Sunday, May 5, 2013

Дэггүй Петерийн үлгэр Беатрикс Поттер


                                             
 4-9 группийн оюутан Б.Эгшиглэнгийн 
англи хэлнээс орчуулсан үлгэр. 
Орчуулгын уралдаанд 1-р байр эзэлсэн. 
Эх зохиолыг Орчуулгын уралдаан цэснээс үзнэ үү.

         Эрт урьдын цагт  элсэн эрэг дээрх аварга том хуш модны ёроол дахь нүхэнд  Дэлдээхэй, Сэгсээхэй, Хөвөн сүүлт,  дэггүй Петер хэмээх дөрвөн бүжин ээжтэйгээ хамт амьдран суудаг байжээ. Нэгэн өглөө ээж нь “За бүжингүүд минь, тал руу явж эсвэл зөргөөр зугаалж болно. Харин ууртай ногоочин Макийнх руу зүглэж огт болохгүй шүү. Хөөрхий аав чинь тийшээ орсноос болж тэднийхний зууш болсон юм. Одоо явж тоглоцгоо, битгий хэрэг тариарай даа. Би явчихаад ирье” гэв.
          Ингээд туулай ээж сагсаа сугавчлан, шүхрээ бариад модон дундуур талхчнийх руу явлаа. Тэрбээр бүжингүүддээ хар талх, хэдэн ширхэг амтат боов худалдан авчээ. Энэ хооронд ээжийнхээ үгнээс гардаггүй Дэлдээхэй, Сэгсээхэй, Хөвөн сүүлт  гурав зөргөөр явж, бөөрөлзгөнө түүсэн бол байнга хэрэг тарьдаг дэггүй Петер ууртай ногоочны талбайд хэдийнэ орчихов.
          Эхлээд тэр гонзгой буурцгийг шанцайтай хольж идээд, араас нь цагаан лууван амтархан зооглов. Бяцхан ходоодоо дүүртэл идсэн бүжин пологтсон учраас яншуй олж идэхээр шийдээд өргөст хэмхний тариалангаар эргэтэл ногоочин зогсож байх нь тэр
! Байцааны үрслэг суулгаж байсан тэрбээр Петерийг хармагцаа ухасхийн, “Зогс, муу дамшиг! гэсээр тармуураа барьсан чигтээ араас нь хөөлөө.
Дүрсгүй бүжин ногооны талбайгаар энд тэндгүй харайлгасан ч үнхэлцгээ хагартал айсандаа гарах хаалга хаана байсныг мартчихаж. Сандарч явахдаа нэг гутлаа байцаанууд дотор, өрөөснийг нь төмсөн дунд гээчихжээ. Петер гуталгүй болсон ч дөрвөн хөлөөрөө дэгдвэл ууртай ноёнтноос хурдан сална хэмээн бодсон боловч хүрэмний нь том товчнууд тошлой жимсний торонд тээглэж, зуурав. Тэр хүрэм нь номин цэнхэр өнгөтэй, шармал товчтой, шинэхэн эд байсан юм.
        Аргаа барсан бүжин нүднээсээ том, том нулимс дуслуулан уйлахаас өөрийг хийж чадсангүй. Түүний мэгшэхийг сонссон тусч бяцхан болжморууд жиргэлдсээр нисэн ирж, “Бүжин минь, битгий уйл. Бууж өгөлгүйгээр торноос мултрахыг хичээгээч” хэмээн шулганалдав. Зориг орсон бүжин  биеэ хүчилсээр, арайхийн сараалжнаас мултрахтай зэрэгцэн мөнөөх ширүүн ногоочин бүжинг урхидах торон шүүрээ ухасхийлгэсэн ч амжсангүй. Ам мөлтөс зугтсан Петерт хүрмээ авах сөхөө байгаагүй нь мэдээж. Тэр пин рүү бушуухан харайлган, цэцэг усалдаг сав руу үсрэн орлоо. Дотор нь дүүрэн ус байсныг эс тооцвол нуугдахад  таатай л газар санж.
       Харин хашир ногоочин бүжинг пингийн хаа нэгтээ нуугдсаныг таамаглаж, хөмрүүлж тавьсан цэцгийн ваарнуудыг нэг, нэгээр нь сэмээрхэн сөхөн, хайж эхлэв. Гэтэл гэнэт бүжин найтаачих нь тэр
