Орчуулгын уралдаанд тэргүүн байрт шалгарсан ОУХуд-Орчуулагчийн IV курсын оюутан С.Энхбилгүүний орчуулга. Францын нэрт зохиолч Ги Дө Мөпассоны "The Necklace" өгүүллэгийг Англи хэлнээс орчуулав.
Орчуулгын өмнөх үг
Францын нэрт зохиолч Ги Дө Мөпассоны 1884 онд бичсэн “Хүзүүний зүүлт” хэмээх богино
хэмжээний зохиолыг эх хэлнээ чадан ядан хөрвүүлээ. Энэхүү зохиол нь баян тансаг
амьдралыг ихэд хүсэмжлэгч нэгэн бүсгүй, түүний нөхөр хоёрын зөрчилдөөнт амьдралыг харуулах бөгөөд зохиогч
эл өгүүллэгээрээ нийгмийн гарал угсаа, шунал хүсэл, үнэнч хайр, хүний ухамсар,
мөн чанар зэрэг олон чухал сэдвүүдийг хөндөхийг зорьжээ.
Өгүүллэгийг орчуулах явцад гарсан үндэсний соёлын онцлогтой зарим үг, хэллэгийг
нэмэлт тайлбар хийн орчуулгын төгсгөлд орууллаа.
Хүзүүний зүүлт
Төрөлхийн гоо үзэсгэлэн цогцолсон тэр бүсгүй ядуу тарчиг гар урлаачийн гэрт
төрсөн нь эгээтэй л тэнгэр бурхан эндүүрсэн үү гэлтэй. Алдар нэртэй, чинээлэг
хүнтэй гэрлэж, дурлал хайрын амтыг мэдэрч, хөөрхий өөрийгөө ойлгуулах нь битгий
хэл эцэг эхээс бэлдээд өгөх сүйн инж ч гэх юмгүй тэрээр эцэс сүүлд нь
Боловсролын яамны нэгэн бичээчтэй гэрлэжээ. Бүсгүй чамин тансагт хичнээн
дурлавч эцсийн эцэст эгэл жирийн бүхэн түүний сонголт биш заяа тавилан ажгуу.
Гэхдээ л эмэгтэйчүүдийн хувьд анги давхарга, нийгмийн гарал гэдэг тэдний
байгалиас заяасан гоо үзэсгэлэн, энхрий ялдам төрх, эрхэмсэг оршихуй хийгээд
оюун билгээр нь хэмжигдэж байдаг тул ядуу тарчиг бүсгүй яахын аргагүй дээдсийн
зиндааны эмэгтэйд тооцогдох билээ. Тийм ч учраас бүсгүй өөрөөсөө доод зиндааны
хүнтэй гэрлэсэн мэт ямагт сэтгэл хөндүүрлэдэг байлаа.
Энэ хорвоогийн чамин тансаг бүхэн түүнд л зориулагдсан мэт сэтгэж өөрийн
амьдарч буй энэ муу навсгар байшин, юу юугүй нурж унах нь уу гэмээр өгөрсөн
хана тааз, яйжгар модон сандал, гандаж элэгдсэн хөшигнүүдээ харах тутам ой
гутаж, өөрийнх нь “зиндааныхан” энэ бүхнийг эдэлж хэрэглэх нь бүү хэл харж ч
байгаагүй биз гэж бодохоос хаа нэг тийшээ үүрд яваад өгмөөр санагдах ч эцсийн
эцэст хөөрхийлэлтэй тавилантайгаа эвлэрдэг билээ. Бүсгүй ханаар нь дүүрэн
хуучны тансаг зураг, хивс өлгөж, чамин хийцийн галт бамбаруудаар гэрэлтүүлсэн үүдний
өрөөний үнэтэй буйдан дээр өөрийнх нь зарц нар ил галын илчинд нозоорон суугаагаар
төсөөлөх дуртай. Эртний гоёмсог тавилгууд, үнэлж баршгүй гоёл чимэглэлээр
дүүрэн, тансаг сүрчиг үнэртсэн танхимд дотны найзуудтайгаа, эмэгтэй хүн бүрийн
сэтгэлийг булаасан эрхэмсэг ноёдын хамт хүлээн авалт хийж буйгаар төсөөлөх
дуртай. Гэтэл тэднийд гэрийн ажил хийхээр ирсэн Брэтон[1]
угсааны жирийн нэг охин түүний сэтгэлд асар их гуниг төрүүлж орхидог юм.
