Амьдрал бол цуварсан
агшны хэлхээ гэлтэй. Агшин бүр өөрийн шалтгаантай, ялгаатай, бас өөр өөрийн
хонхны дуутай. Өнөөдөр та бид Монголын оюутны холбооны 70 жилийн ойг тэмдэглэж
байна. 1942 онд Монгол Улсад анхны Их сургууль байгуулагдаж, удалгүй Монголын
оюутны холбоо (МОХ) бий болжээ. Тэр үеийн хонхны дуу дэлхийн халуун дайны тухай
цохиж байлаа. Монголын түүхэнд оюутан залуус анх удаа дээд боловсролын диплом
авч, эх орныхоо хөгжлийн мэдлэгийн суурийг тавьж байжээ.
Харин бидний оюутан
байсан 70-80-аад оны уулзварт түүхийн хонх хүйтэн дайны ид өрнөлийг давтаж
байлаа. Би Ташкентийн их сургуулийн орос хэлний бэлтгэлд орж, хойтон нь
Москвагийн Улсын их сургуулийн (МГУ им. М.В. Ломоносова) геологийн ангид элсэж,
хоёр жилийн дараа эдийн засгийн ангид шилжин суралцаж төгссөн юм.
Тухайн үед Оюутны
зөвлөл, Эвлэлийн үүр нь нэг байгууллага байсан бөгөөд зуу шахам монгол оюутан
сурч байсан МГУ-гийн Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Хорооны даргаар би
сонгогдов. Оюутны байрныхаа байршлаас хамааран гурван үүртэй байсан бөгөөд нэг
үүрийн дарга нь Санжаасүрэнгийн Зориг (Ардчилсан холбооны дарга нь агсан),
нөгөө үүрийн дарга Зоригийн Алтай (одоо Шведэд Элчин сайд), удаах нь
Сүхбаатарын Батмөнх (нэрт зохиолч агсан) байлаа. Москвагийн их сургуульд олон
арван авьяаслаг залуус сурч байсан бөгөөд тэднээс Монголын ирээдүйн удирдагчид,
өөрийн мэргэжлээр дэлхийн түвшинд хүрсэн алдар нэртэй мэргэжилтнүүд төрөн
гарсан.
Харин 80 оны
хоёрдугаар хагаст миний бие Монголын оюутны холбооноос Олон улсын оюутны
холбоонд (ОУОХ) суух төлөөлөгчөөр томилогдон Прага хотод ажиллаж байлаа. Олон
улсын оюутан, залуусын наадмыг Хойд Солонгост зохион байгуулах, түүний бэлтгэл
болох Дели болон Гаванагийн хуралд оролцож, дэлхийн олон тив, орноор явж,
оюутан залуус, их, дээд сургуулиудын багш нар, төр, засгийн удирдлагуудтай
(Ф.Кастро, Ким Ир Сен, Ражив Ганди ба бусад) уулзах завшаан тохиосон юм.
Наяад оны эцсээр
социализм задран унаж, зах зээл, ардчиллын харилцаа тогтож эхэлж байлаа. 1989
оны намар Прагын төв талбайд Чехийн оюутнуудын эхлүүлсэн сүрт жагсаал болж,
Чехословакт суралцаж байсан Монголын оюутнууд ч оролцож байв. Прагын
Политехникийн их сургуулийн өмнөх талбайг Сүхбаатарын талбай гэж нэрлэж ч
байлаа. Тус талбайд болсон оюутны ээлжит цуглаан дээр би үг хэлж, маргаашийнх
нь залуучуудын сонины дугаарт “Сүхбаатарын талбайд нэг монгол шоронд байгаа
зохиолч Вацлав Хавелыг чөлөөлөхийг уриалав” гэж бичсэн байлаа.
АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ БА ОЮУТНУУД
Социалист орнуудад
өрнөж байсан хувьсгалт өөрчлөлт бүрт тухайн оронд суралцаж байсан Монголын
оюутнууд оролцож ирсэн бөгөөд 1989 оны өвөл манай улсад өрнөсөн ардчилсан
хөдөлгөөн нь монгол хүн бүрийн сэтгэл зүрхийг татаж байлаа. 1990 оны хоёрдугаар
сарын 18-нд болсон Монголын ардчилсан холбооны анхны хуралд олон орны оюутнууд
ирсний дунд Чехословакаас Хулан (Брно), П.Цэнгүүн (Прага), бид гурав байсан.
Хоёрдугаар сарын 24-нд
Монголын ардчилсан хүчнүүдийн хамтарсан хурлыг МОХ-ноос зохион байгуулж, МОХ,
Шинэ дэвшилт холбоо, Ардчилсан социалист хөдөлгөөн болон Монголын ардчилсан
холбооныхон оролцсон юм. Энэ хурлаар бид ямар үндсэн дээр байр сууриа нэгтгэж,
гуравдугаар сарын 4-нд бүх нийтийн жагсаал зохион байгуулах тухай ярилцсан
билээ. Эцэст нь Ц.Элбэгдорж, Батсүх (багш, овгийг нь бичээгүй), Р.Гончигдорж
бид дөрөв АИХ, Сайд нарын Зөвлөл, Төв хороонд хүргүүлэх Хамтарсан мэдэгдэл,
БХЯ, Зэвсэгт хүчин болон НАХЯ-ны нийт бие бүрэлдэхүүнд иргэдийнхээ эсрэг галт
зэвсэг хэрэглэхгүй байх Уриалга бэлдэж батлуулсан. Дараа нь МОХ тэдгээр
Уриалгыг бичгийн машинаар бичиж олшруулаад, хотын баруун, зүүн дөрвөн замын
хооронд гэрлийн шонгуудад наасан бөгөөд тэр үеийн үйл ажиллагаанд оюутны “ХХ
зуун хөдөлгөөн” идэвхтэй оролцсон.
