Monday, June 27, 2016

Эх хэлнийхээ илэрхий эмгэгийг эдгээе!


“Сургаал” гэхэд зөөлний тэмдэг бичнэ бичихгүй, “авьяас” гэхэд зөөлөн биш, хатуу нь байна гэж маргалддаг дарга, цэрэг олон. Тэгвэл энэ мэт маргаан багасаж, дарга цэрэг бүгдээрээ дагаж мөрдөх журамтай болжээ. Төрийн хэлний зөвлөл хуулинд заасан үүргийнхээ дагуу элдэв янзаар бичдэг 700 үгийг хэрхэн жигдэлснээс толилуулъя...
...БИЛИГ-БЭЛГЭ-БЭЛЭГ гээд нэг хоёрхон үсгийн наана цаанаас болж толгой эргэдэг хэдэн үгийг цэгцэлжээ. Энэ үгсийг ардах, урдах үгтэй нь хамт ингэж тогтоож аваарай. Оюун билиг, бэлгэ тэмдэг, бэлэг дурсгал; миний доор байна, чамаас дор дуулдаг; отго жинс, отог аймаг; гарын саарь, голын сайр; далайн түвшин, төлөв төвшин; хүүхдээ хөхүүлэх, хөхиүлэн дэмжих; яриа хэлэлцээ, гэрээ хэлэлцээр; нүдний цэцгий, цөцгийн тос; нас чацуу, ирэхийн сацуу; шарагчин хонин жил, шаргагчин гүү; шашны сургаал, бурханы шажин.
Бүлтгэр туулайн нүд бүлтгэнэнэ, харин бүлтэгнэхгүй гэж Ө, Омэт эгшгүүд нь бөндгөнөж бондгоноод тогтож өгдөггүй, гадаад байдал дүрслэх хэсэг үгийг үндэстэй нь бэхэлжээ, дөрөвдүгээрт. Цаашлаад бөндгөрөөс бөндгөнөх, дарвагараас дарваганах үүснэ гэнэ. Энэ зарчмаар жирвэгэр, сэрвэгэр, хавчганах, хулчганах, эрвэгэр гэж Д-Г, Р-В, Ч-Г, Ж-Г гийгүүлэгчүүдийн дунд эгшиг бичихгүй нь ээ. Харин дуу авиа дүрслэх сэржигнэ, харжигна, шаржигна гэх мэт үгсэд “-жигна, -жигнэ, -жигно, -жигнө”, хангина, жингэнэ, гангина, хүнгэнэ мэт үгсэд “-гина, -гино, -гэнэ, -гөнө” залгахаар журамласан байна...
“Егөөтэй 99 тайлбар” номын “Дураараа дургисан долоон зуун үгийг журамлалаа” өгүүллийн хэсгээс


Wednesday, June 8, 2016

Эх хэлнийхээ элдэв сониноос хуучилъя

Улаанбаатар хотоос Төв аймаг явах замын хамгийн анхны даваа болох Айдсын даваа утгаа алдсан газар усны нэрийн нэг. Манжийн элчийн хатуу зарлигаас айж сандарсан монголчууд ийм нэрийг өгсөн гэдэг. Харин газар усны нэр судлаач О.Сүхбаатар манжаас өмнөх түүхийг ярина. Түүнийхээр “Байц”-ын даваа гэх анхны нэр цагийн урсгалд “Байдас”-ын даваа болжээ. Явсаар “умартах”-ын “у”, “оногдох”-ын “о” гээгдэж мартах, ногдох болсон шиг “б” нь хаягдан “Айдас”-ын даваа болсон байх юм.
Уул усны нэр угаасаа л хувьсан өөрчлөгддөг. Жишээлбэл, Богд уул 12-13 дугаар зуунд Хэрэйдийн Ван хан нутаглаж байсан учир Хан-Уул, тахиж шүтдэг болсноор Дүнжингарав, Богдууд байнга нутаглах болсноос хойш Богдхан, оросууд Ленин уултай болсноор Чойбалсан уул  гэж нэрлэгдсээр өнөөгийн Богдхан уулаараа тогтсон тухай мөн О.Сүхбаатар багш хуучилсан...
Газар усны нэрийг түүх, үе үеийн нийгмийн байдлыг хөөн тогтоож,угсаатанзүй, газарзүй, шашин судлал, соёл судлал, хэл шинжлэлийн талаас зэрэгцүүлэн судалж тайлбарлууштай.