Нөхөр нь шөлнийхөө тагийг сөхөөд “Ай даа, Шотланд
борщоос сайхан хоол хаа байх вэ” хэмээн уулга алдах авч, бүсгүй өөрийгөө ойн
захад орших үлгэрийн мэт тансаг харшдаа оройн зоог идэхээр тухлан сууж
байгаагаар, өрөөнд нь алдартнуудын хөрөг өлгөөстэй, зөөгч жигнэсэн алгана загас
эсвэл аспарагус[2]
ногоогоор хачирлаж шарсан тахиа ширээн дээр тавьж, зоогонд уригдсан эрчүүд
түүний гоо үзэсгэлэнг бишрэн шивнэлдэхийг сонсож нууцхан инээмсэглэж байгаагаар
төсөөлж байлаа.
Бүсгүйд хүн өмсчихөөр олигтой хувцас хунар, гоёл чимэглэл юу ч байсангүй.
Гэтэл бүсгүй өөрөө энэ бүхний төлөө л төрсөн мэт санагдаж бусдын харцыг булааж,
сэтгэлийг нь догдлуулсан нэгэн байхын чин хүслээр дүүрэн явдаг билээ.
Харамсалтай нь тэрээр сургуульд хамт сурж байсан чинээлэг найзтайгаа уулзаад
гэртээ буцаж ирэх бүртээ ядуу тарчигтаа гуниглан өдөржин уйлж суудаг байсан тул
дахиж очихоос цааргалах болжээ.
*
Нэгэн орой түүний нөхөр гартаа дугтуй барьчихсан, баяр хөөр болсоор орж
ирээд “Чамд бэлэгтэй ирлээ” гэв.
Бүсгүй дугтуйг задлан доторхийг нь
уншвал,
“Эрхэм хүндэт Ноён, Хатагтай Лойсел нарыг Нэгдүгээр сарын арван наймны даваа
гарагийн үдэш боловсролын яаман дээр зохиогдох цэнгүүнд хүрэлцэн ирэхийг урьж
байна. Боловсролын яамны сайд болон гэргий Рампонью авхай.” гэсэн байлаа.
Эхнэрээ баярлах болов уу гэтэл урилгыг нь ширээн дээр тоомсоргүйхэн шидэж
орхиод “Би тэгээд үүгээр чинь яах юм бэ?” гэсэнд Лойсел:
- “Яагаад вэ хонгор минь, чамайг баярлах байх гэж бодсон юмсан. Чи минь огт
гадуур гардаггүй шүү дээ. Дээрээс нь энэ урилгыг авах гэж хичнээн юм болсон
гээч. Хүн болгон л авахыг хүсэх учраас манай тасагт ямар цөөхнийг өгсөн гэж
санана. Тэнд бүх л томчууд очино шүү дээ.” гэвэл бүсгүй түүн рүү ширүүхэн
харснаа:
- “Тэгээд тийм газар чинь би юугаа өмсөх болж байна аа?” гэсэнд Лойсел
үнэхээр энэ талаар бодоогүй байсан тул “Яагаав, театр руу явахдаа өмсдөг
даашинз чинь яасан юм? Их сайхан харагддаг шүү дээ, надад лав..” гэснээ эхнэрийнх нь нүднээс хоёр том дусал
нулимс гарч хацрыг нь даган урсахыг хараад зогтусан “Яасан юм бэ дээ? Юу
болоов?” хэмээн түгдчив.
