"Орчуулах эрдмийг эрхэм болгохуй" ХИС-ийн эрдэмтдийн бүтээлийн эмхтгэлээс
Т. Алтанцэцэг, докторант
Муур ямар хүн бэ?
La
métaphore est toujours au centre de l’attention des linguistes: G.Lakoff et
M.Jonhson affirment dans leur théorié de la “Métaphore conceptuelle”, que la
métaphore n’est pas une simple décoration du langage, mais la comprehension
d’une idée ou d’un domaine conceptuel à travers une autre idée ou un autre
domaine conceptuel. La métaphore animale est ommune dans les langues française
et mongole: toutefois, les differences culturelles et de mentalité se rélèvent
de manière precise dans es expressions.
Метафор бүхий л үеийн эрдэмтдийн анхаарлын төвд байсаар
ирсэн. Когнитивч Лакофф, Жонсон нарын дэвшүүлсэн концептуаль метафорын онол
метафорыг хэлний чимэглэх бус бодитойгоос хийсвэр, таньж мэддэгээс үйл таних руу чиглэх
танин мэдэхүйн үзэгдлийн нэг юм гэдгийг дэвшүүлсэн. Франц, монгол ард түмэн
амьтнаар дамжуулан хүний зан, төрх,
байдлыг танин мэддэг нь нийтлэг үзэгдэл юм. Танин мэдэхүй, соёл сэтгэлгээний
онцлогоос үүдэн хүний зан чанар, байдлын таньж мэдэхдээ өөр өөрийн онцлогтойг
харж болох юм.
Сүүлийн
жилүүдэд төрөл бус хэлний зэрэгцүүлсэн судалгаа метафорыг когнитив хэл
шинжлэлийн концептуаль метафорын хүрээнд судлах болжээ. Когнитивчид метафорыг
сэтгэхүйн үндсэн үйл ажиллагаа, ертөнцийг танин мэдэх, тайлбарлах, бүтэцлэх
арга гэж үзэж тиймээс хүн метафороор санаа бодолоо гаргаж, сэтгэж, өөрийн
ертөнцийг үүсгэж байна гэдэг. Тэдний дэвшүүлж байгаагаар хүн танин мэдэхдээ
бодитойгоос хийсвэр рүү мэддэгээс үл мэддэг рүү, бүлэг концептийг өөр концептоор таньдаг байна.
Судлаачид
хүний нэр, зан төрх, сайн, муу тал, үйлдлийг амьтны нэрээр илэрхийлэх үзэгдлийг
хүнийг амьтантай харьцуулах механизмд тулгуурласан метафор хүншлэлийн когнитив
хандлагыг тусгаж байгаа хэлний универсал үзэгдэл гэж үзэж байна.
Концептуаль
метафорын онолыг анх Ж. Лакофф, М. Жонсон нар “Métaphore dans la vie
quotidienne” номондоо 1980 онд гаргаж, метафорын тогтолцоо нь когнитив механизм мөн
гээд хүний сэтгэхүйн явц их олон тохиолдолд метафорлог гэж үзсэн. Эх хүрээ
концептоос бай хүрээний концепт рүү нэгэн чиглэлийн проекц хийх ба бүтцийн, зүг
чигийн, онтологийн гэсэн гурван түвшинд хуваасан. Эхний хоёр түвшинд багтаагүй
байгалийн юмс, эд зүйл, хүний бие махбодтой холбоотой туршлага дээр үндэслэсэн
метафорыг онтологийн метафор гэж нэрлэсэн.
Онтологийн
метафорын нэг хэлбэр бол хүншлэл буюу перснонификац нь хүнд байдаг зан чанарыг
амьтан ба амьгүй зүйлд шилжүүлэн хэрэглэх найруулга зүйн хэлбэр (фигур) гэдэг. Жишээ нь:
“Une
grenouille vit un boeuf
Envieuse, s’étend et
s’enfle. ” Жан де ла Фунтайн мэлхийний бардамналыг хүний зан
төлөвийн нэг гэж үзэж байна.
Уг илтгэлд
гэрийн тэжээмэл амьтан “муур”–ын нэрээс үүссэн концептуаль метафорын хүншлэлийг
монгол, франц хоёр хэлний материал дээр судлах юм. Ингэснээр энэ амьтны
прототип репрезентацад түшиглэн хүний универсал болон онцлог шинжүүдийг гаргах,
хоёр соёлын ертөнцийг үзэх үзлийг ойлгох бололцоотой болно.