“Егөөтэй 99 тайлбар” номын “Улиас ургуулсан чонын улиа” өгүүллийн хэсгээс

Friday, June 3, 2016

Монголчуудын гарал үүсэл



Эх сурвалж: baabar.mn

Ийнхүү явсаар дэлхийн бөмбөрцгийг морин туурайгаар бөмбөрдөж, хүний түүхэнд урьд хожид хэн ч байгуулж чадаагүй том гүрнийг буй болгосон монголчуудын үе ирлээ. XII зуунд төдийлөн олуул байгаагүй, хүчин чадлын хувьд ч зэргэлдээх олон нүүдэлчин аймагтаа басамжлагдаж байсанмонголчууд гэв гэнэт ийнхүү цоорон гарч ирж хавь ойрынхныгоо бүгдийг нэгтгэн ертөнцийн хамгийн хүчирхэг гүрнийг үүсгэсэн тэрхүү гайхамшигт оньсгыг тайлахад хэдийгээр бэрх авч ойлгохын үүднээс ямар нөхцөл байдал байсантай танилцах нь зүйтэй. Энэхүү гэнэтийн дэлбэрэлтийг янз бүрээр тайлбарладаг ба жишээ нь Оросын эрдэмтэн Гумилёв “пассионар дэлбэрэлтийн онол” гэдгээр тайлдаг.
       
Өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэр нь монголчууд нүүн ирэхээс өмнө түрэг угсаатны хэдэн мянган жил амьдарч байсан нутаг орон бололтой. Үүний энгийн баталгаа нь газар нутаг уул усны нэршлийн дийлэнх нь түрэг хэлээр тогтсон байдаг. Байгал - Баян нуур, Хөвсгөл - Хөх ус нуур, Увс - Шорвог ус, Алтай - Алаг уул, Отгон тэнгэр - Голомт тэнгэр, Хэнтий - Их хөвч гэх мэт. Идэр, Онон, Орхон, Туул, Байдраг, Хэрлэн гэх мэтээр гол мөрөн ч түрэг нэртэй. Эдгээр уул нуруу, гол мөрөн, нуур цөөрөм, газар нутгийн түрэг нэрс нь хүн анхлан өгсөн уугуул нэр ба тэр нь цаашид уг нутагт ямар үндэстэн амьдарснаас үл хамааран ам дамжин уламжлан үлджээ.


Ихэнх судлаачид монголчуудын дээд өвгийг монгол шивэй аймаг гэж үздэг. Шивэй хэмээх нэр анхлан 554 онд зохиогдсон Вэй улсын бичиг-т үзэгдсэн бөгөөд энэ номын 100  дугаар ботид “Шивэйгийн шаштир” гэж байдаг. Тус номд бичсэнээр:

Шивэйгийн байгаа газар Хэ Лүнгээс (одоогийн Хуулин гол) хийгээд На Шүй гол (одоогийн Нун гол) тэр орчмоор нутаглаж байсан бөгөөд Тан улсын эхэн үеэр олонтаа элч илгээж алба барьж байсан. Тан улс Шивэйгийн нутгийг залгисан бөгөөд Шивэйгийн Дүди Фү байгуулж захирав. Тэр үед Шивэй нь Зүүн Шивэй, Баруун Шивэй, Их Шивэй, Монгол Шивэй гэж олон аймагт хуваагддаг байжээ. Зарим номд, есөн аймаг (жишээ нь Тун Дянь бичиг. Хилийн дүрэм) бас зарим номд арван есөн аймаг гэж (жишээ нь Шинэ Тан улсын бичиг) Зүүнш одоогийн Цинжил голд, баруунш Эргүнэ голын дээд урсгалын Хөлөн нуурт, өмнөш Хуулин голд, умарш Агнуурын тэнгисийн уудам тэнэгэр тал газар хүртэл тархан нутаглаж байжээ. Хятад сударт Шивэй хэмээх нийтлэг нэрийн дор хорь орчим аймаг нэрлэсэн байдаг.


