Wednesday, December 24, 2014

"Орчуулах эрдмийг эрхэм болгохуй" ХИС-ийн эрдэмтдийн бүтээлийн эмхтгэлээс

"Орчуулах эрдмийг эрхэм болгохуй" ХИС-ийн эрдэмтдийн бүтээлийн эмхтгэлээс


С.Галсан, доктор (Sc), Монгол Улсын Ардын багш

ОРЧУУЛГА СӨХӨХӨД...
Аливаа хэлнээс орчуулга хийнэ гэдэг нүсэр төвөгтэй боловч хүндтэй сайхан ажил юм. Орчуулга хийхэд тухайн хоёр хэлний тогтолцоо юу юутайгаа таарах, юу юунаас зөрөх, тэр бүхний учир шалтгааныг нарийн тунгааж мэдэх явдал нэн чухлаас гадна орчуулагч хүн өөрөө тухайн ард түмний зан заншил, соёл түүхийн талаар өргөн дэлгэр мэдлэгтэй байвал орчуулах ажил дөхөмтэй, орчуулсан зүйл нь ойлгомжтой болдог байна. Орчуулгад уламжлал их хэрэгтэй гэдэг нь мэдээж. Манай мэтийн эртний соёлтой оронд энэтхэг, хятад, манж, төвд хэлнээс өвгөд дээдсийн маань орчуулан үлдээсэн өдий төдий ном зохиол түүний орчуулгын арга барил, уран чадвар, монгол хэлнийхээ онцлог байдлыг хадгалах чанар зэрэг нь бидэнд үнэлж баршгүй сургаал болох ёстой билээ. Энэ бүхэн нь манай орчуулгын онолын тулгуур чулуу болох учраас орчуулах эрдмийн уламжлалыг нарийн судалж, ерөнхий хэл шинжлэлийн марксист дүгнэлтэнд тулгуурлан боловсруулах явдал манай нөхцөлд одоо зайлшгүй шаардлагатай болж байна.
Түүхэн уламжлалын зэрэгцээгээр манай орчин үеийн сайн сайн орчуулагч нарын бүтээл хөдөлмөрийг судалж, шинжлэх ухааны үндэстэй нарийн шинжлэл хийх ажил бас чухал байна. Манай орчин үеийн ахмад орчуулагчид Ж. Цэвээн, Б. Ишдорж, Д. Нацагдорж, Б. Ринчен, Ц. Дамдинсүрэн, Б. Гонгоржав нарын орчуулах уран арга туршлагаас хойш үеийнхний дамжуулж авах зүйд маш их юм. Эдгээр орчуулагчийн зохиол бүтээлээс бид орчуулгын бүтээлч чанар, эх хэлнийхээ онцлог байдал зүй ёсыг орчуулгын нөлөөн дор эвдэхгүйн нэгэн учир, орчуулж буй зүйлийн утга агуулгын талыг дурайтал буулгаж чаддаг нэгэн увдис, орчуулагч хүний өргөн дэлгэр мэдлэгтэй байх шаардлага зэрэг олон зүйлийг олж мэдэж болно.
Аливаа хэлнээс буюу тодорхой нэгэн хэлнээс орчуулах онолын үндэс, орчуулгын зохиолд хийж болох анализ, синтезийн үндсэн арга барилыг ерөнхий хэл шинжлэлийн онолын үндсэнд тогтоож өгсөн эрдэм шинжилгээний дорвитой бүтээл зайлшгүй хэрэгтэй.