! Ногоочин Мак түүнийг барихаар ухасхийхэд шаламгай бүжин тавцан дээрх гурван ч цэцгийг унагаан цонхоор үсрээд гарлаа. Мэдээж бахим эрийн хувьд пингийн цонхоор гарах бүтэшгүйн дээр сахилгагүй бүжингийн араас хөөцөлдөхөөс ч залхжээ. Ингээд тэрбээр хийж байсан ажлаа үргэлжүүлэв.
Энэ зуур айснаасаа болж чичирч, амьсгаа нь давхацсан дэггүй Петер хэсэг амарч суулаа. Үнэндээ тэр хаашаа явахаа ч мэдэхгүй байсны зэрэгцээ цэцэг усалдаг саванд нуугдсанаас шалба норсон байлаа. Удалгүй тэр  тэнтэр тунтар алхан, эргэн тойрноо ажиглаж, алмайран явж байгаад нэгэн хаалга олсон нь цоожтойн дээр бандгар бүжин шургачих зай ч олдсонгүй.  Тэгэхэд нэгэн хөгшин хулгана чулуун довжоон дээгүүр нааш, цааш гүйн, ой модонд амьдардаг гэрийнхэндээ үр тариа, шош зөөх аж. Хэдийгээр сахилгагүй бүжин гарах хаалга хаана байдгийг асуусан ч хулгана амандаа том шош зуусан учраас толгой сэгсрэхээс өөрөөр хариулж чадсангүй.
          Петер дахиад л мэгшиж эхлэв. Тэр ямар ч байсан гэрлүүгээ харихаар шийдэж, ногооны талбайгаар хөндлөн гулд явсан ч улам л төөрч байлаа. Ингэж явсаар ногоочны тариалангаа усалдаг цөөрөмд иржээ. Цөөрмийн дэргэд тарган цагаан муур алтан загасны сэлэхийг ширтэн хөдөлгөөнгүй суух бөгөөд сүүлээ байн, байн хөдөлгөхийг нь эс тооцвол хөшөө мэт харагдана. Петер бүжин үеэл Бенжамины  муурны тухай яриаг санаад энэ удаа чимээгүй явахаар шийдлээ.
         Тэр өөр зам мэдэхгүй байсан тул пин рүү буцлаа. Гэтэл гэнэт өвс шир, шир хийх чимээг сонсоод айсандаа бутанд нуугдав. Юу ч тохиолдсонгүйд санаа амран, түрдэг тэргэн дээр үсрэн гараад эргэн тойрныг ажиглалаа. Түүний хараанд хамгийн түрүүнд сонгино зээтүүрдэн авч байсан ногоочин өртөв. Тэрбээр нуруугаа бүжин рүү харуулсан байх бөгөөд яг ард нь гарах хаалга байх нь тэр
!
      Петер тэрэгнээс анхааралтайгаар буумагцаа хар эрчээрээ харайлгав. Гэхдээ хад жимсний бутны дэргэдүүр болгоомжтойгоор явсныг нь тэмдэглэх хэрэгтэй. Түүний дэгдэж явахыг ногоочин зэрвэс харсан ч бүжинд ямар хамаа байх билээ дээ. Хаалган доогуур шуртхийн гараад модруу орлоо, одоо түүнд айх аюул байхгүй. Харин зугтах замдаа орхисон хүрэм, гутлыг нь ногоочин Мак  мануухайдаа өмсүүлчихсэн байсан нь тоогүй.
        Дэггүй хуш модны ёроол дахь гэртээ очих хүртлээ эргэж харалгүйгээр ум хумгүй дэгдсэн юм.  Ядарч туйлдсан тэр туулайн үүрэнд хивсийг орлодог зөөлөн элсэн дээр хөл тавимагцаа хар аяндаа газар суун, нүдээ анилаа. Хоолоо бэлдээд завгүй байсан ээж нь хувцсаа чухам яасныг нь асуув. Тэр ердөө хагас сарын дотор хоёрын зэрэг хүрэм, гутлаа хаясан нь энэ. Гэвч хөөрхий бүжин бүхэл оройн турш ханиалгаж, халуурлаа. Ээж нь түүнийг оронд нь оруулж, балжингарамын цайгаар эмчиллээ. “Унтахын өмнө нэг халбага хангалттай” хэмээн туулай ээж хэлэв.
        Харин энэ хооронд Дэлдээхэй, Сэгсээхэй, Хөвөн сүүлт гурав оройн зоогондоо талх, сүү, бөөрөлзгөнө хоол  амтархан идсэн юм.
                                                                                                               

No comments:

Post a Comment