Friday, January 15, 2016

Хар авдарт ном буй Хазгар өвгөнд эрдэм буй


Ашдын сайхан орчуулгынхаа аршаан юуг алтан аягаар амсуулж асан мэргэн буурлууд лугаа эн зэрэгцэх орчуулагчид өнөөдөр төрж амжаагүй явна уу, эс бөгөөс өлгий юундаа бойжиж байна уу.

Эрдэмт мэргэн өтгөс, билиг танхай гүүш нар орчуулах эрдмийн тухайд айлдснаас доор сийрүүлбээс:

Нагаржуна ”Бэрх утгыг мэдэн чадваас хурц мөн”

Б. Ринчен “Сайн орчуулагч бичиг зохиолыг хөрвүүлэхдээ нүд хэдий гадаад бичгийг үзэвч утгыг найруулан эвлүүлэхэд нэг эгшин хэмээн монгол үгийн ёс зүйгээс ангижрахгүй.”

Б. Ринчен “Орчуулагч бол соёлын жинчин мөн.”

Б. Ринчен “Өөрийн болоод гадаад хэлний өгүүлбэр найруулах онцлог зүйлийг мэддэггүйгээр үл барам утгыг бодолгүй, үгийг махчлан орчуулж хүн хорхойчилдог нь туйлдаа хүрсэн юм байна.”

Ц.Дамдинсүрэн ”Үгийг нэмж хасах гайгүй хэрэг. Утгыг нэмж хасвал гэмтэй хэрэг. Үг ба өгүүлбэрт халдаж болно. Гол утгад халдаж болохгүй.”

Ц.Дамдинсүрэн “Шүлгийг орчуулах гэгч үг, утгыг орчуулах төдий биш, түүний найруулгын хэв журам ба уран хэл, сэтгэлийг хөдөлгөх чадлыг бүрнээ орчуулах хэрэг юм.”

Д. Чойжил “Орчуулагч хүн орчуулж буй зохиолдоо гарч байгаа хүмүүсийн зан байдал, хэл ярианы онцлог зэргийг зохиогчоос дутуугүй судалж мэдсэний үндсэн дээр тэр бүхнийг яг тохируулан буулгаж, зохиогчийн санааг уншигч нарт зөв дамжуулах үүрэгтэй.”

Д. Чойжил “Орчуулга бол эрдэм мэдлэг, туршлага чадвар, авьяас билэг, хичээл зүтгэл, тэсвэр хатуужил, нөр хөдөлмөр шаарддаг нарийн ажил юм.”

Д. Чойжил “Орчуулгыг гадаад хэл мэддэг хэн ч гэсэн барьж аваад гар хурууны үзүүрээр хийчихэж болох ажил гэж эндүүрэх нь бий.”

Ш. Гаадамба “Муу орчуулгыг уншихад баруун аймгийн дөрвөн мөөртэй үхэр тэргээр явж байгаа юм шиг эв хавгүй байдаг.”

Г. Амар “Яруу найргийг үгчлэн орчуулбал ядуу найраг болно.”

Чой. Лувсанжав “1. Европ зүгийн хэлэнд: “Усанд мод хөвөгдөж явна...” “Талх надаар идэгдэв” гэхчилэн үйлд өртөгч юмны талаас хэлж бичдэг идэвхигүй хэв зонхилдог бол монгол хэлэнд эдгээр өгүүлбэрийг “Усанд мод хөвж явна”... “Би талх идэв” хэмээн хийсэн эзний нь зүгээс хэлдэг идэвхитэй хэв зонхилдог. 2. Олон тоо олширвол олиг муутай орчуулга. Монгол хэлэнд “Нүдний нулимс хацар даган урсав” гэхийг энэтхэг-европын хэд хэдэн хэлээр “Нүднүүдийн нулимсууд хацруудаа даган урсацгаав” гэж хэлдэг. 3. “Ба” олширвол базаахгүй орчуулга”

Г. Аким “Үйл үг бол монгол хэлний, тэр дундаа уран зохиолын хэл найруулгын амин сүнс юм”

Г. Аким “Ринченгийн орчуулгыг уншиж байхад, гадаадын зохиолчийн зохиолын эрдэнийн утгыг зүрх догдлон танихын зэрэгцээгээр монгол хэлнийхээ яндашгүй далайд дураар сэлж, гүнд нь өнгө бүрээр солонгорох үгийн нь сувдын тансгийг сэтгэлээрээ мэдэрч байдаг билээ. Орчуулагчийн чадал гэдэг тэр буюу!

А. С. Пушкин “Орчуулагч хүн бол гэгээрлийн улааны морь юм.”

Л. Гинзбург “Нэг зохиолчийн, заримдаа бүхэл бүтэн утга зохиолын хувь заяа ч орчуулагчаас шалтгаалдаг гэдгийг мартаж болохгүй.”

No comments:

Post a Comment