Thursday, September 17, 2015

АСЕМ-ЫН ОРЧУУЛАГЧДЫГ ШАЛГАРУУЛАХ БАГ ЕВРОПЫН ХОЛБООНООС ИРЖ АЖИЛЛАВ


2016 оны 7-р сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах АСЕМ-ын 11-р Дээд түвшний уулзалтын үеэр англи хэлээр шууд орчуулга (синхрон) хийх зарим орчуулагчийг сонгон шалгаруулж, сургалтад хамруулахаар ГХЯ болон Европын Холбооны хооронд хэлэлцэж тохирсны дагуу шалгалтын баг 2015 оны 9-р сарын 14-15-нд Улаанбаатарт ажиллалаа. Уг сонгон шалгаруулалтыг Европын Холбооны Орчуулгын Ерөнхий газрын Төслийн менежер, Хатагтай Биргит Гёоце, Европын Холбооны Монгол болон БНХАУ дахь төлөөлөгч, Ноён Том Пэрт нар удирдан явууллаа. Сонгон шалгаруулалт нь Европын Холбооноос боловсруулсан аргачлалын дагуу чөлөөт болон сэдэвчилсэн ярилцлага хэлбэрээр явагдсан бөгөөд ярилцлагад нийт 25 орчуулагч оролцсоноос 6 хүртэл хүнийг сонгож, Европын Холбооны зардлаар дээр дурдсан сургалтад хамруулахаар болоод байна

Monday, August 17, 2015

Skype орчуулгын програмтай боллоо

Зөгнөлийг бодит боломж болгож буй олон хэлний орчуулга хийх чадвартай туршилтын Skype програмыг хэрэглэгчид татаж авахад бэлэн болжээ. Microsoft-ийн Skype Translator Preview нь одоогоор олон хэлээр орчуулж чадахгүй ч нилээд ирээдүйг харсан ажил болж чаджээ.

Компани хэлэхдээ програмын бета хувилбарыг бүх Windows 8.1 болон 10 ахисан түвшний хэрэглэгчид ашиглах боломжтой бөгөөд заавал бүртгэлтэй хэрэглэгч байх эсвэл нэрээ жагсаалтанд бичүүлэх зэрэг шаардлагагүйгээр шууд хэрэглэж үзэх боломжтой юм байна.

Хэрэв та Итали, Мандарин, Испани хэлээр ярьдаг хэн нэгэнтэй орчуулгатай харилцан яриа үүсгэхийг хүсвэл Windows Store-оос програмаа үнэгүй татаж аваарай. Програм нь мөн бичгийн 50 гаруй хэлийг ч орчуулна. Орчуулгын програм нь стандарт Skype програм шиг харагдах хэдий ч гол өөрчлөлт нь ярьж буй хүний нэрэн дор гарах товч юм. Энэ програм өөрөө хэлээ автоматаар таниж ажиллахгүй, харин та яриа эсвэл харилцан чат эхлэхээс өмнө өөрөө хэлээ сонгож өгөх юм байна. 
Орчуулгын үеэр Майкрософт таныг зүүдэг чихэвч болон микрофон ашиглахыг зөвлөжээ. Мөн Wi-fi хэрэглэхийн оронд LAN интернэт ашиглахыг зөвлөж байна. Орчуулагдаж байгаа дуудлага нь ихэвчлэн энгийн дуудлагаас илүү их цаг авдаг гэнэ. 

Орчуулгын програм хичнээн туршилтын мөн хэдхэн хэлний сонголттой хувилбар дээрээ явж байгаа ч гэсэн олон нийтэд нээлттэй тавигдсанаар онлайн харилцааг нэг түвшин ахиулж чаджээ.

Онлайн ертөнцөд аман ярианы шууд орчуулга хийх боломжийн талаар олон технологи шүүмжлэгчид, ирээдүйг зөгнөгчид, хэвлэл сонингийнхны хүсэл мөрөөдөл байсаар ирсэн билээ. Харин одоо биелэлээ олоход ойрхон байна. Энэ бүхэн Google-ээс биш харин Майкрофотоос эхлэн гарч байгаа нь бүүр ч сонин.

Friday, May 15, 2015

ДЭЛХИЙ ХЭМЭЭН ЯРИХЫН ӨМНӨ
МОНГОЛ ХЭМЭЭН ХЭЛЖ
ДЭЛХИЙН ХЭЛИЙГ СУРАХЫН ӨМНӨ
МОНГОЛ ХЭЛЭЭ СУРУУШТАЙ.

