Monday, October 12, 2015

Харвардад зөвшөөрөгдсөн монгол бүсгүй

Дэлхийн химийн инженерчлэл, био-инженерчлэлийн салбарт сонирхолтой, шинэлэг судалгаагаараа хэдийн танигдсан залуу доктор, Харвардын Анагаах Ухааны Их Сургуулийн оюутан Бямбаагийн Батзаяатай ярилцлаа.



-Юуны өмнө өөрийгөө уншигчид танилцуулж болох уу?
-Би 2004 онд “Шинэ Монгол” сургуулийг төгссөн. Төгсөөд Японы Чиба их сургуульд химийн инженерчлэлээр бакалавр болон магистраа хамгаалсан. Дараа нь, 2013 онд Токиогийн их сургуульд мэргэжлээрээ докторын зэрэг хамгаалсан. ОдооХарвардын Анагаах ухааны сургуульд докторын дараахь сургалтад суралцаж байгаа.
- Яагаад заавал химийн инженерчлэлээр сурах болсон юм бэ?
-Би био химийн салбарыг илүү сонирхдог. Ургийн нийлүүлжилт цэвэршилт, эсвэл амьтны гаралтай ургамлын хандыг боловсруулж бүтээгдэхүүн хэрхэн гаргаж авах талаар нэлээд судалдаг. Хааяа боддог юм. Хэрвээ их сургуулиа төгсөөд шууд Монголдоо ирж ажиллаж амьдарсан бол Био технологийн үйлдвэр байгуулах байсан болов уу гэж.
-Тэгэхдээ үргэлжлүүлэн суралцах сонголт хийсэн байна?
-Тэгсэн. Их сургуулиа төгсөөд Токиогийн их сургуульд илүү нарийн мэргэжлийн, эмнэлгийн чиглэлээр мастерт суралцсан. Магистрынхаа ажлыг маш сонирхолтой сэдвээр хийж, амжилттай төгссөн. Хүний геномын мэдээллийг уншиж, хооронд нь солих боломжтой эсэхийг судалсан. Геномын програмчлалыг шинээр бичсэн гэж ойлгож болно. Энгийнээр тайлбарлавал, 1990-ээд оны үед хуруу шилнээс хонь гаргаж авсан судалгааг эрдэмтэд хийсэн шүү дээ. Үүнтэй ижил төстэй судалгаа л даа. Хүний генээс хуруу шилний аргаар хүн төрүүлж болно, хүн заавал эхээс төрөх шаардлагагүй юм байна гэдгийг судалж гаргасан. Судалгааны ажлын маань гол зорилго хүний царай төрх, эд эрхтнийг өөрчлөхөд биш юм. Хүн төрөлхтний дунд байгаа удамшлын өвчин, атомын бөмбөг, хорт бодисоор хорддог удамшлын гений өөрчлөлтийг эмчлэхэд хэрэгтэй гэдэг үүднээс судалгааг хийсэн.
-Хүний удамшлын өвчнийг генийн төвшинд нь эмчилдэг болно гэсэн үг үү?
-Ер нь тэгж ойлгож болно. Хүний генд ямар нэгэн өөрчлөлт орсон л бол удамшдаг. Хэдэн үе дамждаг. Ийм өвчнийг удамшуулахгүй зогсоох, эмчлэх арга байна уу, үгүй гэдгийг батлах нь судалгааны ажлын гол зорилго байсан.
-Тэгээд судалгааны үр дүн ямар гарсан бэ, дэлгэрүүлж ярихгүй юу?
