Saturday, January 30, 2016

Орчуулгын уралдааны ялагчид шагналаа гардаж авлаа

Зүүн гар талаас 2 дахь нь Г. Сугиррагчаа
Монголын Орчуулагчдын Эвлэлээс гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Дэлхийн сонгодог богино өгүүллэгийн орчуулгын уралдаан”-ы дүн гарч, шалгарсан бүтээлийн эздийг шагнаж урамшуулах ёслолын ажиллагаа "Аз хур" номын их дэлгүүрт болж өндөрлөлөө. Энэ жилийн шалгаруулалтад 33 орчуулагчийн 50 гаруй өгүүллэг ирснээс 29 бүтээл шигшигдэж “Сонгодог өгүүллэгийн дээжис 3” номонд багтжээ. 

Уралдаанд бүтээлээ сойсон орчуулагчдын хувьд англи, франц, герман, япон, солонгос, хятад, орос, түрэг, польш зэрэг хэл дээрх өгүүллэгүүдийг эх хэл рүүгээ хөрвүүлсэн байна. 
Оролцсон бүтээлээрээ байр эзэлсэн орчуулагчдад шагнал гардуулж, баяр хүргэхээр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт дуун хөрвүүлэгч, өдгөө 88 насыг зооглож буй Ж.Гэндэндарам гуай, МУСГЗ, Дуун хөрвүүлэгч цолтой Ж.Нэргүй гуай иржээ.
Тусгай байрт Оросын их зохиолч Александр Иванович Куприны “Ариун хайр” өгүүллэгийн орчуулгаар Ч.Будьханд, Туркийн зохиолч Өмэр Сэефэттины “Өртөг” өгүүллэгийн орчуулгаар Т.Загарпэрэнлэй, Тусгай байрт Солонгосын зохиолч И Ги-Ёны “Ядуус” өгүүллэгийн орчуулгаар М.Амартайван нар шалгарчээ. 



Харин Гутгаар байрт Америкийн зохиолч Эдгар Аллан Погийн  “Үнэнийг өчих зүрх” өгүүллэгийн орчуулгаар Б.Урангуа, Дэд байрт Америкийн зохиолч эмэгтэй Кэйт Шопены “Аадар” өгүүллэгийн орчуулгаар Г.Сугиррагчаа нар шалгарсан бол уралдааны Тэргүүн байрын шагналыг Японы зохиолч Ясүнари Кавабатагийн “Изүгийн бүжигчин охин” өгүүллэгийн орчуулгаар О.Намуун хүртжээ.

Ж.Нэргүй гуай залуу үеийнхэндээ хандаж “Эх хэлээ сайн сурч, судлаад мөсөн дээр биш тосон дээр гулгаж буй мэт уран яруу хэллэгтэй орчуулга хийдэг болоорой” хэмээн захисан юм.

Ийнхүү шагнал гардуулах ёслолтой хамт уралдаанд ирсэн бүтээлүүдээс шигшиж багтаасан “Сонгодог өгүүллэгийн дээжис 3” номын нээлт болж, бүтээл нь номонд багтсан оролцогчдод дээжээс нь бэлэглэсэн юм.

Дэд байрын шагналт Г. Сугиррагчаа ХИС-ийг англи хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн юм.

Г. Сугиррагчаадаа ХИС-ийн Англи хэл, соёлын тэнхмийн багш, оюутнуудынхаа нэрийн өмнөөс баяр хүргэж, орчуулгын ажилдаа улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.


Friday, January 15, 2016

Хар авдарт ном буй Хазгар өвгөнд эрдэм буй


Ашдын сайхан орчуулгынхаа аршаан юуг алтан аягаар амсуулж асан мэргэн буурлууд лугаа эн зэрэгцэх орчуулагчид өнөөдөр төрж амжаагүй явна уу, эс бөгөөс өлгий юундаа бойжиж байна уу.

Эрдэмт мэргэн өтгөс, билиг танхай гүүш нар орчуулах эрдмийн тухайд айлдснаас доор сийрүүлбээс:

Нагаржуна ”Бэрх утгыг мэдэн чадваас хурц мөн”

Б. Ринчен “Сайн орчуулагч бичиг зохиолыг хөрвүүлэхдээ нүд хэдий гадаад бичгийг үзэвч утгыг найруулан эвлүүлэхэд нэг эгшин хэмээн монгол үгийн ёс зүйгээс ангижрахгүй.”

Б. Ринчен “Орчуулагч бол соёлын жинчин мөн.”

Б. Ринчен “Өөрийн болоод гадаад хэлний өгүүлбэр найруулах онцлог зүйлийг мэддэггүйгээр үл барам утгыг бодолгүй, үгийг махчлан орчуулж хүн хорхойчилдог нь туйлдаа хүрсэн юм байна.”

Ц.Дамдинсүрэн ”Үгийг нэмж хасах гайгүй хэрэг. Утгыг нэмж хасвал гэмтэй хэрэг. Үг ба өгүүлбэрт халдаж болно. Гол утгад халдаж болохгүй.”

Ц.Дамдинсүрэн “Шүлгийг орчуулах гэгч үг, утгыг орчуулах төдий биш, түүний найруулгын хэв журам ба уран хэл, сэтгэлийг хөдөлгөх чадлыг бүрнээ орчуулах хэрэг юм.”