Тангийн судар, Умардын судар-т: 



Лу Янаас зургаан мянган ли газарт Хятаны умардад гурван мянган газарт Өмнөд Шивэй суух агаад тэдний газар орон нь ус чийг багатай (Энэ нь өнөөгийн Хармөрөн (Heilanjan) мужийн Нун голын газар бололтой). Өмнөд Шивэйгээс 11 хоногийн газарт Умард Шивэй нар, баруунш дөрөв хоногийн газарт Шэнмодон Шивэй нар суух авай. Тэнд хүрэх зам гудас осолтой, хэл яриа нэвтрэлцэхгүй. Их Шивэйгийн өмнөд этгээдэд монгол Шивэй (Mongwa Shiwei) аймаг байна.



Монгол шивэйчүүд дотроо Их Шивэй (тайчууд), Мэнгү Шивэй (Хамаг Монгол), Улоху (Олхонууд), Урианхай гэж хуваагддаг байсан бололтой.

МЭ-ий IX зууны үед Монгол Шивэй аймаг баруун тийш нүүж Эргүнэ голоос холдоод одоогийн Онон голын эхэн дэх Хэнтийн нурууны хавиар мал маллан суув. Шивэй нь олон үндэстний хамтын цогц. Бас түүний үндэстний бүрэлдэхүүн нарийн төвөгтэй. Өөрөөр хэлбэл, түүний тус бие нь ч дангаараа аймаг биш, харин олон аймаг багтаасан бүлэглэл цогц юм. Иймд Монгол Шивэй баруунш Хэнтий орчимд нүүж очсоноос хойш түүнд харьяалагдсан нийт аймгуудын нэрийдэл ч олдов. Рашид ад Диний хэлснийг үндэслэвэл, тэдний доторх төрөлхийн Монгол болон Няруун Монгол хэмээх хоёр их хэсэг бол даруй Эргүнэ голын сав газраас нүүж ирсэн бөлгөө. Тэр мөртөө энэ хоёр их бүлэгт ч тэдэнд харьяалагдсан тус тусын цөөн биш салбар аймаг байв. Төрөлхийн гэдэг бол энгийн монголчуудыг хэлдэг. Чингис хааны аравдугаар үеийн эмэг Алунгоо, өөрийн эр Добун мэргэнээ үхсэнээс хойш төрсөн гурван хөвгүүнээс үүссэн овог, аймгуудыг няруун гэж нэрлэнэ. Няруун гэгч нь ариун гэдэг үг. Алунгоо эрийнхээ үхсэний дараа гурван хүү төрүүлснээ “Нар сарны гэрэл” хэвлийд шингэж жирэмслэв гэснийг энэ үг харуулж байна. Алунгоогийн өөрийн нь үгээр хэлбэл, энэ гурван хүү бол “Тэнгэрийн хөвгүүд байх. Хар тэргүүнт хүнтэй адилтгаж яахин болно. Хамгийн хаад болох цагт харц хүн сая учрыг мэднэ”. Чингис хааны алтан ураг бол Няруун Монгол, харьяаны аймаг нь Хиад аймаг, харьяаны овог нь боржгин овогтон аж.