-Судалгаа хийх явцдаа хүний генийг жижиг эсүүдэд хувааж, хоорондын байрлалыг нь сольж үзсэн. Хүлээж байснаас тэс өөр үр дүн гарсан л даа. Байшинг тоосгоор барьдаг даа. Тоосго бүрийг хүний ген гэж үзье. Тоосгоны болон өрлөгийнхөө хэлбэрийг өөрчилж янз бүрийн дүрстэй байшин барьж болдог. Үүн шиг хүний генийн жижиг хэсгийг хооронд хольж солиход янз бүрийн хэлбэр хэмжээтэй, үйлчилгээтэй хүн болон амьд биеийг гаргаж авах боломжтой нь нотлогдсон. Би ер нь хүний генийн жижиг эсүүдийг хооронд нь солиход ямар функц, ямар өөрчлөлт гарах туршилтыг их хийдэг байсан. Жишээ нь, та бид хоёрын генийг хооронд нь солиход тэс өөр хүмүүс бий болдог. Гол санаа нь хүний бүх геномыг хянах боломжтой болно гэсэн үг. Хүүхэдтэй болох гэж байгаа бол хүүхдийнхээ бүх функцийг хянаж, тухайн хүүхдийг эхээс төрөхөөс өмнө генийг нь програмчилна. Эцэг эх нь шинэ хүүхдээ цэнхэр нүдтэй байгаасай, өндөр нь 75 метр байгаасай, шар үстэй, урт хөлтэй байгаасай гэж бодож байгаа бол тэр бүхнийг төрөхөөс нь өмнө генийн төвшинд програмчилна. Тэгээд хүүхэд маань захиалсан “үзүүлэлттэй” төрөх үү, үгүй юү гэдгийг шалгах судалгаа. Энэ чиглэлийн маш сонирхолтой санаанууд дэлхийн анагаах ухаанд байдаг. 2003 оноос эхэлж энэ чиглэлийн судалгааны олон улсын тэмцээн болдог болсон. Энэ хэмжээгээр биологийн туршилт илүү их хийгддэг болсон.
-Компьютерийн программ бичдэг шиг л генийг нь програмчилж хүүхдээ захаилна гэсэн үг үү?
-Хүний генийг судалж, ерөнхий дизайныг зохионо. Хүний нэг геномын прожект гэж байдаг. Тэгэхээр хүний геномыг судлахын ген тус бүрийн прожектыг судална гэсэн үг. Цэнхэр нүдтэй болгохын тулд аль ген нь хүний нүдний өнгийг өөрчилдөг, аль нь нүдийг томруулдаг вэ гээд бүгдийг цуглуулж, хооронд хольж, нийлүүлж цогцоор нь судална.
-Нууц биш бол энэ төрлийн туршилтын үр дүнгээсээ хэлж болох уу?
-Туршилтын ажлыг, бас үр дүнг нарийн дэлгэрэнгүй ярьж болохгүй. Би сэлдэггүй амьтны генийг судалж, сэлдэг болгох туршилт хийсэн. Усанд огт сэлдэггүй амьтны эсийн бүтцийг судалж, хольж солих, хуваах зэргээр туршилт хийхэд усанд оронгуутаа шууд сэлдэг, хоорондоо уралддаг болгосон. Энэ бүхнийг сонсохоор зарим хүнд тоглоом шиг санагддаг байх. Надад бол маш сонирхолтой, судалгаа хийх явц нь хүртэл.
-Ийм төрлийн судалгаа дэлхийн анагаах ухаан, ялангуяа Японд их хөгжсөн үү?
-Ер нь бол хөгжсөн. Энэ төрлийн судалгааны ажил, туршилтад ихэвчлэн оюутнууд өөрсдийн гаргасан санаагаар оролцдог. Тэгээд судалгаа, туршилтын үр дүнгээ танилцуулах үеэр дэлхийн том том эрдэмтэд, тэрбумтан, хөрөнгөтнүүдийн төлөөлөл хүрэлцэн ирж сонирхдог. Тэд тэр олон судалгаанаас амьдралд хэрэгжих боломжтой шинэ санааг нь авдаг. Жишээ нь, оюутнуудын судалгааны ажлаас бүх төрлийн батарейг бактериас гаргаж авах санаа гарч, амьдралд хэрэгжүүлэх боломжтой болсон. Заавал ховор металл ашиглаж батарей хийх шаардлагагүй. Хэзээ нэгэн цагт дэлхийн ховор элемент, металлын нөөц дуусна. Тэр цагт дэлхий нийт бактериас гаргаж авсан батарейг хэрэглэх боломжтой болсон. Бактери байнгын үрждэг учраас батарей хийх түүхий эд байсаар л байна. Японд 2008 онд “Био бактери” гэж компани байгуулагдаж, бактериар хийсэн батарей үйлдвэрлэж эхлээд байгаа. Мөн бактерийг ашиглаж хиймэл мах гаргаж авсан. Хэзээ нэгэн цагт хоол хүнсний дутагдал орсон үед дэлхий нийт бактериар мах үйлдвэрлэж идэх боломжтой болсон гэсэн үг. Энэ мэтээр хүний амьдрал, өнөөгийн нийгмийн хэрэгцээг хямд зардлаар бий болгох, орлуулан хэрэглэх санааг шинжлэх ухааны төвшинд баталж, түүнийг нь үйлдвэрлэх компаниуд байгуулагдаж байна.