Харин бүсгүй уй гунигаа тэвчин, нулимсаа арчаад “Юу ч биш дээ. Зүгээр л
надад тохирох даашинз байхгүй тул энэ үдэшлэгт явж чадахгүй нь. Тиймээс эхнэр
нь надаас сайхан хувцас хунартай гэсэн нэг найздаа энэ урилгаа өгсөн нь дээр
биз” гэсэнд нөхрийнх нь сэтгэл зүсэгдэх шиг болж,
“Сонсооч Матилда, тэгвэл чи бусад баяр ёслолоор ч өмсчихөөр боломжийн
даашинз ямар үнэтэй байх вэ?” гэсэнд өндөр үнэ хэлье гэвч хямгач нөхөр нь эрс
татгалзах вий гэсэндээ хэсэг зуур бодолхийлээд, “Сайн хэлж мэдэхгүй юм. Гэхдээ
дөрвөн зуун франк[3] бол
хүрэх байх” гэв.
Түүний ийн хэлэхийг сонсоод нөхрийх нь царай барайсан боловч “За за. Би
чамд дөрвөн зуун франк өгье. Гэхдээ энэ мөнгөөр маш сайхан даашинз аваарай”
гэлээ. Учир нь тэр ирэх зун Нантерре хотын ойролцоо хэсэг найзуудын хамт
гөрөөлөхөөр явахаар тохирчихсон байсан тул ангийн буу авахаар яг 400 франк
хадгалж байсан юм.
Yдэшлэг болох өдөр ч ойртсоор байлаа. Даашинзаа хэдийнэ авчихсан Матилда
нэг л түгшүүртэй, гуниглангуй байлаа. Нөхөр нь түүнээс “- Сэтгэл чинь юунд зовоо
вэ? Сүүлийн гурван өдөр чи нэг л хачин байлаа” гэсэнд,
- Надад ямар ч үнэт эдлэл байхгүйд л зовж байна. Зүүгээд явъя гэх ганц
чулуу ч алга гэж бүсгүй бувтнаад, - Би ёстой хэн ч биш юм шиг л харагдах байх.
Би ер нь тэр үдэшлэгт бараг яваагүй нь дээр гэж хэлэв.
- Энгэртээ цэцэг зүүвэл ямар вэ?, яг өдийд цэцэг ямар сайхан харагдана гээч.
Арван франкаар хоёр гурван гоёмсог сарнай авчихна шүү дээ гэсэнд бүсгүй бодлоо
өөрчлөх шинжгүй,
- Yгүй ээ... тийм олон баян хатагтай нарын дунд ядуу харагдах шиг
гутамшигтай зүйл үгүй гэтэл
-
Тэнэгхэн
минь, Форестьер авхайгаас зүүлтийг нь нэг өдөр гуйчихаач дээ. Та хоёр нэгнийгээ
сайн танина шүү дээ.
-
Нээрээ
тийм шдээ. Яагаад санасангүй вэ? гэж хэлээд тэр маргааш нь найз бүсгүй Форестьер
дээрээ очин, учир зовлонгоо ярьжээ.
Форестьер авхай Матилдаг хувцасны өрөөндөө дагуулан орж нэг том гоёмсог
хайрцаг онгойлгоод “дуртайгаа сонго доо, хонгор минь” хэмээв.
Матилда хэдэн бугуйвч сонирхож байснаа сувдан зүүлт, эрдэнийн чулуу
шигтгэсэн чамин Венец маягийн эрдэнийн загалмай ч авч үзэв. Гоёмсог чимэглэлүүд
дундаас сонгож ядан толины өмнө хэсэг зогссоноо: - Эд нараас өөр байхгүй юм уу?
гэвэл,
- Дахиад байгаа байгаа. Чи өөрөө сайн үз л дээ. Би аль нь чамд
таалагдахыг мэдэхгүй юм.
Хэсэг хугацааны дараа бүсгүй санаандгүй нэгэн хар гялгар хайрцагнаас үнэхээр
гоёмсог алмаазан шигтгээтэй хүзүүний зүүлт олохдоо, зүрх нь түргэн гэгч нь
цохилж, гар нь чичирч байв. Даашинзан дээрээ өнөөх зүүлтээ зүүж өөрийгөө
жаргалтай гэгч нь харж байснаа гэнэтхэн эргэлзсэн аястай, Чи энийг надад түр
өгч чадах уу? ганцхан энийг? Гэсэнд Форестьер авхай хариуд нь
- Тэг л дээ, бололгүй яахав гэх нь
тэр.