Иймээс орчуулах онолоор мэргэших нь манай одоогийн залуус, хэлний боловсролтой хүмүүсийн хувьд хамгийн ирээдүйтэй мэргэжлийн нэг болж байна. Орчуулгын онол дадлагын талаар эрдэм шинжилгээний ажил хийхийг зорьсон хүний шинжилгээний хэрэглэгдэхүүн нь манай орчуулгын үй олон зохиол байна. Орчуулгын зохиолыг ерөнхий хэл шинжлэлийн үүднээс марксист ёсоор дүгнэн цэгнэхэд аливаа орчуулгын өвөрмөц арга барил, эх хэлнээ буулгах уран чадвар, баялаг туршлага зэргийг уншигчийн нүднээ дурайтал гаргах явдал нийт олны хэлний соёлын хэмжээг өндөржүүлэхэд ч чухал үүрэгтэй байна. Орчуулгын онолд орчин үеийн хэл шинжлэлийн үүднээс хандвал маргаантай зүйл нилээд бий. Энэ талаар Роман Якобсоны дэвшүүлэн тавьсан гурван үндэслэл бий. Гэвч энэ гурван үндэслэл нь ялангуяа төрөл бус хэлний хооронд хийх орчуулгын хувьд авч хэрэглэе гэвэл учир дутагдалтай нь илт юм.
Орчуулагч хүн орчуулж буй зүйлтэй холбогдох хоёр хэлээ адилхан нарийн мэддэг байхаар барахгүй тус хоёр орны ард түмний зан заншил, соёлын уламжлалын талаар өргөн дэлгэр мэдлэгтэй байвал сайн. Орчуулж буй хэлнийхээ хэлзүйн байгуулалт, хэллэгийн өвөрмөц байдалд зохицуулан хөрвүүлэх учиртай.
Манай гарамгай орчуулагчдын нэг, академич, доктор, профессор Ринчен гуайн орчуулганд залуу хүмүүс болон туршлага багатай орчуулагч нар тусгал авбаас зохистой олон сайхан онцлог бий. Юуны өмнө орчуулж буй хоёр хэлний мэдлэгийн бүрэн тэгш гарамгай сайн мэддэг чанарыг чухам л эндээс олж үзэж болно.
1.      Миний бодсоноор Ринчен гуайн орчуулгын өвөрмөц нэг онцлог гэвэл зохиол бүтээлийг орчуулахдаа энэ зохиолыг хэн унших вэ? гэдгийг цаг ямагт бодож байдаг явдал юм. “Тарас Бульба” гэдэг зохиолд хүү Андрейгаа дайсанд урвалаа гэж эцэг Тарас хатуухан цээрлүүлж буйг Гоголь дүрслээд: “Андрей упал как барашек, почувствавший под сердцем смертельное железо” гэсэн байдгийг “зүрхэндээ үхлийн сум харвуулсан “хурга” шиг гэлгүй, харин “зүрхэндээ үхлийн сум харвуулсан янзага шиг өнхрөн уналаа”. Ингэсэн учир нь: “зүрхэндээ үхлийн сум харвуулсан хурга” гэдэг ойлголт байж боломгүй, тэр тусмаа малчин хүний чихэнд бол бүр чийртэйг орчуулагч жархай ажжээ. “Тарас снял ружье с плеча и застрелил” гэдгийг “Тарас үүрч явсан буугаа авч буудлаа” гэсэн нь (мөрнөөсөө гээгүй нь) морин дээрээ буугаа үүрээд давхихаас биш өрөөсөн мөрөндөө буугаа өлгөчөөд давхидаггүй монгол анчны амьдралд ойртуулж ингэж дээ гэж бодогдлоо.
