Сумын дунд сургуулийн хичээлийн
эрхлэгчээс аймгийн хүүхэд, залуучуудын байгууллагын дарга, аймгийн захиргааны
хэлтсийн дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга, аймгийн орлогч дарга,
“Ардын Эрх”, “Үнэн” сонины албаны ахлагч, сурвалжлагч, МУБИС-ийн профессор-багш
зэрэг албыг олон жил хашиж, удирдах ажлын хажуугаар мэргэжлээ орхилгүй судалгаа
шинжилгээний олон бүтээл туурвисан цөөн эрдэмтдийн нэг бол Монголын Зохиолчдын
эвлэлийн шагналт, утга зохиол судлаач, шинжээч, доктор (PhD), профессор
Ш.Гүндалай юм.
Хүүхэд залуучууд, төр захиргааны байгууллагын ахмад ажилтан
тэрбээр эдүгээ өндөр насны тэтгэвэрт байгаа ч эх хэл–утга соёлын сэдвээр
туурвисаар байна. Түүний эдүгээ монгол хэл бохирдож байгаад санаа зовж зон
олон, төр засагтаа хандсаныг манай сонин толилуулж байна.
Өнөөдрийн бүх
төвшний яриа, бичгийн хэлний бодит байдлаас үүдэн эх хэл–соёл, ёс заншлаа
дээдэлдэг Монгол хүн “Хэл доголохоор хөл догол” хэмээсэн ардын мэргэн үгийг
зүрхэндээ тээж санаа алдан, толгой сэгсэрч байгаа гэж бодном. Монгол хэл,
утга-соёл, ёс заншлаа буртаглан элдэвлэн маяглаж харийн өмнө толгой бөхийн
саймшрагчид төрийн түшээд хэмээгчдийн дотор ч, уран бүтээлч- сэтгүүлчдийн
хүрээнд ч эрдэмтэн-соён гэгээрүүлэгч гэж өөртөө нэр гуншин хайрлагчдын хэсэгт
ч, аж ахуй эрхлэгчид, ер хаана л бол хаана захаас аван замаар үргэлж байна.
Хүнд эх орон, эх
хэл соёл, ёс заншил, ээж аав бусдаас ялгарах толбо таних тэмдэг нь билээ.
Тэгэхээр Монгол хэл-соёлоо доголдуулахгүй явахсан гэх чин хүсэл эрмэлзэл бидэнд
таримал бус төрмөл. Эх хэл-соёл, ёс заншлаа буртаглагчдыг билгүүн номч Б.Ренчин
гуай “эллээхэнчүүд”, Ц.Дамдинсүрэн гуай “балраа хүүхнүүд” гэсэн бол нэрт шог
зохиолч Л.Бадарч 1950-иад онд “Амьд хүүхэлдэй” шог өгүүллэгтээ “ээж” гэсэн
сайхан Монгол үг байсаар атал хэлд орж буй охиндоо “мам” гэж зааж өгсөн нь
шашны ёсны эм шулмас гэсэн нэрлэлт болсныг инээдэм буйлуулан шоглосон.
Авьяаслаг шогч Ж.Барамсай 1970-аад онд эх хэлээ гутаагчдыг “Орчин үеийн алтан
загасны үлгэр” шог өгүүлэгтээ хурц дайчин элэглэн шоглосон. Ардын уран зохиолч
Д.Пүрэвдорж агсан өнөөдрийн эллээхэнчүүдийг:
Барьцааны ломбаардтай
Баталгааны нотираадтай
Хувийн
коодтой
Хувцасны
моодтой
Хоол нь поорцтой
Холио нь пээрцтэй
Яам нь
мээнэжэртэй
Ямаа нь
кашмийртай
Чихэндээ аппараадтай
Чивэндээ гомдоомтой
Эцэг нь
таавчигтай
Эх нь
лээвчигтэй
Хүүхэд нь
паампэрстай
Ууцандаа масаажтай
Утсандаа мэйсежтэй
Унадаг бөх
моосттой
Уулзвар
бүхэн поосттой
Тээстээр шалгадаг
Тээндрээр уралддаг
Шооконд
ордог
Сейфэнд
нуудаг
Интэрээстэй тоглодог
Эстрээс тайлдаг
Санаандгүй
явдал сүрпэрийз
Салбан өмд
тарпээз
Илүү зан хооби
Ихсийн булагнал лооби
Үзэсгэлэнт бүсгүй оны мийс
Үдшийн
мэдээ сийтий нүүс…
гэхчлэн имийж,
дэбийл, түнээл, оргинаал, лийдэр, лоодор, паакт, аакт, оофис, сээкс, бараак,
дураак, нариадчиг, балиалшэг, каарт, шоорт, жийнс, пээнс, наар, баар, шипрээц,
скооч хэмээн харь үгийг учрыг нь ололгүй түүхийгээр нь залгиж маяглан
шулганагчдыг 55 мөрөөр элэглэн шогложээ.