Бүсгүй баярласандаа найзыгаа чанга гэгч нь тэврээд зүүлтээ барьсаар гарч
одлоо.
Нэгдүгээр сарын арван найман ч болж, үдэшлэг эхэллээ. Энэ л үдэш
Матилдагийн чин хүсэл биелж байлаа. Эрхэмсэг дэгжин, инээмсэглэл цацруулсан
тэрээр цэнгүүнд хүрэлцэн очсон бүсгүйчүүд дундаас яахын аргагүй хамгийн
үзэсгэлэнтэй нь байлаа. Бүх л эрчүүд түүн рүү ширтэж, нэрийг нь асууж, өөрсдийгөө
аятайхан танилцуулахыг хичээнэ. Яамны бүх л томоохон албан хаагчид зөвхөн түүнтэй
л вальс бүжиглэхийг хүсэж түүгээр ч үл барам эрхэм сайдад ч Матилда таалагдсан
юм.
Бүсгүй туйлын хүсэл нь биелсэн мэт, өөрийнхөө төгс төгөлдөр гоо
үзэсгэлэн, үзэмж төгс бие галбирт баярлан цэнгэж, аз жаргал баяр хөөрөөс өөр юу
ч бодохгүйгээр хүссэнээрээ бүжиглэж, ууж,
баясч байлаа. Харин нөхөр нь шөнө дундаас хойш мөн л эхнэрүүд нь баярлаж цэнгэн
одсон гурван найзынхаа хамт нэгэн жижиг өрөөнд зүүрмэглэж байжээ.
Өглөөний дөрвөн цаг орчимд тэд бүжгийн танхимаас гарлаа. Нөхөр нь харихдаа
өмсүүлэхээр авчирсан гэрийн хувцсыг нь нөмрүүлэхэд гоё даашинзтай нь үл
зохилдохыг анзаарах сөхөөтэй байсан бүсгүй гоёмсог үслэг эдлэлүүдээ өмсөн
зогсож буй бусад эмэгтэйчүүдэд харагдахгүйн тулд яаравчлан хаалга руу зүглэлээ.
Лойсэл түүний гараас татан, - Чи түр байж бай. Гадаа хүйтэн байна, хатгаа
авчихаж магадгүй. Би хөлсний тэрэг дуудаадахъя” гэсэнд бүсгүй түүний үгийг үл
хайхран түргэн гэгч нь гарч одлоо. Цаг хэтэрхий орой болсон тул хөлсний тэрэг ч
олдсогүй, ойр хавиар өнгөрч яваа жолоочид руу дэмий баахан ориловч тусыг эс
олоод Сена мөрний зүг даарч чичрэн алхлав. Эцэст нь нэг навсгар муугаасаа болж өдөр явдаггүй юм уу
гэмээр Парисын шөнийн тэрэг тааралдаж Руэ де Мартирс дахь гэрийнхээ үүдэнд хүргүүллээ.
Бүсгүй хэдхэн хормын өмнөх аз жаргал нь үүгээр дуусч байна даа хэмээн бодож
муй мэт гунигтайхан алхаж байлаа. Харин нөхрийнх нь хувьд маргааш өглөө арван цаг
гэхэд ажил дээр байх ёстой гэсэн бодол л толгойд нь эргэлдэж байлаа.
Бүсгүй гэртээ ороод өөрийнхөө төгс төгөлдөр гоо сайхныг дахин нэг харахаар толины
өмнө зогссоноо гэнэтхэн дуу алдах нь тэр. Хүзүүнд нь байсан зүүлт нь алга
болчихож!
Аль хэдийн хувцсаа тайлж байсан нөхөр нь “Юу болов оо?” гэсээр очвол бүсгүй
яахаа мэдэхгүй балмагдсан байдалтай түүн рүү хараад:
“- Би...би...би Форестьер авхайн зүүлтийг гээчихжээ...” Нөхөр нь гайхан
сандарч,
“- Юу гэнэ ээ... Тийм байх ёсгүй дээ!” гээд тэд даашинз, хүрэмний халаас,
нугалаа бүхнээ шалгаж, хаа сайгүй эрсэн ч зүүлтийг олсонгүй.