2.      Ринчен гуайн орчуулгын өөр нэг онцлог гэвэл утгын талаар яв цав авцалдсан орос хэлний 3-4-5-6 энгийн өгүүлбэрийг хамтатган, монгол хэлний нөхцөлт үйл, үйлт нэрийн төлөв орж бүтсэн ганц, хоёр урт өгүүлбэр болгон орчуулдаг нь монгол бичгийн хэлний гайхамшигт шинжийг толь мэт тусган үзүүлээд, гадаад хэлний хүрээнд хавчигдах явдлаас зайлсхийж, утгын талыг голлон, аялгуу сайхан монгол хэлнийхээ өвөрмөц байдал, үгсийн дэс дараа, хэллэг, өгүүлбэрийн зохион байгуулалтыг ер хөндөн эвддэггүй сонин талтай байдагт оршино. Жишээ нь Шолоховын “Хүний хувь заяа” гэдэг номын 7-р хуудсанд “Вскоре я увидел, как из-за крайних дворов хутора вышел на дорогу мужчина. Он вел за руку маленького мальчика, судя по росту лет пяти-шести, не больше. Они устало брели по направлению к переправе, но, поравнявшись с машиной, повернули ко мне” гэсэн хэсэг өгүүлбэрийг “ тэгж суутал өнөөх айлын захын хашааны цаанаас нэг хар хүн, тав зургаан настай болов уу гэмээр жаахан хүү хөтлөөд гармын зүг гэлдрэн чиглэж явсаар машинтай зэрэгцтэлээ над руу чиглэв”  гэжээ. 11-р хуудсанд “Вскорости женился. Жена воспитывалась в детском доме. Сиротка” гэснийг “Тэгээд эхнэр авч, хүүхдийн цэцэрлэгт хүмүүжсэн нэгэн өнчин хүүхэнтэй суулаа” гэх мэтчилэн орчуулсан байдаг. “Детский дом” гэж “Детский сад” гэдгээс ялгаатай гэдгийг орчуулагч “өнчин хүүхэнтэй суулаа” гэснээр хамтатган гаргасан нь давхардуулан нуршихаас эвтэйхэн мултарсны бас нэг жишээ юм даа гэж бодогдлоо.
3.      Орчуулагчин бас нэг онцлог гэвэл монгол хүн ойлгоход нилээд түвэгтэй бөгөөд манай эх хэлний зохион байгуулалтаас эрс ялгаатай орос хэлний гишүүн өгүүлбэрийн бүтэц байгууламж, энгийн хавсарсан нийлмэл өгүүлбэр, эдгээрийн аль аль нь хутгалдан орж бүтсэн бүхэл бүтэн хэсгийн илтгэн гаргаж буй утгыг нэвтэрхий ойлгож, түүнийгээ эх хэлнээ дурайтал буулгасан байх нь бахтай сайхан санагдана. Жишээ нь мөн номын 18-р хуудсанд “Очнулся, а встать на ноги не могу, голова у меня дергается, всего трясёт, будто в лихорадке, а в глазах темень, в левом плече что-то скрипит и похрустывает, и боль во всем теле такая, как скажи меня в двое суток подряд били чем попадя. Долго я по земле на животе елозил, но кое-как встал. Однако, опять же ничего не пойму, где я и что со мной стряслось. Память-то мне начисто отшибло. А обратно лечь боюсь. Боюсь, что лягу и больше не встану, помру. Стою и качаюсь из стороны в сторону, как тополь в бурю” гэснийг “Ухаан ороод босох гэсэн толгой түрүү бүх бие чичигнэн таталнаад, нүд харанхуйлан зүүн мөр шажигнан хоёр хоног юу дайралсанаар балбуусан юм шиг хамаг бие жигтэйхэн болчихжээ. Элгээрээ хэвтэж, босоод яасан ийснээ ч мэдэхгүй тархи толгой эргээд дахин хэвтэхээс босож чадахгүй үхэх болов уу гэж айдас хүрээд салхинд ганхаж байгаа улиас шиг найган ганхаж байсаар...” гэх мэт оновтой, чөлөөтэй сайхан орчуулсан байх юм. Өөр нэгэн жишээ авъяв Номын 38-р талд “Дальше-то? нехотя отозвался рассказчик Дальше получил я от полковника месячный отпуск. Через неделю был уже в Воронеже. Пешком дотопал до места, где когда-то семейно жил. Глубокая Воронка, налитая ржавой водой, кругом бурьян пояс... Глушь, тишина кладбищенская. Ох, и тяжело же было мне, браток! Постоял поскорбел душаю и опять пошёл на вокзал. И часу оставаться там не мог, в этот же день уехал обратно в дивизию” гэснийг “Тэгээд яахав дээ, хурандаа над нэг сарын чөлөө олгож, нэг долоо хоноход Воронеждоо хүрч явган гэлдэрсээр айл гэр болж байсан газраа хүрч очлоо. Бүсэлхийгээр татсан өндөр шарилж халгай ургасан газар улаан зэв болсон устай  нүхний аман дээр хүрч очоод зогсоход үхээрийн газар шиг чих хулга, чимээ анир, хүн амьтангүй дотор тун ч эвгүй байлаа даа, дүү минь. Зогсож зогсож, шаналж шаналж галт тэрэгний  буудал руу эргээд л алхлаа даа, нутагтаа нэг ч цаг байх арга алга, тэр өдөртөө л дивиздээ буцлаа” гэжээ.
