Tuesday, May 7, 2013

Ширээ бол ширээ



3-4 ангийн оюутан Б. Очирбатын герман хэлнээс
орчуулсан өгүүллэг. Орчуулгын уралдаанд 1-р байр эзэлсэн. 
Эх зохиолыг Орчуулгын уралдаан цэснээс үзнэ үү.


Би нэгэн өвгөний түүх ярьж өгье. Тэрээр нэгэн жижиг хотын гудамжны төгсгөл уулзварын ойролцоо амьдардаг, үг дуу цөөтэй, инээх уурлах ч сөхөөгүй, ядарсан царайтай нэгэн. Түүнд бусдаас ялгараад байх зүйлгүй учир түүнийг гаднаас нь дүрслээд байх шаардлагагүй аж. Саарал өнгийн малгай тавьсан, саарал өмдтэй, өвөл нь урт  саарал хүрэм өмсөнө. Түүний нарийхан хүзүүнд үрчлээ сууж хуурайшсан, цамцны цагаан зах нь түүнд томдсон харагдана. Амьдардаг өрөө нь хамгийн дээд давхарт байрлана. Магадгүй тэр урьд нь гэрлэж байсан, хүүхдүүдтэй ч байж болох, бүр өөр хотод өмнө нь амьдарч байсан ч байх. Тэр хүүхэд байсан нь лавтай. Эмээгийн альбумаас харахад тэр үеийн хүүхдүүд том хүн шиг хувцасладаг байжээ. Түүний өрөөнд 2 сандал, 1 ширээ, хивс, ор,  шүүгээ харагдана. Хананд толь, мөн зураг өлгөсөн, жижиг ширээн дээр сэрүүлэгтэй цаг түүний хажууд хуучин сонингууд, мөн зургийн альбом тавьжээ.
Өглөөгүүр тэрээр явган алхаж үдээс хойш мөн л явган явж хэдэн үг хөршүүдтэй солиж оройдоо тэрээр ширээндээ сууна.
Энэ нь бүтэн сайн өдөр ч мөн ялгаагүй нэг л хэвийн. Өвгөн ширээнд суух болгондоо сэрүүлэгтэй цагийн цохилтыг үргэлж сонсдог байлаа.
Харин нэгэн нартай ер бусын өдөр, халуун ч биш хүйтэн ч биш, шувууд жиргэсэн, найрсаг хүмүүс, хүүхдүүд тоглосон тэр л өдөр яагаад ч юм түүнд таалагдлаа.
Тэр инээмсэглэн “Одоо бүх зүйл өөрчлөгдөх болно” гэж бодов. Өвгөн цамцныхаа дээд товчийг суллан, малгайгаа гартаа барин хөл дээрээ дээш доош үсрэх шахам түргэн түргэн баясгалантайгаар алхав. Өөрийн гудамжиндаа ирж хүүхдүүд рүү толгойгоороо дохин байшингийнхаа өмнө ирж, шатаар өгсөн, түлхүүрээ халааснаасаа гарган өрөөгөө нээлээ.  
Гэвч өрөөнд бүх зүйл хэвэндээ, ширээ, 2 сандал, нэг ор. Түүнийг суухад нөгөө л цагийн цохилох дуу сонсогдож, бүх баяр баясгалан нь хийсэн одов. Учир нь өөрчлөгдсөн зүйл юу ч алга. Өвгөн маш ихээр уурлаж, мэнчийтлээ улайсан царайгаа толинд хараад, нүдээ анилаа. Тэгээд гараа зангидан ширээрүү далайж нэг цохилоо хоёр дахиа цохилоо. Дараа нь бөмбөр шиг ширээг нүдэнгээ “Ямар нэг зүйл өөрчлөгдөх ёстой” гэж байн байн орилож байв. Сэрүүлэгтэй цагны чимээ сонсогдохоо больж, түүний гар өвдөж эхлэн хоолой нь таг болж, цагны чимээ ахин сонсогдлоо, юу ч өөрчлөгдсөнгүй.
Нөгөө л нэг ширээ гэж тэрээр хэлэв. Нөгөө л 2 сандал, ор, зураг. Ширээг ширээ, зургийг зураг, орыг ор ,сандалыг сандал. Яагаад заавал ийм байх ёстой гэж? Францууд орыг “li”, ширээг “tabl”, зургийг “tablo” харин сандалыг “schäs” гэдэг, гэвч тэд ойлголцдог. Хятадууд ч мөн адил. “Яагаад орыг зураг хэлж гэж болохгүй гэж” бодоод өвгөн чанга чанга инээн, түүний хөршүүд ханаруу балбаж “чимээгүй” гэж хэлтэл тэр инээсээр л байв.
“Одоо л өөрчлөгдөж байна” хэмээн тэр хашгираад, орыг тэр энэ мөчөөс эхлэн“зураг” гэж нэрлэхээр болов.