“- Чи үдэшлэгээс гарахдаа зүүлтээ яг зүүсэн байсан уу?” гэж нөхөр нь
асуусанд
“- Тийм ээ, танхим дотор би барьж үзсэн юм.”
“- Хэрвээ гудамжинд явж байхад унасан бол бид сонсох ёстой доо.”
“- Тийм ээ. Сонсогдох ёстой. Тэр хөлсний тэрэгний дугаарыг нь харсан уу?”
“- Yгүй, харин чи хараагүй юу?”
“- Yгүй ээ.”
Тэд яахаа мэдэхгүй балмагдаж хэсэг зуур дэмий л нэгэн рүүгээ харж зогссоны
эцэст Лойсел хувцсаа буцааж өмсөөд:
“- Би ирсэн замаараа хайж байгаад ирье” гээд гарч одоход Матилда яахаа
мэдэхгүй балмагдан дэмий л баахан суусаар унтах гэсэн боловч нойр нь хүрсэнгүй
нэг мэдэхэд үүр цайжээ. Лойсел үүрийн 7 цагт буцаж ирсэн боловч зүүлтийг олж
чадаагүй тул маргааш өдөр нь цагдаад мэдэгдэж, сонины газар зар өгөхөөс эхлэн,
олдож магадгүй гэсэн газар бүртээ зүүлтийг хайж байлаа. Царай нь хорчийж
цонхийтлоо ядарсан тэрээр харанхуй болсон хойно гэртээ эргэн ирээд “Матилда
минь, чи ер нь найз руугаа захиа бич. Зүүлтнийх нь түгжээг далийлгачихсан
учраас засварт өгчихсөн гээд хэлчих. Тэгээд ядаж цаг хожъё” гэсэнд Матилда ч
нөхрийнхөө хэлснээр захиа бичин явуулжээ.
*
Бүтэн долоо хоног хайсны эцэст тэдний хамаг найдвар нь алдраад байлаа. Аль
хэдийнэ 5 насаар хөгширчихсөн мэт харагдах Лойсел эцэст нь “ Зүүлт нэгэнт
олдохгүй бол орлуулах арга чарга бодсон нь дээр байх” гэж шийдээд маргааш нь
Матилдагийн хамт зүүлтний хайрцган дээр нэр нь бичээтэй байгаа дэлгүүрийг зүглэн
явцгаалаа.
Дэлгүүрт орж зүүлтийг сурагласан боловч эзэн нь тэмдэглэлийн дэвтрээ урагш
хойш хэд эргүүлж харж байснаа, “Хатагтай минь, энэ миний зарсан зүүлт биш
байна. Харин түгжээг нь л зарсан байж магад” хэмээв.
Тэндээс гараад тэд хэдхэн хоногийн өмнө даашинзан дээрээ зүүх зүүлт хайн
явж байсан шигээ дархнаас дархан, дэлгүүрээс дэлгүүр дамжин гүйцгээж байлаа.
Харамсалтай нь энэ удаа тэд уйтгар гуниг, айдас түгшүүрээр хөтлөгдөн яваа билээ.
Ийн явсаар Палай-Роял хэмээх нэгэн дэлгүүрт хайж байсантай нь яг адилхан
зүүлт байхыг тэд олж харжээ. Зүүлтэнд ‘40 мянган франк’ гэсэн
шошго хадаатай байсан ч тэд 36 мянган франк төлөөд авж болох байв. Худалдагчаас
нь зүүлтийг 3 өдөр зарахгүй байхыг гуйгаад хайж байсан зүүлт нь Хоёрдугаар
сарын эцэс гэхэд олдчихвол 34 мянган франкаар шинэ зүүлтээ буцаахаар тохироод
харьцгаав.