Монгол-франц төдийгүй олон
үндэстэн амьтны нэрийг метафорт өргөн ашигладаг нь нэгдүгээрт: хүн өөрөө дээд хөгжилт амьтан бөгөөд тэдний хооронд
онцлог төсөөт шинж байдаг, хоёрдугаарт амьтаны талаарх хүн төрөлхтөний нийтийн
мэдлэгээс гадна тухайн улсын соёл, үндэсний өвөрмөц онцлогоос хамаарах мэдлэг
бүх хүнд байдагт оршино. Аль ч хэлэнд ижил төрлийн метафор байх нь хүмүүс тэднийг
мэддэгийн шинж бөгөөд тэдний зан ааш, төрхийг таньсаных юм. Гэхдээ олон хэлэнд
нэг амьтаны нэрээр өөр өөр утга санаатай метафор үүсгэж байгаа нь сэтгэлгээний
өвөрмөц онцлогийг харуулдаг. Энэ нь тухайн ард түмний амьдралын хэвшил,
сонирхол, сэтгэлгээний онцлогийг илэрхийлж тэр амьтаныг өөр өөрөөр төсөөлсөнийх
юм. Тэр нь нөгөө ард түмэнд давтагдахгүй байж бас болно. Түүгээр ч
хязгаарлагдахгүй амьтны нэрээс үүсэн метафор нь нэг ард түмний хүрээнээс гарч,
нөгөө ард түмэнд ойлгогдон, шилжих ч тохиолдол байдаг.
Амьтаны нэрээс үүссэн метафор
хүний дүр төрхийг “толины тусгал” зарчмаар загварчилдаг. Нэг талаас хүний зан
төлөв, байдал, амьдралын хэв маягийг амьтнаар, нөгөө талаас амьтны зан авир, гадаад төрхийг хүн дээр буулгадаг. Ийм когнитив мехнизм дээр түшиглэн амьтны
нэрээс үүссэн метафорын “амьтны гадаад төрх–хүний гадаад төрх”, “амьтны зан
байдал–хүний зан байдал” гэх мэт типологийн нийтлэг загвар бий болдог.
Концептуаль метафорын загварын
онолуудаас фрейм,
слотын загварыг сонгон авч үзэн “хүн” фреймыг хоёр хэлний жишээн
дээр харъя.
А. Франц хэлэнд CHAT
буюу МУУР
1. Il n’y аpas un chat - хэн ч алга
2. minet
–
хуурамч зантай залуу эрэгтэй хүн
3.
minette - хуурамч зантай
залуу эмэгтэй хүн
4.
chattemitte – хуурамчаар эелдэг, зөөлөн зан гаргагч хүн
5.
chatte - эмэгтэй хүний
билиг эрхтэн
(англиар [“pussy”] – муурын зулзага)
6.
Oh, ma chatte, je t’aime trop! – Хонгор минь, чамдаа дэндүү хайртай шүү!
7.
Il est agile comme un chat – хурдан, шаламгай
8.
Il est propre comme un chat - цэвэрхэн
9.
Elle est coquine comme un chaton - аальгүй
10.
Il est doux comme un chaton – зөөлөн, булбарай
11.
Il est mignon comme un chaton –хөөрхөн
12. Il est jaloux comme
un chaton - атаархуу
13. Il est vif comme
un chat – сэргэлэн,
цовоо
14. Elle est curieuse
comme une chatte - сониуч
15. Il est souple comme
un chat - хөнгөн
16. Il est gracieux comme un chat - гунхсан
17. Il a des yeux de chat – нүд сайхан байх
18. Il est gourmand(e)
comme un(e) chat (te) – ховдог
Франц хэлний уран зохиол, ярианы нийт 18 метафор олдсон бөгөөд тэдгээр нь
"хүн" фреймийн хүн түүний эд эрхтэн, шинж чанар, зан төлөв, өхөөр нэрлэсэн
4 слотод хуваагдаж, 66,6% эерэг утгыг, 33,3% сөрөг үнэлэмжийг илэрхийлж байна.
Сөрөг үнэлэмжийн ихэнх нь хуучирсан хэллэгт тохиолдож байна.
Б. Монгол хэлэнд МУУР
1.
Муур шиг өөдгүй зантай
2.
