Wednesday, April 10, 2013

Орчуулахын омтгой, Хэлхийн хэлтгий


Эх сурвалж: “Харь хэлний хатуу самар цөмөгчдөд” номноос

            Хүн зон өөр хоорондоо хэлээр дамжин ойлголцохгүйгээр юугаар дамжиж ойлголцох билээ. Ямар дохиод зангаад байлтай биш.
            Манайд их ярьж, бага бүтэж байгаа нэг ажил гэвэл хэвлэл, мэдээллийн хэл найруулгыг сайжруулах тухайд юм. Үүнийг амтай бүхэн нь ярьдаг хэдий ч ачир дээрээ ямар ч сайжралыг олохгүй байна. Миний энд хэлэх зүйл ч ялгаагүй. Газар авч гүйцсэн гажуудлыг гарын өргөс авахтай адил арилгаж засчихна гэсэн юм байхгүй. Гэхдээ дуугүй байснаас дуугарч байсан нь арай дээр биз ээ.
            Ингэхдээ тэр гэх тэмдэггүй, энэ гэх эзэнгүй, алдуул хоосон юм ярилгүй баримт түшиж, өгүүлье. Телевизээр хааяа “Шинжлэх ухаан академи” гээд байх юм. Академия наук /Academy of sciences/  гэхийг орчуулаад хэлчихэж байгаа царай нь тэр юм байна л даа. “Шинжлэх ухааны академи” гэж бүтэн зөв хэлчихэж чаддаггүй ийм тультраа хэлтэй, дульхан мэдлэгтэй “сэтгүүлч” байх гэж.

