Sunday, October 11, 2015

Ц.Гомбосүрэн: Харь үг хэрэглэх нь эх хэлээ тээрэмдэхтэй адил



Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэнтэй ярилцлаа.
 -Та одоо орчуулгын ямар бүтээл нухаж байна вэ?
-Хуучин хоёр юмаа янзалж хэвлэлд өглөө. Хуучин гэдэг нь “Алтан тугал”, “Арван хоёр сандал” гэж зохиолыг би арваад жилийн өмнө орчуулсан юм. Гэтэл тэр маань Зөвлөлтийн цензурдсэн эх байж. Хэдэн жилийн өмнө бүрэн эхээрээ гарсан, тэрийг нь гүйцээж орчуулна даа гэж бодож явсаар сая дуусгалаа. Тавны нэг орчим нь л хусагдсан байж. Нэгнийхийг нь гурван бүлгийг сох авсан, нөгөөхөөс нь бас нэлээд цензурдсэн байгаа юм.
-Тэр чинь хосоороо явдаг роман биз дээ?
-Монголоор хоймсон роман гэж байгаа юм. Зөвлөлтийн үеийн социалист нийгэмд хувь хүний овсгоо самбаа хэрхэн боомлигдон боогдож байсныг алиа хошин, адтай ёгтоор нүднээ үзэгдэж, чихнээ сонсдохоор урлан дүрсэлсэн байдаг юм. Одоо юу аялуулж байна гэж асуусан. Нэг юм нухаж л байна. Нухаад юм болсон хойно нь л хэлье.
-Цензур гэснээс та өөрөө орчуулгаа ямар шалгуураар сонгодог вэ?
-Нэг их онилсон юм байдаггүй ээ. Гол нуруу нь Оросын голдуу уран зохиол.
-Орчуулга хийх нь олон түмэнд хүргэхээс гадна хүн унших, уншихгүй нь хамаагүй тухайн зохиолыг монгол хэл дээрээ буулгая, үлдээе гэсэн санаа бас байна биз.
-Улс орон бүр өөрийн хэл дээрээ номын сантай. Монгол хэл маань ч тиймэрхүү өвтэй байх ёстой юм. Хэрвээ тэнд нь орчуулгын зохиол байнаа гэвэл тэр санд нь дэлхийд данстай тийм, тийм сонгогдог зохиол байдаг юм, энэ монголчууд чинь бас юм орчуулдаг ард түмэн шүү гэж хөндлөнгийн судлаачид хэлдэг, тоодог байхад бидний энэ өчүүхэн зүтгэл бага боловч нэмэр болог л гэж үзэг цаас нийлүүлдэг юм ш дээ. Дан өөрийн орны зохиол, үлгэр домгоос гадна, дэлхийн сонгодог зохиолуудыг эх хэл дээрээ унших нь тухайн ард түмний хувьд нэг талаар оюуны тусгал гэх юм уу даа.
-Ямар хэл дээр орчуулагдах нь тухайн зохиолын чансааг нэг талаас илтгэдэг үү. Тийм хэмжээнд манай монгол хэл үнэлэгдэх үү?
-За, ер нь үнэлгээ бол үндсэндээ дотоод талдаа. Учир нь бид цөөхүүлээ юм. Цөөхүүл, тэдэн дундаа уншдаг нь хэд билээ гэдгээ бодох хэрэгтэй. Ер нь тэр хэл дээр орчуулагдлаа гэдэг нь уг зохиолын чансааг илтгэх юмуу, эрэмбийг тодорхойлох шалгуур болохгүй л дээ.
-Тэгвэл орчуулга бол дэлхийн сонгодогуудыг эх хэлээрээ унших боломж олгохоос гадна монгол хэлийг монголоор нь авч үлдэх нэг арга мөн үү?
-Зайлшгүй тийм байх ёстой юм. Цаад үгнийх нь санаа гарч л байвал, монголоор хэд хэдэн хувилбар байлаа гэхэд би бол аль болох мартагдаж, бага хэрэглэгдэж яваа уугуул сайхан монгол хэл, монгол үгсээ шургуулах дуртай. Үг, найруулга ч тэр. Би бол зарим хүний “хар яриа”-ны гэж гоочилдог энгийн сайхан яриа хөөрөө, найруулгыг монгол хэлний маань нэгэн сайхан шүлт гэж үздэг юм.  Тийм учраас ялангуяа шүлттэй хар ярианы найруулгыг оруулахыг хичээнэ, энийг маань тоож уншиж байгаа хэсгийг монгол хэлнийхээ өвийг тээж яваа нуруутай хэсэг нь гэж үзнэ. Ер нь хүмүүс бие биеэсээ “будаа идэж” амьдрах хэрэгтэй. Ялангуяа үг. Би бол зохиол орчуулахдаа, бусдын орчуулгыг уншихдаа энэ үгийг ингэж монголчиллоо гэж ноорогорхуу юм хийж явдаг л юм.
-Монгол хэлийг монголоор нь авч үлдэхэд уг нь төр илүү үүрэг гүйцэтгэх ёстой биз дээ?
-Монголыг монголоор нь байлгахын чухал үндэс нь монгол хэл, өв соёл мөн. Үүнийг улам дархлаатай болгохыг чи бол төрийн үүрэг гэж байна.  Би бол төрийн үүрэг бас ажил гэнэ. Миний мэдэж байгаагаар сүүлийн үед монгол хэлний нэлээд хэдэн янзын тайлбар толь гарлаа. Жаахан жуухнаар хөндлөнгийн дэмжлэг байдаг юм уу, үгүй юү мэдэхгүй. Надад бол хувь хүний хичээл зүтгэл нь илүү харагдаад байгаа юм. Төр бол бодлогын хүрээнд жишээ нь энэ мэт толь хийхэд ч ивээн тэтгэж урамшуулах бодлого явуулах ёстой юм. Тэр зүгийн ажлын нэг нь Монгол хэлний зөвлөл байгуулаад ажиллах гээд байх шиг байна. Сая Монгол хэлний тухай  хууль баталлаа. Энэ бол төр үүргийнхээ хүрээнд ажлаа хийж байгаа хэрэг юм.
-Монгол хэлний тухай хууль нэлээд хэл ам, эсэргүүцэл давж байж гарлаа. Зарим гишүүн юун хэл ус, эдийн засаг хүнд байхад шаардлагагүй хууль баталж цаг алдлаа гэж шүүмжилсэн.
-Үндэсний хэл бол юун өнөө маргаашийн эдийн засаг, юун Оюутолгой, Тавантолгой. Өнөөдөртөө ард түмний амьдрал тааруу, улсын хөгжил сул байна л даа. Энийг чинь өргөс авсан мэт нэг өдөр засч сайжруулж болохгүй нь бидний туулсан хорин хэдэн жилээр мэдрэгдлээ. Тэгэхээр энэ чиглэлдээ бодлогоо явуулах нь зүй ёсны хэрэг. Гэхдээ эдийн засаг, мөнгө мөнгө гээд зүтгэж байтал нэг мэдсэн үндэсний хэлгүй болчихсон, үгсийн сан нь харь үгсээр дүүрчихсэн тууж явбал яах вэ. Манай нэг найрагч хэл, хил, мал гурав тусгаар тогтнолын баталгаа гэж хэлсэн байх аа. Эндээс хэл, хил хоёр бол тусгаар тогтнолын билгэ тэмдэг, илэрхийлэл. Баталгаа гэдэг бол арай өөр. Мэдээж хил байхгүй бол ямар юмных нь хэл байх билээ дээ. Бас хэл байхгүй бол хил байгаад ч нэг их хэрэггүй мэт. Хил өөрөө өөрийгөө манахгүй. Тэгэхээр хэлийг, хилийг батжуулж хадгалж явах нь төрийн үүрэг. Түүнээс биш, монгол хэл өөрөө өөрийнхөө баталгааг хангахгүй. Ялангуяа даяаршиж байгаа энэ орчинд нэг хэсэг нь түрүүлж яваа гэдэг, үнэхээр тийм. Тэр хэсгийнхээ бүх юмыг шүтэх үзэлд хэт автаад байх юм. Бид нар гэхэд нэг хэсэг Оросын соёлыг, Оросоор  дамжаад Европын соёлыг шүтэж 40, 50 жил явсан. Тэр хооронд тэр зүгийн үгсийг энгийн яриандаа хүртэл их хэрэглэх болсон. Энэ нь цаг үетэйгээ нийлж яваагаа нотолж байгаа юм уу, эсвэл гадаад хэлтэй хүн болж зэрэг зиндаагаа харуулж байгаа юм уу, мэдэхгүй.
Достоевский шиг билээ дээ, нэг мундаг хүний үг байдаг юм. Манайхан энэ Европын хүмүүстэй гар барихаараа л өөрийнх нь зиндаа дээшлээд явчихаж байгаа юмшиг сүйд болох юм гэж. Бид нарт ч иймэрхүү синдром байгаад байх шиг байгаа юм.  Одоо ч харахад Эрээн явдаг нь хятад, Сөүл явдаг нь солонгос үг их шургуулаад л байгаа. Яах вэ, өнөөдөртөө хэл амаа хурдан ололцох, эсвэл гадад үг хэрэглэж өндөр дээд зиндаагаа мэдрүүлж байвал хамаагүй л дээ. Гэтэл харамсалтай нь, муу үр дагавар нь алсдаа их. Тарьж байгаа үр нь алсдаа үндэснийхээ хэлийг тээрэмдэх хогийн ургамал үржүүлж байгаагаас ялгаагүй. Тэгсэн хэрнээ  алс хол суугаа малчин хүнийг ийм энгийн үг, бараг монголжсон үг мэдэхгүй, хөдөөний хоцрогдсон гэж  ад үзэх маягтай. Гэтэл үнэн хэрэгтээ тэр алс хол, жалганд байгаа малчин хүн бол харин ч эх хэлээ манаж, монгол хэлнийхээ амт, шимт, шүлтийг жинэхэнэ хадгалж байгаа хүн юм шүү дээ.
-Хэл чухал нь мэдээж. Гэхдээ даяаршиж, дэлхий нийтээрээ бүгд англи хэл сурч байхад бид хойшоо ухарч монгол бичигтэйгээ зууралдлаа гэх нь нэг талаас бас үнэний ортой биш үү.
-Нэг хүн хэдэн ч хэлийг сурч болох бөгөөд чадаж байна. Тэрэнтэй адилаар нэг хүн хэдэн ч бичигтэй байж болох бөгөөд чадна. Түүний нэг нь үндэсний бичиг нь  байх бүрэн боломжтой.  Даяаршлын эринд ухарлаа, өнгөрсөн хорвоотой ноцолдлоо гэдэг бол туйлшрал. Даяаршил гэдгийн хамгийн аюултай юм нь мань шиг жижиг үндэстнүүдийг зүгээр л хүүхэлдэй болгочих гээд байгаа юм. Хүүхэлдэй болох нь үзэгдэж байгааг жижигхээн жишээнээс харагддаг. Харийн янз бүрийн үг хэлийг монгол хэл мэт хэрэглэх, дуу хуурыг нь дуулаад шүтээд явах нь нэг талаас оюун санааны салхи эзэмдээд эхэлсэн гэсэн үг. Ахуйн төвшинд хэрэглээгээ хар. Энд муу юм байхгүй л дээ. Гэхдээ ингэж явсаар явсаар, үндэснийхээ түүх соёлыг гээсээр, хэрэггүй, хоцрогдсон гэж орхисоор явбал хожмын нэг өдөр биднийг монгол гэдгийг юугаар нь нотлох юм бэ. Хар үс, том хацар, онигор нүд монгол гэдгийг  батлахгүй шүү дээ. Тэгэхээр үндэстнийг үндэстнээр нь, ястанг ястнаар нь харуулдаг юм бол тэр хүний үүлдэр угсаа биш, ерөөсөө л хэл соёл нь. Тэрний цаана зан заншил, үүх түүх нь дэвсгэр болно л доо.