Гуравдугаар сарын 2-ны
өдөр МОХ-ны Онц бага хурал болж, Холбооны дарга Л.Болд (Эдүгээ ГХ-ны сайд) үг
хэлж, төлөөлөгчид бид МОХ-ны шинэ үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрийг баталж,
Монголын оюутны эрхийг тунхагласан.
Гуравдугаар сарын 4-нд
бид Залуучуудын төвийн үүдэнд олон зуун оюутны жагсаал зохион байгуулж, Оюутны
эрхийн тунхаглалаа уншаад Тянь-Аньминий талбайд эрх чөлөөний төлөө босож амиа
алдсан Хятадын оюутнуудын дурсгалыг хүндэтгэсэн. Дараа нь Ялалтын талбайд
жагсаалаар очиж Ардчиллын цуглаанд нэгдсэн. Үдээс хойш Сүхбаатарын талбайг
тойрч жагсаад одоогийн Хэлмэгдэгсдийн хөшөөний суурин дээр ирж албан ёсоор
тарсан. Тэр өдөр Сүхбаатарын талбайд жагсаал хийх зөвшөөрөл өгөхгүй байсан юм.
Гэвч удалгүй талбай дээр олон хүн аажмаар хурсаар ахиад нэг том цуглаан болж
хувирсан. Тэр үеийн түүхийн хонхны дуу бол үг хэлэх эрх чөлөө, хүний эрхийн
тухай байсан юм. Удалгүй Улс төрийн товчоо огцорч, Улсын Бага хурал хуралдаж,
шинэ Үндсэн хууль батлагдаж байлаа.
ӨНӨӨГИЙН ОЮУТАН ТА
Харин 2010-аад оны
хонхны дуу шал өөр аялгуутай юм. Өнөөгийн оюутнууд та нар Монголын 2020 оны улс
орны өнгө төрхийг бүрдүүлнэ. Та бүхний үүрэг бол шинэ санаачилгын (innovation)
эдийн засгийг бүтээн босгож, ардчилал, зах зээлийг бэхжүүлэх явдал юм. Яагаад
гэвэл зөвхөн энэ гурвын нэгдэл аль ч улс оронд хөгжил цэцэглэл, энх тайвныг
авчрах юм.
Нэгэн дуунд гардаг шиг
хүн бүрт өөрийн агшин ирдэг. Харин тэр нь шалзам халуун зуны балга ус шиг бага,
шанхны үзүүрийг шүргэсэн бууны сум шиг хурдан өнгөрдөг.
Би 2002 онд АНУ-д
Денверийн их сургуульд хоёр жил сурч бизнесийн удирдлагын мастерийн зэрэг хүртсэн.
Нийтдээ арван жил оюутны амьдралыг туулж, сурч мэдэхийн бэрхшээл, сорил, баяр
баясгалан болон үр өгөөжийг нь амссан хүний хувьд та бүхнийг өөрийн агшинаа
бүрэн ашиглахыг уриалж байна.
Та бүхэн мэдээллийг
мэдлэг болгох, мэдлэгээрээ үнэ цэнийг бүтээхийг эрмэлзэх ёстой. Даяаршсан
хавтгай ерт өнц өд та дэлхийн аль ч орны, адилхан ухаантай хүмүүстэй өрсөлдөх
болно. Таны голын аль эрэгт төрсөн, аль аймаг сум, ямар яс үндэстэй байх нь гол
асуудал биш. Та аль хэр мэдлэг чадвартай, түүнийгээ яаж, ямар хэлээр илэрхийлж
чадаж байгаа нь гол асуудал юм.
Оюутан байх үедээ хүн
насан туршдаа сурч боловсрох чадвараа бүрдүүлдэг. Сахилга бат, төвлөрөх, бусдыг
сонсох чадвартай болох ёстой. Та нар харилцаа холбооны цоо шинэ технологи
хөгжсөн үед амьдарч байна. Түүнийг хэрхэн ашиглан хөдөлмөрийн бүтээмжээ хэд
дахин өсгөж чадаж байна вэ гэдэгт гол асуудал байгаа юм.
Та нар дараачийн
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болно гэхээсээ илүүгээр дараачийн Билл Гэйтс, Марк
Цукерберг болохыг мөрөөдөөсэй гэж би хүсэж байна. Та өөрөө тэр хүсээд байгаа
өөрчлөлтөө хийх хэрэгтэй.
Оюутан залуустаа
сурлагын өндөр амжилт хүсье!
ОУОХ-нд МОХ-г төлөөлөн сууж байсан Д.Жаргалсайханы Монголын
оюутны холбооны 70 жилийн ойн хурал дээр хэлсэн үг.
2013.11.16 Улаанбаатар хот