-Сүүлийн үед Монголд агаарын бохирдол болон бусад олон хүчин зүйлээс шалтгаалж гаж хөгжилтэй хүүхэд төрж байна гэж ярих боллоо. Тэгэхээр түүнийг таны хийсэн геномын судалгаагаар засах боломжтой юу?
-Засах боломжтой. Гэхдээ энэ төрлийн эмчилгээ маш өндөр өртөгтэй. Хүний геномыг мэдсэний дараагаар тухайн удамшлын өвчтэй хүүхдийн геномыг уншиж, судлах хэрэгтэй болно. Үүний дараа ямар геном нь алдагдсаныг тодорхойлно. Бас их хүнд төрлийн эмчилгээнд тооцогддог. Генийх нь тасарсан бүх хэсгийг засна. Хэрвээ хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдвэл болох л асуудал. Хоёр эс нийлээд нэг ген буюу хүн болж төрдөг. Гэтэл тэр геномын дараалал нь хороондоо төстэй гарч ирж байгаа функцийг л гаж гэж нэрлээд байгаа юм. Анагаахын хэллэгээр гаж гэж хэлэхгүй. Хүн үүсэх боломжтой шинэ хувилбарууд илэрч байгаа бөгөөд био болон химийн талаас нь харвал боломжтой хувилбар. Цус ойртох, эсвэл ямар нэгэн химийн бодист хордож гаж хөгжилтэй хүүхэд төрөхөд, дахиад цаашаа гаж хүүхэд төрөх удамших магадлал нь маш өндөр. Үүнийг таслан зогсоохын тулд энэ төрлийн судалгааг ихээр хийдэг болсон.
-Хүний геномын судалгаа таны магистрын ажил уу?
-Тийм ээ.
-Маш сонирхолтой санагдаж байна. Докторын судалгааны ажлаа үүнээс ч илүү сонирхолтой сэдвээр хийсэн байх гэж бодогдож байна?