            Баавгай амаржих, хонь төрөх гэхчилэн хазгай буруу ярихаас гадна ямарваа амьтны үр төлийг үнэн зөв бичиж дуудахаа бараг больсон. Тэр тал дээр тус болох зорилгоор ямар амьтны үр төлийг яаж нэрлэх тухайд ялдамд хэдэн жишээ хэлье. Ингэний ботго, үнээний тугал, ямааны ишиг гэдэг шиг ирвэсний ногуул, хярсны зөнжиг, хандгайн хотол, үнэгний гавар, цааны хугаш, янгирын үнүх, зарааны бөөдий, зааны тумбага (тугал), зэрлэг гахайн хөх, илжигний дудран, тулын тулбага, бугын илий, булганы хойв, доргоны ханьс (ганьс), арслангийн гүег, аргалын хурга, хэрэмний хугадай, сармагчны монио.. гэх мэт. Эдгээрийг зөв хэлж, хэвшүүлэхэд хэвлэл, мэдээллийнхэн үлгэр дууриал үзүүлэх учиртай. “История болезни” /hospital chart/  гэхийг өвчтөний түүх, “Го’спиталь”-ийг госпита’ль, фе’рмерийг ферме’р гээд байх юм. Нэгэн сайд телевизээр ярихдаа: “малын булчирхайнуудыг, мөгөөрснүүдийг ашиглах” гэв. Энэ янзаар бол махнүүд, сүүнүүд, өөхнүүд гэх нь л дээ. Үнээнүүд, тэмээнүүд, моринууд гэх нь ч бүр энүүхэнд. Монголчууд “Араараа дүүрэн ай түмэн адуутай” гэх болохоос адуунуудтай гэдэггүйсэн. Хүнд хоёр нүд байдаг ч нүднүүд гэдэггүй.
            Нэгэн эрхэм төвийн том хэвлэлд өгсөн ярилцлагандаа: “Московский новость” байнга уншина даа гэсэн байх юм. Уг нь “Московская новость” (Московские новости) гэх ёстой юм. Орост олон жил суралцсан, бичиж туурвих билиг авъяас бүхий тийм хүн орос хэлний “-сть”  төгсгөлтэй нэр үг “гость” /зочин/ гэх мэт ганц нэгхэнээс бусад нь цөм эм хүйст байдгийг мэддэг баймаар.
            Монголдоо дөмөгт нь багтах телевизээр гэхэд л Австралийн ерөнхий сайд асан “Радд”-ыг “Рүүд”, газрын тосны ”б’аррель” гэхийг “баррель” гэхчилэнгээр нэвтрүүлэгч нь нэг суудал дээр хэд хэдэн алдаа хийчихэж байсан. Авсрали тивийн ганц тос улсын засгийн тэргүүний нэрийг буруу хэлнэ гэдэг бага зүйл биш л дээ.
            ... Хэлмэрч, орчуулагч хүнийг хэзээнээс нааш лозваа буюу ертөнцийн мэлмий, ертөнцийг харах нүд хэмээн дээдэлж байсныг энд дурьдахад илүүдэхгүй болов уу. Орчуулна гэдэг бол “хүйтэн цай, зайдан морь” мэтээр хялбарханд бодож, хийсвэрлэн хэн дуртай нь барьж аваад блслн суун байж, гар хурууны үзүүрээр хийчих амар хялбар ажил ч биш дээ. Орчуулгын оноолтод бүтээлчээр хандаж баймаар байна. Тэгж чадвал орчуулж болохгүй зүйл гэж бараг байхгүй. Хүний хэлнийг байтугай адгуус амьтны авиа, дуудлагыг ч газар, газарт өөр өөрийн өвөрмөц онцлогоор илэрхийлдэг. Тахиа донгодолтыг англид coock-a-doodle-doo, орост кукареку гэдэг бол монголд го-го-го гэж байх жишээтэй. Үүн лүгээ адил interjection буюу аялга үгс ч орон оронд ондоо. Жишээ нь: англиар pah [pa:], оросоор тьфу, фу, монголоор пөөх, паах, англиар ouch [aut], оросоор ай, ой, монголоор ёо,ёо… гэх мэт. Англичуудын boo, boo [bu: bu:] гэхийг монголоор дүү, дүү гэхчлэн. Америк, англи хүн gee [dзi:] гэвэл аялдан дагаад бид “жий” гэхгүй, харин “хөө, өө, ээ” гэх ёстой байх. Англиар alas гэхэд монголоор эвий, ээ хөөрхий, ээ чааваас гэж буух жишээтэй.
            Орчуулгын талаар ондоо ч олон юм ярьж болох. Үлэмжийн чанар гэхийг your perfect qualities гэсэн нь болж байна уу?  Болохгүй гээд яах ч юм билээ дээ. Энэнээс илүү хэлж чадахгүйгээс хойш.
            Насаараа хэл шинжлэлээр дагнасан, далай дэлгэр ухаант Т.Дашцэдэн агсан: “Дашдондоов чамд л гэж хэлэхэд Үлэмжийн чанар гэдэг үгийг хаана ч Равжаагийн хэлсэн шигээр амттай сайхнаар орчуулж чаддаггүй л байхгүй юу даа” гэж байж билээ. Үнэн байх. Тэрчлэн Үүлэн чөлөөний наран гэхийг sun glinting through clouds, Уяхан замбууу тивийн наран гэхийг The majestic sun blesses the worls... гэхчилэн орчуулсан байдал л даа. Тэдгээрийг болсон гэж хэлэхэд хэцүү. Болоогүй гэж хэлэх гэхээр оргүйгээс охинтой гэсэн үг санаанд ордог.
            Эмч, гүүш М.Шагдарсүрэн сонинд ярилцлага өгөхдөө толгодын цаана ингэ буйлна гэхийг намхан уулын цаана эмэгтэй тэмээ орилно гэж зүглүүлсхийн оромдсоныг наргиа болгох маягаар боловч нарийн ньюнстайгаар хөөрхөөн дөнгөчихсөн байна билээ. Эндээ гэхэд ингэ гэдгээ ч олигтой орчуулж бид чаддаггүй ш дээ. Их л сайндаа “female camel, “camel cow” гэх биз. Тэр “female, cow” гэдэг нь эм (эмэгчин) гэхээс хэтрэхгүй хэллэг л дээ. Энд “ингэ” гэсний үнэр танар алга. Ингэхгүйн тулд яах ёстой вэ? Эх хийгээд харь хэлний аль алинд нь, түүгээр ч зогсохгүй монгол ёс заншил, ахуй соёл, түүх уламжлалыг мэддэг мэргэшсэн орчуулагчдыг эрчимтэй бэлтгэх, энэ тал дээр эргэлт гаргах цаг болчихоод байна. Ц.Дамдинсүрэн гуай “Алтан загасны үлгэр”-ийг амттай сайхнаар орчуулсан шиг, Б.Ринчен гуай гадны зохиолчийн хурга буудах гэж хэлснийг монгол ахуй, сэтгэлгээнд нийцүүлж янзага буудах гэдгээр орлуулахыг санал болгож байсан шиг саруулаар сэтгэвэл мөн сайхнаа.
            Нэг утгыг хичнээн ч янзаар хэлдэг юм даа?! Хэн бүхэн ойр дөт хэрэгцээний хэдэн үгээр жишээ татъя. “Гуанз, хоол, зоогийн газар” гэхэд л англиар

