Friday, November 28, 2014

"Орчуулах эрдмийг эрхэм болгохуй" орчуулга судлалын өгүүллүүд

Гучин таван жилийн тэртээ орос хэлний багш, орчуулагч бэлтгэхээр байгуулагдсан Орос Хэлний Дээд Сургууль өнөөдөр гадаад хэл, хэл шинжлэл, боловсрол судлал, эдийн засаг, бизнес, олон улсын харилцаа, байгаль хамгаалал, экологи, мэдээлэл харилцааны технологи зэрэг хүмүүнлэгийн ба нийгмийн ухаан чиглэлээр 60 орчим мэргэжлээр бакалавр, магистр, докторын зэрэгтэй мэргэжилтэн, эрдэмтэн бэлтгэдэг нэр хүндтэй их сургууль болон хөгжиж байна.
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн сургалт, судалгааны анхны чиглэл гадаад хэл шинжлэл, орчуулга судлалын салбараас олон арван эрдэмтэн, судлаач төрөн гарсан билээ.  Манай сургуульд Монголын орос хэлний салбарын анхны эрдэмтэд ажиллаж байсан ба 35 жилийн хугацаанд манай эрдэмтэд орос төдийгүй англи, франц, герман, хятад, япон, солонгос хэлний  шинжлэл, орчуулга судлалын  олон зуун бүтээл туурвиж Монголд болон олон улсад шинжлэх ухааны эргэлтэд оруулжээ.
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Орчуулгын Клубээс эрхлэн залуу судлаач, оюутнууддаа зориулан Орос Хэлний Багшийн Дээд Сургууль, Гадаад Хэлний Дээд Сургуульд ажиллаж, эрдэм шинжилгээний бүтээлээ туурвиж байсан эрдэмтэн мэргэд,  өдгөө Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуульд сургалт судалгааны ажлаа хийж буй эрдэмтэн, судлаачдынхаа орчуулга судлалын чиглэлийн бүтээлүүдээс түүвэрлэн "Орчуулах эрдмийг эрхэм болгохуй" эмхтгэлийг гаргаж байна. 

Энэхүү эмхтгэлд орсон бүтээлүүдийг оюутан залуустаа цувралаар хүргэж байна.

Эрдэмтэн мэргэд, судлаачдын маань бүтээл туурвилын нэгээхэн энэ хэсэг оюутан, магистрант, докторант, ер орчуулга сонирхогч хэн бүхний хэрэгцээнд хүрч, сэтгэлд нийцэн, мэдлэг туршлагад тань дусал нэмэр болох болтугай.


Номын утга нь тэнгэр мэт агуу, дэлхий мэт өргөн, далай мэт гүн байг.

ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛЬ
ОРЧУУЛГЫН КЛУБ

Т. Алтанцэцэг, докторант

НОБЕЛИЙН ШАГНАЛТ ЗОХИОЛЧ Х. ХЕССЕГИЙН "СИДДХАРТХА" ЗОХИОЛЫН ОРЧУУЛГАНД ТОХИОЛДСОН БЭРХШЭЭЛ, ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ

            Орчуулга гэдэг нь тухайн нэг хэлний үг өгүүлэмжийг өөр нэг хэл рүү утга болон илэрхийлэлийн дүйцлийг  ханган хөрвүүлэх, оюуны бүтээлч үйл ажиллагаа юм. Монголчууд орчуулгын өв уламжлал аривантай билээ. Бүр VIII зуунаас эхлэн хятад хэлнээс түүх судар, цаг тооны бичиг /X зуун/, гүн ухааны ном, хууль цааз орчуулж, тайлбар толиудыг зохиож
            Орчуулгын олон  дотроос уран зохиолын орчуулгын ач холбогдол асар өндөр бөгөөд олон улс гүрэн утга зохиолынхоо хөгжлийн эх үүсвэрийг эндээс авсан байдаг. Энэ тухай Францын орчуулгын онолч Эдмони Кари "Францад орчуулга ямагт тэргүүн зэргийн үүрэгтэй байсан бөгөөд франц хэл, франц утга зохиолын боож авсан эх юм" гэж тэмдэглэсэн байдаг.
            Монголчууд бид гадаадын уран зохиол, тэр дундаа хүмүүн төрөлхтөн нэгэн үе соёл урлаг, хөгжил дэвшил гэдгийг Франц орноор хэмжиж, эрдэм боловсролтой байна гэдгийг франц хэл мэдлэг, мэдлэггүйгээр хэмжиж байсан энэ орны уран зохиолын охь дээжистэй орчуулгын ачаар XX зууны эхэн үеээс эхлэн танилцаж, амтархан унших боломж олдсон. Франц-монгол уран зохиолын нийт орчуулгад роман, тууж, өгүүллэгийн орчуулга голлох ба нийт орчуулсан бүтээлүүдийн 52%-ийг орос хэлнээс дам, үлдсэн 48%-ийг эх хэлнээс нь шууд орчуулсан байдаг.
            Уг илтгэлд  (герман хэлээр бүтээлээ туурвиж байсан) уран зохиолын Нобелийн болон Гётегийн шагналт, Герман - Швейцарын зохиолч Херман Хессегийн "Сиддхартха" романыг  франц хэлнээс монгол хэл рүү орчуулахад тохиолдсон бэрхшээлээс үгийн түвшингийн хэдэн жишээ дээр авч үзье.
            Эхлээд, тухайн зохиогч, зохиол болон романыг сонгосон тухайгаа товч танилцуулья. Х. Хессе 1877онд Германы Калв гэдэг жижигхэн хотод шашны номлогчийн гэр бүлд төржээ. Эцэг нь түүнийг өөртэйгөө адилхан шашны хүн болгохыг хүссэн боловч Хессе дургүйцэн, 15 настайдаа, 1892 онд Маулбронны сүмээс зугтан, янз бүрийн ажил хийж байжээ. 1899 онд Швейцар улсад суурьшин, удалгүй яруу найргийн шүлгүүд нь хэвлэгдэж гарсан даруйд олны анхааралыг татсан “Петер Камензинд” /1904 онд/ романаа бичжээ. Яруу найрагч, үргэлжилсэн үгийн зохиолч түүнчлэн гүн ухаантан Хессе оюун санаа, араатан зан тэнцүүхэн байх өв тэгш соёл иргэншлийг хүсч, тэмүүлж байжээ. Эсрэг, тэсрэгийг эвлэрүүлэхийг хүсч байсан нь "Гертрүд" /1910/, " Талын чоно" /1927/, "Нарсисс Голдмүнд хоёр" /1930/ "Дорно зүгт аялсан нь"  зохиолуудаас нь тод харагддаг.
            Хессе 1924 онд Швейцарын  иргэн болсон ба 1946 онд уран зохиолын Нобелийн шагнал хүртсэн. Гётегийн шагналтай. 1962 онд Швейцарын Монтагнолад нас баржээ.
            Х. Хессе " Сиддхартха" романыг 1922 онд бичсэн бөгөөд 1951 онд /29 жилийн дараа/ АНУ-д хэвлэгдсэн байна. Уг романыг 1960-аад онд дэлхий даяар таних болсон. 1972 онд уг зохиолоор Конрад Рукс кино хийсэн байдаг. Зохиолд брахманы хөвгүүн Сиддхартхагийн оюун санааны хөгжлийн тухай . Брахман, Саманас байж, Буддагийн сургаал дагасныхаа дараа, багшаас шавьд мэдлэг дамжуулдаг шиг ухаан дамжуулж болохгүй, харин хүн өөрөө олох ёстой гэж дүгнэдэг. Амьдралын бартаат зам туулан, Сиддхартха дотор хүн "би"-ээс салах зорилгодоо хүрдэг. Завьчин Васудевагийн дэргэд амьдралынхаа үлдсэн хугацааг өнгөрөөж, дотоод сэтгэлийн амар амгалангуйг олж, Нирваанд хүрдэг.
            Олон хэл дамжсан орчуулганд утгын гажуудал, болон эх бичвэрийн өнгө аяс олон талаар гээгддэг гэдгийг ухамсарлан, франц  зохиолчийн франц хэл дээр бичсэн зохиолыг сонгож болох байсан ч зохиогдсоноосоо хойш бараг 90 жил болж байгаа атлаа өнөөг хүртэл францчуудын шимтэн уншдаг зохиол хэвээрээ байгаа, бараг франц зохиолчийн бүтээл шиг болсон энэ романыг монгол хэл рүү хөрвүүлж, уншигчдад хүргэх нь амьдрал хийгээд хорвоо ертөнцийг ойлгох, амьдралын гүн ухаан, өөрийгөө таних, оюуныхаа  хэрэгцээг хангахад тус болох төдийгүй гадаадын зохиолчийн шилдэг бүтээлийн нэгтэй танилцах олон талын боломж гэж үзсэнийх юм.
            Нэгэнт, уран зохиолын орчуулгын тухай ярьж байгаа болохоор уран зохиолын хэл, найруулгын тухай хөндөх учиртай. "Хүний нийгмийн аж төрлийн гүн утга учир, жам зүйг яруу тодорхой дүрслэн илэрхийлж, хүний сэтгэлийг догдлуулан хөдөлгөж, хүмүүжүүлэх зорилгоор үндэсний хэлний бүх баялаг,  хамаг боломж, сэлтийг уран дүрслэлд хэрэглэсэн үг яриаг уран зохиолын хэл . Уран зохиолын хэл болон найруулгыг эрдэмтэд олон зүйлээр тодорхойлсон ба Д. Э Розенталь:
1.      Хэлний мэдээллийн болон гоо зүйн үүрэг нэгдсэн байдаг.
2.      Олон найруулгын шинж хадгалсан байдаг.
3.      Дүрслэх, илэрхийлэх арга хэрэгслүүдийг ашигладаг.
4.      Уран бүтээлчийн арга барил илэрсэн байдаг        гэж тодорхойлсон байдаг.
Тэгвэл уран зохиолын орчуулгын арга барилыг Р. Гүрбазар дараах байдлаар .
1.      Бүрэн төгс
2.      Үгчилсэн
3.      Хялбарчилсан
4.      Тайлбарласан
Одоо, орчуулах явцад тохиолдсон бэрхшээлийг багцлан, хэрхэн шийдвэрлэсэн тухай өгүүлье. (Зохиолыг франц хэлнээс орчуулсан ба бэрхшээлтэй зарим тохиолдолд герман эх бичвэртэй тулгасан).