-Миний хувьд судалгаа бүр л сонирхолтой. Докторын судалгаагаа МРС технологи гээд био материал талдаа хийж байсан. Аливаа хиймэл эрхтнүүдийг хүний биед оруулахад тухайн бие түүнийг гаднын эрхтэн гэж хүлээж авдаг. Хүний дархлааны систем маш нарийн учраас гаднын биет орж ирэхэд хүний биеийг хамгаалдаг эсүүд хоорондоо зодолдож эхэлдэг. Үүнийг шийдэхийн тул миний докторын ажлын удирдагч профессор Ишихара Казүхико гэж нэртэй эрдэмтэн MPC хэмээх өндөр молекулт нэгдэл гаргасан. MPC-ээр бүрэлдсэн материалыг хүний биед хиймэл эрхтэн болгож суулгахад ямар нэгэн харшил, эсэргүүцэл үүсгэдэггүй. Жишээ нь, хиймэл зүрхийг МРС-ээр бүрэлдсэн материалаар бүрж хүний биед оруулж ирэхэд эсүүдтэй нь ижилхэн, тухайн хүний бие гаднын биет гэхгүйгээр хүлээж авдаг. Нэг ёсондоо хүний биеийг хамгаалдаг дархлааны систем бүхий “хил, цэрэг арми, цагдаа” нь хууртагддаг. Докторын ажлаа энэ сэдвээр хамгаалсан. Яг энэ судалгаа, нээлтийн патентыг багш маань 1990 онд авч, Японд энэ чиглэлээр том компани байгуулсан. Зөвхөн Японд л МРС технологийг үйлдвэрлэж гаргадаг. Нэлээд өндөр өртөгтэй. Нэг грамм нь 10 мянган иений үнэтэй. Одоо анагаах ухаан, эрүүл мэндийн салбарт маш өргөн хэрэглэдэг болсон. Контакт линзний газрууд МРС технологийн ашиглахгүй бол тухайн бүтээгдэхүүн нь нүдэнд харшил өгч, хэрэглэж болдоггүй. Ер нь бүх хиймэл эрхтнийг хүний биед суулгахын тулд дээрх бодисыг ашиглаж байгаа. Нүдний болор, улаан хоолойн хавдрын эрхтнийг 100 хувь хиймлээр хийдэг болчихсон. Харин таван цулын эрхтэн буюу зүрх, уушги, бөөрийг хиймлээр хийхэд амь насны баталгаа нь цөөн жилээр хэмжигдэж байна. Энэ нь хоёр шалтгаантай. Амьгүй эрхтнийг амьтай эрхтэнтэй нийлүүлж байгаа учраас бүх механизмыг бүрэн хянаж чадахгүй байгаа. Тиймээс голдуу туршилтын эмчилгээ хийж байгаа. Тухайн хүний биологийн онцлогийг 100 хувь хянах боломж байдаггүй. Заримд нь таарч байхад, заримд нь таарахгүй хорт хавдар болж хувирдаг. Хоёрдугаарт, хүний дархлааны систем өөрөө өөрийгөө хамгаалж биедээ тухайн хиймэл эрхтнийг хүлээж авахгүй бол буцаахаас өөр аргагүй. Энэ хоёр шалтгаанаас болж практик дээр амжилтгүй болох магадлал бий. Харин онолын хувьд бүх зүйл нь боломжтой. Жишээ нь, хиймэл зүрх буюу төмөр зүрх суулгахад 5-10 жил амьд явах баталгаа өгдөг. Харин эсээр хийсэн, ургуулсан зүрхийг суулгахад 1-3 сарын баталгаа өгдөг. Баталгаат хугацаа бага байгаа учраас эмчилгээ хийхэд хэцүү. Нөгөө талд энэ төрлийн эмчилгээний зардал маш өндөр. Өвчин нь хүндэрсэн, эдийн засгийн хувьд чадавхтай хүн л энэ эмчилгээг хийлгэнэ.

-Таны ярьснаас үзэхэд анагаахын салбар ирээдүйд хүнийг өвчнөөр үхүүлдэггүй болох юм байна гэж бодлоо. Анагаахын талаас тийм боломжтой юу?
-Онолын хувьд хүн үхэхгүй байх боломжтой. Хүний уушги гэмтлээ гэхэд солиулж залуу уушги хийлгэх, бөөр нь гэмтэж өрөвсөлд ороход бөөрөө солиулна, зүрх нь хөгширсөн бол зүрхээ солиулах боломжтой болж байна. Сүүлийн үед эд, эсийн инженерчлэл косметикийн салбар руу хүчтэй нэвтэрч, хамгийн их ашиг, мөнгө олох боломжтой салбар болон хувирч байна. Арьсаа хөгшрүүлэхгүйгээр байнгын залуу арьстай байх ч боломжтой. Арьсных нь эсээр шинэ эс ургуулж, үргэлж залуугаараа байх боломжтой болсон шүү дээ, одоо.
-Докторын сургалтынхаа дараа шууд Харвардад явсан уу. Дэлхийн хэмжээний ийм том сургуульд элссэн тухайгаа ярьж болох уу?