Тэргүүлэх
эрдэмтэн зохиолч, сэтгүүлч Л.Түдэв гуай энэ балай зэхий байдлыг “Хэлний
хүчирхийлэл” хэмээн нэрлэж их уншиж мэдсэнийхээ цараагаар далайцтай бясалган
сэтгэж “Монгол хэлний тухай хууль”-ийг цогцоор боловсруулан баталж, нийтээр
даган мөрдөж хэлний засаглал тогтоох хэрэгтэй болсон хэмээн хэдэн жилийн өмнө
төр засаг, ард нийтэд учирлан нотолж бичсэн.
1960-70-аад онд
“Улаан од”, “Хөдөлмөр”, “Эдийн засаг”, “Намын амьдрал”, “Ухуулагч” зэрэг төрийн
сонин, сэтгүүл, аймгуудын сонин хэл найруулга, зөв бичихүйн хамгийн их алдаа
мадагтай гарч, шүүмжлэлд өртөн, дунд сургуулийн ахлах ангид найруулгазүйн
хичээлд дээр нэрлэсэн сонин, сэтгүүлийг сурагчдад тараан өгч улаан харандаагаар
цоохор навтарга болтол нь засуулж ярилцдаг байсан сан.
Билгүүн номч
Б.Ренчин гуайд “Хөдөлмөр” сонины нэг дугаарыг өгөөд “Та манай сонины хэл
найруулга, зөв бичихүйн алдаа мадгийг шүүн тунгааж саналаа хэлнэ үү” гэжээ. Хэд
хоногийн дараа өвгөн эрдэмтэн “Танай сонины хэл найруулга, зөв бичихүйн алдаа
мадгийн бөөсийг нь түүчихлээ, одоо хуурстай нь ноцолдож сууна” гэжээ. Энэ үгийг
үзэг, цас нийлүүлдэг бүх хүн байнга санууштай.
Өнөөдрийн сонин,
сэтгүүл, радио, телевизийн уран бүтээлийн ур чадвар, хэл найруулга, зөв бичих,
ярихуйн үнэн нүүр царайг захын малчин, ажилчин, худалдаачин ер хүн бүр эгдүүцэн
шүүмжилж байна. Сүүлийн үеийн гавьяат, төрийн шагналт энэ тэр сэтэр зүүгчдийн
бүтээл нэртэй сувсыг хэн ч тоохгүй буй үнэнийг нуух арга чарга алга.
Жинхэнэ уран
бүтээлч, зохиолч, сэтгүүлчийн өндөр нэр алдрыг нам, улс төрийн үнэлэмж, нутаг
нуга, анги хам, өглөг авлагын гинжин холбоогоор олсон цол гуншингаар гутаагчдыг
цаг хугацаа, уншигч үзэгчдийн мэргэн шалгуур ялгаж салгаад тогтоогоод өгчихдөг.
Д.Равжаа, В.Инжинаш, Д.Нацагдорж нар ямар ч алдар цол гуншингүй атлаа ”Их
зохиолч”, “Сод билэгт” гэдэг хэмжүүрийг ард түмэн тавьж тэдний бүтээлийн яруу
эрхэмсэг хэл найруулга, уран чадварыг бахархан уншиж, бясалгаж хэл яриа, бичиг
туурвилдаа ашигласаар байгаа үнэнийг ямар ч хууль, зарлигаар хэнбугай ч
үгүйсгэж чадахгүй, даравч дардайна, булавч бултайна.