-Тэгэхээр ухралт, хоцрогдол энд байхгүй гэсэн үг үү
– Хэрвээ монгол хэлээ хуулиар хамгаалж, үндэсний бичгээ сэргээж хэрэглэх нь зарим хүний үзэж байгаагаар хоцрогдол юм бол миний хувьд даяаршлын хүүхэлдэй болж урагшаа явж байснаас, Монголоороо хоцрогдож байсан нь хамаагүй дээр. Яагаад гэвэл бид нар өөрийгөө Монгол гэж хэний ч өмнө омог бардам хэлэх хэдхээн юмтай. Тэдний нэг нь хэл, хэлийг тээж яваа үндэсний бичиг. Даяаршлын салхинд тэртэй тэргүй хар аяндаа автагдах юмнууд бидэнд  бий. Тэрийг сөрж, сөрдөггүй юмаа гэхэд байрандаа бат зогсч байх дархлаагаа бид өөрсдийн хэл, хэлийг тээж байгаа бичиг үсэг,  соёл, үүх түүхээр л бий болгоно.
-Тэгвэл танд энэ хуулийн сул тал гэж юу анзаарагдав, тийм юм байна уу
-Хууль бол нэн чухал. Хэл, үндэсний бичгийг хэн яаж хариуцахыг төрийн төвшинд овоо хуваарилж өгсөн байна лээ. Засгийн газар, аймаг, орон нутагт гэх мэтээр. Хууль бол тов тодорхой, яг хэрэгжүүлэх заалтууд л байх ёстой. Гэтэл Монгол хэлний тухай хуульд тунхаглалын чанартай, тийм амьсгаатай заалтууд нэлээн байна гэж харж байгаа юм.
Чи уншсан байх, саяхан манай энэ УИХ зүгийнхэн хуулиудынхаа хэрэгжилтийг шалгаж хянаж нэг судалгаа гаргажээ дээ. Ямар хэмжүүр, шалгуур ашигласныг мэдэхгүй. Гэтэл хэрэгжилт нь 30-70 хувь гэж гарсан байна. Зарим хуулийн хэрэгжилт 30, заримынх нь хэрэгжилт 70 хувь байх нь. Энэ бол төр маш сулхан байгаагийн илэрхийлэл. Төр хэзээ хүчтэй байдаг вэ гэвэл 10 хуультай гэж үзвэл тэднийгээ бүгдийг нь 100 хувь хэрэгжүүлж чаддаг байвал л хүчтэй. Түүнээс бус, 30 хувийн хэрэгжилттэй 1000 хуультай байх нь хүчтэй төрийн шинж биш.
-Нөгөө талаас наадахь чинь тухайлсан нэг хуулийг 100 хүн тутмын 30 нь биелүүлдэг, үлдсэн 70 биелүүлдэггүй гэсэн дүн юм биш үү.
-Нээрээ тэгж ч байгаа юм уу, ерөөсөө сайн ойлгохгүй юм. Хууль бол бүх заалт нь 100 хувь хэрэгждэг, тэр хуулийг 100 хүн байлаа гэхэд зуугуулаа биелүүлдэг л байх ёстой. Саяын судалгааг аль ч талаас нь харсан хуулийн хэрэгжилт тун базаахгүй байгаа хэрэг. Саяын баталсан Монгол хэлний тухай хууль огт хувийн биелдэггүй, биелүүлдэггүй хэсэгт орчих вий л гэж би санаа зовж байгаа.
-Уг нь орж болохгүй, тийм үү
-Тийм байлгүй яах вэ. Бүх заалт нь эзэнтэй юм билээ  л дээ. Харин хуулийнхаа хэрэгжилтийн дүнг Ерөнхийлөгч дээр овоолчихсон байна лээ. Тэгээд Ерөнхийлөгч дүнгээ УИХ-д тайлагнах юм гэнэ. Манайхан чинь дарга шүтэх үзлээсээ салаагүй. Хамгийн өндөр дээд албаны тушаалтан дээрээ аваачаад зоочихвол сайн гэж бодсон шиг байгаа юм. Ерөнхийлөгчийн засаглалтай бол өөр хэрэг. Гэтэл манайх өөр. Энийг би Монгол хэлний тухай хуулийн дутагдалтай тал  гэж байгаа юм. Яагаад гэвэл, Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалын нэг элемент мөн л дөө. Гэхдээ энэ мэт бодлогыг жинхэнэ хэрэгжүүлэгч нь Зсагийн газар байх ёстой. Засгийн газраас, түүний салбар яамдаас хөндийрүүлж ерөөсөө болохгүй. Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хянах нь Ерөнхийлөгчийн ажил ерөөсөө биш. Энэ хуулийн биелэлт, хэрэгжилтийг аймаг нь сумтайгаа, яам нь аймагтайгаа, Засгийн газар нь яамтайгаа, УИХ нь Засгийн газартайгаа хариуцлага тооцох байдлаар хянаж явах ёстой. Ерөнхийлөгч УИХ-д ажлаа тайлагнана гэнэ. Сая мэдээ харвал Ерөнхийлөгч ажлынхаа тайланг УИХ-д хүргүүлсэн л юм байна. Гэтэл миний мэдэхээр Ерөнхийлөгчийн ажлын тайланг сонсч, хэлэлцэж байсан удаа УИХ-д байхгүй. Байлаа ч, та яагаад Монгол хэлний тухай хуулийг муу хэрэгжүүлэвээ гэж асуух, буруутгах эрх байхгүй. Яагаад гэвэл Ерөнхийлөгчийн хийх ажил биш учраас.
-Монгол бичгийг сургуулиудад нэлээд эрчтэй заахаар боллоо. Ингэж заалаа гээд монголчууд бид бүгдээрээ монгол бичигтэн болох боломжтой юу
-Зургадугаар ангиас нь заана гэж хуульчиллаа. Энэ бол монгол бичгийн хичээл нь нэгэн зүйлийн туслах хичээл байнаа л гээд хуульчилчихаж байгаа юм. Энэ харамсалтай.  Гэхдээ яах вэ, өнөөдрийн аргагүй байдлаа бодоод зургадугаар ангиас нь идэвхтэй заагаад их дээд сургуульдаа бас сайн үзээд, төгсч байгаа бүх хүн л монгол бичгээрээ уншиж бичиж чаддаг болоод л байвал нэг талаар бас болохгүй ч юмгүй л дээ. Нийтээрээ монгол бичигт шилжих нь нэг их төвөггүй болно. Тэр хооронд огт мэдэхгүй мань мэт нь бурхан болоод явчихна шүү дээ.
-Нийтээрээ монгол бичигт шилжих нь 2025 он гэх хуулийн заалт боломжтой хугацаа юу.
-Хууль бол төрийн бодлогын илрэл. Бодлого бол харилцан тохиролцоон дээр л явна шүү дээ. Өнөөдрийн энэ монгол бичиг, эс монгол бичиг гэсэн хоёр хүчний тохиролцооны дундаас нэг ийм хуультай болж чадлаа, ямар ч гэсэн. Энэ тохиролцооны хамгийн өрөвдөлтэй хэлбэр, хэсэг нь энэ 2025 он гэдэг хугацаа. Ийм хугацаа огт байхгүй байсан бол монгол бичгийн талынхан том ялагдал хүлээх гэж байгаа ч юмшиг. 2025 гэж хугацаа заасны хүчинд эс монгол бичиг гэдэг нөхдөө давж байгаа ч юмшиг. Маний дараа галав юүлсэн ч хамаагүй гэж Европ зүгийн нэг үг байдаг даа. Тэрэн шиг эс монгол бичиг гэж байгаа нөхдүүд болохоор хуулийг нь унагаж чадаагүй ч гэсэн хэрэгжүүлэх хугацааг хойш шидчихээр болчихож байгаа ч юмшиг л хачин зураг зурчихлаа. Хэрвээ энэ 10 жилд нь хуулийн заалтыг засаглалын бүх байгууламж жигд хэрэгжүүлээд явбал болох байх аа. Тэгэхдээ 2025 он гэдгийг их ухаантай талаас нь тайлбарлавал 10 жилийн дараахийг харсан алсын мундаг бодлого юмуу гэмээр. Гэтэл өнөөдөр чинь бид 10 жил битгий хэл, хойтонгийн юмаа мартчихаад яваа шүү дээ. Сонгуулиас сонгуулийн хооронд салан баавгайн үлгэр шиг л өмнөх засгийнхаа бордлогыг гээгээд яваа. Бидний ингэж мартдаг, салан баавгай шиг орхидог зан дунд 20125 он гэдэг хугацаа тээрэмдүүлээд дуусах вий л гэдгийг, тээрэмдүүлэхгүйн тулд яах ёстойгоо төр өөрөө одоооноос бодох л хэрэгтэй.
-Төрийн албан хэргийг монгол бичгээр хөтөлнө гэсэн заалт бий. Бас төрийн албан хаагчдаас монгол бичгийн шалгалт авна гэж байгаа. Энэ хэр зөв бэ
-Энэ их зөв. Хуулийг албадаж хэрэгжүүлэх ёстой гэдэг чинь энэ л дээ. Ер нь монгол бичгийг, үндэснийхээ бичгийг төрийн бичиг болгох ёстой. Хэрвээ тэгж чадвал төрийн бичгээ мэдэхгүй төрийн албан хаагч гэж байж таарахгүй. Төрийн албан хаагч бол үйлийн үргүй энэ бичгээрээ уншдаг бичдэг л байх ёстой.
-Хуультай боллоо гээд хэрэгжүүлэхэд бас учир дутагдал байна. Хэрэглээ, хэрэглэх орчин одоогоор алга