Д. Чойжил “Орчуулагч хүн орчуулж буй зохиолдоо гарч байгаа хүмүүсийн зан байдал, хэл ярианы онцлог зэргийг зохиогчоос дутуугүй судалж мэдсэний үндсэн дээр тэр бүхнийг яг тохируулан буулгаж, зохиогчийн санааг уншигч нарт зөв дамжуулах үүрэгтэй.”

Д. Чойжил “Орчуулга бол эрдэм мэдлэг, туршлага чадвар, авьяас билэг, хичээл зүтгэл, тэсвэр хатуужил, нөр хөдөлмөр шаарддаг нарийн ажил юм.”

Д. Чойжил “Орчуулгыг гадаад хэл мэддэг хэн ч гэсэн барьж аваад гар хурууны үзүүрээр хийчихэж болох ажил гэж эндүүрэх нь бий.”

Ш. Гаадамба “Муу орчуулгыг уншихад баруун аймгийн дөрвөн мөөртэй үхэр тэргээр явж байгаа юм шиг эв хавгүй байдаг.”

Г. Амар “Яруу найргийг үгчлэн орчуулбал ядуу найраг болно.”

Чой. Лувсанжав “1. Европ зүгийн хэлэнд: “Усанд мод хөвөгдөж явна...” “Талх надаар идэгдэв” гэхчилэн үйлд өртөгч юмны талаас хэлж бичдэг идэвхигүй хэв зонхилдог бол монгол хэлэнд эдгээр өгүүлбэрийг “Усанд мод хөвж явна”... “Би талх идэв” хэмээн хийсэн эзний нь зүгээс хэлдэг идэвхитэй хэв зонхилдог. 2. Олон тоо олширвол олиг муутай орчуулга. Монгол хэлэнд “Нүдний нулимс хацар даган урсав” гэхийг энэтхэг-европын хэд хэдэн хэлээр “Нүднүүдийн нулимсууд хацруудаа даган урсацгаав” гэж хэлдэг. 3. “Ба” олширвол базаахгүй орчуулга”

Г. Аким “Үйл үг бол монгол хэлний, тэр дундаа уран зохиолын хэл найруулгын амин сүнс юм”

Г. Аким “Ринченгийн орчуулгыг уншиж байхад, гадаадын зохиолчийн зохиолын эрдэнийн утгыг зүрх догдлон танихын зэрэгцээгээр монгол хэлнийхээ яндашгүй далайд дураар сэлж, гүнд нь өнгө бүрээр солонгорох үгийн нь сувдын тансгийг сэтгэлээрээ мэдэрч байдаг билээ. Орчуулагчийн чадал гэдэг тэр буюу!

А. С. Пушкин “Орчуулагч хүн бол гэгээрлийн улааны морь юм.”

Л. Гинзбург “Нэг зохиолчийн, заримдаа бүхэл бүтэн утга зохиолын хувь заяа ч орчуулагчаас шалтгаалдаг гэдгийг мартаж болохгүй.”

Friday, January 8, 2016

600 хөтөч, тайлбарлагчийг өнөөдрөөс бүртгэнэ


АСЕМ-ын тухай товчхон: 1996 онд анхны 26 гишүүнтэй үйл ажиллагаагаа эхэлсэн Ази-Европын Уулзалт буюу АСЕМ нь өнөөдөр Ази тивийн 21, Европын 30 улс, 2 олон улсын байгууллага (Европын Холбооны Комисс, АСЕАН буюу Зүүн өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн нарийн бичгийн дарга нарын газар)-ыг нэгтгэсэн Засгийн газар хоорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны албан бус үйл явц юм. АСЕМ-ын яриа хэлэлцээ нь эрх тэгш харилцаа, харилцан хүндэтгэх зарчимд суурилах бөгөөд улс төр, эдийн засаг, нийгэм соёлын нийтлэг, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн хоёр тивийн харилцааг ойртуулан бэхжүүлэх зорилготой.

11 дэх удаагийн Дээд хэмжээний уулзалтаас гадна 9 салбар хуралдаан, чуулган зохион байгуулагдах бөгөөд энэ арга хэмжээнүүдийг өндөр түвшинд зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Нийслэлийн Хөдөлмөрийн газар нь 600 хөтөч, тайлбарлагчийг бэлтгэх бүртгэлийн арга хэмжээний нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Уг үйл ажиллагааг өнөөдөр “Чингис хаан” зочид буудлын 1 давхрын танхимд 11:00-16:00 цагт зохион байгуулна.

Бүртгүүлэх иргэдэд тавигдах шаардлага:

·         Англи, Хятад, Солонгос, Япон, Орос, Герман, Франц хэлний ярианы чадвартай байх,
·         Синхроны орчуулга хийх чадвартай иргэд,
·         20-60 насны иргэд хамрагдах,
Үйлчилгээ, зохион байгуулалтын ажилд өөрийн ур чадвар, мэдлэгээс хамаарч оролцоно.

Бүрдүүлэх материал:
·         Иргэний үнэмлэх /хуулбар/
·         2% цээж зураг
·         Диплом, сертификатын хуулбар /гадаад хэлний/

Дэлгэрэнгүй мэдээлэл болон БҮРТГҮҮЛЭХДЭЭ:
Нийслэлийн Хөдөлмөрийн газар
Хаяг: Нийслэлийн Засаг захиргааны IV байр, 7 давхар
Утас: 7011 0502, 7012 0502, 7013 0502, 7014 0502
Факс: (976)-11-329752
НЭГДСЭН ЛАВЛАХ: 1800 1896
Цахим хаяг:www.ubbirj.ub.gov.mn



НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН ГАЗАР