-Токиогийн их сургуульд докторт суралцаж байх хугацаандаа заавал солилцоогоор өөр оронд явж туршлага солилцох шаардлагатай байдаг. Тэгээд би Щвейцарьт нэг жил судалгаа хийхээр явсан. Тэр үед анх удаагаа эд эрхтний инженерчлэл чиглэлээр хүний мэдрэлийн эрхтэн дээр судалгаа хийсэн юм. Нугас нь гэмтсэн хүний бие доогуураа ямар ч мэдээгүй болдог. Тэр тохиолдолд нугасных нь хэсэгхэн газрыг эдгээж, нөхөн сэргээж чадвал мэдээгүй тэр хэсгүүд биеийн бусад хэсэг шигээ эрүүл болох боломжтой. Тиймээс хүний нугасны гэмтсэн хэсгийг хэрхэн эмчлэх вэ гэж судалсан, загварчилгааг гаргасан. Яг энэ төрлийн туршилт, эмчилгээг хүн дээр хийх ямар ч боломжгүй. Хүний тархи, тахианы тархи хоёр бараг ижилхэн бүтэцтэй л дээ. Тиймээс тахианы тархины эсэн дээр туршилт хийж, тархины эс төлжиж, ургах юм байна гэдгийг тогтоосон. Тархины эсүүд хоорондоо мэдээллээ дамжуулахын тулд төлжиж, нэг эсээс олон салаалах шаардлагатай байдаг. Тиймээс нугасанд гэмтсэн эсийг сэргээж, төлжих боломжтой юм байна гэдэг нөхцөлийг судалгаагаараа гаргаж тавьсан. ЭЭнэ судалгаан дээрээ үндэслэн Харвардын их сургууль руу төсөл бичиж явуулсан. Төслийг маань Харвардын их сургууль өндрөөр үнэлсэн.
-Хүний генийг судалж байгаад тархины эд эрхтнийг судлахад хүнд байсан уу?
-Докторын ажлын сэдэв маань тархины эсийн судалгаатай холбоотой учраас хүндрэлтэй зүйл бараг гараагүй. Докторын ажлын удирдагч багшийн маань найз профессор Окано гэж хүн Японд хүний тулгуур эсийг ургуулдаг “Cell sheet”нэртэй компани байгуулсан. Дулаанаар удирдаж хүний тулгуур эсийг ургуулж, төлжүүлэх аргыг нээсэн. Би Окано профессорын нээлтийг илүү нарийвчилж тулгуур эсийг гэрлээр удирдах аргыг нээсэн юм. Одоогоор би хоёр патент эзэмшдэг. Тухайн үед гэрлийн тусламжтайгаар молекулын бүтцээ хувирган өөрчилдөг өндөр молекулт нэгдэл болох PMB-PL нэгдлийг синтезлэн гаргаж авсан. Энэ синтез аргаараа нэг патент, харин PMB-PL нэгдлийг ашиглан тулгуур эсийг гадаргуугаас салгаж авах аргыг боловсруулж хоёр дахь патентаа авч байсан. Энэ төсөл дээр ажиллаж байсан туршлага, Щвейцарьт хийсэн тархи нугасны судалгаагаа ч Харвардын их сургуульд төсөл хэлбэрээр бичиж явуулсан.
-Тэгээд л Харвардаас суралцах урилга ирүүлсэн үү?
-“Таны төсөл их сонирхолтой санагдлаа.Манай сургууль таны судалгаатай холбоотой зардлыг 100 хувь санхүүжүүлнэ” гэсэн хариу авсан. Харвардын их сургууль намайг дэмжсэн өөр нэг шалтгаан бий гэж би хувьдаа боддог. Япон бол хүний эд, эсийн инженерчлэлийн салбараар дэлхийд алдартай, тэргүүлэх орон. Суурь шинжлэх ухааны хувьд Япон улс дэлхийг тэргүүлж байна. Тиймээс Японы эд, эсийн технологийг АНУ-д нэвтрүүлэх зорилгоор намайг сонгосон юм болов уу гэж хааяа боддог.
-Харвардад хэдэн жил сурах вэ. Одоо яг ямар чиглэлийн судалгаан дээр ажиллаж байгаа вэ?