Үгийн түвшинд
1. Оноосон нэр ба нэрийтлийн орчуулга
Зохиолд энэтхэгийн олон шашны ойлголт нэлээд бий. Жишээ нь: Брахман, Саманас, Будда, Риг веда, Ум, Нирваан, Маяа, Сатиам, Сансара, Кришна, Лам хувраг, Гэгээрэл... гэх мэт. Монгол уншигчид уламжлалт шашин болсон бурхны шашины нэр, ойлголтыг /Нирваан, Будда, Гэгээрэл, өргөл барих, ном унших, лам хувраг... гэх мэт/  төвөггүй ойлгоно. Иймд, үгийн түвшний бүрэн дүйцлээр орчуулж болж байгаа юм. Харин тухайн соёлд байхгүй ойлголтыг хөрвүүлэхэд тохиолдох бэршээлийг орчуулгын  онолын  аргуудаас хуулбарлах буюу үгчлээд тусад нь тайлбар зүүх аргыг хэрэглэлээ. Эх бичигт тайлбар шууд хийж орчуулахдаа найруулгын тансаг сайхан амт шимтийг бууруулах, хэлний хэмнэлийн зарчмийг зөрчдөг муу талтай. Гэвч франц орчуулагч герман хэлнээс франц хэлрүү орчуулахдаа энэ аргыг хэрэглэсэнтэй санал нэг байна: Жишээ нь:
1.      Брахман - Тахилчид. Эртний Энэтхэгийн нийгэм дотроо Брахман буюу тахилчид, Кшатрий буюу цэрэг эрс, Вайшьи буюу тариачид, гар урчууд, худалдаачид, Шутры буюу боолчууд, олзлогдогсод гэсэн хэсэгт хуваагдаж байжээ.
Брахманизм нь МЭӨ нэг мянган жилийн  үеэс дэлгэрсэн  шашны урсгал юм. Өмнөх үеийнхээ олон бурханг нэгтгэж 3 үндсэн бурхан дээр тогтсон ертөнцийн тухай илүү боловсронгуй сургаал. Брахманизмын мөн чанар нь Брахма буюу бүтээн байгуулагч, Вишну буюу энхийг сахигч, Шива буюу эвдэн сүйтгэгч мөн.
2.      Сансара гэхээсээ илүү Самсара - хорвоо, амьдрал, үхэл, хүний ертөнцийн хувирал. Төрөх, үхэхийн далай, юмсын тогтворгүй байдал.
2. Хүний нэрийн орчуулга
Орчуулгын онолд, эрдэм шинжилгээний зохиол бүтээлд үсэгчилэхээс бусад тохиолдолд оноосон нэрийг галиглах аргыг хэрэглэдэг гэдэг ч зохиолд гарсан хүний нэрийг  буюу үсэгчлэх аргаар орчууллаа. Жишээ нь:

Herman Hesse - Херман Хессе
Siddhartha - Сиддхартха
Vasudeva - Васудева - Вазудева
Kamala – Камала
Kamaswami -Кавасвами
Gotama - Готама гэх мэт

Учир нь: франц - монгол уран зохиолын орчуулгын ихэнх нь орос  хэлээр дамжсан. Одоо ч гэсэн зарим нэг орос маягаар орчуулснаараа хэвшчихсэн. Жишээ нь : Victor Hugo - Виктор Гюго, LouisюдовикHenry - Генри гэх мэт хүний нэр, Havre - Гавр хотын нэр гэх мэт. Энэ нь нэг талаар франц хэлний H үсэг Г болж, түүнийг бид нар яг хэвээр нь авч хэрэглэдэг. Монголоос франц хэлэнд:
Жишээ нь: Chinguis khan - Чингис хаан. Chingis khan -  Чинжис
            Vasudeva - Васудева - Вазудева - франц хэлний S үсэг 2 эгшгийн дунд орохоороо Z болдог дүрэмтэй.
            Орчуулгын зарим онолд нэгэнт зуршил болсон оноосон нэрийг нийтэд танил болж хэвшсэн ёсоор бичих нь зүйтэй гэсэн байдаг. Жишээ нь:
            Charles de Gaule - Шарль де Голль
            Renault - Ренаулт.
Уг нь au  үсэг / о / авиа юм.
Иймд франц, монгол аль ч хэлэнд орчуулахдаа үсэгчлэх, галигчлах аргаас тохирохыг  сонгох боломжтой мэт санагдана.
3. Газар усны нэрийн орчуулга
Тодруулах үг нэмж оруулсан. Жишээ нь:
un Brahman de Magda - Магда хотын
…. Arrivés à Savathi - Саватхи хотын
Орчуулгын ихэнх тольд хот, улс болон зонхилох нэрсийг хавсаргадгаас тэднийг тодруулахгүй орчуулж болох юм.
Жишээ нь:  le musée de Paris - Парисийн музей
                    les rues de Tokyo - Токиогийн гудамж