Муур шиг өс санадаг
3.
Муур шиг ногоон нүдтэй, шар нүдтэй
4.
Муур шиг чимээгүй
5.
Муур шиг хөнгөн шалмаг
6.
Муур шиг цэвэрч
7.
Шар муур царайлчихаад
8.
Хумсаа нуусан муур шиг
9.
Хулгайч муур шиг
Дээрх жишээнээс монгол хэлэнд
мууртай метафор франц хэлийг бодвол тооны хувьд хоёр дахин бага байгаа бөгөөд
"хүн" фреймийн зан төлөв, шинж чанар гэсэн хоёр слотод харьяалагдаж,
11% эсрэг, 89% сөрөг үнэлэмжийг илтгэж байна.
Эндээс муураар хүнийг танин мэдэх байдал хоёр соёлд эрс
өөр байгаа нь харагдана. Франц хэлний нийт жишээний 67% эерэг үнэлэмж бол
монгол хэлнийх 89% сөрөг байна. Ер нь амьтаны нэрээс үүссэн хүний
"дүрийг" илэрхийлэх метафор нь үнэлгээнийхээ хэмжүүрээр эерэг болон
сөрөг коннотацтай, нийтлэг ба онцлог шинжтэй байдаг.
Сөрөг үнэлэмжтэй нэрлэлт нь хүний зан чанар, зан байдал, оюун ухааныг
амьтныхтай адилтгаж, хүний эрхэм чанарыг амьтны түвшинд хүргэн бууруулдаг.
Тэгвэл эерэг үнэлэмжтэй метафор нь хүний биеийн боломж чадлыг амьтны тэмцэгч, бууж
өгдөггүй чанартай холбосон байдаг. Хүний гадаад төрхийг амьтныхтай зүйрлэх нь
эерэг, сөрөг хоёр шинж болон үнэлгээг илэрхийлдэг.
Хоёр хэлний жишээнүүдийг зэрэгцүүлэн анализ хийхэд:
1.
Франц, монгол хүмүүс хүний дүрийг муураар дамжуулан үнэлэхдээ хөнгөн шингэн,
хурдан шаламгай, цэвэрч байдлыг илтгэдэг нийтлэг шинж харагдаж байв. Эдгээр
үнэлэмж нь тухайн амьтны (денотатив) бодит шинж дээр тулгуурласан ассоциацаар үүссэн байна.
Харин конотатив шинж дээр суурилж үүссэн ассоциацууд өөр өөр үнэлэмжийг гаргаж
байна. Энэ нь тухайн соёлын билэгдэл, үнэт зүйлс, үнэлэмжтэй холбоотой.
Муур
монголчуудын уламжлалт гэрийн тэжээмэл амьтан биш. Бид түүнийг маш зөнч,
сэжигч, эзнийхээ үхлийг хүлээж байдаг муу ёрын, өс санадаг амьтан гэж үздэг.
Ямар нэгэн таагүй зүйл үүсэх нь гэдгийг урьдаас мэдээд дайжин сэмхэн алга
болдог учраас "муу юм дууддаг" гэж зэвүүцдэг. Ангуучлах гэж байгаа
олзоо отож байгаад хурдтайгаар үсрэн ордог болохоор хумсаа нуусан муур шиг
муухай санаатай, тааламжгүй хүнийгээ муур шиг ногоон, шар нүдтэй гэнэ. Энэ
амьтаны тухай үлгэр домог, уран зохиолоос дундад зууны үеийн хар шид,
чөтгөрийн, муу санаатай гэдэг утгалбарыг бид хамгийн түрүүнд олж мэдсэн
байдгаас түүгээр дамжуулах үнэлэмжийн ихэнх нь сөрөг байна. Гэвч орчин үед
түүнийг сайн зүйлийг зөгнөдөг, цэвэрч амьтан гэж үздэг болжээ. Энэ нь тухайн
амьтанд өгч байсан үнэлэмж өөрчлөгдсөн, хүнээс түүнтэй хандах хандлага өөр
болсонтой холбоотой гэж үзэж байна. Азийн бусад орон Хятад, Япон, Энэтхэг зэрэг
орнуудад муурыг үржил шим, эд баялагтай холбож, эерэг үнэлэмж өгдөг.