-Орчныг бүрдүүлэх нь Засгийн газрын ажил. Хаяг хадахаас эхлээд явах юм билээ. Гэхдээ юу гэсэн байв аа, байгууллагатай нь зөвлөлдөж байж шийднэ гэсэн байсан уу. Хуулийг тэгж асууж байж хэрэгжүүлдэггүй юм. Нэг их ардчилсан болох гэх хэрэггүй. Энд би гурван зүйл хэлье. Нэгд, аливаа төр бодлогоо гаргаад тэрийгээ хуульчилсан бол хуулиа хүчээр хэрэгжүүлдэг байх ёстой. Хүчээр гэдгийг би хашилтан дотор хэлж байна шүү. Махан хүчээр биш, хуулийнхаа хүч, сүрээр гэсэн санаатай юм. Хоёрт, хэрэглэх орчныг бүрдүүлэх тал дээр сургуулиуд олигтой ажил хийх хэрэгтэй. Хэрээ би мэддэгсэн бол монгол хэл, монгол бичгийн багш нарт зориуд нэмэгдэл цалин олгомоор байгаа юм. Ганц сургууль ч биш, үе үеийн Боловсролын сайд нар монгол бичиг дээр нэг бол бүүр эсрэг, нэг бол их халирхай бодлоготой хүмүүс таардаг юм. Үе үеийн Боловсролын сайд бол монгол бичгийг дэлгэрүүлэх бодлогыг популист утгаар үл дэмжигчид байсан. Сайд нь тийм байхаар  сургууль дээрх багшийн сэтгэлзүй монгол бичгийн хичээлийг заах дургүй талдаа. Багш нар нь дурамжхан учраас хүүхдүүдийн сурах идэвх тааруу талдаа. Одоо цаашид шалгалт шүүлэг авна гэхээр энэ нь жаахан засарч магадгүй юм. Яамнаас нь за яах вэ, та нар заавал за гэсэн байдлаар хандахаар ямар багш л улайраад л зүтгэх вэ дээ. Багш нь хүчлэхгүй болохоор хүүхдүүд нь тангад ном сурах гэж байгаа аятай л халирамхай яваад байна гэж би таадаг юм. Тэгэхээр гуравт, үндэсний бичгээ сурах, түгээн дэлгэрүүлэхэд монгол хүн бүр зүтгэл гаргахаас гадна боловсролын сайд, багш, сурагч гурав хандлагаа өөрчлөх хэрэгтэй.  Энийг жаахан засах, өөрчлөхөд Ерөнхийлөгчийн зарлиг, саяын хууль жаахан нэмэр болох байх.
-Ер нь энэ хуулийг эсэргүүцэгчид нэлээн бий. УИХ-ын гишүүн хүртэл баталсан хуулиа  “энэ хэрэгжихгүй ээ” гэж бүр ил тод хэлж байна лээ
-Тийм үү. Тэгвэл тэр гишүүн чинь  хууль биелүүлдэггүй нөгөө долоон нөхрийн нэг ч байж магадгүй. Ганц нэг хувь хүмүүсээс гадна зарим хэвлэл хүртэл энэ хуулийг, монгол бичгийг их хүчтэй эсэргүүцэж харагдсан. Тэдэн дунд нь  соёлын гавьяат зүтгэлтэн хүн ч байх шиг. Өөрөөр хэлбэл, төр соёрхсон Соёлын гавьяат нь соёлоо эсэргүүцэж байна ч гэх юм уу. Би мэдэхгүй юм чинь тийм юм байх ёсгүй гэж асуудалд хандаж болохгүй. Эсвэл тэрүүгээр яах юм бэ, болоод л байна ш дээ гэж хоног төөрсөн бодол энд хэрэггүй. Сайн юманд садаа мунддаггүй учраас энэ байтугай эсэргүүцэл байхыг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь  төр бодлого гаргасан бол тэрийгээ албадан хэрэгжүүлэх ёстой. Хуулийн хүч бол батлахдаа биш. Хуулийн хүч бол хэрэгжүүлэхдээ байдаг юм. Хууль бол төрийн өөрийнх нь ном сургааль. Тийм учраас энэ ном сургаалиа хэрэгжүлдэг ухаан төрд өөрт нь байх ёстой. Хуулийг хэрэгжүүлээгүйн төлөө хэрэгжүүлэх ёстой албан тушаалтнуудтай нь хариуцлага тооцдог, хэрэгжүүлэх үүрэгтэй хүмүүсийнхээ “халаас”-тай нь ярьдаг гэх мэт аргууд аль ч нийгэмд байдаг.
- Монгол хэлний тухай хуулийн төсөл дээр таны оролцоо байсан уу. Зөвөлгөө өгөх, ажлын хэсэгт орох гэх байдлаар оролцоо байсан уу
-Байхгүй ээ. Би энэ хуулийг эчнээгээр дэмжиж байсан. Хэрэг дээрээ орсон байлаа гэхэд миний үгийг авах ч юм уу, үгүй ч юмуу, мэдэхгүй. Жишээ нь, орсон байлаа гэхэд засаг мэдэх ёстой хяналтыг Ерөнхийлөгч дээр овооллоо гэж би эсэргүүцнэ. Тэгэхдээ л би энэ хуулийг талархан хүлээж авч байгаа. Харин хөгийн нь, зарим хүн үндэснийхээ бичгийг сурахгүй, хэрэггүй гэх маягтай маргаад байх шиг байгаа юм. Тэр нь мэдээж цөөхөн байх л даа. Бас үеэ элээсэн эд ч гэв үү дээ. Энэ нөхдийг эрүүл үү, эрүүл бус уу гэж яривал таарна.
-Шинэ бичгийг, крилл бичгийг дэмжих хороо гэж байгааууллага эсэргүүцсэн л дээ
-Тийм хороо байж болохыг үгүйсгэхгүй. Нээлттэй нийгэм шүү дээ. Энэ хорооны улс өөрсдийгөө ухаантай гэж үзэж байгаа юм. Ухаантай улс чинь өөрийнхөө үзэл бодлыг нийгэмд тулгах ёсгүй л дээ. Үнэнийг гагцхүү өөрсдөө эзэмшиж байгаа мэтээр манийх үнэн, бусдынх худлаа гэдэг бол ухаантайн шинж биш. Хэрвээ ухаантай л юм бол нийгэмд үзэл бодлоо тулгах ёсгүй. Бас энэ улсын иргэн мөн л юм бол төр нь бодлогоо гаргаж байхад тэр бодлогыг хэрэгжих ёстой гэж үздэг байх ёстой. Хэрвээ буруу хууль гарлаа, буруу заалт орлоо гэж үзэж байгаа бол хуулийн хүрээнд асуудлаа тавьж, хуулийн хүрээний аргаа  ашиглах л ёстой. Одоо чинь сүүлийн үед очиж жагсаад л, эсвэл би хоол идэхгүй гээд суучихдаг болж. Тэгж болохгүй л дээ. Хүн солиотой зүүдэлж болно. Харин тэр солиотой зүүдээ хорвоогийн үнэн гэж бат нот боддог, тэрийгээ бусаддаа тулгадаг хүнийг юу гэх вэ.
-Энэ хуулийн нууц ноёнтон нь Гомбосүрэн, ийм муухай хууль батлууллаа гэсэн байна лээ.
-Тэдний нүдээр л муухай болохоос энэ бол Монголыг монголоор нь авч үлдэх хууль. Одоо манайхан монгол дээлээ өмсцгөөе гээд овоо газар аваад байх шиг байна. Тэгвэл монгол бичгээ хэрэглэцгээе гэдэг бол энэтэй чинь л утга дүйх юм шүү дээ. Хэрвээ энэ хууль дээр нууц ноёнтон гэж байгаа бол их эрдэмтэн Ренчин, Чой.Лувсанжав гэж мэргэдийн сүнс л байгаа байх. Өнөөдөр ийм бодлогыг явуулах гээд байгаа тархины эргүүлгийг зөв залж байгаа нь тэдгээр их мэргэдийн сүнс л байх.
-Гэхдээ та крилл үсгийг үгүйсгэхгүй биз дээ
-Би бол хорвоог таньж мэдсэн шинэ үсгийг ад үзэхгүй л дээ. Монгол нүүр царайгаа л эргэж олъё гэж байгаа юм. Монгол бичгээр бичсэн сургааль ном цөөхөн, хамаг нь шинэ бичиг дээр байгаа. Бид крилл үсгийг үгйсгэж ерөөсөө болохгүй. Энэ бол хуучин ЗХУ-ын дарлал мөлжлөг, шахалт ч биш. Бид нар л өөрсдөө энэ үсэг рүү шургаж орсон. Шургаж орсны хүчинд улсныхаа тусгаар тогтнолыг зохих хэмжээнд хадгалж явсаар 1990 онтой золгосон.  Өнөөдрийн соёл иргэншил, боловсрол, хөгжилд хүрэхэд крилл үсэг үгүйсгэхийн аргагүй түүхэн үүрэг гүйцэтгэсэн.
Бид чинь 1990 он хүртэл үндсэндээ эрлийзсэн явлаа. Толгой, тархи нь. Тэрхүү эрлийзээ л гаргах тухай яриад байгаа юм шүү дээ. Саяын ярьдаг, крилл үсгийг хамгаалах хорооныхон бол эргэлт буцалтгүй эрлийзсэн, бүр хурлийзсан ардууд байна. Тэрэндээ хэт автаад өөрийнхөө л түмэн зөв гэж үзээд үндэснийхээ бичиг соёлыг ангийн дайсан мэт ад үзэж байгаа бололтой юм. Тэд бол эрлийз буюу эргүү нь гарахгүй ардууд байна. Би өөрийгөө эрлийзсэн этгээд гэдгээ мэдэж байгаа. Гэхдээ энэ эргүүнээсээ гарах ёстой гэдгээ ч ойлгож яваа нөхөр. Над шиг хүн цөөхөн биш  гэдэгт итгэдэг. Хэрвээ бид нар энэ эрлийзээсээ гарахгүй бол, дээр нь энэ эрчтэй даяаршил нэмэгдвэл юун хурлийз. Үхрээр бол бүр ортоом болно биз дээ. Хамгийн гол нь эрлийзснийхээ цаана буй коммунист сэтгэлгээ, коммунист суртлаасаа салах ёстой юм. Бидний салах гээд байгаа коммунист сэтгэлгээг тээж ирсэн нь шинэ буюу крилл үсэг. Үндэснийхээ бичигт шилжинэ гэдэг нь крилл бичгээ таягдан хаях гэж байгаа хэрэг биш шүү дээ. Таягдан хаях юм нь коммунист сэтгэлгээ л байх.
-Үндэсний хэлээ хамгаалсан бодлогогүйгээс хэл нь мөхсөн, хэлнээсээ болоод үндэстэн нь мөхсөн жишээ байдаг уу
-Тарчихсан, үндэстэн ястан байтугай, улс гэх газаргүй болчихсон ардууд буцаж үндэстнээ байгуулаад, алга болчихсон бичгээ эргэж  сэргээгээд өнөөдөр дэлхийн хөгжлийг хошуучлагчдын тоонд орж яваа улс гэвэл жишээ нь Израйль л даа. Нутаг дэвсгэргүй болчихсон, хорвоогоор нэг тарчихсан явсныг нь их гүрнүүд ойлгоод нутаг зааж өгсөн. Тэд хэрвээ улс юм бол үндэсний бичгээ сэргээнэ гээд 100 жил хэрэглээгүй бичгээ буцааж аваад өнөөдөр ийм өндөрлөгт хүрч явна.
-Еврей нар ч айхтар л даа
-Еврей нарыг ухаантай л гэдэг. Гэхдээ бид еврей нарт яаж хүрэхэв дээ гээд өөрсдийгөө хаяанд, үнсэнд хаясан шалз мэт байгаад байж болохгүй. Үгүй яасан, нөгөө дэлхийн талыг эзэлж байсан, хорвоог донсолгож явсан  түүх маань. Зуун жил битгий хэл, саяхан орхисон бичгээ сэргээгээд явахад болохгүй, бүтэхгүй зүйл ерөөсөө байхгүй.