4. Жимс, модны нэрийн орчуулга
Уг романд дулаан орны мод, жимсний нэр багагүй тохиолддог. Манай оронд ургадаггүй эдгээр ургамал, жимсний нэр орчуулгын зохиолоор дамжин бидэнд хэдийнээ орж ирсэн ч алим, гадил, бэрсүүт жүрж гэдэг шиг олон нийт төдийлөн мэдэхгүй. “Мэргэд гарахын орон”-д зааснаар бидний сайн танидаггүй дээрх ургамлын нэрийг монгол нэрээр дүйцүүлэн, ямар төрлийн мод, жимс гэдгийг нэмж тодруулав. Жишээ нь :
manguier - амра жимсний мод
figuier - инжир жимсний мод
cocotier - наргил жимсний мод
liane - олсон ургамал
banyan - баниан мод
natte de baste -  олсон олбог
5. Зарим нэр үгийн орчуулга
Монгол хэлний үг бүтэх ёсны задлаг аргаар бүтсэн чөлөөт болон чөлөөт бус  үгээр орчуулсан. Монгол хэлэнд үг нийлэх болон задлаг аргаар үүсдэг. Жишээ  нь,
cœur - зүрх сэтгэл
tranquillité - амар амгалан
esprit - оюун санаа
aspiration - хүсэл тэмүүлэл
vigeur - эрч хүч ... гэх мэт
6. Үгийн олон утга
Жишээ нь: couche / f /     1. Ор
                                          2. Гэрлэлт
                                          3. Хүүхдийн жихэвч
                                          4.  en couche - төрж байгаа
Гэхдээ ор гэдэг үгийг өнөөдрийн бидний хэрэглэдэг ор гэсэн утгаар хүлээж авах вий гэдгээс болгоомжилж, толинд өгсөн утганаас илүү Энэтхэг үндэстэн ямар орон дээр унтдаг байсныг судлан үзэж, уг үгийг- унтдаг газар, олбог, гэр  гэж орчууллаа.
Жишээ нь:
1. Au bout d'une  heure, comme le soleil le fuyait, le brahman se leva, fit quelques pas en long et en large sortit de la maison. Il jeta un regard par la fenêtre de la chambre. Siddhartha se tenait toujours là bas, debout, immobile, les bras croisés. Un rayon de lune éclairait ses jambes. Le cœur inquiet, le père revient à sa coucheгэр лүүгээ буцаж орлоо.
2. Camala est mort sur cette même  couche ou mourut ma femme autrefois - эхнэрийн маань өөд болсон олбог дээр өөд болсон.
7. Ялгац гишүүний орчуулга
Латин хэлний "articulus" гэдэг  туслах үг  "ялгац  бол энэтхэг-европын язгуурын хэлэнд нэр үгийг тодотгодог. Тухайлах ялгац нь өгүүлэгч болон бичигч хүнд нэгэнт ойлгомжтой байгаа, эс тухайлах нь огт мэдэгдээгүй байгаа юмыг нэрлэхэд хэрэглэнэ. Монгол хэлэнд ялгац нарийн илэрдэггүйгээс хэрхэн орчуулах асуудал гарч ирдэг.
Жишээ нь: Un jour, 3 samanas passèrent par la ville de Siddhartha.
Un jour - Нэгэн өдөр 3 саманас Сиддхартхагийн хотоор дайрч өнгөрлөө.
Les premiers lueurs de l'aube éclairaient la chambre.
Үүрийн гэгээ өрөөг гэрэлтүүлэхэд
гэж ялгацыг орчуулахгүй орхиж болно. Эсвэл заах тэмдэг нэрээр орчуулж болдог.
Жишээ нь: En quittant le bois, ou il laissait Gotama - Готамаг үлдээсэн тэрхүү ойгоос явахдаа
8. Үг  солих:
Жишээ нь:
1. Mais, si tu mourais même dix fois pour lui, tu ne réussirais pas à detourner de lui une parcelle de son destin.
   Чи  түүний төлөө арван удаа үхсэн ч хувь заяаных нь хэлтэрхийг ч өөрчилж чадахгүй.
2.  Je te hais, tu n’es pas mon père, même si tu étais dix fois l'amant de ma mère
Чамайг үзэн ядаж байна. Чи, ээжийн минь нууц амраг арван удаа  байсан ч эцэг минь биш.
Монгол хэлэнд арван удаа гэдэг олон гэсэн санааг гүйцэд гаргаж өгөхгүй гэж бодож  байна. Мянга удаа (мянгантаа) үхсэн ч, эсвэл нууц амраг нь хичнээн гэсэн олон тооны үг хэрэглэвэл зохимжтой санагдаж байна.
Дүгнэлт
Орчуулгын явцад тохиолдсон бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэсэнээ үгийн түвшинд судалж, анализ хийсний эцэст дараах дүгнэлтийг гаргаж байна. Үүнд:
1.      Үг, нийлэмж үг орчуулгын үндсэн нэгж мөн. Иймээс үгийг хамгийн зөв,      оновчтой сонгох, оноох чухал
2.      Орчуулгын үгийн сонголтонд хам сэдэв шийдвэрлэх үүрэгтэй.
3.      Үг, нийлэмж үгийн орчуулганд орчуулгын аргуудаас бүрэн дүйсэн, үгчилсэн, тайлбарласан аргууд зонхилж байна.
4.      Орчуулагч зөвхөн тухайн зохиолоо уншаад зогсохгүй, тэр орны түүх, ахуй соёл, хүн ардын аж төрөх ёсны онцлог, зан заншил, ахуй байдлыг сайтар мэдэх нь үгийн сонголт төдийгүй орчуулгын зохиолын чанар, эх бичвэртэй хэр үнэн байхын үндэс болно.

НОМ ЗҮЙ
1.      Уран зохиолын орчуулгын тухай. Д. Дашдаваа.   УБ. 1988. Хуудас 6
2.      Орчин цагийн монгол хэл. МУБИС, Монгол судлалын тэнхим, Монгол хэл шинжлэлийн тэнхим. УБ. 2004. Хуудас 398
3.      Франц зохиолчидын бүтээлээс. Б. Алтангүл.  УБ. 2005. Хуудас 3
4.      http://fr.wikipedia.org/wiki/Herman_Hesse
5.      Орчуулгын онол дадлагын үндэс. Р. Гүрбазар. УБ. 1996. Хуудас 20
6.      Уран зохиолын хэлний найруулга" магистрын ажил. Б. Наранцэцэг. УБ. 2009 Хуудас 9.
7.      Орчуулгын онол дадлагын үндэс. Р. Гүрбазар. УБ. 1996. Хуудас 20
8.      Орчуулгын онол дадлагын үндэс. Р. Гүрбазар. УБ. 1996. Хуудас 106
9.      Robert Electronique. толь бичиг. Paris.2005.
10.  Орчуулгын онол дадлагын үндэс. Р. Гүрбазар. УБ. 1996. Хуудас 124

Thursday, November 27, 2014

Орчуулгын шүүмж


ХИС-ийн Орчуулгын клубээс их дээд сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулсан орчуулгын шүүмжийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн Б. Оюундэлгэрийн шүүмжийг хүргэж байна.