Францчуудын
хувьд муур эртнээс тэжээж ирсэн гэрийн тэжээмэл амьтаны
нэг юм. Тэдний мэдэх муурын дүр зураг өнөөдрийг хүртэл нэг янз байгаагүй. Олон
соёл иргэншилд шүтүүлж ирсэн муур дундад зуунд аймшигтай, муу ёрын амьтан
болсон.
Гэхдээ дундад зуунаас өмнө ч түүнийг ид
шидтэй холбодог байсан. Хуучны нэгэн домогт ертөнц үүсэхээс өмнө Диан нэртэй
харанхуй дагина муур тэжээдэг Люсиферт хайртай байжээ. Тэд Арадиа нэртэй
охинтой болов. Люсифер охиноо муурын хамт хар шид заахаар газарт илгээж гэснээр
хар шидтэн, муур хоёрын хамт байгааг тайлбарладаг. Гэхдээ XIII зуунаас л муурыг албан ёсоор хар шидтэй холбосон.
Христийн шашин улам хүчирхэгжиж байв. Египетчүүд муурын гоо сайхан, тансаг
байдлын нууцад ер бусын, шүтээний утга өгч байсан бол христийн сүм хийд муурын
энэ чанаруудыг чөтгөрийн хувилал гэж тайлбарлаж хар шидийн эсрэг хөдөлгөөнийг
хүчтэй явуулсан. Тиймээс ч XII зуунд Европд хар шид, чөтгөрийн шидийг
хийдэг гэж үзсэн олон эмэгтэйн амийг егүүтгэж байжээ. Ер нь муур, хар муур
түүний дундаас хар өнгөнөөс айдаг явдал олон зууны тэртээгээс үүдэлтэй.
Египетчүүд эзлэн түрэмгийлэгчид болох бараан өнгийн арьстай этиопчуудаас айдаг
байсан байна. VII
Инносент Пап (1336 - 1415)
муурыг устгахыг ихээр шаардаж байсан бол VIII Инносент
Пап (1432 - 1492) энэ байдлыг улам
эрчимжүүлсэн. Өнөөдөр ч гэсэн хар муур өмнүүр зам хөндлөн гарахыг хүсээд
байдаггүй мухар сүсэг оршсоор байгаа. Хөөрхий амьтанд сөргөөр хандах хандлага XVII зуунд л өөрчлөгдсөн. Парижийн засгийн газраас мууранд өгч
байсан сөрөг шинжүүдийг үгүйсгэсэн ба Сэргэн мандалтын үетэй залгаж хүмүүнлэг
байх үзэлтэй золгосноор энэ байдал устаж, түүнийг энхрий зөөлөн, ялдам амьтан
гэж үзэх болжээ.
Хар
мууранд сөрөг үнэлэмж өгөхийн зэрэгцээ эерэг зүйл ч бас бий. Бретани мужид хар
муур ганц цагаан үстэй бол сайн, мөн битүү сартай шөнө эд баялаг авчирч өгдөг
гэж үздэг. Гэхдээ л муурын сайн, муу дүрээс ямар ч байсан муу ёрын, хар шидийн
гэдэг нь ардын уламжлалд илүү үлдсэн нь ажиглагддаг. Өнөөдөр муур Халловены
баяр болон үлгэрт ид шидтэнтэй холбоотой хэвээрээ.
Муурыг
гэрийн тэжээмэл болгосон гол шалтгаан хураасан тариа буудайг мэрэгчдээс
хамгаалахад хэрэгтэй байсан бол 1727 онд Европд нүүрлэсэн маш том, догшин
саарал хархны аюулын үед муур хамгаалагч чанараа нохойд алдсанаас хойш гэрийн
ангууч амьтан байхаасаа илүү гэрт хань болдог амьтан болсон байна. Францад хоёр
хүн тутмын нэг нь амьтан тэжээдэг. Ус, бэлчээр даган малаа маллаж амьдардаг
нүүдэлчин монголчуудад муурын хэрэг суурьшмал францчуудынх шиг хэрэгтэй
байсангүй.