-2013 оноос хойш суралцаж байна. Энэ жилдээ багтаад төгсчих санаа байна. Амжих, үгүй нь зөвхөн надаас л хамаарна. Доктор, пос-докторт орсноор заавал гурван жилийн дотор төгсөх ёстой гэсэн хатуу шаардлага байхгүй. Судалгаа шинжилгээний ажлаа хийж чадаад дуусгах бол богино хугацаанд ч төгсөх боломжтой. Чадахгүй бол хэдэн жил ч хамаагүй үргэлжлүүлэн суралцахаас өөр аргагүй. Харвардад ганцаараа судалгаа хийдэггүй. Бусад суралцагч нартай баг болж хамтарч ажилладаг. Ижил төсөл төстэй судалгаа хийж байгаа маш олон баг бий. Тэгэхээр тэнд хажуугийн хүнээс нэг алхмаар түрүүлж сэтгэж ажиллахгүй бол болохгүй, хоцорно. Маш ширүүн өрсөлдөөн дунд суралцаж ажилладаг. Бүгдээрээ л тэгдэг, би ч адилхан. Хэн түрүүлж сэтгэсэн нь, судалгаа хийсэн нь, баталж чадсан нь патентаа авдаг.
-Сүүлийн үед Монголоос маш олон залуус Харвардад сурч төгсч байгаа. Холын Харвард монголчуудад ингэж ойртсонд монгол хүн бүр баяртай байгаа. Ер нь Харвардын их сургуулийн гол шалгуур нь юу байдаг вэ?
-Миний хувьд хамгийн гол шалгуур гэж миний чадварыг л чухалчилж харсан. Чадвартай л байвал хэнийг ч голохгүй авдаг. Тухайн хүнийг ямар улсаас ирсэн, ямар сургууль төгссөнийг нь үл харгалзан чадварыг л үнэлдэг. Зарим хүний анкетыг харахад 10 улсын хэлээр ярьдаг, дэлхийн мундаг алдартай сургуулийг төгссөн, олон газраас тэтгэлэг авсан, ажлын туршлагатай гэсэн хэрнээ бодит амьдрал дээр сурсныхаа хэргийг гаргаж бүтээсэн нь ховор байдаг. Харин Харвардын их сургууль бодит амьдрал дээр юу хэрэгжүүлж бүтээсэн, юу бүтээхийн төлөө тэмүүлж, судалж байгааг голчлон харддаг санагдсан. Тиймээс миний өнгөрсөн хугацаанд хийсэн судалгааны үр дүн гол шалгуур болгосон байх. Миний англи хэлний төвшин тийм төгс сайнд тооцогдохгүй. Би төсөл бичих хэмжээний л англи хэлтэй. Тэгэхээр намайг англи хэлний мэдлэгээр бус, бүтээл, чадварыг минь үнэлж сонгосон гэж боддог. Хэрвээ хэлний мэдлэг харсан бол би өнөөдрийг хүртэл тэнцээгүй л яваа байх аа. /инээв/
-Судлаач хүн маш олон жил уйгагүй судалгаа хийж үр дүнгээ үздэг учраас их тэвчээр шаардагддаг байх. Та тэр тэвчээрийн ард яаж гардаг вэ, юунаас эрч хүч авч, өөрийгөө хэрхэн хурцалдаг вэ?