Орчуулгын Шүүмж




Эх зохиол:                            J.D.SALINGER “CATCHER IN THE RYE”
Орчуулгын зохиол:               Б.ПҮРЭВЭЭ    ТАРИАН ТАЛБАЙ ДУНД
Шүүмж бичсэн:                     Баасанхүүгийн Оюундэлгэр

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль
Хэл Соёлын Сургууль
Англи Хэлний Багш-Орчуулагч III курс













2014






Оршил
Орчуулгын нээлттэй шүүмжийн уралдаанаас өгөгдсөн Ж.Д.Селинжерийн “Catcher in the rye” зохиолын эхний хоёр бүлгийн орчуулганд шүүмж бичлээ. Шүүмж бичихээр Б.Пүрэвээгийн “Тариан талбайн дунд” орчуулгыг сонгон голлон ажилласан ба О.Чинзоригийн Хөх тариан талбайн ирмэгт орчуулгаас  зарим санаа, зөв хувилбаруудыг жишээ болгон иш татсан.
Б.Пүрэвээгийн орчуулганд гарсан алдаатай буюу эх зохиолтойгоо эквивалент чанар болон уншигчдад нөлөөлөх нөлөөлөл зэргээр дүйцэл хангаагүй хэсгүүдээс түүн эх зохиолын өгүүлбэртэй нь зэрэгцүүлэн тодруулж тайлбар болон дэвшүүлсэн санааг хавсарган орууллаа.
Энэхүү шүүмжиндээ орчуулганд гарсан алдаануудаас 29 жишээ оруулж  коннотацийг буруу дамжуулсан, үгийн түвшинд денотат утгыг буруу дамжуулсан, найруулга зүйн, утгын алдаа гэсэн дөрвөн бүлэгт хуваан ангилж зарим бүлгийг дэд сэдвүүдэд задалж зохион байгуулсан болно.

  

А/ Коннотаци утгыг буруу дамжуулсан алдаа
“...all that David Copperfield kind of crap
“...Дэвид Коппирфильдийн түүх шиг..”(Орч.., 6-р нүүр)..;
Зохиолын баатар өөрийнхөө хүүхэд насыг Дэвид Коппирфильдийн түүхтэй зүйрлэж зовлон зүдгүүр үзэж байсан гэдгээ тойруулан хэлжээ. Энэ санааг шууд монгол хэлэнд буулгахад уншигч Дэвид Коппирфильд зохиолыг уншаагүй л бол ойлгохгүй учир оронд нь“хүүхэд насныхаа дурсамжийг сөхөөд яахав”, “хүүхэд насныхаа тухай яривал таныг үймрүүлж мэдэх юм”гэж орчуулж болно.
Б/ Үгийн түвшинд денотат утгыг буруу дамжуулсан алдаа
Pencey Prep is this school that's in Agerstown, Pennsylvania.
“Пенси бол Пенсильван мужийн Эгерстаунд байдаг хаалттай дунд сургууль”. (Орч.., 6-р нүүр)
Prep буюу preparatory schoolгэдэг нь Америкийн 14-18 насны сурагчдад их сургуулийн өмнөх боловсрол олгодог төрийн өмчийн бус сургууль буюу монголоор бол “хувийн ахлах сургууль” гэсэн үг юм.

You couldn’t see the grandstand too hot, but you could hear them all yelling.”
“Үзэгчдийг харин харж чадахгүй байв. Гэсэн ч хашгирч байгаа дууг нь сонсож байлаа.” (Орч.., 7-р нүүр)
Монгол хэлэнд “хашгирах” гэдэг үг англи хэлний “yell” гэсэн үгийн нэг утга мөн боловч уг хам сэдэв нь сургуулийнхаа хөлбөмбөгийн багийн тэмцээнийг үзэж буй сурагчдын тухай учир “хөгжөөн дэмжиж байгаа нь” гэвэл зүйтэй болов уу.

The week before that, somebody'd stolen my camel's-hair coat right out of my room.”
 “(Тэмээний ноосоор хийсэн миний пальтог)* өнгөрсөн долоо хоногт яг өрөөнөөс минь хулгайлчихсан.” (Орч.., 8-р нүүр)
Холден хүү эмнэлэгт байхдаа жилийн өмнө болсон Томсений толгод дээр зогсоод сургуультайгаа салах ёс хийж байсан үеээ дурсдаг. Тиймээс “the week before that” гэж байгааг “үүнээс долоо хоногийн өмнө”, “өмнөх долоо хоногт нь” гэж орчуулвал илүү оновчтой.
* “my camel’s hair coatгэдгийг “тэмээний ноосоор хийсэн миний пальто” гэхгүйгээр “тэмээний ноосон хүрмийг минь” гэж хамаатуулвал илүү зохимжтой.

She hung up my coat in the hall closet, and I sort of brushed my hair back with my hand. I wear a (crew cut)* quite frequently and I never have to comb it much.
“Үүдний өрөөнийхөө хувцасны шүүгээнд миний хүрмийг өлгөөд тэрээр толгойг минь илэв. Би зараа шиг богино үстэй л дээ. Маажих хэрэг бараг гардаггүй юм.”(Орч.., 10-р нүүр)
Хатагтай Спэнсер биш Холден өөрөө үсээ гараараа янзалсныг буруу орчуулсан байна. Мөн “маажих хэрэг гардаггүй” гэдгийн оронд “самнах хэрэг гардаггүй” гэвэл дүйцнэ.
* “crew cut” гэдэг нь жигд маш богино тайралттай үс бөгөөд “зараа шиг богино” гэж орчуулвал зарааны өргөс нь багаар бодоход хоёр см-ын урттай байх учир “crew cut” гэдэгт уртдах тул “богино үс”, “тачир үс” гэвэл тохиромжтой.