                Орон сууц, зочид буудал зэрэгт
      Dining-room
Сургууль гэх мэт газарт
         Dining-hall
                      Цэрэг арми
                Mess-(room)
                    Вагон-ресторанд
                      Dining-car

     Refectory гэхэд л хоол, зоогийн өрөө гэж ойлгож болох ч их төлөв дацан, сүи хийдэд хамаатай. Тэрчлэн “Жорлон”, “Бие засах газар”, “Нойлын өрөө” буюу өвөрлөгчдийн хааяадаа хэлдгээр “буртаг юүлүүр”, “салтаа байцаах газар”-ыг англиар “lavatory, latrine, out-house, toilet, gents, powder room, rest-room, loo, public convenience, гальюн /голланд/, германаар toilette /klosett/, францаар toilettes, италиар toletta, испаниар retrete /excusado/ гэнэ. Оросоор бол “отхожее место, общественная уборная, туалет, ...” гэхчилэн. Эдгээрт яльгүй ялгаа зааг бий. Тодруулбаас: лагерь, зуслан дахь буюу нийтийн жорлонг Latrine, нисэх онгоц доторх бие засах газрыг Lavatory, далайн хөлөг дэх жорлонг Гальюн гэх жишээтэй. Жорлонг олон газар туалет /toilet, toilette…/ гэхчилэн бараг ижил бичиж дууддаг шиг манайхны ханиад, томуу гээд байгааг грипп /оросоор/, grippe /францаар/, gripe /испаниар/, grippe /италиар/ ... гэхчлэн бараг ав адилхан бичиж дууддаг. Хэдэн жилийн өмнө гаднаас нэг өвчин нэвтэрч орж ирсэнийг “саарс”, “саарс” гэж ам, амандаа аг маггүй улиглаад байснаас биш угтаа тэр “SARS” (саарс) гэдэг чинь “Sever acute respiratory syndrome” гэсэн англи дөрвөн үгийн товчлол юм шүү, түүнийг л монголоор “Амьсгалын цочмог халтай хам шинж” гэх. Яг энүүн шигээр H1N1 вирусээр үүсгэгдсэн ханиад гээд байгаа чинь цар тахал буюу цаад утгаараа жинхэнэ пандем (pandemic) юм. Аль нэг өвчин асар хурдтай тархан гарч газар авч хүрээгээ тэлснийг “Цар тахал” гэнэ. Энийг эцээхэн тайлбарлаж сэнхрүүлж чадах сэтгүүлч алга. Аргагүй шдээ. Сэтгүүл зүй хөгжсөн оронд байдаг шигээр “medical correspondent” гэсэн  ойлголт огт байхгүй юм чинь. Хүмүүс “ДОХ”,  ДОХ” гээд байгааг сэтгүүлч хүн сонсож суухдаа яаж байх ёстой вэ гэвэл: “энийг чинь англиар бол AIDS (Acquired Immune Deficiency Syndrome); HIV (Human Immune defiency Virus), оросоор бол СПИД (Синдром приобретенного иммунного дефицита) гэдэг шүү дээ. Үүнийг л манайхан дархлалын олдмол хам шинж буюу Дох гэх.
            “Руслан Людмила хоёр”-ын Руслан нь “арслан” гэсэн монгол гарвалтай, оросын “караул” нь монголын “харуул”-аас эхтэй, кремль нь мөн л монголын “хэрэм” гэдгээс угшилтай, “Тюмень” хотын нэр нь Чингисийн үеийн монгол цэргийн нэгж болох түмэн /түмт/-тэй түүхэн үүднээс хамааралтай... гэх зэрэг олон олон юмны учир жанцанг ойлгох хэрэгтэй нь.
            Ондоо хэлнээ буулгаж орчуулна гэдгийг энгийнд бодож элэг барьж ер болохгүй нь.. Амар хялбарт тооцож алга эргүүлэхийн төдийд ойлгож огтоос таарахгүй нь.   

No comments:

Post a Comment

There was an error in this gadget