-Би жаахан зөрүүд талдаа. “Чи тэрийг заавал ингэж хий” гээд байвал хэлснээр нь биш, өөрийн бодсоноороо явах гээд байдаг зантай. Энэ зангаасаа болж судлаач болохыг сонирхсон байх. Яагаад гэвэл судлаач хүнд дарга, босс гэж байдаггүй. Судлаач бол өөрөө өөрийнхөө босс шүү дээ /инээв/. Судалгаа хийхэд хамгийн гол нь өөрт сонирхолтой байж л ажил цааш явна. Хоёрдугаарт, хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйл хийж байгаа нь өөрөө маш том шалтгаан болдог. Магадгүй миний хийсэн судалгаа бүх хүнд хэрэглэгдэхгүй байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйл хийж байгаадаа үргэлж итгэлтэй байдаг. Ийм итгэлгүйгээр судалгаагаа цааш үргэлжлүүлнэ гэвэл үнэхээр уйтгартай, бас их тэвчээр шаардана. Хийсэн судалгаа нь патент болох хэмжээний үр дүн гаргавал мэдээж үнэхээр сайхан л даа. Жирийн профессоруудыг 30 жил өдөр, шөнөгүй судалгаа хийж, түүнээс 100 нь патент болж гарсан байдаг. Энэ нь судлаач бол маш их тэвчээр шаардсан мэргэжил болохыг харуулж байгаа юм. Судалгааны дундаас шантарсан хүн бол судалгааны үр дүнг мэдрэх, тэр үеийн баяр баясгаланг хэзээ ч ойлгохгүй л дээ.
-Монголдоо ирж мэргэжлийнхээ чиглэлийн судалгаанд хамтарч ажиллаж байсан тохиолдол байгаа юу?
-Монголдоо судалгаа хийж байгаагүй. Яг үнэнийг хэлэхэд, Монголд химийн салбар гэж ярихад хэцүү талдаа. Шинжлэх ухаан, IT-гийн салбар бол арай өөр л байх. Харин эмнэлгийн салбар, био технологийн салбарт монголчууд бид дэлхийн төвшнөөс нэлээд доод төвшинд яваа. Уг нь монголчууд чадвартай, дэлхийд гарах боломжтой. Чадвартай залуус ч олон бий. Эдгээр залуус “би Монголоос ирсэн шүү, Монголын эрдэмтэн” гэж эх орныхоо нэрийг дэлхийд гаргаасай гэж би хүсдэг. Тэдний нэг нь өөрийгөө байгаасай ч гэж боддог.
-Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн доктор, профессорууд Монголдоо ирж ажиллахгүй байна гэж шүүмжилдэг. Энэ нь мэдээж техник, технологи сайн хөгжөөгүйтэй холбоотой байх. Бас эдийн засгийн шалтгаантай ч байх. Гэхдээ хөгжтөл нь хүлээх биш, өөрөө хөгжүүлэх тал дээр хувь нэмрээ оруулах хэрэгтэй юм шиг санагддаг. Таны хувьд Монголдоо ирж, салбартаа шинэ өнгө аясыг бүрдүүлж ажиллаж боломж бий юү?
-Би гутрангиар хэлж байгаа юм биш шүү. Бас зугтаж ч байгаа юм биш. Эх орондоо ирмээр, ажилламаар, амьдармаар байна. Харамсалтай нь, өнөөгийн нөхцөлд миний хувьд эдийн засгийн болон технологийн хувьд Монголдоо ирж, ажиллаж амьдрах боломж маш хэцүү. Хоёрт, одоогоор дотооддоо ирж ажиллах шаардлага байхгүй. Яагаад гэвэл Монголд эд, эсийн эмчилгээнээс өмнөх эмчилгээг дэлхийн хэмжээнд хүрч, сайн хийж чадахгүй байна. Тиймээс эсийн төвшний эмчилгээг нэвтрүүлэх болоогүй. Монгол Улс цаашдаа био технологи талдаа маш их хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Яагаад хэрэгтэй юм бэ гэдэг дээр нэг жишээ хэлье. Гурван жилийн өмнө “Forbes”сэтгүүлд “Хэрвээ та software бичдэг инженер бол тэрбумтан болно. Харин хорт хавдрыг эмчилдэг эмч бол та хэзээ ч тэрбумтан болж чадахгүй” гэж бичсэн байсан. Гэтэл 2014 оны сүүлд дэлхийн шилдэг 400 тэрбумтныг жагсаахад, долоон хүн нь био-технологийн салбараас төрсөн. Энэ юуг илэрхийлж байна вэ гэхээр био-технологийн салбар өөрөө бизнес болж өрсөлдөөнд хүч төрөн орж ирж байгааг харуулж байгаа юм. Иймд Монголын хувьд био-технологийн салбар цэвэр шинжлэх ухаан байна гэхэд хэцүү. Шинжлэх ухааны хажуугаар хөнгөн био-технологийг ашиглаж мөнгө олох хэрэгтэй. Мөнгө олоход био-технологи их тохирно гэж би боддог. Ганцхан Монголоос л олж болох нарийн уураг, ургамлын хандыг боловсруулах био-технологийн үйлдвэрийг байгуулж болно. Энэ үйлдвэрээс гарч байгаа бүтээгдэхүүн гадаадын зах зээл дээр өндөр үнэ хүрнэ. Эрэлт ч ихтэй. Хэрвээ энэ чиглэлд хөрөнгө оруулалт хийвэл эргээд асар их хэмжээний хөрөнгө оруулалт авах боломжтой.