He showed us this old beat-up Navajo blanket that he and Mrs. Spencer’d bought off some Indian in Yellowstone Park.
“Энэ үедээ тэрээр Энэтхэгт үйлдвэрлэсэн хуучирсан орны бүтээлгийг бидэнд үзүүлж – Иеллоустоний паркд эхнэртэйгээ явж байхдаа Энэтхэг худалдаачнаас авснаа ярьсан юм.” (Орч.., 11-р нүүр)
Navajoбуюу “Навахо” нь Хойд Америкийн уугуул иргэд болох индианчуудын нэг овог ба Иеллоустон нь АНУ-ын баруун хойд мужуудад байрлах цогцолборт газар юм. Тиймээс  орчуулагч “Indian” гэдгийг “Энэтхэг хүн” биш “Индиан хүн” гэдэг утгаар орчуулах ёстой байжээ.

·         Орчуулагчийн хуурамч нөхөд
gym
гимнастикийн заал(Орч.., 19-р нүүр)
Gym буюу “gymnasium гэдэг нь сургуулийн биеийн тамирын заалыг хэлдэг байхад орчуулагч орос хэлний “гимнастик” гэсэн үгтэй андуурчээ.
В. Найруулга зүйн алдаа
I grew six and a half inches last year.
“Бас өнгөрсөн нэг жилийн дотор би зургаа аравны таван инчээр өссөн байв.” (Орч.., 9-р нүүр)
Монголчууд инчээр уртыг хэмждэггүй тул шилжүүлэн “арав гаран санж өссөн” эсвэл “ахиухан өссөн”, “суга өссөн” гэвэл зүйтэй.

·         Бүдүүлэг үг сонгосон
Орч.., 6, 7, 8, 11, 14, 16, 18-р нүүрт “хараал идсэн”, “новшийн”, “хөгийн”, “хөгийн новш”, “чөтгөр тогтомгүй”, “ямар чөтгөрөө хийж”, “үнэхээр тэнэг” зэрэг бүдүүлэг үг хэллэг олноор хэрэглэсэн нь орчуулгын хэл найруулгад сөрөг өнгө аяс оруулсан. Зохиолч Ж.Д.Сэлинжер зохиолын баатар Холден хүүгийн төлөвшөөгүй, хэнэггүй зан төрхийг дүрслэх зорилгоор “lousy”, “crap”, “hell”, “crazy”, “goddam”, “madman”, “phony slob”, “damn”, “half-assed”, “heck”, “ass”, “bastard” зэрэг үгийг хэрэглэсэн боловч үүнийг орчуулгад яг байгаагаар нь буулгах ялангуяа монгол хэлэнд хэрэглэгддэггүй этгээд үг хэллэг ашиглах нь зохисгүй тул зохиогчийн санааг алдагдуулахгүйгээр утгыг тойруулан зөөлрүүлсэн үгсээр орлуулах хэрэгтэй болов уу. Тухайлбал “phony slob” гэдгийг “дүр эсгэсэн амьтан, bastard гэснийг “үл бүтэх этгээд” гэх зэргээр.

·         Өвөрмөц хэлц, хэвшмэл хэллэгийг оновчгүй орчуулсан

It was cold as a witch’s teat.
Энэ ууланд чөтгөр тогтомгүй хүйтэн байв.(Орч.., 8-р нүүр)
Тус өвөрмөц хэлцийн “маш хүйтэн” гэсэн санааг дүйх монгол хэлцээр илэрхийлж болох юм. Жишээ нь: “чөмөг царцам, “яс янгинам” гэх мэт.

I kept standing next to that crazy cannon, looking down at the game and freezing my ass off"
“За тэгээд тэр муу хөгийн их буун дээр суугаад байсан чинь (бөгс хөлдөөчих)* шахсан юмдаг.” (Орч.., 8-р нүүр)
“Нөгөө их бууны дэргэд зогссоор байгаад хөлдөхөө шахав.” гэсэн утгатай өгүүлбэрийн утгыг орчуулагч буруу ойлгож “их буун дээр суусныхаа улмаас бөгсөө хөлдөөх шахсан” гэж орчуулсан байна.
* Англи хэлэнд “ass”– “бөгс” гэсэн үгийг их хэрэглэдэг ч монгол хэлэнд шууд буулгахаас зайлсхийн оронд нь “хөлдөхөө шахах”, “голдоо ортол даарах” гэж орчуулах нь зүйтэй.

“He was always yelling, outside class. It got on your nerves sometimes.
 “Тэр гэртээ дандаа орилж байдаг юм. Ингэж орилох нь мэдрэлд нь лав сайнаар нөлөөлөхгүй байж таарна.” (Орч.., 11-р нүүр)
To get on somebody’s nerves” буюу “уурлуулах, залхаах” гэсэн утгатай хэвшмэл хэллэгийг орчуулагч буруу ойлгон өөр утга гарган орчуулжээ.

·         Буруу үг сонгосон, өнгө аяс гажсан

“The more expensive a school is, the more crooks it has.”
“Сургууль хэдий чинээ үнэтэй байна тэр хэрээр олон (луйварчинтай)* байдаг.” (Орч.., 8-р нүүр)
“The more expensive” гэснийг “үнэтэй байх тусмаа” биш харин О.Чинзоригийн орчуулснаар “өндөр төлбөртэй байх тусмаа” гэвэл илүү оновчтой.
* “crook”гэдэг үгэнд хэдийгээр “луйварчин” гэсэн утга бий ч сургуулийн хүүхдүүдийн талаар ярьж байгаа учраас луйварчин буюу залилан мэхлэгч гэснээс “хулгайч”, “урт гартнууд” гэвэл тохиромжтой.

Finally old Mrs. Spencer opened it.”
 “Ашгүй нэг юм хөгшин Спэнсер хаалгаа нээв.” (Орч.., 9-р нүүр)
“Old Mrs.Spencer” гэдгийг“хөгшин Спэнсер” гэвэл уншиж буй хүнд “өвчтэй байгаа Спэнсер багш нь өөрөө хаалгаа онгойлгожээ. гэж буух тул үүний оронд “Спэнсер багшийн эхнэр” нь эсвэл “хатагтай Спэнсер” гэвэл өвчтэй багш нь биш эмгэн нь онгойлгож гэдэг нь ойлгогдно.