Франц эмэгтэйн гоо сайхны шалгуурт цэнхэр
нүд ордог хэдий ч муурын нүдтэй гэвэл энэ нь эрдэнийн ногоолин чулуу шиг
гэрэлтсэн сайхан гэсэн үнэлэмж өгөөд ийм нүдтэй эмэгтэй ховор байдгаас тэд
бахархдаг. Тэгвэл монгол эмэгтэйг "муурын нүдтэй" гэвэл гоё, сайхныг
магтсан биш харин ч эсрэгээр доромжлол болно. Учир нь монголчууд нүдний сайхныг
хонин бор нүдтэй, ботгон нүдтэй гэх мэтчилэн уламжлалт таван хошуу малтайгаа
зүйрлэдэг, ерөнхийдөө муурын дүр зураг сөрөг болон ногоон өнгөний бэлэгдэл ногоортлоо унтах, нойлын ногоон тэг,
ногооноороо байна, цэхийж ногоорчихоод, цэлдэн ногоон зэрэг сөрөг байдагтай
холбоотой байж болох юм.
2.
Өхөөр нэр: Франц, монгол хоёр хэлэнд гэрийн тэжээмэл амьтны нэрээс үүссэн өхөөр
нэр бий. Өхөөр нэрэнд ихэвчлэн хайрлаж энхрийлсэн, биширсэн, хүч дорой,
арчаагүй байдлыг өрөвдсөн, хамгаалалдаа авсан утгалбар байдаг. Монголчууд
аливаа амьтны үр төлөөр үр хүүхдээ өхөөрдөх нь элбэг ба гэрийн тэжээмэл амьтны
нэрээс үүссэн өхөөр нэрийг ихэвчлэн хүүхдэд хэрэглэдэг. Бяцхан үрсийнхээ
энхрий, дорой, бусдаас хайр энхрийлэл, тусламж хүссэн шинжийг эцэг эхийн
дуусашгүй хайр халамж, хүч чадлаар баталгаажуулах, тайвшруулах утгалбар давхар
байдаг. Жишээ нь: "ээжийн
ангаахай", "ээжийн бухан бяруу", "дэгдээхэй үр минь",
зулзага минь", "дудрай"... гм.
Тэгвэл
франц хэлэнд амьтны нэрээс үүссэн өхөөр нэрийг эхнэр нөхрийн дотно харьцааны,
хүүхдийг хайрлан энхрийлж дуудах өхөөр нэр хоёр ангилал болгож болж байна.
Францад
гэр бүлийн хоёр бие биенээ өхөөрдөн хайрлаж, амьтан, шувуу тэр ч бүү хэл шавьж
хорхойны нэрээр нэрлэдэг. Тэд бүтэн нэр нийгмийн, өхөөр нэр ойр дотных гэж
үздэг. Жишээлбэл: ямаа, муужгай, туулай,
эм тахиа, нугас... зэрэг. Энэ нь эхнэр нөхрийн хоорондын дотны харьцааг,
эмэгтэй хүний эмзэг дорой, эр хүний түүнээс илүү хүч чадалтайг илэрхийлсэн
байдгаас гадна утгын талбайг авч үзэхэд хүүхэд нас руу тэмүүлсэн, энхрий,
арчаагүй дорой, хайр хүсэмжилсэн бяцхан хүүхдийг санагдуулсан утганцар давхар
ажиглагддаг.
Монгол
соёлд францчуудын адил гэрийн тэжээмэл амьтны нэрээс үүссэн өхөөр нэрийг эхнэр
нөхөр хэрэглэдэггүй. Харин эхнэр нь нөхрөө "та" гэж авгайлан дуудаж,
хүндэтгэдэг байжээ. Амьтнаар бие биенийхээ гоо сайхан, гадаад төрх, хүч чадлыг "уулын согоо", "хангайн
буга" гэх мэтчилэн илэрхийлэхээс бус "муужгайхан минь", эм тахиа" гэж францчууд шиг
өхөөрдөн дуудах нь монгол эмэгтэйд харин ч эсрэгээр нялуун зантай, хүүхэд олон
цувуулсан эмэгтэй гэсэн доромжлол болно.
Учир
нь дээр дурдсанчилан тухайн амьтнаар төсөөлөх дүр зураг хоёр соёлд тэс өөрөөс
гадна монголчууд төдийгүй ази хүмүүс сэтгэлийн хөдлөлийн ил илэрхийлэх
байдлаараа францчуудаас илүү хаалттай.