-Суурьшихгүй ч гэсэн Монголдоо ирдэг биз дээ?
-Ямар ч байсан жилдээ нэг удаа ирдэг. Энэ жилийн хувьд “Шинэ-Монгол” сургуулийнхаа 15 жилийн ойг тохиолдуулан долоо хоногийн хугацаатай ирсэн. Сургуультайгаа маш ойр холбоотой ажилладаг. Ер нь Шинэ-Монгол сургууль оюутнуудтайгаа эргэх холбоо маш сайтай. “Төгсгөлөө, одоо бидэнд хамаагүй” гэдэг хандлагыг хэзээ ч гаргаж байгаагүй. Хаана, ямар сургуульд, ямар ажил хийж байгааг сураглаж, үргэлж дэмжиж тусалдаг. Монголдоо ирэхээрээ заавал сургуулиараа орж багш нартайгаа уулздаг. Манай сургуулийг төгсөөд гадаадад суралцаж байгаа оюутнууд хоорондоо байнга холбогдож мэдээлэл солилцдог. “Шинэ-Монгол” сургуулиас надтай нийлээд хоёр хүүхэд Харвардад сурч байна. Манай сургуулийг төгссөн нэг залуу MIT суралцаж, фейсбүүкт ажилладаг.
-Энэ хугацаанд, энэ олон жилийн сургалтынхаа төлбөрийг яаж олж байсан бэ?
-“Шинэ Монгол”-ыг төгсөөд эхний хоёр жилдээ Японы Мабүчи тэтгэлгийг авсан. Дараа нь тухайн суралцаж байгаа сургуулийнхаа тэтгэлгийг авч эхэлсэн. Японд гадаад оюутныхаа дунд сурлагаараа тэргүүлбэл суралцах төлбөрийг 100 хувь тэтгэлгээр шийддэг. Бакалавр, магистртаа 100 хувь тэтгэлгээр суралцсан. Доктортоо суралцахдаа тэтгэлэг авч чадвал ажил хийх шаардлагагүйгээр өндөр хэмжээтэй тэтгэлэг олгодог. Японд докторт суралцаж байгаа оюутнуудын олонхид нь тэтгэлэг олгодог. Аль болох цагийн ажил хийлгэхгүй, зөвхөн судалгааны ажилдаа анхаарах байдлаар зохицуулдаг.
-Тэгвэл судалгааны ажлын зардлаа яаж олдог вэ, үр дүнг нь хэр өндрөөр үнэлдэг вэ?
-Судалгааны үр дүн өндөр үнэлгээтэй байдаг. Амьдралынхаа турш судалгаа хийж нэг удаа хорт хавдрыг устгах эм гарган авч тэрбумтан болж болно. Нэг удаа амжилттай сайн судалгаа хийхэд хангалтай мөнгөний эх үүсвэртэй болох боломжтой л доо. Гэхдээ ямар ч судлаач орлогын төлөө судалгаа хийдэггүй. Үнэхээр орлогын төлөө байсан бол судалгаа биш бизнесийн салбарыг л сонгоно шүү ээ.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.


Эх сурвалж: www.itoim.mn

No comments:

Post a Comment