“Би ядарч байна зургандаа орьё” гэж хэллээ. Тэр өглөөгүүр зурагнаасаа босолгүй хэвтэж сандлыг харин юу гэх вэ? гэж дотроо бодон сандлыг “сэрүүлэгтэй цаг” гэхээр болов. Шинэ хэлээрээ хааяа зүүдлэж, сурагч насныхаа дуунуудийг түүнрүү орчуулж чимээгүйхэн өөртөө дуулж байлаа.
Өвгөн зурагнаасаа босч хувцасаа өмсөн сэрүүлэгтэй цаган дээрээ суун ширээнд гараараа тулав. Харин ширээг ширээ гэхээ болиж ширээг одоо хивс гэхээр шийдэв. Өглөө тэр зурагнаасаа босч хувцаслан хивсэндээ сэрүүлэгтэй цаган дээр сууж юуг юу гэх вэ? гэж дотроо бодлоо. Орыг зураг, ширээг хивс, сандлыг сэрүүлэгтэй цаг, сонинг ор, толийг сандал, сэрүүлэгтэй цагийг зургийн альбум, шүүгээг сонин, хивсийг  шүүгээ, зургийг ширээ, харин зургийн альбомийг толь гэж нэрлэхээр шийдэв.
Тэгэхлээр: Өглөө өвөө зургандаа удаан хэвтэж 9 цагт зургийн альбом дуугарч, тэр зурагнаасаа босон шүүгээн дээр зогсч, даарахгүйн  тулд хувцаснуудаа сонингоос гарган ирж өмсөв. Хананд өлгөсөн сандалд харж, хивсэнд сэрүүлгийн цаган дээрээ сууж толь эргүүлэн ээжийнхээ ширээг олж харлаа.
Түүнд энэ нь хөгжилтэй санагдаж тэрээр өдөржингөө давтаж шинэ үгнүүдээ тогтоон цээжлэж байв. Бүх зүйл одоо өөрчлөгдсөн. Тэрээр одоо эрэгтэй хүн биш харин хөл, харин хөл өглөө болж, өглөө эр хүн болов.
Одоо та нар энэ түүхийг өөрсдөө үргэлжлүүлэн бичиж чадна. Бусад үгийг яг түүн шиг өөр үгээр сольж болно: Дуугарахыг тавих, даарахыг харах, хэвтэхийг дуугарах, зогсохыг даарах, тавихийг эргүүлэх гэх мэт.
Тэгэхлээр юу болж байна вэ? гэхээр: Эр хүн хөгшин хөл удаан зургандаа дуугарч, 9-н цагт зургийн альбом тавьж, хөл даарч өглөө харахгүйн тулд шүүгээн дээр эргүүллээ. Өвгөн цэнхэр өнгөтэй сургуулийн дэвтрүүд худалдан авч шинэ үгнүүдээ дүүртэл нь бичив. Тэр үүнтэй ноцолдон гудманд ч үзэгдэхээ больжээ. Бүх зүйлд шинээр нэр өгч тэгэхдээ жинхэнэ нэрүүдийг нь мартаж байлаа. Тэр одоо зөвхөн өөрт нь зориулагдсан өөрийн гэсэн хэлтэй болчихож. Гэвч удалгүй түүнд орчуулахад ч хүндрэлтэй болж ирэв. Тэр хуучин хэлээ бараг мартсан байв. Тийм ч учраас тэр зөв нэрнүүдийг цэнхэр дэвтэрнүүдээсээ харах шаардлагатай болжээ. Энэ нь түүнд хүмүүстэй ярихаас ч айхад хүргэв. Хүмүүс зургийг ор, хивсийг ширээ, сэрүүлэгтэй цагийг сандал, орыг сонин, сандалыг толь, зургийн альбомийг сэрүүлэгтэй цаг, сонинг шүүгээ, шүүгээг хивс, толийг зургийн альбом, ширээг зураг гэж хэлэхэд нь өвгөн маш удаан бодох шаардлагатай болов.
Тийм ч учраас тэр хүмүүсийн ярихыг сонсохдоо инээх хэрэгтэй болдог байв. Хэрэв хэн нэг нь “Та маргааш хөл бөмбөгийн тоглолт руу бас явахуу” гэж хэлэхэд тэр инээх шаардлагатай байв. Эсвэл “Одоо ч бүр 2 саржингаа бороо орлоо”,  “Америкт надад нэг авга ах бий” гэхэд өвгөн энэ  бүгдийг ойлгохгүй байсан учраас инээх шаардлагатай болдог байлаа.
Энэ хөгжилтэй түүх биш юм. Гунигтай эхлэн гунигтай төгслөө. Саарал хүрэмтэй тэр өвөө хүмүүсийг ойлгохгүй байгаа нь муу зүйл биш, харин хүмүүс түүнийг ойлгохгүй байгаа нь хамгийн муу зүйл байлаа. Тиймээс ч тэр дуугаа хурааж, зөвхөн өөртэйгөө яриж мэндлэхээ ч больсон байв.


No comments:

Post a Comment