Thursday, October 8, 2015

Монгол хэлэнд орсон санскрит үгийг судалсан монголын эрдэмтдийн судалгаа


Эх сурвалж: http://www.khelzokhiol.mn/

О.Самбуудорж

Товч агуулга. Энэ өгүүлэлд монгол хэлэнд орсон санскрит үгийг судалсан монголын эрдэмтдийн судалгааг цаг хугацааны хувьд түрүү үе, дараа үе, одоо үе гэж гурван үед хувааж, эхний хоёр үеийн эрдэмтдийн судалгааг өгүүлэх болно. Монгол хэлэнд орсон санскрит үг, хэллэгийг судлах нь монгол - энэтхэгийн соёлын холбоо, монгол хэлний үгийн сангийн бүрэлдэхүүн, үгийн утга, гарлыг судлахад ихээхэн ач холбогдолтой байгаа юм.
Түлхүүр үгс. Монгол судлал, санскрит хэл, санскрит үг, галиг, хэл зохиол, билиг барамид
1. Удиртгал. Монгол - энэтхэг нь эртний соёлын харилцаатай ард түмэн билээ. Үүнийг эртний энэтхэгт үүссэн бурхны шашин, гүн ухаан, анагаах ухаан, хэл, уран зохиол зэрэг их, бага таван ухааны монголд нөлөөлсөн нөлөө, түүгээр дамжин монгол бичгийн болон ардын ярианы хэлэнд орсон олон арван санскрит үг хэллэг гэрчилж байдаг. Монголын эрдэмтэн Аюуш гүүш 1587 онд санскрит, төвд, хятад зэрэг дорно дахины хэлнээс монгол хэлэнд орж ирж байгаа үгийг янз бүрээр бичиж буйг нэгдсэн журмаар бичих галиг үсгийг боловсруулсан байна. Энэ галиг нь санскритын үндсэн тавин үсэг төдийгүй, 1212 нийлмэл үсгийг галиглан бичихэд зориулагдсан байдаг (26). Нэрт эрдэмтэн Зая бандида Намхайжамц 1648 онд монгол бичгийн хэл болон ардын ярианы хэлэнд гарсан хувьсал өөрчлөлийг анхаарч бичиг үсгийн шинэчлэл хийж тод монгол үсгийг (Clear script) зохиохдоо санскрит, төвд зэрэг хэлний үгийг монгол хэлээр хэрхэн бичих галиг үсгийг бас боловсруулжээ (6, 14). Ийнхүү эрдэмтэд галиг үсэг боловсруулсан нь монгол хэлэнд санскрит, төвд, хятад зэрэг дорно дахины хэлний үг ихээр орж ирж байсныг харуулах жишээ болдог. Энд дурдаж буй "галиг" (transliteration) – мөн энэ үгээс "галиглах" (to transcribe phonetically) гэсэн үйл үг бас үүсчээ – хэмээх үгийг санкрит хэлнээс монгол хэлэнд орсон үг гэдэг. Өөрөөр хэлбэл санскрит цагаан толгойн эгшиг ба гийгүүлэгчийн аймгийн "али, гали" хэмээх эхний хоёр үсгийн нэр гэдэг байна (26). Ийнхүү харь хэлнээс монгол хэлэнд орж ирж буй үгийг тэмдэглэх үсгийн нэр болох "галиг" хэмээх үг санскрит хэлтэй холбоотой монгол хэлэнд бий болсон байна.
Бид энэ өгүүлэлд монгол хэлэнд орсон санскрит үг, хэллэгийг судалсан монголын эрдэмтдийн судалгааг түрүү үе, дараа үе, одоо үе гэж гурван үед хувааж, эхний хоёр үеийн эрдэмтдийн судалгааны талаар өгүүлэх болно. Учир нь эхний хоёр үеийн эрдэмтэд монгол хэлэнд санскрит хэлний үгс орсон шалтгаан, соёлын учир холбогдол, үгсийн утга, бүрэлдэхүүнийн талаар нэлээд тодорхой өгүүлсэн байна.
2. Түрүү үеийн эрдэмтдийн судалгаа. Энэ үед 20-р зууны 30-аад оноос 1980-аад он хүртэл бүтээлээ туурвиж байсан Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан, А.Лувсандэндэв зэрэг эрдэмтдийн судалгааг хамруулж болно. Эдгээр эрдэмтэд монголын соёл, шинжлэх ухааны талаар гайхамшигтай олон бүтээл туурвисан бөгөөд монголын уламжлалт соёлыг орчин үеийн шинжлэх ухааны онол, арга зүйтэй холбон судалснаараа ихээхэн өвөрмөц байдаг. Тэд энэтхэгийн соёл, олон зүйл ухаан монголчуудад нөлөөлсөн байдал, энэ соёл, ухааныг монголчууд өөрсдөө мөн хэрхэн ухаарч хүлээж авсан, монгол нутагт хэрхэн идээшүүлж зохицуулсан зэргийг анхааран судалсан байна.
Тухайн эрдэмтэд монгол хэлэнд орсон санскрит үг хэллэгийг тусгайлан судалж өгүүлснээс гадна, судалгааны бүтээлүүд дотроо санскрит үг, хэллэгийн учир зүй, утгын талаар олонтоо өгүүлжээ. Мөн санскрит судлалаар судлаачид бэлтгэхэд анхаарсан байна. Санскритын уран зохиолыг орчуулагч Ж.Бадраа (20), Ж. Гэндэндарам (10,29), хамба лам Х.Гаадан (2) нарыг Б.Ринчений шавь, санскрит, төвд, монголын уран зохиолын харилцаа холбоог судлагч эрдэмтэн Д.Ёндон (5,41), Л.Хүрэлбаатар (23,24,25,36) нарыг Ц.Дамдинсүрэнгийн шавь, хэл шинжлэлч эрдэмтэн Д.Төмөртогоог (22,40) Ш.Лувсанвандангийн шавь, монгол хэлэнд орсон санскрит үгийн утгыг судлагч, орчуулагч О.Сүхбаатарыг (16,17,18,19) А.Лувсандэндэв, Ш.Бира (1,30) нарын шавь гэдэг.
2.1. Эрдэмтэн Б.Ринчен (1905-1977). Академич Б.Ринчений санскрит судлалаар бичсэн бүтээлүүд гэвэл "Sanskrit in Mongolia" (37), "Unknown Indian Translator of Vikramaditya Tales into Mongolian in the 17th Century" (38) зэрэг өгүүлэл, энэтхэгт аялсан тухайгаа бичсэн"Өмнө этгээд зорчсон тэмдэглэл" (11), түүнчлэн Калидасагийн "Үүлэн зардас" (9) хэмээх эртний энэтхэгийн яруу найргийг англи хэлнээс монгол хэлэнд орчуулсан зэрэг юм.
Их эрдэмтэн Б.Ринчен эртний энэтхэгийн алдартай яруу найраг "Үүлэн зардас"-ыг монгол хэлээр орчуулж хэвлэхдээ түүний оршилд Энэтхэг - монголын соёлын харилцаатай холбоотой олон зүйлийг өгүүлсэн байна. Монголчууд энэхүү алдартай зохиолтой лавтайяа 14-р зуунаас танилцаж ирсэн, тэгээд Данжуурын монгол ботид байдаг "Үүлэн зардас"-ын орчуулгыг дахиж хэвээр нь, бас өөрөө англи хэлнээс орчуулан хэвлэж байна. Мөн энэхүү зохиолыг одоо Эрдэнипил хамба төвд хэлнээс, Сагаржав гуай хятад хэлнээс орчуулаад байна гэсэн байна.
Түүнчлэн энэ оршилд "Энэтхэгийн эртний бичгийн хэлийг монголчууд өрнө дахинд санскритын судлал бий болохоос хол өмнө судласаар ирсэн баримт олон гарна" (9) гэжээ. Мөн орчин цагийн монгол хэлний зарим зүйр цэцэн үгийг энэтхэгийн соёлтой холбоотой болохыг өгүүлсэн байна. "Найман Намсрай шиг баян" (He is a reach as eight Namsarai) гэдэг зүйр цэцэн үгийн утга гарлыг "Монгол бичигт Намсрайг (Хилэнт эзэн), бас Энэтхэгээр нь Гүвираа гэдэг бөгөөд ардын аман зохиолд Найман Намсрай шиг баян гэж хэлэлцдэг зүйр үг бол Энэтхэгийн домог судлалд (оросоор мифология) Гүвирааг умар зүгийг эзлэгч баялгийн эзэн гэдгээс үндэслэжээ" (9) гэж уг зүйр үгийн гарал үүслийг тайлбарласан байна.
Мөн олон бүтээлдээ монгол хэлэнд орсон санскрит үг хэллэгийн талаар өгүүлжээ. "Монгол бичгийн хэлний хэлзүй (Дэд дэвтэр)" гэдэг бүтээлдээ санскрит хэлний "раажа" гэдэг үгийг монголчууд "ранза" гэж дуудах болсон нь монгол бичгийн бичлэгээс болсон үзэгдэл. Учир нь монгол бичигт "а" эгшгийн дараа дахин "a" бичвэл түүнийг санскрит хэл мэдэхгүй энгийн хүмүүс "n" үсгээр унших нь бий. Тэгээд "махараджа" гэж орос ном зохиолд гардаг "их хаан" хэмээсэн үгийг монголчууд "махаранза" гэж дуудах заншил бий болсон гэжээ (13). Түүнчлэн монгол хэлний "мэд-" (to know) гэдэг үгийг санскрит хэлний "véda" гэдэг үгтэй гарал нэг гэж бичсэн байна (13).
Мөн "Монгол бичгийн хэлний зүй (Тэргүүн дэвтэр)" номынхоо 99-104-р талд "Энэтхэгийн арван зургаан эгшиг хийгээд гучин дөрвөн гийгүүлэгч үсүгүүд гишүүнлүгээ сэлт оршива" гэдэг монгол цагаан толгойн тухай дэлгэрэнгүй өгүүлжээ. Үүнд, "Энэтхэг, төвд үсгээр бичсэн зүйлийг Аюуш гүүшийн галигаар тэмдэглэх нь европын латин галигаар тэмдэглэхлүгээ ширхэгийн ч зөрөөгүйг үзэхэд сонин бөгөөд монголчуудын энэтхэгийн судлал, төвдийн судлал тухайн үед өндөр байсныг гэрчлэн үзүүлж, арван зургадугаар зууны үеийн хэлний шинжлэлтэн Аюуш гүүш европ нөхдөөсөө бараг хоёр зуугаад жилийн өмнө тэдний галиглах зарчмыг монгол үсэгтээ хэрэглэсэн байнам" (12) гэж үнэлсэн байна.
2.2. Эрдэмтэн Ц.Дамдинсүрэн (1908-1986). Академич Ц.Дамдинсүрэн энэтхэг, монголын соёлын харилцаатай холбоотой олон бүтээл туурвижээ. Түүний заримаас өгүүлбэл "Рамяана монголд дэлгэрсэн нь (Ramayan in Mongolia)" (4,35), Дандины "Зохист аялгууны толь" (32) "Shambala, a happy land of legends" (33), "Several words of Tantrism" (34) зэрэг бүтээлүүд болно.
Эрдэмтэн Ц.Дамдинсүрэн "Монгол хэлэнд орсон төвд үгс" гэдэг бүтээлдээ монгол хэлэнд орсон санскрит үгсийн соёлын учир холбогдлыг өгүүлээд санскрит үгсийг төвд хэлний болон сонгодог монгол болон шинэ бичгийн хэлтэй харьцуулж утгыг нь орос хэлээр орчуулсан байна. Монголчууд бурхны шашны номыг төвд хэлнээс орчуулахдаа төвд нэрийн оронд санскрит үгийг авч байсан гэжээ. Тухайлбал, "Монголын хаад нь орчуулагч нарт туслахын тулд Энэтхэг орноос самгарди хэлний мэргэжилтэн багш нарыг урин ирүүлж монгол сэхээтэн, орчуулагчид самгарди хэлийг чармайн суралцаж, зарим нь монголчуудыг сургахад зориулан самгарди хэлний зүй, сурах бичиг зэргийг зохиож байсан байна. Ингээд XIV зууны орчмоос монгол хэлэнд самгарди нэр томьёо маш олноор нэвтэрч орсон байна. Үүний зарим жишээг үзүүлье:
Санскрид хэл. ḳsaṇa Санскрид хэл. sūtra
Төвд хэл. skadcig Төвд хэл. mdo
Монгол бичиг. gšan Монгол бичиг. sudur
Халх монгол. агшин (мгновение) Халх монгол. судар (книга) (3) гэж харьцуулан бичсэн байна.
Одоо мартагдаж буй санскрит үгийн тухай "Долоон гаригийн нэрийг урьд самгарди хэлээр авч хэрэглэсэн боловч мөн гаригуудын төвд нэр нь ярианы хэлээр дамжиж бичгийн хэлэнд ороод уг самгарди нэрийг бичгийн хэлнээс шахан гаргаж байна" (3) гэжээ. Мартагдсан болон монгол хэлэнд хэвшээгүй зарим нэр томьёоны тухай өгүүлэхдээ "Самгарди хэлний наёд, колти зэрэг тооны үгийг урьд XIV зууны үед монгол хэлэнд зээлдэн авсан боловч тэр нь олонд дэлгэрэн хэрэглэгдэж чадаагүй" (3) гэжээ.
Тэрбээр энэ өгүүлэлдээ уйгар, төвд, санскрит хэлнээс монгол хэлэнд орсон үгсийг толь болгон жагсаан бичихдээ 60 гаруй санскрит үгийг хамруулсан байна. Монгол хэлэнд орсон санскрит үгийг санскрит үг, түүнтэй утга тохирох төвд үг, монгол бичгийн болон кирилл бичгийн хэлээр бичээд хаалт дотор утгыг нь орос хэлээр орчуулсан байна. Жишээ нь:
"Санскрит. abhiṣeka Санскрит. abhayāsa
Төвд. dbang Төвд. vāsanā
Уйгар-Монгол. abisiɣ Монгол. abiyas
Халх. авшиг (посвящение) Халх. авьяас (способность)..." (3) гэх мэт.