Лойселд эцгээс нь өвлүүлсэн 18 мянган франк байсан тул үлдсэнийг нь бусдаас
зээлэхээр шийджээ. Нэг хүнээс мянгыг, нөгөөгөөс таван зууг, эндээс ч таван луи[4],
тэндээс ч гурван луи гэсээр нилээд хүнээс мөнгө зээлж, мөнгө хүүлэгч, барьцаалан
зээлдэгч нарын томоохон бүлэглэлтэй ч наймаалцжээ. Энэ бүхний эцэст өнөөх дэлгүүрийн
худалдагчийн өмнө 36 мянган франкаа тоолон зогсох зуураа залуу нас, нэр төр, үлдсэн
амьдралаараа дэнчин тавьж байгаагаа, хожмоо ямар гачлант тавилан түүнийг болон
хайртай гэргийг нь нөмрөн авч болохыг тэрээр мэдэхийн дээдээр мэдэж байлаа.
Матилда зүүлтийг нь буцаан өгөхөд Форестьер авхай их л хүйтэн өнгөөр:
“Хурдан буцаагаад өгчихгүй дээ. Хэрэг болсон бол яана” гэх нь тэр. Аз болсонд
Мадам Форестьер хайрцгийг нээж үзэлгүй цааш хураачихав. Тэр өөр зүүлт хийснийг
анзаарчихсан бол юу гэж хэлэх байсан бол? Аягүй л бол үнэтэй зүүлтийг нь
хуурамч зүүлтээр солилоо гэх байсан биш үү?
*
Тэр цаг мөчөөс хойш Лойсел авхай жинхэнэ гачлан зовлон, ядуу тарчиг амьдрал
гэж юу болохыг биеэр үзсэн юм. Нэгэнт өнгөрсөн юмыг яая гэхэв. Энэ их өрийг хэн
нэг нь төлж л таараа. Үүнийг тэр төлөх л
болно. Заавал төлнө гэсэн бодлууд л гагцхүү түүний толгойд эргэлдэнэ.
Гэрийн үйлчлэгчдээ цалин өгөх байтугай байрны хөлсөө ч дийлэхгүй болсон тэд
дээврийн өрөөнд амьдрах болов. Бохирдсон аяга таваг, савны ёроолыг угаасаар гар
цэврүү үсэрч тэвчихийн аргагүй өвддөгийг, өглөө бүр хог асгаж, ус зөөсөөр хамаг бие
хөндүүрлэн туйлддагийг, жинхэнэ ядуу амьдрал гэж ямар байдгийг Матилда одоо л
мэдэрч эхэлжээ.
Мухлагт ороод худалдагчдад доромжлуулна, элдвээр хэлүүлнэ. Гэсэн ч тэр
хамгийн хямд үнэ хүртэл нь хямдруулах ёстой. Учир нь ширхэг зоос, ширхэг цент
бүрээр амьдрал нь хэмжигдэх болсныг тэр зөнгөөрөө мэдэж байсан юм.
Харин түүний нөхөр өдөр нь ажилдаа явж, орой нь худалдаачдын данс тооцоо
цэгцэлж өгөн, зарим шөнө нэг нүүрийг нь 5 пеннигээр[5]
тооцон бичиг баримт шивэх ажил давхар хийж байлаа.
Сар бүр өрөө тогтмол төлж, зарим сард нь сунгаж,
аргацааж явсаар тэд аль хэдийнэ арван жилийг өнгөрөөжээ. Харин одоо тэд бүх
өрөө төлчихсөн. Мөнгө хүүлэгчдийн хүү, хуримтлагдсан зээлийн хүү гээд бүгдийг
нь тэд төлж дууссан хэдий ч Матилда авхай одоо ихэд хөгширчээ. Үс нь сэгсийж,
өмссөн юбка нь хайш яйш, эмзэг зөөлөн гар нь урьдын адил байхаа больж яг л
ядуусын хорооллын бүдүүлэг, хахир зантай авгай нарын нэг мэт болж. Чанга
дуугаар ярьж, шалаар нэг ус үсчүүлэн цэвэрлэгээ хийнэ. Гэхдээ л тэр заримдаа
нөхөр нь ажилдаа явсан хойгуур цонхны дэргэд суугаад өөрийн нь гоо сайхан хэн
бүхний харцыг булаан байсан арван жилийн өмнөх тэр нэгэн үдшийн тухай дурсдаг
байлаа.
Матилда алмаазан зүүлтийг нь гээгээгүй байсан бол яах байсан бол? Хэн мэдэх
вэ дээ? Хэн мэдэх билээ дээ? Амьдрал ямар хуурамч, ямар хувирамтгай юм бэ?