You didn’t have to do all that. I’d have come over to say good-by anyway.
Та захидал дэмий бичсэн юм. Захиатай захиагүй би салах ёс хийхээр ирэх л байсан.”(Орч.., 12-р нүүр)
Эх өгүүлбэрээр зохиогч Холдены багшийгаа хүндэлж харьцаж буйг үзүүлсэн байхад дээрх орчууланд тус хүндэлсэн өнгө аяс алдагдсан байна.

Then we shook hands.
“Ингээд бид хоёр гар харилцан барилцав.”(Орч.., 20-р нүүр)
Гар харилцан барилцав гэснээс “Бид хоёр гар барив.” гэж орчуулвал зохимжтой.

·         Хэт үгчилсэн

He started handling my exam paper like it was a turd of something.
“Тэр миний дэвтрийг гартаа бариад ямар нэг маш бохир зүйл мэт жигшингүй байдалтай ярвайв.” (Орч.., 15-р нүүр)
О.Чинзоригийн орчуулснаар “... шалны алчуур адил бариад” гэсэн нь зохиолчийн “шалгалтын ажлыг минь тоомжиргүй үзсэн” гэсэн санааг оновчтой тусгасан байна.

“It has a very good academic rating, Pencey. It really does.”
“Тэдний академик боловсрол олгох сургалтын амжилтын түвшин нь маш сайн. Дэндүү сайн.” (Орч.., 7-р нүүр)
 О.Чинзориг “Тэдний сургалтын амжилт үнэхээр өндөр байх нь аргагүй ч юм даа.”гэж орчуулсан нь өмнөх өгүүлбэртэй холбогдож зохиогчийн хэлэх гэсэн санааг уран яруу буулгаж чаджээ.

Г.Утгын алдаа
There were never many girls at all at the football games. Only seniors were allowed to bring girls with them.
“Хөл бөмбөгийн тэмцээн дээр охид үргэлж цөөхөн. Зөвхөн ахлах ангийн охидод л зөвшөөрнө.(Орч.., 7-р нүүр)
Уг зохиолд гарах Холдены сурч байсан Пэнси хувийн сургууль нь хөвгүүдийн сургууль бөгөөд эх өгүүлбэр нь “Зөвхөн ахлах ангийнхан л тэмцээн дээр найз охидоо дагуулан ирж болдог.” мөн өөрөөр “Ахлах ангийнхнаас бусад нь тэмцээн дээр найз охидоо авчирч болдоггүй.” гэсэн утгатай байсныг буруу орчуулжээ.

“So we got back to Pencey around two-thirty instead of around dinnertime.
“Ингээд бид Пэнсид үдийн хоолноос хойш гурав гуч болж байхад ирсэн.” (Орч.., 8-р нүүр)
Эх өгүүлбэрийн утга нь Холден туялзуур сэлэмний багийнхантайгаа тэмцээндээ оролцчихоод сургуульдаа оройн хоолны цагаар буюу 6-7 цагийн үед ирэх байсан ч тэмцээндээ орж чадаагүйгээс хоёр хагас гээд ирсэн гэсэн утгатай юм.

I was trying to (feel)* some kind of a good-by. I mean I've left schools and places I didn't even know I was leaving them. I hate that.
“Зүгээр л энэ сургуултай салах ёс хийхэд ямар мэдрэмж төрдөг юм бол, түүнийг мэдэх санаатай зогсож байлаа. Ер бол би хаа нэг газраас явах болсон үедээ ямар нэг салах ёс мос гэж шал пал гэдэггүй байсан л даа. Салах ёс мосонд дургүй.” (Орч.., 8-р нүүр)
Сургуулиасаа явж байгаагаа ойлгохын тулд би тэнд зогсож байлаа. Өмнө нь сурч байсан хэдэн сургуулиасаа гарахдаа нэг их юм бодоогүй зүгээр явчихсандаа дараа нь харамсдаг юм.” гэсэн утгатай байсныг буруу орчуулжээ.
* “to feelгэдэг үйл үгийг монгол руу мэдрэмж төрөх гэж орчуулахаас илүү ингэж санагдах, тийм, ийм байдаг гэж буулгавал хэл найруулга зүйн үүднээс илүү оновчтой.

If I felt any better I’d have to send for the doctor
Эдгээгүй бол би чамайг биш эмчийг л дуудах байлаа.(Орч.., 12-р нүүр)
Эх өгүүлбэр нь Спэнсер багшийн хошигносон яриа бөгөөд “Бие минь сайжирсан ч ямар эмчийн гараас гарах биш дээ.”, “Эмчид очихын нэмэргүй болчихсон байна.” гэх утгатай ба бие нь тааруу байгааг тойруугаар илэрхийлж юм. Харин дээрх орчуулга тус санаанаас эсрэг санаа агуулжээ.

He made out like he was only pinching it, but he was really getting the old thumb right in there.
Хамраа арчих гэж байгаа санаатай юм байлгүй чааваас, гэвч хуруугаа хамрынхаа нүхэнд байдгаар нь хийчих юм.(Орч.., 13-р нүүр)
“Спэнсер багш хамраа ухаж байгаагаа нууж байсан.” гэсэн утгатай байсныг орчуулагч буруу гаргажээ.