Монгол хэлний тогтолцоонд хос үг түгээмэл юм. Хос үгийг чадамгай хэрэглэвэл (чих хулга, чимээ анир, хүн амьтан гэх мэт) орчуулгын хэл зөөлөрч, чихнээ аятайхан сонсогддог их сайн талтай байна. Оросоос орчуулсан ном зохиол хэмжээгээр жаахан томордог явдал үүнтэй ямар нэг хэмжээгээр холбоотой шиг байна. Үүн дээр орчуулгын нуршаа чанар л нэмэгддэггүй байгаасай.
4.      Зохиогчийн бодол санааг орчуулагч хүн гүн гүнзгий ойлгодог, нөгөө хэлнээ хөрвүүлэхдээ зохиолын дотор гарч буй баатруудын үг ярианы өвөрмөц талыг нандиглан хадгалахыг хичээдэг талыг мөн Ринчен гуайн орчуулгаас олж үзэж болно. Их зохиолч Шолохов “Хүний хувь заяа” зохиолынхоо гол баатар жирийн орос цэрэг А. Соколовын хэл яриаг маш энгийн үгээр гаргаж дүрсэлсэн нь санамсаргүй хэрэг биш байж таарна.
Соколовын яриаг зохиолч богино богино өгүүлбэрээр гаргаж, зохиолыг уншиж байхад жирийн л нэг орос хүн яриад байгаа юм шиг, хэл ярианы хувьд маш энгийн ойлгомжтой дүрсэлсэн байдгаас гадна зарим газар орчин үеийн орос хэлний тогтолцоонд хуучран хаягдсан үг хэрэглэж, зарим газар орос ярианы хэлнээ элбэг байдаг нэгэн зүйл өгүүлхүүнийг нь өгүүлбэрийн эцэст оруулан хэрэглэдэг ёс (26-р хуудас) зэрэг бүхий л онцлогийг орчуулагч эх хэлнээ буулгахдаа бичгийн хэлний нүсэр нүсэр өгүүлбэр болголгүй хөрвүүлсэн онцгой талтай байна. Жишээ нь уг номын 13-р хуудсанд иймэрхүү өгүүлбэр нилээн байсныг хэвээр нь хадгалан орчуулжээ.
5.      Орчуулж буй зохиолын сайн муу болоход гадаад хэлний үг, өгүүлбэрийн утгыг илчлэх эх хэлнийхээ үг өгүүлбэрээс хамгийн тохирохыг нь сонгон авч чаддаг байх явдал орчуулагчийн оюун билэг, авьяас чадвар, хэлний мэдлэгээс шууд шалтгаалах бөгөөд орчуулгын чанарт шийдвэрлэх ач холбогдолтой зүйл юм. Нэг үгээр хэлэхэд орчуулж байх үедээ олон олон салбар утга хайж эрж олох, дараа нь тэр олон баялаг салбар утганаасаа (утга илтгэх үгнээсээ буюу хэллэгээсээ) хамгийн тохиромжтойг нь мэргэнээр олж тавих гэдэг орчуулагчийн чадлыг хэмжих гол дэнс юм.