Эрдэмтэн Ц.Дамдинсүрэн шинжлэх ухааны нээлтийн чанартай бүтээл болох "Рамаяна монголд дэлгэрсэн нь" бүтээлээ монгол, энэтхэгийн соёлын холбоо, монгол хэлэнд орсон санскрит үг хэллэгийн учир зүйд бүхэлдээ зориулсан байна. Энэ бүтээл энэтэхэгийн алдарт тууль Рамаяна монгол оронд тархсаныг шинжлэх ухааны талаас нээн илрүүлсэн бүтээл бөгөөд монгол, энэтхэг туульсын харилцан нөлөөлөл, монгол ардын үлгэрийн өгүүлэмжийг судлахад онолын судалгааны хэрэглэгдэхүүн болж байгаа юм. Мангасын дүрийг монгол, энэтхэг туульсын нийтлэг дүр гэж болно. Рамаянын туульсын тухай Ц.Дамдинсүрэн багш бичихдээ "Рамаянын хуучирдаггүйн шалтгаан нь түүний яруу сайхан хэлээр баатар зориг, бат найрамдал, үнэн янаг сэтгэлийг магтан дуулсан явдалд л байх шиг байна. Энэ найраглал одоогийн уншигч, сонсогч, үзэгч нарын сэтгэлийг урьд мянга мянган жил долгилуулсаар ирсний адил долгилуулан хөдөлгөсөөр байна" (4:6) гэж магтан өгүүлсэн байна.
Энэ бүтээл нь монгол хэлэнд орсон санскрит үгсийн оноосон нэрийг судлахад ихээхэн ач холбогдолтой юм. Зохиогч өөрөө ч "Оноосон нэрийн орчуулга" гэсэн тусгай хэсгийг бичжээ. Тэрээр "Санскрит хэлний оноосон нэрийг төвд хэлэнд утгачилан орчуулах явдал төвд ном сударт эрт цагаас журам болж тогтсон байна. Төвд хэлнээс номыг монгол хэлэнд орчуулахдаа мөн оноосон нэрийг хааяа утгачлан орчуулах ба ихэнхдээ уг санскрит нэрийг сэргээн бичих заншил тогтсон байна" (4:65) гэжээ. Жишээ нь:
"са. ашока,
тө. bza' shing,
мо. ашока.
са. сиддха,
тө. dngos grub,
мо. шиди..." (4:67) гэх мэт.
2.3. Эрдэмтэн Ш.Лувсанвандан (1910-1983). Академич Ш.Лувсанвандан эртний энэтхэгийн гүн ухаан, Панины хэлзүйн талаар өөрийн бүтээлдээ олонтоо өгүүлсэн билээ. Энэтхэгийн гүн ухаантан Нагаржунын "дундад үзэл" (Madhyamika) -ийг тайлбарлах явцдаа санскрит хэлний олон үг хэллэгийн утгын талаар өгүүлсэн байна. Жишээ нь, "Энэтхэгийн хэлээр "праджна парамита" гэсэн үгийг монгол бичгийн хэлээр "билиг-үн чинаду хязгаараа хүрэгсэн", "билиг барамида" гэж орчуулсаар иржээ. Энэтхэгээр праджна гэсэн нь "пра" гэж энэтхэг-европын хэлний "анхны, эхний, дээд" гэсэн утгатай угтвар, "джна" гэж орос хэлний "знать, знание" гэсэн үгстэй язгуур нэгтэй үг хоёроос бүрэлдсэн үүсмэл үг. Парамита гэсэн нь "парам" гэж мөн энэтхэг-европын хэлний "нөгөө этгээд, нөгөө эрэг" гэсэн утгатай, "ита" гэж "хүрсэн" утгатай хоёр үгээс бүрэлдсэн мөн үүсмэл үг болно. ...Гэвч монгол энэтхэг хоёр үгийг хольж товчхоноор "билиг барамид" гэж хэлж заншсан байна" (7) гэж тухайн үгсийн утгыг нарийн тайлбарласан байна.
Мөн энэ бүтээлд "...Дундад үзлийн ёсонд аливаа юм үзэгдлийн эсрэг тэсрэг хоёр талыг илбийн бие (мая) буюу өнгө бие (рунам), хувилгаан бие (нирмана-кая), сансар, инагуухь бие (самврти-сатья) гэх мэтээр нэрлэж, уул эсрэг хоёр талын нэгдлийг хоосон чанар (шуньтя), номын бие (дарма-кая), нирван (нирвана), үнэмлэхүй үнэн (парамарта-сатья) гэж янз бүрээр нэрлэдэг байна" (7) гэж энэтхэгийн гүн ухааны ойлголтыг тэмдэглэсэн олон үг хэллэгийн учир үалтгааныг тайлбарлажээ.
Их эрдэмтэн Ш.Лувсандандан Панины хэлзүйг судалгаандаа ашиглаж байв. Ш.Лувсанвандан багшийн Нагаржунагийн онолд дулдуйдан бичсэн "Фонемийн онолын тухай асуудалд" зэрэг олон өгүүллийг эрдэмтэд хэл шинжлэлд нээлт болсон бүтээл гэж дүгнэсэн билээ (15).
2.4. Эрдэмтэн А.Лувсандэндэв (1927-997). Нэрт эрдэмтэн А.Лувсандэндэвийн санскрит судлалаар туурвисан бүтээлүүдээс хамгийн алдартай нь түүний орос хэлээр бичсэн "Санскритизмы в диалектах монгольского языка (Монгол ярианы хэл, нутгийн аялгуунд орсон санскрит үгс)" өгүүлэл юм.
Энэ өгүүлэлдээ санскрит хэлнээс монгол хэлэнд орсон үгсийг утгаар нь "гаригийн нэрс, ургамлын нэрс, эрдэс баялгийн нэр томьёо, газар усны нэр, өргөн хэрэглээний үгс, домгийн ойлголтын нэрс, шашин-тахилын нэр томьёо, хүний нэрс" гэж 8 ангид хувааж, анги бүхэнд санскрит үгсийг монголчуудын ярианы хэлэнд хэрхэн дууддаг, монгол бичгийн хэлэнд яаж бичдэг, мөн санскрит бичлэг болон санскрит үгийн утгыг орос хэлээр орчуулжээ. Тухайлбал, "Өргөн хэрэглээний үгс: на. (Нутгийн аялгуу). агшин, мо. (Монгол бичиг). ɣšen, санс. (Санскрит). ksana "түр зуур, хоромхон зуур"., на. эрдэнэ, мо. erdeni, санс. ratna "үнэт зүйл"., на. дагшин, мо. daɣšin, санс. daksinā "ариун, зөв тал"., на. зандалчин, мо. jandalčin, санс. candāla "дээрмчин, алуурчин", на. шарил, мо. šaril, санс. śarira "шарил, чандар"., на. лав, мо. lab, санс. labhā "үнэн, яг"., на. хумх, мо. qumqa, санс. kubhaka "жижигхэн домбо" (8) гэх мэтээр жагсаан бичсэн байна.
Эрдэмтэн А.Лувсандэндэв монгол хэлэнд орсон санскрит үгсийн хэлбэрийг ажиглаж зарим үгсийг согд, уйгараар дамжин орж ирсэн гэж үзжээ. Түүнчлэн 1305 онд Чойжи-Одсэрийн орчуулсан Bodhicaryāvatāra -гийн орчуулгын төгсгөлийн үгэнд дурдсанаар "Түүгээр ч үл барам Чойжи-Одсэр бүхэл бүтэн тогтолцоотой санскрит ба санскритаас хуулбарласан нэр томьёог хэрэглэжээ" (8) гэж дүгнэсэн байна.
Монголын феодалын нийгмийн шашин, төрийг хослон барих ёс бүрэлдэн тогтоход энэтхэгийн соёлын нөлөө, монголд байсан энэтхэг лам нар их үүрэг гүйцэтгэсэн гэжээ (8).
3. Дараа үеийн эрдэмтдийн судалгаа. Энэ үеийн эрдэмтдийн судалгааг ихэнхдээ өмнөх үеийн эрдэмтдийн шавь нарын судалгаа гэж болно. Цаг хугацааны хувьд 1970-аад оноос хойш судалгааны бүтээл туурвисан судлаачид байдаг. Тухайн үеийн эрдэмтэд өмнөх үеийн эрдэмтдийн судалгааг үргэлжлүүлснээс гадна монгол хэлэнд орсон санскрит үг хэллэгийн утга, дуудлага, бичлэгийг анхааран судалсан байна.
3.1. Эрдэмтэн Д.Төмөртогоо (1938-). Академич Д.Төмөртогоо олон бүтээлдээ санскрит үг хэллэгийг жишээ татан дурдсан бөгөөд "XIII-XIV зууны монгол бичгийн дурсгал дахь самгард үгсийн бичлэгийн онцлог" гэсэн судалгааны өгүүллийг бичжээ. Энэ өгүүлэлдээ "XIII-XIV зууны монгол бичгийн дурсгалд тохиолдож буй самгард гаралтай үгсийн бичлэгийн байдлыг ажиглан үзвэл:
1. Эх хэлнийхээ онцлогийг хадгалсан үгс
2. Монгол хэлний хэвшлийг олсон үгс гэж хоёр үндсэн хэсэгт хуваан үзэж болмоор байна." (22) гэжээ. Тэгээд эх хэлнийхээ онцлогийг хадгалсан үгсийн талаар "Бидний бодоход XIII-XIV зууны монгол бичгийн хэлэнд дөнгөж шинэ тутам орж ирээд байсан аман ярианы хэлэнд хэвшиж амжаагүй байсан үгсийг тийнхүү эх хэлнийх нь онцлогийг аль болохоор харгалзан бичиж байсан бололтой" (22) гэсэн байна. Ийм үгэнд авианы талаар онцын өөрчлөлт байдаггүйг дурдаад "Харин самгард хэлний үгийн эцсийн –a -г их төлөв –i -гээр буулган бичжээ.
Мо. anandati (12jok.) <Са. ānandita
Мо. badmi (12jok. 31a) <Са. padmā ..." (22) гэх мэтээр өгүүлсэн байна.
Түүнчлэн монгол хэлний хэвшлийг олсон үгс нь "...зөвхөн бичгийн хэлээр барахгүй, бас аман ярианы хэлэнд нэвтрэн орсон үгс юм." (22) гэжээ. Монгол хэлэнд орсон санскрит үгсийн авианы хувиллыг "-a-гаас –i болж хувирсан нь, -e-гээс –i болж хувирсан нь, u-гаас a болж хувирсан нь..." гэх мэтээр өгүүлээд зохих жишээг хавсаргажээ. Жишээ нь: "-dh-ээс –d болсон нь:
Мо. boddi (12 jok. 3a.2) <Са. boddhi
Мо. diyan (12 jok. 4a.16) <Са. dhyana
Мо. maɣada (12 jok. 32a) <Са. magadha
Мо. ɣandarvis (BA. 161b.10) <Са. gandharva" (21) гэх мэт.
3.2. Эрдэмтэн Л.Хүрэлбаатар (1945-2010). Эрдэмтэн Л.Хүрэлбаатар энэтхэг, төвд, монголын уран зохиолын харилцаа холбооны талаар олон бүтээл туурвиж "Монгол хэлэнд орсон санскрит үг" гэсэн тусгай өгүүллийг бичжээ. Монгол хэлэнд орсон санскрит үгсийн тухай өгүүлэхдээ 1. Санскритээс зээлдсэн үгийн он цагийн асуудалд 2. Санскритээс зээлдсэн үгийн бүрэлдэхүүн 3. Санскрит үгийг зээлэх болсон шалтгаан 4. Санскрит үгийн хэрэглэгдэх байдал 5. Санскритээс монгол хэлэнд шингэсэн үгсийн авианзүйн тогтолцоо гэсэн хэсэгт хуваан бичсэн байна.
Эхний хэсэгт "Монгол бичгийн хэлэнд нэвтэрсэн санскрит үгсийн он цагийг бүрэлдэхүүний байдал, бичлэгийн онцлогоор нь XIV зуун ба түүнээс өмнөх нэн эртний үе, Аюуш гүүшийн галиг гарснаас хойшхи сонгодог монгол бичгийн үе гэж ялган үзэж болно" (23) гэж тэдгээрийн шалтгааныг тайлбарласан байна.
Санскритээс зээлдсэн үгийн бүрэлдэхүүнийг "Ном соёлын зүйлийн нэр, одон гариг галав ертөнцийн нэрс, эрдэнийн чулуулгийн нэрс, амьтан ургамлын нэрс, буддын гүн ухааны зарим хийсвэр нэр томьёо, бурханы шашин түүний ахуй амьдралтай холбоотой нэвтэрсэн үгс, домгийн тэнгэр бурхан, ад тамын нэрс" (23) гэсэн утгын ангид хуваагаад санскрит үгсийн жишээг жагсаажээ.
Энэ судалгаагаа "Нэгд, монголд бурхны шашин түрүү үед дэлгэрч байсан цагаас нэвтэрч эхэлсэн санскрит үгс нь дундад эртний монгол бичгийн хэлний (XIII-XIV зууны) дурсгалд бат тогтвортой хэвшин хэрэглэгдэж байжээ. Хоёрт, нэгэнт монгол хэлэнд нэвтэрсэн санскрит үг нь тухайн хэлний авианзүйн тогтолцоонд бүрэн орж улмаар монгол хэлний үгсийн санг баяжуулан чадваржуулж байна" (23) гэж дүгнэжээ.
Түүнчлэн "Зарим эмийн ургамлын нэр томьёо" гэдэг өгүүлэлдээ монголчуудын 1742 онд зохиосон "Мэргэд гарахын орон" (mKhas pa'i 'byung dnas) гэдэг журамлах тольд орсон санскрит, төвд, монгол эмийн ургамлын нэрсийн учир шалтгааныг өгүүлсэн байна. Тухайлбал, санскрит хэлний tikta хэмээх үгийг монгол хэлээр "гашуун" гэж орчуулалгүй санскрит хэлээр нь "дэгд" гэж авсан нь монголын олон гашуун ургамалтай андуурахтай холбоотой байсан учир орчуулаагүй авсан нь оновчтой болсон байна (24) гэж үзсэн байна.