I guess he thought it was all right to do because it was only me that was in the room.
Ингэж болно гэж тэр яаж бодож чаддаг байна вэ. Өрөөнд нь өөрөөс нь өөр хүн байхгүй байгаа мэт.”(Орч.., 13-р нүүр)
Холдены багшийнхаа бодлыг таамагласныit was only meгэдгийн me-ээр Спэнсер өвгөнийг биш Холденг төлөөлүүлсэн байхад орчуулагч Спэнсер багшийг төлөөлүүлсэн байна гэж ойлгожээ. Иймээс “Надаас өөр хүн байхгүй байсан учир тэгэж болно гэж бодсон юм байлгүй.” гэж буулгавал зөв болох байсан.

“I had the (privilege)* of meeting your mother and dad when they had their little chat with Dr. Thurmer.
“Энэ уулзалт миний хувьд нэр төрийн хэрэг байх болно.”(Орч.., 14-р нүүр)
Эх өгүүлбэрийн цагийг андуурч өнгөрсөн цаг дээр байгааг ирээдүй цаг дээр “уулзахсан” гэж буруу орчуулсан байна.
* “privilegeбуюу “эрх дарх” гэдэг үгээр Спэнсер багш Холдены эцэг эхтэй уулзсанаа егөөдсөн утгаар илэрхийлсэн тул “нэр төрийн хэрэг” хэмээн орчуулсан нь дүйцэл хангаж байна.

“I flunked you in history because you knew absolutely nothing.”
Би таны заадаг түүхийн хичээл дээр унасан. Учир нь та юу ч заагаагүй.(Орч.., 15-р нүүр)
Чамайг юу ч сураагүй болохоор чинь би түүх дээр унагаасан юм” гэсэн утгатай байсныг буруу орчуулжээ.

That’s something that drives me crazy. When people say something twice that way, after you admit it the first time
Хэлсэн үгийг минь давтаж хэлэхээр миний уур хүрдэг”(Орч.., 15-р нүүр)
 “Буруугаа хүлээсэн байхад хоёрдохоо үглэхэд дургүй минь хүрдэг.” гэсэн утгатай байхад  мөн л буруу орчуулсан байна.

In the first place, I’d only written that damn note so that he wouldn’t feel too bad about flunking me.
“Хамгийн гол нь энэ тэнэг нэмэлтийн төлөө намайг унагаах түүнд эвгүй байгаагүй юм байх даа.”(Орч.., 16-р нүүр)
Намайг унагаахад гомдолгүй гэдгээ хэлэх гэж л тэр тайлбарыг бичсэн юм.” гэсэн утгатай байхад тус орчуулга “Спэнсер багш Холденыг шалгалтын ажил дээрээ нэмэлт тайлбар бичсэнээс болж унагаасан.” гэх буруу ойлголт өгч байгаа юм.

If I’m not mistaken, I believe you also had some difficulty at the Whooton School and at Elkton Hills.
“Би андуураагүй бол Элктон-Хиллд байсан шиг асуудал Хуттоны сургуульд чамд тохиолдсон гэсэн байх аа?”(Орч.., 17-р нүүр)
Эх өгүүлбэр нь өмнөх хоёр сургуульд сурахад хүндрэл гарч байсан эсэхийг асууж байхад дээрх орчуулга нь Элктон-Хилл сургуульд угаасаа асуудалтай байсан харин Хуттонд ямар байсныг асууж байгаа мэт утгатай болжээ.




Дүгнэлт
Д.Пүрэвээгийн “Тариан талбайн дунд” орчуулгад миний тоолсноор нийт 60 гаран алдаа байснаас үгийн түвшинд денотат утгын алдаа 17, коннатацийн алдаа 4 гарснаасдийлэнх нь үгийн буруу утгыг сонгосон, утгыг буруу ойлгосон болон ерөнхий мэдлэг дутсан, монгол хэлэнд төдийлөн хэрэглэгддэггүй үг сонгож орчуулсан зэргээс үүдсэн бол үгийн түвшнөөс дээших түвшинд 30 орчим алдаа гарснаас ихэнх нь утгыг буруу ойлгож орчуулснаас болжээ. Эх зохиолын зөвхөн эхний хоёр бүлгийн орчуулгад ийм тооны алдаа байгаагаас үзэхэд орчуулагч тус орчуулгыг хийхдээ хайнга хандсан нь харагдаж байна.
Шүүмж бичих явцад өөрт ажиглагдсан зүйлүүдээс дурдавал, орчуулга хийхэд нэгдүгээрт гадаад хэл сайн мэдлэг, зохиолоо бүрэн ойлгох чадвар нэн чухал. Б.Пүрэвээгийн орчуулгад утгыг гүйцэт ойлгоогүйгээс гаргасан алдаа түгээмэл байсан. Хоёрдугаарт орчуулагч хүн төрөлх хэлээрээ найруулж бичих өндөр чадвартай байж орчуулга нь уран яруу, зөв цэгцтэй болно. Үүнийг умартан эх текстэнд гарсныг шууд үгчлэн орчуулваас монгол үгтэй боловч англи бүтэцтэй “модон” орчуулга бий болох нигууртай. Мөн зохиолчийн зохиолоор дамжуулж хэлэх гэсэн санаа, тойруулан өгүүлж буй утга, бичлэгийн хэв маягийг ойлгон хөрвүүлж чадваас орчуулга утга төгөлдөр болох юм.
Б.Пүрэвээгийн орчуулганд гарсан алдаа, оноо зэргийг шинжилж суухад орчуулга гэдэг хэн бүрийн хийж чадах ажил биш юм гэдгийг ойлголоо. Угаас гадаад хэл дээр гадаад сэтгэхүйгээр бичигдсэнийг төрөлх хэл рүүгээ алдаа мадаггүй, бүрэн дүйцэл хангахуйцаар буулгах нь өөрөө боломжгүй зүйл. Харин эх текстийг аль болох зөрүү багатайгаар орчуулгын хэл рүү буулгах нь орчуулга хийхийн гол зорилт байдаг биз ээ.