Монгол төрийн зүтгэлтэн, Ерөнхий сайд асан  А. Амар

Tuesday, April 14, 2015

Орчуулгын клубынхан орчуулагчидтай уулзлаа

Жил бүр зохион байгуулдаг Орчуулагч, судлаачидтай хийх уулзалтад Орчуулгын клубын урилгаар ХИС-ийг төгсөгч Д. Аюуш, Т. Алтанцэцэг нар зочиноор оролцож уран зохиолын орчуулга ба аман орчуулга хийх, мөн гадаад хэл сурах  арга туршлагаасаа хуваалцаж оюутнуудтай сонирхолтой сайхан яриа өрнүүллээ.
ХИС-д Харьцуулсан уран зохиолоор магистр, Австралийн Сидней хотын Технологийн Их сургуульд Мэдээллийн менежмэнт, цахим-сургалтын чиглэлээр тус тус магистрын зэрэг хамгаалсан, Стенфордын ИС, Кентаки мужийн ИС, Сан Франциско хотын коллежид урилгаар лекц уншиж, ХИС-д Англи, Америкийн уран зохиол, соёлын антропологи зэрэг хичээлийг зааж байсан багш Д. Аюуш  “Орчуулагч хүн улс орныхоо түүх, соёл, нийгмийн хөгжлийн өмнө томоохон үүрэн хариуцлага хүлээдэг... Зохиолчийн хэлэх гэсэн санааг зохиол бүтээлээр нь дамжуулан өөртөө ойлгож аваад өөр нэгэн хэл рүү буулгаж уншигчдад хүргэж ойлгуулна гэдэг хамгийн хүнд ажил” хэмээн орчуулагчийн хөдөлмөрийн хэцүүг хэлээд  “Олон гадаад хэлтэй хүн олон ертөнцөөр аялах боломжтой байдаг. Оюутан залуус сурч байгаа гадаад хэлнийхээ уран зохиолын сайн бүтээлүүдээс сайтар унших хэрэгтэй юм. Гадаад ба монгол хэл дээр дор хаяж тус бүр арав, арван номыг уншаарай” хэмээн зөвлөлөө. Тэрбээр Ж.К Роулингийн “Харри Поттер”, У. Шекспирийн “Венецийн хоёр худалдаачин”, “Монгол ардын үлгэр”-ийн 2 боть болон өгүүллэг, жүжгийн зохиол олныг орчуулсан юм.
Харин ХИС-д зэрэгцүүлсэн хэл шинжлэл, Францын Литоралын ИС-д францын хэл шинжлэл, Францын Лилл хотын Политехникийн ИС-д аялал жуулчлалын менежментийн магистрын зэрэг тус тус хамгаалсан, өдгөө ХИС-д франц хэлний багш Т. Алтанцэцэг “Орчуулгын бүтээл туурвина гэдэг соён гэгээрүүлэх хүндтэй ажил юм... Орчуулагч хүн маш өргөн мэдлэгтэй болдог”  “Би орчуулах тусам өөрийгөө голдог” “Орчуулахын тулд зохиолоо хэдэнтээ сайн унш. Гадаад хэл соёл сурч байгаа хүн  мэргэжлийн тамирчин шиг байнгын бэлтгэл хийж мэдлэг чадвараа үргэлж сайжруулж, бас ашиглаж бай” хэмээн оюутан залууст захилаа.
Тэрбээр Х. Хессегийн “Сиддхартха” роман, Г. Д. Мопассаны “Гар”, “Матео Фалкон” өгүүллэгүүд, мөн кино, тэмдэглэл, ном, гарын авлага зэрэг олон ном бүтээлийг монгол, франц  хэл рүү орчуулж, хянан тохиолдуулсны зэргэцээ,  төр засгийн болон олон улсын байгууллагын төлөөлөгчдийн айлчлал, олон улсын чуулга уулзалтад хэлмэрчээр ажиллаж байсан туршлагаасаа оюутан залуустаа сонирхууллаа.

Уулзалтын явцад оюутнууд сонирхсон асуултдаа хариулт авч, мөн уулзалтын төгсгөлд зочид маань орчуулгын уралдаанд бүтээл нь шалгарсан оюутнуудад шагнал гардуулан өглөө. 