Монгол ардын
зүйр цэцэн үг, оньсого, дуу, ерөөл, магтаал, үлгэр, туулийн хэлний баян тансаг
уран яруу нь биднийг байнга соронздон татдаг. Иймээс манай эцэг эхчүүд хүүхдээ
өглөө сэрэхэд нь “Нойрыг сэрж бардаг, номыг уншиж ухаардаг”, “Нойронд сэргэг
номд мэргэн”, “үгэнд цэцэн, үйлэнд уран” байхыг сургаж, орой оньсого таалцан,
оюунаа тэлж, үлгэр тууль ярьж үйл явдлаа цэгнэдэг тогтсон заншил нь хүүхэд
залуусын хэл яриаг зүгшрүүлэх нэг ёсны гэрийн сургалт байсан цаг саяхан.
Гэтэл өнөөдөр
хүүхэд, залуус хэн хүнгүй ахуй амьдрал, ажил үйлдвэрлэл хаана бол хаана, бүх
орон зайд телевиз, радио, сонин хэвлэл, хаяг, зар сурталчилгаа зэрэг мэдээллийн
бүх хэрэгслийн буруу зөрүү, болхи толхи, Монгол бус хэлний дарангуйлалд өртөн
учир начраа олохгүй байх шиг. Төрийн түшээдээс эхлээд зөв ярьж, бичиж чадахгүй
ичгүүр, хууль битгий хэл, албан тоот боловсруулж дөнгөхгүй хөөрхийлөлтэй байдал
УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, Яамд, аймаг, сум, хот гэх мэт бүх төвшний олон
түшмэлийн үнэн нүүр царайг харуулсаар…
Албан тоот ч
боловсруулж дөнгөхгүй сайд, аймаг, сумын тамгын газрын түшмэдийн тухай сонин
хэвлэлээс зөндөө уншсан, ийм шүүмжлэл газар сайгүй тааралддаг. Түшээдтэй
холбоотой “номгүй хүний одоо олон, но-той хүний тиймээ олон”, “Чи чинь их
хуралдаа байна уу, шорондоо байна уу”, “Далан худалч долоон хүзүүтэй байсан юм
гэдэг. Одоо гурван хүзүүтэй болсон”, “Төрийн түшээ, тэнгэр хоёрыг хараад
нэмэргүй”, “Төрийн түшээ биш ээ, төрийн тушаа” гэх мэт хэл, сэтгэхүй, ажил
хэрэг нягт холбоотойг сануулсан ардын бүтээл шог яриа уран холбоо цуварсаар
байна.
Энэ бол хэл
доголохоор ёс жудаг алдагдаж ажил үйлс мөхөсдөж хүн зоны итгэл алдардгийг
харуулж байна. Төрийн хүний үг нь оновчтой цөөн, ажил хэрэг ил тод байхыг
Монголчууд эртнээс чухалчилдаг бичигдээгүй хуультай. Иймд ч эзэн Чингис “Төр
ариун байхыг түшмэд нь мэдтүгэй. Цус ариун байхыг охид нь мэдтүгэй” гэсэн
мэргэн үгээрээ түшмэдийн үг яриа, үйл бүтээлээс төрийн өнгө жавхаа бат төвшин
шалтгаалахыг гэрээсэлсэн хэрэг.
Дээдэс суудлаа
олохгүй, доодос гүйдлээ олохгүй, хэл доголж, “Жигүүртэн шувуу өдөө хайрлана,
ухаант хүн хэлээ хайрлана” хэмээсэн ардын сургаал гээгдэж эх хэлээрээ сайхан
ярьж, зөв бичиж найруулж чадахаа больжээ. Одоо янз бүрийн онол, туршлага эрж
бэдрэлгүй “XXI зуун бол мэдлэг нөөцлөх зуун биш мэдлэгийг ашиглах зуун болно”
гэсэн Билл Гэйтсийн үгийг санаж “Монгол хэлний тухай хуультай болж эрдэмтэн
зохиолч (Л.Түдэв)-ийн дэвшүүлсэн хэлний засаглал тогтоож, төр, засгийн болон
төрийн бус бүх байгуулага, ард нийтээрээ газар сайгүй ажиллах цаг нэгэнт иржээ.
Хойт хөрш ОХУ
2005 онд “Орос хэлний тухай хууль”-тай болж эдүгээ хуулийн хэрэгжилтэд
байгууллага, иргэн бүр хувь нэмрээ оруулж буйг Оросын телевиз мэдээлж байна.