Хоёр
хэлний жишээнүүдийг онтологийн сүлжээнд оруулсныг доорх зургаас харж болох бөгөөд тус
тусын концепт дээд категори болох сүүн тэжээлт амьтан гэдэг категорт утгалбар
нэг болон холбогдож байна. Лакофф, Жонсон, Турнер нар категорчлолыг Э.Росчийн
прототипийн онолд тулгуурласан бөгөөд ерөнхий утганцарын үл зохицол,
категорчлолын хазайлт гэж үздэгтэй санал нэг байна. Концептууд проеклогдох
явцад болох боловсруулалт буюу mapping-д ерөнхий болон тусгай утганцаруудын
денотатив болон конотатив шинжийн ассиоциац үүсч байна.
Дээрх
дүн шинжилгээнээс үүдэн франц, монгол соёлд Муур ямар хүн бэ? гэдэгт хариулт
өгье.
1.
Францчуудад муур
эерэг шинжүүдийг шингээсэн (эмэгтэй) хүн байна.
2. Монгол хүний хувьд муур сөрөг олон шинжтэй муу хүн байна
3. Гэрийн тэжээмэл амьтны нэрээс хүний дүрийг тодохойлсон
метафор франц, монгол аль ч хэлэнд нийтлэг үзэгдэл юм.
4.
Хүн өөрийн мэддэг,
өөрт ойр байдаг ойлголтоор өөр бусад ойлголтыг танин мэдэх явцад түүхэн соёл,
сэтгэлгээний ялгаа тод илэрнэ.
Ишлэл, зүүлт
Концепц
гэдэг нь бодит байдлын ерөнхий бөгөөд хийсвэр төлөөллийг хэлнэ. Концепц гэдэг
нь тухайн ойлголт ба түүний бүх атрибутууд юм. Концепт нь латин хэлний "бүхэлд нь агуулах", "дотроо бий болгох, бүрдүүлэх" гэсэн утгатай concipere
үйл үгийн үйлт нэр conceptus
хэлбэрээс үүсэлтэй.
Философчид түүнийг ихэнхдээ санаа бодол эсвэл эмпиризмийн юм уу оюун ухааны
төлөөлөл гэж үздэг. Тэгвэл когнитив сэтгэл судлалд концепцийг хорвоо ертөнцийн
тухай мэдээлэл бөгөөд өөр бусад мэдээлэлтэй холбоотой гэж үздэг. Жишээ нь:
"ангаахай" гэдэг концепцод "шар", "шувуу",
"жижиг" гэдэг мэдээлэл наад зах нь орно гэдэг.
Концепци гэдэг нь оршин байх,
түүний модаль болон шинж чанаруудыг хамарч үздэг гүн ухааны салбар юм.
Аристоталь “оршин байгаа бүх юмны шинжүүдийн талаарх судалгаа буюу грек хэлний ẅu, ὂvtoç <<байх>>, onto- ба εiμi <<байх>> үйлийн үйлт нэрээс үүссэн гэж үздэг.
Фрейм гэдэг нь аливаа нэг хэлбэрчилсэн нөхцлийн тухай, эсвэл
обьектийн ердийн шинжийн тухай тунхагласан ба журамласан мэдлэгийн төсөөлөл
бүхий концептуаль
бүтэц юм.
Слот
нь хэлбэрчилсэн нөхцлийн элементүүд ба шинжийг нарийвчлан фреймүүдийн цогц юм.
Гэрийн
тэжээмэл муур нь Африкийн зэрлэг муурын нэг төрөл бөгөөд 130 000 жилийн тэртээгээс
салбарласан гэж үздэг. Муурыг анхлан шинэ зэвсгийн үед 8000-10 000 жилийн
тэртээ Мезопотами-Ойрх Дорнодын нутгаар гаршуулсан нь үр тариа тариалж
эхэлсэнтэй холбоотой байдаг.
НОМ ЗҮЙ
1.
G. Lakoff et Mark Johnson
“Métaphore dans la vie quotidienne” 1985.
2. Rastier, F. (1988)
"Problématiques sémantiques", in Hommage à Bernard Pottier, Paris
3. Ж. Долгормаа "Англи-Монгол" хэлний өвөрмөц
хэлцийн зэрэгцүүлсэн судалгаа.
4. Б.Төмөрхуяг "Улс төрийн метафорын зэрэгцүүлсэн
судалгаа" 2011.УБ
5. Алена Оберфалзерова "Metaphors and Nomads" 2002 он.УБ
6. "Монголын шилдэг өгүүллэг"
7.
"Амьтны нэрийн
толь" Париж
No comments:
Post a Comment