Monday, April 6, 2015

ОРЧУУЛГЫН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА


Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Орчуулгын клубээс зохион байгуулсан эссэ болон богино өгүүллэгийг  орчуулах уралдааны дүн гарлаа. Орчуулгын уралдаанд их дээд сургуулийн 40 гаруй оюутан оролцож орчуулах авъяас чадвараа сорьжээ. 
Уралдаанд оролцогчид ХИС-д судлан үздэг англи, орос, франц, герман, япон, солонгос, хятад хэлний эссэ эсвэл өгүүллэгийн аль нэгийг орчуулж өрсөлдсөн байна.  
Уралдаанд оролцогчдын бүтээлийг хэл тус бүрээр нь шалгаруулснаас Тэргүүн байрыг  Т. Зориг /орос  хэл/, Э. Цагаанцоож /франц хэл/, Б. Цэлмэг /хятад хэл/, М. Амаржаргал /англи хэл/, Дэд байрыг Г. Дэлгэрмаа /орос хэл/, Д. Цэцэнбаяр /солонгос хэл/, Ц. Цэнгүүмаа /хятад хэл/, М. Онон /франц хэл/, Х. Эгшиглэн /англи хэл/, Гутгаар байрыг Ц. Боролдой /орос хэл/, Ц. Энхмөрөн, М. Дэлгэрмаа /герман хэл/, Б. Хишигбаяр /хятад хэл/, Г. Лхам-Эрдэнэ,  Ж. Дэлгэрмаа /франц хэл/, Х. Алтантамир /япон хэл/, Д. Энх-Амгалан /англи хэл/ нар тус тус эзэллээ. Орчуулах эрдэм, авъяас билгээрээ манлайлж орчуулсан бүтээл нь шалгарсан дээрх хүмүүсийг Хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
Уралдаанд идэвхитэй оролцож бүтээлээ ирүүлсэн бүх хүчтэй өрсөлдөгчиддөө, тэдгээрийн дотроос ХИС-ийн оюутан Э. Намуундарь, Азжаргал, МУИС-ийн оюутан Мөнхсайхан, Шүрэнцэцэг, Баянхонгор аймгийн ХҮДС-ийн оюутан М. Пүрэвсүрэн, Б. Должин, ОХУ-ын Эрхүү хотын Их сургуулийн оюутан Т. Мягмарнаран, , хувиараа хөдөлмөр эрхлэгч О. Жавхаа нарт хичээл сурлага, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

Шалгарсан бүтээлүүдийг удахгүй блогт оруулна.

Monday, March 30, 2015

УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА


ХИС-ийн Орчуулгын клубээс зохион байгуулдаг уламжлалт уулзалтад ХИС-ийн төгсөгч Д. Аюуш,        Т.Алтанцэцэг нар уригдан ирж уран зохиолын орчуулга, аман орчуулгын талаар сонирхолтой яриа өрнүүлж, орчуулах ажлын арга, туршлагаасаа хуваалцах тул оюутнуудыг уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна.


Уулзалт: 2015 оны 4-р сарын 3-ны Баасан гарагт ХИС-ийн II-304 тоот Эрдмийн Өргөөнд болно.  

Sunday, March 15, 2015

Орчуулгын клуб уламжлалт орчуулгын уралдаанаа зарлалаа

ХИС-ийн Орчуулгын клуб жил бүр оюутнуудынхаа дунд үргэлжилсэн үг, яруу найргийн орчуулгын уралдааныг зохион байгуулдаг билээ. Харин энэ удаад  англи, орос, герман, франц, хятад, япон, солонгос хэлнээс эссэ болон богино өгүүллэг орчуулах уралдаан зарлалаа. Мөн тус клуб 2014 оны 11-р сард их дээд сургуулиудын дунд орчуулгын шүүмжийн уралдааныг зохион байгуулсан байна.  

Уралдааны болзол

 ОРЧУУЛГЫН УРАЛДААН

Уралдаанд оролцогч нь Орчуулгын клубээс бэлтгэсэн англи, орос, герман, франц, хятад, япон, солонгос хэл дээрх эссэ болон өгүүллэгийн аль нэгийг сонгон монгол хэл рүү орчуулна.
Шагнал
1-р байр-1 Өргөмжлөл, мөнгөн шагнал /Хэл тус бүрээр/
2-р байр-1 Өргөмжлөл, мөнгөн шагнал /Хэл тус бүрээр/
3-р байр-1 Өргөмжлөл, мөнгөн шагнал /Хэл тус бүрээр/

Шагналын нийт сан нэг сая төгрөг.

Шалгарсан бүтээлүүдийг  Орчуулгын клубын блог, фэйсбүүк, Оюутны орчуулгын бүтээлийн эмхтгэл зэрэгт нийтэлж нийтийн хүртээл болгоно.
Орчуулах эссэ, өгүүллэгийг Орчуулгын клуб эсвэл www.translationclub.blogspot.com –ын Орчуулгын уралдаан цэснээс авна уу. Уралдааны дүнг 4-р сарын 3-ны  өдөр зарлаж, шалгарсан оюутнуудад шагнал гардуулна.
Орчуулга хүлээн авах
Орчуулгаа Calibri үсгийн 11 хэмжээгээр бичих ба 3-р сарын 31-ийг хүртэлх өдрүүдэд цаасаар Орчуулгын клубт, цахимаар humanitiestranslate@gmail.com хаягт ирүүлнэ. 

Харилцах утас: 95959194

ОРЧУУЛГЫН КЛУБ