгол бичгээ хэрэглэцгээе гэдэг бол энэтэй чинь л утга
дүйх юм шүү дээ. Хэрвээ энэ хууль дээр нууц ноёнтон гэж байгаа бол их эрдэмтэн
Ренчин, Чой.Лувсанжав гэж мэргэдийн сүнс л байгаа байх. Өнөөдөр ийм бодлогыг
явуулах гээд байгаа тархины эргүүлгийг зөв залж байгаа нь тэдгээр их мэргэдийн
сүнс л байх.
-Гэхдээ та крилл үсгийг үгүйсгэхгүй биз дээ
-Би бол хорвоог таньж мэдсэн шинэ үсгийг ад үзэхгүй л
дээ. Монгол нүүр царайгаа л эргэж олъё гэж байгаа юм. Монгол бичгээр бичсэн
сургааль ном цөөхөн, хамаг нь шинэ бичиг дээр байгаа. Бид крилл үсгийг үгйсгэж
ерөөсөө болохгүй. Энэ бол хуучин ЗХУ-ын дарлал мөлжлөг, шахалт ч биш. Бид нар л
өөрсдөө энэ үсэг рүү шургаж орсон. Шургаж орсны хүчинд улсныхаа тусгаар
тогтнолыг зохих хэмжээнд хадгалж явсаар 1990 онтой золгосон. Өнөөдрийн
соёл иргэншил, боловсрол, хөгжилд хүрэхэд крилл үсэг үгүйсгэхийн аргагүй түүхэн
үүрэг гүйцэтгэсэн.
Бид чинь 1990 он хүртэл үндсэндээ эрлийзсэн явлаа. Толгой,
тархи нь. Тэрхүү эрлийзээ л гаргах тухай яриад байгаа юм шүү дээ. Саяын ярьдаг,
крилл үсгийг хамгаалах хорооныхон бол эргэлт буцалтгүй эрлийзсэн, бүр
хурлийзсан ардууд байна. Тэрэндээ хэт автаад өөрийнхөө л түмэн зөв гэж үзээд
үндэснийхээ бичиг соёлыг ангийн дайсан мэт ад үзэж байгаа бололтой юм. Тэд бол
эрлийз буюу эргүү нь гарахгүй ардууд байна. Би өөрийгөө эрлийзсэн этгээд гэдгээ
мэдэж байгаа. Гэхдээ энэ эргүүнээсээ гарах ёстой гэдгээ ч ойлгож яваа нөхөр.
Над шиг хүн цөөхөн биш гэдэгт итгэдэг. Хэрвээ бид нар энэ эрлийзээсээ
гарахгүй бол, дээр нь энэ эрчтэй даяаршил нэмэгдвэл юун хурлийз. Үхрээр бол бүр
ортоом болно биз дээ. Хамгийн гол нь эрлийзснийхээ цаана буй коммунист
сэтгэлгээ, коммунист суртлаасаа салах ёстой юм. Бидний салах гээд байгаа
коммунист сэтгэлгээг тээж ирсэн нь шинэ буюу крилл үсэг. Үндэснийхээ бичигт
шилжинэ гэдэг нь крилл бичгээ таягдан хаях гэж байгаа хэрэг биш шүү дээ.
Таягдан хаях юм нь коммунист сэтгэлгээ л байх.
-Үндэсний хэлээ хамгаалсан бодлогогүйгээс хэл нь мөхсөн,
хэлнээсээ болоод үндэстэн нь мөхсөн жишээ байдаг уу
-Тарчихсан, үндэстэн ястан байтугай, улс гэх газаргүй
болчихсон ардууд буцаж үндэстнээ байгуулаад, алга болчихсон бичгээ эргэж
сэргээгээд өнөөдөр дэлхийн хөгжлийг хошуучлагчдын тоонд орж яваа улс
гэвэл жишээ нь Израйль л даа. Нутаг дэвсгэргүй болчихсон, хорвоогоор нэг
тарчихсан явсныг нь их гүрнүүд ойлгоод нутаг зааж өгсөн. Тэд хэрвээ улс юм бол
үндэсний бичгээ сэргээнэ гээд 100 жил хэрэглээгүй бичгээ буцааж аваад өнөөдөр
ийм өндөрлөгт хүрч явна.
-Еврей нар ч айхтар л даа
-Еврей нарыг ухаантай л гэдэг. Гэхдээ бид еврей нарт яаж
хүрэхэв дээ гээд өөрсдийгөө хаяанд, үнсэнд хаясан шалз мэт байгаад байж
болохгүй. Үгүй яасан, нөгөө дэлхийн талыг эзэлж байсан, хорвоог донсолгож явсан
түүх маань. Зуун жил битгий хэл, саяхан орхисон бичгээ сэргээгээд явахад
болохгүй, бүтэхгүй зүйл ерөөсөө байхгүй.
No comments:
Post a Comment