Хүний амьдрал ямар өчүүхэн зүйл дээр тогтдог юм бэ!
Нэгэн бүтэн сайн өдрийн өглөө долоо хоногийн ажлуудаа дуусгачихаад,
сэтгэлээ сэргээхээр Чампс-Элисэйн гудамжаар алхаж яваад тэр нэгэн эмэгтэй хүүхдээ
салхилуулж явахыг гэнэтхэн олж харлаа. Тэр эмэгтэй бол Форестьер авхай байсан
бөгөөд залуу, үзэсгэлэнтэй, дур булаам хэвээр харагдаж байв.
Матилдагийн сэтгэл нь хөдөлжээ. Түүнтэй уулзсан нь дээр үү? Тийм ээ, мэдээж
хэрэг. Одоо өрөө төлж дууссан юм чинь түүнд бүгдийг хэлж яагаад болохгүй гэж?
Матилда түүн дээр очоод: “Өглөөний мэнд, Женни!” гэсэнд Форестьер авхай түүнийг
таньсангүй. Өөрийг нь нэг үл таних ядуу эмэгтэй хэзээний танил мэт дуудсанд
ихэд гайхсан янзтай: “Хатагтай...” гэж тэр бувтнаад, “Та хүн андуураад байх шиг
байна” гэв.
Матилда хариуд нь “Yгүй ээ...Би Матилда Лойсэл байна аа” гэсэнд
Форестьер авхай дуу алдан “Хөөрхий... Матилда минь! Чи чинь ямар их
өөрчлөгдөө вэ!...”
“Тиймээ, чамтай сүүлд уулзсанаас хойш би их ч хэцүү бэрхийг туулж, их ч
зовлон үзлээ… Энэ бүхэн минь чамтай
холбоотой юм аа” гэсэнд
“Надтай холбоотой? ... Яагаад тэр билээ?”
“Яамны хүлээн авалтын цэнгүүнд зүүхээр чамаас авсан зүүлтийг санаж байна
уу?”
“Санаж байна, тэр яасан гэж?”
“Би тэр зүүлтийг гээчихсэн юм аа.”
“Юу? Чи яаж... Үгүй ээ, байз, чи надад буцаагаад өгчихсөн шүү дээ.”
“Үгүй ээ. Би чамд оронд нь яг адилханыг аваад өгчихсөн юм. Тэгээд тэрнээс
хойш 10 жилийн турш тэр өрөө төлж амьдарлаа. Маш хүнд бэрхийг туулсан ч эцэст
нь нэг төлж дууслаа шүү. Би ямар их баяртай байна гээч.”
Форестьер авхай хэсэг тээнэгэлзээд, “Чи миний зүүлтний оронд алмаазан
шигтгээтэй зүүлт авж өгсөн хэрэг үү?”
“Тийм ээ, Чи анзаараагүй гэж үү? Үнэхээр адилхан харагдаж байсан даа” гээд аз
жаргалтай гэнэн бас бардам инээмсэглэсэнд Форестьер авхай түүнд ойртон хоёр
гарыг нь атгаад “Хөөрхий Матилда минь! Минийх чинь үсрээд л 500 франкын үнэтэй дууриамал зүүлт байсан юм шүү дээ....”
гэх нь тэр.
[2] Аспарагус ногоо – Төрөл бүрийн хоёрдугаар
хоолыг амталж хачирлахад зориулсан нэгэн зүйл ногоо.
[3] 18, 19-р зууны үеийн Францын мөнгөн
тэмдэгт. Тухайн үеийн 1 франк нь 0.16 ам.доллар буюу 400
орчим төгрөгтэй тэнцэж байв.
[4] Нэг луи нь 20 франктай тэнцэх алтан зоос
бөгөөд 18, 19-р зууны үед Францад хэрэглэгдэж байжээ. Энэхүү зоосыг Францын Louis
хааны угсааныхан өөрсдийн нэрээр
нэрлэн гүйлгээнд гаргасан байна.
[5] Пенни - Нэг цент буюу Франкийг 100
хуваасны нэгтэй тэнцүү.