3.3. Эрдэмтэн О.Сүхбаатар (1945-2005). Утга судлаач, толь зүйч эрдэмтэн О.Сүхбаатар монгол хэлэнд орсон санскрит үгийн талаар хэд хэдэн өгүүлэл, ганц сэдэвт зохиолыг бичиж, санскрит зэрэг дорно дахины хэлнээс монгол хэлэнд орсон үгсийн "Харь хэлний үгийн толь"-ийг зохиосон байна. Эрдэмтэн О.Сүхбаатар "Монголжсон санскрит үгс" гэдэг өгүүллээ монгол хэлэнд орсон санскрит үгсийг утгаар нь зүйл хуваан өгүүлснээс гадна, санскрит хэлнээс орчуулан монгол хэлээр нэр томьёо тогтоож байсныг өгүүлжээ. Тухайлбал монгол хэлний сансрын орон зайг нэрлэх "огторгуй" буюу < "огт, оргүй" гэсэн бүтэцтэй гэдэг үгийг санскрит хэлний "antariksha < antar, -iksha" гэсэн хоёр үгийн орчуулга гэж үзсэн байна. Түүнчлэн "Түүнээс гадна монгол, санскрит хоёр хэлнээ утга, дуудлагаараа ойролцоо үгс мэр сэр байх боловч чухам аль хэлнийх нь болохыг оноон тогтоох аргагүй байна. Үүнд:
Монгол хэл Санскрит хэл
гар kara
гэр grha
муурч (унах) muccha
сүндэр sundar (сүрлэг жавхлант)" (16) гэж өгүүлсэн байна.
Эрдэмтэн О.Сүхбаатар "Монгол бичгийн хэлэнд орсон санскрит үгсийн уйгар уламжлал" гэдэг өгүүлэлдээ "Бидний бүртгэснээр "Монгол хэлний товч тайлбар толь" (27) -д зөвхөн санскрит үг, нэр томьёоны зүйл 180 орчим байгаагийн 60 орчим нь орчин цагийн монгол утга зохиолын болон ярианы хэлэнд идэвхтэй хэрэглэгдэж байна" (18) гэжээ. Монгол хэлэнд санскрит хэлний нэг үгийг янз бүрээр бичиж байгааг уйгар хэлний уламжлал болохыг өгүүлжээ. Жишээ нь:
Уйгар бичгийн хэл Монгол бичгийн хэл
čitik-čatik-čatak-čatïk čadik-čadiɣ-cedik
šastr-šastir-šastir-šastïr sastir-šasdir-šastir
batir-badir badir-badar... гэх мэт. (16)
"Монгол хэлнээ орсон зарим санскрит үгийн утга зүйн хувьсал" өгүүлэлдээ санскрит үгсийн утга монгол хэлэнд хэрхэн хувьсан өөрчлөгдсөн, өргөжсөн, явцуурсан зэргийг нарийвчлан өгүүлсэн байна. Санскрит хэлний mudra гэдэг үг нь монгол хэлэнд "гар"-ын хүндэтгэл үг болсон бөгөөд мутарлах "гарын үсэг зурах", мутрын тэмдэг "гарын үсэг" гэдэгт санскрит хэлний утга нь үлджээ гэж үзсэн байна (17).
Тэрбээр санскрит хэлнээс (A) монгол хэлэнд (B) орсон үгийн утгыг AB-гийн огтлолын харьцаагаар тодорхойлж болох ба огтлолын харьцаа нь их байвал хоёр хэлний үгийн утга нь ойр, огтлолын харьцаа бага байвал хоёр хэлний үгийн утга хэр холдож буйг харуулах жишээ гэжээ.
Эрдэмтэн О.Сүхбаатар "Монгол хэлний харь үгийн толь" бүтээлдээ санскрит хэлнээс монгол хэлэнд орсон үгийн утгыг дараах байдлаар тайлбарлан бичсэн байна. Тухайлбал,
"Гараг I сам. graha; 1. Долоо хоногийн өдрийг ээлжлэн эзлэх нэр; 2. Нарны аймгийн ертөнцийн нэр." (19) гэх мэт.
Жич, энд үл өгүүлсэн одоо үеийн эрдэмтдийн судалгаанд Ж.Сэржээ "Монгол хүний санскрит нэр" гэсэн өгүүллийг бичжээ (20). Мөн эрдэмтэн P.Stobdan "Sanskrit Names in Mongolia" гэсэн сонирхолтой өгүүллийг бичиж монголд хэвлүүлжээ (39). Багш Д.Бүрнээ "Монгол хэлэнд орсон хоёр төвд үгс" (31) гэсэн өгүүллийг бас бичсэн байна.
4. Дүгнэлт. Дээрх судалгаанаас үзэхэд монгол хэлэнд орсон санскрит үг хэллэгийг ихэнхдээ Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэд орчин үеийн шинжлэх ухааны онол, арга зүйтэй холбон судалсан байна. Иймд тус хүрээлэнгийн эрдэмтэд монголын санскрит судлалд онцгой байрыг эзэлж байна. Тухайн эрдэмтдийн судалгааг цаг хугацааны хувьд түрүү үе (20-р зууны 30-аад оноос 1980-аад он хүртэл), дараа үе (Түрүү үеийн эрдэмтдийн шавь нар буюу 1970-аад оноос хойших судалгаа), одоо үе (Дараа үеийн эрдэмтдийн шавь нар)гэж гурван үед хувааж болох байна. Монгол хэлэнд орсон санскрит үг хэллэгийг судлах нь монгол – энэтхэгийн соёлын холбоо, монгол хэлний үгийн сангийн бүрэлдэхүүн, үгийн утга гарал, улирал хувьсал, соёл судлалд ихээхэн ач холбогдолтой болох нь бидний дурдсан жишээ баримтаас тодорхой мэдэгдэж байна. Монгол хэл олон хэлтэй холбоо харилцаатай байсны нэг хэл нь санскрит хэл болж байна.
Түүнчлэн монгол хэлэнд орсон санскрит үг хэллэгийн түүхийг нэгдүгээр үе (эрт үеэс 13-р зуун), хоёрдугаар үе (13,14-р зуунаас 17, 18-р зуун), гуравдугаар үе (17, 18-р зуунаас хойш) гэж гурван үед хувааж болох ажээ. Энэ нь тухайн үгсийн дуудлага, бичлэгээр юуны өмнө нотлогддог байна. Монголын феодалын нийгмийн шашин төрийг хослон барих ёс бүрэлдэн тогтоход энэтхэгийн соёл ихээхэн нөлөөлсөн байна. Монгол улст санскрит судлалаар шинэ үеийг бэлтгэх нь монголын түүх, соёл, гүн ухаан, хэл судлалд ихээхэн ач холбогдолтой байгаа юм. Үүнд өмнө өгүүлсэн эрдэмтдийн судалгаа ч харуулж байна.
НОМ ЗҮЙ
1.       Бира Ш. Образ индии у монголов. –"India and Mongolia", Red. Sh.Bira. Уб., 1989. 49-68
2.       Гаадан Х. Зохист аялгууны толин дахь адилтгал, зүйрлэл. Уб., 1986
3.       Дамдинсүрэн Ц. Монгол хэлэнд орсон төвд үгс. –"Олон улсын Монгол хэл бичгийн эрдэмтний анхдугаах Их хурал. 1-р дэвтэр. –"Studia Mongolica". Tomus. II, Уб., 1961. 57-85
4.       Дамдинсүрэн, Рамаяана монголд дэлгэрсэн нь. Уб., 1976
5.       Ёндон Д. Төвд-монголын уран зохиолын харилцааны асуудалд. Уб., 1980. 221 тал.
6.       Лувсанбалдан Х. Тод үсэг, түүний дурсгалууд. Уб., 1975. 356 тал
7.       Лувсанвандан Ш. Мадхьямика хэмээх дундад үзэл. –"Философи эрхийн асуудал". Уб., 1977. 83-92
8.       Лувсандэндэв А. Санкритизмы в диалектах монгольского языка. –"Хэл бичгийн ухааны зарим асуудлууд II". Уб., 1980 (1983). 118-124, -"Монгол хэлэнд орсон, санскрит, төвд үг". Уб., 2007. 28-35
9.       Калидас. Үүлэн зардас. Орчуулсан Б.Ринчен. Улаанбаатар, 1962. 207 тал
10.   Калидас. Шакундала. Орчуулсан Ж.Гэндэндарма. Улаанбаатар. 1995. 159 тал
11.   Ринчен Б. Монгол бичгийн хэлний зүй. Тэргүүн дэвтэр. Уб. 1964. 246 тал
12.   Ринчен. Б. Монгол бичгийн хэлний зүй. Дэд дэвтэр. Авианзүй. Уб. 1966. 404 тал.
13.   Ринчен. Б. Өмнө этгээд зорчсон тэмдэглэл. Уб., 1958. 88 тал
14.   Самбуудорж О, Хашимото М. Тод үсгийн бичгийн хэл. Осака. 2005. XI+241 тал
15.   Санжаа Ж. –"Ш.Лувсанвандан, Монгол хэлний авианзүйн онол практикийн асуудлууд" Уб., 2002. 16-17
16.   Сүхбаатар О. Монголжсон санскрит үг. –"Studia Mongolica". T.VIII. Уб., 1982. 180-189, -"Монгол хэлэнд орсон, санскрит, төвд үг". Уб., 2007. 54-62
17.   Сүхбаатар О. Монгол хэлнээ орсон зарим санскрит үгийн утга зүйн хувьсал. –"Studia Linguae et Literarum". T.XX, Уб., 1987. 84-97, -"Монгол хэлэнд орсон, санскрит, төвд үг". Уб., 2007. 74-82
18.   Сүхбаатар О. Монгол бичгийн хэлэнд орсон санскрит үгсийн уйгар уламжлал. –"Studia Linguae et Literarum". T.XXI, Уб., 1988. 70-79, -"Монгол хэлэнд орсон, санскрит, төвд үг". Уб., 2007. 63-73
19.   Сүхбаатар О. Монгол хэлний харь үгийн толь. Уб., 1997. 233 тал.
20.   Сэржээ Ж. Монгол хүний санскрит нэр. –"Шинжлэх Ухааны Академийн мэдээ". №2. Уб., 1991. 45-51, -"Монгол хэлэнд орсон, санскрит, төвд үг". Уб., 2007. 83-91
21.   Таагүүр Т. (Rabindranath Tagore), Өргөлийн дуулал. Орчуулсан Ж.Бадраа. Улаанбаатар. 2003. 104 х.
22.   Төмөртогоо Д. XIII-XIY зууны үеийн монгол бичгийн дурсгал дахь самгарди үгсийн бичлэгийн онцлог. –"Studia Linguae et Literarum". T.VII. Уб., 1970 (1969). 209-219, -"Монгол хэлэнд орсон, санскрит, төвд үг". Уб., 2007. 36-45
23.   Хүрэлбаатар Л. Монгол хэлэнд орсон санскрит үг. –"Олон улсын монголч эрдэмтдийн III Их хурал". III боть. Уб., 1979. 268-273, -"Монгол хэлэнд орсон, санскрит, төвд үг". Уб., 2007. 46-53
24.   Хүрэлбаатар Л. Зарим эмийн ургамлын нэр томьёо. –"Studia Linguae et Literarum" T. XXII. Уб., 1988. 121-139, -"Монгол хэлэнд орсон, санскрит, төвд үг". Уб., 2007. 149-163
25.   Хүрэлбаатар Л. Энэтхэг, төвд, монгол сургаалын зохиолын хэлхээ холбоо. –"Хэл зохиол судлал" боть, 2-р дэвтэр, Улаанбаатар. 1987.
26.   Цагаансар. Али гали үсгийн судалгаа. CORPUS SCRIPTORUM. Tomus IV. Улаанбаатар. 2005. 79 тал.
27.   Цэвэл Я. Монгол хэлний товч тайлбар толь. Уб., 1966. 999 тал
28.   Шагдарсүрэн Ц. Монгол үсэг зүй. Тэргүүн дэвтэр. Улаанбаатар. 1981
29.   Шарма. Таван сургамж (Панчатантра). Орчуулсан Ж.Гэндэндарма. Улаанбаатар. 1972. 327 х.
30.   Bira Sh, Sikhbaatar O. On the Tibetan and Mongolian Translations of Sanskrit Grammatical Works. Indolojica Taurenensia, vol. VII, pp. 127-137
31.   Burnee D. About two Sanskrit words in the Mongolian Language. –"India and Mongolia" Red. Sh.Bira. Уб., 1989. 261-265
32.   Damdinsürüng Tse. Dandin's kāvyādarśa and it's commentaries (Dandin-u jokistu ayalɣun-u toli ba tegün-ü tayilburi-nuɣud-un tuqai tobči medege). –"Studia Mongolica". Tomus. IV. Уб., 1962. 3-24
33.   Damdinsürüng Tse. Shambala, a happy land of legends. -"Zentralasiatische Studien II, Wiesbaden, 1977.
34.   Damdinsuren Tse. Several words of Tantrism. –"Materials of Tibetan". Budapest. 1978
35.   Damdinsuren Tse. Ramayana in Mongolia. -"Indolojical studies in the MPR", Уб., 1979. 29-35
36.   Khurelbaatar L. Mongolian and Tibetan commentaries on Dandin's "Kavyādarśa" 204-211
37.   Rincen B. Sanskrit in Mongolia. –"Studies in Indo-Asian Art and Culture". Vol.3. New-Delhi, 1974. 91-103. -"Монгол хэлэнд орсон, санскрит, төвд үг". Уб., 2007. 7-22
38.   Rincen B. Unknown indian translator of vikramaditya tales into Mongolian in the 17th century. –"Studies in Indo-Asian Art and Culture". Vol.1. New-Delhi, 1972. 205-209. -"Монгол хэлэнд орсон, санскрит, төвд үг". Уб., 2007. 23-27
39.   Stobdan P. Sanskrit Names in Mongolia. –"India and Mongolia" Red. Sh.Bira. UB. 1989. Pp. 212-228, -"Монгол хэлэнд орсон, санскрит, төвд үг". Уб., 2007. 96-105
40.   Tumurtogoo D. Indian Linguistical works in the Mongol Tanjur –"India and Mongolia", Red. Sh.Bira. Уб., 1989. 229-232
41.   Yondon D. Indolojical Studies in Mongolia. –"India and Mongolia", Red. Sh.Bira. Уб., 1989. 312-323, -"Indolojical studies in the MPR", Ulaanbaatar. 1979. 36-44