Ринчен гуай үгийг мэргэн цэцнээр сонгон авч чаддаг орчуулагч юм. Үүнд “Прямо на дороге” гэхийг бид бол: “Яг зам дээр”, “чанх зам дээр” аягүй бол “шулуун зам дээр” ч гэж магадгүй. Ринчен гуай үүнийг “улаан зам дээр” гэжээ. Үнэхээр л энэ хэсэгт “улаан” гэсэн үг “улаан цагааны” утгаар биш “яг” гэсэн санаатай байгаа нь гарцаагүй юм. “Чистое поле” гэхийг “тэгш тал”, “ээрэм тал”, “саруул тал” (арай л “цэвэрхэн тал” гэхгүй байх!) гэж магадгүй боловч орчуулагч “цагаан тал” гээд  “Заговорили в полголоса” гэхийг “шивэр авир ярилцах”, “Смерть прошла мимо, только холодком от неё потянуло” гэснийг “Эрлэг энэ удаа ч миний хажуугаар хүйт татуулан өнгөрлөө”, “полупьяный”, “улаан зээрд”, “не моргнет, как змея”, “шувуу сорж байгаа могой шиг нүдээ чавчилгүй”, “Юный, еле уловимый запах” гэснийг “Соньхон, үл мэдэг үнэр” гэхчилэн магтаж сайхан оноон тааруулсан жишээ олон олныг дурдаж болох байна.
Гэхдээ энэ мэт ажиглалтыг зөвхөн ганц нэг орчуулсан зохиолд нь биш, орчуулгын ихэнх бүтээлд нь судалж үзвэл манай ахмад орчуулагчдын хэв намба, орчуулгын найруулга түүний арга барилтай нарийн сайн танилцаж болох бөгөөд цаашдаа сонирхсон хүнд эрдэм шинжилгээний ажлын энэ чиглэлийн эхлэл болох учиртай юм.

Аливаа юм бичсэн хүн буюу индэр дээр гарсан хүн шүүмжлэл саналаа хэлэх жамтайг бодож би ч гэсэн энд нэг хоёр зүйл өгүүлье. Зохиолын 18-р талд “Кругом снаряды валяются, какие я вез” гэсэн оросын тодотгол гишүүн өгүүлбэрийг “Миний ачсан юм пад пад дэлбэрцгээж” гэсэн нь уг зүйлийн хүчин нэмэгдүүлэх гэсэн юмуу, ямар ч л атугай нэг учиртай биз гэхээс “ачиж явсан сум маань энд тэндгүй хөгөлчихсэн байлаа” гээгүйн цаад талыг уншигч, сонирхогч хүн мэдэхгүйд хүрч болох байна. Зохиолын 38-р талд Соколов цэргээс нэг сарын чөлөө авч, хуучин гэр орон байсан газраа очиход тэр нь үнсэн товрог болчихсон байдаг. Тэгэхэд Соколов “постоял, поскорбел душею” гэж ярьсны нь “зогсож зогсож, шаналж шаналж” гэж хүчин нэмэгдүүлсэн утгаар орчуулсан нь орон цагийн эзлэх хэмжээний хувьд дараах өгүүлбэртэйгээ зохиогүй юмуу? гэж бодогдном. “Он поднял свои белые крови” гэхийг  “Тэр цагаан хөмсгөө шуугаад”, “тэр цагаан хөмсгөө сөхөөд” гэх мэт орчуулсан зүйл байна. Энд дурдаж буй ганц нэг зүйл бол сонирхон асууж лавлах төдий зорилготой зүйл учир орчуулгын ерөнхий чанар чансаанд өчүүхэн ч хамаарахгүй юм гэдгийг давтан хэлэх юү билээ. Дүгнэн хэлэхэд манай ахмад орчуулагчдын хийсэн өргөн их бүтээлээс сурах сонирхох зүйл бидэнд маш их байна шүү.
Зөвхөн хувьсгалт уран зохиолыг орчуулсан түүх гэхэд л хагас зуун жилээс үлэмж байна шүү дээ. Ийм болохоор орчуулгын эрдмийн их далайгаас рашаан хүртэх хүн сав саалиа базаагаад, ирээдүйн их бодолтой морилон очвол олз омогтой буцаж ирэх нь лавтай.






No comments:

Post a Comment