Төрөлхийн Монгол болон Мяруун монголын энэ хоёр их бүлэг нийлээд Хамаг Монгол болов. Чингис хааны гуравдугаар үеийн өвөг Хабул хаан Хамаг Монголыг удирдсан байна. Дараа нь  түүний үеэл дүү Амбагай хаан, Хабул хааны хөвгүүн Хотол хаан бас Хамаг Монголын хаан болж байлаа. Энэ нь тэр үед Монголын нийт аймгууд задгай бутархай холбоо байгуулсан төдий байснаа хамтран нэг аймгийн холбоо байгуулж тэднийг даргалан удирддаг хааныг өргөн сонгож байв гэснийг нотолж байна. Монгол Шивэй аймгийн холбоо жинхэнэ байгуулагдсан явдал бол бараг Чингис хааны зургадугаар үеийн өвөг Хайдугийн үед байсан бололтой. Юань улсын бичиг-ийн нэгдүгээр боть “Тайзу хааны цадигт” тэмдэглэснийг үндэслэвэл “Хайдуг үгүй болсоны дараа Начин нь Барга Цайхүгийн олон иргэнийг дайчлан олонд өргөгдсөн эзэн суув. Хайду энэ суурийг залгамжилсаны дараа цэрэг хөдөлгөн Жалайрыг дайлж харъяатаа болгосонд байр суурь нь аажмаар өргөжин ордон хөсөг юүгээ Баргын Хар голд барьсанд... дөрвөн этгээдэд байх олон аймаг хураагдсанаар аажмаар олон болов” гэжээ. Энэ хэдэн үгнээс  энэхүү Монгол Шивэй аймгийн холбоо нь боржигон овогт Чингис хааны алтан урагтнаар толгойлогч болгож бүрэлдсэнийг мэдэж болно. Үүний дотор Няруун Монгол гол байрыг эзлэх нь дамжиггүй. Үлдсэн Төрөлхийн Монгол хийгээд Шивэйгийн бусад олон аймаг, цаашилбал баруунш Хэнтий орчим нүүж очоогүй угаас баруун биеэр нь байсан Шивэй аймгууд ч цөм оролцож байсныг мэдэж болно. XII зуун болоход Монгол Шивэй аймгийн холбоо задрах тийш хандаж, Чингис хааны нэг угсаатны гэрийн байдал ч доройтож байлаа. Энэ үед тал нутгийн эл газарт Монгол биш аймаг цөөнгүй байсан нь илэрчээ. Ийнхүү Чингис хааны нэг угсаанаас гарсан аймаг нь “Монгол аймаг” нэрээр түүх сударт харагдах болжээ.

Рашид ад Дин Судрын чуулган бүтээлдээ монголчууд өвөг дээдсээ Эргүнэ Хунгаас ирсэн гэсэн домог ярьдаг гэжээ. Нууц товчоо-нд Чингисийн өвөг дээдэс тэнгис далайг гаталж ирэв гэж байдаг нь Эргүнэ голын тэндээс нүүж ирсэн бол тэнгис далай гэдэг нь Хөлөн нуур болж таарч байна. Онон голын сав нь өвч ургамал ариунтай, малын бэлчээрт таарсан нэн таатай өргөн уудам нутаг тул хамаг монголчууд тэндээ идээшин дассан төдийгүй хүн ам сүрхий өсчээ. Тэд X – XI зуунд хятан нарын байгуулсан Ляо улсын хязгаар газарт амьдарч байлаа. Татаар, Монгол, Мэргэд, Хонгирад, Хэрэйд, Онгууд аймгууд Татаараар толгойлуулсан холбоо байгуулж нийлээд Ляо улстай байлдаж байсан болохоор тал нутагт дахь олон аймгийг нэг үе татаар гэж ерөнхийлөн нэрлэдэг байв. Татаар гэсэн түрэг гаралтай үгийг хятадын түүхчид их өргөн хэрэглэдэг байсан учир хожмын Чингисийн байлдан дагуулалтын үед ч монголчуудын нэршил болсон төдийгүй Алтан Орд улс задарсны дараах олон үндэстний уугуул нэр болон үлджээ. XII зуунаас зүрчидийн Алтан улс (Jin) Зүүн Хойд Азид хүчирхэгжихэд талын олон монгол аймгууд харъяалалд нь орж, тэдний вассал болжээ.