Эх сурвалж: http://www.khelzokhiol.mn/

Thursday, September 17, 2015

АСЕМ-ЫН ОРЧУУЛАГЧДЫГ ШАЛГАРУУЛАХ БАГ ЕВРОПЫН ХОЛБООНООС ИРЖ АЖИЛЛАВ


2016 оны 7-р сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах АСЕМ-ын 11-р Дээд түвшний уулзалтын үеэр англи хэлээр шууд орчуулга (синхрон) хийх зарим орчуулагчийг сонгон шалгаруулж, сургалтад хамруулахаар ГХЯ болон Европын Холбооны хооронд хэлэлцэж тохирсны дагуу шалгалтын баг 2015 оны 9-р сарын 14-15-нд Улаанбаатарт ажиллалаа. Уг сонгон шалгаруулалтыг Европын Холбооны Орчуулгын Ерөнхий газрын Төслийн менежер, Хатагтай Биргит Гёоце, Европын Холбооны Монгол болон БНХАУ дахь төлөөлөгч, Ноён Том Пэрт нар удирдан явууллаа. Сонгон шалгаруулалт нь Европын Холбооноос боловсруулсан аргачлалын дагуу чөлөөт болон сэдэвчилсэн ярилцлага хэлбэрээр явагдсан бөгөөд ярилцлагад нийт 25 орчуулагч оролцсоноос 6 хүртэл хүнийг сонгож, Европын Холбооны зардлаар дээр дурдсан сургалтад хамруулахаар болоод байна