Тэд гудамж талбайд буй зар сурталчилгаа, албан газрын нэр хаягаас эхлээд бүх
төвшинд хуулийн хэрэгжилтийг маш нарийн тооцож байна. ОХУ-ын залуучууд, сайн
дурын байгууллагынхан онц идэвхтэй ажиллаж үр дүнд хүрчээ.
Шинэ содон
бүхнийг хошуучлагч залуучууд, залуучуудын байгууллага олиу солиу алдаа
эндэгдэлтэй залуу насны ааг омгоор галтай цогтой тэмцэж өөрчлөн бүтээн босгодог
нь манай залуусын үе үеийнхний үйлс билээ. “Хэлтэй бол хөлтэй” учир гадаад
хэлийг сурсан шиг сурч Монгол хэл-утга соёлоо дээдлэхийг мартвал үеийн үед
жигшигдэнэ.
АНУ-ын Индианын
их сургуулийн нэрт Монголч эрдэмтэн Кара Жорж (Хар Дорж) “Гаднын үгийг
түүхийгээр нь битгий их залгиасай” гэж Монголчууд бидэнд захисан, тус
сургуулийн төв – Еврази судлалын салбарын судлаач Рут Ингеборг Мэзэрв “Гаднын
шинэ ололтыг авч хэрэглэх нь чухал боловч түүний төлөө өөрийнхөө
соёл-иргэншлийг битгий золиослоорой. Барууныхныг битгий шууд хуулбарлаарай.
Тэдний аж төрөх ёс рок поп урлаг цорын ганц зөв зам биш шүү дээ (Индианын их
сургуулийн Монгол судлаачид “Блүүмингтон Индиана. 2005. 25 ба 48-р талд) гэсэн
гүн утгатай үгийг ямагт санаж эх хэл-соёлоо буртаглуулахгүйн төлөө залуус
ханцуй шамлан ажиллахыг уриалъя.
Эзэн Чингисийн
алтан сургаал “Алтан Эрих”-д “харийг даган дуурайвал Хөх-Монгол гутмой” гэж
бий.
2008 онд
Ерөнхийлөгчийн санаачлага, ивээл дор хэсэг “элит”-ийн боловсруулж УИХ-аар
баталсан “Монгол улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн
цогц бодлого” хэмээх нэрээсээ эхлээд Монгол хүн ойлгоход бэрх, болхи толхи
найруулгатай баримт бичигт “2021 он гэхэд төрийн захиргааны төв байгууллагын
ажилтнууд албан ажлаа англи хэлээр явуулах чадамжтай болгох” гэж заасан нь
Монгол улс 2021 оноос англи хэлт нэг улсын харьяат болох муу ёрыг зөгнөсөн мэт
айдас жихүүдэс дагуулж байна. Үүнд хөх толбот Монгол хүн бүр жигшин зэвүүцэж
“Төрийн түшээд, Тэнгэр хоёрыг хараад нэмэргүй” төрийн тушаа гэж байгаа юм.
Монголыг судалдаг гадаадын эрдэмтэд Монгол хэл соёлоор бахархаж байхад бид юу
болж байна вэ?!
Англиар баруун
солгойгүй хэмээн өөрийгөө дөвийлгөдөг манай нэг том хүн Олон улсын эдийн
засгийн чуулган (форум)-ыг англи хэл дээр удирдах гээд бантан хутгаж
оролцогчдын дургүйг хүргэсэн гэсэн мэдээ дуулдсан. Үнэн бол Монгол улсын нэр
төрийг гутаасан уучилшгүй шившиг. Ерөөс тусгаар улсын нэг гол шалгуур бол
төрөлх хэлээрээ бүхий л ажил хэрэг, эрдэм соёлоо ямар ч төвшинд явуулдаг дэлхий
нийтийн жишиг, тогтсон ёс. Эх хэлнээсээ урвана гэдэг бол эх орноосоо урвасан
хэрэг. Их Нацагдоржийн “Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл мөн.
Үхтэл орших төрөлх нутаг салж болшгүй орон мөн” гэснийг сэвтээхгүйн төлөө
Монгол хүн бүр бодох, сэтгэх, бүтээх, туурвих, ажиллах түүхэн цаг үе нэгэнт
иржээ.
Эх сурвалж: Залуучуудын үнэн сонины
нийтлэлээс www.assa.mn 2013 оны 3 сарын 25-нд хуулбарласныг энд авав.
No comments:
Post a Comment