Monday, August 17, 2015

Skype орчуулгын програмтай боллоо

Зөгнөлийг бодит боломж болгож буй олон хэлний орчуулга хийх чадвартай туршилтын Skype програмыг хэрэглэгчид татаж авахад бэлэн болжээ. Microsoft-ийн Skype Translator Preview нь одоогоор олон хэлээр орчуулж чадахгүй ч нилээд ирээдүйг харсан ажил болж чаджээ.

Компани хэлэхдээ програмын бета хувилбарыг бүх Windows 8.1 болон 10 ахисан түвшний хэрэглэгчид ашиглах боломжтой бөгөөд заавал бүртгэлтэй хэрэглэгч байх эсвэл нэрээ жагсаалтанд бичүүлэх зэрэг шаардлагагүйгээр шууд хэрэглэж үзэх боломжтой юм байна.

Хэрэв та Итали, Мандарин, Испани хэлээр ярьдаг хэн нэгэнтэй орчуулгатай харилцан яриа үүсгэхийг хүсвэл Windows Store-оос програмаа үнэгүй татаж аваарай. Програм нь мөн бичгийн 50 гаруй хэлийг ч орчуулна. Орчуулгын програм нь стандарт Skype програм шиг харагдах хэдий ч гол өөрчлөлт нь ярьж буй хүний нэрэн дор гарах товч юм. Энэ програм өөрөө хэлээ автоматаар таниж ажиллахгүй, харин та яриа эсвэл харилцан чат эхлэхээс өмнө өөрөө хэлээ сонгож өгөх юм байна. 
Орчуулгын үеэр Майкрософт таныг зүүдэг чихэвч болон микрофон ашиглахыг зөвлөжээ. Мөн Wi-fi хэрэглэхийн оронд LAN интернэт ашиглахыг зөвлөж байна. Орчуулагдаж байгаа дуудлага нь ихэвчлэн энгийн дуудлагаас илүү их цаг авдаг гэнэ. 

Орчуулгын програм хичнээн туршилтын мөн хэдхэн хэлний сонголттой хувилбар дээрээ явж байгаа ч гэсэн олон нийтэд нээлттэй тавигдсанаар онлайн харилцааг нэг түвшин ахиулж чаджээ.

Онлайн ертөнцөд аман ярианы шууд орчуулга хийх боломжийн талаар олон технологи шүүмжлэгчид, ирээдүйг зөгнөгчид, хэвлэл сонингийнхны хүсэл мөрөөдөл байсаар ирсэн билээ. Харин одоо биелэлээ олоход ойрхон байна. Энэ бүхэн Google-ээс биш харин Майкрофотоос эхлэн гарч байгаа нь бүүр ч сонин.

Friday, May 15, 2015

ДЭЛХИЙ ХЭМЭЭН ЯРИХЫН ӨМНӨ
МОНГОЛ ХЭМЭЭН ХЭЛЖ
ДЭЛХИЙН ХЭЛИЙГ СУРАХЫН ӨМНӨ
МОНГОЛ ХЭЛЭЭ СУРУУШТАЙ.

Монгол төрийн зүтгэлтэн, Ерөнхий сайд асан  А. Амар

Tuesday, April 14, 2015

Орчуулгын клубынхан орчуулагчидтай уулзлаа

Жил бүр зохион байгуулдаг Орчуулагч, судлаачидтай хийх уулзалтад Орчуулгын клубын урилгаар ХИС-ийг төгсөгч Д. Аюуш, Т. Алтанцэцэг нар зочиноор оролцож уран зохиолын орчуулга ба аман орчуулга хийх, мөн гадаад хэл сурах  арга туршлагаасаа хуваалцаж оюутнуудтай сонирхолтой сайхан яриа өрнүүллээ.
ХИС-д Харьцуулсан уран зохиолоор магистр, Австралийн Сидней хотын Технологийн Их сургуульд Мэдээллийн менежмэнт, цахим-сургалтын чиглэлээр тус тус магистрын зэрэг хамгаалсан, Стенфордын ИС, Кентаки мужийн ИС, Сан Франциско хотын коллежид урилгаар лекц уншиж, ХИС-д Англи, Америкийн уран зохиол, соёлын антропологи зэрэг хичээлийг зааж байсан багш Д. Аюуш  “Орчуулагч хүн улс орныхоо түүх, соёл, нийгмийн хөгжлийн өмнө томоохон үүрэн хариуцлага хүлээдэг... Зохиолчийн хэлэх гэсэн санааг зохиол бүтээлээр нь дамжуулан өөртөө ойлгож аваад өөр нэгэн хэл рүү буулгаж уншигчдад хүргэж ойлгуулна гэдэг хамгийн хүнд ажил” хэмээн орчуулагчийн хөдөлмөрийн хэцүүг хэлээд  “Олон гадаад хэлтэй хүн олон ертөнцөөр аялах боломжтой байдаг. Оюутан залуус сурч байгаа гадаад хэлнийхээ уран зохиолын сайн бүтээлүүдээс сайтар унших хэрэгтэй юм. Гадаад ба монгол хэл дээр дор хаяж тус бүр арав, арван номыг уншаарай” хэмээн зөвлөлөө. Тэрбээр Ж.К Роулингийн “Харри Поттер”, У. Шекспирийн “Венецийн хоёр худалдаачин”, “Монгол ардын үлгэр”-ийн 2 боть болон өгүүллэг, жүжгийн зохиол олныг орчуулсан юм.
Харин ХИС-д зэрэгцүүлсэн хэл шинжлэл, Францын Литоралын ИС-д францын хэл шинжлэл, Францын Лилл хотын Политехникийн ИС-д аялал жуулчлалын менежментийн магистрын зэрэг тус тус хамгаалсан, өдгөө ХИС-д франц хэлний багш Т. Алтанцэцэг “Орчуулгын бүтээл туурвина гэдэг соён гэгээрүүлэх хүндтэй ажил юм... Орчуулагч хүн маш өргөн мэдлэгтэй болдог”  “Би орчуулах тусам өөрийгөө голдог” “Орчуулахын тулд зохиолоо хэдэнтээ сайн унш. Гадаад хэл соёл сурч байгаа хүн  мэргэжлийн тамирчин шиг байнгын бэлтгэл хийж мэдлэг чадвараа үргэлж сайжруулж, бас ашиглаж бай” хэмээн оюутан залууст захилаа.
Тэрбээр Х. Хессегийн “Сиддхартха” роман, Г. Д. Мопассаны “Гар”, “Матео Фалкон” өгүүллэгүүд, мөн кино, тэмдэглэл, ном, гарын авлага зэрэг олон ном бүтээлийг монгол, франц  хэл рүү орчуулж, хянан тохиолдуулсны зэргэцээ,  төр засгийн болон олон улсын байгууллагын төлөөлөгчдийн айлчлал, олон улсын чуулга уулзалтад хэлмэрчээр ажиллаж байсан туршлагаасаа оюутан залуустаа сонирхууллаа.

Уулзалтын явцад оюутнууд сонирхсон асуултдаа хариулт авч, мөн уулзалтын төгсгөлд зочид маань орчуулгын уралдаанд бүтээл нь шалгарсан оюутнуудад шагнал гардуулан өглөө. 

Monday, April 6, 2015

ОРЧУУЛГЫН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА


Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Орчуулгын клубээс зохион байгуулсан эссэ болон богино өгүүллэгийг  орчуулах уралдааны дүн гарлаа. Орчуулгын уралдаанд их дээд сургуулийн 40 гаруй оюутан оролцож орчуулах авъяас чадвараа сорьжээ. 
Уралдаанд оролцогчид ХИС-д судлан үздэг англи, орос, франц, герман, япон, солонгос, хятад хэлний эссэ эсвэл өгүүллэгийн аль нэгийг орчуулж өрсөлдсөн байна.  
Уралдаанд оролцогчдын бүтээлийг хэл тус бүрээр нь шалгаруулснаас Тэргүүн байрыг  Т. Зориг /орос  хэл/, Э. Цагаанцоож /франц хэл/, Б. Цэлмэг /хятад хэл/, М. Амаржаргал /англи хэл/, Дэд байрыг Г. Дэлгэрмаа /орос хэл/, Д. Цэцэнбаяр /солонгос хэл/, Ц. Цэнгүүмаа /хятад хэл/, М. Онон /франц хэл/, Х. Эгшиглэн /англи хэл/, Гутгаар байрыг Ц. Боролдой /орос хэл/, Ц. Энхмөрөн, М. Дэлгэрмаа /герман хэл/, Б. Хишигбаяр /хятад хэл/, Г. Лхам-Эрдэнэ,  Ж. Дэлгэрмаа /франц хэл/, Х. Алтантамир /япон хэл/, Д. Энх-Амгалан /англи хэл/ нар тус тус эзэллээ. Орчуулах эрдэм, авъяас билгээрээ манлайлж орчуулсан бүтээл нь шалгарсан дээрх хүмүүсийг Хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
Уралдаанд идэвхитэй оролцож бүтээлээ ирүүлсэн бүх хүчтэй өрсөлдөгчиддөө, тэдгээрийн дотроос ХИС-ийн оюутан Э. Намуундарь, Азжаргал, МУИС-ийн оюутан Мөнхсайхан, Шүрэнцэцэг, Баянхонгор аймгийн ХҮДС-ийн оюутан М. Пүрэвсүрэн, Б. Должин, ОХУ-ын Эрхүү хотын Их сургуулийн оюутан Т. Мягмарнаран, , хувиараа хөдөлмөр эрхлэгч О. Жавхаа нарт хичээл сурлага, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

Шалгарсан бүтээлүүдийг удахгүй блогт оруулна.